Wednesday 16 September 2015

Алдагдсан боломж

77 жилийн өмнө энэ өдөр хуучин Зөвлөлт Холбоот Улс  (ЗХУ)-ын эдийн засагч Николай Кондратьевыг буудан хороожээ. 8 жилийн турш Гулагт тарчлааж, хугацаа нь дууссаны дараа дахин шүүх хурлаар оруулж ялыг нь 10 жилээр сунгасан ч хурал тарсны дараа Сталины зааврын дагуу түүнийг ийнхүү алсан юм. 



Тун ирээдүйтэй эдийн засагч гэгдэж байсан түүнийг 1928 онд Америкийн их сургуулиудаар зочилж, илтгэл тавиад ирсэнийх нь дараа атаач, жөтөөчид тагнуул хэмээн ховлон КГБ-д бариулсан байдаг. Тэрээр 1920 онд Конъюнкту́рный институ́т (Conjuncture Institute) хэмээх ЗХУ-ын хөдөө аж ахуй, бизнесийн мөчлөгийн судалгааны байгууллагыг үүсгэн байгуулсан. Анх 5 хүнтэй эхэлсэн ч нэлээд нэр хүндтэй, бизнесийн мөчлөгийн салбарт анхдагч байгууллага болж байв. Түүний өгүүлэл 1925 онд эдийн засгийн шинжлэх ухааны ууган сэтгүүл болох The Quarterly Journal of Economics (QJE)-д хэвлэгдсэн бөгөөд энэ нь ЗХУ-аас ийнхүү хэвлүүлсэн анхны тохиолдол биз ээ. Гэвч түүнийг доромжилж бусдын анхаарал татах гэсэн атаархагчдын тоо тоймгүй олон байсан гэдэг. Дараа жил нь ЗХУ-ын Улс Төрийн Товчооны гишүүн Бухарин  "Тансаглагч ангийн эдийн засгийн онол" номондоо "Социалист нийгэмд улс төрийн эдийн засаг (тэр үед экономиксийг ийнхүү нэрлэдэг байв) оршин тогтнох эрхгүй" хэмээсэн байдаг. Уул нь байгууллагаа дэлхийн олон нийтэд танилцуулж QJE-д хэвлүүлсэн нийтлэлийг уншваас тэрээр Зөвлөлтийн ард түмэнд хар санаж яваагүй нь илт.

Түүний үхэл хоёр зүйлтэй холбоотой байв. Нэг нь, улс төрийн болон эдийн засгийн системүүд хоорондоо холбоогүй, тэгэхээр социалист систем ч гэсэн хувийн өмчид тулгуурласан байж болно, бүр тэгэх нь дээр гэсэн үзэл. Энд монголд сүүлийн үед ганганаар "тогтворжуулсан үнэ" гэх болсон тогтмол үнэ ч багтана. Удаах нь социализм, коммунизмын библи болсон Марксын Капитал зохиолд капитализм сүйрэх нь зайлшгүй гэсэн дүгнэлт буруу юм шиг байна гэсэн эргэлзээ. Энэ нь мэдээж маш том үр дагавартай дүгнэлт, учир нь капитализм сүйрэх нь тодорхой биш юм бол социализм бол зайлшгүй гэсэн дүгнэлт хийх боломжгүй.

Эдгээр нь угаасаа үнэний төлөө гуйвшгүйд нь өширхчихөөд байсан Сталинд түүнийг зайлуулах, түүнтэй зөрчилдсөн хүмүүст юу тохиолддогийг жишээ болгон үзүүлэх давхар боломж болгосон билээ. Конъюнкту́рный институ́тыг татан буулгаж ажиллагсдыг нь тараасан. Хувийн өмчийг хураасан, коммун байгуулсан, тэнд нь хүмүүс социализмын сайн сайхны төлөө ажиллаж өгөөгүй, яг л Кондратьевын хэлснээр. Ургац алдсан, тэр нь дараа дараагийнхаа ургацад нөлөөлсөн, Европын хамгийн үржил шимтэй газар өлсгөлөн болсон. Юм ойлгодогууд нь түүнийг сонсох нь яав гэж харамссан байх, учир нь эдийн засгийн буруу бодлогоос үүдэлтэй энэ өлсгөлөнгөөр нийт 6-8 сая хүн үхсэн гэдэг.

