Monday, 2 September 2013

Төгрөг цаас боллоо гэж үү?

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Америк долларын Төгрөгтэй харьцах ханш өсөж байгааг голчлон уул уурхайн төслүүдийн зогсонги байдалтай холбож, хэн тэр төслүүдийг зогсоочихов гэсэн маягийн буруутан хайсан уур амьсгал нийгэмд бүрэлдэж байх шиг байна. Мэдээж Ам. доллараарх экспортын орлого багасвал эрэлт нийлүүлэлтийн хуулиараа долларын ханш Монголд өсөх нь мэдээж. Хэн нэгнээр тахил өргөөд долларын ханш буурчихдаг бол амар л байхсан.


Бид харахгүй орхиод байгаа нэг тал нь оны эхнээс Америк долларын зөвхөн Монгол төгрөг бус бусад улсуудын валюттай харьцах ханш ч мөн өсөж байгаа хандлага юм. Үүнийг нь Америкийн Засгийн газраас хямралтай тэмцэх зорилгоор эдийн засагтаа оруулсан мөнгөний асар их нийлүүлэлтээ багасгаж буйтай, хүүгийн түвшинг хэт нам дор албаар барьж байснаа больж байгаатай, бусад улсуудтай харьцуулахад Америк дахь бодит өгөөжийн хувь өндөр байгаатай, мөн хөрөнгө оруулагчдийн эрсдлээс зугтаах хандлага нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Зарим тооцооллоор чангараад байгаа Америк долларын ханш өнөөдөр ч хэт доогуур байна, жишээ нь 2002 оны түвшинтэй нь харьцуулвал 30 хувь сул байна гэсэн дүгнэлт ч харагдаж байна.

Төгрөгийн ханшийг бид өнөөдөр түүхий эдэн валют гэгддэг валютуудтай харьцуулж байх ёстой. Эдгээр нь экспортын орлогынхоо дийлэнх хэсгийг түүхий эдийн экспортоос олдог улсуудын валют юм. Нэгэнт Монгол улс нийт экспортын сагсныхаа 90 гаруй хувийг зөвхөн энэ төрлийн бүтээгдэхүүнээр бүрдүүлээд үзчихсэн учир энэ төрлийн ангилалдаа толгой цохидог болсон нь мэдээж. Дараах зурагт эдгээр валютын зарим төлөөллийг төгрөгтэй харьцуулсан үйл хөдлөлийг харуулж байна. 2007 оны 6-р сарын 28-ний өдрийн Ам.доллартай харьцах ханшуудийг 1 гэж нормчилсон, 2013 оны 9-р сарын 2-нийг хамарч байгаа. Мэдээллийн эх үүсвэр нь Блүмберг.

Он гарсаар Ам. долларын ханш зөвхөн Монгол төдийгүй макро эдийн засгийн бодлого, удирдлага сайтай, эдийн засгийн бодлогууд нь улс төрөөс харьцангуй салангид Канад, Австрали, Чилид ч мөн өсөж байна.

Төгрөгийн бусад түүхий эдэн валютаас ялгарах нэг онцлог нь түүний харьцангуй царцанги байдал. Мэдээж бид ийм байлгахыг Төв Банкнаасаа шаарддаг. Төв Банк үүнийг мэдээж гадаад валютын нөөцөөсөө нэг бол зарж, нэг бол худалдаж биелүүлнэ. 2008 оны хямралаар бид ханшаа барих гэж хэрхэн тэмцсэнийг дээрх зургаас ч харж болно. Гэхдээ ямар үнээр? Ийм зохицуулалтын мэдээж сайн талууд бий. Гэхдээ ийм бодлого мөш их өртөгтэй, мөн асар их эрсдэл дагуулах боломжтой. Жишээ нь 2008 оны хямралаар Монгол Банк гадаад валютынхаа нөөцийн талыг дээрх даалгавраа биелүүлэх гээд л алдчихсан. Гэхдээ үр дүн гэж үндсэндээ байгаагүй, ханш засварлагддагаараа л засварлагдсан. Ер нь өнөөдөр дийлэнх засгийн газар валютын зах зээлтэй тэмцэхэд хүчин мөхөсдөнө.

Бид өнөөдөр дахиад л интервенц хийж ханшийн хөдлөлөө харьцангуй гөлгөр болгохыг оролдож, улам их хий хэмээн Монгол Банкнаас шаардаж байна.. Мэдээж тэр нь чиг хандлагад ямар ч нөлөө үзүүлж чадаагүй, чадуулах ч хэрэггүй.

Уул нь бид Монгол Банкнаасаа Төгрөгийн ханшны уналтын ямар хэсэг нь дотоод шалтгаантай байгаа юм, хэдэн хувь нь гадаад эх үүсвэртэй байгаа юм гэдгийг тогтоож өгөөч гэж асуух ёстой. Үнэхээр бүх зүйл гадаад хүчин зүйлсээс болж байвал бидний хийж чадах зүйлс хомс, харин биднээс шалтгаалж байвал бид түүнийгээ засч болно. Харамсалтай нь бид тэднээр хөнгөлөлттэй зээл олгуулах, махны татаас гаргуулах, төгрөгийн ханшийг гөлгөр болгуулах гэх мэтээр завгүй болгочихлоо.

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...