Өгсөн ярилцлага маань нэлээд их танагдаж. Гэхдээ Зууны Мэдээ сонинд 2 цаг гаруй зарцуулан байж хамгийн сүүлд өгсөн ярилцлага маань захиалагчдад нь таалагдаагүй шалтгаанаар огт нийтлэгдээгүйтэй харьцуулахад том амжилт. Нэгэнт нэлээд цаг зарцуулж бэлтгэсэн учир бүрэн эхээр нь энд тавилаа:
Ц.Болормаа: Иргэдэд
олгосон 1072 ширхэг хувьцааны асуудлыг хэрхэн шийдэх вэ? Арилжиж болохгүй, ногдол ашиггүй нэр дээрээ
хувьцаатай гэхээс өөр зүйлгүй байгаа гэж олон хүн ярьдаг шүү дээ.
Б. Эрдэнэбат: Нэгэнт энэ асуудал эдийн засгийнх биш улс төрийнх учир шийдэл
нь ч мөн л улс төрийн байх биз. Эдийн засгийн үндэслэлгүй, тооцоо судалгаагүй
шийдвэрийг бусдад таалагдах гэсэн, эсвэл ямар нэгэн дарамтан дор мэргэжлийн бус
хүмүүс гаргадаг боломжийг бид хаах хэрэгтэй байна. Танай сонин жишээ нь яагаад
энэ асуудлыг анх хэн санаачилсан гэдгийг нь олж тогтоогоод, тэр хүнээс нь ямар
эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаа хийж байж энэ шийдвэр гаргасныг асууж
болохгүй гэж? Буруу шийдвэр гаргасан бол түүнийхээ хариуцлагыг хүлээдэг болж
сурахгүй л бол Монгол улс хөгжихгүй. Ингээд сурчихвал аливаа шийдвэр
гарахаасаа өмнө сайтар судлагдаж,
шийдвэр гаргасан хүн нь ч гэсэн надад ийм судалгаа, дүгнэлтийг мэргэжлийн
хүмүүс гаргаж өгч, зөвлөсөн учраас би тэгэж шийдсэн гэж нүүр бардам байдаг
болно. Ялангуяа тэдгээр шийдвэр нь асар хэлбэлзэмтгий үнэ бүхий, үндэстэн
дамнасан сонирхлын бүлэглэлүүдийн эрхшээлд байдаг уул уурхайн салбарын талаар
байгаа үед. Шаардлагатай судалгаа хийж, зөвлөөд өгөх институц, мэргэжилтэн
болон эрдэмтэд байхгүй байвал бид маш хурдан тэр дутагдлаа залруулах хэрэгтэй.
Ц.Болормаа: Тавантолгойн
ордын хөрөнгө оруулагчийн шалгаруулалтад гурван улсын хамтарсан компанийн
түншлэл шалгарсан. “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа идэвхижвэл хөрөнгийн
зах зээлд чухал нөлөөтэй гэсэн хүлээлт байгаа. Улмаар иргэдийн эзэмшиж буй 1072
ширхэг хувьцаа “амилах” боломж бий гэж үзэж байгаа. Гэхдээ мэдээж юуны түрүүнд
“Чалко”-д өрөө төлөх шаардлагатай. Энэ хэрээр хувьцаа “амь орох” хугацаа хойшлох
талтай юу. Хугацааг хойшлуулахгүйн тулд юун дээр анхаарах нь зүйтэй вэ?