Капитал зохиолд орсон капиталист системийн шинжилгээ нь Энгелсийн хийсэн Английн ажилчин ангийн судалгаанд суурилдаг. Тэр үед амьдрал ямар хэцүү байсан нь Чарльз Дикинсийн зохиолуудад ч тусгалаа олсон байдаг. Кондратьев Марксын хэрэглэсэн түүвэр хэт богино байна, сунгах хэрэгтэй гэж үзсэн. Тэрээр 1760 оноос хойших Америк, Англи, Францын хугацаан цуваан дээр тулгуурлан, капиталист эдийн засаг хямардаг болохоос сөнөчихгүй байна. Харин энэ нь 50-60 жилийн давтамжтай, тэгээд ямар нэг дайн, үймээн гарч байна гэж дүгнэсэн байдаг.  Энэхүү шинжилгээ нь эдийн засгаар зогсохгүй, философи, улс төрийн хүрээнийхний анхаарлыг маш их татсан.  

Түүний богинохон карьерийн оргил болох энэ ажил нь 1935 онд шоронд байхад нь The Review of Economics and Statistics (REStat)-д хэвлэгдсэн. Энэ нь түүний дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн хоёрдох л ажил байсан байх. Капитализм сөнөхгүй байх гэсэн түүний эргэлзээ ч бас үнэн болж таарсан, харин социализм нь өөрөө явуургүй болж, нийгэм ялзран түүнийг буудсанаас хойш 53 жилийн дараа бутран унасан.

Глобалчлал хэмээх технологи үр шимээ шавхаж, бүр сөрөг нөлөөтэй болон хувирч, дэлхийн дулаарал, хүн амын хэт өсөлт, ISISойрхи дорнодын тогтворгүй байдал, дүрвэгчдийн хямрал болж буй өнөө үед тэр зөв байсан юм биш байгаа даа гэсэн эргэлзээг олон хүмүүст төрүүлдэг. Дэлхийн 2-р дайны дараа бие биенийхээ эсрэг хэзээ ч зэвсэг барихгүй гэж байгуулсан Европын холбоо эдийн засгийн хувьд явуургүй болж, өөрийн хууль дүрмээ эхнээс нь зөрчиж, цагаачид, гадныхны эсрэг үзэлтэй намууд Европ, Хойд Америкт олонхийн дэмжлэг авч, Япон үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж япон цэргүүд хилийн гадна тулалдах боломжтой болж буй энэ үед тэр санаагаа гүйцээсэнсэн бол, ийм үед юу зөвлөх байсан бол гэж боддогдог. Гарви (1943) түүний нооргуудыг судлаж, ажлуудынх нь гол санааг багцалж, мөн сэтгүүлд хожим нь дэлгэрүүлэн танилцуулсан байдаг. Шинжлэх ухааны топ сэтгүүлүүд ийм хэн нэгний ажлыг дахин авч үзсэн ажил нийтлэдэггүй, оригинал бус санаанууд доод зиндаа руу явах ёстой байдаг. Гарвигийн ажил REStat-д хэвлэгддсэн нь 60 гаруй сая хүний амь авч одсон Дэлхийн 2-р дайнтай холбоотой байж магадгүй гэж би боддог. Кондратьевын санаануудыг бид бүгд зөв ойлгосон биз гэдгийг нягтлан шалгах зорилгоор.

