Monday 12 December 2011

Нөөцийн хараал ба Сонгуулийн дүрэм: Эдийн засгийн шинжлэх ухаан юу гэж зөвлөнө вэ?

Аливаа нийгэм дүрэмгүйгээр оршин тогтноддогүй. Тоглоомын дүрмээ эхнээсээ тогтоон түүнийгээ нийтээр сахин биелүүлэх нь нийгэм болон эдийн засгийн хөгжлийн нэг угтвар нөхцөл. Монгол улс дүрэм сахих байдлаараа тийм ч сайн биш. Дэлхийн Банкны Институцийн чадавхийн жагсаалтын "Rule of Law" буюу "Хууль Дүрмээ Дээдлэн Хүндэлдэг Эсэх" гэсэн үзүүлэлтээр байнга л дунджаас дооуур ордог. Гэхдээ диктаторын бус, хууль эрхэт ардчилсан нийгэмтэй учир ОХУ, БНХАУ болон Казахстанаас дээр. Энэхүү үзүүлэлтээ сайжруулахын хэрээр бид хөршүүдээсээ харьцангуй давуу талтай болно гэсэн үг. 

Дунджаас доогуур байдаг нь манай түүхтэй холбоотой. Жишээ нь Чингис хааны үед цагаан ястнууд гэмт үйлдэл хийвэл Их Засаг Хуулийн цаазаас хэд хэдэн удаа хэлтэрчихдэг байв. Социализмын үед бол Нам нь ерөнхийдөө хууль дүрмээс дээгүүр байж. Өнөөдөр ямар байгааг нь бид бүгд мэдэж байгаа үүнийгээ өөрчлөх хэрэгтэй байна.

Нийгэмд байдаг хамгийн том дүрэм бол сонгуулийн дүрэм. Үүнээс бусад хууль, дүрэм журам, эдийн засагт хэрэгжих бодлого бүгд хамаарна. 

Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбогдуулан миний бие дээрх сэдвээр 6 сард нэгэн товч нийтлэл бичин Өдрийн Сонин болон Зууны Мэдээ Сонинд хэвлүүлэхээр дэмий л хөөцөлдөж билээ. Эрх мэдэл бүхий хүмүүст ч шууд дамжуулах гэж нэлээд хичээсэн.  Энэхүү асуудлаар би юу гэж бодож байна вэ гэж нэгэн оюутан саяхан асуухаар нь энд тавья гэж бодлоо.


Нөөцийн хараал гэж байгалийн нөөц ихтэй улсууд хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлж чадалгүй, эдийн засгийн зогсонги байдал, улс төрийн тогтворгүйдэл, цаашилбал иргэний дайн самуунаас салахгүй байгаа ерөнхий дүр зургийг хэлдэг.

Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад, аливаа нөөц ихтэй улсын институцийн чадавхи энэхүү хараалд өртөх эсэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна (Glaeser et al. 2004, Mehlum et al. 2006, Sokoloff and Engermann, 2000).

Институцийн чадавхи гэдэг маань авилгатай тэмцэх чадвар гэх мэт маш өргөн бөгөөд хэмжихэд бэрх үзүүлэлт. Мөн эдийн засгийн бүтэц болон хөгжлийн түвшингээс өөрөө хамаарч болно. Тэгэхээр Замбийн институцийн чадавх сул бөгөөд эдийн засгийн хөгжил дорой, Норвегийн институцийн чадавх өндөр бөгөөд хүн амын амьжиргааны түвшин өндөр гэдэг нь тахиа өндөгний аль нь анхдагч вэ гэдэгтэй адил: Институцийн чадвар өндөр байхаар эдийн засгийн амжилтад хүрдэг юм уу, эдийн засгийн тодорхой хөгжлийн түвшинд хүрч байж институцүүд чадавхиждаг юм уу гэдэг асуултын хариу нээлттэй үлдэж байна. Эдийн засгийн өсөлтөөс үл хамааран түүнийг тодорхойлогч хүчин зүйлийг олж тогтоох хэрэгтэй.

