Monday 11 March 2019

Нохой жилийн тайлан

Монгол улсад хариуцлагын зуд нүүрлэсэн энэ цаг үед МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессорын албан тушаалыг хашиж байгаагийнхаа хувьд манай улс дахь эдийн засгийн шинжлэх ухааны хөгжлийн талаар тайлагнах нь миний үүрэг гэж бодлоо.

Тилбургийн их сургуулиас гаргадаг эдийн засгийн салбараарх их сургуулиудын чансааны жагсаалт: Дэлхий

Өмнө нь мөн морь болон туулай жилийн тайлан тавьж байсан бөгөөд эдгээр тайлан нь уг шинжлэх ухааныг сонирхон судлах хүсэлтэй болон судлаж буй залууст, цаашид гаргах шийдвэрт нь туслана хэмээн найдна.

Цагтаа Лондонгийн эдийн засгийн сургуультай Европын No.1-ийн төлөө өрсөлддөг байсан Недерландын Тилбургийн их сургуулиас гаргадаг эдийн засгийн салбараарх их сургуулиудын судалгааны чансааны хамгийн сүүлийн жагсаалтад МУИС маань Монголоос ганцаараа орж байгаа ч  чамгүй өндөрт эрэмбэлэгдэж байна.



Тилбургийн их сургуулиас гаргадаг эдийн засгийн салбараарх их сургуулиудын чансааны жагсаалт: Ази тив




















Уг жагсаалтад сургуулиудыг 3 үзүүлэлтээр эрэмбэлдэг. Нэгдүгээрт сүүлийн 5 жилд эдийн засгийн тэргүүлэх 35 сэтгүүлд тухайн сургуулиас нийтлүүлж чадсан нийтлэлийн тоог нь ашигладаг. МУИС уг үзүүлэлтээр 2013-2017 онд 3 оноо авч Азидаа 95-д, дэлхийд 678-д эрэмбэлэгджээ.

Эдийн засгийн салбарт олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, өөрийн гэсэн цахим хуудастай 2500 орчим, Америкийн эдийн засгийн холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн 1000 гаруй,  Кларитив Аналитиксийн Web of Science-д бүртгэлтэй, SSCI индекстэй 366, Элсевиерийн Scopus-д бүртгэлтэй нийт 565 сэтгүүлээс хамгийн тэргүүлэх 35-ых нь босгыг даван Монголын нэрийг гаргана гэдэг бол том амжилт юм.

Гэхдээ топ 35 сэтгүүл маань дотроо өөрсдийн мөн зэрэг дэвтэй байх нь тодорхой. Сэтгүүлийн импакт фактор (impact factor, IF) болон өгүүллийн нөлөөний оноо (article influence score, AIS) гэсэн хоёр үзүүлэлтээр судалгааны ажлын чанарыг ихэвчлэн хэмждэг. Энэ хоёр үзүүлэлтээрх МУИС-ийн чансааг хүснэгт 1-ийн 3, 4-р баганад харуулж байна.

Хүснэгт 1. Азийн судалгааны чансааны жагсаалтад 
МУИС-ийн эзлэсэн байр

Он Топ-35 сэтгүүл IF  (оноо) AIS (оноо)
2009-2013128 (1) 98 (3) 89 (5)
2010-201499 (2) 90 (4) 91 (6)
2011-201593 (3) 76 (6) 74 (10)
2012-201694 (3) 76 (6) 74 (10)
2013-201795 (3) 78 (6) 72 (10)
2014-201894 (2) 97 (4) 101 (5)
Эх үүсвэр: Тилбургийн их сургууль. https://econtop.uvt.nl/rankingsandbox.php

Өгүүллийн нөлөөний оноо нь илүү шинжлэх ухаанч гэгдэж байгаа үзүүлэлт бөгөөд үүгээр МУИС хамгийн өндөр амжилтаа 2018 онд 3 судалгааны ажил, 10 оноотойгоор Азидаа 72-р байрт орсноор үзүүлсэн. Дэлхийн хэмжээнд бол МУИС хамгийн өндөр амжилтаа 2016 онд гаргасан билээ (Хүснэгт 2).