Австрийн эдийн засгийн урсгалынхан санааг нь харьцангуй богино давтамж дээр үргэлжлүүлж, хүүний түвшинг хэт нам түвшинд барих нь зээлийн эрэлтийг нэмэгдүүлнэ; зээлээр хөөрөгдсөн эдийн засагт эцэстээ хөрөнгө оруулалт хийчихээр төсөл шавхарна; эдийн засгийн үндэслэлгүй, аз туршсан төслүүдэд хөрөнгө оруулдаг болно; үүнээс цааш газар үгүй гэдэг нь болно. Эдийн засгийн өсөлтийнх нь мотор унтарна. Нөгөө талаас зээлийн хүүг хэт нам барих нь хадгаламжийн хэмжээг байж болох түвшингээс нь доош татна; хадгаламж, зээлийн тэнцвэр алдагдаж банкны сектороос эхэлсэн хямрал үүснэ гэсэн онолоо гаргасан байдаг. Хүн төрөлхтний бүх цаг үеийн агуу 10 эдийн засагчийн нэг гэгддэг Жозеф Шумпетр 1939 онд хэвлүүлсэн “Бизнесийн Мөчлөгүүд” номондоо 50-60 жилийн давтамжтай мөчлөгийг “Кондратьевын долгиохэмээн нэрлэж, түүнийг мөнхжүүлсэн.

Эдийн засагч, эрдэмтэн гэсэн халхавчийн дор дүр эсгэгчид хаа саагүй байсаар ч байсан, байсаар ч байх биз. Шинжлэх ухаан, мэдлэг л аливаа үндэстний оршин тогтнох баталгаа гэдгийг ойлгосон нийгэмд тэдгээрийг жинхэнүүдээс нь ялган танихыг оролдож, хариуд нь тэдний оюуны бүтээл, заавар, зөвлөгөөнийх нь үр шимийг хүртэж байдаг. Дүр эсгэгчид болон нийгмийн ашиг сонирхол үүн дээр хамгийн их ялгарна. Учир нь хоосон толгойтой хүний хамгийн заналт дайсан нь хоолтой толгойтой нь, тиймдээ ч оршин тогтнохын тулд юу ч хийхээс буцдаггүй. Гэхдээ түүний амжилтанд хорссон атаачид мэдээж сайнаа үзээгүй байх, ямар ч атаачаас илүү доошоо орох улсууд гарч ирнэ гэдэг нь бараг л теорем. Жишээ нь Бухарин 1938 онд өөрөө буудуулсан. Ёроол руугаа уралдаад хэн нь ч түрүүлдэггүй нийгэм-эдийн засгийн зүй тогтол бий. Эдийн засагт үүнийг "Төгс өрсөлдөөнт зах зээл дээр урт хугацааны ашиг 0" гэж баталсан байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл дээр бол хэрэглэгчид энэхүү өрсөлдөөнөөс хожно, харин эрх ямба, алдар нэр, албан тушаалын төлөөх өрсөлдөөн нийгэмдээ маш их халгаатай, зарим тохиолдолд бүр татаж унагадаг. Түүх сөхвөөс Монголын их гүрний уналт, Манжид 200 гаруй жил дарлагдсаны шалтгаан нь ч энэ. Кондратьевыг унагасан хувь хүмүүс олсноо бас алдсан ч байж магадгүй. Эдийн засагт байдаг "нийлбэр нь тэглэгддэг тоглоом" (zero sum game)-той төстэйгөөр. Өөрөөр хэлбэл түүнийг унагаад олсон багахан хэмжээний олзоо дараа нь хэн нэгэнд булаалгана гэсэн үг.

Оросын нийгмийн хувьд Кондратьевын уналт нийлбэр нь тэг тоглоом байгаагүй. Түүний болон хамтрагчдынх нь 1930-аад оны ажлуудаас хойш бүхэл бүтэн 3 арваны дараа л өөр нэгэн даравч дардайдаг, булавч бултайдаг Орос хүн түүний амжилтыгдавтаж чадсан байдаг. Тэрхүү ажил нь Management Science буюу Удирдлагын Шинжлэх Ухаан сэтгүүлд нийтлэгдсэн нь егөөтэй ч юм шиг. Муу засаг улсаа баллана, муу эр гэрээ баллана гэдгийг сануулсан мэт.

