Friday 29 September 2017

П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Гурав. Эдийн засгийн хүрээний асуудлаас

1. Эдийн засгийн  тухай ойлголт

Эдийн засаг гэсэн үг бидний амьдралд үргэлж оролцож  “Эдийн засгийн өсөлт буурлаа”, “Эдийн засаг унаж байна”, “Эдийн засаг өсөж байна”, “Эдийн засгийн хөгжил муу байгаагаас болж ард түмний амьдрал сайжрахгүй байна” гэх мэтийн үг цаг ямагт дуулдаж байгаагийн учрыг олох гэвэл энэ эдийн засаг гэдгийг мэдэх хэрэгтэй болж байна.


Айлыг улс буюу нийгмийн атом, анхдагч нэгж гэж үзэх юм бол айлын эдийн засаг гэж байна. Айлын эдийн засаг гэвэл тэр айлын мэдэлд байгаа бүх эд хөрөнгө, тухайлбал, гэр орон, гэрийн бүх тавилга, эд хогшил, мал, мөнгөн хөрөнгө зэрэг болно. Тэгвэл улс буюу нийгмийн эдийн засаг гэвэл тэр улсын бүх айлын эд хөрөнгө юм байна гэж ойлгож болох юм.

1. Эдийн засаг гэдэг бол олон зүйлийг хамарсан их өргөн ойлголт юм. Эдийн засаг гэдэг бол юуны өмнө хүний хөдөлмөрийн үр дүнд бий болсон бүх эд баялаг1 юм. Энэ утгаар хүний хэрэглэдэг бүх зүйл, тухайлбал хувцас, хоол хүнс, орон байр, энэ бүхнийг бий болгоход ашигладаг үйлдвэрлэлийн машин техник, тоног төхөөрөмж, түүхий эд2 эдийн засаг гэдэгт орно. Байгальд байгаа бүх юмыг байгаль, байгалийн баялаг гэдэг бол нийгэмд байгаа бүх юмыг, хүний хэрэглэж байгаа бүх юмыг нийгмийн баялаг, нийгмийн эдийн засаг гэж ойлгож болох юм. Энэ эд баялаг нэгд, нийгмийн хүчин чадал, хөгжил дэвшлийн үндэс, хоёрт, хүний ахуй амьдрал, түүний дээшлэлтийн үндэс болно. Ийм учраас нийгэм баян бол иргэн баян, иргэн баян бол нийгэм баян гэж ярьдаг. Ер нь нийгмийн баялаг нь иргэдийн баялаг, иргэдийн хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хятад хүн аягандаа нэг ширхэг цагаан будаа үлдээхгүй иддэг гэсэн үг байдаг. Нэг аяга цагаан будаа 9 600 ширхэг байдаг, Хятадын хүн ам 1.5 тэрбум гэж бодвол Хятад Улс нэг удаа хооллохдоо хүн нэг бүр нэг ширхэг цагаан будаа үлдээвэл 156 250 аяга цагаан будаа алдаж байна гэсэн үг. Нэг аяга цагаан будаа 3-4 амтай нэг монгол айлын нэг удаагийн шөлтэй хоолны будаа. Тэгэхэд гуанзанд хоол идэж байгаа монгол хүн нэг ширхэг биш, харин нэг халбага цагаан будаа үлдээхгүй гэж оролдож байвал ховдог, муухай хүн болж харагдана, харин цадаагүй байсан ч хоолоо бүрэн идэхгүй, үлдээж байгаа хүн цатгалан, баян хүн болж харагдана. Үүнээс үзвэл арвилан хэмнэлт гэдэг нь ширхэг, чимх, дуслаар арвилахаас эхэлдэг байна. Иймийн учир дал, наяаад оны үеэс МАХН ширхэг тариа, дусал шатахуун, чимх ноосыг шижир алт хэмээн үзэж эс, ширхгээр нь хэмнэхийг цэцэрлэгийн хүүхдээр хүртэл дуулуулж байсан. Харин зах зээлийн үед ингэж дуулж хэмнэж байх учиртайсан. Гэтэл нэг хүн “Эс, ширхгийг” цэцэрлэгийн хүүхдээр хүртэл дуулуулж байсан гэж МАХН-ыг буруушаасан байсан. Өөрийн бодол өөртөө зөв гэсэн хэллэг үнэн юм даа.

2. Эдийн засаг гэдэгт энэ эд баялгийг үйлдвэрлэж бий болгох, хуваарилах, солилцох, хэрэглэх3 бүх үйл ажиллагаа орно. Ер нь эдийн засгийн үйл ажиллагаа нь эд баялгийг үйлдвэрлэх, тэр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хуваарилах, солилцох, хэрэглэх гэсэн дэс дарааллаар явдаг. Үйлдвэрлэл гэдэг нь эд баялгийг бий болгож байгаа үйл ажиллагаа юм. Ингээд үйлдвэрлэж бий болгосон эд баялгаа хуваарилна. Хуваарилахдаа эхлээд үйлдвэрлэлээ дахин явуулахад хэрэглэх зүйлээ үлдээнэ. Дараа нь үлдсэн зүйлээ хэрэглэгчдийн хооронд хуваарилж хэрэглэгчид хэрэглэнэ. Хүн зөвхөн өөрийн бий болгосон зүйлээ хэрэглээд байж болохгүй. Жишээ нь, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хүн түүнийхээ зарим хэсгийг өөртөө хэрэгтэй өөр бүтээгдэхүүн тухайлбал, аж үйлдвэрийн бараагаар солино. Нүүрсний уурхайгийнхан дан нүүрсээ хэрэглээд байж болохгүй учир нүүрсний нэг хэсгийг цахилгаан станцад өгөөд тэндээс цахилгаан авах жишээтэй. Ингэж үйлдвэрлэгчид өөр хоорондоо бүтээгдэхүүнээ солилцох үйл ажиллагааг солилцоо гэж байгаа юм.  

Тайлбар: 1 Энэ эд баялаг гэдэг нь үйлдвэрлэл, түүний бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүн гэдэг нь хүний ямар нэгэн үйл ажиллагааны үр дүнд бий болсон зүйл буюу эд юмс, үйлдвэрлэл гэдэг нь тэр юм хийж байгаа хүний үйл ажиллагаа. Ингэхлээр энд гарч байгаа эд баялаг, бүтээгдэхүүн, эд, юм гэх мэтийн ойлголтууд нэг маягийн ойлголт юм. 2 Түүхий эд гэдэг нь үйлдвэрлэлд орж бүтээгдэхүүн болон боловсруулагдах эд, юмс юм. Тэгэхдээ түрүүн хөдөлмөрийн процесст орж боловсруулагдсан зүйлийг түүхий эд  гэдэг. 3 Хуваарилалт гэдэг нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бусадтай солилцох,  бусдад хувааж өгөх үйл ажиллагаа. Эсвэл хоол хийсэн хүн хийсэн хоолоо тэр хоолыг идэх ёстой хүмүүст хувааж өгч байгаа нь хуваарилалтын тун энгийн жишээ. Энд гарч байгаа хэрэглэгч, хүн, хүмүүс  гэсэн үг, хойшид гарах худалдан авагч гэх мэтийн үг мөн нэг маягийн ойлголт болно.

2. Эдийн засгийн  шинжлэх ухаан


Эдийн засгийн шинжлэх ухааны тухай ойлголт. Эдийн засгийн ухаан гэдэг ойлголт эртний Грекийн аж ахуйн хууль гэдэг үгнээс үүсэлтэй. Тэгэхлээр, эдийн засгийн ухаан бол аж ахуйн үйл ажиллагааны хуулийн тухай ухаан болж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн шинжлэх ухаан гэдэг бол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хуваарилалт, солилцоо, хэрэглээг1 судалдаг шинжлэх ухаан юм. Энэ ухаан аж ахуйг яаж их үр ашигтай явуулах вэ? гэсэн практик шаардлагаас үүсжээ.

Хүний хэрэгцээ2 хязгааргүй их. Гэтэл түүнийг хангах эдийн засгийн нөөц, бололцоо хязгаардмал байдаг. Жишээ нь, хүний хэрэглэж байгаа мах хязгаардмал буюу бага хэмжээтэй. Энэ хязгаардмал нөөц, бололцоогоор  хязгааргүй  их хэрэгцээг яаж хангах вэ? өөрөөр хэлбэл, махаар хүн амын хэрэгцээг яаж хангах вэ? гэдэг асуудал зайлшгүй гарч ирнэ. Энэ асуудалд эдийн засгийн шинжлэх ухаан хариу өгнө. Тэгвэл эдийн засгийн шинжлэх ухаан бол хүний хэрэгцээг хангахын тулд эдийн засгийн хязгаардмал нөөц бололцоог үр ашигтай ашиглах тухай шинжлэх ухаан юм

Нэг хүн сандал хийх гэж эхлээд хамгийн сүүлд шүдний чигчлүүртэй хоцорсон юм гэсэн. Сандал хийхэд сандлыг яаж хийх вэ? гэсэн мэдлэгээс гадна нэг сандал хийхэд хичнээн мод, хадаас, цавуу, будаг, хөдөлмөр орох, ямар үр ашиг гарахыг нарийн тооцоолоод сандлыг өөрөө хийх, худалдаж авахын аль нь илүү ашигтай болохыг мэдэх ухааныг эдийн засгийн мэдлэг олгоно. 

Сонголтын тухай. Танайх авах гэсэн бүх юмаа аваад байдаг уу? Одоо мөнгө хүрэхгүй боллоо, тийм юм авч болохгүй нь гэх мэтийн яриа танайд гардаг уу? Хүн дуртай юм бүхнээ аваад, хэрэгтэй бүхнээ хэрэглээд байж болох уу? Хүний хэрэгцээ хязгааргүй их, түүнийг хангах эд юмс хомс байдаг. Эд юмс хомс буюу хязгаардмал шинжтэй гэдэг нь нэгд, тоо, хэмжээний хувьд хязгаартай, бага байна, хоёрт, нэг юмыг олон зүйлд зэрэг хэрэглэж болдоггүйгээр тайлбарлагдана. Жишээ нь, газар хэмжээний хувьд хязгаартай, бас нэг газрыг нэг бол тариаланд, эсвэл бэлчээрт ашиглахаас биш, хоёуланд нь зэрэг ашиглаж болохгүй. Оёдлын машин байна гэхэд нэгд, тооны хувьд олон биш, хоёрт, зөвхөн юм оёоход ашиглахаас биш, махны машин болгож мах машиндахад хэрэглэж болохгүй. Жишээ нь, жилийн жилд худалдаанд гарч байгаа махны хэмжээ ихээр нэмэгдэхгүй байна. Махны хэмжээг их болгоно гэвэл олон мал нядлах болно. Тэгэж махны хэмжээг их болгоно гээд олон мал нядлаад байвал малгүй болчихно. Бас жимс, ногоо ховор байгаа нь нэг жилд ургах хэмжээ бага байгаатай холбоотой.

Чи өөрийн хүслээ, авах, хэрэглэх гэсэн юмаа жагсааж бичээд үз, эсвэл хуруу дараад тоолоод үзээрэй. Хүний хүсэл, хэрэгцээ хязгааргүй учир ханана гэж байхгүй. Жишээ нь, нэг өнгөт телевизтэй байсан айл өрөө бүхэндээ телевизтэй болох, түүнийхээ  үзэмж, дэлгэцийн хэмжээг томруулах хүсэл, хэрэгцээ ямагт байсаар байдаг. Хүний хүсэл, хэрэгцээ хязгааргүй байхад түүнийг хангах эд юмс ховор байдаг болохоор зайлшгүй сонголт хийх хэрэгтэй болно. Жишээ нь, манайд тохилог сууц хангалтгүй байна. Үүний улмаас гэрт суух уу? Шавар байшин, амбаар гэдэгт суух уу? гэдгийн аль нэгийг шийдэх буюу сонгох хэрэгтэй болно.

Бас хүний хэрэгцээгээ хангах нь тэр хүний чадвар буюу мөнгөний хэмжээтэй холбоотой. Жишээ нь,  олон ам бүлтэй учир олон өрөөтэй сууцанд суух хэрэгцээтэй боловч мөнгөний бололцоогүй айл нэг өрөөтэй сууцанд суухаас өөр аргагүй болдгийг та нар амьдрал дээр харж байгаа шүү дээ. Бас 1000 төгрөгтэй хүүхэд мөхөөлдөс, шоклад, тосон бал зэрэг хүссэн бүхнээ авч чадахгүй учир сонголт хийж нэг бол мөхөөлдөс, эсвэл тосон бал авах болно. Мөхөөлдөс идэх дур маш их хүрч байсан ч юм сурах гэсэн шаардлага буюу аргагүйн эрхэнд тосон бал авч байгаа хүүхэд, мөхөөлдөс авсан хүүхэд хоёр хүн чанарын хувьд хоёр өөр, сайн, муу гэсэн ялгаатай хүүхэд. Одоо мөхөөлдөс авсан хүүхэд том болсон хойноо мөхөөлдөс авах чадваргүй болсон байхад тосон бал авч юм сурсан хүүхэд мөхөөлдсийг хязгааргүй авах чадвартай болж мэднэ. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” гэсэн монгол ардын цэцэн үг байдаг. Өнөөдөр уушги идэж байсан хүн маргааш өөх идэх бололцоотой байхад өнөөдөр өөх идсэн бол маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн маргааш юм уу, нэг насаараа өөх идэхгүй байж мэднэ. Хүний хэрэгцээ, тэгэхлээр хүний дур хязгааргүй их, энэ их дурыг хангаад байх бололцоогүй учир хүн дураа хязгаарлаж байх ёстой. Дур бүхнээ хангах гэсэн хүн, жишээ нь, унтах дур нь хүрсэн үед унтаад, идэх дур хүрсэн үед идээд, хичээл хийх дургүй үед хичээл хийхгүй байсан хүүхэд сайн хүн болохгүй. Дураа хязгаарлаж байж сайн хүн болдог. Унтах, амрах, идэх уух, юм хийхгүй байх мэтийн дурыг хангахад тун амархан, харин босох, юм хийх, бага идэж уух дурыг (шаардлагыг) хангахад тун хэцүү. Гэвч сайн хүн болохын тулд шаардлагатай бол дургүй юмыг хийхээс өөр арга байхгүй. Тэгэхгүй бол нэг залхуу хүн “Завагт байгаа махыг унжаад байхын оронд унаад ирдэг болоосой гэж хэвтээд байж турж үхсэн” юм гэсний үлгэр болж мэднэ. Ер нь, залхуу бол бүх муу, муухай бүхний уг үндэс. Орчин үед ядуурал, ажилгүйдлийн  үндэс шалтгаан нь эцсийн эцэст залхуурал мөн. Залхуугаас болоод юм сураагүй, ажил хийж сураагүй хүнд ажил олдохгүй байгаа юм. Ажилгүйгээс болоод ядуу болж байна. Зарим хүн хулгайч ядуу учраас хулгай хийж байна гэж тайлбарлаж байгаа нь түмэн буруу, бас хулгай хийхийг зөвтгөж байгаагараа, хулгайчид би ядуу учир хулгай хийхээс өөр аргагүй юм байна гэсэн санаа төрүүлж байгаагаараа хортой санаа.  Хулгай хийхийн үндэс, уг шалтгаан нь эцсийн эцэст залхуурал байдаг.”Хог түүгчид” хочтэй хаягдал түүгчид ядуу учраас хаягдал түүж байгаа нь үнэн. Хулгай хийхийн шалгаан нь ядуурал, ажилгүйдэл юм бол  хаягдал түүгчид  хулгайч болох ёстой. Гэтэл яагаад хулгай хийхгүй байна вэ? гэвэл тэд ядуу боловч хулгайч шиг залхуу биш, бас  хулгай хийж болохгүй гэсэн хүмүүжилтэй байна.

Сонголтыг хувь хүн ч хийнэ, айл ч хийнэ, үйлдвэр, аж ахуйн газар ч хийнэ, улсын засгийн газар ч хийнэ. Жишээ нь, манай засгийн газар  цалин, тэтгэврийн аль алиныг нь  нэмэх хүсэлтэй байвч санхүүгийн боломж муу бол сонголт хийх замаар нэгий нь нэмээд нөгөөгий нь нэмэхгүй байж болно. “Хөлийн хэрээр жийхгүй, хөнжлийн хэрээр жийдэг” гэсэн Монгол ардын цэцэн үг байдаг. Хөлөө жийх, тахийх, жийхдээ хэр зэрэг жийх нь хөлөө жийх дур буюу хэрэгцээнээс хамаарахгүй, харин хөнжлийн их багаас хамаарна. Хөнжил бага үед тахийж байхаас өөр арга байхгүй. Орчин үеийн Монголд “хөнжил” нь бага учир хөлөө тэр болгон жийгээд байж болохгүй байгаа юм байна. Бас “Адуутай нь исгэрдэг, аягатай нь уудаг”  гэдэг. Аягагүй хүн (юмгүй хүн) аягатай хүний ууж дууссан хойно юм үлдсэн бол, бас хүн аягаа өгвөл сая ууна.

Тайлбар:1 Хэрэглээ гэдэг нь хүн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эдэлж хэрэглэх, идэж уух үйл ажиллагаа юм.

2 Хүний амьдралаас зайлшгүй урган гарч байгаа шаардлагыг хэрэгцээ гэнэ.

3.  Эдийн засгийн шинжлэх ухааны судлах зүйл


Эдийн засгийн шинжлэх ухааны судлах зүйл. Эдийн засгийн шинжлэх ухаан нь аж ахуйн үйл ажиллагааг яаж үр ашигтай явуулах асуудлыг судалдаг байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн үйл ажиллагааны зүй тогтол, хуулийг судална.

Хүний хэрэгцээ хязгааргүй их. Гэтэл түүнийг хангах эдийн засгийн нөөц, бололцоо хязгаардмал байдаг. Энэ хязгаардмал нөөц бололцоогоор  хязгааргүй  их  хэрэгцээг  яаж  хангах вэ? гэдэг асуудал зайлшгүй гарч ирнэ. Энэ асуудалд эдийн засгийн шинжлэх ухаан хариу өгнө. Тэгвэл эдийн засгийн шинжлэх ухаан бол хүний хэрэгцээг хангахын тулд эдийн засгийн хязгаардмал нөөц бололцоог үр ашигтай ашиглах тухай шинжлэх ухаан юм. Ер нь эдийн засгийн үйл ажиллагаа нь эд баялгийг үйлдвэрлэх, тэр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хуваарилах, солилцох, хэрэглэх гэсэн дэс дарааллаар явдаг. Тэгвэл эдийн засгийн шинжлэх ухаан нь эд баялгийг үйлдвэрлэх, хуваарилах, солилцох, хэрэглэх үйл ажиллагааг судалдаг юм байна гэж ойлгож болно. Хуваарилах гэдэг нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг дахин үйлдвэрлэл явуулахад ашиглах, хэдэн хувийг өөр зүйлд хэрэглэх гэх мэтийг хэлнэ. Солилцох гэдэг нь  үйлдвэр, аж ахуйн газар, аж ахуйн салбарууд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөр хоорондоо солилцохыг хэлнэ. Жишээ нь, нүүрсний уурхай нүүрсээ хэрэглээд өөр юм хэрэглэхгүй байж болохгүй. Нүүрсээ цахилгаан станцад өгөөд оронд нь цахилгаан авна. Хэрэглэх гэдэг нь хоол хүнс, хувцас мэтэд ашиглахыг хэлнэ.

Үйлдвэрлэл явуулахад байр, тоног төхөөрөмж (машин, техник), түүхий эд материал, ажиллах хүн хэрэгтэй. Эдгээрийг зөв хослоход жишээ нь, хичнээн машин техник, хичнээн түүхий эд материал, хэдэн ажилчин хэрэгтэйг зөв тооцоолоход эдийн засгийн мэдлэг хэрэгтэй. Жишээлбэл, 2 машин ажиллахад болох байтал 3 машин авсан бол 1 машин сул зогсоход хүрнэ. 5 ажилчин ажиллах байтал 4 ажилчин ажиллуулбал ажилчид ажлаа дийлэхгүй болох, машин сул зогсоход хүрнэ. Бас ямар юмыг хичнээн хэмжээгээр, яаж үйлдвэрлэх, хаана яаж борлуулах гэх мэтийн олон асуудал гарч ирнэ. Энэ бүхнийг зөв шийдвэрлэхэд эдийн засгийн мэдлэг туслана. Хоёр чавганц уралдахад хүчээ зөв хуваарилан зарцуулж чадсан нь буюу арай ухаантай нь түрүүлдэг юм гэсэн. Өмч хувьчлалаар хүн бүхэнд 10 мянган төгрөгийн хувьцаа өгөхөд зарим хүн худалдаад архи уучихсан, зарим нэгэн нь хоосон цаас гэж үзсэн, харин цөөн, ухаантай хүн түүнийг “чулуу” болгож бизнесмен болсон шшү дээ.  Ингэхлээр, сурагч бүхэн бизнесмен болохгүй ч гэсэн “эдийн засагчид”, өөрөөр хэлбэл, эд баялгийг бий болгогч, түүнийг хэрэглэгч, айл гэрийн нөхөр, эхнэрийн аль нэг нь болж тэр айл гэрийн “эдийн засгийг” авч явах хүн болох учир эдийн засгийн мэдлэг олж авах ёстой.

Эдийн засгийн шинжлэх ухааны түвшингийн онцлог. Эдийн засгийн шинжлэх ухааныг ямар түвшний асуудал судалж байгаагаас нь хамааруулж микро эдийн засаг, макро эдийн засаг гэж хоёр хувааж байгаа юм байна. Эдийн засгийн асуудлыг өрх гэр, аж ахуйн нэгж, тодорхой зах зээлийн түвшинд судалдаг эдийн засгийн ухааныг микро эдийн засаг гэнэ. Жишээ нь, өрхийн аж ахуйг хэрхэн хөтлөх, өрх айлын орлого, зарлага, өрхийн орлогыг хэрхэн хуваарилж юу, юунд зарцуулахыг микро эдийн засаг зааж өгнө.

 Харин эдийн засгийн асуудлыг нийт улсын хэмжээнд судалдаг эдийн засгийн ухааныг макро эдийн засаг гэнэ. Жишээ нь, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, улсын төсвийн орлого, зарлага, төсвийн хуваарилалт, ажилгүйдэл, түүнийг арилгах арга зам, зах зээл дэх үнийн асуудал, тэтгэвэр, цалинг нэмэх асуудал зэргийг макро эдийн засгийн ухаан судлана.

