Одоогоос 4 жил гаруйн өмнө МҮОНТ-ийн Англи хэл дээр явагддаг Face to Face нэвтрүүлгийн ээлжит дугаарт доорх ярилцлагыг өгч билээ. Нэг их буруу юм яриагүй юм шиг байна. Зарим хүмүүст, ялангуяа залууст сургамжтай, хэрэгтэй байж магадгүй мэт санагдахаар нь орчуулгыг нь энд тавихаар шийдэв.
Ярилцлага маань Review of Economics and Statistics хэмээх сэтгүүлд нийтлэгдсэн манай нэг ажлаас үүдэлтэй байв. Энэхүү ажил маань харьцангуй практик хэрэглээ өндөртэй, тэр ч утгаараа Европын төв банк, Туркийн төв банк, Шинэ Зеландийн сангийн яам гэх мэт бодлогын байгууллагууд дээр уригдаж, танилцуулагдаж байсан (уг ажлын хүрээнд бичигдсэн код маань Харвардын их сургуулийн серверт дэлхийн олон нийтэд нээлттэйгээр, үнэ төлбөргүйгээр байдаг).
Уг нийтлэлийн түүхэн ач холбогдол нь Монгол гэдэг улсын нэр анх удаа дэлхийн эдийн засгийн шинжлэх ухааны топ-10 хэмээгдэх сэтгүүлд орж ирсэн явдал юм. Энэ нь мөн дэлхийн хэмжээний 12 мянга гаруй эрдэм шинжилгээний сэтгүүлийг хамарсан Томсон Ройтерсын чансаа тогтоох жагсаалтад Нийгмийн ухаан, математик арга зүйн салбарт 3-р байрт жагсдаг, зөвхөн эдийн засгийн салбарт бус, нийт нийгмийн ухааны салбаруудын эрдэмтдийн хувьд нэр хүнд бүхий сэтгүүл бөгөөд 1935 онд нэгэн орост анх олдсон боломж 77 жилийн дараа надад олдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан билээ.
Саянаа: Оройн мэнд эрхэм ноёд хатагтай нараа. Нүүр тулсан ярилцлага нэвтрүүлэгт тавтай морилно уу. 95 жилийн түүхтэй, Эдийн Засаг, Статистикийн Тойм (Review of Economics and Statistics) хэмээх сэтгүүл дэлхийн хамгийн нэртэй эдийн засагчдийн бүтээлийг нийтлэж ирсэн билээ. Энэхүү олон жилийн түүхт сэтгүүлийн түүхэнд анх удаа Монгол эдийн засагчийн бүтээл нийтлэгджээ. Өнөөдөр энэхүү бүтээлийн зохиогч Эрдэнэбатыг та бүхэнд танилцуулах гэж байгаадаа би их баяртай байна. Танд оройн мэнд хүргэе, манай нэвтрүүлэгт тавтай морилно уу?
Ярилцлага маань Review of Economics and Statistics хэмээх сэтгүүлд нийтлэгдсэн манай нэг ажлаас үүдэлтэй байв. Энэхүү ажил маань харьцангуй практик хэрэглээ өндөртэй, тэр ч утгаараа Европын төв банк, Туркийн төв банк, Шинэ Зеландийн сангийн яам гэх мэт бодлогын байгууллагууд дээр уригдаж, танилцуулагдаж байсан (уг ажлын хүрээнд бичигдсэн код маань Харвардын их сургуулийн серверт дэлхийн олон нийтэд нээлттэйгээр, үнэ төлбөргүйгээр байдаг).
Уг нийтлэлийн түүхэн ач холбогдол нь Монгол гэдэг улсын нэр анх удаа дэлхийн эдийн засгийн шинжлэх ухааны топ-10 хэмээгдэх сэтгүүлд орж ирсэн явдал юм. Энэ нь мөн дэлхийн хэмжээний 12 мянга гаруй эрдэм шинжилгээний сэтгүүлийг хамарсан Томсон Ройтерсын чансаа тогтоох жагсаалтад Нийгмийн ухаан, математик арга зүйн салбарт 3-р байрт жагсдаг, зөвхөн эдийн засгийн салбарт бус, нийт нийгмийн ухааны салбаруудын эрдэмтдийн хувьд нэр хүнд бүхий сэтгүүл бөгөөд 1935 онд нэгэн орост анх олдсон боломж 77 жилийн дараа надад олдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан билээ.