Мэддэггүйгээ ч мэддэггүй удирдагч нийгэмд хамгийн хор хөнөөлтэй байдаг. Муу удирдагч л бүгдийг өөрөө мэднэ гэж зүтгэдэг болохоос сайнууд нь бол мэддэг хүнийг нь газрын гаваас ч олж ирж сонсдог. Уул нь Кондратьев болон түүний нөхөд ЗХУ-ын сонгосон социалист системд тохирсон чөлөөт үнэ, зах зээлийн механизмд тулгуурласан эдийн засаг байж болно гэсэн таамаглал тавиад судалгаа хийж байсан. БНХАУ улс нэлээд удаан, цуст туршилт хийснийхээ дараа Кондратьевын зөв байсан болохыг батласан билээ.

Түүнийг 1987 онд цагаатгасан, гэхдээ оросын нийгэм маш их цаг алдсан. Гайгүй нэгнийг нь боорлож байхад мэдээгүй мэт царайлсан оросын ард түмэн мэдээж хамгийн том буруутан нь. Хүн төрөлхтний түүхэнд үй олон нийгэм үүсч, хөгжиж, дийлэнх нь сөнөжээ. Хамгийн илүү ухаантайгаа барьж иддэг нийгмийн тогтолцоо ч Африкт байв. Ухаантай хүний тархийг идвэл өөрөө ч бас ухаантай болчихно гэсэн үнэмшлээс үүдээд. Харамсалтай нь тийм нийгмүүд эрдэм мэдлэгийг шүтдэг нийгмүүддээ арчуулаад өнгөрдгийг түүх гэрчилнэ.

Кондратьевт 46-аас олон жил амьдрах боломж олдсон бол тэрээр ЗХУ-ын эдийн засаг, нийгэмд эерэгээр нөлөөлж, тэр нь дэлхийн хоёрдох социалист улс болох Монголд ч тусгалаа олох байсан биз ээ. Хялбарыг сонгож гадагшаа дүрвэлгүй, нэр төртэйгээр амьдралаа дуусгасан Оросыг харийн миний бие хүндэтгэхийн, уншигч танд сургамжтай байж магадгүй хэмээн хуваалцахын учир энэ билээ. 

3 comments:

  1. МУИС-ийн багш нарын Феисбүүкийн хаалттай групт Др. Ууганбаатартай энэ нийтлэлийн талаар дараах хэлэлцүүлэг өрнүүлэв.
    У: Кондратьев, Канторович хоёр аль аль нь Санкт-Петербургт боловсрол эзэмшсэн бололтой.
    Э: Тийм байх. https://en.wikipedia.org/wiki/Leonid_Kantorovich Намтрыг нь уншиж байхад социалист эдийн засагчид бас буудуулчих гэж нэлээд оролдсон гэдэг. Математик эдийн засагчид нэлээд хөөцөлдөж байж, Нобелын шагнал өгүүлж байж аварсан гэж би ойлгосон.
    У: Хуучин зүүний эдийн засагчид дунд чухал санаанууд дэвшүүлсэн хэд хэдэн хүн байдаг гэж би ойгодог. Орос-Украинаас Евген Слатски, Кондратьев, Канторович; Польшоос Оскар Ланг (Oskar Lange), Унгараас Янос Корнай нарын ажилтай танилцаж явсны хувьд эднийг "мундаг" гэж нэрлэж чадна. Бас Унгар гаралтай Карл Полани гэж нэг түүхч байдаг. Харин эдийн засагчид биенээ бууддаг/буудуулдаг байсна тухай бол олж уншаагүй юм байна. Энэ бол харьцангуй төвөгтэй асуудал...
    Э: Teg taamaglal tegvel miniih, esreg ni tiim baigaagui gesen taamaglal. Shalgaad ogoh hun baival sain baina daa. Minii huvid zav alga, chiniih yaj bna :). Uul ni oor hun sudalbal bur l saihan daa :)

