Tuesday, 30 August 2022

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлхтөн маш сайн мэддэг болжээ. Үр дүнг нь хүчээр өөрчлөх гэж муйхарлавал өөрсдөө л урт хугацаанд хохирох учир бусад бараа, бүтээгдэхүүнийхтэй болон өөрийнх нь өмнөх үетэй харьцуулахад үнэ яагаад өөрчлөгдөж буйг нь судлаж, юуг дохиолж, анхааруулаад байгааг нь ойлгохыг оролддог болжээ. 


Жишээ нь миний мэдэх хамгийн хямд хуйцаа 5800 төгрөгийн үнэтэй. Үнэ дагаж чанар гэж ярих нь олонтаа. Иймд энэ хуйцааг тоож идэхгүй хүн байх нь эргэлзээгүй. Гэвч эргэлт нь түргэн байх, олон үйлчлүүлэгчтэй тул нэгжийн ашиг нь бага ч нийт ашиг нь гайгүй байдаг биз гэх мэт шалтгаанаар хямд үнийг нь зөвтгөөд би маш олон хүмүүсийн нэгэн адил Шөлөндөгийн хуйцааг амтархан иддэг. 

Эрэлтийн мурай сөрөг хазайлттай буюу үнэ өндөр байх тусам эрэлт бага, үнэ бага байх тусам эрэлт өндөр байдаг эдийн засгийн ерөнхий зүй тогтлыг хүн болгон мэдэх байх.

Гэхдээ 580 төгрөг буюу үүнээс 10 дахин хямд, 58 төгрөг буюу 100 дахин хямд үнээр хуйцаа зарж байвал би л хувьдаа авахгүй. 1 кг мах 10000 төгрөг нэлээд давсан байхад юуны махаар хийсэн бол гэж сэжиглээд. Англи хэлэнд Rubbish in, Rubbish out гэсэн хэлц үг байдаг. Монголоор хогоор хог л хийдэг гэж орчуулагдах юм уу даа.

Монголын их, дээд сургуулиудад өнөөдөр 148954 оюутан суралцаж байгаа бөгөөд сургалтын жилийн төлбөр дунджаар 2769686 төгрөг байна.  Нэг ам. доллар 3197 төгрөг гэвэл 866.3 ам. доллар гэсэн үг. 

Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гадаадад явуулдаг азтай цөөхөн оюутнуудын сургалтын жилийн төлбөр 120311 ам.долларт хүрэх нь бий. Өөрөөр хэлбэл бид нэг жилийн дээд боловсролын үйлчилгээ тийм үнэтэй байхыг шударга үнэ гэж үзэж байна. Гэвч доллар чангарч байгаа учир яваандаа бид санхүүжүүлэхэд улам л хэцүү болно.

Энэ нь Монголынхоос 138.88 дахин өндөр юм. Уул нь бид энэ мөнгөөр гадагшаа нэг оюутан явуулж байхаар багш нарыг нь оруулж ирвэл хэмнэлттэй. Бусад улсууд ч тэгэж байна, жишээ нь харьцангуй хямд үнэтэй хэмээн Английн хөдөлмөрийн зах зээл дээрээс урд хөршийнхөн маань багш нарыг маш их авч байна. Тэдний дунд гаднын их сургуулиудын шаардлагыг нь ханган ажиллаж буй монголчууд орвол бүр илүү хэмнэлттэй болно.

Монголд багшилсан нэр зүүж, тогтмол цалин орлоготой байх зарим хүмүүсийн хэрэгцээг (магадгүй нэмэгдэл) нь хангуулаад, ямар ч шинжлэх ухааны агууламжгүй өдөр өнжүүлэхэд өчнөөн том болсон залуусыг хорьж, ажиллах хүчнээсээ гаргачихаад ажиллах хүн олдохгүй байна, төгсөгчид чанаргүй байна, эдийн засаг сайжрахгүй байна гэж ярих нь утгагүй.  

Энгийн ардын, ирээдүйд хүүхдүүдийн тань найз нөхөд, гэр бүл болох хүүхдүүдийг хогийн сав мэт үздэггүй болсон үед л, дэлхийн бусад оюутнуудын юу үзэж, судлаж байгааг нь шаардлага хангасан хүмүүсээр нь заалгуулж байж л бид мэдлэгт суурилсан эдийн засагтай болно.