Нэвтрүүлэгч Лхагвасүрэнгийн Саянаатай хийсэн ярилцлага
Саянаа: Оройн мэнд эрхэм ноёд хатагтай нараа. Нүүр тулсан ярилцлага нэвтрүүлэгт тавтай морилно уу. 95 жилийн түүхтэй, Эдийн Засаг, Статистикийн Тойм (Review of Economics and Statistics) хэмээх сэтгүүл дэлхийн хамгийн нэртэй эдийн засагчдийн бүтээлийг нийтлэж ирсэн билээ. Энэхүү олон жилийн түүхт сэтгүүлийн түүхэнд анх удаа Монгол эдийн засагчийн бүтээл нийтлэгджээ. Өнөөдөр энэхүү бүтээлийн зохиогч Эрдэнэбатыг та бүхэнд танилцуулах гэж байгаадаа би их баяртай байна. Танд оройн мэнд хүргэе, манай нэвтрүүлэгт тавтай морилно уу?
Эрдэнэбат: Танд ч
гэсэн оройн мэнд хүргэе, баярлалаа!
Саянаа: Юуны
өмнө манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд тань талархлаа илэрхийлж байна. Би
яриагаа танд баяр хүргэж эхлэмээр байна. Таны судалгааны сэдвийн тухай ярилцъя.
Энэхүү судалгаа яаж эхэлсэн юм бэ?
Эрдэнэбат: Энэхүү ажил маань нь эконометрикийн судалгаа юм. Нэлээд техник талдаа гэсэн үг. Энэхүү
судалгааны захиалгыг бидэнд Английн төв банкнаас өгсөн юм. Тэдэнд ямар нэг
загварын тогтвортой байгаа эсэхийг шалгах шинэ арга зүй хэрэгтэй байлаа (загвар гэдэг нь эдийн засаг, нийгмийн тоон мэдээллүүдийг тайлбарлаж чадах математикийн тэгшитгэлийн систем).
Бүтцийн өөрчлөлт хэдэн ч удаа, хэзээ ч гарч болохоор энэхүү аргачлалыг
боловсруулах хэрэгтэй байсан. Тэгэхээр бүтцийн өөрчлөлт гарсан эсэх нь
мэдэгдэхгүй, гарсан бол хэдэн удаа гэдэг нь бас мэдэгдэхгүй тодорхой бус
нөхцөлд статистикийн хувьд үнэн зөвөөр яаж дүгнэлт хийх вэ, өөрчлөлт гарсан тоо
болон хэзээ гарсан эсэхийг хэрхэн тодорхойлж гаргах вэ? Эдгээр асуултад Английн
төв банк хариулт авахыг хүссэн юм л даа. Манай баг энэхүү асуултад хариулж, үр
дүн нь тэгээд хэвлэгдсэн байгаа.
Саянаа: Таны бүтээл энэхүү нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдлээ гэсэн мэдээг дуулаад таны
сэтгэгдэл ямар байв?
Эрдэнэбат: Үнэхээр
маш их баярласан. Эдийн Засаг, Статистикийн Тойм гэдэг маань эдийн засгийн
шинжлэх ухааны дэлхийн шилдэг 10 сэтгүүлийн нэг. Миний нарийн мэргэшсэн
эконометрикийн хувьд шилдэг 3-ын нэг нь юм л даа. Бүтээл маань хэвлэгдээсэй гэж
хүмүүсийн мөрөөдөж явдаг нэг сэтгүүл л дээ. Барууны шилдэг профессорууд ч мөн
адил. Нобелийн шагналын эзэд бүтээлээ эдгээр сэтгүүлд хэвлүүлдэг. Эдгээр
сэтгүүлд нэлээд олон удаа хэвлүүлчих юм бол Нобелийн шагнал авдаг юм.
Тэгэхээр нэлээн бахархалтай байсан шүү.
Саянаа: Таны
бүтээл Монголд хэвлэгдэж байсан уу?
Эрдэнэбат:
Одоохондоо үгүй.
Саянаа:
Тэгэхдээ энэ талаар Монголын хэвлэл мэдээлэл дээр гарна гэдэгт эргэлзэхгүй
байна.
Эрдэнэбат: Тэгэх
байх л даа. Гэхдээ би судалгаагаараа олон улсын түвшинд л өрсөлдөх бодолтой
байгаа.
Саянаа: Олон
улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү судалгааны ажлаа нийтлүүлэхээсээ өмнө та
хэдэн жил эдийн засгийн ухааныг судалсан бэ?