4. Эдийн засгийн үндсэн асуудал

    Эдийн засгийн үндсэн асуудал гэдэг ойлголт. Ямар ч нийгэм, аль ч улс оронд, ямар нэгэн юм үйлдвэрлэж байгаа хүн болгонд эдийн засгийн гурван үндсэн асуудал тулгарна үүнд:

1. Юу үйлдвэрлэх вэ? Гурил үйлдвэрлэх үү, эсвэл талх үйлдвэрлэх үү? Хэрэв гурил үйлдвэрлэх бол дээд, нэгдүгээр гурилын алийг нь их үйлдвэрлэх вэ? гэх мэтийн асуудал гарч ирнэ. Энэ бол юу үйлдвэрлэх тухай асуудал юм. Жишээ нь, малчин хүнд хонь, ямаа хоёрын алийг нь илүү түлхүү өсгөх вэ? гэсэн асуудал тулгарч байна. Өнөөгийн нөхцөлд ямааны ноолуур хонины ноосноос хамаагүй илүү их үнэтэй байгаа болохоор ямааг илүү өсгөх болж байна. Энэ нь “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэсэн бодлого. Хотон доторхи хонь, ямаа хоёрын тэнцвэр алдагдвал ямар аюул гарахыг бас л бодолцох ёстой. Эрдэмтдийн тооцоогоор, хотон доторхи хонь ямаа хоёрын харьцаа 75х25 байх ёстой юм гэсэн. Одоо энэ харьцаа урвуу байдлаар өөрчлөгрдөж байна гэж хэлж болохоор болж байна. Ямааны хэт өсөлт монгол ойлголтоор олон сөрөг талтай, тухайлбал, нэгд, ямаа бээрэг амьтан болох учир хонины нөмөрт байх ёстой. Хоёрт , ямаа олон болох юм бол хонио дагуулж гүйсээр байж хонь ямааны хөлд чирэгдэнэ. Гуравт, ямаа хурц туурайтай болохоороо бэлчээрт халгаатай. Дөрөвт, ямаа шээрэг учир хот илүү ихээр хөлдөөнө. Тавд, монгол ойлголтоор ямаа бол “Янтай хүн махы нь иддэггүй, ямбатай хүн арьсы нь нөмөрдөггүй” мал гэх мэтийн сөрөг талууд бий.

2. Яаж, ямар арга замаар үйлдвэрлэх вэ? Гар аргаар үйлдвэрлэх үү? Эсвэл машин техник хэрэглэж үйлдвэрлэх үү? гэх мэтийн асуудал гарч ирнэ. Үүнийг яаж үйлдвэрлэх тухай асуудал гэнэ. Жишээ нь, одоо манай улсад мах, сүү, цагаан идээг урьдын адил гар аргаар бэлтгээд байх уу? Эсвэл үйлдвэрийн аргаар бэлтгэж эхлэх үү? гэсэн асуудлыг шийдэх хэрэгтэй болж байна. Ер нь улсын хөгжлийг юу үйлдвэрлэж байгаагаар нь тодорхойлохгүй. Харин ямар аргаар, яаж үйлдвэрлэж байгаагаар нь тодорхойлдог байна. Жишээ нь, Хятад Улс бүр дээр үед торго, Монгол Улс Хүннүгийн үед эсгий үйлдвэрлэж  байсан. Тэгвэл энэ хоёр улсын өнөөгийн хөгжлийг торго, эсгий үйлдвэрлэж байгаагаар нь тодорхойлж болохгүй. Харин торго, эсгийг ямар арга, техник, технологиор үйлдвэрлэж байгаагаар нь тодорхойлбол өнөөгийн, бас хэр зэрэг хөгжилтэй улсууд гэдэг нь сая харагдана.

3. Хэнд зориулж үйлдвэрлэх вэ? Өөрөөр хэлбэл, миний барааг хэн худалдан авч хэрэглэх вэ? гэх мэтийн асуудал гарч ирнэ. Энэ асуудал бол хэнд зориулж  үйлдвэрлэх тухай асуудал юм. Жишээ нь, зарим хөгжингүй оронд баян хүнд, дунд зэргийн хүнд, ядуу хүнд  зориулж  гурван өөр чанар, үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Дээр үед “Тоншуул “ сэтгүүлд элэглэснээр “Социализмын үед монгол хүн гурван гартай болсон юм гэсэн. Өөртөө зориулсан юм хийдэг нэг гар, бусдад зориулсан юм хийдэг хоёрдохь гар, үзэсгэлэнд зориулсан юм хийдэг гуравдахь гар”. Аливаа юм хийхэд мэдлэгээс гадна сэтгэл гэж байдаг. Зөвхөн мэдлэгээр хийсэн юм, мэдлэгээс гадна сэтгэлээ шингээж хийсэн юм хоёр өөр өөр болдог. Тэгээд сэтгэл нь гурван өөр болсноос болоод гурван гартай болсон байна. Юмыг ор нэр болгож хийхийг хоёр гардах гэдэг, тэгвэл сурагч хүн юмыг хийсэн шиг хийж, сурсан шиг сурах заншилтай болохыг эрхэмлэх учиртай.Манай аав, ээж нар санаанаасаа юм хийж сурахыг зөвлөдөг. Санаанаасаа хийсэн юманд хүний сэтгэл шингэсэн байдаг болохоор  бусдын албадлагаар хийсэн юмнаас шал өөр чанарын юм болдог. Ингэж хэнээр ч хэлүүлэхгүй  санаанаасаа юм хийж сурсан хүн сайн хүн болдог байна. Зарим сурагч сэтгэлээсээ сурахгүй, сурсан дүр үзүүлж, юм мэдэхийн тулд биш, харин дүн авахын тулд, багш, эцэг, эхээ хуурч сурч байгаа нь өөрийгөө хуурч байна гэсэн үг, өөрөөр хэлбэл, том болоод ажилласан үедээ мөн хуурамчаар ажиллахад суралцаж байна гэж хэлж болно. Гэтэл хуурамчаар ажиллаад мөнгө олно, хуурамчаар амьдрана гэж байхгүй. Тодруулж хэлбэл, хоол идээгүй байж хоол идсэн, цатгалан байна гэж гэдсээ хуурч чадахгүй. “Хуурсаар хуурсаар худалч, хумсалдсаар хумсалдсаар хулгайч болно” гэсэн ардын маань сургаал яасан мэргэн юм бэ?

Дээрх гурван асуудлыг эдийн засгийн хэллэгээр юуг, яаж, хэнд гэж хэлнэ. Энэ юуг, яаж, хэнд зориулж үйлдвэрлэх вэ? гэдгийг эдийн засгийн үндсэн асуудал гэнэ.

Энэ эдийн засгийн үндсэн асуудал яагаад гардаг вэ? гэвэл: хүний хэрэгцээ хязгааргүй их. Гэтэл энэ хэрэгцээг хангах эд баялаг хязгаардмал байдаг. Үүнээс болоод хязгааргүй хэрэгцээг хязгаардмал эд баялгаар яаж хангах вэ? гэдэг асуудал гарч ирнэ.  Үүний улмаас эдийн засгийн үндсэн асуудал гардаг юм байна.

5. Эдийн засгийн сэтгэлгээний  сургаал, онолоос

 Эдийн засгийн сэтгэлгээний үүсэл. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өөрсдийн нь хэрэгцээнээс илүү гарч бусадтай солилцох болсон тэр үеэс аль болох их бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд аж ахуйгаа аль болох үр ашигтай явуулах бодол санаа гарчээ. Үүнээс болоод аж ахуй эрхлэн явуулах буюу эдийн засгийн хөгжлийн зүй тогтол, хуулийг мэдэх шаардлага зүй ёсоор гарч иржээ. Энэ шаардлагаас эдийн засгийн сургаал, онол гарсан байна. Эдийн засгийн сургаал, онолууд нь гол төлөв улс орны баялаг хэрхэн бий болдог тухай, арилжаа солилцооны үндэс юу байдаг тухай, ашгийн уг сурвалж нь юу болдог тухай мэтийн асуудалд хариу өгч иржээ. Эдийн засгийн сургаал, онолоос гол сургаал, онол нь гэвэл: Меркантализм, Физиократизм, Сонгодог эдийн засгийн ухаан, Кейнсийн онол, Шинэ сонгодог сургаал, онол гэх мэт болно. 

1. Меркантализм бол худалдаачин гэсэн утгатай латин үгнээс гаралтай бөгөөд эдийн засгийн үзэгдэл, зүй тогтол, хуулийг таньж мэдэх гэсэн анхны системтэй оролдлого байжээ.  Меркантализм нь XYII зууны дунд үед хөгжлийнхээ оргилд хүрчээ.

Меркантализм нь улс орны баялаг худалдааны хүрээнд бий болдог, гадаад худалдааг ашигтай хийж байгаа улс орон баян  чинээлэг, хүчирхэг байдаг гэж тайлбарлаж байсан.

 2. Физиократизм нь улс орны баялаг худалдаанд биш, харин хөдөө аж ахуй, газар тариаланд бий болно, тэр нь байгалийн өгөөж юм. Тариачдын хөдөлмөр цэвэр орлогыг бий болгоно гэж үзэж байсан. Физиократууд эдийн засаг бодит хуультай гэж үзсэн нь том ололт байжээ. 

3. Сонгодог эдийн засгийн үзлийн гол төлөөлөгч нь А. Смит, Д. Рикардо нар юм.

А. Смит Хөдөлмөрийн хуваарь гарсан нөхцөлд хувийн өмчтөнүүд зөвхөн ашиг олохын төлөө үйлдвэрлэл явуулдаг. Энэ ашиг олох гэсэн хувь хүмүүсийн үйл ажиллагааны нөхцөлд нийгмийн эд баялаг бий болно. Энэ ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн үйл ажиллагаа нь тэдний бодол санаанаас хамаарахгүй хуулиар, тухайлбал, “Үл үзэгдэх гараар”1 зохицуулагдаж байдаг гэж  үзсэн.

Д. Рикардо ер нь аливаа орлогын эх үүсвэр нь хөдөлмөр юм гэж үзсэн. А. Смитийн өртгийн хөдөлмөрийн онолыг баримтлан туйлын өртөг гэсэн ойлголтыг бий болгосон. Мөн гадаад худалдааг гүнзгийрүүлэн судалж “Харьцангуй давуу талын онол” гэдгийг боловсруулжээ.

4. Шинэ сонгодог онолын гол төлөөлөгч К. Маркс. К. Маркс А. Смит, Д. Рикардо нарын өртгийн онолыг цааш нь хөгжүүлж таваарын өртөг бол түүнийг үйлдвэрлэхэд зарцуулагдсан нийгмийн дундач хөдөлмөрөөр тодорхойлогдоно гэж үзсэн. К. Маркс    ашгийг ажилчны хөдөлмөр бий болгодог гэж үзээд “Нэмүү өртгийн онолоо” гаргажээ.  

Шинэ сонгодог онолын шинэ үеийн төлөөлөгчид таваарын үнэ түүнд зарцуулагдсан хөдөлмөрөөр биш, харин таваарын хүнд өгөх ач тусаар тодорхойлогдоно гэж үзээд эрэлт, нийлүүлэлтийн2 тухай онол бий болгожээ.

Энэ онол зах зээл эрэлт, нийлүүлэлтийн хуулиар зохицуулагдах учир төрийн зохицуулалт хэрэггүй гэж үзсэнийг Английн эдийн засагч Кейнс шүүмжилж эдийн засгийн хямрал, ажилгүйдэл хоёрыг зах зээл өөрөө аяндаа үгүй хийж чадахгүй. Харин төрийн зохицуулалтаар эдийн засгийг үр өгөөжтэй хөгжүүлж болно гэж үзсэн байна.

Тайлбар: 1 “Үл үзэгдэх гар” гэдэг нь зах зээл гэсэн утгатай. 2 Зах зээлийн үнэ, хэрэглэгчийн орлогын хэмжээгээр хязгаарлагдан тогтож байгаа хэрэгцээ  буюу хэрэглэгчийн худалдан авч чадах таваарын тоо хэмжээг эрэлт гэнэ. Үйлдвэрлэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээг нийлүүлэлт гэнэ.

6. А. Смитийн “үл үзэгдэх гарын” онол


“Үл үзэгдэх гарын” онолын гол санаа. ”Үл үзэгдэх гарын онолоо” А. Смит 1776 онд бичсэн “Ард түмний баялгийн мөн чанар ба шалтгааны тухай судалгаа” гэдэг номондоо гаргажээ. Хөдөлмөрийн хуваарь гарсан нөхцөлд хувийн өмчтөнүүд зөвхөн ашиг олохын төлөө үйлдвэрлэл явуулдаг. Энэ ашиг олох гэсэн хувь хүмүүсийн үйл ажиллагааны нөхцөлд нийгмийн эд баялаг бий болно. Энэ ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн үйл ажиллагаа нь тэдний бодол санаанаас хамаарахгүй хуулиар зохицуулагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс зах зээлд эрэлттэй байгаа барааг аль болохоор ихээр үйлдвэрлэж ашиг олохыг бодож ажиллана. Тэгээд үйлдвэрлэж байсан бараа нь зах зээлд борлохоо байсан үед өөр эрэлттэй бараа үйлдвэрлэж эхлэнэ. Ингэж ямар бараа үйлдвэрлэхийг зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хууль аяндаа тохируулж өгдөг байна. Ингэж зах зээл өөрөө аяндаа зохицуулагдаж байдаг хуулийг А. Смит “Үл үзэгдэх гараар зохицуулагдаж байна“ гэж үзээд энэ хуулиа ”Үл үзэгдэх гарын хууль” гэж нэрлэжээ. Энэ онол дээрээ үндэслэн зах зээлийн эдийн засгийг аль болох чөлөөтэй байлгах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, зах зээлийн чөлөөт үнэд засаг төрийн зүгээс оролцохгүй чөлөөтэй байлгавал зохино. Тэгвэл зах зээл тэр “үл үзэгдэх гарын” хуулиар хэвийн байдлаараа хөгжинө гэж А. Смит үзсэн.

“Үл үзэгдэх гарын” онолын  дутагдалтай тал. Энэ онол үндсэндээ зөв. Нийгмийн аливаа үзэгдэл, түүний дотор эдийн засаг тэнцвэртэй хөгжих зүй тогтолтой. Энэ тэнцвэртэй хөгжих зүй тогтол зах зээлийн хуулиар аяндаа өөрөө зохицуулагдана. Зах зээлийн үед эдийн засгийн бүх асуудал зах зээлийн хууль буюу эрэлт, нийлүүлэлт, өрсөлдөөн, үнийн механизмаар зохицуулагдаж байдаг. Зөвхөн  А. Смитийн “Үл үзэгдэх гараар зохицуулагдана“ гэвэл: энэ зохицуулалт нь тэнцвэртэй байдал алдагдаж, хямарч байж шийдэгдэх учир хохиролтой. Яагаад гэвэл: зах зээлд үй олон үйлдвэрлэгч дуртай бараагаа үйлдвэрлэж борлуулж байдаг. Үүнээс болоод зах зээлд замбараагүй байдал бий болно. Тэгээд зах зээлд  үйлдвэрлэн нийлүүлж байгаа барааны хэмжээ зах зээлийн эрэлтээс хамаагүй  илүү гарч бараа борлохгүй болно. Үүнээс илүүдлийн хямрал гарч маш их барааг устгахад  хүрнэ, нийгмийн үйлдвэрлэл зогсоход хүрнэ. Нөгөө талаас зах зээлийн эрэлт нийлүүлэлтээсээ түрүүлж барааны хомсдол буюу хямрал гарна. Энэ мэтийн хямралын үр дүнд зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр хангагдаж  зах зээл хэвийн байдалдаа орно. Ийм учраас энэ мэтийн хямралаас зайлсхийх гол арга бол төрийн зохицуулалт юм. Орчин үеийн зах зээлд төрийн зохицуулалт зайлшгүй болжээ.

7. Кейнсизмийн онол


Кейнсийн онолын үүсэл. 1929 он хүртэл дэлхийн эдийн засаг үндсэндээ А. Смитийн “Үл үзэгдэх гараар зохицуулагдана“ гэсэн онолын дагуу явж ирсэн. Гэтэл 1929-1933 онд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн маш хүчтэй хямрал гарсан байна. Энэ нь “Үл үзэгдэх гараар зохицуулагдана“ гэсэн онолд хэт найдсаны үр уршиг гэсэн үзэл санаанууд гарахад хүргэжээ. Ийм үзлүүдээс хамгийн сайн нь Английн эдийн засагч М. Кейнсийн (1883-1946) онол байжээ.

Кейнсийн онолын гол санаа. Кейнс 1936 онд бичсэн “Ажил эрхлэлт, хүү, мөнгөний ерөнхий онол” гэдэг номондоо эдийн засгийн хямрал, ажилгүйдэл хоёрыг зах зээл өөрөө аяндаа үгүй хийж чадахгүй. Харин төрийн зохицуулалтаар эдийн засгийг үр өгөөжтэй хөгжүүлж болно гэж үзсэн байна. Кейнс энэ санаан дээрээ тулгуурлан “Сэтгэл зүйн үндсэн хууль” гэсэн санаа гаргаж иржээ. Энэ “Сэтгэл зүйн үндсэн хууль” гэдгийн гол санаа нь гэвэл хүмүүсийн сэтгэл санаанаас хэрэгцээ багасана. Ингэж хэрэгцээ багасахад эрэлт багасана. Эрэлт багассаны улмаас үйлдвэрлэл багасана. Үйлдвэрлэл багассаны улмаас ажилгүйдэл бий болно, хямрал үүснэ гэж үзжээ. Ажилгүйдлийг яаж багасгах вэ? гэвэл санхүү, мөнгөний бодлогыг ашиглан хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. Тэгвэл ажлын байр бий болж ажилгүйдэл багасана гэж үзсэн байна.  Бас мөнгөний хүүгээр эдийн засгийг төвхнүүлэн хөгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна.

1930-аад оны хямралыг Кейнсийн төрийн эдийн засгийн зохицуулалт гэдэг онолын хүчээр даван туулжээ. Кейнсийн онол бараг 50-иад жилийн турш эдийн засгийн сэтгэлгээнд ноёрхож, эдийн засгийн бодлогод хүчтэй нөлөөлж иржээ. Одоо энэ онол неокейнсизм (шинэ кейнсизм) гэсэн нэрээр үргэлжлэн хөгжиж байна.

8. Зах зээлийн тухай


Аав ээж хоёр чинь чамд гутал авч өгөхөөр “Аж үйлдвэрийн барааны зах” гэсэн хаягтай газар очжээ гэж бодъё. Тэр зах дээр барааны маш олон лангуу байна. Энд юу болж байгааг сайтар ажиглавал юм худалдан авахаар очсон хүмүүс бараа сонирхон шилэлт сонголт хийж, барааны үнийг асууж, худалдаа хийж байгаа хүмүүс өөр өөрийн барааг худалдах гэж миний бараа сайн, хямдхан гэж үнэн худал нь мэдэгдэхгүй, ам булаалдан ярьж байдаг шүү дээ. Зах гэж ийм газар байдаг. Энэ зах гэдэг газрын учир начирыг мэдэхийг бодъё.

Нэг хүн юм уу нэг айлын хэрэгцээ хязгааргүй их. Чи өөрөө, танай гэрийнхэн юу юу хэрэглэж байгааг тоолоод үзэл дээ. Тоо томшгүй олон янзын юм хэрэглэж байгаа биз дээ. Нийгмийн хөгжлийн дагуу хүний хэрэгцээ цаг ямагт өсөн нэмэгдэж иржээ. Хүн (айл) өөрийн хэрэгцээт бүх зүйлээ өөрөө хийгээд өөрийгөө хангаад байх бололцоо байхгүй. Жишээ нь, малчин хүн (айл) дан ганц мал аж ахуйн бүтээгдэхүүн, тариачин нь дан ганц газар тариалангийн бүтээгдэхүүн хэрэглээд байх бололцоо байхгүй. Малчинд тариа, будаа, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, тариачинд  мал аж ахуй, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэгтэй болох жишээтэй. Малчин хүн мал маллахын хамтад тариа, ногоо тариад, бөс даавуу нэхээд байж чадахгүй, чаддаг байлаа ч гэсэн ашиггүй байдаг. Ийм учраас өөрийн хөдөлмөрийн бүтээгдэхүүнээ (хийсэн юмаа) бусдын хөдөлмөрийн бүтээгдэхүүнээр (хийсэн юмаар) солих  шаардлага зүй ёсоор гарч солилцоо1,  тэр солилцоогоо хийдэг газар болох зах зээл бий болжээ. Тэгэхлээр өөрийн хэрэгцээнээс илүү зүйл хийж бусдад худалдах болсон тэр үеэс зах зээл үүссэн байна. Ингэж бусдад худалдахын тулд хийж байгаа зүйлийг таваар2 гэнэ. Таваар гэдэгт  бусдад зориулсан хүний үйл ажиллагааны бүх үр дүн орно. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс гадна үйлчилгээний үр дүн нь таваар болно. Жишээ нь, үс засаж байгаа хүний хөдөлмөр таваар юм. Тэгвэл мөнгөөр худалдаж авч болдог бүх зүйл таваар болж байна.

Ингэж бүтээгдэхүүнээ солилцоход харилцан ашигтай бөгөөд үнэ цэнэ нь тэнцүү байх зарчмыг баримтална. Солилцоог “Над хэрэгтэй юм өгөөд өөртөө хэрэгтэй юмаа надаас ав” гэсэн зарчмаар хийнэ. Одоо хүмүүс бүтээгдэхүүнээ дэлгүүр, барааны болон хүнсний зах, үсчин, засварын газар, гуанз мэтийн үйлчилгээний газар солилцож байна. Тэгвэл эдгээр газрыг зах зээл гэж ойлгож болох юм. Ийм газар буюу зах зээлд нэгд, юм худалдах гэсэн хүн (ийм хүнийг нийлүүлэгч гэнэ, энэ бол зах зээлд бараа нийлүүлж байгаа хүн юм), хоёрт, юм худалдан авах гэсэн хүн (ийм хүнийг хэрэглэгч гэнэ, энэ бол хэрэгтэй юмаа худалдан авах гэж байгаа хүн) очно. Бидний авсан жишээгээр, чиний ээж, аав, бас чи бол хэрэглэгч, тэр зах зээлд бараа оруулж ирж байгаа хүн буюу үйлдвэрийн газар нь нийлүүлэгч болж байна. Энэ хэрэглэгч нийлүүлэгч гэсэн  хоёр хүн бараа, үйлчилгээ, үйл ажиллагааныхаа үнэ, тоо хэмжээг тохиролцож солилцоо (худалдаа) хийнэ. Тэгвэл нийлүүлэгч, хэрэглэгч хоёр  бараа, үйлчилгээ, үйл ажиллагааныхаа үнэ, тоо хэмжээг тохиролцож солилцоо хийдэг эдийн засгийн зохион байгуулалтын хэлбэрийг зах зээл гэнэ.

Нийгмийн хөгжлийн орчин үеийн шатанд эдийн засгийг зах зээлийн харилцаагаар зохион байгуулах нь илүү оновчтой болохыг түүхийн хөгжил батлан харуулж өглөө. Эдийн засгийг зах зээлээр зохион байгуулах нь дараах давуу талтай үүнд: эдийн засгийн асуудлыг шийдэхэд нийгмээс бага зардал гарна, хэрэглэгч нийлүүлэгч хоёр зах зээлийн механизмаар өөр хоорондоо харилцаж эдийн засгийн үндсэн асуудлыг шийднэ. Зах зээлийн тогтолцоонд эдийн засгийн бүх асуудал зах зээлийн хууль буюу эрэлт, нийлүүлэлт, өрсөлдөөн3, үнэ4 бүрдэлтийн механизмаар зохицуулагдана.

