Sunday 17 December 2017

Европын Холбооны хар жагсаалт ба Монгол

Европын холбооны хар жагсаалттай холбоотой тайлбар өгөөч гэж Өнөөдөр сонин хүсэлт тавьсны дагуу дараах нийтлэлийг бичлээ. Тус сонинд точвлон нийтлэсэн нь миний бичсэнээс бага зэрэг ялгаатай байгааг анхаарна биз ээ. 4 жилийн өмнө бичсэн шилжих үнийн нийлэл маань мөн энэ асуудалтай холбоотой бөгөөд таны сонирхлыг татаж магадгүй юм. 



Европын холбооны сангийн яамны сайд нар Панам, Монгол, Макао зэрэг 17 улсыг татвараас зугтаагчдыг орогнуулагч хэмээн 7 хоногийн өмнө зарлалаа. Энэ нь олон улсын татварын гэрээ хэлцлийн цоорхойг ашиглан аливаа улсад олсон орлогодоо ногдох татвараа тухайн улсдаа биш, харин арай бага татвартай улсуудад очиж төлдөг, олон нийтэд оффшор хэмээх нэрээр танил болсон сөрөг үзэгдэлтэй тэмцэх зорилгоор Европын холбооноос хэрэгжүүлж байгаа ажлын эхлэл гэж ойлгож болно. Жилд  ер нь дор хаяж 500 гаруй тэрбум ам. долларын татварын орлогыг татварын диваажин гэгдэх улсуудаас болж алдаж байна гэсэн тооцоо байдаг бөгөөд энд ядуу, хөгжиж байгаа улсуудын алдаж байгаа мөнгө чамгүй их хувийг эзэлдэг.
Панамын (Panama papers) бас Диваажингийн (Paradise papers) гэх мэт томоохон компаниуд, баячууд, улс төрчид татвараас хэрхэн зугатаж байгааг илчилсэн дуулиант хэргүүд нь олон нийтийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэж, үүний хариуд Европын Холбоо татвараас зугтагсдад орогнох боломж олгодог, тухайн бүсэд  ногдох ёстой татварын орлогоос хумслагч улсуудыг ийнхүү нэрлэж, нэр хүндэд нь халдаж, цаашдаа ч төрөл бүрийн хориг арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.

Монгол улс яагаад энэ хар жагсаалтад орчихов гэдэг нь сонирхолтой. Манай татвараас зугатсан гэх хэргүүд л дийлэнхдээ яригддаг. Жишээ нь манайтай давхар татварын гэрээтэй, маш бага татвартай Голландад төв оффиссоо байгуулсан Оюу толгойн тухай, мөн саяхан Панамын дуулиант хэргүүдийн хүрээнд монголын зарим томоохон компаниуд, бизнесмен, улс төрчид маань мөн татварын диваажин хэмээх бага татвартай улсуудад бүртгэлтэй байдаг тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр чамгүй нийтэлсэн.

Тэгэхээр Монгол өөрөө татварын диваажин байх боломжгүй мэт. Гэхдээ Европын холбоо хар жагсаалтаа гаргахдаа ашигласан гэх аргачлал нь гурван үндсэн шалгууртай. Нэгд татварын ил тод байдал, хоёрт бусад улсын татварын орлогыг булаах зорилгоор татварын хувь хэмжээгээ бууруулдаггүй шударга татварын системтэй байх, гуравт татвар ногдох орлогын суурийг багасгах, ашиг шилжүүлэлтийн эсрэг (BEPS) зохицуулалттай эсэх гэсэн. Монгол улсыг хар жагсаалтдаа нэг болон гуравдагаар шалгуур үзүүлэлт дээр унасан буюу татварын зорилгоор мэдээлэл солилцох, ил тод байдлын олон улсын гэрээнд нэгдээгүй, үүнтэй холбоотой Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) конвенцыг батлаагүй,  BEPS-ийн минимум стандартыг нэвтрүүлээгүй бөгөөд эдгээр асуудлаа 2019 оны 12 сарын 31-ны дотор засахаар амлалт өгч чадаагүй гэсэн үндэслэлээр харжагсаалтдаа оруулжээ. Тэдний мэдэгдэж буйгаар энэхүү үнэлгээний процесс жил орчим үргэлжилсэн бөгөөд явцынх нь талаар улсад манай улсын холбогдох байгууллагуудад байнга тайлагнаж байсан ажээ.