Ахлах сургууль төгсөгчдийн 65.6% нь их, дээд сургуульд хамрагдаж, хүн амын хэрэглээний сагсанд эзлэх дээд боловсролын үйлчилгээний жин нь чамгүй өндөр болсон энэ үед сургалтын төлбөрийг өсгөчихвөл инфляцид нөлөөлөх, дотоод, гадаадын төлбөрийн зөрүү багасах учир гадагшаа явж сурах, түүнийг дагасан ам. долларын эрэлт, ханш нь өснө. 


Уул уурхайн салбар нийт эдийн засгийн маань ¼-ээс ихийг бүрдүүлдэг ч, хөдөлмөр бус капиталд тулгуурладаг учир ажиллах хүчнээс маань сорчлон 5%-ийг л ашигладаг энэ улсад бусад ажиллах хүчин маань өөр хаачих ч билээ гэж бодогдож байж болох юм. Хэвийн ажилгүйдлийн түвшин (natural rate of unemployment) нь бусад эдийн засгийнхаас хамаагүй өндөр байна гэж таамаглах хүн ч байж болно. Үнэхээр ч уул уурхайн салбар нь хэт томдоод бусад салбаруудаа шахан гаргах аюултай байна гэсэн судалгаа нэлээд олон бий [1], [2]

Гэвч энэ нь эдийн засаг дахь төрийн оролцоо, зах зээлийн механизмд төрөөс, хөндлөнгөөс оролцож, гажуудуулсантай тодорхой хэмжээгээр холбоотой мэт. 

Дээд боловсролд хамрагдалтын хувь социализмын үед 20% орчимд хэлбэлзэж байгаад сүүлийн үед эрс нэмэгдсэн байгааг дээрх зургаас харж болно. Энэ нь нэг талаар дээд боловсрол ардчилагдсантай, хүмүүс дээд боловсролд өмнөхөөсөө илүү ач холбогдол өгдөг болсонтой холбоотой байж болно. 

Нөгөө талаас үнэ нь хэт хямд, далд ажилгүйдэл тэр хэмжээгээр нэмэгдэж буйг харуулж ба мэт. Ялангуяа дээд боловсролын салбар нь экспортын үндсэн салбар нь болдог Их Британи гэх мэт улсуудынхаас Монголынх даван гарсан үед.

Яаж зах зээл гажуудчихав?

Юуны өмнө хувийн өмчийн сургуулиуд байр, дэд бүтцийн зардлаа өөрсдөө хариуцаж буй учир төрийн өмчийнхтэй шударга бус орчинд өрсөлдөж байна. Төр нийт оюутнуудын 58%-ийг өөрийн өмчийн сургуулиудад элсүүлэн авдаг,  дээд боловсролын зах зээл дээрх үнэмлэхүй том тоглогч атлаа сургуулиуддаа чанарын шаардлага тавьж, түүчээлэхгүй байна. Энэ нь дээд боловсролын салбарыг дурын хүн эрхэлж, багшилж болдог юм байна гэсэн ойлголтыг төрүүлж байна. 

Мөн улсын өмчийг 1990-ээд оны эхээр хувьчилж аван, хувийн их, дээд сургууль байгуулсан хүмүүсийн ашиг сонирхол нь үнэхээр шинжлэх ухааныг Монголд нэвтрүүлэхэд оршиж байсан уу, эсвэл хялбар аргаар түргэн мөнгө олох хэрэгсэл болгож харж байв уу? 

Цаашилбал төр сургалтын төлбөрөө хэт бага түвшинд хүчээр барьж байна. Энэ нь хувийн секторыг шахан гаргах, үлдсэн багахан зах зээлийн төлөө төлбөрөөрөө өрсөлдөх, ёроол руугаа чиглэсэн уралдаан бий болгож байна. Эндээс эрэлт, нийлүүлэлтийн хууль ёсоор дээд боловсролд хамрагдалтын хувь хиймлээр хөөрөгдөж байна.

Дээрх илүүдэл ажиллах хүчин маань уул нь дэлхийн хэмжээний дээд боловсрол эзэмшвэл уул уурхайн бус салбарууд маань дэлхийн түвшинд мөн өрсөлдөх суурь бүрдэнэ.

