Ингээд миний эхний хоёр хариулт нь энэ байна.
1. Зээлийн хүүг бууруулах боломж манай эдийн засагт бий юу?
Зээлийн хүү гэдэг нь хэд хэдэн суурь хүчин зүйлсээс хамаардаг. Тухайлбал:
- Капитал хөрөнгийн хүлээгдэж буй бүтээмж. Капитал хөрөнгө гэдэг нь эдийн засаг дахь бусад бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход ашиглагддаг хөрөнгийг хэлдэг. Энд үйлдвэр, тоног төхөөрөмж, зам, гүүр, уурхай, цахилгаан станц гэх мэт биет хөрөнгөөс гадна, технологийн мэдлэгийн хуримтлал, патент, мэргэжилтнүүдийн ур чадвар болон хүн амын боловсролын түвшин гэх мэт биет бус хөрөнгийг оруулдаг. Монгол улсын капитал хөрөнгийн хуримтлал маш бага. Өнөөдөр бид тэдгээрээс заримыг нь ахар богино хугацаанд маш ихээр нэмэдүүлэх зорилт тавиад байна. Гэвч тэдгээрийн зохистой харьцааг хангаж чадахгүй бол нийт хөрөнгө оруулалтын өгөөж муу, өөрөөр хэлбэл өчнөөн их зардлын дараа капитал хөрөнгө олигтой нэмэгдэхгүй, урт хугацаанд эдийн засагт нэмэр болохгүй байх нь ч бий. Ямар ч тохиолдолд капитал хөрөнгийн хүлээгдэж буй бүтээмж болон өгөөж өндөр байхын хэрээр зээлийн хүү ч мөн өндөр байдаг.
- Капитал хөрөнгийн бүтээмжийн талаарх тодорхой бус байдал. Монгол улсын эдийн засгийн бүтцийг нь авч үзвэл уламжлалт мал аж ахуй, болон уул уурхай гэсэн үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Аль алиных нь өгөөж асар их тодорхой бус. Мал аж ахуй өнөөдөр байгалийн гамшгийн эрхшээлд байдаг хэвээр байна. Малын тоо толгой бэлчээрийн даацтай харьцуулахад өссөөр байгаа нь эрсдэл улам бүр нэмэгдэж буйг илтгэнэ. Харин уул уурхайн салбарын хувьд бусад бүх эдийн засгийн салбаруудынхаас бүтээгдэхүүн нь хамгийн их үнийн эрсдэлтэй нь. Бид уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн муруй нь босоо гэж ярьдаг. Ийм нийлүүлэлтийн муруйтай бүтээгдэхүүний үнэ зөвхөн эрэлтийн үйл хөдлөлийн эрхшээлд байдаг. Монгол улсын эдийн засаг дахь уул уурхайн салбарын эзлэх хувь хэмжээ сүүлийн үед асар их нэмэгдээд зогсохгүй Монгол улсын үе үеийн Засгийн газар тухайн салбарт хувьцаа эзэмших замаар хувь оролцох болсон нь тодорхой бус байдлыг улам л нэмэгдүүлж байна гэсэн үг. Мэдээж тодорхой бус байдал нэмэгдэхийн хэрээр зээлийн хүү мөн өндөр байна.
- Хүн амын хуримтлал хийх сонирхол. Хүн амын өнөөдөр хэрэглэх үү, эсвэл ирээдүйд хэрэглэх үү гэсэн сонголт нийт эдийн засаг дахь хуримтлалд нөлөөлдөг нэг хүчин зүйл. Тухайн үндэстний санхүүгийн хуримтлал өндөр байхын хэрээр зээлийн хүү бага байдаг. Өнөөдөр хүн амын орлогын түвшин бага, улс төрийн намуудын эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх хэт оптимист суртал ухуулга болон хэрэглээг хэт шүтэх болсон нийгмийн жишиг нь хүн ам маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг нь дээр гэсэн сонголтод хүргэж байж болно. Нөгөө талаас инфляци болон төгрөгийн бусад валюттай харьцах ханшийн уналтын нөлөөг хассан бодит хуримтлалын өгөөж сөрөг болох тохиолдол нэлээдгүй байгаа нь үндэсний нийт орлогын нэлээдгүй хэсэг тансаг хэрэглээний автомашин болон үл хөдлөх хөрөнгө гэх мэт үхмэл хөрөнгөд байршиж, санхүүгийн хуримтлалыг үгүйсгэж байна.