Аливаа улс хууль тогтоох байгууллагаа хэрхэн сонгох нь тэрхүү байгууллагаас ямар төрлийн эдийн засгийн бодлого гарах вэ гэдгийг тодорхойлно. Гэхдээ улс орнууд энэхүү байгууллагаа хэрхэн сонгодог нь тэдгээрийн эдийн засгийн өсөлтийн хурднаас нь үл хамаарна. Нөгөө талаас байгалиас аль улсад илүү баялаг заяах нь тухайн улс ямар сонгуулийн тогтолцоотойгоос хамаарахгүй нь мэдээж. Тэгвэл энэ хоёр баримтад үндэслэн байгалийн нөөц ихтэй Монгол шиг улсад ямар төрлийн сонгуулийн тогтолцоотой байвал эдийн засаг нь он удаан жил үргэлжлэн өсөж, түүнээс улбаалан хүн амынх нь амьжиргааны түвшин дээшлэх вэ?

Энэ л асуултад Persson ба Tabellini (2003), Kunicova ба Rose-Ackerman (2005), Andersen ба Aslaken (2007) нарын судалгааны ажлууд хариулт өгөх ажээ. Дэлхийн ардчилсан улсуудыг хамарсан эдгээр судалгааны дүгнэлт нь өнөөдөр Монгол улсын сонгуулийн тогтолцоонд тодорхой хэмжээгээр нэвтрүүлэх гээд байгаа хувь тэнцүүлсэн (пропорционал) сонгуулийн дүрэм нь харьцангуй олонхийн дүрмийг (мажоритар) бодвол рентийн төлөөх тэмцлийг хурцатган, улс төрийн авилгыг нэмэгдүүлж, энэ нь ялангуяа байгалийн нөөц ихтэй улсуудын эдийн засгийн урт хугацааны өсөлтөд сөрөг нөлөөтэй болохыг нотолжээ. Мөн ихэнх онолын загварууд болон эмпирик судалгаанууд хувь тэнцүүлсэн сонгуулийн дүрэмтэй улсуудад төрийн сектор хэт тэлж төсвийн зардал болон алдагдал улам бүр нэмэгддэг болохыг харуулж байна. 

Гол шалтгаануудын нэг нь сонгуулийн үүрэгтэй холбоотой. Сонгууль хоёр үүрэгтэй: нэг нь ард түмэн төрийн бодлогод сонгосон хүнээрээ дамжин оролцох, нөгөө нь хэрэв сонгосон хүн нь хээл хахууль авч, хувийн эрх ашгаа хөөвөл түүнийг шийтгэх боломжоор хангах. Өнөөдөр намуудын гол анхаараад байгаа асуудал нь сонгуулийн эхний үүрэгтэй холбоотой бөгөөд хоёрдугаар үүргийн талаар хэлэлцэх асуудал орхигдоод байна. Тодорхой хэмжээгээр нэвтрүүлэх гээд байгаа хувь тэнцүүлсэн тогтолцоо хоёр төрөлтэй. Нэг нь намын удирдлагууд сонгуулийн саналын хуудсан дээр сонгогдох гишүүдийнхээ нэрсийг тодорхой бичиж сонгогчид тэндээс нь хүссэн намынхаа хүссэн гишүүнийг сонгоно. Нөгөө нь саналын хуудсан дээрх нэрс нуугдмал байх бөгөөд сонгогчид зөвхөн намд санал өгч намуудын удирдлага ямар гишүүн дэвшүүлэхээ мэднэ. Аль ч тохиолдолд намын удирдлагын нөлөө одоогийн тогтолцооныхоос өснө. Нөлөөгөө дагаж тэдний олж болох рентийн хэмжээ ч өснө. Нөгөө талаар нэгэнт сонгогдогчийг ард түмэн шууд бус намын удирдлагын илүү их оролцоотой сонгох учир тэднийг ард түмэн хянаж, шийтгэхэд илүү хүндрэлтэй байх болно. 
 
Эдгээрийг дүгнэж хэлэхэд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг буруу газраас эхлээд байна. Асуудлын гол нь харьцангуй олонхийн сонгуулийн дүрэмд биш, харин ч эсрэгээр энэ нь Монгол шиг улсын хувьд хамгийн зохимжтой гэдгийг судалгааны үр дүнгүүд нотлон харуулж байна. Хэрвээ өнөөдрийн хуулийг өөрчлөх шаардлагатай л юм бол энэ нь сонгуулийн тойргийн тоо, төлөөллийн хуваарилалт байх ёстой. 

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...