Thursday, 22 November 2018

Шинжлэх ухаан ба түүний нэг салбар нь болох эдийн засгийн ухаан


Хүн төрөлхтний оюуны охь болсон шинжлэх ухаан агшин хором бүрд хувьсан хөгжиж байдаг динамик шинжтэй учир түүнийг статик байдлаар ангилах нь төвөгтэй. Гэхдээ ерөнхийд нь математик-физикийн, нийгмийн, экологи-дэлхий судлалын болон амьд организмын шинжлэх ухаан хэмээн 4 ангилах нь түгээмэл. Сагсаар бол холбон тоглогч буюу эдгээрийг хооронд нь холбодог хэсэг бас бий (зураг 1). 



Зураг 1. Шинжлэх ухааны ангилал, холбоос болон зиндаа. Дугуйн хэмжээ нь одоо хэр том салбар буйг илэрхийлнэ. Эх үүсвэр: http://www.eigenfactor.org/


Шинжлэх ухааныг нийгэм-хүмүүнлэгийн болон байгалийн хэмээн ерөнхийд нь хоёр ангилах нь ч бий. Жишээ нь шинжлэх ухааны мэдлэгийн сан болох Шинжлэх ухааны мэдээллийн институтийн Web of Knowledge (Мэдлэгийн сүлжээ) нь нийгмийн ухаан  (Social Science Citation Index, SSCI), шинжлэх ухаан (Science Citation Index, SCI) болон урлаг хүмүүнлэгийн ухаан (Arts & Humanities Citation Index, A&HCI) гэсэн гурван үндсэн ангиллаар л шинжлэх ухааны судалгааны ажлуудыг ангилан хуримтлуулдаг. Эхнийх нь хүнийг, нийгмийнх хамт, удаах нь байгалийн зүй тогтол, хуулиудыг, сүүлийнх нь урлаг, соёл, хүмүүнлэгийн салбаруудыг судладаг. 

Юуг шинжлэх ухаан, хэнийг эрдэмтэн гэх вэ гэдэг нь эдгээр салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдтэй салшгүй холбоотой. Эрдэмтэд шинжлэх ухааны судалгаа, ололт амжилтаа эрдэм шинжилгээний хурал, семинаруудад хэлэлцүүлж, дараа нь хөндлөнгийн бөгөөд мэргэжлийн үүднээс шүүлгэн хянуулж, тэдгээр нь үнэхээр шинэ мэдлэг байх юм бол эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэн нийтлэсээр ирсэн. Хамгийн ууган эрдэм шинжилгээний сэтгүүлүүд нь 1665 онд эхэлсэн Journal des sçavans болон Philosophical Transactions of the Royal Society юм.

Шинжлэх ухаан болон эрдэм шинжилгээний сэтгүүл нь нэг зоосны хоёр тал юм. Эрдэм шинжилгээний сэтгүүлийнх нь тоо болон уг салбараас бусад нь хэр их шинэ мэдлэг авч байна буюу "ишлэж" байна вэ гэдгээр нь тухайн салбар хэр сайн хөгжиж байгааг хэмжиж болдог. Тэгэхээр зарим салбар маш идэвхтэй хөгжиж байхад зарим нь дараачийн томоохон ололтыг нь гарган өгөх эрдэмтнээ хүлээн царцанги байдалд байна гэсэн үг (зураг 2). 



Зураг 2. Шинжлэх ухааны салбарууд, тэдгээрийн холбоо. Холбоосын хэмжээ нь хэр эрчтэй хөгжиж байгаа болон бие биентэйгээ хэр хүчтэй холбогдож (ишлэгдэж) буйг илэрхийлнэ. Эх үүсвэр: http://www.eigenfactor.org/

Гэхдээ өөрсдийгөө эрдэм шинжилгээний сэтгүүл гээд нэрлэчихсэн л бол шинжлэх ухаантай холбоотой гэсэн үг биш. Аливаа сайн зүйлийг дагаад саар зүйлс заавал үүсдгийн адилаар шинжлэх ухааны нэр барьсан хуурамч сэтгүүлүүд тоймгүй олон бий.

Дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдсөн сэтгүүлүүдийн жагсаалт  Journal Citation Report (JCR- Сэтгүүлийн Эшлэлийн Тайлан, цаашид СЭТ гэнэ) -д байдаг. 2016 оны тайланд 81 улсын 2550 гаруй хэвлэлийн компаниас нийтлэдэг (байгалийн) шинжлэх ухааны 8400, нийгмийн шинжлэх ухааны 3000 гаруй сэтгүүл орсон (Oxford Bulletin of Economics and Statistics гэх мэт хоёуланд нь харъяалагагддаг сэтгүүлүүд бас бий). 


Зураг 3. Салбаруудаарх сэтгүүлийн тоо, дундаж чансаа


Уг жагсаалтанд багтахын тулд сэтгүүл нь тодорхой хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх, нийтлэгдсэн ажлууд нь хөндлөнгийн, олон улсын түвшний мэргэжилтнүүдээр хянагдсан байх (шүүгч болон шүүгдэгч эрдэмтэд бие биенийхээ хэн болохыг мэдэхгүй), сэтгүүлийн нийтлэлүүд олон нийтэд нээлттэй, түгээгддэг байх (олон улсын албан ёсны хэл дээр) гэх мэт шалгууруудыг хангасан байх ёстой байдаг. Харин СЭТ-д багтах түвшинд хүрээгүй, хөндлөнгийн шүүгчээр хянуулдаг 70 мянга гаруй сэтгүүл байдаг гэдэг.