- Капиталын өгөөж үргэлж эрсдэлтэй. Иймээс ч, өгөөжийнхөө тодорхой хэсгийг өгөөд бага өгөөжтэй ч гэсэн ямар ч эрсдэлгүйгээр хөрөнгө оруулалт хийж болох механизмыг санхүүгийн тогтолцоо бий болгох үүрэгтэй байдаг. Энэхүү механизмаар эрсдлийг даах чадвартай этгээд нь эрсдэлд дургүй этгээдээс хөрөнгийг нь эрсдэлгүй өгөөжөөр сольж авдаг. Арилжааны банкуудын дампуурал ердийн үзэгдэл болж, эдийн засаг, санхүүгийн сектор тотворгүй байхын хэрээр хүн амын эрсдэлд дургуй байх байдал өндөрсдөг. Ингэхийн хэрээр эрсдлийг даан гарсны төлөөх эрсдлийн шагнал өндөр, харин эрсдэлгүй өгөөж бага байхаас өөр аргагүй болдог. Үр дүнд нь санхүүгийн хуримтлал бага, санхүүгийн зах зээлийн хөгжил муу, зээлийн хүү ч өндөр байх ёстой болдог. Тэгэхээр зээлийн хүү буурах суурь хүчин зүйлс өнөөдөр түүнийг буурахад ямар ч байсан нөлөөлж чадахгүй. Мэдээж механик байдлаар зээлийн хүүг бууруулж болно. Гэвч үр дүн нь зорилгынхоо эсрэг эргэх магадлал тун өндөр, мөн зах зээлийн дотоод механизмыг гажуудуулах үр дагавартай байна.
2. Макро эдийн засгийн нөхцөл байдал сайжрах уу?
Макро эдийн засгийн нөхцөл байдлыг хэмжих тун түвэгтэй. Монгол улсын хувьд улам бүр л түвэгтэй болоод байна. Яагаад?
Эхлээд өнөөдөр ямар байна вэ гэдгийг харцгаая. Бидний хамгийн өргөн хэрэглэдэг үзүүлэлт бол бодит ДНБ-ий өсөлт. Өөрөөр хэлбэл, Монгол улсын нутаг дэвсгэрт бий болсон нийт бараа үйлчилгээний үнэ цэнийг 2005 оны үнэ ашиглан тооцон гаргаж байна. ҮСХ-ны 10-р сарын статистикийн бюллетинээс энэ оны 3-р улирлын байдлаар Монгол Улсын бодит ДНБ өмнөх оны мөн үеэс 11.5% өссөн. Энэ бол өнөөдөр дэлхийд ховорхон байгаа өндөр үзүүлэлт. Дэлхийн банкнаас 11-р сарын 6-д гаргасан тайланд энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэл нь 12.5% гэжээ. Энэ нь биелээд, 2013 оны хувьд дэлхийд дээд амжилт тогтоовол би огтхон ч гайхахгүй. Тэгэхээр уг хэмжигдэхүүнээрх макро эдийн засгийн нөхцөл байдал маш сайн байна. Монгол улс “үүнээс цааш газар үгүй” гэдэг шиг л өндөр өсөлттэй байна.
