Thursday, 29 March 2012

Дэлхийн цалингийн шатлалын хаана нь та явна вэ?

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын мэдээлэл дээр тулгуурлан Их Британы BBC агентлагаас дэлхийн цалингийн шатлалыг энд гаргажээ. Түүвэрт хэт ядуу улсуудыг оруулалгүй нийт 72 улсыг хамруулсан байна.

Улс бүрийн амьжиргааны түвшин өөр өөр байдгийг бодолцон татварын өмнөх дэлхийн дундаж цалинг сарын 1480 америк доллар гэж тооцоолжээ.



Нэгэнт уул уурхайн салбарынхаа хүчээр Монгол улс бага орлоготой улсуудын тооноос хасагдаж дундаж орлоготой улсуудын эгнээнд орсон учир бид ч энэ судалгаанд хамрагдсан юм байна.

МУИС-ийн дэд профессорын татварын өмнөх цалин болох 800 мянган төгрөгийг (яг үнэндээ 795 мянга) маань худалдан авах чадварын паритетаар хөрвүүлвэл сарын 1104 доллар болох аж. Дэлхийн дунджаас доогуур ч энэ нь Монгол улсын дундаж цалингаас 2,7 дахин их бас Аргентин, Чили, Бахрайн, Бразил гэх мэт улсуудын дундаж цалингаас өндөр байгааг хараад бас ч үгүй боловсролдоо зориулсан 20 жил маань хоосонгүй байж гэсэн бардамнах сэтгэгдэл төрөв.

Гэтэл сайн дураараа огцрон байж ирсэн Ланкастерийн Их Сургуульд авч байсан цалин болох сарын 3000 паунд маань 4400 доллар болох бөгөөд судалгаанд хамрагдсан бүх улсуудын дундаж цалингаас өндөр, харин Их Британы дундаж цалингаас 44 хувиар илүү байж.

Монголд буцан ирж, МУИС-д ажиллан, хичээл зааж байгаа маань тэдэнд сарын 3296 доллараас бага үнэ цэнэтэй бол би хамгийн муу эдийн засагч болох юм байна. Гэхдээ оюутнуудаас маань дор хаяж хоёр нь төгсөж гараад сарын 3296 долларын цалин авах юм бол миний хүмүүн капитал үр ашигтай зарцуулагдаж байна гэсэн үг болно. Эсвэл үүнээс арай бага цалинтай ч нэлээн олон оюутан гарчихвал. Үүнд харин би эргэлзэхгүй байна.

2 comments:

  1. сайхан нийтлэл байна аа. багшаа... та муу эдийн засагч биш гэдгийг бид ирээдүйд нотлох нь нээ

    ReplyDelete
  2. Эрч хүчтэй, гоё нийтлэл байна. Ялангуяа сүүлийн параграф.

    ReplyDelete

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...