Эрдэнэбат: Эдийн
засгийн шинжлэх ухааныг би анх 1996 оноос үзэж эхэлсэн. Бараг энэ шинжлэх ухаан
Монголд нэвтэрч эхэлсэн тэр үеэс юм уу даа, коммунизм бутран унаад удаагүй
байсан үе дээ. Эдийн засгийн шинжлэх ухааныг судалж эхлэхэд маш сонирхолтой цаг
үе байсан.
Саянаа: 1990-ээд
онд залуус нэг бол хууль, нэг бол эдийн засаг гэж хуйлардаг байсан. Эдийн засаг
бол нэлээд моодны салбар байсан л даа. Та өөрийнхөө эдийн засгийг сонгосон
шалтгааныг хэлэхгүй юу?
Эрдэнэбат: Миний
бодлоор эдийн засаг өнөөдөр ч нэлээд оюутны сонирхдог шинжлэх ухааны
салбар. Миний хувьд яагаад ч юм тэр үед миний сонгох ёстой салбар мэт санагдсан.
Тэгээд дээр нь математик гол тулгуур нь гэгддэг. Өөр нэг шалгуур нь орос
хэлтэй байх ёстой гэдэг байсан. Энэ хоёр хичээлд би бусдаас нь харьцангуй сайн байсан учраас
бас сонгосон байх.
Саянаа:
Тэгээд та Монгол улсын их сургуулийг эдийн засгийн шинжлэх ухаан голлон судалж
төгссөн байх нь, тийм үү?
Эрдэнэбат: Үгүй
би санхүүгээр төгссөн. Би тухайн сургуулиас бакалавр болон магистрийн зэргийг
санхүүгийн салбараар хүртсэн.
Саянаа:
Тэгвэл дараа нь Та Манчестерын их сургуульд явсан юм байна.
Эрдэнэбат: Тийм.
Саянаа: Та энэхүү
нэр хүнтэй их сургуульд хэрхэн орсон түүхээ бидэнтэй хуваалцахгүй юу? Миний
бодлоор нэлээд олон мянган хүнээс шигшигдэж ордог байх л даа. Таныг ямар
болохоор тань энэхүү сургууль авсан юм бол?
Эрдэнэбат: Миний
хувьд аз л гэх юм уу даа. Манчестерын их сургууль бол дэлхийн шилдэг их сургуулиудын нэг гэдэг нь үнэн л дээ. Хэрэв би Англи хүн байсан бол уг сургуульд орох гэж
нэлээд зовох байсан байх. Хамгийн олон элсэлтийн өргөдөл авдаг сургууль гэж ярьдаг юм
билээ. Миний хувьд аз болж тэр үед Нээлттэй нийгэм хүрээлэн гэдэг
байгууллагаас гадаадад явж сурах хүсэлтэй оюутнуудад зориулсан тэтгэлэгт
хөтөлбөр зарладаг байсан. Тэд эдийн засгийн салбараарх оюутнуудыг тэнд сургадаг
байсан. Нээлттэй, өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр байсан нь л даа. Бир
өргөдлөө өгөөд, өрсөлдөөд авч байсан.
Саянаа:
Манай залуу үзэгчид маань энэ хүн ийм сайхан сургуульд явж сурдаг ямар азтай
хүн бэ гэж бодож байгаа байх л даа. Гэхдээ та энд зөвхөн аз биш бас нэлээд хүч
хөдөлмөр зарцуулах шаардлагатай байдаг гэдэгтэй санал нийлэх байх л даа? Та
үүнийг зүгээр л өргөдөл өгөөд л, тэгээд авчихаагүй биз дээ?
Эрдэнэбат: Мэдээж
үгүй. Энэ маань нэлээд олон жилийн оролдлогын үр дүн байсан. Би тэтгэлэгт
хөтөлбөрүүдэд хамрагдах гэж 2-р курст байхаасаа л оролдож эхэлсэн. Бараг 3-4
жил амжилтанд хүрч чадахгүй байсан. Гол нь миний Англи хэлний түвшин шаардлага
хангахгүй байдаг байв. Шалгалтуудыг нь давахын тулд үүнийгээ нэлээн
сайжруулах хэрэгтэй байсан. Тэгэхээр анхны оролдлогоороо гадагшаа яваагүй нь
үнэн.
Саянаа: Та гадагшаа явахдаа яагаад Английг сонгосон юм бэ? Яагаад заавал Манчестерын их
сургуулийг сонгов?
