Конъюнкту́рный институ́тын эдийн засагч Слуцкий дарга Кондратьеваасаа ч илүүгээр эдийн засгийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан гэх нь бий. Өнөөдөр ч түүний орлого болон орлуулалтын нөлөөг задладаг тэгшитгэл нь микро эдийн засгийн бүх сурах бичигт бий. Тэрээр үүнийгээ Итали хэлээр 1915 онд нийтлүүлсэн бөгөөд Хикс, Аллен нар 1934 онд үндсэндээ адил үр дүн гаргасан байдаг. Гэхдээ тэд нар Слуцкийн энэ ажлыг огт мэддэггүй байсан гэдэг (Англичууд гадаад хэл сурдаггүйн нэг сул тал байх). Хэдийгээр үр дүн нь Слуцкийгээр овоглодог ч Хикс 1964 онд Нобелын Шагнал авсан.
Слуцкийн 1937 онд Econometrica сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл нь хугацаан цуваан шинжилгээний сонгодог нийтлэлүүдийн нэгд тооцогддог (саяхан Др. Г. Цогбадралын нэг ажил уг сэтгүүлд нийтлэгдсэн нь Монголчуудын хувьд анхных бөгөөд надад тун бахархалтай санагдсан).
Слуцкийн уг бүтээл хүйтэн дайны төмөр хөшгийг давж гарах гэж 10 жил болсон байдаг. Санааг нь Роберт Лукас хөгжүүлж, бодит бизнесийн мөгчлөгийн онолыг (Real business cycle theory) гарган аван түүнийхээ төлөө 1995 онд Нобелын шагнал хүртсэн. Түүнийг дахин цааш нь Кидланд, Прескот нар хөгжүүлж өнөөдрийн макро эдийн засгийн Порше машин гэгддэг динамик стохаст ерөнхий тэнцвэрийн загварыг (DSGE) гарган авч 2004 оны Нобелын шагнал авсан. Энэ удаа тэд Америкийн эрдэмтэд байв.
Харин дэлхийн хэмжээнд юу хийхийг нь сонирхон харж байсан Конъюнкту́рный институ́тыг татан буулгасан. Мөн түүнийг үүсгэн байгуулагч Кондратьев болон түүний нөхдийг хэлмэгдүүлсэн. Энэ нь ЭЗШУ-ыг Орост хөгжүүлэх боломжийг хэдэн арван жилээр хаасан мэт санагддаг. Польш, Чех, Унгар зэрэг зүүн Европын бусад социалист улсуудад ч мөн адил (гэхдээ тэнд байдал харьцангуй гайгүй байсан байх).
Дэлхийн эдийн засгийн шинжлэх ухаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсныхаа үр шимийг хүртэж чадсан азтай орос эдийн засагч бол 1973 оны Нобелын Шагналт Василий Леонтьев байв. Тэрээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний төлөө тэмцсэнээс КГБ-д баригдаж байсан. Түүнийг 1925 онд удаан наслахгүй, эдгэрэхгүй өвчтэй юм байна гэсэн шалтгааны улмаас ЗХУ-аас гарч явах боломж олгосон. Тэрхүү онош нь буруу байж тааран тэрээр насан эцэстлээ Харвардын их сургуульд багшилсан. 1970, 1987, 2002 оны эдийн засгийн шинжлэх ухаанаарх Нобелийн шагналтнууд бүгд түүний шавь байв: Пол Самуелсон, Роберт Солоу, Вернон Смит.
Гучхан жилийн өмнө англи, итали хэлүүд дээр бүтээлээ туурвидаг, дэлхийд шагшигддаг байсан эдийн засагчидтай байсан ЗХУ дахь ЭЗШУ юу болж байгааг чөлөөт ертөнц мэдэх боломж 1966 онд тохиолдсон байдаг. Энэ нь хүйтэн дайны төмөр хөшгийг даван ирсэн "Экономика, Вводный Курс" гэсэн орчуулгын ном, мөн дараах буцах хаяггүй илгээмж юм.
Respected Professor Samuelson,
I am sending you, in your quality as the
author, a copy of the book published in the Soviet Union: Ekonomika, An introductory Course, which has received wide
diffusion abroad.
With respect
Professor, K.N. Plotnikov.
October 20, 1966
Англи хэлний хувьд
алдаатай энэхүү захидлыг утгачлан орчуулвал:
Хүндлэгдсэн
Профессор Самуэлсонд,
Зохиогчынх нь хувьд
би танд гадаадад нэлээд тархсан, ЗХУ-д хэвлэгдсэн Экономика: Анхан шатны түвшин номын нэг хувийг явуулж байна.
Хүндэтгэсэн,
Профессор, К.Н.