Тайлбар: 1 Солилцоо гэдэг нь худалдаа, арилжаа гэдэгтэй нэг маягийн үг. 2 Монголоор таваар гэдгийг бараа, бас  бараа таваар гэж хэлж  байна. Уул нь эдийн засгийн хэллэгээр таваар гэх нь зөв. Энд таваар, бараа гэсэн хоёр ойлголт нэг маягийн ойлголт болно. 3 Үйлдвэрлэгч, борлуулагчид аль болохоор их ашиг олохын тулд хэрэглэгчдийн төлөө уралдахыг өрсөлдөөн гэнэ. 4 Ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ, чанарт тохирсон төлбөрийн хэмжээг үнэ гэнэ.

9. Зах зээлийн  төрөл хэлбэр


Зах зээлийг: 1. Худалдаж байгаа бараа буюу объектоор нь, 2. Оролцож байгаа субъектоор нь, 3. Харъяалал буюу байрлалаар нь тодорхой төрөл хэлбэр болгон ангилдаг.

 Нэгд, зах зээлийг худалдаж байгаа бараагаар нь хоёр үндсэн хэлбэрт хуваана. 1. Бараа худалдах, үйлчилгээ явуулах зах зээлийг  бүтээгдэхүүний зах зээл гэнэ. Бүтээгдэхүүний зах зээл дээр бараа худалдаж, үйлчилгээний ажил явуулдаг. 2. Хөдөлмөр, капитал зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлийг1 худалддаг зах зээлийг хүчин зүйлийн зах зээл гэдэг. Хүчин зүйлийн зах зээл дээр ажил хийх гэсэн хүн ажил олж авна. Үйлдвэр, аж ахуй эрхлэгчид ажиллах хүчин, түүхий эд материал, тоног төхөөрөмж  зэргийг олж  авна.

Зах зээлийг объектоор нь 1. Үйлдвэрлэлийн хэрэгслийн2, 2. Газрын, 3. Хэрэглээний зүйлийн, 4. Ажиллах хүчний3, 5. Үйлчилгээний, 6. Мөнгө үнэт цаасны, 7. Мэдээллийн, 8. Оюуны бүтээгдэхүүний зах зээл гэх мэтээр ангилна. Үйлдвэрлэлийн хэрэгслийн зах зээл гэвэл үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж худалдаж байхад мөнгө, үнэт цаасны зах зээл дээр хувьцаа худалдаж байх жишээтэй.

Хоёрт, зах зээлийг оролцож байгаа субъектоор нь Төгс өрсөлдөөний, Төгс бус өрсөлдөөний4 зах зээл гэж хоёр ангилна.

Гуравт, зах зээлийг харъяалал буюу байрлалаар нь 1. Орон нутгийн, 2. Бүс нутгийн, 3. Үндэсний, 4. Дэлхийн зах зээл гэж  ангилдаг. Жишээ нь, орон нутгийн зах зээл гэвэл тодорхой нэг газар нутгийг хамарсан байна. Жишээ  нь, Архангайн зах зээл. Бүс нутгийн зах зээл гэвэл: хэсэг газар нутгийг хамарсан байх жишээтэй. Жишээ нь говийн бүсийн зах зээл гэх мэт.

Тайлбар:1 Үйлдвэрлэлийн хүчин зүйл гэдэг нь үйлдвэрлэл явуулахад орж байгаа бүх зүйл юм. Ийм хүчин зүйл гэвэл: хөдөлмөр (хүн, ажилчин), капитал (гол нь мөнгөн хөрөнгө), газар (байгалийн баялаг) болно.

2 Үйдвэрлэлийн хэрэгсэл гэвэл үйлдвэрлэлийн процесст орж боловсруулагдах зүйл (түүхий эд), тэр зүйлийг боловсруулах багаж хэрэгсэл, машин техник гэх мэт. 3 Ажиллах хүчин гэдэг нь үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүс юм. Ажиллах хүчин, ажилчин, ажиллагсад, хөдөлмөрчид гэх мэт нь нэг маягийн ойлголт юм. 4 Төгс, Төгс бус өрсөлдөөний зах зээл гэдгийг “Өрсөлдөөн, түүний төрөл, хэлбэр” гэсэн гарчгаас үзнэ үү.

10. Эдийн засгийн тогтолцоо


Эдийн засгийн тогтолцооны тухай. 1917 онд Орос оронд Октябрийн хувьсгал ялахаас өмнө бүх улс орон Зах зээлийн эдийн засагтай байсан. Октябрийн хувьсгал ялснаар Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо гэсэн шинэ тогтолцоо бий болсон юм. 1920-иод оны дунд үеэс цэвэр зах зээлийн тогтолцоо1 гүн гүнзгий хямралд орсны улмаас эдийн засгийн гуравдахь тогтолцоо буюу Төрийн зохицуулалттай зах зээлийн тогтолцоо бий болсон. Ингэж эдийн засгийн гурван  тогтолцоо: Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо, Төрийн зохицуулалттай зах зээлийн тогтолцоо гарч ирсэн байна.

Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо. Зах зээлийн эдийн засаг нь хувийн өмчтэй нийгэмд байна. Хувийн өмчтэй нийгэмд эдийн засгийн бүх асуудлыг өмчийн эзэн өөрөө шийдэж удирдана. Эдийн засаг нь бүхэлдээ зах зээлийн хуулиар зохицуулагдана. Өөрөөр хэлбэл, юуг, ямар хэмжээгээр, яаж үйлдвэрлээд хаана яаж борлуулж хэрэглэхийг зах зээлийн байдал зааж өгнө. Ийм учраас зах зээлийн эдийн засаг гэнэ.

Өөрийн хувийн өмч дээрээ тулгуурлан үйлдвэрлэл явуулж байгаа хувь хүн, үйлдвэр, аж ахуйн газар аль болох их ашиг олохын төлөө ажилладаг. Ашиг их олохын тулд бүтээгдэхүүнээ аль болох хямд зардлаар, өөрөөр хэлбэл, зах зээлийн үнээс бага зардлаар үйлдвэрлэхийг эрхэмлэнэ. Ямар нэгэн барааг үйлдвэрлэх зардал нэмэгдээгүй байхад зах зээл дээр тэр барааны үнэ өсөж байвал тэр барааны хомсдол бий болж байгаа нь харагдана. Тэгэхэд тэр барааг үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Харин үнэ буурч байвал үйлдвэрлэлээ багасгах дохио болно. Ингэж зах зээлийн үнэ эдийн засгийг зохицуулж байдаг байна.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо нь социалист гэгдэж байсан орнууд, түүний дотор Монголд байсан. Эдгээр оронд улсын өмч, хоршооллын өмч гэсэн хоёр хэлбэрийн өмч байсан. Хувийн өмч гэж байгаагүй. Ийм учир эдийн засгийн бүх асуудлыг, тухайлбал, юуг, ямар хэмжээгээр, яаж үйлдвэрлэж, хаана борлуулж хэрэглэхийг төр төлөвлөн удирддаг байлаа. Эдийн засгийн бүх асуудлыг төр төвлөрүүлэн удирдаж, төлөвлөгөөгөөр зохицуулах учир төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж нэрлэх болжээ.     

Нийгмийн хөгжлийн орчин үеийн шатанд эдийн засгийг төрийн зохицуулалт бүхий зах зээлийн харилцаагаар зохион байгуулах нь илүү оновчтой болохыг түүхийн хөгжил батлан харуулж өгчээ. 

Төрийн зохицуулалттай зах зээлийн тогтолцоо. Орчин үед эдийн засгийн хөгжил зөвхөн зах зээлийн хууль буюу “үл үзэгдэх гараар“ бүрэн зохицуулагдах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, төр эдийн засагт зохицуулах үүрэг гүйцэтгэх болжээ. Эдийн засаг, нийгмийн бүх асуудлаа дан ганц зах зээлийн аргаар явуулдаг, төрийн оролцоо, зохицуулалтгүй улс орчин үед байхгүй. Орчин үеийн зах зээлийн улс гэдэг бол төрийн зохицуулалттай улс юм. Төрийн зохицуулалт гэдэг нь зах зээлийг орлох буюу зах зээлийн үйлчлэлийг захирахад биш, харин зах зээлийг дээд зэргээр бүрэн зөв ажиллуулах нөхцөлийг хангах, түүний хийж чадахгүй зарим зүйлийг нөхөж гүйцэтгэхэд оршино.

Тайлбар: 1 Цэвэр эдийн засгийн тогтолцоо гэж 1920-иод оны дунд үеэс өмнөх үеийн буюу дан ганц “үл үзэгдэх гараар” зохицуулагдаж байсан тогтолцоог хэлж байгаа юм.

11. Эрэлт, эрэлтийн хууль


Эрэлтийн тухай ойлголт. Хүн амьдрахын тулд хоол хүнс, хувцас, орон сууц зэргийн туйлын янз бүрийн юм хэрэглэнэ.  Хүний амьдралаас зайлшгүй урган гарч байгаа шаардлагыг хэрэгцээ гэнэ. Зах зээл гэсэн гарчигт бидний авсан жишээгээр, чиний гутал хуучирсан юм уу, элэгдсэн учир чамд гутал худалдан авах хэрэгцээ гарсан байна. Хэрэгцээг дотор нь анхдагч хэрэгцээ, хоёрдогч хэрэгцээ гэж хоёр хуваана. Анхдагч хэрэгцээ нь хүний амьдралын зайлшгүй шаардлагаас урган гарч байгаа хэрэгцээ юм. Жишээ нь, идэж уух, өмсөж зүүх хэрэгцээ. Хоёрдогч хэрэгцээ нь хүмүүсийн соёл, боловсрол, нийгмийн хөгжилтэй холбоотой хэрэгцээ юм. Телевиз, ном,  юм үзэх, суралцах зэрэг нь хоёрдогч хэрэгцээ юм. Хүн өөрт байгаа мөнгөөрөө эхлээд анхдагч хэрэгцээгээ хангаад дараа нь хоёрдогч хэрэгцээгээ хангах болно. Хүн хэрэгцээгээ хэрхэн хангах нь тэр хүний орлого (мөнгө)-ын хэмжээтэй холбоотой. Орлого (мөнгө) багатай хүн хэрэгцээгээ хязгаарлана. Орлого ихтэй хүн хэрэгцээгээ бүрэн хангана. Ингэхлээр, хүн хэрэгцээгээ хэрхэн хангах нь зах зээл дээрх таваарын үнэ, орлого хоёроос нь хамаарна. Өөрөөр хэлбэл, хүний хэрэгцээ нь зах зээлийн үнэ, орлого хоёроос нь хамаарч хязгаартай болдог байна. Дээрх жишээгээр, чиний ямар гутал авах нь танай гэрийн орлого буюу мөнгөний хэмжээтэй холбоотой. Хэрэв мөнгө бага бол ээж аав хоёр чинь чиний авах гэсэн гутлыг авч өгч чадахгүй, өөр, чиний дургүй гутлыг авч өгнө, чи түүнийг өмсөхөөс өөр арга байхгүй. Ингэхлээр, хэрэв чи дуртай, сайхан, үнэтэй гутал өмсөх гэвэл ном сайн сурч, ажилсаг болж яваандаа их цалин юм уу, орлоготой хүн болж чадвал дуртай гутлаа өмсөнө. Хэрэв тэгэхгүй бол дуртай гутлаа нэг насаараа ч өмсөж чадахгүй байж мэднэ. Зах зээлийн ёс (хууль) ийм. Тэгэхлээр, чиний ирээдүйд ямар гутал өмсөх, дураа хэр зэрэг хангаж амьдрах нь “Хүн болох нь багаасаа, Хүлэг болох нь унаганаасаа,” гэсэн Монгол ардын мэргэн сургаалаар болох юм байна. Юм сурсан, ажилсаг хүн, юм сураагүй, залхуу хүн хоёр яаж амьдарч байгааг, тэдний амьдрал “Газар, тэнгэр хоёр шиг” ялгаатай байгааг хараад сургамж авсан сурагч сайн хүн болж хүн шиг сайхан амьдрах болно. Зах зээлийн үнэ, хэрэглэгчийн орлогын хэмжээгээр хязгаарлагдан тогтож байгаа хэрэгцээ буюу хэрэглэгчийн худалдан авч чадах таваарын тоо, хэмжээг эрэлт гэнэ.

Эрэлтийн хууль. Энэ эрэлт гэдэг тодорхойлолтоос авч үзэхэд эрэлтийн их бага болох нь үнэ, хүмүүсийн орлого хоёртой холбоотой юм байна. Юмны үнэ их байвал түүнийг хүмүүс бага худалдан авна. Үнэ нь бага байвал ихээр худалдан авна. Ингэхлээр, үнэ өсвөл эрэлт буурна. Үнэ буурвал эрэлт нэмэгдэнэ. Үнэ эрэлт хоёр ийм урвуу хамааралтай байна. Үнэ эрэлт хоёрын энэ урвуу хамаарлыг эрэлтийн хууль гэнэ.

Эрэлтийн их бага болоход юу юу нөлөөлөх вэ? гэвэл: 1. Эрэлтэд худалдан авагчдын тоо нөлөөлнө. Худалдан авагчид олон байвал төдий хэмжээний барааг худалдан авах учир барааны үнэ  өсөж эрэлт багасна. 2. Эрэлтэд хэрэглэгчийн орлого нөлөөлнө. Хүмүүсийн орлого нэмэгдээд байвал бараа худалдан авах нь их болж эрэлт нэмэгдэнэ. Харин орлого буурвал бараа худалдан авах нь багасаж эрэлт буурна. 3. Эрэлтэд барааны үнэ нөлөөлнө. Барааны үнэ их байвал хүмүүсийн худалдан авах нь багасаж эрэлт буурна. Харин үнэ бага байвал хүмүүсийн худалдан авах нь ихсэж эрэлт нэмэгдэнэ. 4. Эрэлтэд уг барааг орлох барааны үнэ нөлөөлнө. Орлох бараа гэж  уг бараатай адил маягийн барааг хэлнэ. Жишээ нь, хонь, үхрийн мах хоёр нэг нэгээ орлох бараа юм. Үхрийн мах ховордвол хүмүүс оронд нь хонины мах авах болж хонины махны эрэлт нэмэгдэнэ. Үхрийн  махны үнэ нэмэгдвэл хүмүүс үхрийн махыг бага авна, харин хонины мах авах нь ихсэнэ. Ингэж үхрийн махны эрэлт багасаж , хонины махны эрэлт нэмэгдэх жишээтэй.

12. Нийлүүлэлт, нийлүүлэлтийн хууль


Нийлүүлэлтийн тухай ойлголт. Зах зээлийг худалдан авагчийн талаас авч үзэхэд эрэлт гэдэг ойлголт гарч ирдэг бол худалдагчийн талаас авч үзэхэд нийлүүлэлт гэсэн ойлголт гарч ирнэ. Зах зээлийн эрэлтийг судалсны үр дүнд зах зээлд нийлүүлэх (худалдах) таваарын тоо, хэмжээ тогтоогдоно. Үйлдвэрлэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүний тоо, хэмжээг нийлүүлэлт гэнэ.

Нийлүүлэлтийн хууль. Аливаа үйлдвэрлэгчийн гол зорилго бол аль болох их ашиг1 олох явдал байдаг. Ийм учраас зах зээлд их үнэтэй байгаа барааг  аль болох ихээр  үйлдвэрлэж худалдахыг бодно. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт нэмэгдэнэ. Харин зах зээлд үнэ буурвал нийлүүлэлт багасна. Ингэхлээр, зах зээлийн үнэ нийлүүлэлт хоёр хоорондоо шууд хамааралтай байна. Таваарын зах зээлийн үнэ, түүнийг үйлдвэрлэх тоо, хэмжээний энэ шууд хамаарлыг  нийлүүлэлтийн хууль гэнэ. Нийлүүлэлтэд тухайн бүтээгдэхүүний үнээс гадна өөр олон хүчин зүйл нөлөөлнө. Үүнд: түүхий эд, материал, машин техник, ажиллах хүчин зэргийн үнэ, үйлдвэрлэлийн технологийн өөрчлөлт, үйлдвэрлэгчийн тухайн үеийн зорилт, татвар зэрэг хүчин зүйл нийлүүлэлтэд нөлөөлнө.

 Тайлбар: 1 Ашиг гэдэг нь ямар нэгэн зардал гаргаад олсон орлого нь зарсан зардлаас их байвал тэр зардлаас  илүү  гарсан орлого нь ашиг болно.

13. Эрэлт, нийлүүлэлт хоёрын харилцан хамаарал


Эрэлт, нийлүүлэлт хоёр харилцан хамааралтай учир:

Нэгд, Эрэлт нийлүүлэлт хоёр тэнцэж  байсан үед зах зээл тогтвортой, эдийн засгийн  байдал зохистой байна1. Энэ үед зах зээлийн үнэ их бага болж хэлбэлзээд байхгүй тогтвортой байна. Ийм үнийг зах зээлийн тэнцвэрт үнэ гэдэг.

Хоёрт, Эрэлт нийлүүлэлтээс  их болбол нэгд, зах зээлд “хангагдаагүй эрэлт”2 үүснэ, таваарын хомсдол бий болно, хоёрт, барааны үнэ өснө. Ингээд эдийн засгийн хямрал үүснэ.

Гуравт, Эрэлт нийлүүлэлтээс бага болох буюу нийлүүлэлт эрэлтээс давсан үед “илүүдэл” бараа бий болж зах зээлд нэгд,  бараа элбэг болно,  үүнээс болоод бараа борлогдохгүй болж, тэр борлогдохгүй байгаа барааг устгах эдийн засгийн бодит хямрал бий болно. Хоёрт, барааны үнэ буурна.

      Тайлбар: 1 Зах зээл тогтвортой байна гэдэг нь зах зээлд бараа хомсдохгүй, бас илүүдэхгүй яг тэнцвэртэй байх, үүнээс болж барааны үнэ өсөхгүй, бас буурахгүй нэг янзаараа байхыг хэлнэ. Эдийн засгийн  байдал зохистой байна гэдэг бол зах зээл зүй ёсоороо ажиллаж, хямралгүй байхыг хэлнэ. 2 “Хангагдаагүй эрэлт” гэдэг нь зах зээлд барааны хомсдол бий болж хүмүүсийн эрэлт хангагдахгүй болсныг хэлнэ.

14.  Зах зээлийн үнэ

Үнийн тухай ойлголт. Ямар нэгэн зүйлийг худалдан авах гэж байгаа хүн юуны өмнө хоёр зүйлийг сонирхоно. Нэгд, авах гэж байгаа зүйлийнхээ чанар, үзэмж зэргийг сонирхоно. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө олж авах гэж хүсэж байсан хүсэлтэй нь нийцэж байгаа эсэхийг  шалгана. Хоёрт, өөрийнхөө мөнгөний боломж, бас үзэж байгаа зүйл нь чанартайгаа тохирсон үнэтэй эсэхийг мэдэхийн тулд үнийг асууна. Жишээлбэл, чамд гутал авч өгөхөөр зах дээр очсон ээж аав хоёр чинь гутлын тасаг юм уу лангуугаар явж чамд таарах хэмжээний гутлын чанар, хийц, үзэмж, үнийг сонирхоод худалдаж авах эсэхээ шийднэ. Тэгээд уул зүйлийн чанар, үзэмж, үнэ зэрэг нь сэтгэлд нь нийцэж байвал сая худалдан авна. Ингэхлээр, худалдаа хийхэд үнэ гэдэг юм эцсийн эцэст шийдвэрлэх үүрэгтэй юм байна. Тэгвэл үнэ гэж юу вэ? Ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ, чанарт тохирсон төлбөрийн хэмжээг1 үнэ гэнэ. Жишээ нь, 1 кг алимны үнэ 600-900 төгрөг, 1 кг хонины махны үнэ 2000-2500 төгрөг байна. Чанартай мах 2500 төгрөг байхад чанар муутай нь 2000 төгрөг байх жишээтэй.

Зах зэлийн үнэ. Зах зээл дээр үнэ эрэлт, нийлүүлэлт хоёроос хамаарч тогтоно. Зах зээл дээр эрэлт, нийлүүлэлт хоёр тэнцэж байсан үед зах зээлийн жинхэнэ үнэ тогтоно.  Тэгэхлээр, ямар нэгэн зүйлийг худалдахад илэрдэг эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг тодорхойлох мөнгөн үнэлэмжийг зах зээлийн үнэ гэнэ. Зах зээл дээр эрэлт нийлүлэлт хоёр зарим  үед тэнцвэртэй байдаг, заримдаа тэнцвэр алдагдаж өөрчлөгдөж байдаг. Зах зээл дээр эрэлт, нийлүүлэлт хоёр тэнцэж байсан үед тогтсон үнийг зах зээлийн тэнцвэрт үнэ гэнэ. Зах зээл дээр эрэлт, нийлүүлэлт хоёрын тэнцвэр үргэлж алдагдаж эргэж тогтож байдаг зүй тогтолтой. Жишээ нь, манай улсад хавар мах ховордох учир махны үнэ нэмэгдэж байдаг, хавар хүнсний ногоо их үнэтэй байхад намар ногоо элбэг болсон үед үнэ нь буурч байдаг шүү дээ. Эрэлт нийлүүлэлтээс  их болбол  таваарын хомсдол бий болж үнэ өснө. Харин эрэлт нийлүүлэлтээс бага болох буюу нийлүүлэлт эрэлтээс давсан үед “илүүдэл” бараа бий болж  барааны үнэ буурна.

Үнийн төрөл. Үнэ бүтцийн хувьд зарцуулсан зардал, тодорхой хэмжээний ашиг хоёроос бүрдэнэ. Хүн юм үйлдвэрлэх гэж үйлдвэрлэл явуулахгүй. Юуны өмнө ашиг олох гэж үйлдвэрлэл явуулдаг. Ийм учраас үйлдвэрлэл явуулахад зарцуулсан зардал дээр өөрийнхөө олох гэсэн ашгаа нэмнэ. Ингэж зардал ашиг хоёр нийлээд үнэ болдог байна. Жишээ нь, нэг бараа үйлдвэрлэхэд 10000 төгрөгийн зардал гарсан бөгөөд үйлдвэрлэгчийн олох гэсэн ашиг нь 5 000 төгрөг байсан гэвэл уул барааны үнэ 15 000 төгрөг болно.