Эрдэнэбат: Миний
хувьд ердөө л 2 сонголт байсан. Нэг их сонголт байдаггүй байсан цаг. Одоотой
харьцуулахад 2000 онд тэтгэлэлт хөтөлбөр тийм ч олон байгаагүй байх. Зөвхөн
Соросын сан (Нээлттэй нийгэм хүрээлэн) болон гадаадын элчин сайдын яамдууд, тухайлбал Япон, Америкийнх, тэтгэлэгт хөтөлбөр зарладаг байсан байх. Би Соросын сан болон Японы элчин
сайдын яамныхад өргөдөл өгсөн. Японы элчин сайдын яамных зэрэггүй, тэгсэн мөртөө
2 жилийнх, Манчестерынх харин нэг жилийнх ч, гэсэн магистрийн зэрэг хүртэх
хөтөлбөр байсан. Миний хувьд сонголт нь тодорхой байсан л даа.
Саянаа:
Манчестерын их сургуулийн тухай ярьж өгөөч? Хэдэн Монгол оюутан төгссөн байдаг
юм бол?
Эрдэнэбат: Би яс
тоог нь мэдэхгүй юм. Гэхдээ миний мэдэх эдийн засгийн хөтөлбөрийн хувьд 50-аад
оюутан төгссөн байх. Энэ хөтөлбөр нэлээд удаан үргэлжилсэн. 1998 оноос эхэлж, хэрэв би алдаагүй бол, 2010 хүртэл үргэжилсэн байх.
Саянаа:
Манчестерт сурч амьдрахад ер нь ямархуу байв?
Эрдэнэбат: Сурч,
амьдрахад нэлээд аятайхан газар байсан. Лондон шиг их үнэтэй биш мөртлөө хүн ам төвлөрсөн, соёл урлагийн том төв газар байсан. Амьжиргааны өртөг нь
ер нь боломжийн. Нэлээд олон их сургуулиуд, коллежуудтай учир Манчестерыг
оюутны хот гэдэг юм билээ. Тэгэхээр сурч, амьдрахад тун аятайхан газар байсан.
Саянаа:
Манайд нэг ийм шүүмжлэл яваад байдаг л даа. Монголд оюутнууд зөвхөн суралцаад л
байдаг гэж. Амьдралынхаа болон зугаацах зардлыг олоход өөрөө оролцохгүй, гэрийнхэндээ дарамт болоод л гэх мэт. Харин тэд гадагшаа явахаар суралцахаасаа
гадуур бараг хоёр гурав дахин их ажилладаг. Та тэгэхээр тэдний нэг шиг харагдаж
байна л даа. Та сурахынхаа хажуугаар их сургуульдаа судлаачаар ажиллаж байсан
юм байна. Тэгэхээр сурахынхаа хажуугаар судалгааны ажил хийх нь танд хэр
хэрэгтэй байв?
Эрдэнэбат: Би
докторын хөтөлбөрт орсныхоо дараа л үндсэндээ хагас цагаар ажиллаж эхэлсэн л дээ. Зуны
хэдэн сарыг эс тооцвол магистрт сурч байхдаа би гадуур бараг ажилладаггүй байсан.
Магистрт суралцаж байх үе маань миний хувьд маш чухал үе байсан л даа. Докторын
тэтгэлэт хөтөлбөрт хамрагдахын тулд маш их ажиллах шаардлагатай байлаа.
Тэгэхээр магистрт сурч байх үедээ таны хэлж байгаа шиг тэгэж ажиллаагүй. Харин
докторын оюутан болсныхоо дараа бол ажил хийж байсан. Докторын сургалтынхаа нэг
хэсэг болгож бакалаврын оюутнуудад хичээл заавал өөрөө улам сайн
сурна гэж тэнд үздэг. Бусдад юмаа заахаар өөрөө сайн сурдаг юм билээ л дээ.
Докторын зэрэгтэй төгсөж гараад их сургуульд л ажиллах магадлал өндөр. Тэгээд
нэгэнт л төгсөж гараад оюутнуудтай ажиллаж эхлэх юм чинь эртхэн л эхэлсэн нь
дээр гэж үздэг. Энэ нь надад таалагдсан.
Саянаа:
Докторын ажлын тань сэдэв нь юу юм бэ?