Плотников
1966
оны 10-р сарын 20 Плотников мэтийн хүмүүс тэр цагийн ЗХУ-ын тэргүүлэх эдийн засагчид нь болоод байв. Харин илгээмжийн учир нь хэвлэгдсэн цагаасаа хойш баруунд бакалаврын сургалтанд их хэрэглэгддэг болоод байсан Самуэлсоны эдийн засгийн сурах бичгийг ЗХУ-д орчуулсантай холбоотой байв. Энэ талаар нийтлэл байдаг, эхээр нь уншвал тун сонирхолтой. Энд зарим хэсгээс нь сийрүүлбэл:
"...Уг номыг 5 хүн орчуулж, 4 хүн редакторлож, тоо нь мэдэгдэхгүй хүмүүс цензурдсан. Мөн ЗХУ-ын нэг академичийн бичсэн, нэлээд доромжилсон шинжтэй 12 хуудас Өмнөх үг, мөн Самуелсоны уг номыг баруунд зөвшөөрөн хэвлэсэн нь үнэхээр том алдаа байсан байна, энэ хүн ЭЗШУ байтугай шинжлэх ухааны талаар юу ч ойлгодгүй юм байна гэсэн дүгнэлттэй 40 хуудас Төгсгөлийн үгтэй. Орчуулсан зорилгоо тайлбарлахдаа үзэл суртлын хувьд хордчихгүй түвшний эдийн засагчдыг капиталст улсуудад оюутнуудад эдийн засгийн онолоор юу заадаг юм байна, мөн хөрөнгөтний (буржуаз) эдийн засагчид ямар асуудлуудтай тулгараад байгааг газар дээр нь (из первых рук) таньж мэдүүлэх гэсэн байна.
Англи, Орос хувилбаруудыг нь харьцуулвал орчуулгын, редакторын, мөн цензурдах гэсэн 3 түвшинд номыг өөрчлөсөн. Хэт олон хүн орчуулгад оролцсоны улмаас ялгаагүйн муруйг (indifference curve) зарим бүлэгт зөв орчуулсан байхад заримд нь “нейтрал муруй” хэмээсэн нь уншигчыг төөрөгдүүлнэ. Редакторууд ийм алдааг илрүүлэхээсээ илүү зохиогчийг муулах хорон үгээрээ хоорондоо уралдсан юм байна даа гэж ойлгогдохоор шүүмжилсэн байна..."
Орчуулгын алдаануудыг нь ойлгоход тийм хэцүү биш байх. ЭЗШУ-тай холбоотой бүх ном сурах бичиг, сэтгүүлүүдийг нь устгачихсан, ямар нэгэн байдлаар тэдгээрийг олж уншсан хүмүүс нь хэлмэгдээд дуусч байгаа орчинд энэ шинжлэх ухааны нэр томъёонуудыг ойлгох хүн ховор үлдсэн байсан биз.
Слуцкий дахиад эдийн засгаар судалгаа хийгээгүй, математик руу орсон. Статистикт Слуцкийн теорем гэж нэг үндсэн теорем бий. Түүний статистик, магадлалын ажлуудыг Шейнин цуглуулсан байдаг. Ер нь ЭЗШУ-г ЗХУ болон бусад социалист улсуудад ийнхүү хорьсон нь математик, физикийн шинжлэх ухаануудад нь маш их дэмжлэг болсон байх. Тэрээр 1948 онд уушигны хорт хавдраар нас барсан.
Тэрээр эдийн засгаас яагаад гарсан талаараа намтартаа ийнхүү тайлбарлсан байдаг:
"...Ибо, когда рушилось капиталистическое хозяйство и стали обрисовываться контуры планового социалистического хозяйственного строя, исчезла база для тех проблем, которые занимали меня как экономиста -математика. Изучение экономических процессов при социализме, в особенности в переходную эпоху, требовало иных знаний, иных навыков мысли, иных методов, чем те, которыми я вооружил себя."
Мэдээж тун болгоомжтой байх ёстой байсан нь мэдээж, гэхдээ утгачлан орчуулвал энэ нь:
"...Орост капиталист эдийн засаг нуран унаж би төвлөрсөн төлөвлөгөөт социалист эдийн засгийн тогтолцооны шинж байдлын талаар судалгаа хийх ёстой болоход миний эдийн засагч-математикчийнхаа хувьд сонирхдог байсан асуудлуудын үндэс суурь нь алга болсон. Социализмын үеийн эдийн засгийн процессыг судлахад, ялангуяа шилжилтийн үед нь, надад байснаас өөр төрлийн мэдлэг, арга зүй болон ур чадвар шаардлагатай болсон юм."
No comments:
Post a Comment