Гэвч үүнийг цорын ганц зорилго мэт авирлах нь маш их учир дутагдалтай. Юуны өмнө 2005 оны үнийг бид өнөөдөр ашиглах нь зөв үү? Энэ үнийг 2012 оны бодит үйлдвэрлэлийн хэмжээгээр үржүүлж 2012 оны бодит ДНБ-ээ тооцоолж, мөн үнийг ашиглаж 2013 оныхыг тооцоолж байна. Мэдээж үнэ өөрчлөгддөггүй байсан бол энэ арга тун сайн арга. Гэвч өмнөх асуултын хариултын 2-р хэсэгт дурдсанчлан, Монгол улсын үйлдвэрлэл үндсэндээ тулгуурлаж буй уул уурхайн салбарын бүтээгдэхүүн болох түүхий эдийн үнэ дэлхийн улсуудын үйлдвэрлэж буй бүхий л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээс хамгийн их хэлбэлзэлтэй нь. Бид улам бүр л уул уурхайн эдийн засаг болж буй өнөө үед бид арай өөр хэмжигдэхүүнүүдийг ашиглаж эхлэх хэрэгтэй. Жишээ нь, өмнөх оны үнийг суурь үнэ болгон ашигладаг гинжин-жин (chain-weighted) бүхий бодит ДНБ-ий тооцоолол үүнээс хавьгүй дээр.
Асуулт энэхүү өсөлтөөс ард түмэн хэр хүртэх вэ гэдэг утгатай байх. Эдийн засаг нь хоёр оронтой тоогоор өсөөд байхад миний амьдрал яагаад төдий хэмжээгээр сайжрахгүй байна вэ гэж хэн боловч асуух нь мэдээж. Олон ч хүн үүнийг нийгэмд тогтворгүй байдал үүсгэх зорилгоор ашиглаж байна. Хариултын нэг хэсэг нь бидний хэмжил зүй буруу байгаатай холбоотой. Миний бодлоор бид бодит ДНБ-ий тооцооллоо сайжруулах, дор хаяж сул талыг нь ард түмэнд ойлгуулах хэрэгтэй.
Гэхдээ энэ нь дангаараа эдийн засгийн өсөлтийн хүртээмжийн асуултад хариу болохгүй. Асуудлын дийлэнхи нь өсөлтийн эх үүсвэр юм. Уул уурхайн баялаг бол нэг цэгт тулгуурласан баялаг (point-resource), харин бэлчээр гэсэн өөр нэг байгалийн баялаг болон өндөр боловсролтой ажиллах хүч гэх мэт (diffuse resource) нь бол тархай баялаг. Нэг цэгт төвлөрсөн баялгийн үр шимийг уг цэгийг эзэмшиж буй эдгээд хүртдэг бол тархай баялгийг нийт ард түмэн хүртэх боломжтой. Нэг цэгт тулгуурласан баялгийг нийт ард түмний эзэмшилд оруулна гэдэг нь нийт бэлчээр, ажиллах хүчнийг нэг хүний мэдэлд оруулах гэдэгтэй адил үр ашиг муутай. Тэгэхээр танай ерөнхий асуултад өгөх миний ерөнхий хариулт бол эдийн засгийн өсөлтийн эх үүсвэрийг одоо байгаагаас нь шилжүүлж, хөдөө аж ахуйгаа эдийн засгийн жам ёсных нь эргэлтэд оруулсан, залуус хойч үедээ дэлхийн жишигт хүрсэн боловсрол олгож чаддаг болсон үед л макро эдийн засгийн нөхцөл байдал сайжирна. Энэ л зорилгоор нэг цэгт төвлөрсөн баялгаа цахиур болгон ашиглах ёстой. Шавхагдах баялаг хэзээ ч, хаана ч хөгжлийн хөдөлгүүр байгаагүй, байж ч чадахгүй.
Бусад асуултуудад тань удахгүй хариу өгч болох байх.
Хүндэтгэсэн,
Др. Батаагийн Эрдэнэбат
No comments:
Post a Comment