Saturday 9 April 2016

Хөөрхий бидний нийгэм, нийгмийн ухаан

Эрчим хүчний эдийн засгийн салбарын тэргүүлэх эрдэм шинжилгээний сэтгүүлд нэг ажил маань нийтлэгджээ.

Шинжлэх ухааныг Монгол улсад нэвтрүүлж, түгээж, дэлгэрүүлэх үүрэгтэйгээр 1942 онд байгуулагдсан МУИС-ийн нэрийг тээн эдийн засаг, бизнесийн салбараар Монгол улсаас дэлхийн шинжлэх ухаанд гарч буй 8 дахь, нийт нийгмийн ухааны салбарын хувьд 16 дахь, миний хувьд 3 дахь ажил болох ажээ.  
МУИС-аас 1942-2016 онд нийгмийн ухааны салбараар Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлд нийтлүүлсэн нийт тоо


Уг ажил дээрээ Сангийн яамыг нэг харъяаллаа болгов. Миний мэдэхээр энэ нь 100 орчим жилийн түүхтэй уг байгууллагын хувьд анхны тохиолдол бөгөөд, тусгаар Монгол улсын эдийн засгийн мэргэжлийн байгууллагууд улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашигт авталгүй, улам бүр мэргэшиж, шинжлэх ухаанч болоосой хэмээн ийнхүү билэгдэв. Үүсгэхэд нь оролцсон эдийн засгийн нэгдсэн түрүүлэгч индикаторыг яамнаас гаргахаа больсонд тун их эмзэглэснээ нуух юун.

МУИС-иас бүртгэлтэй нийт 451 ажилтай харьцуулахад нийгмийн ухааны салбарынх 16-хан байгаа нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн түүхэн замнал, гол нь социализм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо бутран унаснаас хойших Монгол улсын болон МУИС-ийн захиргаанаас баримталж ирсэн харалган бодлоготой холбоотой. Хүн хоёр хөлтэй байж хол явдгийн нэгэн адил аливаа их сургууль байгалийн болон нийгмийн ухааны салбаруудаа ижил анхаарч байж хөгждөг.

МУИС-аас 1942-2016 онд Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлд нийтлүүлсэн нийт тоо

Үгүй бол хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд яагаад сонирхлын бүлгүүдийн пи-ар зэвсэг болдог, энэ нь ямар үр дагавартай байж болох вэ [нийгмийн ухааны салбар: социологи, олон нийтийн мэдээлэл, харилцаа (communication)], яагаад УБ хотын талаас илүү нь цэвэр ус, халаалт гэх мэт дэд бүтэцгүй, замууд нь байнга түгжээтэй байгаа юм, үр дагавар нь юу байх вэ  [нийгмийн ухааны салбар: суурин судлал (urban studies), тээвэр (transportation)], яагаад улс төрчдийг шүүмжилсэн сурвалжлагч гэртээ байж байгаа нас барчихдаг, хүн гэрээсээ гараад Хөвсгөлд живж үхэхээр амиа хорлосон болдог, эсвэл зарим хүн маш ноцтой гэмт хэрэг үйлдээд зүгээр өнгөрчихөж байхад аргагүй хамгаалалт хийсэн, гэр бүлийн хүчирхийллийн золиос бологсод өндөр ял хүлээж байгаа нь, үүний нийгэмд үзүүлэх үр дагавар нь юу байх вэ [нийгмийн ухаан: криминалоги, пеналоги, хууль] гэх мэт асуултад дор хаяж хариулах хүнгүй байсаар байх болно.


Дээрх ажил маань зөвхөн бизнес, эдийн засгийн салбараар хязгаарлагдахгүй мөн магадлалын онол, статистик гэсэн суурь шинжлэх ухааны салбарт давхар харъяалагдах бөгөөд, цохилтын хариу үйлдэл нь эрэмбэлэгдсэн, олон хувьсагчтай, бүтцэт загварын (mulitivariate structural model with ordered impact response) хувьд хаана, ямар бүтцийн өөрчлөлт байгааг шалгаж, огноог нь тогтоодог шинэ аргачлал юм.  Бейсийн хугацаагаар хувьсах параметртэй загварын (Bayesian time varying parameter model) өрсөлдөгч болох байх гэж найдаж буй. Судалгааны ажлаа, Gauss, Matlab хэл дээр бичигдсэн програм хангамжийн хамт (сангийн яаманд Gauss-ын хоёр лиценз бий) 5-р сарын 29 хүртэл олон нийтэд үнэгүй байлгахаар Элсэвиер хэвлэлийн компанитай тохирсон (дараа нь номын сан тань захиалгагүй бол 35 орчим ам. доллар). Уг аргачлалыг ашиглан өөр ажил хийвэл түүнийг тань сонирхох эрдэм шинжилгээний сэтгүүлүүд байх бөгөөд хэрэв нийтлүүлж чадвал судалгааны их сургуулиудын магистир, докторын тэтгэлэг авахад тань тун дэмтэй байх болно. 

2 comments:

  1. Сайн байна уу? Таны ажил 5-29 хүртэл үнэгүй юм уу?

    ReplyDelete
  2. Тийм. Эндээс үз http://www.sciencedirect.com/science/article/pii/S0140988316300470

    ReplyDelete

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...