МУИС анх энэхүү жагсаалтад Review of Economics and Statistics-д нийтлүүлсэн өгүүллээрээ 2014 онд багтсан бол 2015, 2016 онд Конкордын их сургуулийн багш Др. Лхагвасүрэнгийн МУИС-д түр ажиллаж байх үед түүний Journal of Economic Dynamics and Control болон Journal of Monetary Economics-д нийтлэгдсэн өгүүллүүдийн ачаар өөрийн амжилтаа өсгөж байсан.

Хүснэгт 2. Дэлхийн судалгааны чансааны жагсаалтад 
МУИС-ийн эзлэсэн байр

ОнТоп-35 сэтгүүлИмпакт факторӨгүүллийн нөлөө
2009-2013850761698
2010-2014740710685
2011-2015675613597
2012-2016670613604
2013-2017678639614
2014-2018735703711
Эх үүсвэр: Тилбургийн их сургууль. https://econtop.uvt.nl/rankingsandbox.php

Их сургуулиудын тоо Ази тив болон Дэлхийд байнга өсч, өрсөлдөөн нь нэмэгдэж, Азид өдгөө 13000 гаруй Дэлхийд  28000 гаруй их сургууль байгаа, тэдний дийлэнх нь эдийн засгийн шинжлэх ухааныг судладгийг тооцвол энэ нь МУИС-ийн түүхэн дэх хамгийн том амжилтуудын нэг мөн бизээ.

Эдийн засгийнхан ийм байгаа бол манайх хаана байна вэ гэж бусад салбарынхан өөрсдөөсөө асуух болов уу, профессорууд нь манайхаас бага цалинтай байж МУИС ингэж байхад бид яагаад чадахгүй гэж бусад улсын болон хувийн сургуулиуд өөрсдөөсөө асуух болов уу,  дээд боловсролын системд маань суралцаж байгаа ажиллах хүчний маань 20%-тай тэнцэх 200 гаруй мянган залуус ер нь дэлхийн жишигтэй харьцуулахад хэр юм сурч байна вэ, хайран цагаа үрээд байгаа юм биш биз дээ гэж хэвлэл мэдээллийнхэн маань асууж эхлэх болов уу хэмээн энэхүү чансааны жагсаалтын талаар өнгөрсөн жилээс сурталчилж эхэлсэн болно.

Энэхүү мэдээ Фейсбүүкийн олон лайкаар хэмжигдэх нийгмийн дэмжлэг авч, 2018 оны 8 сарын 22-ны “Өдрийн сонин”-ы ярилцлага, түүнийг дагасан МУИС-ийн сайт дээрх мэдээ,  www.tur.mn, www.kingnews.mn  гэсэн 2 сайтаар дамжин мөн олон нийтэд түгсэн. Гэхдээ шинжлэх ухааны ямар ч салбарт өмнө нь Монгол улс ийнхүү өндөрт эрэмбэлэгдэж байсныг би хувьдаа хараагүй бөгөөд ийм амжилтыг бид олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс  авсан медалтайгаа адилхан хүндэлдэг болж байж бид зүй ёсоороо хөгжих биз ээ.

Улсаар маань овоглосон их сургуулийг утга учиртайгаар байгуулсан билээ. Хэдийгээр нийслэлийн маань зүрхэн тушаа, хамгийн үнэтэй газартаа байшин савыг нь барьж өгсөн ч МУИС бол барилга байгууламж биш. Өнөөдөр багшилж буй бид мэт нь, суралцаж буй оюутнууд нь, удирдаж буй дарга нар нь бол бас биш. Харин улсаа хөгжүүлэх эрмэлзэлтэй өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн монголчуудын итгэл, сэтгэл, зүтгэл билээ. Тийм хүмүүст энэ тайланг зориулав.


---------------------------------------------------------------
PS: гадагшаа явж үргэлжлүүлэн сурах хүсэлтэй МУИС-ийн эдийн засгийн төгсөгчдийн хувьд одоо материалаа ийш тийш явуулах алтан үе юм, үүнийг өргөдөлдөө дурдаарай. Амжилт хүсье!

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...