Үнийг дотор нь бөөний үнэ, жижиглэнгийн үнэ гэж хуваана. Бөөний үнэ гэдэг нь тухайн зүйлийг үйлдвэрлэсэн зардал, ашиг хоёрын нийлбэр юм. Үйлдвэрлэл явуулсан хүн буюу үйлдвэр өөрөө өөрийн бүтээгдэхүүнээ борлуулаад байж болохгүй. Бусдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаад ашиг олох гэсэн худалдааны байгууллага байдаг. Энэ худалдааны байгууллага нь бусдын бүтээгдэхүүнийг бөөний үнээр аваад өөрийн байгууллагын зардал, ашиг хоёрыг нэмээд худалдана. Ингэж  бөөний  үнэ дээр худалдааны байгууллагын зардал, ашиг хоёрыг нэмснийг жижиглэнгийн үнэ гэнэ. Ингэхлээр, бөөний үнэ жижиглэнгийн үнээс бага байна. Жижиглэнгийн үнэ бөөний  үнээс их байдгийн учир гэвэл: худалдааны байгууллага барааг бөөний үнээр аваад өөрийн байгууллагын  зардал, ашиг хоёрыг нэмдгээс  болдог байна. Дээр дурдсан 15 000 төгрөгийн барааны үнэ 15 000 төгрөг бол тэр барааны бөөний үнэ. Энэ барааг худалдааны байгууллага бөөний үнэ 15 000 төгрөгөөр аваад 25 000 төгрөгөөр худалдсан гэж бодвол худалдааны байгууллагын зардал, ашиг хоёр 10 000 төгрөг, тэр барааны жижиглэнгийн үнэ 25 000 төгрөг болж байна. 

Үнийн гүйцэтгэх үүрэг. Үнэ гурван гол үүрэг гүйцэтгэнэ үүнд: 1. Үйлдвэрлэлийг идэвхжүүлэх хөшүүрэг болно. Үнэ зардлаасаа их байдаг, үйлдвэрлэгчид ашиг олох гэж үйлдвэрлэл явуулдаг. Иймийн учир үйдвэрлэгчид зах зээл дээр аль болох их үнэтэй, гүйлгээтэй байгаа барааг ихээр үйлдвэрлэнэ. Ингэж гүйлгээтэй, үнэтэй барааг ихээр үйлдвэрлэх гэж үйлдвэрийн үйл ажиллагаа идэвхтэй болно. 2. Үнэ нь хязгаардмал нөөцийг хуваарилах хэрэгсэл болно. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид худалдан авах чадлынхаа хэрээр бүтээгдэхүүн авах учир үнэ нь хэнд ямар хэмжээний бүтээгдэхүүн ногдохыг тогтоож өгнө. Ийм байдлаар зах зээлийн үнэ ямар барааг ямар хэмжээгээр үйлдвэрлэхийг тогтоож өгнө. 3. Үнэ нь хэрэгцээт газар нь нөөцийг шилжүүлж өгөх дохио болно. Үйлдвэрлэгч их үнэтэй зүйлийг үйлдвэрлэж их ашиг олох сонирхолтой байх учир үнийн өөрчлөлтөөс болоод нөөц баялаг нэг үйлдвэрлэлээс нөгөө үйлдвэрлэлд шилжиж байдаг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэж байсан бараа нь зах зээл дээр гүйхгүй болох буюу үнэ нь буурсан үед үйлдвэр тэр бараагаа үйлдвэрлэхээ болих буюу багасгаад их үнэтэй байгаа бараа үйлдвэрлэж эхлэнэ.
Тайлбар: 1 төлбөрийн хэмжээ гэдэг нь төлөх мөнгөний хэмжээ гэсэн үг.

15. Өрсөлдөөн, түүний төрөл хэлбэр


Өрсөлдөөний тухай ойлголт. Нийгмийг, ялангуяа зах зээлийг өрсөлдөөнгүйгээр ойлгож болохгүй. Жишээ нь, багш юм асуухад сурагчид “Би, би, багшаа” гэж гараа гозгонуулан хашгирах нь бусдаас өрсөж дүн олж авах гэсэн нэг ёсны өрсөлдөөн юм. Сурагч хүн ингэж дүн авахын төлөө өрсөлдөх нь чухал биш. Харин бусадтай өрсөлдөж, бусдаас илүү мэдлэг, чадвартай болохыг эрхэмлэх ёстой. Яагаад гэвэл том болсон үедээ зах зээлийн нөхцөлд амьдрана, одоогийнх шиг аав, ээжийн хүчээр биш, харин өөрийн хүчээр амьдрах  болно. Тэр үед ямар ажил хийж, ямар цалин хөлс авч, ямар шуу амьдрах нь одоо хэр зэрэг мэдлэг, чадвартай болсноос хамаарна. Хэр зэрэг мэдлэг, чадвартай болж байгаагаа ангийнхаа бусад сурагчтай өөрийгөө харьцуулж байж сая мэднэ. Өөрөөр хэлбэл, энэ сурагчийн бодсон тоог би бодож чадах уу, англи хэлний хувьд би энэ сурагчаас дутуу юу, илүү юу гэх мэтээр өөрийгөө тэргүүний сайн сурагчтай үргэлж жишиж, анги дотроо, сургууль дотроо хаана яваагаа мэдэж “Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэж” суралцах учиртай. Бусдаас дутуугүй, харин илүү гарч сурах гэсэн чармайлт бол өрсөлдөөн юм. Зах зээлийн үеийн хүн өрсөлдөн сурч, өрсөлдөн ажиллаж, өрсөлдөн амьдрах учиртай.

 Зах дээр очиход “Минийхийг ав. Надаас ав. Минийх сайн” гэж өөрийн юмаа бусдаас түрүүлж худалдах гэж гуйж гувших, хашгиран уриалах нь өрсөлдөөн мөнөөс мөн.

Зах зээлийн механизмын нэг зайлшгүй бөгөөд чухал хүчин зүйл нь энэ өрсөлдөөн юм. Зах зээлд оролцогч нэг бүрийн зорилго бол аль болохоор ашиг олох, тэгэхлээр аж ахуйн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, үйлдвэрлэл, борлуулалтын ашигтай нөхцөл олж авах явдал байдаг. Үүнээс болоод өөр хоорондоо өрсөлдөх болно. Жишээ нь, ямар нэг таваарын нийлүүлэлт эрэлтээс их гарсан байвал борлуулагч нарын өөр хоорондын өрсөлдөөн хүчтэй болно. Борлуулагчид өөрийн таваараа борлуулахын тулд үнээ буулгахад ч хүрнэ. Хэрэв эрэлт нийлүүлэлтээс их байвал худалдан авагчид бие биеэсээ илүү үнэ хаяж үнэ өснө. Энэ нь яваандаа нийлүүлэлтийг их болгоход хүргэнэ. Үйлдвэрлэгч, борлуулагчид аль болохоор их ашиг олохын тулд хэрэглэгчдийн төлөө уралдахыг өрсөлдөөн гэнэ.   

Өрсөлдөөний хэлбэр. Өрсөлдөөний хэлбэр нь зах зээлийн бүтцээс1 хамаарна. Зах зээлийн  бүтцийн талаас нь өрсөлдөөнийг төгс өрсөлдөөний зах зээл, төгс бус өрсөлдөөний зах зээл гэж ерөнхийд нь хоёр хуваана. Төгс өрсөлдөөн гэдэг нь өрсөлдөөн бүрэн, чөлөөтэй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, борлуулагч нэг бүр бусдаас хамаарахгүй чөлөөтэй байж, бусадтай өрсөлдөн бараагаа борлуулж байгаа зах зээл юм. Төгс бус гэдэг нь өрсөлдөөн зарим нэг борлуулагчаас хамаардаг, олон борлуулагч дотроос цөөн борлуулагч нь өөр хоорондоо өрсөлдөж олонх нь тэдний өрсөлдөөний үр дүнд тогтсон үнээр бараагаа борлуулах болдог зах зээл юм.

Төгс (чөлөөт) өрсөлдөөний зах зээл гэдэг бол ялгаваргүй2 барааг олон борлуулагч өрсөлдөн худалдаж байгаа зах зээл юм. Ийм зах зээл олон борлуулагч, худалдан авагчтай учир аль нэг барааны эрэлт, нийлүүлэлт, үнийг ямар нэгэн борлуулагч буюу худалдан авагч тогтоож чадахгүй. Барааны үнэ эрэлт, нийлүүлэлтийн харьцаагаар тогтоно. Ийм зах зээлд хэн бараагаа оруулж ирж худалдах (зах зээлд орж, гарах) нь бүрэн чөлөөтэй.

Төгс бус өрсөлдөөний зах зээл гэдэг бол цөөн тооны том борлуулагч (пүүс) өрсөлддөг зах зээл юм. Төгс бус өрсөлдөөний зах зээлийг дотор нь төгс монопольт3 зах зээл, олигополь4 зах зээл, монопольт өрсөлдөөний зах зээл гэж ангилна. Нэг барааг нэг том үйлдвэрлэгч борлуулж барааны үнийг бүрэн тогтоож байгаа зах зээлийг төгс монопольт зах зээл гэнэ. Ялгавартай болон ялгаваргүй нэг барааг харьцангуй цөөн тооны монополь өрсөлдөн борлуулж байгаа зах зээлийг олигополь зах зээл гэнэ. Тухайн төрлийн барааг харьцангуй олон тооны томоохон нийлүүлэгч зах зээлд борлуулдаг бол монопольт өрсөлдөөний зах зээл гэнэ. Монопольт зах зээл дээр монополь үнэ тогтоно. Монопольт зах зээлд дуртай борлуулагч (пүүс) орох бололцоо үнэндээ байхгүй. Харин олигополь зах зээлд шинэ борлуулагч  орж ирэх нь төвөгтэй байх боловч орж ирж болдог.

Зах зээл төгс өрсөлдөөний буюу шударга өрсөлдөөний шинжтэй байвал зах зээл хэвийн ажиллаж барааны үнэ зах зээлийн хууль буюу хэвийн ёсоор тогтоно. Үйлдвэрлэгчид жинхэнэ шударга ёсоор өрсөлдөж үйл ажиллагаа нь сайжирч байна. Гэтэл манай улсын хувьд зах зээл жижиг (хүн ам цөөн, хөгжил муу) учир төгс бус буюу монопольт өрсөлдөөн ноёрхох аюул ихтэй. Жишээ нь, Монголын цахилгаан холбоо компани утсан болон цахилгаан холбоонд дангаар ноёрхох боломж бий. Тэгээд 2006 онд утсан холбооны үнээ зүй бусаар нэмсэн. Гар утасны компани, бензин шатахууны компани, автобус компани зэрэг нь гарын таван хуруунд багтахаар цөөн тоотой, гол төлөв нэг хотод байрладаг болохоор холбоо барьж тохиролцоод монополь ноёрхол, ялангуяа монополь үнэ тогтоох боломжтой. Тэгээд 2005 онд Улаанбаатар хотын автобус компаниуд зорчигч тээврийн үнээ, 2006 онд нефть компаниуд шатахууны үнээ үндэслэлгүй огцом нэмж байсан. Улаанбаатар хотын захуудад махны үнэ  өсөөд буухгүй байгаа нь хэдхэн (хорин хэдэн)тооны махны ченжүүдийн хуйвалдаан буюу монополь ёс тогтсоноос болж байгаа.

Зах зээлийн үед монополийн ноёрхол тогтох нь монополиуд үйл ажиллагаагаа сайжруулж хөгжихгүй болох, монополь үнэ тогтоож зүй бусаар баяжих, олон түмэн хохирох, зах зээлийн хэвийн байдал алдагдах мэтийн олон муу талтай. Иймийн учир монополь ноёрхлыг хязгаарлахын тулд монополийн эсрэг хууль гаргах хэрэгтэй болдог байна. Манай улсад ч монополийн ноёрхлыг хязгаарлах хууль байгаа боловч тэр нь хангалтгүй хэрэгжиж  байгаа.

 Тайлбар: 1  Зах  зээлийн  бүтэц  гэдэг нь зах зээлд бараагаа борлуулж байгаа борлуулагчдын байдлыг хэлнэ.
 2 Ялгаваргүй бараа гэдэг нь мах, гурил, чулуун нүүрс мэтийн нэг төрлийн  бараа, харин ялгавартай бараа гэвэл: тамхи, саван мэтийн дотроо чанарын ялгаатай, олон төрөл болж хуваагддаг бараа юм. 3 Монополь гэдэг нь грек  хэлний mono-нэг, polis-худалдагч, борлуулагч гэсэн утгатай үгнээс үүссэн. Монголчууд монополь гэдгийг гол төлөв онцгой эрх, ноёрхол гэсэн утгаар ойлгодог юм. 4 Олигополь гэдэг нь oligo-цөөн, polis-худалдагч, борлуулагч гэсэн утгатай.

16. Мөнгө, түүний үүрэг

 Мөнгө гэдэг ойлголт. Дэлгүүр, гуанз, үсчин, хүнсний зах, барааны зах гэх мэтийн худалдаа хийдэг, үйлчилгээ явуулдаг газар ороод үнэ асуухад дандаа төдөн төгрөг гэж  мөнгөөр тооцоолж хэлдэг. Үүнээс үзэхэд юмны үнэ  мөнгөөр илэрхийлэгддэг юм байна гэсэн санаа төрж байгаа биз. Ингэхлээр, мөнгө гэдэг нь юмны үнийг илэрхийлдэг зүйл байх нь. Мөнгө гэдэг бол бусад бүх таваарыг худалдан авч болдог онцгой таваар юм. Ингэхлээр, мөнгө гэдэг нь өөрөө таваар болдог мөртөө бусад бүх таваарыг худалдан авахад хэрэглэгддэг зүйл юм.

 Мөнгөний хэлбэр. Мөнгө нь таваарын үйлдвэрлэл үүсэж хөгжих явцад үүсэж, хөгжиж иржээ. Яагаад гэвэл: таваарыг өөр таваараар солиход (өөрөөр хэлбэл, худалдахад) тэр хоёрын өртөг1 буюу үнийг тэнцүүлэх шаардлага гарсан. Ингэж бусад бүх таваарын өртгийг илэрхийлж чадах онцгой таваар шаардагдсан байна. Ийм таваар нь мөнгө болжээ. Мөнгөний үүргийг эхний үед хонь, давс, тариа, сүх мэтийн таваар гүйцэтгэж байжээ. Жишээ нь, нэг хонь 40 кг тариа, эсвэл 20 метр даавуу, эсвэл хоёр сүхний өртгийг илэрхийлж байсан. Хожим мөнгөний үүргийг  алт, мөнгө хоёр гүйцэтгэж байжээ. Яваандаа алтыг цаасан мөнгөөр орлуулах болж цаасан мөнгө үүссэн. Энэ цаасан мөнгөний цаана алт, бараа мэтийн баталгаа байж байдаг.

 Мөнгөний үүрэг. Мөнгөний мөн чанар нь түүний гүйцэтгэх үүргээр илрэнэ. Хөгжсөн таваарын үйлдвэрлэлийн үед мөнгө дараах үүргийг гүйцэтгэнэ үүнд:

      1. Мөнгө өртгийн хэмжүүрийн үүрэг гүйцэтгэнэ. Мөнгөөр илэрхийлэгдсэн таваарын өртгийг үнэ гэнэ. Энэ үед мөнгө заавал бэлэн байх албагүй. Өөрөөр хэлбэл, 1000 төгрөгийн үнэтэй ном байна гэхэд номын үнэ 1000 төгрөг гэж бичсэн байх буюу үнийг нь асуусан бол худалдагч 1000 төгрөг гэж хэлэхээс биш, 1000 төгрөг харуулах буюу 1000 төгрөг өг гэж хэлдэггүй шүү дээ.

2. Таваарын үнийг тогтоосны дараа түүнийг мөнгөөр худалдана. Ингэхлээр, мөнгө гүйлгээний хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. Энэ үед мөнгө заавал бэлнээр байж  нэг хүнээс (худалдан авагчаас) нөгөө хүнд (худалдагчид) шилжиж байна. Ингэж мөнгө таваарыг солилцоход зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ.

 Мөнгөний энэ хоёр үндсэн үүрэг хэрэгжих явцад мөнгө нэмэгдэл чанарын хоёр үүрэг бас гүйцэтгэнэ үүнд:

 1. Мөнгө хурамтлалын хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. Мөнгийг хадгалан хуримтлуулж болно. Жишээ нь, 100 000 төгрөгийг боогоод авдартаа хийж байгаа нь мөнгө хадгалж байгаа хэрэг. Мөнгө хадгалан хурамтлуулж байх үед мөнгөний ханш2 унах, үрэгдэх аюултай байдаг. Жишээ нь, “Хүргэн хүү” гэдэг кинонд Жамц өвгөн 20 шараа зараад авдартаа хийсэн мөнгийг нь хулгана идчихсэн байдаг. Ийм болохоор мөнгийг хурамтлуулахдаа цаасан мөнгөөр биш, гол төлөв үнэт металл, эрднэсийн байдлаар хадгална.

 2. Зарим үед  таваарыг  зээлээр  худалдан аваад  хожим үнийг нь төлж болно.  Энэ үед  мөнгө төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. Жишээлбэл, тариа тарьж байгаа хүн трактор, комбайн мэтийн техникийг зээлээр аваад намар тариагаа хурааж борлуулсан мөнгөнөөсөө үнийг төлдөг байна.

Гүйлгээнд байх мөнгөний хэмжээ. Таваарын өртгийг мөнгөөр илэрхийлснийг үнэ гэдэг. Тэгэхлээр, гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ нь гүйлгээнд байгаа бүх таваарын үнэтэй тэнцүү байх ёстой. Гэтэл гүйлгээнд байгаа нэг ширхэг мөнгө жилд хэд хэдэн удаа эргэж гүйнэ. Өөрөөр хэлбэл, банкнаас цалин, тэтгэвэр, тэтгэмж зэргээр хүний гарт орж ирсэн мөнгө таваар, үйлчилгээний үнээр солигдож дахин банканд очих нь мөнгөний нэг удаагийн эргэлт болох жишээтэй. Үүнийг томъёогоор харуулбал: MV=PQ болно. M-мөнгөний тоо. V-гүйлгээнд байгаа мөнгөний эргэлтийн тоо. P-нэгж таваарын үнэ. Q-гүйлгээнд байгаа бүх таваарын тоо. Энэ томъёоноос гүйлгээнд байх мөнгөний хэмжээ (M)-г олбол: M=(P.O):V болно. Үүнээс үзэхэд гүйлгээнд байх мөнгөний хэмжээ нь гүйлгээнд байгаа бүх таваарын үнийг гүйлгээнд байгаа бүх таваарын тоогоор үржүүлээд мөнгөний эргэлтийн тоонд хуваасантай тэнцүү байна.  

Зах зээлийн үед бүх юмыг мөнгөөр худалдан авдаг болохоор мөнгө, өөрөөр хэлбэл, төгрөгний хэмжээ хүний хөрөнгө чинээ, амьдралын түвшин, хүний мэдлэг, чадварын хэмжээ, нийгэмд эзлэх байр суурь гэх мэтийн  хүний бүх байдлыг тольдон харуулж байдаг. Зах зээлийн үед хүний амьдрал юун дээр тогтох вэ? гэсэн асуултад хүмүүс янз бүрээр хариулах нь бий. Хүний амьдрал мөнгөн дээр тогтдог гэж хэлэхэд нэг их хэтрүүлэл болохгүй биз ээ. Энэ мөнгө гэдэг юмыг яаж олох вэ? гэвэл ажил хийж байж олно. Их ажил хийвэл их мөнгө олно, бага ажил хийвэл бага мөнгө олно. Ямар ажил хийх, их бага ажиллах нь гол нь хүүхэд ахуй цагаасаа сурсан эрдэм, чадвар, залхуурахгүй ажиллаж сурсан эсэхээс хамаарна. 

 Зах зээлийн үеийн амьдрах ухаантай болно гэдгийг тун явцуу утгаар ойлговол юуны өмнө  мөнгө олох ухаантай болно гэсэн үг гэж товчоор ойлгож болно. Тэгэхдээ мөнгийг шударгаар, ажил хийж олох, олсноо ариг гамтай ашиглаж сурах  нь хүний ёс гэдгийг өчүүхэн төдий мартаж болохгүй. Ажил хийхгүй, биеийн амрыг харж мөнгө олох гэснээс болоод хулгайч, дээрэмчин, хууран мэхлэгч, биеэ үнэлэгч мэтийн ёс бусаар мөнгө ологч болдог. Бас ийм аргаар мөнгө ологчид мөнгийг хамаагүй, гамгүй зарцуулдаг. Ажил хийж, хөлс хүчээ шавхаж байж мөнгө олсон хүн мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг, мөнгийг ариг гамтай зарцуулдаг юм гэсэн. Бусдын хүчээр, ажил хийхгүй амьдарч мөнгөний үнэ цэнийг мэддэггүй байсан нэг хүн өөрөө ажил хийгээд олж ирсэн ганцхан зоосыг нь гал руу хаяхад нүцгэн гараараа гал дотроос шүүрэн авч байсан юм гэсэн.

 Хүний ёсноос гадуур мөнгө олохыг монгол хүн ихэд дургүйцдэг. Тэгээд “Мөнгө цагаан, нүд улаан”, “Мөнгө харсан үедээ нүдээ ухаад өгөхөөсөө буцахгүй этгээд”, “Алт бол оройгүй жаргалд хүргэдэг, ёроолгүй тамд унагадаг” гэх мэтийн  хэллэг гарсан. Ажил хийж мөнгө олдоггүй мөртөө баар цэнгээний газар сууж “жаргалын дээдийг эдлэгчид” бол  хүн биш, “хүн хувалз”, бусдыг, улсынхаа хүч хөлсийг сорогчид кинонд гардгаар бол “цус сорогчид” юм. Тэдний хар гайгаас болоод манай хүмүсийн амьдрал дорвитой сайжрахгүй, улс түргэн хөгжихгүй байгаа юм. Шимэгч тээж явдаг хүн, хачиг, гууранд баригдсан мал, амьтан таргалдаггүйтэй зүйрлэн үзнэ үү? 

 Мөнгө гэдэг нь амьдралын зөвхөн эдийн засгийн тал нь. Амьдрал маш олон талтай, энэ олон талд суралцах буюу амьдралын ухаантай болно гэдэг нь хүн шиг хүн болж байгаагийн нэг илрэл. Тун наад зах нь амьдрал гэдэг нь биеэ дааж, өөрийн хүчээр бүх юмаа  хийхийг хэлнэ.  Ийм болохоор сурагч хүн юуны өмнө биеэ дааж сурах ёстой. Биеэ дааж сурна гэдэг нь хүнээр хэлүүлэхгүйгээр бүх юмаа хийж сурахыг хэлнэ. Тун энгийн нэг жишээгээр хэлбэл, аав, ээжээрээ дуудуулахгүй босож байх, хүнээр шаардуулахгүйгээр хичээлээ хийж байх.

     Тайлбар: 1 Таваарын өртөг, үнэ гэсэн хоёр ойлголт үндсэндээ  нэг маягийн ойлголт юм. 2 Мөнгөний худалдан авах чадварыг  мөнгөний ханш гэнэ.                             