Дээд боловсролын чанарыг багшлах боловсон хүчин, ажилчдынх нь бусад улсын эрдэмтэдтэй өрсөлдөн, шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн тоогоор багцаалах нь олонтаа.

Гэтэл нэг сая хүнд ногдох физик, биологи, хими, математик, анагаах эм зүй, био-анагаах, инженер технологи, дэлхий-сансар судлалын салбарт эрдэм шинжилгээний өгүүллийн тоогоор бид дэлхийн дунджаас 7.6 дахин муу байгааг, энэ нь цаашдаа улам муудах хандлагатай байгааг дараах зургаас харж болно.


Монголоос нийтлэгдсэн 1 сая хүнд ногдох шинжлэх ухааны өгүүллийн тоо 2013 онд 57 болж оргилдоо хүрээд, хамгийн сүүлийн үеийн статистикаар 44 болж буурав. 2013 онд Дэлхийн дундаж 303 өгүүлэл байсан бөгөөд өдгөө 336 болжээ. Энэ нь бид урагшлах бус улам ухарч байна гэсэн үг юм.

Байгалийн ухааны салбарынхан маань ийм байхад социализмын үед үзэл сурталжчихсан хүмүүнлэг, нийгмийн ухааныхан бүр ч хэцүү. Монгол Улсын оюутнуудын хамгийн ихээр сурдаг бизнес, санхүү, нягтлан бодох, менежментийн салбарт Монгол Улсын түүхэнд ганц ч өгүүлэл олон улсын тавцнаа гарч байсныг олохгүй байна гэж анхааруулж байжээ . Монгол Улсын бүх бизнесүүд нийлж байгаад ч болов ганц тийм мэдлэг, чадвартай багш гаднаас ч болсон олж ирээч хэмээн уриалдаг. Монгол Улсын 34985 буюу хамгийн олон оюутан бизнесээр сурдаг энэ үед аюулын харанга дэлдэж байх ёстой. 


Багш нар нь эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлдэггүй юм аа гэхэд практик мэдлэг олгодог, ажил олгогчдын шаардлагыг хангадаг байж болно гэж маргах нь олонтаа. Бизнесийн хоосон онолын мэдлэг хэнд хэрэгтэй юм, оюутнууд маань шуналтай л байхад болно гэж мэтгэлцэх Бизнесийн сургуулийн захиралтай хүртэл Монголд тааралддаг. Харамсалтай нь Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангаас манайд бизнес эрхэлдэг гадны хөрөнгө оруулагчид ч байж болох хамгийн доогуур үнэлгээг бидэнд өгдөгийг дараах зураг харуулж байна.


Энэхүү нийтлэл маань дээд боловсролын салбарыг шууд хувьчил, үнийг нь өсгө гэж уриалах зорилгогүй. Ямар ч бэлтгэл, нөхцөл хангагдаагүй үед үүнийг хэрэгжүүлбэл инфляц, валютын ханш огцом өсөх болов уу. Учир нь дараах зургаас хүн амын хэрэглээний сагсны маш том хэсгийг боловсролын үйлчилгээний үнэ эзэлдэг бөгөөд өөрчлөгдөх бүрт нь инфляцид хүчтэй болохыг харж болно.

Монгол Улсын инфляц болон бүрэлдэхүүн хэсгүүд. Боловсролын үйлчилгээнийх зүүн баганын 2-р мөрөнд дүрслэгдсэн (Education services)

Энэхүү нийтлэлийн зорилго маань төр энэ салбарыг хариуцахаар шийдсэн бол харицсан шиг хариуцаач, чадахгүй бол хувийн секторт даатгаач гэж уриалахад оршино. Мөн гаргасан шийдвэрийнхээ үр дүнг бид хэзээ нэгэн цагт үүрэх л ёстой болохыг анхааруулахад оршино. Ачаагаа багасгахын тулд туны өмнө бид эртхэн үүнийгээ, үр дагаврыг нь ойлгох, яаж шийдэхээ хэлэлцэж тохиролцох ёстой. 

Дээд боловсролын чанар Монголд мууг, ялагдаж буйг нь мэдэх оюутан, эцэг эхчүүд гадагшаа тэмүүлэх нь тодорхой. Үүнийг дотоодын их, дээд сургууль, коллежийн тоо 2006 онд 180 байснаа өдгөө 94 болж 48%-аар буурснаас, тэр дотроо хувийн секторын оролцоо нь илүү багассанаас, суралцагсдынх нь тоо 2015 онд оргилдоо хүрч 178 мянга болсноос хойш тогтмол буурсаар 2020 оны байдлаар 147 мянгад хүрч 17% буурснаас тодорхой хэмжээгээр харж болно. Ялангуяа өдгөө 41827 оюутан гадаадад сурч буйгаас үүнийг харж болно.

