Monday, 29 October 2018

Монголыг хөгжүүлэх хүмүүс

Дэлхийн түвшинд гологдохооргүй мэдлэг боловсролтой, өндөр хөгжилтэй улсуудад ажиллахад тавигддаг өндөр босгыг даван гарах чадвартай мэргэжилтнүүдийн маань хэдэн хувь нь гадаадад байгаа бол? Эдгээр хүмүүс бидэнд илүү хэрэгтэй бөгөөд тэдэнгүйгээр Монгол улсын хөгжил, дэвшлийн тухай ярих нь утгагүй билээ.

Гүйцэт ашиглаж чадахгүй байгаа тэрхүү потенциалынхаа үнэлгээг хийхийг энд оролдоё. Алдаа мадаг өчнөөн байх нь мэдээж учир урьдчилан хүлцэл өчөөд, улам сайжруулахад маань уншигч та туслах байх хэмээн гүнээ найдаж байна.


Өндөр хөгжилтэй улсуудад мэргэжлээрээ ажиллаж байгаа хүмүүсийн бүртгэл бидэнд байдагсан бол дээрх асуултанд хариулахад тун хялбар. Тийм мэдээлэл байхгүй учир үүнийг шууд бусаар үнэлэхээс өөр аргагүй. Миний бодлоор тэрхүү хувийг дэлхийн шаардлагыг ханган ажиллаж байгаа эрдэмтдийн хувиар төлөөлүүлэн үнэлж болох болов уу.

Өнөөдөр эрдэмтдэд тавигддаг үндсэн шалгуур бол судалгааны ажлаа дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлж чаддаг байх явдал юм. Нэгэнт үүнийг бичигч нь эдийн засгийн салбарынх учир шинжлэх ухааны салбаруудаас эдийн засгийн салбарыг төлөөлүүлэн авъя. Уг салбар нь шинжлэх ухааны томоохон салбар бөгөөд дэлхийн хэмжээний гэгдэх, SSCI & SCI-д бүртгэлтэй эрдэм шинжилгээний сэтгүүлийн тоогоор тэргүүлэгчдийн нэг нь юм.

Тэгэхээр миний үнэлгээ дэлхийн хэмжээний гэгдэх эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээлээ нийтлүүлдэг эдийн засагчдын хэдэн хувь нь гадаадад ажиллаж байна вэ гэдэг дээр тогтоно гэсэн үг.

Эдийн засгийн салбарын сэтгүүлүүдийн чансааг тогтоодог нэлээд олон эх үүсвэр бий. Жишээ нь,  Их Британы бизнесийн сургуулиудын холбооны сэтгүүлүүдийн жагсаалт, Австралийн бизнесийн сургуулиудын захирлуудын зөвлөлийн жагсаалт, мөн алдартай эдийн засагчдын гаргасан зөвлөмж гэх мэт үнэгүй эх үүсвэрүүд байна. Эхний хоёр нь Европ, Австрали, Шинэ Зеландад хүлээн зөвшөөрөгддөг сэтгүүлүүдийг л бүлэглэн ангилдаг бол сүүлчийнх нь зөвхөн тэргүүлэх сэтгүүлүүдийг авч үздэг.

Сэтгүүлийн эшлэлийн тайлан (СЭТ, Journal Citation Reports) бол хамгийн дэлгэрэнгүй, нарийвчилсан мэдээлэлтэй нь бөгөөд шинжлэх ухааны бүх салбарыг хамардаг учир мөн хамгийн танил нь болно  (Эдийн засгийн салбарт RePEc-ийн жагсаалт гэж мөн бий бөгөөд одоогоор 2397 сэтгүүл эрэмбэлэгддэг. МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн "Эдийн засаг: онол практик" сэтгүүл энд бүртгэгдэхээр хөөцөлдөж байна. Гэхдээ RePEc-ийн жагсаалтад орох болон СЭТ-д багтах хоёр өөр түвшний зорилт гэдгийг дурдах нь зүйтэй).
Монголыг хөгжүүлэх хүмүүс эргэн ирэхгүй бол юу болох тухай бусад улсын туршлага дээр тулгуурласан илтгэл. 2018.10.28. Саппоро хот, Япон улс.

2018.10.08-ны нийтлэлдээ СЭТ-ийн Эдийн засгийн салбараарх 352 сэтгүүлийн нэр, тэдгээрт нийтлүүсэн Монголчуудыг харъяаллынх нь хамт харуулсан билээ. Хэрэв нэг судалгааны ажил дээрх монголчуудын ажлыг давхардуулан тоолвол байгаа дээрх сэтгүүлд бид нийт 77 өгүүлэл нийтлүүлжээ. Тэдгээрээс 24 нь буюу 31% нь Монголын харъяалалтай ажээ.

Харин хүнээр нь тооцвол дээрх сэтгүүлүүдэд 36 монгол эдийн засагч бүтээлээ нийтлүүлсэн бөгөөд миний мэдэхээр бүгд амьд сэрүүн байна. Тэднээс 19 нь гадаадад ажиллаж байгаа гэвэл дээрх асуултын маань хариу 53% болох ажээ. Миний мэдэхгүй өөр хүмүүс гадаадад байж болох учир үүнээс ч өндөр байж магадгүй.