Б. Эрдэнэбат: Аливаа түүхий эдийн орд хэзээ ашиглагдах нь түүхийн эдийн
эрэлт хэр байгаагаас, тэр нь цаашид ямар байх төлөвөөс л хамаардаг. Эрэлт
өндөртэй, үнэ өсөхөөр байх төлөвтэй байвал тухайн ордын ашиглалтад юу ч саад
болж чадахгүй. Нөгөө талаас нийлүүлэлт хангалттай байхад эрэлт, үнэ унавал
хийгдсэн гэрээнүүд ч цуцлагдана. Ямар нэг шалтаг, арга байнга олдоно. Ард нь
капиталист механизм ажиллаж байна шүү дээ. Өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр
бид биен рүүгээ дайраад байх ямар ч шаардлагагүй. Хэтийн төлөв ямар байх
багцааг ирээдүйн хэлцэл буюу фьючерсийн үнээс харж болно. Санхүүгийн онолоор
ирээдүйн хэлцлийн (фьючерсийн) үнэ нь ирээдүйн үнийн хамгийн сайн прогноз байх ёстой. Зураг 1-т
Интерконтинентал Бирж (ICE) дээр арилжаалагдаж байгаа 2019, 2020,
2021 оны 12-р саруудад биелэгдэх хэлцлийн үнийн өдрөөрх динамикийг цэнхэр,
улаан, ногоон өнгөөр харуулж байна. Бондтой нэгэн адил уг хэлцийг хугацаа нь
дуусахаас өмнө хоёрдогч зах зээл дээр арилжаалдаг гэсэн үг. Хар өнгөөр
дүрслэгдсэн нь харин тухайн өдрийн буюу спот үнэ юм.
Эх сурвалж: DataStream
Мэдээж таны хэлж байгаагаар, Таван Толгойн жинхэнэ утгаараа ашиглагдаад
эхэлбэл иргэдийн гар дээрх хувьцаа эдийн засгийн эргэлтэд орж, Монголын
Хөрөнгийн Бирж дээрх тухайн компаний болон уул уурхайн үйл ажиллагаатай
холбоотой компаниудын хувьцааны үнэ өсөж болно. Гэхдээ ерөнхий, уул уурхайн бус
салбаруудын хувьд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн өртөг, өрсөлдөх чадвар л үүнээс
чинь илүү чухал нөлөөтэй. Энэ талаар ярьвал хамаагүй урт ярилцлага болчих гээд
байна. Хүсвэл вэб хуудаснаас маань
(https://sites.google.com/site/erdenebatba/Home/publication) “Үйлдвэрлэлийн хүчин зүйлс:
капитал, хөдөлмөр, технологи” гарчигтай илтгэлийг уншаарай.
Ц.Болормаа: Нөгөөтэйгүүр,
саяхан Монгол Улсын Ерөнхий сайд 1072 хувьцаа эзэмшигчдэд 100.000 төгрөгийн
ногдол ашиг өгөх талаар ярьсан. Ингэж эрт амлах нь зөв үү.
Компани ашигтай ажиллаж байж ногдол ашгийн талаар ярих ёстой юм биш үү?
Компани ашигтай ажиллаж байж ногдол ашгийн талаар ярих ёстой юм биш үү?
Б. Эрдэнэбат: Би таны эх сурвалж ташаа байх гэж бодож
байна. Татварын орлого буурсанаас Монгол Улсын Засгийн газар төсвийн алдагдлаа
нөхөх зорилгоор өөрөө маш өндөр, тухайлбал жилийн 16% орчим
хүүтэйгээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бонд гарган зээл авч байгаа. Таван
Толгойн хувьцаа эзэмшигч иргэн бүрт 100000 төгрөгийн ногдол ашиг олгох
санхүүгийн эх үүсвэр одоогоор байхгүй гэж бодож байна. Учир нь уг бондын гол худалдан авагч нь
арилжааны банкууд бөгөөд худалдан авсан засгийн газрын бондын хүүгийн орлого нь
аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгддөг. Энэ татварын бамбай нь арилжааны
банкуудыг 25%-аар татвар
төлөхөөс хамгаалж байгаа учир тэд үндсэндээ Засгийн газарт мөнгө
зээлдүүлснийхээ хариуд жилийн 20% -ийн өгөөж авна гэсэн үг. Гэтэл арилжааны
банкууд хязгаарлагдмал эх үүсвэрээ аль болох бага хүүтэйгээр иргэд, аж ахуйн
нэгжид зээл болгон олгож, тэд нар нь эдийн засгийн үйл ажиллагаа явуулж байж
эдийн засаг маань өснө шүү дээ.
No comments:
Post a Comment