17. Ашиг

 Ашгийн тухай ойлголт. Ашиг гэдэг бол зах зээлийн эдийн засгийн нэг чухал ойлголт юм. Аль болох их ашиг олох нь аливаа аж ахуйн нэгжийн үндсэн зорилго байдаг. Ашиг гэдэг нь нийт орлого, нийт зардал хоёрын хоорондын зөрүү юм. Өөрөөр хэлбэл, юм хийгээд зарцуулсан зардал нь олсон орлогоос нь  бага байсан нөхцөлд зардлаас илүү гарсан орлогын тэр хэсэг нь ашиг болно. Жишээ нь, 100 малгай хийж нэг бүрийг 15 000 төгрөгөөр худалдсан гэвэл нийт орлого 1 500 000 төгрөг. Энэ 100 малгайг  хийхэд   зарцуулсан  нийт зардал  1 000 000 төгрөг байсан бол ашиг нь  500 000 төгрөг болно.

 Ингэхлээр, ашиг гэдэг бол үйлдвэрлэлийн хүчин зүйл болох хөдөлмөр, газар, капитал, аж ахуй эрхлэх чадвар зэрэг хүчин зүйлийг ашигласнаас олж байгаа орлого мөн. Ингэж үзвэл ашгийн хэмжээнд үйлдвэрлэл эрхлэх чадвар их нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл буюу эдийн засгийн үйл ажиллагаа явуулж буй хүний мэдлэг, авьяас, чадвар, санаачлага чухал үүрэгтэй. Эдийн засгийн үйл ажиллагаа явуулж буй хүний мэдлэг, авьяас, чадвар, санаачлага гэдэг нь хөдөлмөр, капитал, газар гурвыг зөв хосолж үйлдвэрлэл явуулах чадвар юм. Өөрөөр хэлбэл, дээрх 100 малгай хийхэд хэдэн ажилчин, хэдэн машин, ямар хэмжээний, ямар ямар материал авах, малгайгаа яаж хийх, хаана хэрхэн борлуулах зэргийг зөв шийдэх ухаан юм. Жишээ нь, 2 ажилчин авах байхад 1 юм уу, 3 ажилчин авах, эсвэл 2 машин авах ёстой байхад 3 машин авсан бол ашигтай ажиллаж чадахгүй.

 Ашгийн эдийн засгийн ач холбогдол. Аль болох их ашиг олох гэвэл: зардлаа багасгах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах, өрсөлдөөнд ялагдахгүй байх, зах зээлд байраа бэхжүүлэх хэрэгтэй, ингэж чадвал ашиг нэмэгдэнэ. Ингэхлээр, ашгийн хойноос хөөцөлдөх нь эдийн засгийг хөгжүүлэх нэг чухал хүчин зүйл болно. 

 Хүний аливаа үйл ажиллагааны гол зорилго бол ашиг олох, өөрөөр хэлбэл, ашигтай ажиллах явдал байдаг. Монгол хэллэгээр бол “Суусан газраасаа шороо атгаж босож байх”. Зарим хичээл хийх (хичээл давтах) дургүй сурагч ээж, аавын шахалтаар хичээл давтаж байгаа дүр үзүүлээд дотроо “телевиз үзээд”, эсвэл  зүүрмэглээд “унтаж ч байгаа юм шиг, хичээл давтаж байгаа ч юм  шиг” харагдана. Өнөө үед хичээл давтах болохоор нойр нь хүрдэг, эвшээгээд эхэлдэг, телевиз үзэх болохоор нойр нь сэргэдэг хачин сурагч мэр сэр харагддаг.  Тэгвэл сурагч хүний гол зорилго бол ашигтай мэдлэгийг аль болох ихээр олж авах зорилго байх ёстой. Юм мэдэж авахын төлөө цаг ямагт чармайн сурч байгаа сурагч жинхэнэ сурагч, ийм сурагч их юм сураад тэр хэмжээгээрээ сайн хүн болж сайхан амьдарч байхад, юм олигтой сураагүй нь олигтой хүн болж олигтой амьдарч чадахгүй байх жишээтэй. 

18.  Ажил эрхлэлт

 Хөдөлмөрийн тухай ойлголт. Хүний хэрэгцээт зүйл, тухайлбал, хоол, хувцас, орон сууц байгаль дээр бэлэн байдаггүй. Ийм болохоор хүний амьдралын үйл ажиллагаа эдгээр хэрэгцээт зүйлээ бий болгохоос эхлэнэ. Энэ хэрэгцээт зүйлээ  хөдөлмөрийн хүчээр бий болгоно. Хөдөлмөр гэдэг нь өөрийн хэрэгцээт зүйлээ бий болгоход хүний зарцуулж байгаа биеийн болон оюуны хүч юм. Ингэхлээр, хөдөлмөр хүнээс биеийн хүч, оюуны хүч гэсэн хоёр хүчийг шаарддаг байна. Дээр үед хөдөлмөр буюу үйлдвэрлэл хүнээс гол нь биеийн хүчийг шаарддаг байсан байна. Тэр дээр үед Францын Парис хотын гудамжаар мангар том бахь барьсан булиа эр “Шүд авахуулах хүн байна уу?” гэж хашгиран явдаг байсан юм гэсэн. Тэгэхэд одоо шүдийг турхан эмэгтэй эмч тун төвөггүй авдаг болсон байна Бас манай “Нийслэл хүү” кинонд Даншиг өвгөний дээр нь цохиод ажиллуулж байгаад цохиод цохиод ажиллуулж чадахгүй болсон “Эх орон...” хүлээн авагчийг нийслэл хүү нүд ирмэхийн зуур засаж орхисон. Дээр үеийн зарим техникийг цохиод ажиллуулж болдог байсан бол орчин үеийн техник нь нарийн хийцтэй болсон учир цохиход ажиллахгүй, харин бүрмөсөн ямбий болчихоор болсон. Гэтэл манай зарим нэгэн хүн цохиод юм уу, доргиогоод эвдчих нь бий. Орчин үеийн техникийг цохиж ажиллуулахгүй, харин”илж” байж ажиллуулна. Үүнээс үзэхэд дээр үеийн хүмүүс гол нь юмыг бярдаж хийдэг “мангарууд” байсан бол орчин үеийн хүн юмыг ухааны хүчээр хийдэг “ухаантнууд”, юм бүхэнд “илж” ханддаг “илбэчингүүд” байх ёстой болж байгааг сурагч хүн яс махандаа хүртэл ухаарч энэ ухаанд суралцах ёстой болж байна. Харин орчин үеийн хөдөлмөр хүнээс  оюуны хүчийг илүү ихээр шаардах болжээ. Үүний улмаас  хүн нэг бүр орчин үеийн хөдөлмөр хийж чадах оюуны хүч буюу нарийн мэргэжилтэй болох шаардлагатай болж байна. Хөдөлмөрийг дотор нь биеийн хөдөлмөр оюуны хөдөлмөр гэж хоёр хуваадаг.

 Сурагч хүний сурах хөдөлмөр нь оюуны хөдөлмөр юм. Оюуны хөдөлмөр нь нарийн төвөгтэй, хүнээс оюун ухааныг ихээр шаарддаг хүнд хөдөлмөр байдаг юм. Ийм болохоор сурч боловсроход  уйгагүй ажиллагаа, их тэвчээр, зориг шаардагдана. Зориг, тэвчээртэй хүн сайн сурахаас биш, залхуу, хулчгарууд сайн сурч чадахгүй. Эрдмийн дөрөөнд зориг чанга байх ёстой юм гэсэн. “Эрлийг сургаар олдгийн нэгэн адил эрдмийг хичээлээр олдог” болохоор ухаантай төрсөн ч хичээл хийхгүй бол эрдэм сурахгүй байхад ухаан муутай төрсөн боловч  их хичээн зүтгэсэн нь илүү их эрдэмтэй болдог билээ. Ном сурахгүй бол ертөнцийн гурван харанхуйн нэг харанхуй болдог (“Хойшоо харсан нүх харанхуй, Хоньгүй хот харанхуй, Номгүй бандийн чээж харанхуй”). Бас ертөнцийн гурван гутамшиг гэж байдаг (“Үргүй хүн үхэхийн цагт гутамшиг, Үхэргүй хүн намрын цагт гутамшиг, Номгүй хүн номын газар гутамшиг”).

 Хөдөлмөрийн зах зээлийн ойлголт. Зах зээлийн нөхцөлд хөдөлмөр1 нь арилжаа солилцооны шинжтэй  болж байдаг. Хөдөлмөр арилжигдаж байгаа тэрхүү үйлдлийг хөдөлмөрийн зах зээл гэнэ. Хөдөлмөрийн зах зээл нь барааны зах зээлийн нэгэн адил хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлттэй байна. Хөдөлмөрийн нийлүүлэлт гэвэл ажил хийх гэсэн, ажил хайж байгаа хүн байна гэсэн үг. Харин хөдөлмөрийн эрэлт гэдэг нь хүнээр хийлгэх ажил байна, ажиллах хүн хэрэгтэй байна гэсэн санаа. Одоо ажлын байр гэж буруу буюу ойлгомжгүй  хэлээд байгаа үг бол уул нь хүнээр хийлгэх ажил байна гэсэн утгатай үг юм.  Тэгвэл зах зээлийн үед хүн Хөдөлмөрийн зах зээлээс ажил олж хийнэ. Хөдөлмөрийн зах зээлийн нэг хэлбэр нь зарлал, реклам юм. Зарлал, рекламд ямар хүнийг ажилд авахыг хүсэж байна вэ? гэвэл нарийн мэргэжилтэй, ажлын туршлага, дадлагатай хүнийг авна гэж байна. Харин дээд боловсролтой хүнийг авах ажилд бол мэргэжлээс гадна компьютерийн мэдлэгтэй, гадаад (юуны өмнө англи) хэлтэй, харилцааны соёлтой хүнийг авна гэж зарлаж байна. Эдгээр шаардлагыг хангах чадваргүй хүнд ажил олдохгүй болж байгаа нь орчин үеийн хөгжлийн шаардлага. Харилцааны соёл гэдэг нь хүнтэй аятайхан харилцах, “хэл амаа ололцох” чадвар юм. Зарим орны худалдагч бараагаа тайлбарлаад, зөвлөөд, бөхөлзөөд байдаг байхад манай худалдагч нарын дотор “авбал ав” гэсэн байдлаар, хүнд үнэгүй юм өгч “гийгүүлэх” гэсэн байдлаар харилцдаг хүн цөөнгүй бий. Автобус дотор “туулайчилж” яваа мөртөө кондуктортой хэрэлдэж, хэлэх хэлэхгүй үгээр хараан зүхэж байгаа танхайчууд “ичих нүүрэндээ илэг наахчихсан болохоороо” олон түмнээс ичнэ, зовно гэж огт байхгүй. Ичих зан бол адгуусанд байдаггүй, зөвхөн хүнд байдаг, хүнийг адгууснаас ялгаж байгаа нэг шинж нь юм. Ингэхлээр, “ичих нүүрэндээ илэг наахчихсан” хүн бол үндсэндээ хүн дүрстэй”адгуус”. Ичих зан бол хүнийг хүн болгодог нэг шинж. Ичихээ мэддэггүй хүн хүн шиг хүн болж чадахгүй.

 Харилцааны соёл нь хүний хөгжил, улсын хөгжлийг харуулдаг нэг чухал үзүүлэлт юмаа. Харилцааны соёл нь хүнтэй хэл амаа ололцох, хүний дургүйг хүргэхгүй байх, хэрэлдэхгүй байх, зорьсон хэргээ бүтээхэд нэн тустай байдаг болохоор хүүхэд бүхэн энэ соёлд багаасаа суралцах ёстой. Хааяа нэг хэт омголон, догшин араатан мэт аашлагчид байдаг нь тун харамсалтай.

 Ажил эрхлэлтийн тухай. Айлд ажил хийх чадвартай мөртөө ажил хийдэггүй, бусдын хүчээр амьдрагсад байдгийн нэгэн адил улсад хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөр хийх ёстой мөртөө хөдөлмөр хийдэггүй хүмүүс бас байдаг байна. Дээр үеийн хэллэгээр хэлбэл “Мал гэхэд гэдийсхийдэг, мах гэхэд ухасхийдэг”, “залгидаг залхуучууд” байдагтай жиших замаар энэ ажил эрхлэлт гэдгийг ойлгож болох юм.

 Хөдөлмөрийн чадвартай хүн ямар нэгэн ажил хийхийг ажил эрхлэлт гэнэ. Зах зээлийн үед хичнээн хүн ажил эрхэлж байгаа нь нэгд ажлын байрнаас, хоёрт цалингийн хэмжээнээс хамаарна. Ажлын байрнаас хамаарна гэдэг нь нэгд хийх ажил олдохгүй байхыг, хоёрт хийх ажил байвч хүмүүс голоод хийхгүй байхыг хэлнэ. Жишээ нь, Солонгос мэтийн улсад нутгийн хүмүүс хийх дургүй ажил байдаг байхад манай хүмүүс хөлс ихтэй байгаагий нь бодоод хийгээд байгаа юм. Манай хүмүүс нутагтаа хийх дургүй ажлыг гадаадад гараад хийгээд байгаагийн учир нь манайд ажлын хөлс бага байгаатай холбоотой. Нийгэмд олон хүн ажилтай байвал нийгмийн хөгжил түргэн, хүмүүсийн амьдрал сайхан болно.

 Ажил эрхлэлтийн түвшин. Ажил эрхлэлтийн түвшин нь хөдөлмөрийн чадвартай хүн амаас  хэдэн хувь нь ажил эрхэлж байгааг харуулдаг ойлголт юм. Ажил эрхлэлтийн түвшин нь 1) хүн амын тооны өсөлт, 2) ажлын байрны өсөлт, 3) ажиллах хүчний үнэ2 зэргээс хамаарна. Хөдөлмөрийн зах зээл дээр хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлт хоёр тэнцүү байсан нөхцөлд  ажиллах хүчин  бүрэн ажилтай, цалин ч тогтвортой байна.

Тайлбар: 1 Хөдөлмөр гэдэг нь хүний ямар нэгэн юм хийж байгаа үйл ажиллагаа. Энд хөдөлмөр, ажил, ажиллах хүчин, ажил хийж байгаа хүн гэх мэтийн ойлголтууд нэг маягийн ойлголтууд юм. 2 Ажиллах хүчний үнэ гэдэг нь, ажлын хөлс  буюу  цалингийн хэмжээ юм.

19.  Ажилгүйдэл, ажилгүйдлийн хэлбэр


 Ажилгүйдлийн тухай. Манай улсад ажилгүйдэл их байна гэж ярьдаг. Ажилгүйдэл гэдэг бол ажилгүй байгаа учраас ажил хийх гэж ажил идэвхтэй эрж хайж байгаа хүмүүсийн тоо хэмжээ юм. Ажилгүйдэл  2 янзаар бий болно үүнд: 1. Цалин зах зээлийн тэнцвэртэй  байдлаас илүү ихээр нэмэгдэж  хөдөлмөрийн нийлүүлэлт эрэлтээсээ их болсон нөхцөлд хийх ажил огт олдохгүй болж ажилгүйдэл бий болно. Үүнийг аргагүйн эрхээр гарч байгаа ажилгүйдэл гэнэ. 2. Ажлын байр (хийх ажил)  байвч чадалтай нэг нь  цалингий нь голоод  хийхгүй байх, эсвэл хүнд, сонирхол багатай, нэр төргүй  ажил гээд хийхгүй  байгаагаас ажилгүйдэл бий болно. Одоо манайд ийм маягийн ажилгүйдэл голлож байна. Үүнийг сайн дураараа ажилгүйдэх гэнэ. Манайд энэ хэлбэрийн ажилгүйдэл бий болж байгаа нь нэгд, хүмүүсийн залхууралтай, хоёрт,  ажил хийхгүй байсан ч амьдраад байж болдогтой, өөрөөр хэлбэл, бусдын хүчээр амьдраад байх бололцоо байдагтай холбоотой. Ийм болохоор:

  Нэгд, хүүхдийг багаас нь ажилсаг болгож сургах нь эцэг, эхийн нэг үүрэг. Хүүхэд өөрөө захуурахгүй ажил хийж сурах нь өөрийн үүрэг. Залхуу болчих юм бол “Залхуугийн гадаа түлшгүй, залгидгийн гэрт хоолгүй” гэдгийн үлгэр болно. Манай хүмүүсийн ядуугийн нэг үндэс, тэгэхдээ хамгийн гол гэж хэлж болохоор үндэс нь энэ залхууд байгаа юм. Уул нь хүн гэдэг амьтан гараа хөдөлгөж байж амаа хөдөлгөх ёстой.  Харин гараа хөдөлгөхгүй амаа хөдөлгөөд байвал “Залгидгийн гэрт хоолгүй” болдог ёсоор хоолгүй болно. Бас ажил хийж байгаа хүн идэх уухаа мартдаг байхад ажил хийхгүй байгаа хүнд хоол харагдаад, ходоод нь хоржигноод  байдаг, мөн залхуу хүн идсээр байж хомхой болж “Ходоод нь цадсан ч хоншоор нь цаддаггүй болдог”. Бас залхуу хүн маргааш гэж  хойш нь тавьсаар байж гаднаа түлшүй болдог. Тэгээд цас ороод зуд болоход  осгож, өлбөрч үхэхгүйн тулд  гэрийнхээ модон эдлэл, тэр ч байтугай унаа хүртэл түлдэг байна. Зуны сар гурав байдаг байтал зургаа юм шиг бодоод залхуураад, найр наадам хэссээр яваад өвөлтэй золгож  зутрах нь бий. Ялангуяа малчин хүний зудад малаа барж ядуурахын нэг учир энэ залхууд байгаа юм.  Сурагч хүн яваандаа том хүн болж өөрийн хүчээр айл болж амьдрана гэдгээ мэдэхгүй залхуураад байвал “Гэртээ хоолгүй, гаднаа түлшгүй” айл болно гэдгийг хүн болох багаасаа ухаарах ёстой.

Хоёрт, хүүхдийг бүр багаас нь ажилсаг болгож сургах, хүн хувалз, паразит амьтан нэгэнт биш болохоороо өөрийн хүчээр амьдрахаас биш, бусдын хүчээр амьдарч болохгүй гэсэн хүмүүжилтэй болгох нь хамгаас чухал юм. Ингэж бусдын хүчээр амьдрагсад нь нэгд, тэжээгчээ шулж байгаа учир тэжээгчдийн амьдрал сайжрахад саад болдог, хоёрт, улс орныхоо хөгжилд хор учруулж байдгийг хүүхэд нэг бүр ухаарч хүн болох багаасаа ажилсаг болох, өөрийн хүчээр амьдрах ухаанд суралцах нь нэн чухал. Энэ хоёр шинжийг олж авах юм бол  хүний паразит амьтнаас ялгарах  шинжийг олж жинхэнэ хүн шиг хүн болно. Хүн шиг хүн, хүний оронцог гэсэн хоёр янзын хүн байдаг. Бас Монгол Улсын үндсэн хуульд  хөдөлмөр хийхийг Монгол Улсын ирггн нэг бүрийн нэг журамт үүрэг гэж заасан байдаг болохоор ажил хийхгүй  бусдын хүчээр амьдарч байгаа хүн бол үндсэн хуулийн нэг зүйлийг зөрчиж байна, иргэнийхээ үүргийг биелүүлэхгүй  байна гэсэн үг. Жишээ болгож танайх хэдэн хүнтэй, тэднээс хэд нь ажил хийдэг, хэрэв хөдөлмөрийн чадвартай мөртөө ажил хийдэгүй хүн байдаг бол яагаад ажил хийдэггүйг тооцоолоод тэр ажил хийдэггүй хүн ажил хийвэл танай амьдралд ямар өөрчлөлт гарахыг бодоод үзээрэй. Манай нэг зохиолч манай улсад “Хэлдэг гурав, хийдэг нэг”, өөрөөр хэлбэл ганц бэр ажил хийдэг, харин хүү, аав, ээж гурав “хэвдэг” мөртөө хийдэггүй, зөвхөн хэлдэг болохыг олж харсан. Манай зарим хүний тооцоолсноор манай ажил хийдэг нэг  хүн дөрвөн хүнийг, өөр нэг хүний тооцоолсноор, долоон хүнийг тэжээдэг юм гэсэн. Монгол ардын цэцэн үгээр хэлбэл “Жаран ямаатай мөртөө зуун ухнатай болчихсон”, тэгээд тэр зуун ухна нь жаран ямаагаа олон нам, эвсэл, хөдөлгөөнд хувааж аваад өөр хоорондоо мөргөлдөөд жаран ямаагаа бүрэн “хээлтүүлж” чадахгүй болж жаран ишиг бойжуулах боломжоо алдаад байгаа  юм гэнээ. Монгол Улс түргэн хөгжих боломжоо алдагдаж байгаагийн нэг учир ажилгүйчүүд олон, өөрөөр хэлбэл хийдэггүй мөртөө “хэвэгчид” олон, гадаадынхны элэглэдгээр “дарга нарын орон” болчихсонд байгаа юмаа.

Ажилгүйдлийн хэлбэр. Ажипгүйдлийг үүсэж буй шалтгаанаас нь хамааруулаад шилжилтийн, бүтцийн, мөчлөгийн ажилгүйдэл гэж  гурван хэлбэрт хуваана.

 Шилжилтийн ажилгүйдэл нь  өөр газар нутагт шилжих, мэргэжлээ солих, сургууль төгсөх, хүүхэд харах зэргийн газар нутаг шилжих, мэргэжлээр шилжилт хийх, насны шилжилт зэрэгтэй холбогдож гарна. Ийм хэлбэрийн ажилгүйдэл зайлшгүй гарч байдаг. Одоо манай улсад хөдөөнөөс хотод шилжин ирэгсэд их болсноос, бас олон хүн сургууль төгсөж байгаагаас шилжилтийн ажилгүйдэл их болж байна.

 Бүтцийн ажилгүйдэл нь  зарим газар нутаг, эдийн засгийн салбарын хөгжлийн онцлогтой холбогдож гарна. Нэг газар нутаг, эдийн засгийн нэг салбарт ажиллагсад илүүдэж байхад нөгөөд нь дутагдаж байж болно. Ингэж  ажиллагсад илүүдэж байгаа газар нутаг, эдийн засгийн салбарт бүтцийн ажилгүйдэл бий болдог байна.

 Мөчлөгийн ажилгүйдэл нь эдийн засгийн байдал өөрчлөгдсөний улмаас гарна. Энэ халбэрийн ажилгүйдэл эдийн засгийн уналтын үед нэмэгдэж, өрнөлтийн1 үед багасна.

 Шилжилтийн, бүтцийн ажилгүйдэл зүй ёсоор гардаг болохоор аль ч улсад байдаг ажилгүйдэл юм. Үүнийг бүрэн устгах үндэс байхгүй. Бүрэн ажил эрхлэлттэй байна гэдэг нь мөчлөгийн ажилгүйдэл байхгүй гэсэн ойлголт болохоос биш, шилжилтийн, бүтцийн ажилгүйдэл байхгүй боллоо гэсэн үг огтхон ч биш.

 Энэ бүхнээс дүгнэхэд хүн амын аль болох олонх нь эдийн засгийн салбарт идэвх, зүтгэлтэй ажиллаж байгаа орон, оюуны чадамж сайтай улс орон өнөө үед илүү хурдан хөгжих төлөвтэй болжээ.  