Хуучин МУИС-ийн ЭЗС-д харъяалагдаж байсан салбарууд болох санхүү, менежмент, бизнес, хүн ам зүй, нийтийн удирдлага, статистик-магадлал, нийгмийн ухааны математик арга зүй, үйлдлийн шинжилгээний эрдэмтдийг харвал энэ үнэлгээ улам л өсөх бололтой. Тухайлбал эдгээр салбарын топ эрдэмтэд 100% гадаадад ажиллаж байна. 

Бусад шинжлэх ухааны салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн хувьд ч 53.3%-аас бага байх үндэслэл байхгүй мэт. Харин ч эдийн засгийн салбарын эрдэмтдэд үнэтэй лаборатори, тоног төхөөрөмж, урвалж хэрэггүй харин хими, физик, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарынханд эдгээр нь ус агаар мэт хэрэгтэй гэдгийг анзаарвал дээрх эрдэмтэд, мэргэжилтнүүдийнх нь харьцангуй олонхи нь гадаадад ажиллаж буй байх.

Багш нар дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийг бэлтгэх, технологи дамжуулах "стратегийн өндөр ач холбогдолтой" хүмүүс учир хөгжил дэвшлийн үндэс болдог. Гадаадад ажиллаж байгаа дээрх эдийн засагчдын маань 84% нь тэдний их сургуульд ажиллаж байгаа бол Монголд эргэн ирсэн эрдэмтдийн зөвхөн 35% нь л мэргэжлээрээ боловсролын байгууллагад ажиллаж байна.

Бид багш нараа дэлхийн түвшинд хүргэн хөгжүүлж байж л хөгжинө. Ийм стратегийг амжилттай хэрэгжүүлж буй ойрын жишээ гэвэл урд хөршийн Засгийн газрын өндөр хөгжилтэй улсуудын их сургууль, мэргэжлийн байгууллагын шалгуурыг нь хангаад ажилд орсон хүмүүс Хятадын их сургуульд ирж ажиллавал ажиллах болон амьдрах орчингоор нь огт дутаахгүй байх зорилготой "1000 авъяас хөтөлбөр" байна.

Манай төр засаг үүнд огт ач холбогдол өгч байсангүй. Бүр харьцангуй ирээдүйтэй болоод байсан, Европын Холбооны TACIS хөтөлбөрийн хүрээнд шинэчлэгдсэн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг битгий татан буулгаач гэж учирлан тайлбарлаад ч ойлгодоггүй ерөнхий сайдтай, өөрийнхөө хүүхдийг гадаадад сургачихаад "манай дээд боловсрол бол эрэгтэйчүүдийг нь архичин, эмэгтэйчүүдийг нь янхан болгочихгүй байх л зорилготой систем" хэмээн мэлзэх УИХ-ын даргатай байв.

Манай 94 их, дээд сургууль, коллеж дэлхийн жишиг рүү дөхөхөд, тэнд суралцаж буй 157625 оюутан бусдын л нэгэн адил шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтуудаас сурч мэдэх боломжоор хангагдахын тулд бид юу хийх ёстой вэ? Юуны өмнө их сургуулиуд хавтгайруулсан бус, үр дүнд суурилсан цалин-урамшууллын системтэй болж топ эрдэмтдийг татах орон зай үүсгэх ёстой. Энэ нь өдгөө популистуудын атганд орчихсон байгаа улсын сургуулиудын хувьд дор хаяж, ойрд өөрчлөгдөхгүй янзтай.

Мэдээж хувийн сектор бол дараагийн боломж. Гэхдээ үүнийг тэрлэгч танай боловсон хүчинг үндсэндээ бэлтгэж өгч байгаа юм чинь МУИС дээр өөрийн нэрэмжит профессортой болооч хэмээн Голомт банкны хоёр ч захиралд хүсэлт тавьсан ч амжилт олоогүй, Монголчууд өөрсдөө ийм байхад бусад банкны гадаад эзэд ч тоохгүй биз гээд орхисон.

Ер нь банкны теллерээс нэг их ялгаагүй цалин авдаг санхүүгийн профессортой улсын санхүүгийн сектор хөгжинө гэдэг бараг боломжгүй, санхүүгийн хүүлэлтийг л үргэлжлүүлэн явуулах сонирхолтой байна гэсэн үг байх. Нэрэмжит профессорын стратегийг амжилттай хэрэгжүүлж байгаа ойрын жишээ хойд хөршид жишээ уул нь өчнөөн бий: Альфа банкны нэрэмжит профессор гэх мэт. 

Хэрэв бид нийгмийн жишгээ өөрчлөн, бусдаас ялгарах гэж асар үнэтэй машин, хурдан морь хөөцөлдөгч чинээлэг иргэддээ өндөр түвшний эрдэмтдийг Монголд оруулж ирэн, Пётр Олегович Авений нэрэмжит профессор гэх мэтээр томилон, монгол хүүхдүүдэд шинжлэх ухаан заалгасан нь "илүү догь" хэмээн итгүүлж чадвал хамгийн дорвитой өөрчлөлт гарна.

Ямартаа ч Монголыг хөгжүүлэх хүмүүсийг монголд нь авч ирж чадах эсэх нь бидний өмнө тулгараад буй хамгийн том сорилт, шийдэх ёстой асуудал, тэгэхээр бид энэ асуудлыг нийгмийнхээ анхаарлын төвд яаралтай оруулах хэрэгтэй байна.

No comments:

Post a Comment