1-р шалгуур ёсоор жишээ нь гадны иргэн Монгол улсад банкны данс эзэмшдэг бол дансны мэдээллийг нь тухайн улсын татварын албанд гаргаж өгөх ёстой. Эсрэгээрээ манай татварын байгууллага ч гадаадад данс эзэмшигч иргэдийнхээ мэдээллийг авах эрх нээгдэнэ.  Манай муу үнэлгээ авсан 3-р шалгуурын хувьд Татварын Ерөнхий Газраас Японы Жайка байгууллагын зээл тусламжын хүрээнд BEPS-ийн стандартыг Монгол улсад нэвтрүүлэх, хууль тогтоомжинд тусгах оролдлогод чамгүй хөрөнгө зарцуулсан. Цаанаас ирж буй зөвлөхүүдийн чанар сул, мөн сонгууль, халаа сэлгээ нь ч нөлөөлөөд одоогоор зогсонги байдалд орсон бололтой.Татварын ерөнхий хуулийн шинэчлэсэн найруулгыг 2016 оны эхээр УИХ-д өргөн барьсан боловч хууль маань 2008 оныхоороо л өдгөө үйлчилж байна. Тэгэхээр шилжих үнэ гэх мэтийн олон улсын татварын наад захын ойлголтууд манай хууль эрх зүйн баримт бичгүүдэд тусгалаа олоогүй байна. МөнТатварын Ерөнхий Газрын веб хуудас руу ороод үзэхэд давхар татварын гэрээнүүд болон бусад холбогдох баримт бичгүүд нь дутуу, хоосон байгааг харж болно.

Хар жагсаалтад орсноор ямар сөрөг үр дагавар гарч болох вэ гэхээр Европын Холбооны одоогийн хууль, журмын хүрээнд хар жагсаалтаас гартлаа хөгжлийн санхүүжилтээс бусад санхүүжилт авах боломжгүй болж магадгүй. Гэхдээ яг ямар хориг арга хэмжээ авах талаар тэд ирэх хоногуудад зарлана гэсэн. Брусель гэх мэт зарим гишүүн улсууд нь хатуу арга хэмжээ авахыг эсэргүүцсэн байсан.

 Гэхдээ энэхүү хар жагсаалт чамгүй шүүмжлэлд өртөж байгааг хэлэх нь зүйтэй байх. Оксфам, Татварын Шударга Ёс гэх мэт олон улсын байгууллагуудын цохон тэмдэглэж буйгаар энэхүү жагсаалтад лобби сайтай, томоохон эдийн засгуудыг үндсэндээ оруулаагүй. Жишээ нь бизнесүүдийг Америкт татах зорилгоор АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дээд хувь хэмжээг 35%-аас 20% болгох гэж байгаа нь 2-р шалгуурыг зөрчиж байна. Мөн Өмнөд Солонгос улсыг эдийн засгийн чөлөөт бүсүүддээ үйл ажиллагаа явуулж буй гадны компаниудад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэг учир 2-р шалгуурыг зөрчиж байна гэсэн шалтгаанаар хар жагсаалтад оруулсан мөртлөө тэднээс олон чөлөөт бүстэй Хятадыг оруулсангүй хэмээж байгаа.  Өөр нэг зарчмын шүүмжлэл нь Европ өөрсдийнхөө татварын диваажнууд гэгддэг Голланд, Брусель, Луксенбург, Ирланд гэх мэт улсуудыг уг жагсаалтаас гадна үлдээлээ гэсэн шүүмжлэл нэлээдгүй гарч байна. 

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...