Sunday 6 November 2011

Төгсөлтийн ажил бичиж буй оюутнуудад зөвлөмж

МУИС-ын ЭЗС-ийн оюутнууд төгсөлтийн ажлаа хийж эхэлжээ. Яг ямархуу ажил хийх ёстой нь тодорхойгүй, хаанаас тоо мэдээллээ олж авахаа мэдэхгүй гээд өчнөөн л асуудалтай байгаа байх. Тэдэнд зориулж хэдэн зүйлс зөвлөе.


Юуны өмнө яагаад эдийн засгийн шинжлэх ухааныг сонгон судлах болсноо эргээд санах хэрэгтэй. Хэрэв мартагнасан байгаа бол АНУ-ын Эдийн засгийн холбооноос гаргасан 8 минутын бичлэгийг үзэхийг зөвлөе. Тэнд халдварт өвчний эмч, Гүүгл компаний эрдэмтэн, Стерний нэрэмжит Нью Йоркийн бизнес сургуулийн захирал болон эдийн засгийн докторын оюутан яагаад гэдгийг тань сануулна (Англи хэл дээр юм уншдаггүй, ойлгохыг хүсэхгүй бол диплом бичих гэсний хэрэггүй).

Мөн дипломын ажлын зорилгын талаар сайн ойлголттой байх хэрэгтэй. Эдийн засаг, санхүүгээр бакалаврын дипломын ажил бичиж байгаа оюутнуудын хувьд дараах зорилгууд юуны тавигдах ёстой гэдэг: (өөр зорилгуудын талаар эндээс хар)
1. Өөрийн сонирхлоо хөөх. Гэхдээ энд судлах гэж буй зүйл тань шинжлэх ухааны үүднээс үндэс сайтай (аль хэдийн хүмүүс судлууштай сэдэв болохыг нь тогтоосон) бас чиний үзсэн хичээлүүд дээр аль хэдийн заагдаагүй байх.
2. Судалгааны ур чадвартай болох, түүнийгээ ашиглах. Эдийн засгийн ухаан, санхүү болон бусад хичээлүүдээс сурсан аналитик хэрэгслүүдээ ашиглах. Жишээ нь оновчтой багц бүрдүүлэх, регрессийн шинжилгээ хийх гэх мэт.

Жишигийн хувьд манайх бусдаас суралцах зүйлс маш их байна. Жишээ нь дэлхийн тэргүүлэх сургуулиудад оюутнууд ямархуу төгсөлтийн ажил хийж байгааг харвал тун зүгээр. Тэдний ихэнх нь бүх зэрэглэлийн (бакалавр, магистр, доктор) төгсөлтийн ажлаа интернетэд байрлуулах жишиг тогтоогоод байгаа. Жишээ нь Станфордын Их Сургуулийн Экономикийн Тэнхимийн оюутнууд иймэрхүү ажил хийж байна.

Тэгэхээр бусдаас хуулах боломж оюутнуудын хувьд нэмэгдэж (тэгдэг оюутнуудын хувьд), нөгөө талаар тухайн ажил нь яг өөрийнх нь хийсэн ажил мөн эсэхийн шалгах ажил Их Сургуулийн хувьд нэмэгдэж байна.

Тэдний Их Сургуулиудын хувьд зөвхөн "Honors" буюу манай 10 жилийн системд байдаг "сонгоны" ангийнхныг л диплом бичихийг зөвшөөрдөг (бусад нь илүү хичээл судална). Тэгэхээр харьцангуй цөөн оюутнуудтайгаа багш нар тулж ажиллах боломжтой болно. Шалгадаг хүн нь тухайн сэдвээр судалгаа хийдэг ганц хүн л байна. МУИС-ын ЭЗС-ийн хувьд өнөөдөр дипломын ажлыг комиссын өмнө хамгаалдаг нь өөрчлүүштэй л юм шиг санагддаг.

Бакалавраас дээш зэргийн диплом бичиж байгаа оюутнуудын хувьд мэдээж шаардлагын хувьд өндөр байна. Америк, Английн их сургуулиуд докторын ажлуудыг интернетэд тавих нь нэлээн түгээмэл. Жишээ нь тэнд хамгаалсан Монголчуудын докторын ажлууд гэвэл эдийн засгаар Норовсамбуу, Гантунгалаг, санхүүгээр Төгсжаргал гэх мэт байна.

Өөр нэг чухал асуудал бол мэдээлэл олох. Тоон мэдээлэл аятайхан цуглуулаад тавьчихсан газрууд олон байдаг. Жишээ нь Оросын эдийн засгийн сургуулийн Станиславын веб байна.

Хамгийн сайн судалгааны ажлын хайлтын систем нь өнөөдөр Web of Knowledge, эндээс судалгааны ажлаа сэдвээр, зохиогчоор, сэтгүүлийн нэрээр хайх боломжтой. Хайж олсон өгүүллээ pdf форматаар нь JSTOR-оос татан авах боломжтой. МУИС-ын сүлжээнд холбогдсон компьютерээс аль алин руу нь үнэгүй орох боломжтой. Маш олон сэтгүүл дотор толгой эргэвэл Томсон Рейторсийн нэг бүтээгдэхүүн болох Journal Citation Reports-ыг ашиглах хэрэгтэй. Хамгийн нэр хүндтэй сэтгүүл, тэгэхээр хамгийн чанартай ажил хаана байна вэ гэдгийг тодорхойлоход чинь тусална. Монголын талаар судалгааны ажлын жагсаалтыг миний хамгийн эхний бичлэгүүдээс олж болно. Харин Монгол улсын талаарх мэдээллийн үндсэн эх үүсвэр бол www.1212.mn, Улаанбаатар хотын Статистикийн газар тун аятайхан мэдээллийн www.ubstat.mn баазтай (зөвхөн Chrome-оос тоог нь copy+paste хийж болно), мөн Монгол Банк эдийн засагтай холбоотой мэдээллийг веб хуудаснаа EXCEL-ээр тавьдаг байсан, одоо бол тайлангууд нь үндсэн мэдээллийн эх сурвалж нь юм (www.mongolbank.mn).

Journal of Applied Econometrics сэтгүүлд нийтлэгдсэн бүх ажлуудыг дуурайлган хийх код, тоон мэдээлэл нь нийтэд нээлтэй, үнэгүй байдаг. Эконометрик судалгаа хийе гэвэл энэ маш сайн эхлэх цэг.

За тэгээд амжилт хүсье!

Зарим нэг сонирхолтой тоон мэдээ болон эдийн засаг судлахын ач холбогдолтой нийтлэл:
1. Найман шаргын ам. долларын авах зарах ханшийн динамик. 2012-2014 он (МУИС-ийн ЭЗС-ийн 2014 оны төгсөгчид болох О. Дэчмаа, Э. Цолмон нарын төгсөлтийн ажилдаа зориулж цуглуулсан тоо)
2. Монгол Улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикаторын мэдээллийн сан: 2014 оны 7-р сар
3. Wall Street Journal: The Hot Major For Undergrads Is Economics
4. The Chronicle of Higher Education: Economics Is the 'Just Right' Liberal-Arts Major

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...