Sunday, 24 May 2020

ОУВС-ийн хөтөлбөрийн дараах, Ковид-19-ын үеийн, УИХ-ын сонгуулийн өмнөх Монгол улсын эдийн засгийн зарим үзүүлэлтүүд

Маргаашийн УИХ-ын сонгуульд зориулж эдийн засгийн цаг үеийн болон хэтийн төлөвийн талаарх мэдээлэл өгөхийг чадлын хэрээр оролдох нь үүрэг минь мэт санагдав.

Удиртгал

Миний төлж буй татварын хувь нарийн бичгийнхээс маань бага байгаа нь маш том гажуудал, орлого өндөртэй хүмүүс нь өндөр хувиар татвар төлж, багатайнууд нь багаар, магадгүй огт төлөхгүй ч байх ёстой хэмээдэг дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг шинээр хүн ажилд авахдаа дараах гурван шинжийг хардгаа хэлсэн байдаг.
Ирэх 4 жилд Засгийн эрх барих хүмүүсээ маргааш ажилд авах гэж байгаа бидний хувьд мөн бодууштай 3 шинж байж магадгүй юм гэж бодлоо. Эдгээр нь:
1. Интегрити
2. Оюун ухааны чадавхи
3. Эрч хүч юм.
Гэхдээ эхнийх нь байхгүй л бол нөгөө хоёр нь чамайг ална шүү хэмээжээ.



АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нь нэр дэвшихээр сонгогдож байсан хүн бидэнтэй адил түүхий эдийн экспортод суурилсан хойд хөршийг маань өөрсдийгөө улс гэж боддог шатахуун түгээх станц хэмээсэн нь бий. Мөн бидэнтэй адил урд хөршид маань нүүрсээ зардаг Австралийг Хятадын гутлын уланд наалдсан бохь юм хэмээн тодорхойлоод удаагүй байна.
Бид шавхагдах баялагтаа дулдуйддагаараа ОХУ, Австралийг хол орхино. Авахаа л мэдэхээс олборлохоос нь үүдэлтэй байгаль орчны доройтлыг, лицензийнх нь төлөөх "Нүүрсчдийн нам", "Алтныхан" гэх мэт бүлэглэлүүдийн хоорондох тэмцэл нь институцүүдийг маань сөнөөж буйгаар бол бүр ч илүү хол хаяна.
Экспортын орлогын маань 82%-ийг бүрдүүлдэг топ-5 барааны хувьд 1995 оноос 2019 оны хооронд бид 264 сая тонн нүүрс, 19 сая тонн зэсийн баяжмал, 65 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, пирит, 211 тонн алт, 62 сая баррель нефть гадагшаа гаргажээ.

Зураг A. Тод цэнхэр зураасаар Монголыг бусдаа нь бусад улсыг тэмдэглэв.
Зураг A-д 1996 оноос хойших түүхий эдийн экспортын динамикийг бусад улсуудынхтай, Зураг Б-д 2019 оны байдлаар бусад улсуудтай харьцуулахад бид хаана хүрчихээд байгааг харуулж байна. Одоогоор манайхаас илүү шавхагдах байгалийн баялгаараа амьжиргаагаа залгуулж байгаа улсуудад Ирак, Ангол, Венесуэл, Ливи, Бруней, Алжир, Нигер, Катар, Азербайжан, Виржин арал, Судан, Кувейт гэсэн үндсэндээ сонгууль болдоггүй, эсвэл олигтой болохоо байсан, диктатурт улсууд байна. Улс төрийн онолууд ч үүнийг зөгнөдөг.
Зураг Б. Монголыг улаан баганаар бусдыг нь сааралаар тэмдэглэв. 