Мэдээж өндөр хөгжилтэй, ардчилсан улсуудад сурсан оюутнууд эргэн ирж ажилладаг бол энэ нь тийм ч муу зүйл биш. Гэвч бусад олон хүчин зүйл нөлөөлөх ч (ceteris paribus) нас залуудаа явсан байх тусам, сайн сурсан байх тусам цаанаа шингэж, тархи алдагдах нь элбэг байдаг. Бакалаврын түвшинд бол Японы Монбушо хөтөлбөрөөр очсон оюутнуудаас 70 орчим % нь эндээ үлддэг, эсвэл дамжаад өөр улс руу явдаг болов уу гэж Японд очоод сонсож байсан. Магистрын хувьд хувийн туршлагаасаа харахад Монголд нэг хэсэг үйл ажиллагаа явуулсан Соросын сангийн эдийн засгаарх хөтөлбөрийн хувьд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагсдын 40% нь мөн дипломоо ашиглаад тэр хавиараа ууссан байдаг. Ямартаа ч цалингийн түвшинтэй маань харьцуулахад өндөр өртөгтэй суралцсан байх тусам эргэн эрэх магадлал нь бага байна.


Энэ нь чадварлаг залуус гадагшаа алдагдахаас гадна бүр түргэн нөлөөтэй. Гадны зээл, тусламж, Монголын Засгийн газрын тэтгэлгээр явж байгаагаас хамаагүй олон оюутан өнөөдөр хувиараа гадагшаа явж боловсролын үйлчилгээ авч байна. Монголбанкны төлбөрийн тэнцлээс харвал жилд 300 сая гаруй ам. долларын сургалтын зардал гарч байна. Ковид мэтийн гэнэтийн шокуудын улмаас тэндээ ажиллаад зардлынхаа зарим хэсгийг санхүүжүүлдэг оюутнуудын хувьд энэ нь бүр нэмэгдэнэ. Медиан цалин нь 900 мянган төгрөг бидний хувьд энэ нь асар их дүн бөгөөд, яаж босч буй арга замыг нь ургуулан бодвол бүр илүү өндөр зардалтай байх болов уу.

Их, дээд сургууль, коллежийн үндсэн багшийн тоо маань харин 2006 онд 6517 байсан бол 2020 онд 7143 болж 10% өссөн нь төрийн сургуулиудын оролцоо нэмэгдсэнтэй нийлээд салбарын бүтээмж буурсныг илтгэдэг. Мөн 2000 оны эхээр багш нарын хүйсийн харьцаа 50:50 орчим хувь байсан бол өдгөө эмэгтэйчүүдийнх нь 60% болсон нь өрхийн тэргүүн нь эрэгтэйчүүд давамгайлдаг бидний хувьд багшлаад өрхөө авч явах боломжгүй болсныг мөн илэрхийлж байж болно.

Дээд боловсролын чанар муу байх нь бага, дунд боловсролын чанарт нөлөөлөх нь мэдээж. Учир нь их, дээд сургууль төгсөгчдийн багагүй хэсэг нь тэнд багшилдаг. Шинжлэх ухааны мэдлэг оюутан байхдаа аваагүй хүмүүс хүүхдүүдэд юугаа зах билээ? Иймдээ ч өнөөдөр хүүхдүүдээ бусдаас хоцроочихгүй юмсан гэсэн эцэг эхчүүд, өндөр төлбөртэй байсан ч хамаагүй хэмээн шинжлэх ухааны суурь заачих багш, сургууль хайх болжээ. 

Эцэг эхчүүдийн энэхүү зовнилыг харьяа тойргийн улсын сургуулиудын чанарыг үнэлж, PISA буюу Сурагчдыг үнэлэх олон улсын хөтөлбөрт хамрагдаж арилгах ёстой гэсэн уриалгыг нь маань хэн ч хүлээн аваагүй нь харамсалтай. Гэвч бүхэлд нь биш юм аа гэхэд төрийн өмчийн Кэмбрижийн сургалттай сургуулиудын сурагчид олон улсын A-level түвшний шалгалтдаа ямар дүнтэй байснаас нь үүнийг багцаалдан үнэлж болно. Үүнийг татвар төлөгчдөд мэдээллэж байх нь Боловсрол, шинжлэх ухааны яамны үүрэг билээ. 