    ReplyDelete
  2. Э: Нэгэнт надад Web of Science хэмээх мэдлэгийн санд нэвтрэх эрх байгаа (Солонгосын Их Сургуулиас), түүнд байхгүй учир бий дараах мэдээллийг өгөв: ЗХУ-ын эдийн засгийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн гэж ял тулгаж байсан юм байна. Гэхдээ хамгаалах гэж Нобел өгөөгүй юм байна. намтрыг нь энд тавив: https://drive.google.com/file/d/0B2uSCDQsDgEqMXduNlhZWG91YkE/view?usp=sharing
    У: Үзэл бодлын хувьд өмнөх системд зарим сэхээтэн гадуурхагдаж байсан, хяналт шахалт, дарамтанд байсан нь үнэн байх (энэ талаар баримт сэлт зөндөө гарна биз). Гол нь "Би дарамтанд байсан" гэж хэлэх хүн бүр үнэхээр үзэл бодлоосоо болж тэр үү? эсвэл өөр шалтгаан байсан уу? гэсэн асуулт байгаа юм. Ер нь бол үзэл бодлын хувьд хяналт, дарамт өнөөдөр ч гэсэн урд хөршид байгаа гэлцдэг - бас л үнэн. Тэгэхээр зарим системд энэ зайлшгүй байх хэрэгтэй юм биш үү? гэсэн асуулт бас гарч ирнэ.

    Орос сэхээтнүүдийн хувьд тэдэн дунд Жүүдүүд байсан гэдэг хүчин зүйлийг давхар тооцох хэрэгтэй... Энэ тухай нэг сайхан ном олж унших юмсан - өөрдсийгөө хэлмэгдсэн гэж дүгнэдэг гаруудын биш, баримттай, нийгмийн ухааны үндэслэлтэй, хөндлөнгийн хүний бичсэн ном.
    Э: Тэгэх юмсан. Дүр эсгэгчид бүх төрлөөрөө бий :). Халхын голын тулаанд оролцоогүй мөртлөө оролцсон гээд шагнал аваад яваад байдаг нөгөө өвгөн, оролцсон мөртлөө огт шагнагддаггүй өөр нэгэн өвөөгийн тухайн телевизийн сайхан кино байдаг. Ялгаж салгаж чаддаг эсэх нь уг нийгэм хэр эрүүл байгааг хэмждэг байх. Монголын хувьд хөндлөнгийн хүний бичсэн ном байхгүй биз ээ. Орос, зүүн европынхны хувьд англи хэл дээр нэлээд их байдаг. Солжинецыны өөрийнх нь номууд ч англи дээр бий.
    У: Канторович, Чөрчилл хоёрын Нобел авсан нь 2-р дайны үр дүнтэй холбоотой гэж ойлгодог.
    Канторович бол шаггүй математикч; харин эдийн засгийн ухаанд яг ямар хувь нэмэр оруулсан билээ? гэхээр бусад шагналтнуудтай харьцуулахад хариулт тийм ч тодорхой биш. Эдийн засагт түүний нэрээр нэрлэгдсэн юу байна? (Математикт бол миний дуулснаар хэд хэдэн үр дүн, асуудал бий).
    Э: Математикт их юм хийсэн байх. Шугаман програмчлалыг нээсэн гэх юм билээ. Гэхдээ би өөрөө аль алиныг нь сайн мэдэхгүй. Эдийн засгийн хувьд өөрийнх нь намтар дээр ингэж байна. (Би дээр хавсаргасан татаж уншиж болж байна уу?) "Much has been said of the fact that it was essential at that time to abandon this work. Its
    continuation became dangerous-as I found out later on, my suppositions were not without foundation. This was a terrible blow to me, for I had placed great hopes on it. For a long time I suffered from serious depression-I wasn't able to concentrate on science at all. I had to give this work up, and from that time on I stuck with mathematic". Эндээс болон намтрын бусад хэсгүүдээс харахад эдийн засгаар ажиллах нь өөрийнх нь аминд халтай болсон гэж л ойлгогдож байна надад. ЗХУ-ын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэсэн ял баргийн хүний аминд хүрнэ. Амь гарсан шалтгаан нь армийнханд тэр хэрэгтэй байсан гэдэг. Яг ямар төслүүд дээр ажиллаж байсан нь нууц, цөмийн зэвсэгтэй холбоотой л гэж байсан. Ямар ч байсан мина яаж тавьбал хамгийн үр дүнтэй талаар зөвлөдөг байсан гэж байна. Чиний монголын математикчдийн талаар тавьсан илтгэлийн слайдуудыг авъя тэгэх үү, энд үлдээгээч? Дээр Khash Khash-аас (Хашбаатар, эконометрикийн) ЗХУ-д 50, 60-аад онд статистикаар докторын зэрэг хамгаалсан Монгол хүн байдгийг мэдсэн. Тэр хүний мэдээлэл, бүтээлүүдээс үгийн орчуулгыг нь үзэх гэсэн юм. Тэгэж тус болох арга байна уу?
    У: For my short essay on "History of Math. in Mongolia" look at the bottom of this page: https://sites.google.com/site/uugnaaninjbat/