Эрдэнэбат: Нэлээд
урт шүү. Нэр нь "Хүүний хувийн хугацаагаарх бүтцийг тайлбарлагч хүлээлтийн таамаглалын онолын тухай гурван эссе". Энэ нь энгийнээр бол өөр өөр хугацаатай засгийн газрын бондын хүүний хувиудын хоорондын хамаарлын судалгаа гэсэн үг л дээ. Судалгаа маань Их Британи болон
Америкийн хөрөнгийн зах зээлд тулгуурлаж хийгдсэн.
Саянаа: Одоо
Монголын зах зээл дээр засгийн газраас бонд гаргаж зарах гэсээр нэлээд хугацаа
өнгөрлөө. Энэ талаар, одоогийн системийг сайжруулчих юмсан гэж бодож явдаг зүйл
таны хувьд байдаг уу?
Эрдэнэбат: Тийм л
дээ, Монгол улсын засгийн газраас бондын зах зээлийг хөгжүүлэх оролдлого нэлээд
хийж байна. Учиргүй амжилттай хөгжүүлж байгаа гэхэд хаашаа юм. Яг одоогоор
бол бидний мэдэж буйгаар Евро бүс санхүүгийн хямралд байна. Тэд бондын зах зээл
дээрээс мөнгө босгох гэж чадах бүхнээ хийж байгаа. Зарим нь амжилтай болж
чадахгүй байна. Тэгэхээр яг одоо Монголын засгийн газар бонд гаргаж зарна гэвэл
нэлээд өндөр хүү л амлах ёстой болох байх. Өндөр хүүтэй бол засгийн газарт
ашиггүй гэсэн үг. Санхүүгийн хямралын дараа бол энэ бол бидний үнэхээр анхаарлаа
хандуулах ёстой зүйл. Бондын зах зээлгүйгээр маш олон төрлийн санхүүгийн
бүтээгдэхүүн хөгжих боломжгүй байгаа. Санхүүгийн гүнзгийрэлт гэдэг зүйл бондын
зах зээлгүйгээр урагшаа явахгүй.
Саянаа: Би
таны блог руу орж нэлээд үзлээ л дээ. Надад маш сонирхолтой, хүнд мэдлэг
өгөхүйц болсон байна. Хэдийгээр би эдийн засагч биш ч над шиг хүнд ойлгогдохоор
сэдвүүдийг хөндсөн байсан л даа. Эдгээрийн нэг нь байгалийн баялгийн хараал ба
Монгол гэсэн өгүүлэл байсан. Та энэ талаар манай үзэгчидтэй үзэл бодлоо
хуваалцахгүй ю? Энэхүү үзэгдлийг бид нар хэрхэн тойрч гарах вэ гэдэг дээр товч
хариулахгүй юу?
Эрдэнэбат: Байгалийн баялгийн хараал гэдэг үзэгдэл сүүлийн үед эдийн засагчдийн
анхаарлыг их татаж байна. Сүүлийн үед байгалийн
баялаг ихтэй улсууд хөгжихгүй, хүн амынхаа амьжиргааг дээшлүүлж чадахгүй байгаа
үзэгдлийг байгалийн баялгийн хараал гэж нэрлээд байгаа юм л даа. Аливаа үндэстэн
асар их байгалийн баялагтай байснаас байгаагүй нь дээр гэдэг энэхүү онолыг бага
зэрэг тайлбарлая л даа. Багахан газар төвлөрсөн, их хэмжээний баялаг гэдэг бол
түүнийг цөлмөх сонирхол, боломж бас өндөр гэсэн үг. Үүнийг эзэмших гэсэн
сонирхлын бүлгүүд бий болно. Хэрэв өрсөлдөгч талууд болон баялгийн хэмжээ тухайн улсын эдийн засагтай
нь харьцуулахад нэлээд том бол тэмцэлдээнийх нь үр дүнд нийт эдийн засаг нь
хөлд нь үрэгдэнэ. Асар их хэмжээний авъяас билиг, нөөц боломж, цаг хугацаа нийт
эдийн засгийг хөгжүүлэхэд биш, тухайн рентийн төлөөх тэмцэлд л зориулагдана.
Гэхдээ энэ бол тухайн үзэгдэл явагдах ганцхан л суваг нь, өөр сувгууд бас бий. Та энэхүү энэхүү
үзэгдлээс зайлсхийх хамгийн чухал зүйл юу вэ гэж асуусан байх тийм үү?
Саянаа: Тийм.
