Tuesday 21 August 2018

Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтын талаарх бяцхан сурвалжлага, эргэцүүлэл

Буцаан олголт нь тайлант хугацаанд (2017 болон өмнөх онуудад) үндсэн ажлаас гадуур ажил хийж, суутганаар НДШ төлөгчдөд л хамаатай юм байна. Мөн ажиллагчийн өөрийнх нь ямар нэг сард төлсөн нийт НДШ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс (одоогоор 240 мянга) давсан байх ёстой (ажил олгогчийнх 11%, ажиллагч 10% төлдөг). Тэгэхээр үндсэн ажлаас гадуур ажил хийсэн хүний тухайн сард харгалзах, авч болох буцаан олголтын дээд хэмжээ нь 240 мянган төгрөг. Мэдээж энэ нь үндсэн ажлаас гадуурх ажлын тоо, тийнхүү ажилласан сараар үржигдэнэ. Тэгэхээр нэг дор биш хэд хэдэн газарт зэрэг ажилладаг хүмүүст ашигтай тогтолцоо гэсэн үг.





https://home.kpmg.com/xx/en/home/services/tax/tax-tools-and-resources/tax-rates-online/social-security-employer-tax-rates-table.html
Өмнөх жилүүдийнхийг мөн нөхөн олгож байгаа юм байна. Тэр тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны 1 сард 240000, 2013.09-д 192000, 2011.04-д 140400 төг. болж өөрчлөгдөж байсан, ажил олгогчийн төлөх НДШ мэргэжлийн онцлогоос хамааран 3 нэгж хувийн ялгаатай тогтож, хувь хэмжээнд нь 2012, 2016, 2017 онуудад өөрчлөлт орж байсан гэдгийг анхаарах хэрэгтэй аж (тооцооллыг өөрөө хийж үзэхийг хүсвэл энэ EXCEL файлыг ашиглаарай). НД-ын газраас гар утсанд зориулан гаргасан аппликейшинг ашиглан өөрийнхөө нэр дээр төлөгдсөн нийт НДШ (ажил олгогч болон ажиллагчын хоёулангийнх нь төлсөн), энэ файл 2-ыг ашиглаад буцаан олголт байгаа эсэхийг иргэд харж болно. Мэдээж хүн амын орлогын 10%-ийн татварыг хасна.

Бүрдүүлэх материалын хувьд хамгийн хялбар нь өргөдөл, ТҮЦ машины НДШ төлөлтийн тайлан, иргэний үнэмлэхийн хуулбар, банкны тодорхойлолт 4 ажээ. Хугацааны хувьд хуулиараа үндсэн байгууллагын харъяа дүүргийн НД-ын хэлтэст өргөдөл өгснөөс хойш сарын дотор шийдэгдэх ёстой гэж сонсов. Энэ жил давхардсан тоогоор 28407 хүнд 2,3 тэрбум төгрөгөө эргүүлэн авах эрх нээгдсэн (өнгөрсөн онд 38561 хүний 2,6 тэрбумынх нээгдэж байж). Энэ нь нэг талаас тогтмол НДШ тогтмол төлдөг 200 мянган хүнтэй харьцуулахад өндөр үзүүлэлт мэт.

Гэхдээ нөгөө талаас хүн амын орлогын албан татвар маань нэг шатлалтай болсон өнөө үед НДШ-ийг алдаг оног ч гэсэн төлж буй 1,3 сая иргэдийнхээ зөвхөн өндөр орлоготой хэсэгт буцаан олголт өгч байгаа нь регрессив буюу өндөр орлоготой хүнээс бага хувь хэмжээгээр, харин бага орлоготой иргэдээсээ өндөр хувь хэмжээгээр татвар авдаг татварын гажуудсан тогтолцоо руу улам бүр хөтлөж байна. Ялангуяа 2018 оны 1-р сарын 1-нээс мөрдөгдөж буй хуулиар буцаан олголтыг 10% биш 12.5%-иар тооцож олгохоор болсон билээ.

Энэ нь уул уурхайн компаниуд, гадны зөвлөхүүд, Монголын чинээлэг давхаргын лобби, захиалгын үр дүн болох орлогын албан татварын нэг шатлалт тогтолцоог яаралтай эргүүлэн прогрессив болгох шаардлагатай байгааг харуулж байна. Нөгөө талаас НДШ-ийн хувь хэмжээг бууруулах орон зай байгааг ч мөн харуулж байна. Гэхдээ шийдвэр гаргаж буй хүмүүсийгээ анзаараад нэг харвал Монгол улсын орлогын тэгш бус байдлыг багасгах ийм зөв шийдвэрийг гаргахгүй л биз дээ гэсэн гутранги сэтгэгдэл төрж буйгаа уншигч танаас нуух юун.

----------------------------------------------------------------------------------------------------------
Энэхүү бичвэрийг 713 гишүүнтэй МУИС-ийн багш, ажилчдын бүлэгт тавьтал дараах хэлэлцүүлэг өрнөв. Бусад хүмүүст хэрэгтэй байж магадгүй тул түүнийг нь нэмэн оруулж байна.

Багш 1: Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтод байгууллагын төлсөн 11% буцааж өгдөг үү? Эсвэл зөвхөн хувь хүний төлж байгаа 10%-иас илүү гарсныг төлдөг үү?

Эрдэнэбат: Зөвхөн хувь хүний 10%-аар төлсөн шимтгэл тухайн сард 240000 төгрөг давж гарсан тохиодолд буцааж олгоно. Байгууллагын төлж буй 11%-аас буцаан олголт тооцогдохгүй. Хэрэв бид тэтгэврийн нэрийн дансны тогтолцоотой байсансан бол байгууллагын төлсөн шимтгэл бидний данс руу орох байсан.