Тайлбар: 1 Эдийн засгийн уналт гэдэг нь эдийн засаг хямраад эдийн засгийн хөгжил саарах, ухрах үе, өрнөлт гэдэг нь эдийн засаг хямралаас гарч хэвийн байдлаараа хөгжих замд орсныг хэлнэ. Энэ эдийн засгийн уналт, өрнөлт хоёрын хоорондох хугацаа нь нэг мөчлөг болно. Тэгвэл мөчлөгийн ажилгүйдэл гэдэг нь эдийн засгийн хямралын үеийн ажилгүйдэл юм.

20. Инфляци, түүний хор уршиг


Хүмүүс юмны үнэ тэнгэрт хадлаа, мөнгөний үнэ ханш уналаа, мөнгө хоосон цаас боллоо гэх мэтээр ярьдгийн учрыг олох гэвэл инфляци гэдгийг мэдэх хэрэгтэй.

 Инфляцийн тухай ойлголт. Нийгэмд бараа, үйлчилгээний үнэ өсөж,  мөнгөний үнэ (ханш) буурах үзэгдлийг инфляци гэнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн, ялангуяа эрэлт, нийлүүлэлт хоёрын тэнцвэр алдагдсаны улмаас юмны үнэ өсөж, мөнгөний ханш унахыг инфляци гэнэ. Мөнгөний ханш унах гэдэг нь мөнгө үнэгүйдэж, жишээ нь, түрүүн 100 төгрөгөөр авч байсан юмыг 100-аас хамаагүй их төгрөгөөр худалдан авахад хүрэхийг хэлдэг. Ийнхүү ханш уналт нь юмны үнийн өсөлтөөр илэрдэг. Тодорхой нэг үеийн (жишээлбэл, нэг улирлын) үнийн түвшин түрүүчийн үеийн үнийн түвшингөөс нэмэгдсэн байвал инфляци гарч байгаагийн тодорхой илрэл болно. Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ1 нийгмийн үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний үнээс хэтэрсэн үед инфляци үүснэ.

  Инфляцийн өсөлт буюу түвшин. Инфляцийн өсөлт буюу түвшингийг хэмжихдээ тухайн үеийн үнийн өсөлтийг өнгөрсөн үеийн үнэтэй харьцуулдаг. Жишээ нь, энэ жил буюу энэ улирлын үнийн өсөлтийг өнгөрсөн жил буюу өнгөрсөн улирлын үнэтэй харьцуулна. Ингэхдээ тухайн улсын ард түмний өргөн хэрэглэдэг тодорхой тооны бараа, үйлчилгээний үнийг авдаг юм. Жишээ нь, манай улсад мах, гурил, будаа, бөс даавуу, гутал мэтийн 200 гаруй нэрийн бараа, үйлчилгээний үнийг авна. Үүнийг “барааны сагс” гэнэ.

 Инфляцийг өсөлтийн хурдцаар нь мөлхөө (үнийн өсөлт нь 10 хүртэл хувь байна), цогио (үнийн өсөлт нь 100 хүртэл хувь байна), хэт хурдтай (100-аас дээш хувийн өсөлттэй) гэж хуваана. Ер нь инфляцигүй байна гэж байхгүй. Үнийн өсөлт жилд 10 %-аас доош хувьтай байвал үүнийг эдийн засагчид хэвийн үзэгдэл гэж үзнэ. Ийм учраас манай төр инфляцийг нэг оронтой тоонд барьж байх бодлого явуулж байдаг билээ. Арваас доош тоо, жишээлбэл, 9 нэг оронтой тоо болдог.

  Инфляцийн хор уршиг. Инфляци нь үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ, үнийн механизм, орлогын хуваарилалтад муугаар нөлөөлж, улмаар эдийн засгийн дотоод тэнцвэрийг бусниулж олон сөрөг үр дагаварт хүргэнэ. Тухайлбал, инфляцийг удаан үргэжилнэ гэдгээс хүмүүс айж бараа нөөцөлнө, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардана, үйлдвэрлэгчид түүхий эд, материалын үнэ өснө гэж бодоод барааны үнэ нэмнэ. Ийм үед нийт нийлүүлэлт удаан, нийт эрэлт түргэн өснө.

 Инфляцийн үед өр төлөх хүмүүс хожиж байхад зээл өгсөн хүмүүс, тогтмол орлого, цалинтай хүмүүс, тэтгэвэр, тэтгэмж авагсад илүү ихээр хохирно. Ийм нөхцөлд хүмүүс, байгууллага зээл өгөх, урт хугацааны гэрээ, хэлэлцээр, арилжаа хийхээс зайлсхийнэ. Энэ нь нийт эдийн засгийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө.

 Инфляци, ажилгүйдэл хоёр холбоотой. Инфляцийг бууруулах гэвэл ажилгүйдэл нэмэгдэнэ, ажилгүйдлийг багасгах гэвэл инфляци нэмэгдэх аюултай.

 Инфляцийн шалтгаан, түүнийг арилгах арга зам. Инфляцийг бууруулах, арилгах гол арга зам бол  инфляци гарч байгаа шалтгааныг арилгах явдал мөн. Инфляци нь олон янзын шалтгаанаас, олон янзаар илэрч гардаг. Эдийн засаг нөөцөө бүрэн хэмжээгээр ашиглан ажиллаж байсан нөхцөлд эрэлт их болбол үнэ өсөж инфляци гарна. Үүнийг эрэлтийн инфляци гэнэ. Өөрөөр хэлбэл, үндэсний нийт бүтээгдэхүүний2 хэмжээ өөрчлөгдөөгүй байхад илүүдэл эрэлт үүссэнээс гарах үнийн өсөлтийг эрэлтийн инфляци гэнэ. Эрэлтийн инфляциас гадна нийлүүлэлттэй холбогдож гардаг инфляци байдаг. Түүхий эд, материалын үнэ өссөний улмаас үйлдвэрлэл, үйлчилгээний зардал нэмэгдсэнээс болж нийлүүлэлт багасаж инфляци гарахыг нийлүүлэлтийн инфляци гэнэ. Энэ эрэлт, нийлүүлэлтийн инфляцийг эрэлт, нийлүүлэлт хоёрыг зохицуулах замаар арилгана.

 Ер нь инфляци гарах нэг шалтгаан бол гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэт их болох явдал байдаг. Энэ нь улс цаасан мөнгө үйлдвэрлэж гүйлгээнд гаргах, цалин, тэтгэвэр зэргийг үндэслэлгүй нэмэх, банкнаас хэт их зээл олгох зэрэг олон шалтгаантай байж болно. Цалин, тэтгэврийг огцом буюу нэг удаа ихээр нэмэх, сонгуулийн үеийн намуудын амалсан их мөнгө юм уу, ашигт малтмалыг ашигласнаас хүртэх хувийг бэлэн мөнгөөр өгөхийг шаардах нь эдийн засгийн үүднээс авч үзвэл их аюултай. Иймэрхүү юмны цаад талын ашиг, хор хохирол зэргийн учрыг олдог ухааныг эдийн засгийн ухаан өгнө. Ингэж юмны учир холбогдлыг ухаарч байж дэмжих ёстой зөв юмыг дэмждэг, дэмжих ёсгүй юмыг дэмжихгүй байх ухааныг сурагч хүн нийгмийн ухааны хичээл, юуны өмнө “Нийгмийн тухай мэдлэг” хичээлээс олж авах ёстой.

Дээр дурдсан шалтгааны улмаас гарсан инфляцийг татварын тусламжтайгаар аливаа орлогыг зохицуулах, үнэ, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлт, банкны зээлд төрөөс хяналт тавьж зохицуулах замаар бууруулж болно. Улсын зарлага орлогоосоо давсан үед инфляци гарна. Ингэж гарсан инфляцийг улсын зардлыг багасгах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх замаар бууруулна.

 Тайлбар: 1 Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ гэдэг нь нийгмийн дотор худалдагдах бараа, үйлчилгээг худалдан авах мөнгөний хэмжээ юм. 2 Тухайн орны нэг жилд үйлдвэрлэж бий болгосон бүх бүтээгдэхүүнийг үндэсний нийт бүтээгдэхүүн гэнэ.                                                                                 

21.  Санхүү


      Улсын санхүү гэдгийг айлын санхүүгээр төсөөлөн ойлгож болох юм. Айлын санхүү гэвэл, айлын мөнгөн хөрөнгө болно.                                                                                           

 Санхүүгийн тухай ойлголт. Санхүү гэдэг нь үгийн гарлын хувьд төлбөр, орлого гэсэн утгатай латин үгээс үүссэн. Улсад үндэсний нийт бүтээгдэхүүнийг хуваарилах, дахин хуваарилах1 замаар мөнгөн хөрөнгийн сангийг бий  болгоод  тэр сангаа захиран зарцуулах ажил байдаг. Ингэж мөнгөн хөрөнгийн сан байгуулах, түүнийг хуваарилах, ашиглахтай холбогдсон бүх харилцааны системийг санхүү гэнэ. Тусгай сангаар дамжин гүйж байгаа мөнгөний харилцааг санхүүгийн харилцаа гэнэ. Санхүүгийн ийм харилцаа гэвэл: 1) нэг талаас төр, нөгөө талаас байгууллага, хувь хүн хоёрын хоорондын; 2) хувь хүн байгууллагуудын хоорондын; 3) байгууллагуудын хоорондын; 4) улсуудын хоорондын мөнгөн харилцаа юм.

 Санхүүгийн систем (тогтолцоо). Төрөл бүрийн төсөв, нийгмийн даатгалын, хөрөнгийн даатгалын гэх мэтийн бүх сан, улсын мөнгөн нөөц, үйлдвэр, аж ахуй, албан байгууллагуудын мөнгөн сан зэргийг нийлүүлээд санхүүгийн систем гэнэ.

 Санхүүг улсын санхүү, аж ахуйн нэгж  байгууллагын санхүү гэж ангилна. Улсын санхүүгийн гол зүйл нь улсын төсөв2 юм. Улсын санхүүгийн ерөнхий байдал төсвийн орлого, зарлагаар харагдана. Аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал нь аж ахуйн газрын ашиг, алдагдлын байдлаар тодорхойлогдоно.

 Улсын санхүү нь гол төлөв Улсын төсөв, нийгмийн даатгалын сангаас бүрэлдэх бөгөөд нийт улсын хэмжээний асуудлыг санхүүжүүлнэ. Орон нутгийн санхүү нь тухайн орон нутгийн татвар, хураамжаас бүрэлдэх бөгөөд орон нутгийн шинжтэй асуудлыг санхүүжүүлнэ.

 Улсын санхүүгийн бодлого. Улс орны эдийн засгийн хөгжилд санхүүгийн үүрэг маш их байдаг. Төрийн зүгээс улс орныхоо бүх амьдралыг, ялангуяа эдийн засгийн амьдралыг удирдан зохицуулахад санхүүгийн системийг ашиглана. Санхүүгийн хуулийн үндсэн дээр улс орныхоо сангийн нөөц бололцоог дайчлан гаргах, түүнийг хуваарилах, ашиглах талаар төрөөс авч байгаа арга хэмжээг санхүүгийн бодлого гэнэ.

  Тайлбар: 1 Үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ)-ийг хуваарилах гэдэг нь ҮНБ-ийг үйлдвэрлэхэд гарсан зардал, өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах хөрөнгө, ажиллагсдын цалин зэрэгт зарцуулахыг хэлнэ. Харин дахин хуваарилах гэдэг нь ҮНБ-ээс орлогын татвар авч  улсын төсөвт оруулаад нийгмийн тусад зарцуулахыг хэлнэ. 2 Төрийн зардлыг нөхөх, төрийн нийгэм, эдийн засгийн үүргийг санхүүжүүлэх зорилгоор төрийн мэдэлд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг улсын төсөв гэнэ.

22.  Төсөв


 Танай гэрт жишээ нь, нэг сард хичнээн мөнгө орж ирдэг, тэр мөнгийг юу юунд зарцуулдагтай зүйрлэж улсын төсвийг ойлгож болох юм.

 Төсвийн тухай ойлголт. Улсын санхүгийн нэг чухал хэсэг нь төсөв юм. Төр улс төрийн, эдийн засгийн, нийгмийн хүрээнд маш олон янзын үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр үүргийг гүйцэтгэхэд төрд зардал буюу мөнгөн хөрөнгө хэрэгтэй. Энэ шаардлагаас улсын төсөв гарч иржээ. Төрийн зардлыг нөхөх, төрийн нийгэм, эдийн засгийн үүргийг санхүүжүүлэх зорилгоор төрийн мэдэлд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг улсын төсөв гэнэ.

 Төсвийн бүрдэлт, зарцуулалт. Төсвийг дотор нь: 1) улсын төсөв, 2) орон нутгийн төсөв гэж хоёр хуваана. Энэ хоёр төсөв эх үүсгэвэр, зарцуулалтаараа ялгаатай. Улсын төсөв нь татвар1, төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн газрын орлого, засгийн газрын зээллэгийн орлогоос бүрэлдэж, улсын хэмжээний зүйлд зарцуулагдана. Тухайлбал, төсвийн хөрөнгийг төрийн зардал, цэргийн зардал, нийгэм-эдийн засгийн арга хэмжээний зардал, төрийн үйлдвэр, аж ахуйн газрын үйл ажиллагааны зардал гэж тус тус хуваан зарцуулна.  Орон нутгийн төсөв гол төлөв орон нутгийн төлбөр, хураамжаас2 бүрэлдэж бий болох бөгөөд тухайн орон нутагт зарцуулагдана.  

 Улсын төсвийг засгийн газар боловсруулж УИХ-аар хэлэлцүүлнэ. УИХ төсвийн төслийг шүүн хэлэлцээд батлана. Энэ УИХ-ын баталсан төсвийг засгийн газар хэрэгжүүлнэ.

 Улсын төсвийн алдагдал. Улсын төсөв нь орлого, зарлага гэсэн хоёр талтай. Орлогын тал нь улсын төсвийн бүрэлдүүлэлт юм. Зарлага нь улсын төсвийн зарцуулалт нь юм. Орчин үед төсвийн зарлага нь бараг бүх улс оронд орлогоосоо давах шинжтэй болсон. Ингэж төсвийн зарлага орлогоосоо давахыг төсвийн алдагдал гэнэ. Төсвийн алдагдлын гол шалтгаан бол 1) төрийн нийгэмд гүйцэтгэх янз бүрийн үүрэг улам бүр  өсөн нэмэгдэх болсон, 2) цэргийн зардал өсөх болсон, 3) төрийн байгууллагуудын тоо нэмэгдэх болсон зэрэг болно. Бас төсвийн алдагдалд үе үе тохиолдох эдийн засгийн хямрал хүчтэй  нөлөөлнө. Төсвийн алдагдлыг тэр болгон нөхөж болохгүй байгаагаас болж төсвийн алдагдал ужиг шинжтэй болдог. Айлд ч гэсэн зарлага нь орлогоос их болж  бусдаас мөнгө зээлдэх, тэгсээр байгаад өрөнд орж, “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүйн” үлгэрт орох нь бий.

Төсвийн алдагдлыг нөхөх гол арга гэвэл:

 1. Төрийн зээл юм. Төрийн зээлийн  гол хэлбэр нь төрөөс зээллэг гаргаж хүн ам, банк, даатгалын болон аж ахуйн  газрын чөлөөт мөнгийг3 улсын санд татан авах явдал юм. Мөн гадаад орноос зээл авч  болно. Ингэж төр дотоод, гадаадад өртэй болох явдал орчин үед их болж байна.

 2. Төсвийн алдагдлыг нөхөх нэг арга бол татварын бодлого юм. Татварын бодлого гэвэл: татварыг хугацаанд нь бүрэн хурааж авах, бас татварыг багасгах замаар татвараас  орох орлогыг  нэмэгдүүлэх  явдал юм. Татварын хэмжээг багасгавал татвар төлөгчдийн тоо нэмэгдэж татварын орлого нэмэгдэх талтай.

 3. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд гүйлгээнд шинээр мөнгө гаргах, хоосон цаасан мөнгө үйлдвэрлэж гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх явдал юм.

 Ирээдүйд айл гэр болж айлыг орлоготой, сайхан амьдралтай айл шиг айл болгон авч явах ухаанд сурагч хүн суралцах учиртай. Тун наад зах нь өөрийн гэр орны орлого зарлагыг нарийн тооцоолж аав ээжийнхээ алдаа оноог олж харж сурах, хэрэв би өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэй  байсан бол ингэж орлого олох, олсноо ингэж зарцуулах байсан гэж  дүгнэн тооцоолж байх.

Тайлбар: 1 Хүн ам, аж ахуйн нэгж, албан байгууллагын орлогоос төрөөс  тогтоосон хувь хэмжээгээр авч төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ. 2 Харин төрийн байгууллагууд ямар нэгэн үйлчилгээ үзүүлсний  төлөө авч төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ. Төлбөр гэдэг нь төр өөрийн мэдлийн хөрөнгийг бусдад ашиглуулсны төлөө авч байгаа мөнгөн хөрөнгө юм. 3 Чөлөөт мөнгө гэдэг нь хувь хүн, үйлдвэр, аж ахуйн газар зэрэгт ашиглагдахгүй бэлэн байж байгаа мөнгө юм. Энэ мөнийг төр зээллэг гэсэн үнэт цаас барьцаа болгож өгөөд зээлдэж байгаа нь төрийн зээл болно.

23.  Татвар


  Татварын тухай ойлголт. Зарим үед ард түмнээс татвар болгож хурааж авсан ард түмний хөрөнгийг буруу зүйлд зарцуулж байна. Татвар их байна гэх мэтийн хэл ам гарч байдаг. Энэ мэтийн зүйлийн учрыг олохын тулд татварын тухай авч үзэх нь чухал юм. Нийгэмд төр байсан цагт албан татвар татах нь зайлшгүй. Учир нь гэвэл нэгд, төрийн байгууллагад зардал хэрэгтэй. Хоёрт, төрөөс зах зээлийг зохицуулахад мөн мөнгө хэрэгтэй. Ингэхлээр, улсын төсвийг бүрэлдүүлэх, төрөөс зах зээлийн эдийн засгийг зохицуулах нэг чухал хэрэгсэл бол татвар юм. Хууль, тогтоомжийн дагуу хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагаас албаар  хураан авч байгаа мөнгөн хөрөнгийг татвар гэнэ. Албан татвар татах нь төрийн нэг шинж. Үүний улмаас “Хүн төрсөн нь үнэн бол татвар төлөх нь үнэн” гэсэн хэллэг үүссэн. Монгол Улсын үндсэн хуульд татвар төлөх явдлыг “Монгол Улсын иргэний үндсэн үүрэг” гэж заасан байна.  

      Монгол Улсын татварын тогтолцоо нь албан татвар, хураамж, төлбөр гэсэн гурван зүйлээс бүрэлдэнэ. Хүн ам, аж ахуйн нэгж, албан байгууллагын орлогоос төрөөс  тогтоосон хувь хэмжээгээр авч төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ. Жишээ нь, ажиллаж байгаа хүний цалингаас суутгаж авдаг ашгийн, орлого олж байгаа хүний орлогоос авдаг орлогын албан татвар гэж байдаг. Харин төрийн байгууллагууд ямар нэгэн үйлчилгээ үзүүлсний  төлөө авч төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ. Жишээ нь, гадаадад явах паспорт авахад паспортын хураамж, визийн хураамж гэж авна.  Төлбөр гэдэг нь төр өөрийн мэдлийн хөрөнгийг бусдад ашиглуулсны төлөө авч байгаа мөнгөн хөрөнгө юм. Жишээ нь, ойгоос хэрэглээний мод авсны төлбөр, рашаан ус ашигласны төлбөр гэж байдаг.

 Татварын ангилал. Татварыг олон янзын зүйлд ногдуулна. Татварыг ногдуулах зүйлээр (ямар юманд ногдуулж байгаагаар) нь ашиг орлогын, үйлчилгээний, байгалийн баялаг ашигласны гэх мэтээр ангилж болно. Татвар ногдох зүйл гэвэл: орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилггээ, тодорхой эрх, газар, байгалийн баялаг, ашигт малтмал болно.

 Татварыг ногдуулж байгаа хувь хэмжээ, аргаар нь  тогтмол, өсгөн нэмэгдүүлэх, хувь тэнцүүлэх, бууруулан багасгах гэж ангилна. Орлогын хэмжээнээс хамаарахгүй, харин нэгжийн хэмжээгээр тогтоосон татварыг тогтмол татвар гэнэ. Жишээ нь, малаас авах татварыг толгойн тоогоор, үзвэрийн орлогын татварыг суудлын тоогоор тогтооно. Орлогын хэмжээний өсөлтийн дагуу өсөж байгаа татвар нь өсгөн нэмэгдүүлэх татвар юм.

  Татварыг ногдуулах, хураан авах аргаар нь шууд, шууд бус татвар гэж ангилна. Орлого, ашгаас нь шууд татаж байгаа татвар болох ашиг, орлогын татвар нь шууд татвар юм. Тодорхой төрлийн бараа, үйлчилгээний үнээс авч байгаа татварыг шууд бус татвар гэнэ. Жишээ нь, борлуулалтын, гаалийн, гуанзны татвар нь шууд бус татвар юм.

 Татварын үндсэн зарчим. А. Смит татварын дөрвөн үндсэн зарчим байна гэж үзсэн үүнд:        1)  Иргэн бүхэн орлогынхоо хэмжээнд тохирсон татвар төлөх; 2) Татварын хэмжээ, төлөх арга,  хугацааг заавал тодорхой заасан байх; 3)  Татвар төлөх хугацаа, арга нь татвар төлөгчийн бололцоонд нийцсэн байх; 4) Татвар ноогдуулах, хурааж авах зардал аль болохоор бага байх ёстой. Үүнээс гадна татвар нь татвар төлөгчид ойлгожтой бөгөөд нэг зүйлээс давхар татвар авахааргүй байх зарчимтай.

Татварын үүрэг. Татварын ач холбогдол, үүрэг орчин үед маш их болж байна үүнд: нэгд, Улсын төсөв гэсэн гарчигт дурдсанаар татвар нь улсын төсвийг бүрэлдүүлэх гол эх үүсвэр болж байна.  Хоёрт, эдийн засгийг зохицуулах нэг чухал хэрэгсэл болж байна. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл: үндэсний орлогын нэлээд хэсгийг татварын байдлаар улсын сан хөмрөгт төвлөрүүлээд нөөц баялгийг дахин хуваарилах үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл татварын нэлээд хэсгийг зарим бараа, үйлчилгээг бий болгох, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгал зэрэгт зарцуулдаг байна.