    ReplyDelete
  3. Бас нэгэн эдийн засагч надтай ийнхүү ярилцав:
    Ярилцагч: Эрка Кондратьев миний төгссөн сургуулийн багш байсан. Манай сургуульд түүнийг том эрдэмтэн гэж үздэг. Длинные волны гэдгийг сайн мэддэг гэхдээ Дарвин маягаар тайлбарлах гээд байдаг. Энд тавьсан бичвэр тань үзэл сурталжсан байна. Хүнд таагалдаг боловч чухал зүйлсийг бүдэгрүүлж мэднэ.
    Эрдэнэбат: Сайн байна уу? Би үүнийг тань тэнд бичье. Гэхдээ та өөрөө энэ талаар бичихгүй юу? Таны үеийнхний энэ талаар бидэнд өгөх мэдээлэл л дутаад байна шүү дээ. Би Кондратьевыг том эрдэмтэн гэж үздэггүй байсан гэж бичээгүй байна. Яг юуг нь үзэл сурталжсан гэж байгааг хэлэхгүй юу? Надад үзэл суртал дэлгэрүүлээд байх шалтгаан огт алга, бусдад таалагдах ч гэсэн санаа бүр алга. Тэртэй тэргүй өчнөөн үзэн ядагчидтай. Харин нийгмийн 2 системийн эдийн засагчийн хувьд хойч үе бидэндээ яамар байсныг бичиж өгөөч, та хувиараа биш бол нууц нэрээр гээд би тараая. Баярлалаа !
    Ярилцагч: Ха ха ха. Тэгнэ ээ завтай болж байгаад. Түүнийг хилс хэрэгт шүүж, хороосон нь үнэн. Гумилевийг зөвхөн Ахматовагийн хүү гэж хорьсон байдаг. Бичвэрийг уншихад систем аймаар хэлмэгдүүлжээ гэж мэдрэгдээд байна. Уг Кондратьевийн тухай л бичмээр санагдах юм. Хурц үг хэрэглэсэн бол өршөө.
    Эрдэнэбат: Та татгалзахгүй бол энэ яриаг би нийтлэлийн дор оруулчих уу? Нийгэмд бага ч гэсэн мэдлэг болог.
    Ярилцагч: Татгалзахгүй.

    ReplyDelete

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...