Эцэст нь дүгнэхэд оюутан залууст жинхэнэ шинжлэх ухаан зааж байж л Монгол хөгжинө.  Юуны өмнө Шинжлэх Ухааны Академийг их сургуулиудтай нэгтгэн, судлаач нар нь хүүхдүүдэд хичээл заадаг болбол, шинжлэх ухааны цол хэргэмийг зөвхөн эрдэм шинжилгээний ажил хийдэг хүмүүсээр хязгаарладаг болбол, зөвхөн цол хэргэмийн хойноос хөөцөлддөг хүмүүсийн тоог дагалдах нэмэгдлийг нь хуульчилсан байгааг цуцлах, эрх ямбыг нь зогсоох ёстой.

Энэ салбараа олон улсын жишгээр нь, стандартаар нь, шаардлагаар нь авч явахад бид одоо хаана байна вэ гэдгээ, хэр урагшилж байна вэ гэдгээ хэмждэг болох ёстой. Иймд гадны болон дотоодынхоо сургуулиудтай өөрсдийгөө харьцуулж, өрсөлдөхийг шаардах, Times Higher Education, QS-World University Ranking, ARWU гэх мэт их, дээд сургуулиудын чансааны жагсаалтад хамруулах ёстой. Энэ нь өндөр түвшний эрдэмтдийн эрэлт Монголд үүсэхэд ч эерэг нөлөөтэй.

Нэг оюутанд татвар төлөгчдийн мөнгөөр (жилд?) 120311 ам. доллар зарцуулдгаа болих хэрэгтэй. Энэ бол хэт дэвэргэсэн үнэ юм. Асар үнэтэй тийм сургуульд дэлхийн топ эрдэмтэд байдаг байж болох ч яг адилхан чанартай боловсролыг өөр газраас хямдаар эзэмшиж болно. 

Хэт өндөр төлбөр нь топ судлаач эрдэмтдийг үнэ цохиж авах гэдэг, хэт олон захиргааны ажилтантай байдаг, сурах бичгүүдийг хэт түргэн шинэчилж, өндөр үнээр зардаг бизнес болгон хувиргасан, оюутны төлөөх өрсөлдөөн нь боловсролын чанараас хальж асар том хөл бөмбөгийн ордон, супер тоглогчид, усан бассейн гэх мэт дэд бүтэц рүү орсон гэх мэттэй холбоотой байдаг. 

Энэ нь мөн өв залгамжлалын (endowment) сангаа сургалтын төлбөрөөр өргөжүүлэх гэдэгтэй нь холбоотой байдаг. Жишээ нь манай хэдэн ерөнхий сайд, ерөнхийлөгчийн Монголд оруулж ирсэн Харвардын боловсрол л сайн гэсэн буруу ойлголтын эзэн, АНУ-ын хувийн сургууль болох Харвардын өв залгамжлалын сан нь өдгөө 53.2 тэрбум ам. доллар бөгөөд энэ нь Монгол Улсын  15.1 тэрбум ам. долларын ДНБ-ээс даруй 3.5 дахин өндөр гэсэн үг. 

Монголын ядуу татвар төлөгчид ийм зүйлсийг санхүүжүүлэх ёсгүй. Харин өөрийнхөө шинжлэх ухааны салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, Web of Science-ийн стандарттай сэтгүүлд бүтээлээ нийтлүүлж, дэлхийн шинжлэх ухаанд бүртгэлтэй болсон багш нар бүрэлдсэн тохиолдолд жишиг тэнхим, сургууль (center of excellence) байгуулахыг нь урамшуулж, Grant-in-Aid гэх мэт хэрэгслүүдээр дэмжин, өргөжүүлэх нь илүү үр ашигтай. 

Үүнийг ч Дэлхийн Банкнаас Монголд зөвлөсөн байдаг. Эдийн засагт салбарт тийм мөрөөдлийн багийн гишүүд хэн байж болохыг санал болгосон нь бий

1 comment:

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...