СЭТ нь нийт 234 салбар ухаанд харъяалагдах бөгөөд хамгийн олон сэтгүүлтэй нь эдийн засаг (333), математик (312), биохими, молекулын биологи (290) гэх мэт бол харин хамгийн цөөнтэй нь андралоги (7), микроскоп (11), хөдөө аж ахуйн инженерчлэл (12) гэх мэт байна (зураг 3).

Шинэ мэдлэгийг бүтээх, ашиглахын тулд ямар мэдлэг аль хэдийн бий болчихсон байна вэ гэдгийг мэдэх ёстой бөгөөд үүнд эрдэм шинжилгээний ажлын сангууд тун их ач холбогдолтой. Зураг 3-ыг авсан Web of Science нь тийм сангуудын нэг бөгөөд 1900 оноос хойш нийтлэгдсэн 90 сая гаруй судалгааны ажлууд болон тэдгээрийг цааш нь хэн, хаана, яаж хөгжүүлсэн бэ гэдгийг эшлэлээр хөөх, унших боломжийг олгодог. 


Зураг 4. Нийгмийн ухааны дэд салбарууд, тэдний уялдаа. Дугуйн хэмжээ нь хэр идэвхитэй байгааг, холбоосны өргөн нь хэр хүчтэй хоорондоо холбогдсоныг нь илэрхийлнэ. Эх үүсвэр: http://www.eigenfactor.org/


Манай улсаас СЭТ-д бүртгэлтэй сэтгүүл одоогоор алга байна. Харин манай хойд хөршийн 181, урд хөршийн 224 сэтгүүл, ихэнхдээ байгалийн ухааны салбарт, тэдгээр шалгуурыг нь хангажээ. Хуучин социалист орнуудад нийтлэгдэж байсан эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг хүртэл өнөөдөр англи хэл рүү хөрвүүлээд дуусч байх шиг байна.

Эдийн засгийн шинжлэх ухаан нь нийгмийн ухааны салбартаа тун чухал үүрэгтэй (зураг 4). Энэ нь 1-т байгалийн ухаан, ялангуяа математик-физиктэй хамгийн их уялдаатай салбарынхаа хувьд нийгмийн ухааны аналитик арга зүй, аргачлал нь эдийн засгийн ухаанаар ихэвчлэн дамжиж бусаддаа нэвтэрдэгтэй холбоотой.

2-т нийгмийн ухааны салбарууд дотроос нийгмийн амьдралд хамгийн ойрыг нь эдийн засгийн ухаан гэдэг. Жишээ нь 1851 оноос эхтэй, захиалагчдынхаа тоогоор АНУ-д 2-т ордог олон нийтэд зориулсан сонин болох Нью Йорк Таймсын архивын судалгаагаар 100 нийтлэлийн дор хаяж нэгд нь эдийн засагч гэсэн үг дурдагдаж байгаа нь бусад мэргэжлийнхээс хамаагүй олон байгаа ажээ. Энэ ч утгаар нь эдийн засгийн ухааныг Нийгмийн ухаануудын хаан гэх нь бий. Үүний эсрэг үзэл ч мэдээж бий.


Зураг 5. Невро эдийн засаг мэндлэв. Эх үүсвэр: http://www.eigenfactor.org/

Эдийн засгийн ухаан сүүлийн үед маш хурдацтай хөгжиж, шинжлэх ухааны бусад салбаруудтай холбогдож хэдхэн жилийн өмнө огт байгаагүй шинэ дэд салбарууд үүсэж байна. 2017 оны эдийн засгийн салбараарх Нобелийн шагналыг нийгмийн ухааны 2 дэд салбар болох эдийн засаг, сэтгэл зүйг хооронд нь уялдуулж, сэтгэл судлалын эдийн засгийн салбарыг шинээр үүсгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ричард Тэйлерт гардуулсан. 

Өөр нэг жишээ нь 20-оодхон жилийн өмнө нь хоорондоо ишлэгдэж, холбогддоггүй байсан нийгмийн ухааны эдийн засаг болон амьд организмын (life sciences) невро шинжлэх ухаануудыг эрдэмтэд хооронд нь авцалдуулан 2010 он гэхэд невро эдийн засгийн салбар ухааныг үүсгэчихлээ (зураг 5).


Зураг 6. ЗХУ-ын Теория вероятностеи и ее примения 1970 (15:1), 136-138- д нийтлүүлсэн др. Д. Шагдарын өгүүллийн англи орчуулга


1990 оноос өмнө манайд яагаад өдгөө бидний мэдэх эдийн засгийн ухаан байгаагүй талаар Эрдэнэбат (20132015) бичиж байсан. Эдийн засгийн салбартай хамгийн ойр салбарт хамгийн анхны монгол хүний ажил нь Др. Д. Шагдарын магадлалын онолоорх богино өгүүлэл болов уу (зураг 6). 

Өнөөдөр эдийн засаг болон түүнтэй хамгийн их холбоотой нийгмийн ухааны бусад салбарт монголчууд хэрхэн өрсөлдөж байгаа талаар саяхан мөн бичсэн байгаа.

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...