Монгол Улсын үндсэн хуульд татвар төлөх явдлыг иргэний үндсэн үүрэг гэж заасан байдаг. Гэтэл зарим шударга бус хүмүүс татвар төлөхөөс зайлсхийж орлогоо нуух, багасгаж харуулах мэтийн зүсэн бүрийн арга хэрэглэдэг нь үндсэн хууль, татварын хууль мэтийн хуулиудыг зөрчиж байгаа хэрэг. Бас Монгол Улсын үндсэн хуульд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэж  үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг гэж заасан байдаг болохоор иргэнийхээ үүргийг биелүүлэхгүй байна гэсэн үг юм. Ийм болохоор хүүхэд нэг бүр шударга ёс, аливаа хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлдэг иргэн болон хүмүүжих ёстой. Гэрийн ёс заншил, сургуулийн дүрэм журам, сурагчийн дүрмийг ёсчилан биелүүлж байх нь том болсон хойноо төрийн хуулийг сахидаг шударга иргэн болохын эхлэл юм. Аливаа ёс заншил, дүрэм, журам хуулийг сахих нь  хүний ёс, иргэн хүний үүрэг байдаг юмаа.

24. Банк


 Банкны тухай ойлголт. Хүмүүс банкинд мөнгө хадгалууллаа, банкинаас мөнгө авлаа гэж ярьдаг. Тэр ч байтугай мөнгөтэй хүнийг “банктай” хүн гэж ярих нь ч бий. Бас хот дотуур явахад Улсын банк, арилжааны банк мэтийн янз бүрийн хаягтай байгууллага байж байдаг. Энэ банк гэдэг байгууллага ямар учиртай, юу хийдэг байгууллага болохыг одоо авч үзье. Банк гэдэг нь “мөнгө цуглуулагч суудал” гэсэн утгатай итали үгнээс гаралтай байгууллага юм.

 Хувь хүн болон аж ахуйн газарт өөрийн хэрэгцээндээ ашиглахгүй байгаа бэлэн (сул мөнгө, чөлөөт мөнгө гэж бас хэлдэг) мөнгө байж байдаг. Ийм мөнгийг цуглуулж эдийн засагт оруулах хэрэгтэй болдог. Ийм үүргийг банк гүйцэтгэнэ. Ингэхлээр, мөнгөн хөрөнгө хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс бусдад зээлдүүлэх, мөнгөн гүйлгээ эрхлэх, харилцах дансны ажил гүйлгээ явуулдаг байгууллагыг банк гэнэ

 Банкны тогтолцоо. Монгол Улсын банкны тогтолцоо нь Төв банк, Арилжааны банк хоёроос бүрэлдэнэ. Монгол Улсын мөнгө, зээлийн бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий бөгөөд цаасан мөнгө гаргадаг банкийг төв банк гэнэ. Иргэд, аж ахуйн байгууллагатай шууд харилцаж, үйлчилдэг банкийг арилжааны банк гэнэ.

 Төв банкны үүрэг гэвэл: 1) улсын мөнгөн тэмдэгтийг гаргах, хадгалах, мөнгөний гүйлгээг зохион байгуулах зэргийн мөнгөтэй холбоотой бүх асуудлыг эрхлэх; 2) санхүү-зээлийн байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн хуулийн биелэлтэд ерөнхий хяналт тавих; 3) арилжааны банкуудад зээл олгох; 4) улсын үнэт цаас гаргах, засгийн газрын тооцоо хийх, гадаадтай санхүүгийн үйл ажиллагаа хийх; 5) банк байгуулах, татан буулгах асуудал хариуцна.

 Арилжааны банкны үүрэг гэвэл: 1) иргэд болон байгууллагын мөнгөн хөрөнгө хадгалах, төлбөр, тооцоо хийх, зээл олгох, зээл, төлбөрийн баталгаа гаргах; 2) төсвийн орлого, зарлагыг шилжүүлэх; 3) үнэт металл, валют худалдан авах, худалдах, хадгалах зэрэг үүрэг гүйцэтгэнэ.

25. Үндэсний  эдийн засгийн нэгдмэл үзүүлэлт


 Эдийн засгийн хөгжлийн нэгдмэл үзүүлэлт. Орчин үед улс орны хөгжлийг эдийн засгийн нь хөгжлийн байдлаар нь хөгжингүй, дунд зэргийн хөгжилтэй, буурай хөгжилтэй гэж  хувааж байна. Мөн улс орон бүрийн ард түмний амьдралын түвшинг сайн, муу гэж үнэлж байна. Ингэж хувааж, үнэлэх нь нэгд, улс орны эдийн засгийн хөгжлийн түвшнийг тогтоож эдийн засгаа хөгжүүлэх, хоёрт, ард түмнийхээ аж байдлын хэмжээг дүгнэж ард түмнийхээ аж байдлыг сайжруулах арга хэмжээг авахад шийдвэрлэх үүрэгтэй.

 Улс орны эдийн засгийн хөгжлийн түвшин, ард түмний аж байдлын хэмжээг дүгнэж  харуулах эдийн засгийн нэгдсэн үзүүлэлт бол үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ), дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), үндэсний цэвэр бүтээгдэхүүн (ҮЦБ), үндэсний орлого (ҮО) юм. Ингэхлээр, ҮНБ, ДНБ, ҮЦБ, ҮО гэсэн энэ дөрвөн үзүүлэлтийг эдийн засгийн нэгдмэл үзүүлэлт гэдэг байна.

 Үндэсний нийт бүтээгдэхүүний тухай ойлголт. Нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээг олон улсын практикт тухайн орны эдийн засгийн хөгжил, ард түмний аж байдлын түвшинг харуулагч үндсэн үзүүлэлт болгон ашигладаг. Ингэхдээ үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээг гол төлөв ам. долларт1 шилжүүлэн тооцдог байна. Тухайн орны нэг жилд үйлдвэрлэж бий болгосон бүх бүтээгдэхүүнийг2 үндэсний нийт бүтээгдэхүүн гэнэ. Үндэсний нийт бүтээгдэхүүнд 1) эцсийн хэрэглээнд очиж байгаа бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ орохоос биш, завсрын бүтээгдэхүүн орохгүй. Жишээ нь, дэлгүүрт борлуулж байгаа талх, гурил үнийн дүнгээрээ орно. Харин гурилын үйлдвэрт худалдсан тариа, талхны үйлдвэрт худалдсан гурил эцсийн бүтээгдэхүүн биш учир үндэсний нийт бүтээгдэхүүнд орохгүй. 2) үндэсний нийт бүтээгдэхүүнд зөвхөн тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн орно. Түрүү жилд үйлдвэрлэж борлогдоогүй байгаа бүтээгдэхүүн орохгүй. Харин тухайн жилд үйлдвэрлэсэн бол борлуулагдаагүй байгаа бүтээгдэхүүн орно.  Үндэсний нийт бүтээгдэхүүнийг тухайн жилийн зах зээлийн үнээр үнэлж мөнгөн илэрхийллээр гаргана.

 Үндэсний нийт бүтээгдэхүүнийг тооцоох арга. Үндэсний нийт бүтээгдэхүүнийг гурван аргаар тооцоно. 1) Зардлаар тооцох арга. Үүнд бүх зардлыг хооронд нь нэмж тооцно. Ингэхдээ экспортын үнээс импортын үнийг хасаад дан экспортын үнийг авна. Энэ үн дээр шинээр худалдан авсан үндсэн хөрөнгийн үнэ, хувийн орон сууц шинээр барихад орсон материалын үнэ,борлогдоогүй байгаа бүтээгдэхүүний үнийг нэмэж тооцоно. 2 ) Орлогоор тооцох арга. Зардал орлого хоёр тэнцүү байдаг учир нийт улсын хэмжээгээр гарсан зардал нь нийт орлого болно. Өөрөөр хэлбэл, бүх цалин, шууд бус татвар, ашиг, зэлийн хүү, рент, ногдол ашгиийг өөр хооронд нь нэмж тооцно. 3) Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээр тооцох арга.  Энэ бол бүх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хооронд нэмж тооцох арга юм.

  Дотоодын нийт бүтээгдэхүүн. Үндэсний нийт бүтээгдэхүүнээс гадна дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн ойлголт байдаг. Тухайн орон өөрийн газар нутагт нэг жилийн дотор үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнийг дотоодын нийт бүтээгдэхүүн гэнэ. Үндэсний нийт бүтээгдэхүүнд тухайн орны гадаадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ордог байхад дотоодын нийт бүтээгдэхүүнд гадаадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн орохгүй.

 Үндэсний цэвэр бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үйлдвэрийн тоног төхөөрөмж элэгдэнэ, бас түүхий эд, материал зарцуулагдана. Үндэсний нийт бүтээгдэхүүнээс энэ тоног төхөөрөмжийн элэгдэл, түүхий эд, материалын зардлыг хасаад үлдсэн бүтээгдэхүүнийг  үндэсний цэвэр бүтээгдэхүүн (ҮЦБ) гэнэ.

 Үндэсний орлого. Үндэсний нийт бүтээгдэхүүн, дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлээд улсын хэмжээгээр хичнээн орлого олсныг үндэсний орлого гэсэн ойлголт харуулна. Үндэсний цэвэр бүтээгдэхүүнээс худалдаа, үйлчилгээний шууд бус татварыг хасаад үлдсэн бүтээгдэхүүнийг  үндэсний орлого (ҮО) гэнэ. Үндэсний орлого нь цалин, зээлийн хүү, рент, ашгийн нийлбэртэй тэнцүү байна.
Тайлбар: 1 Ам. доллар гэж бичиж болох боловч уншихдаа Америк доллар гэж уншина. Монгол хэл товчилсон үгийг товчилсон байдлаар хэлэх, уншихгүй онцлогтой. Жишээ нь, МАХН-ыг зарим нь МАХ Нам гэж бичээд тэгж уншдаг. МАХН-д дүргүй хүн үүнийгээ харуулах гэж МАХ Нам гэж хэлж байгаа нь илэрхий боловч даанч монгол хэлэнд муугаа давхар харуулж байгаагаа  мэддэггүй нь тун харамсалтай юм. Сүүлийн үед Иргэний Хөдөлгөөний Намыг ИХ Нам гэж бичээд тэр бичсэн байдлаар нь ИХ гэж хэлж, уншиж байгаа нь их том  нам  байгууллаа гэж онгирч байгаагийн цаана монгол хэлэнд муугаа илчилж байгаагаа даанч мэдэхгүй нь харамсалтай. Ер нь, МАХН, ИХН гэж товчлох учиртай. 2  үйлдвэрлэж бий болгосон бүх бүтээгдэхүүн гэдэгт үйлчилгээний үр дүн буюу бүтээгдэхүүн бас орж байгаа болно.

26. Бизнесийн тухай


 Бизнесийн тухай ойлголт. Бизнес гэдэг нь ашиг хонжоо олох гэсэн утгатай англи үгнээс гаралтай. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн аж ауй эрхэлж ирсэн. Аж ахуй эрхлэх арга нь улам бүр боловсронгуй, үр ашигтай, өөрөөр хэлбэл, бизнесийн шинжтэй болж иржээ. Ингэхлээр, бизнес гэдэг нь нэгд, аж ахуй эрхэлж явуулдаг аргыг судалдаг шинжлэх ухаан юм. Хоёрт, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, худалдаа хийх замаар ашиг хонжоо олох үйл ажиллагаа юм. Бизнес гэдэг нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, ашиг, хуримтлал, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, удирдлага, зах зээл, гэрээ, хэлцэл гэх мэтийн олон ойлголтыг хамарсан  өргөн ойлголт юм.

 Бизнесийн байгууллагын үндсэн хэлбэр. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, худалдаа хийх замаар ашиг хонжоо олж байгаа байгууллагыг бизнесийн байгууллага гэнэ. Бизнесийн байгууллага гурван үндсэн хэлбэртэй байна үүнд:

 1. Ганц нэгээрээ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, худалдаа хийхийг хувь хүний бизнес гэнэ. Энэ бол жижиг бизнес юм.

 2. Хоёр, түүнээс олон хүн хөрөнгө, хөдөлмөрөө нийлүүлж үйлдвэрлэл, үйлчигээ, худалдаа эрхлэхийг нөхөрлөл, хоршоо гэнэ. Ганц нэгээрээ бизнес хийж байгаа хүмүүс өөр хоорондоо гэрээ, хэлцэл хийж хамтран ажиллахыг түнш гэнэ. Нөхөрлөл, хоршоо, түншийн бизнесийг дунд зэргийн бизнес гэнэ.

 3. Хувьцаа гаргаж худалдах замаар байгуулсан хувь нийлүүлсэн нийгэмлэг, компани зэргийг том бизнес гэнэ.

 Бизнесийн байгууллагыг үйл ажиллагааны чиглэлээр нь:

 1.Үйлдвэрлэлийн, 2. Үйлчилгээний, 3. Худалдааны, 4. Банк-санхүүгийн гэх мэтээр ангилна.  

 Бизнесийн байгууллагын орчин. Бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод, гадаад орчин их нөлөөтэй байдаг. Бизнесийн байгууллагын дотоод орчин гэвэл: ажиллагсдын цалин хөлс, урамшуулал, менежерийн чадвар, ахуй хангамж, ажиллах нөхцөл, ажиллагсдын тоо, бэлэн мөнгөний хэмжээ, малын тоо, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрөл гэх мэтийн зүйл орно.

 Гадаад орчинд: гадаад харилцаа, зам, тээвэр, бүтээгдэхүүн борлуулах нөхцөл, зах зээлийн үнэ, улс төрийн байдал, улс орны эдийн засгийн хүчин чадал зэргийн зүйл орно.

 Бизнесийн байгууллагын зорилго бол дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ явуулах замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх явдал мөн.

27. Маркетинг


  Маркетингийн тухай ойлголт. Маркетинг нь зах зээлийн судалгаа, худалдааны үйл ажиллагаа гэсэн утгатай англи үгнээс  гаралтай ойлголт юм. Маркетинг нь  зах зээлийн хэрэгцээг судалсны үндсэн дээр түүнд тохируулан аж ахуй эрхлэх аргыг судалдаг шинжлэх ухаан юм. Үйлдвэрлэгч, үйлчлэгч байгууллагын гол зорилго бол хэрэглэгчийг олж хэрэгцээгий нь мэдсэний үндсэн дээр тэр хэрэгцээгийг нь бүрэн хангахуйц бараа үйлдвэрлэж худалдах буюу үйлчилгээ явуулах замаар ашигтай ажиллах явдал байдаг. Үүнээс аваад үзэхэд маркетингийн гол асуудал бол 1) хэрэглэгчийн хэрэгцээг судлах,      2) тэр хэрэгцээг хангахуйц үйлдвэрлэл явуулах буюу үйлчилгээ хийх замаар орлого олох боломжийг олж тогтоох явдал мөн.

 Маркетингийн судлах зүйл. 1. Маркетингийн үйл ажиллагаа нь юуны өмнө ямар бараа, үйлчилгээ шаардлагатай байгааг олж тогтоох явдал байдаг. Ингэхлээр, маркетинг зах зээл, юуны өмнө зах зээлийн эрэлт, хэрэгцээг судлана. Жишээ нь, зах зээлд эрэлтгүй бараа үйлдвэрлэвэл бараа нь борлохгүй. Эрэлтээс их хэмжээгээр үйлдвэрлэвэл бараа нь бүрэн борлохгүй.

 2. Зах зээлийн эрэлт, хэрэгцээг судалсны үндсэн дээр маркетинг ямар бараа, үйлчилгээг ямар хэмжээгээр, яаж үйлдвэрлэх, хийх шаардлагатай байгааг судална.

 3. Барааны борлуулалт, үйлчилгээнд үнэ чухал үүрэгтэй байдаг. Ингэхлээр, маркетинг үнэ бүрдэлтийн асуудлыг судалж, бараа, үйлчилгээний үнэ тогтооно. Жишээ нь, зах зээлийн үнээр бараагаа худалдах юм бол бараа нь бүрэн борлоно. Их ашиг олох гээд хэт их үнээр худалдах гэвэл бараа нь гүйлгээгүй болно. Хэт бага үнээр худалдах аваас ашиг буурна.

 4. Барааг хадгалах, хуваарилах, тээвэрлэх, сурталчлах, худалдах асуудлыг маркетингийн шинжлэх ухаан судлана. Жишээ нь, барааг буруу хадгалах буюу буруу тээвэрлэсэн бол барааны чанар алдагдаж  борлохгүй болно. Мөн хаана хаана, ямар хэмжээтэй худалдахаа нарийн тооцохгүй бол нэг газар бараа борлохгүй байхад нөгөө газар бараа дутагдах мэтийн аюултай.

28. Менежмент


     Орчин үед менежер гэдэг албан тушаалтан бий болжээ. Энэ хүн юу юу хийдэг юм бол? Бас хэд хэдэн хүн нийлж ямар нэгэн юм хийхэд менежментийн мэдлэг хэрэгтэй болдог байна. Тэр ч байтугай хоёр гурван сурагч нийлж хичээл давтах болсон үед ч тэднийг нэг нь удирдан зохион байгуулах шаардлага гардаг байна. Энэ мэтийн шаардлагыг хангахад менежментийн мэдлэг хэрэгтэй болдог гэнэ.

 Менежментийн тухай ойлголт. Менежмент гэдэг нь удирдах, манлайлах гэсэн утгатай англи үгнээс гаралтай, 1) удирдлагын тухай шинжлэх ухаан, 2) түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хоёр юм.

 Нэг хүн юм хийхдээ өөрөө өөрийгөө удирдаж ажиллана. Харин олон хүн хамтарч юм хийхэд тэдний үйл ажиллагааг нэгтгэн удирдаж, зохион байгуулах шаардлага зайлшгүй гарна. Энэ шаардлагаас менежмент үүсэж  хөгжсөн байна.

 Менежментийг шинжлэх ухаан гэдэг талаас нь авч үзвэл хамтын үйл ажиллагааны зорилгыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг судалдаг ухаан юм. Менежментийг үйл ажиллагаа гэдэг талаас нь авч үзвэл тодорхой нэг зорилгод хүрэх гэсэн хэсэг хүний эрмэлзлийг төлөвлөж, удирдан зохион байгуулж  хэрэгжүүлэх, үр дүнгийг нь дүгнэх үйл ажиллагаа юм.

 Үйлдвэрлэлийн менежмент нь үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлтийн асуудлыг судлана.

 Менежментийн удирдлагын үйл ажиллагаа. Менежментийн удирдлагын үйл ажиллагаа үндсэндээ 3 үе шаттай хэрэгжинэ үүнд:

 1. Байгууллагын зорилтыг тодорхойлон төлөвлөх. Энэ үе шатанд юуг, ямар материал, түүхий эдээр, яаж, ямар хэмжээтэй үйлдвэрлэхээ тодорхойлно.

 2. Төлөвлөснөө зохион байгуулж, хэрэгжүүлэх үе шат. Энэ үе шатанд ажиллах хүч, санхүү, материалын нөөц мэтийн бүх нөөцийн ашиглалтыг оновчтой зохион байгуулж, хүмүүсийг нэг зорилгод чиглүүлэн манлайлан удирдана.

 3. Хяналт, шалгалтын үе шат. Энэ үе шатанд удирдлагын үйл ажиллагааны бүх шатанд төлөвлөлтийн хэрэгжилтийн байдлыг үнэлэн дүгнэх, алдааг засах, өнгөрснөө ингэж дүгнэсний үндсэн дээр хойшид юу хийхээ тодорхойлно. 

       29. Монголын эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэл


Монголын эдийн засгийг өөрчлөх шалтгаан. 90-ээд он хүртэл Монголын эдийн засаг социалист ёсоор явж ирсэн. Эдийн засгийг төр удирдаж, төлөвлөж, зохицуулж байсан. Өөрөөр хэлбэл, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байжээ. Энэ үед эдийн засагт ололт байсан боловч алдаа дутагдал их байсан, тухайлбал, эдийн засгийн хурамтлалгүй болж өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлээр үл барам энгийн нөхөн үйлдвэрлэл1 явуулах боломжгүй болсон, аж ахуйн газар болон хувь хүний эдийн засгийн санаачлага буурсан,1980-аад оны үеэс  эдийн засгийн хөгжил удааширч эхэлсэн.

 Энэ бүхний улмаас төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шаардлага зүй ёсоор гарсан байна.

 Монголын эдийн засгийн өөрчлөлтийн агуулга. 1990-ээд он хүртэл Монгол Улсын эдийн засаг нь нийгмийн өмч дээр үндэслэгдсэн эдийн засаг байсан. Гэтэл зах зээлийн эдийн засаг нь өмчийн олон хэлбэр юуны өмнө хувийн өмч дээр үндэслэгдсэн байх ёстой. Нийгмийн өмчийг хувийн өмчид шилжүүлэх гол арга бол өмч хувьчлал байыдаг. Өмч хувьчлал гэдэг нь нийгмийн өмчийг хувийн өмч болгох үйл ажиллагаа юм. Ингээд 90-ээд оноос улс, хоршооллын өмчийг хувьд шилжүүлсэн. Үүний үр дүнд өмчийн олон хэлбэр, аж ахуйн олон хэвшил бий болж  өрсөлдөн ажиллах бололцоотой болсон.

 Нэгэнт эдийн засгийн харилцаа өөрчлөгдсөн болохоор  хуучин хуулиудыг үндсээр нь өөрчилж зах зээлийн эдийн засгийн харилцаанд тохирсон шинэ хуулиудыг боловсруулан гаргах болсон.

 Түрүүн үнийг төрөөс тогтоодог байсан. Гэтэл зах зээлийн үед үнэ зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиар тогтох ёстой. Иймд үнийг чөлөөлж зах зээлийн хуулиар тогтох боломжтой болгосон.

 Түрүүн мөнгөний ханшийг төрөөс тогтоож  байсныг өөрчилж төгрөгийг чөлөөтэй хөрвөх ханштай болгосон.

Түрүүн гадаад худалдааг зөвхөн улс буюу төр хийдэг байсан. Үүнийг өөрчилж  аливаа хоригийг хүчингүй болгосон, хувь хүн, пүүс, компани гадаад худалдааг хийх болсон.

 Мөн санхүү, банкны тогтолцоог үндсээр нь өөрчилсний үр дүнд олон банк бий болж чөлөөтэй өрсөлдөн ажиллах болсон юм. Ингэж  Төв банк, арилжааны банк гэсэн 2 шатлалтай банкны тогтолцоо бий болсон.

 Энэ бүх өөрчлөлтийн үр дүнд Монголын эдийн засгийн харилцаа зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж эдийн засгийн байдал эрүүлжих шатандаа шилжсэн байна.

 Тайлбар: 1 Үйлдвэрлэлийн процесс тасралтгүй үргэлжлэн явж байх зүй тогтолтой. Ингэж  үйлдвэрлэлийн процесс тасралтгүй нөхөгдөн явахыг нөхөн үйлдвэрлэл гэнэ. Энэ процесс нэмэгдэхгүй хуучин байдлаараа нөхөгдөхийг энгийн нөхөн үйлдвэрлэл  гэнэ. Харин үйлдвэрлэлийн процесс нэмэгдэж явахыг өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл гэдэг байна.