Яагаад бидэнд интегрититэй удирдагчид хэрэгтэй байгаа нь эдийн засаг маань хаашаа явж буйтай холбоотой. Бид түүхий эдээ л экспортолж амьдрахын хэрээр өөр зүйл экспортолж, бүтээж чадах чадвар бүрэлдэхгүй. Шавхагдаад дууссаных нь дараа, эсвэл шинэ технологи, олон улсын чиг хандлагууд өөрчлөгдвөл хэрхэхийг сонирхдог УИХ-ийн гишүүд, төр засгийн байгууллага, инститүцүүд үндсэндээ алга. Нэг бол энэхүү рентээс аль болох өөрсдөө ахиухан хүртэх гэсэн хүмүүс, эсвэл тэдгээрийн гар хөл, хэрэгсэл л юм байна хэмээн хувьдаа дүгнээд буй.
Гэвч дэлхийд монополь байсан Чилийн байгалийн нитратын экспортыг үндсэнд нь дампууруулсан хиймэл нитратын нээлт шиг биш юм аа гэхэд дэлхийн дулааралтай тэмцэх зорилгоор бидний найдах болсон байгалийн баялгийн экспортын маань эрэлтийг хязгаарлах бодлогын арга хэмжээ гэх мэт томоохон өөрчлөлтүүд аль хэдийн гараад эхэлжээ.

Ковид ба өнөөгийн байдал


Зураг 1. Бодит ДНБ болон түүний салбараарх өсөлт. 2010 оны суурь үнээр илэрхийлэгдээгүй үеүүдийг тийнхүү хөрвүүлж эхэлсэн үе болон өмнөх үеүүдийн сөлтийн хувийг ашиглан сунгасан болно.

2020 оны 1-р улиралд бодит ДНБ өмнөх жилийн тухайн үетэй харьцуулахад 10.7%-аар агшсан нь сүүлийн 20 жилд тохиолдоогүй огцом уналт байлаа.

Зураг 2. Бодит ДНБ болон эцсийн ашиглалтын өсөлт. 2010 оны суурь үнээр илэрхийлэгдээгүй үеүүдийн эцсийн ашиглалтуудыг нийтэд эзлэх хувь болон үйлдвэрлэлийн аргаарх ДНБ-г ашиглан сунгасан болно.
Энэхүү уналт нь эцсийн ашиглалтын бүх хүчин зүйлсээс үүдэлтэй ч 2008-2009 оны үеийнхээс ч давж унасан экспортын татралт үндсэн шалтгаан нь байв.

Зураг 3. Сүүлийн 12 сарын төсвийн алдагдлын сүүлийн 4 улирлын ДНБ-д эзлэх хэмжээ.

Сүүлийн хэдэн жил алдагдалгүй төсөв хэрэгжүүлж чадсан ч төсвийн орлогын тасалдал, Ковид-19-тэй тэмцэх төсвийн арга хэмжээнүүд болон ДНБ-ий агшилт нь төсвийн тэнцлийг асар хурдан муутгах төлөвтэй байна. 5-р сарын эцсийн байдлаар төсвийн алдагдал ДНБ-ий 6.5%-тай тэнцээд байгаа бөгөөд төсвийн гадуурх зардлуудыг оруулбал нэлээд өндөр тоонд хүрэхээр байна.


Зураг 4. Инфляци

Инфляци 3.1%-д хүрч, эрэлтийн гаралтай инфляци ойрын ирээдүйд нэмэгдэх төлөвгүй байна. Бодлогын хүү энэ үед 9% байгаа нь уг хэрэгсэл инфляцийг онилохоос өөр зорилгоор ашиглагдаж байгааг, эдийн засгийг дэмжих орон зай байж болохыг сануулж байна.
Зураг 5. Худалдааны түншүүдийн маань ам. доллартай харьцах жилийн өмнөх ханшийг 1 гэж үзэв.
Үүнээс дээш бол ханш чангарсан, доош бол суларсныг илтгэнэ.


Валютын ханшийн ямар нэгэн шокод үзүүлэх хариу үйлдэл нь эдийн засгийнх нь бүтэц, бодлоготой холбоотой байдаг. 