Багш 1: Жишээ нь: хүн НДШ-ээс 300,000 төгрөг буцаан авсан бол байгууллага 330,000 төгрөгийг илүү төлсөн гэсэн үг мөн үү? (бодсон аргачлал буруу байж магадгүй).
Байгууллагын төлсөн илүү төлөлт хувь хүнд ч ашиггүй, байгууллагад ч ашиггүй гэсэн үг болох нь дээ.

Эрдэнэбат: Тэрнээс илүү төлсөн байж ч болно. 300000 төгрөгийн буцаан олголт авч байна гэдэг нь таны төлсөн НДШ нэгээс илүү сард 240000-аас давж гарсан гэсэн үг. Жишээ нь үндсэн байгууллагаасаа сард 2,4 сая төгрөгрийн цалин авдаг хүн түүнээсээ гадуур 2 сар ажил хийсэн гэе; эхний сард нь 10 сая, 2-р сард 600 мянгыг авчээ. Тэгвэл таны буцаан авалт 300000 төгрөг л байна. Ажиллагчийн төлөх шимтгэлийн таазаас болоод. Харин 2-р байгууллагын хувьд 10,6 саяас 11%-аар бодож 1,166 саяыг танаас өмнөөс НДШ-д төлнө. Ашигийн хувьд, дээр хэлсэнчлэн нэрийн данстай байсан бол та энэ мөнгийг дансандаа авах учир танд ашигтай байх байсан. Харин одоогийн тогтолцоогоор өнөөдөр тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хүмүүст бол ашигтай. Анзаарсан бол тэтгэврийн насныханд үнэгүй амралт, сувилалын эрхийн бичиг тарааж (1 хороонд 10-20 гэж сонссон), зарим хүн үүнийг нь өөрийгөө өгч байгаа мэт болгон сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж байгаа.

Багш 1: Манай багш нар төсөл, илүү цаг гээд илүү төлөлттэй явдаг. Илүү төлөлтөөс хувь хүний 10% буцааж авлаа гэхэд байгууллагын 11% багшид ч МУИС ч ашиггүй хий хоосон урсаад байна.

Эрдэнэбат: Нийгмийн даатгалын эв хамтын зарчмын үзэл санаа нь энэ л шүү дээ. Миний хувьд бид яаралтай нэрийн дансны тогтолцоо руу шилжих ёстой л гэж боддог. Гэхдээ энэ нь улс төрчдөд огт таалагдахгүй нь тодорхой. Нэрийн дансны тогтолцоонд хүний мөнгийг бусдад тараах боломж нь хаагдчихна шүү дээ. Та бид хоёрыг энэ яг ингээд ярилцаж байх хооронд ч УИХ-ын Гарамжав, Оюунчимэг гишүүд эрт тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн бариад байж байна. Миний хувьд тэдгээр эмэгтэйчүүдийн эсрэг ямар ч зүйл алга. Гэхдээ ийм асуудлыг зөвхөн нэг бүлэгт зориулсан байдлаар, маргааш яахыг нь тооцохгүй зөвхөн өнөөдрөөр шийдээд байх нь энэ тогтолцоог цаашид дампууруулах эх үндэс болох нь тодорхой.

Багш 2: Хувь хүн илүү төлсөн бол байгууллага нь ч илүү төлсөн гэсэн үг. Гэвч байгууллагад ямарч буцаалт байдаггүй. Ер нь бол цахим системд шилжсэн өнөө үед хүний мөнгийг илүү авч байх ямар хэрэгтэй юм. Тэгээд буцааж бна гээд гийгүүлж байгаа юм шиг. Яг энэ тал дээр хуулиа мөрддөггүй. Хуулийн заалтыг зөрчсөн журам үйлчилдэг.

Багш 3: Орлогын албан татварыг зогсооё. Тэр татвар улсыг хөгжүүлэхэд нэмэртэй бус харин ч луйварчдыг тэтгэдэг санхүүжүүлдэг хэрэгсэл юм. НД болон ЭМД бол бидэнд хэрэгтэй бөгөөд тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна.

Эрдэнэбат: Хүн амын орлогын албан татвар нь нийт татварын орлогын 10 гаруй хувьийг бүрдүүлдэг том эх үүсвэр. Зогсоовол өөр эх үүсвэрээс энэ дутагдлыг нөхөх ёстой болно. Татварын орлогоор "луйварчдаас" гадна дэд бүтэц, төрийн бүх төрлийн үйлчилгээ, төсөвт байгууллагад ажиллагсад, тэтгэвэр, тэтгэмжүүд төлөгдөж байгаа. Гол асуудал нь "луйварчдыг" анхнаас нь шийдвэр гаргах түвшинд яаж очуулахгүй вэ гэдэг асуудал л байгаа байх. НД болон ЭМД-ын хувьд бидэнд хэрэгтэй гэдэг нь бас л харьцангуй ойлголт. Одоогийн эв хамтын тогтолцоогоор өнөөдрийн ажиллагчид, өнөөдрийн тэтгэвэр, тэтгэмж авагчдыг санхүүжүүлнэ. Тэгэхээр 60-аад оныхноос өмнөх хүмүүсийн хувьд санхүүжилт нэг их асуудалгүй (одоогийн түвшиндээ хангахын хувьд). Харин 90-ээд онд төрөлт бага байсантай холбоотойгоор 70, магадгүй 80-аад оныхны хувьд хэрэгтэй болсон үед нь НД, ЭМД-ын санхүүгийн эх үүсвэр хүрэлцэхгүй болов уу.

Багш 4: 2016,2017 оны илүү төлөлтөө одоо авч болох уу?

Багш 5: 2011 оноос хойшихыг авч болно гэсэн.




No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...