30. Олон улсын худалдаа


 Улс хоорондын худалдаа зайлшгүй болох нь. Ямар нэгэн хүн, айл өрх зөвхөн өөрийн хийсэн зүйлээрээ хэрэгцээгээ хангаад байдаггүй, тийм бололцоо ч байхгүй. Бусадтай хийсэн юмаа солилцож байдгийг бид түрүүн үзсэн. Үүний нэгэн адил зөвхөн өөрийн хийсэн юмаараа өөрийгөө хангаад байдаг улс орон гэж бас байхгүй. Чи өөрийн гэр оронд байгаа юмсыг, аав, ээж болон өөрийнхөө хувцас хунар зэргийн хэрэглэж байгаа бүх юмаа, бас идэж байгаа хоолоо аваад үзээрэй. Ёстой янз бүрийн улсын юм байгаа биз. Жишээ нь, өглөө чи маслотой талх идсэн гэж бодоход талх хийсэн гурил нь хятад юм уу орос, хийсэн үйлдвэр нь орос юм уу чех, масло нь орос, элсэн чихэр нь лав монгол биш, зөвхөн идсэн ходоод нь чинийх буюу монгол.

Улс орон бүрийн эдийн засаг нь 1. Газар зүйн байршил, байгалийн баялаг, уур амьсгалын хувьд; 2. Хөдөлмөрийн нөөцийн1 хувьд; 3. Техник, технологийн хөгжлийн хувьд; 4. Зан заншил, уламжлалаараа; 5. Хөгжлийн түвшингээрээ ялгаатай байдаг. Үүнээс болоод нэгд, аливаа улс орон өөрийн хэрэгцээт бүх зүйлээ өөрөө үйлдвэрлээд байж чадахгүй. Хоёрт, нэг улсад ховор, их үнэтэй зүйл нөгөө улсад элбэг, үнэ багатай байх жишээтэй. Ийм нөхцөлд аль ч улс орон өөртөө байхгүй юмаа бусдаас авах, өөртөө их зардлаар хийх юмаа бага зардлаар хийдэг орноос худалдаж авах нь ашигтай байна. Үүнээс болоод улс орнууд өөр хоорондоо  худалдаа хийх болсон байна. Ингэж улс орнууд өөр хоорондоо хийж байгаа худалдааг олон улсын худалдаа гэнэ.

 Олон улсын худалдаа. Олон улсын худалдаа бол улс хоорондын таваар, үйлчилгээний солилцоо юм. Аливаа улс орон дэлхийн зах зээлийн үнээс хямд үнэтэй таваараа гадагш гаргана. Өөрийн оронд үйлдвэрлэвэл их үнэтэй болох бөгөөд бусад улсад хямд үнэтэй байгаа таваарыг худалдааны замаар оруулж ирнэ. Энэ бол олон улсын худалдааны гол зарчим юм. Ийм зарчимаар хийж байгаа худалдаа нь бараагаа худалдаж байгаа, түүнийг худалдан авч байгаа орны аль  алинд нь ашигтай байдаг.

 Олон улсын худалдааг нэг орны хэмжээнд гадаад худалдаа гэнэ. Гадаад худалдаа нь экспорт, импорт хоёроос бүрэлдэнэ. Экспорт гэдэг нь өөрийн орны барааг гадагш худалдахыг хэлнэ. Импорт гэдэг нь гадаадаас бараа худалдаж авахыг хэлнэ. Дээр үед олон улсын худалдаанд үйлдвэрийн бүтээгдэхүүн, түүхий эд голлож байсан бол орчин үед техник, технологи, шинжлэх ухаан-техникийн ололтын эзлэх хувь өсөн нэмэгдэж байна.

 Гадаад худалдаанд тавих хяналт. Төр өөрийн орны эрх ашгийг хамгаалах үүднээс гадаад  худалдаанд хяналт тавьж зохицуулж байдаг. Жишээ нь, Хятадын чанаргүй, хямдхан бараа манайд орж ирж байгаа нь нэгд, үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд саад болдог, хоёрт, манай хүн амын хүнсний аюулгүй байдалд хор учруулдаг байна. Ингэж  хяналт тавьж зохицуулахын гол зорилго бол өөрийн орны үйлдвэрлэлийг хамгаалах, хөгжүүлэх явдал байдаг.

 Гадаад худалдаанд хяналт тавьж зохицуулах хамгийн гол арга нь тарифийн арга юм. Тарифийн арга бол импортоор орж ирж байгаа бараанд гаалийн их татвар ноогдуулах арга юм.

 Гадаад худалдаанд хяналт тавих нөгөө нэг арга нь квот. Энэ бол гаднаас импортоор орж ирэх зарим бараанд тодорхой тоо тогтоож хязгаарлах арга юм.

Тайлбар: 1 Хөдөлмөрийн нөөц гэдэг нь хөдөлмөрийн чадвартай хүний нөөц буюу тоо хэмжээ гэсэн үг.

31. Эдийн засгийн даяаршил1


Эдийн засгийн даяаршил зайлшгүй болох нь. Одоо дэлхий дээр 200 гаруй улс орон байдаг. Эдгээр улс орон нэг бүр өөрийн эдийн засагтай. Тэгэхдээ зөвхөн өөрийн орны эдийн засгийн бүтээгдэхүүнээрээ амьдардаг орон дэлхий дээр нэг ч байдаггүй байна. Учир нь гэвэл: хүний хэрэгцээ  хязгааргүй ихээс гадна орчин үед маш олон зүйлийн юм хэрэглэдэг болжээ.  Гэтэл энэ хязгааргүй их, олон янзын хэрэгцээг хангах эдийн засгийн нөөц, бололцоо аль ч улс оронд хязгаардмал байдаг.  Ийм нөхцөлд аль ч улс орон өөртөө байхгүй юмаа бусдаас авах, өөртөө их зардлаар хийх юмаа бага зардлаар хийдэг орноос худалдаж авах нь ашигтай байна.

 Ингэж олон улсын хөдөлмөрийн хуваарь,2 төрөлжилт бий болжээ. Үүнээс болоод олон улсын аж ахуй холбоотой хөгжих болж улс орнууд өөр хоорондоо эдийн засгийн хувьд хамтран ажиллах буюу олон улсын эдийн засаг даяаршлагдаж  байна.

Энд нэг зүйлийг цагт ямагт анхаарч байх ёстой. Манай хүмүүс гадаадын ном хэвлэл ашиглаж юм хэлдэг, бичдэг. Тэгээд даяаршил гэдгийг их ид шидтэй зүйл болгож  сурталчлаад байдаг, дангааршил гэж огт мэддэггүй буюу мэдсэн ч “дүлий дүм” болчихдог. Гэтэл даяаршлын зэрэгцээгээр дангааршил гэж бас байдаг. Дангааршил гэдэг нь даяаршлын эсрэг шинжтэй өөрийн биеэ даасан байдал, тусгаар тогтнол, онцлог, өөрийн эрх ашиг зэргийн өөрийн юмаа бусдаас хамгаалах, бусдын эрхшээлд орохгүй, бусдад ашиглуулахгүй байх утгатай санаа юм. Жишээ нь, аливаа улс орон хүнсний барааныхаа 30-аас дээш хувийг гадаадаас авч болдоггүй юм гэсэн. Гэтэл манай улс зарим хүний тооцоолсноор 70 хувь, заримын тооцоолсноор 80 хүртэл хувийг гадаадаас авдаг байна. Ийм учраас үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдалд аюул учирч байна гэсэн үг гараад байгаа юм. Жишээ нь, Хятадын хямд гурил, ногоо орж ирж байгаа болохоор газар тариалан гээд их хөрөнгө зарцуулахын хэрэг юунд байна вэ? гэж хэлдэг том эрх мэдэлтэн хүртэл манайд байдаг, тэгээд ч хямдхан гурил, ногоо мэт орж ирээд манай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуултад цохилт болдог.   Манай газар тариалангийн уналтын нэг шалтгаан үүнд байгаа. Хятад Улс ургац алдах буюу төрийн бодлого нь өөрчлөгдөж манайд тэр хямд гурил, ногоогоо өгөхгүйд хүрвэл манайх яах бэ?

     Зүй ёс нь даяаршил, дангааршил хоёрыг зөв хослуулах,“Эхий нь эцээхгүй, тугалы нь тураахгүй” байх учиртай. Өөрөөр шуудхан хэлчихвэл, дан ганц даяаршил гэж ярьж байгаа хүн бол бага буурай орныг даяаршлын халхавчаар жавших гэсэн их гүрний далд бодлогыг мэдэхгүй сурталчилж байна гэсэн үг. Энэ үгийн аюул гэвэл: “Холоос ирээд хот манайх гэх, хотонд ороод хонь манайх гэхийн” үлгэр болж мэднэ. Гадаадын хөрөнгө оруулагчдын олонх нь “Хот манайх, хонь манайх” гээд байгаа юм биш үү?

Олон улсын эдийн засгийн даяаршлын хэлбэр. Олон улсын эдийн засгийн хөгжлийн явцад эдийн засгийн даяаршлын үндсэн хэлбэрүүд бүрэлдэн тогтсон байна. Улс хоорондын эдийн засгийн даяаршлын ийм үндсэн хэлбэр гэвэл: худалдаа, хөрөнгө гаргалт, ажиллах хүчний шилжилт, зээл тусламж, олон улсын валютын тогтолцоо болно. 

1. Олон улсын худалдаа бол улс хоорондын таваар, үйлчилгээний солилцоо юм. Аливаа улс орон дэлхийн зах зээлийн үнээс хямд үнэтэй таваараа гадагш гаргана. Өөрийн оронд үйлдвэрлэвэл их үнэтэй болох бөгөөд бусад улсад хямд үнэтэй байгаа таваарыг худалдааны замаар оруулж ирнэ. Дээр үед олон улсын худалдаанд үйлдвэрийн бүтээгдэхүүн, түүхий эд голлож байсан бол орчин үед техник, технологи, шинжлэх ухаан-техникийн ололтын эзлэх хувь өсөн нэмэгдэж байна.

2. Орчин үеийн олон улсын эдийн засгийн даяаршлын нэг чухал хэлбэр нь хөрөнгө гаргах, гадаадын хөрөнгө оруулж ирэх явдал юм. Гадаадад хөрөнгө гаргах нь 1. Үйлдвэрийн, 2. Зах зээлийн тусламжийн хэлбэрээр хэрэгжиж байна. Таваарыг өөрийн оронд үйлдвэрлээд гадаадад гаргаж худалдах нь зардал ихтэй. Харин гадаадад үйлдвэр байгуулаад тэндэхийн хямд түүхий эд, ажиллах хүчнийг ашиглаж таваар үйлдвэрлэж худалдах нь илүү их ашигтай. Гадаадын хөрөнгө оруулж ирж байгаа орны хувьд гадаадын техник, технологитой танилцах, ажиллах хүчин бэлтгэж авах, дотоодын өрсөлдөөнийг хүчтэй болгох, монополийг хязгаарлах, улс орноо үйлдвэржүүлэх зэрэгт ашигтай байна.

3. Ажиллах хүчний шилжилт бол эдийн засгийн даяаршлын сүүлийн үед их дэлгэрч байгаа хэлбэр юм. Улс орнуудын ажиллах хүчний хангамж, цалингийн ялгаа зэргээс болж ажиллах хүчин шилжиж байна. Ажиллах хүчин ажил, амьдралын сайн нөхцөл хайж шилжинэ. Ажиллах хүчний шилжилт нь ажиллах хүчин гаргаж байгаа орны хувьд ажилгүйдлийг багасгах, хүн амны зарим хэсгийн амьдралыг сайжруулах, ажиллах хүчин сургаж бэлтгэхэд ашигтай. Манай залуучууд гадагш гарч ажиллаж байгаагийн шалтгаан, ашиг нь ийм учиртай. Энэ бол сайн тал нь. “Сайны хажуугаар саар юм бас байдаг”. Үүний саар тал нь гэвэл юуны өмнө гэр бүлийн байдал, улмаар хүний өсөлтөд муугаар нөлөөлөх, гадагш гараад явсан хүн, ялангуяа гадаадад суралцагчид эх орондоо буцаж ирэхгүй болох мэтийн зүйл байдгийг залуу үе, эцэг эх, төр засаг бас л бодолцох учиртай. Сурагч хүүхдэд зориуд хэлэхэд: гадны хүн, үндэстэн, ястныг  гадуурхах, хавчих ёс аль ч улс оронд их, бага хэмжээгээр байдаг. Ийм ч учраас “Танихгүй газрын бурхнаас таньдаг газрын чөтгөр дээр”, “Бор гэртээ богд, хар гэртээ хаан” гэх мэтийн ардын мэргэн сургаал байдгийг санаж явахад “Амаа барихгүйд” тус болж юун магад. Харин гадаадын ажилчин орж ирж байгаа орны хувьд өөрийн орны хүмүүсийн хийх дургүй ажлыг хийлгэх, хямд ажиллах хүчин ашиглаж ашиг олох зэргийн ашигтай байдаг.

4. Мөнгө зээлдүүлэх нь орчин үеийн эдийн засгийн даяаршлын нэг чухал хэлбэр болж байна. Мөнгө зээлдүүлж байгаа орон нь зээлийн хүү авч хөрөнгөө арвижуулахад ашигтай. Зээлдэгч орны хувьд хөрөнгө оруулалт3 хийх, хүн амынхаа амьдралыг сайжруулах, улс орноо хөгжүүлэхэд ашигтай.

5. Олон улсын эдийн засгийн даяаршлын нэг хэлбэр нь олон улсын валютын харилцаа юм. Энэ бол олон улсын төлбөр, тооцоо хийх систем юм. Дээр үед олон улсын төлбөр, тооцоог алтаар хийдэг байсан бол одоо гол төлөв ам. доллар мэтийн валютаар хийх болжээ.

Тайлбар: 1 Даяаршил гэдэг нь глобальчлал гэдгийн монгол орчуулга. Даяаршил гэдэг нь бүх нийтийн болох, дэлхийн шинжтэй болох гэсэн утгатай ойлголт юм. 2 Олон улсын хөдөлмөрийн хуваарь гэдэг нь улс  орнууд өөр өөрийн онцлогт тохирсон үйлдвэрлэл явуулж байгааг хэлнэ. 3 Хөрөнгө оруулалт  гэдэг нь хөрөнгө буюу мөнгө гаргаж үйлдвэрлэл, аж ахуйн газар мэтийг байгуулна  гэсэн үг. Энд гадаадын хөрөнгө орж ирэхийг хэлж байна.

32.  Далд эдийн засаг


 Далд эдийн засаг гэсэн ойлголт. Улс эдийн засгийн үзүүлэлтээ тооцоолж байдаг. Гэтэл энэ улсын тооцоонд ордоггүй эдийн засгийн үйл ажиллагаа бас байдаг. Үүнийг далд эдийн засаг гэнэ. Өөрөөр хэлбэл, улс (төр)-аас далд явагдаж байгаа эдийн засгийн үйл ажиллагааг далд эдийн засаг гэдэг байна.

 Далд эдийн засагт ордог зүйлс. 1. Ажилгүй гэж улсад бүртгүүлээд улсаас тэтгэмж авдаг мөртөө ямар нэгэн юм хийж орлого олж байгаа хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн олсон орлого далд эдийн засагт орно. Жишээ, ганзагын наймаачид, гар дээрээс худалдаа хийгчдийн орлого.

 2. Зарим хүн үндсэн ажлаас гадуур ажил хийж  орлого олж байдаг. Энэ орлого  далд эдийн засагт орно.

 3. Улсад мэдэгдэлгүй, нуун дарагдуулах замаар олж байгаа орлого. Өмч идэж ашиглах, хэрэглэгчдийг мэхлэх замаар олж байгаа орлого. Жишээлбэл, хятад төмсийг шороонд хутгаад монгол төмс гэж илүү үнээр худалдах, хятад гурилын уутыг солиод орос юм уу, монгол гурил гэх, сүүнд ус холих мэтийн олон арга байдгийг та нар мэднэ шүү дээ.

 4. Бэлэн мөнгө болон бусад зүйлээр нэмэлт орлого олох. Жишээ нь, албаны мөнгө ашиглан наймаа хийж олж байгаа орлого, хээл хахуулиар олж байга орлого.

 5. Хууль бус бизнесийн орлого. Жишээ нь, татвараас зайлсхийж олж байгаа орлого. Жишээ нь, зарим хүн төрд татвар төлөхгүйн тулд орлогоо нуун дарж байдаг. Энэ нуусан орлогоос төрд татвар өгөхгүй байгаа болохоор хэрэв орлогоо нуухгүй татвар өгсөн бол хичнээн төгрөгийн татвар өгөх байсантай тэнцэх орлого олж байна гэсэн үг. Энэ зорилгоор өөрийн компаниа жижиглэж охин компани байгуулах, олон данс, тухайлбал, жинхэнэ данс, татварын албанд үзүүлдэг хуурамч  данс мэтийн данстай болох гэх мэт.

 Далд эдийн засаг үүсэх шалтган. Далд эдийн засаг олон шалтгаантай. Гол шалтгаан нь гэвэл: 1) шударга бус аргаар ашиг олох; 2) албан татвар төлөхөөс зайлсхийх эрмэлзэл. Өөрөөр хэлбэл, шударга бус зан.

 Далд эдийн засгийн хор уршиг. 1. Далд эдийн засаг нь албан ёсны эдийн засгийн хэмжээг бууруулах, засгийн газрын эдийн засгийн бодлогыг гажуудуулах аюултай. Жишээ нь, зарим сурагч автобусны мөнгө гэж ээж, ааваасаа мөнгө авчихаад автобусанд өгөхгүй, өөрөө завшиж байгаа нь айл гэрийн мөнгөнд, мөнгөө зарцуулах үйл ажиллагаанд хохирол болдогтой адилтган ойлгож болох юм .  Далд эдийн засгийн орлогоос улсад татвар орж ирэхгүй учир татвар төлөгчдийн татвар нэмэгдэх аюултай.

       Далд эдийн засгийн ашигтай тал. Далд эдийн засгийн зарим орлого бизнест орж бизнес хөгжсөнөөс улсын эдийн засагт ашиг өгөх сайн тал бас бий.

  33. Эдийн засагт төрийн оролцоо


 Зарим эдийн засагч, бизнесмен төр бидний хэрэгт, эдийн засгийн хэрэгт оролцлоо, гар дүрлээ, үнэ зохицуулах гэлээ гэх мэтээр хэл ам хийж төрийн зөв зүйтэй бодлогыг мэдсээр байж зөвхөн хувийн явцуу эрх ашгийн үүднээс эсэргүүцэж байдаг нь тэдний “зан” нь болжээ.

Төрөөс эдийн засгийг зохицуулах үйл ажиллагаа. Орчин үед эдийн засгийн хөгжил зөвхөн зах зээлийн хууль буюу “үл үзэгдэх гараар“ бүрэн зохицуулагдах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, төр эдийн засагт зохицуулах үүрэг гүйцэтгэх болжээ. Эдийн засаг, нийгмийн бүх асуудлаа дан ганц зах зээлийн аргаар явуулдаг, төрийн оролцоо, зохицуулалтгүй улс орчин үед байхгүй. Орчин үеийн зах зээлийн улс гэдэг бол төрийн зохицуулалттай улс юм. Төрийн зохицуулалт гэдэг нь зах зээлийг орлох буюу зах зээлийн үйлчлэлийг захирахад биш, харин зах зээлийг дээд зэргээр бүрэн зөв ажиллуулах нөхцөлийг хангах, түүний хийж чадахгүй зарим зүйлийг нөхөж гүйцэтгэхэд оршино.

Төрийн зохицуулалт зайлшгүй болохын үндсэн шалтгаан. Төрийн зохицуулах үйл ажиллагаа дараах үндсэн шалтгаанаас болж зайлшгүй хэрэгтэй болж байна үүнд:

 1. Зах зээлийн бүрэн зөв ажиллах нөхцөлийг хангах. Энэ зорилгоор монополийг арилгах, өрсөлдөөнийг хангах, арилжааны шударга бус аливаа арга, хэлбэрийг таслан зогсоох, хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийг эдийн засгийн мэдээллээр хангах зэрэг арга хэмжээ авна. Энэ зорилгоор зах зээлийн эдийн засгийн хэвийн ажиллах хууль зүйн үндсийг бий болгох. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах хууль, дүрэм гаргаж түүний биелэлтийг хянах явдлаар хэрэгжинэ. Жишээ нь, хувийн өмчийг хамгаалах, аж ахуй эрхлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хууль гэх мэт болно.

2. Зах зээлийн уулаасаа хангах үндэсгүй нийгмийн зорилтуудыг шийдэх. Зах зээлийн нөхцөлд хувь хүн богино хугацаанд ашиг өгөх зүйлд хөрөнгө оруулахаас биш, ашиг багатай буюу өөрт нь шууд ашиг өгөхгүй зүйлд хөрөнгө оруулахгүй. Тухайлбал, соёл, боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, эрүүлийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах, зам, холбоо, тээвэр зэргийг хувь хүн санхүүжүүлэхгүй учир энэ мэтийн зүйлийг улс санхүүжүүлэхээс өөр арга байхгүй.

 3. Нийгмийн шударга ёсыг хамгаалж хөгжүүлэх. Зах зээл нь хөрөнгөтэй, авьяас, чадвар, авхаалжтай хүнийг баяжуулах, тийм биш хүмүүсийг хоосруулах замаар хөрөнгө чинээний ялгааг маш их болгох муу талтай. Ийм учраас энэ ялгааг зохих хязгаарт нь барьж байх, баян хүнээс татвар татаж ядуу доодсыг тэтгэн дэмжих төрийн шаардлага зайлшгүй гарна.

4. Улс орныхоо нөөцийг зөв хуваарилан байршуулах, эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг хангах шаардплагаас төрийн зохицуулах үүрэг зайлшгүй гарч ирж байна. Зах зээлийн нөхцөлд үй олон хувийн өмчтөн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах учир улс орны эд хөрөнгийн болон хөдөлмөрийн нөөц тэр болгон оновчтой хуваарилагдахгүй. Улс орны жигд хурдан хөгжил тэр болгон хангагдахгүй. Ийм үндсэн шалтгаануудаас төрийн зохицуулах үйл ажиллагаа зайлшгүй болж байна.  

Төрийн зохицуулах үйл ажиллагааны үндсэн арга. Төр дээр дурдсан зохицуулах үүргээ: санхүү, мөнгөний бодлого; нийгмийн болон орлого зохицуулах бодлого; гадаад эдийн засгийн бодлого мэтийн олон аргаар хэрэгжүүлнэ. Санхүүгийн бодлого бол татвар ноогдуулах, хуваарилан зарцуулах явдлаар хэрэгжинэ. Мөнгөний бодлогоор үнэ, хүн амын хэрэглээ, үйлдвэрлэлийн хэмжээний өсөлтөд нөлөөлнө. Төрийн нийгмийн бодлого нь соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн асуудлыг шийдвэрлэх бодлого юм. Төрийн гадаад эдийн засгийн бодлого бол гол нь гадаад худалдаа, валютын зохицуулалт хийх бодлого болно.

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...