Wednesday 13 May 2015

Эдийн засаг нь маргааш хаачихыг мэдэхийг хүсвэл өнөөдрийнх нь боловсролын тогтолцоог нь хар

Миний энэхүү нийтлэлийг бүрэн унших цаг, зав байхгүй бол дүгнэлтийг нь илэрхийлэх хэдэн зүйр үг байна: 

Оюун санаа гэдэг бол дүүргэх ёстой сав биш харин асаах ёстой гал юм.  -Плутарх
The mind is not a vessel to be filled but a fire to be kindled. -Plutarch 

Боловсрол бол хорвоог өөрчлөхөд хэрэглэх хамгийн хүчтэй зэвсэг юм. -Нелсон Мандела
Education is the most powerful weapon which you can use to change the world. -Nelson Mandela 

Толгойдоо юм хийхдээ тун болгоомжтой байгаарай, учир нь түүнийг та хэзээ ч буцаан гаргаж чадахгүй.   -Томас Волзей (1471-1530)
Be very, very careful what you put into that head, because you will never, ever get it out. -Thomas Cardinal Wolsey (1471-1530)

Өнөөдөр Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагаас (OECD) хэвлэгдэн гарч буй дэлхийн 76 улсын бага, дунд боловсролын чанарын жагсаалтын айргийн таван байрыг бидний Азийн хөрш, цаашилбал бидний өрсөлдөхийг хүсч буй улсууд эзлэв. Африкийн Гана улс баян ходоод болсон ч уг улсын удирдагчдынх нь бодит байдал ямар муу байгаагаа мэдье, түүн дээрээ тулгуурлаж хойч үеээ хөгжүүлье гэсэн эр зориг, хүсэл эрмэлзлийг хүндэтгэхгүй байхын аргагүй. 2008 оноос хойш 2 тэрбум орчим долларыг Хүний Хөгжил Сангаасаа зарцуулсан (төсвөөс боловсролд олгосон санхүүжилтээс гадна) Монгол улс энэ


судалгаанд дахиад л хамрагдсангүй. 2009 онд үүнтэй төстэй, гэхдээ өндөр хөгжилтэй улсуудыг түлхүү хамарсан PISA буюу Сурагчдыг Үнэлэх Олон Улсын Хөтөлбөрт манайтай ижил нийгэм, эдийн засгийн шилжилт хийсэн Казахстан, Азербайжан болон Киргизстан улс орж сүүлчийн байруудад орж байв. 15 настай сурагчдын уншиж ойлгох чадвар, математик болон бусад шинжлэх ухааны талаарх мэдлэг, сэтгэлгээний түвшин болон санхүүгийн энгийн мэдлэгийг нь стандартчилсан шалгалтаар хэмждэг PISA-гийн шалгалт гурван жил тутамд нэг удаа зохиогддог. Мөн TIMSS (Trends in International Mathematics and Science Study) буюу 4 болон 8-р ангийн сурагчдын математик болон шинжлэх ухааны мэдлэгийг нь шалгадаг мөн л олон улсын стандартчилсан шалгалт бий бөгөөд бид аль алиных нь хувьд 2015 оныход нь оролцох боломжтой.

Ийм төрлийн шалгалтад хамрагдахгүй байх өчнөөн шалтаг байж болох ч хүүхдүүдийнхээ тархинд юу орж буйг эцэг эхчүүд, ирээдүйн ажиллах хүчнийхээ харьцангуй давуу талыг тодорхойлох гэсэн ажил олгогчид, мөн сурагчид өөрсдөө ч гэсэн мэдэх эрхтэй. Мэдээж манай төр засгийн болон хувийн хэвшлийн удирдагчид бүгдээрээ л өөрсдийнхөө хүүхдүүдийг өндөр үнэтэй, олон улсын, хувийн сургуульд явуулчихаж байгаа учир энэ нь тэдэнд тийм ч сонин биш байх. Хүүхдийнх нь бусдаасаа ялгарах боломж нэмэгдэж байвал бүр сайн гэж найдаж байж ч магадгүй. 

Мөн нэгэнт их төлбөр төлж байгаа юм чинь гайгүй байх гэж сохроор итгэн тэрхүү төлбөрийг нь олох гэж зүтгэж буй эцэг эхчүүдэд ч тийм зав гардаггүй байх. Гэхдээ л хүүхдийнхээ төлөө, мөн Монголын ирээдүйн төлөө санаа үнэхээр тавьдаг л юм бол бид олон нийтийн боловсролын тогтолцоогоо бусдынхтай зайлшгүй харьцуулах ёстой. Учир нь тэд л бидний хүүхдийн ирээдүйн найз нөхөд, хань ижил, хамт олон, хамтрагчид нь байх болно. Мөн боловсролын чанар муудаж буй суурь асуудлыг хувийн сургууль мэтийн явцуур аргаар шийдэх гэж оролдох нь явуургүй.

Мэдээж энэ асуудал зөвхөн эцэг эх, сурагчид, ажил олгочдоор хязгаарлагдахгүй. Ирээдүйн татварын орлого ажиллах хүчнийх нь бүтээмжтэй нягт холбоотой учир тэрхүү бүтээмжийн эх үүсвэр болсон боловсролын чанар нь төр засгийн байгууллагуудад, мөн иргэдийнх нь сайн сайхан байдал тэдний мэргэжил, ур чадвар дэлхийн жишигт хүрч үнэлэгдэх эсэхээс хамаарах тул улс төрийн хүчнүүдэд мөн хамаатай. 40-өөдхөн жилийн өмнө биднээс нэг их ялгаагүй байсан Сингапур өнөөдөр дээрх жагсаалтыг тэргүүлж, их дээд боловсролын чанараар ч гэсэн дээгүүр байр эзэлж байгаа. Үндсэндээ үүнээс нь л болж тэнд үндэстэн дамнасан компаниуд болон шинжилгээ судалгааны институтүүд төв оффис, лабораториа өрсөлдөн байгуулж байна.