Ковид-19-ын шок манай худалдааны түншүүдийн валютын ханшид хэрхэн нөлөөлж буйг Зураг 5-т дүрслэн харуулж байна.  Ам. долларын эсрэг төгрөгийн ханш жилийн өмнөхтэй харьцуулахад 5.8% сулраад байна. Аж үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт суурилсан Солонгосынх 4.6%, Хятадынх 2.8%, Английнх 2.6%, Еврогийн 1.5% орчмоор сулраад байгаа бол тодорхой бус байдлын үед найдвартайд тооцогддог Японы валют 0.4%-аар чангараад байна. 

Эдгээр улс нь Монголтой харьцуулбал уян хатан ханшийн бодлоготой бөгөөд, энэ нь гадаад шокыг валютын ханш нь өөртөө шингээж авдаг автомат тогтворжуулагчдынх нь нэг юм.

Түүхий эдийн экспортод тулгуурласан, жижиг нээлттэй эдийн засгийн бодлого нь бусад улсынхаас эрс ялгаатай байх ёстой. Ялангуяа богино хугацааны нийлүүлэлтийн муруй нь босоо манай эдийн засгийн валютын ханшийн бодлого илүү уян хатан байх ёстой гэсэн судалгааны ажлыг миний бие 8 жилийн өмнө мөн хийсэн билээ. Уг ажлын 20-р зурагт жишээ болгон авсан түүхий эдэн валютуудын онцлогийг Зураг 6-д сүүлийн нэг жилийн хувьд харуулж байна.



Зураг 6. Түүхий эдэн валютуудын ам. доллартай харьцах жилийн өмнөх ханшийг 1 гэж үзэв. 
Үүнээс дээш бол ханш чангарсан, доош бол суларсныг илтгэнэ.
Манайтай адил түүхий эдийн экспортоос асар их хараат улсуудын валютын ханш огцом унаж байснаа сэргэж байна. Жишээ нь рубль 3 сарын 19-нд 22% унасныхаа дараа сэргэж, өнөөдөр жилийн өмнөхтэй харьцуулахад 9.2%-аар л суларсан байна. Гэвч манайхаас ялгаатай нь ханшаа чөлөөтэй байлгаснаар интервенц хийж валютынхаа нөөцийг шавхсангүй. 

Цаашдын төлөв

Дэлхийн банкныхаар Монгол улс ам. долларын эсрэг төгрөгийн ханшаа хамгаалах гэж валютын нөөцөөсөө 2018 онд 1.5 тэрбум ам. доллар, 2019 онд 2.86 тэрбум долларын интервенц хийсэн бөгөөд ОУВС хөтөлбөрийнхөө төгсгөлд шавхагдах баялгаараа сольж хуримтлуулсан валютын нөөцөө мөн шавхчихгүй, уян хатан ханшийн бодлого хэрэгжүүлэхийг зөвлөжээ.


Зураг 7. 100 бол ойрын ирээдүй хэвийн, дээш (доош) бол сайн (муу) гэсэн үг.

Худалдааны гол түншүүдийн эдийн засаг 2008-2009 оны санхүүгийн хямралаас ч эрс муудаж, ойрын ирээдүйд сайжрах төлөвгүй байгаа нь тэдний нэгдсэн түрүүлэгч индикатороос харагдаж байна.

Дараах хэсэгт эдийн засгийн өнөөгийн байдал, хэтийн төлөвийг харуулах үзүүлэлтүүдийг тайлагнав:











АНУ болон Монголын бодлогын хүүний зөрүүний өөрчлөлт. Эерэг бол манай мөнгөний бодлого харьцангуй чангарч буйг илэрхийлнэ.













Чингис бондын өгөөж нэмэгдэх нь Монгол улс уг бондоо эргэн төлөх чадваргүй боллоо гэсэн айдас тархахтай холбоотой бол стандарт хазайлт нэмэгдэх нь тодорхой бус байдалтай холбоотой.

Монголбанк орон сууцны индексээ тооцохоо больсон учир өгөгдөл нь 2019 оноор дуусан. 20 оны эхний улирлынхыг ҮСХ-оос авав. Сүүлийн 2 сарын мэдээлэл байхгүй учир өөрчлөгдөөгүй гэж үзэв. 







No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...