Tuesday 30 April 2013

Монгол Улсын Баялгийн Сангийн хурлаас төрсөн сэтгэгдэл



3-р сарын 20, 21- нд уг асуудалтай холбоотой олон улсын хурал Төрийн ордонд болж өнгөрөв. Уг сангийн талаар харьцангуй бага, харин уг асуудал боловсруулагдаж, хэлэлцэгдсэн процессынх талаар хэлэх зүйл нэлээд байна. Энэхүү сүүлийн институцийн асуудлыг нь зөв шийдээгүй цагт ямар ч асуудал түүхий, учир дутагдалтай байх нь гарцаагүй.


Баялгийн сан гэдэг нь бидний мэдэх Хүний Хөгжлийн Сан, Тогтворжуулалтын сан гэх мэт Засгийн Газрын тусгай зориулалтын сангийн хуулиар зохицуулагддаг, Засгийн Газрын мэдлийн сан бус “Sovereign Wealth Fund буюу тусгаар тогтносон улсын мэдлийн сан гэдэг утгаараа энд хэрэглэгдэж байв. Тэгэхээр тусгай зориулалтын сангаас хамаагүй өндөр статустай, өөрийн гэсэн хуультай, засгийн эрх барьж байгаа хүчин тонох боломжгүй тийм л сан(гууд) бий болгоё гэсэн үндсэн санаа хэлэлцэгдэв. Асуудлын ач холбогдлын талаар Дэлхийн Банкны Грегори Смит энд сайхан бичсэн байна.

Ийм сан дахин сэргээгдэхгүй баялаг нь орлогын томоохон эх үүсвэр болдог дэлхийн бусад улсуудад өнөөдөр ердийн мэт үзэгдэл.  Нэгэнт тухайн үндэстний шавхагдах баялгаас зөвхөн тухайн үеийн хүн ам бус бас хойч үе ч мөн хүртэх ёстой учир ийм сан хэрэггүй гэж маргах хүн ч үндсэндээ байхгүй билээ. 

Харин эдгээр сан ямар зориулалттай байх ёстой вэ, ер нь ийм сан амжилт, ололтоор хэр дүүрэн байдаг юм бэ гэвэл маргаантай асуудлууд өчнөөн босож ирнэ. Хуралд илтгэл  тавихаар ирсэн гадны зочдын нэг болох Оссовски 2001 онд тухайн үеийн төрөл бүрийн Тусгаар Баялгийн Сангуудыг судалж үзээд ийм сангууд асуудлын шийдэл болохоосоо илүү өөрсдөө асуудал болчих хандлагатай байна гэсэн маш гутранги дүгнэлт хийж байсан бол энэхүү хурал дээр тавьсан илтгэл нь үндсэндээ ямар ямар төрлийн сан байдаг юм гэдгээр хязгаарлагдаж байв. Бусад илтгэгчид ч мэдээж уг сан нь харьцангуй амжилттай байгаа Норвеги, Ботсвана, Тимор-Листе, Чили гэх мэд улсуудаас л ирсэн байв.

Оролцогчдийн талаар үг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Мэдээж хурлын нэг зохион байгуулагч нь Дэлхийн Банк учир төлөөлөгчийн газраас нь нэлээн оролцогчид, мөн бусад олон улсын байгууллагуудаас ч байв. Тэд Засгийн газрын холбогдох байгууллагуудаас маш цөөн хүн хүрэлцэн ирсэнд сэтгэл гонсгор байв. Мэдээж Улсын Их Хурлын орж гарах хэдэн гишүүд, Засгийн Газар, УИХ-ын Тамгын газрын холбогдох зарим гишүүд, болон Сангийн Яамны уг хурлыг зохион байгуулсан газрынхнаас бусад нь шүү дээ. Миний тааснаар арын эгнээнд чимээгүй суух залуус Дэлхийн Банкныхны хайгаад байсан байгууллагуудын шийдвэр гаргагчдыг орлон ирсэн хүмүүс байв. Шийдвэр дээгүүр гардаг үед энэ нь ч гайхаад байх зүйл биш.

Сүртэй, сүртэй сэтгэгдэл илэрхийлэх түүнээсээ дутахгүй сүртэй нэртэй төрийн бус байгууллагынхан, боломжоор нь улс төр гялс хийчих гэсэн төөрсөн хүмүүс, бие даасан судлаач  нэртэй хүмүүс харин тун элбэг байв. Үг хэлэх боломжийн төлөө тэдэнтэй өрсөлдөөд дийлээгүйдээ сэтгэл гонсгор үлдсэнээ нуух юун.

Шинэ үеийн, ялангуяа академик буюу PhD эдийн засагчдын орон зай хов хоосон, дуу хоолой нь огт байхгүй байгаа нь миний сэтгэлийг хамгаас их зовоов. Тэд бидний хүссэн хүсээгүй замнаж буй капиталист тогтолцоон талаар тодорхой мэдлэгтэй байдаг. Тэрхүү мэдлэг нь бидний өмнөх үзэл суртал нэвшсэн, социалист тогтолцооныхоос тэнгэр газар шиг ялгаатай, шинжлэх ухаанд тулгуурласан байдаг. Тэдний мэдлэг би бүгдийг мэднэ гэсэн хоосон хийрхэл дээр бус бүтэн 4 гаруй жилийн турш дахь тасралтгүй судалгаа, хяналт шалгалт, шүүлтүүрийн үр дүнд бий болдог билээ. Олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр үнэлэгддэгээс нь үүдэлтэй тэдний нэг давуу дал нь харьцангуй бие даасан, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж нь. Ийм ч учраас тэднийг дэвшилтэт бүх улсуудад бодлого боловсруулалтаар дутахгүй хэлэцүүлэг болон шийдвэр гаргалтад өргөнөөр татан оролцуулахыг хичээдэг.

Чили Улсын Адолфо Ибанез Их Сургуулийн (нэрийг нь зөв галигласан гэж найднам) профессор Эрик Паррадогийн илтгэлээр Монгол Улсын Үр Ашигтай Баялгийн Сангийн Удирдлага олон улсын хурлын үйл ажиллагаа оргилдоо хүрч, төгсгөлөө хийв.

 Энэ нэг л биш ээ.

2 comments:

  1. хэлэх үгс байгаад, тэр нь эх орны тусын тулд, хүмүүст заавал дуулгах ёстой гэж бодсон бол уралдаж, уралцаж байгаад гэсэн үгээ хүргэх хэрэгтэй ш дээ, ТББ-ынхан мэдэхгүйгээс буруу ярьдаг байж мэднэ, гэхдээ энэ нэг л болохгүЙ байна гэж мэдрээд... дуугүй суух чаддаггүй хүмүүс байдаг, үүнийг бичигч бээр мөн л тэдгээрийн нэг. Харин эдийн засгийн мэдлэг хомс тул дуугарья гэсэн ч юугаа хэлэх билээ, мэддэг Таны мэт эрдэмтэй хүмүүс амаа үдүүлэн хойш суугаад байхаар чинь хожим харамсаж суухаас өөр үггүй л болно ш дэ. Өөрөө дуугарахгүй, тэгсэн атлаа өөр нэгэн дуугарсныг зэмлээд суухын оронд идэвхтэй байж үгээ хэлсэн сэн бол..... эрдэмтэн хүний үг өөр л сонсдох учиртай....

    ReplyDelete
  2. Танд баярлалаа!
    Цаашид илүү идэвхтэй байх болно.

    ReplyDelete

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...