Ялангуяа хуулиараа бүх нийтийн гэсэн тодорхойлолттой ерөнхий боловсролын сургуулийн чанар нь бидний цөөн Монголчуудын бусдаас даван гарах боломжоо хэр ашиглаж буйн хэмжээс юм. Учир нь авъяас билиг хааны болон харцын хүүхдэд аль алинд нь заяах магадлал ижил, тэрхүү авъяас, ур чадварыг нь нээн илрүүлэх хүүхдийн тоо Улаанбаатар хотод гэхэд ердөө л 193 мянга. Нэг цэгт төвлөрсөн уул уурхайн баялагт (point-resource) тулгуурласан эдийн засгийн зайлшгүй нэг үр дагавар нь орлого болон боломжийн тэгш бус байдал бөгөөд үүнийг багсасгах үндсэн арга нь боловсролын тогтолцооныхоо өрсөлдөх чадварыг дэлхийн жишигтэй ойртуулах явдал юм.

Мэдээж энэ асуудлыг өөр хүмүүс ч ярьж, бичиж байгаа. Би улам олон хүн л үүнд нэгдээсэй, хэлэлцээсэй гэж боддог. Намайг энэ талаар ярихаар, ялангуяа 3 гаруй их наяд төгрөгийг хүнээ хөгжүүлэх гэсэн сайхан нэртэйгээр үр ашиг муутай зарцуулж байна гэхээр популизм хийж, бусдад таалагдах гэж байна гэж нэгэн том дарга шүүмжилж билээ. Гэхдээ миний санал болгодог зүйл хүн болгонд ч таалагддагүй л дээ.

Олон улсын нэр хүндтэй, удирдлагын зөвлөх үйлчилгээний МакКинзей компани дэлхийн улсуудын боловсролын тогтолцооны амжилт болон сул талуудыг харьцуулан судлаад "... аливаа улсын боловсролын тогтолцооны чанар нь түүнд ажиллаж буй багш нарын чанараас даван гардаггүй" хэмээн дүгнэсэн байдаг. Манай багш нарын чанар тэгвэл ямар байгаа бол, ялангуяа цалингийн түвшин өнөөгийнх шиг бага байгаа үед? Одоо хүүхдээ автомашинаар зөөж байгаа эцэг эхийн тоогоор нь харвал харъяаллын улсын сургуулийнхаа сургалтын чанарт сэлгэл хангалуун байгаа нь цөөрч байгаа мэт.

Мэдээж өөрийн болон үр хүүхдийнхээ эдийн засгийн сайн сайхан байдлыг үл огоорон, өөр өндөр цалин хангамжтай ажил хийх боломж байсан ч өөрийгөө бүрэн дайчлан ажилласаар буй маш сайн багш нар бий, тэднийг А төрлийн багш нар гэе. Боловсролын тогтолцоог сайжруулах үндсэн шийдэл нь ийм багш нарыг олшруулах, тэдний шинжлэх ухааны мэдлэгийг нь дээшлүүлэх. Цалин, хангамж, ажиллах орчинг нь сайжруулж, нэмэгдүүлэх нь үндсэн хөшүүрэг байх ёстой. Гэхдээ бодит байдлаас харвал өөр ажил олдоогүй (Б төрөл) эсвэл давхар ажил эрхэлдэг хүмүүс (В төрөл) ч бий. А төрлийн багш нар олшрох бус В болон хувирч байгаа нь тун харамсалтай үзэгдэл. 

Солонгос улс дээрх жагсаалтын 3-т бичигдэж байна. Тэд эхлээд дээд боловсролын байгууллагууддаа дэлхийн шилдэг сургуулиудад тавьдаг шаардлагыг тавьсан. Дараа нь их, дээд сургууль, коллеж төгсөгчдийг дүнгээр нь жагсаан сурлагаараа зөвхөн эхний 5%-д орж чадсанд нь бага, дунд сургуульд багшлах эрх олгодог гэдэг. Авдаг цалин нь Солонгосын нийт цалингийн шатлалын хамгийн өндөр 20%-д байх ёстой, нийгэмдээ нэр хүнд нь ч харьцангуй өндөр. Дээрх асуудлын тун зөв шийдэл гэж боддог.

Улаанбаатарт харъяаллын сургуулиуд олширч, чанар нь сайжирч, хүүхдүүд өөрсдөө гүйгээд явчихдаг болбол хүүхэд хүргэх, авахтай холбоотой ажил цалгардалт, хотын автозамын түгжрэл гэх мэт үргүй зардлууд багасна. Баян хоосны ялгаа багасч, нийгмийн урт хугацааны тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө, эдийн засагт ч үржүүлэгчийн нөлөөтэй байх болно.

1 comment:

  1. Сайн байна уу? Таны энэ нийтлэл их таалагдлаа. Энэ чиглэлтэй холбоотой нэг ажил хийх гэж байгаа юм. Түүндээ энэ нийтлэлийн зарим хэсгийг (бараг ихэнх) ашигласан шүү. таныг зөвшөөрнө гэдэгт найдаж байна. Таниас хариу ирэхийг хүлээж амжсангүй. Уучлаарай.

    ReplyDelete

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...