Эрдэнэбат: Хэрвээ
бид сүүлийн үеийн тоон мэдээллээ харах юм
бол бидний хууль дүрмээ дээдлэн хүндлэх гэдэг үзүүлэлт маш хурдан унаж байна.
Энэ бол дээр ярьсан цөлмөлт явагдах тохиромжтой орчин юм л даа. Тэгэхээр бид
бүгдээрээ одоо байгаа хууль дүрмээ хүндэтгээд, бусдыг ч мөн адил тэдгээрийг
дагахыг шаардаад байх юм бол энэ зүйл амархан гарахгүй. Тэгэхээр олон зүйл биднээс,
ард түмнээс хамаарна. Жишээ нь бид зүгээр сууж байгаад мөнгө авч байх ёстой гэж
шаардахын оронд энэхүү баялаг маань нөхөн сэргээгдэхгүй, бас зөвхөн бидний
үеийнхэнд зориулагдах ёсгүй гэдгийг ухаарах хэрэгтэй байна. Энэ маань өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн зүйл,
хойч үед ч гэсэн заримыг нь үлдээх ёстой л доо. Тэгэхээр энэхүү баялгийг ашиглах оновчтой хурд гэж юм байх ёстой. Бид огт хэрэглэх ёсгүй гэж байгаа юм
биш, харин өөрсөддөө ногдох хувь хэмжээ нь юу байх ёстой юм бэ, хэрхэн оновчтой ашиглах вэ гэж асуух хэрэгтэй.
Саянаа:
Эдийн засагчийнхаа хувь та бусад улсуудын хөгжлийн загварыг сонирхдог байх л
даа. Тэдний онож алдаж байгаа зүйлсээс нь суралцах гэж. Тэдгээр туршлагаас та
бас хэллээ, оновчтой хувь хэмжээ байх ёстой гэж. Тэгэхээр бид одоо байгаа
баялгаа хэрхэн ашиглах хэдэн хувийг нь өнөөдөр хэрэглэх талаар онол байдаг юм
болов уу? Зарим хэсгийг нь мэдээж хойч үедээ үлдээмээр байгаа.
Эрдэнэбат: Эдийн
засагчид тийм төрлийн загварууд боловсруулсан байдаг. Жишээ нь 1931 онд
Хотеллингийн гаргаж ирсэн Оновчтой олборлолтын онол гэж байна. Хүмүүс одоо ч
ашигладаг. Одоохондоо Монголд түүнийг анхаарч үзэж байгаа хүн алга л байна.
Тодорхойлолт ёсоор бидэнд байгаа байгалийн баялаг маань дахин сэргээгдэхгүй.
Энэхүү онол жишээ нь ийм баялгийг газрын доор нь хадгалвал түүний үнэ нь гаргаж
ирээд орлогыг нь үнэт цаасанд байршуулж олсон орлоготой адил хэмжээгээр өснө
гэдэг. Тэгэхээр зарим тохиолдолд газар доор хадгалах нь ч дээр үе байна.
Саянаа:
Гэхдээ тодорхой нэг хувь байна уу?
Эрдэнэбат: Би
мэдээж шууд санаанаасаа нэг тоо хэлэх боломжгүй л дээ.
Саянаа:
Мэдээж тэр тоо нь тухайн улсад хэр их баялаг байгаагаас хамаарах байх тийм үү?
Эрдэнэбат: Тийм. Мөн
олон улсын эдийн засгийн нөхцөл байдал гэх мэтээс хамаарна. Уг загварт нэлээд
олон талын мэдээлэл оруулж байж тэр оновчтой хувь хэмжээг гаргаж авна л даа.
Надад хийгээд гаргачихсан тийм үр дүн алга.
Саянаа:
Саяхан Монголчууд биднийг чинь ирэх 10-20 жилд дэлхийн хэмжээнд эхний 10-т
орохоор амжилттай өснө гэж ярьлаа л даа. Та үүнтэй санал нийлэх үү?
Эрдэнэбат: Одоо байгаа
тоо маань нэлээн хурдан өсөж магадгүй. ДНБ нэлээд хурдацтай өсөх боломжтой гэдэг нь үнэн.
Гэхдээ ДНБ гэдэг бол зүгээр л нэг тоо. ДНБ-ий өсөлтийн нэлээд хэсэг нь хөрөнгө
оруулалтаас бүрдэж байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь биет тоног төхөөрөмж, барилга
байгууламжид орсны дараа нь өсөлт харин зогсонги байдалд орно. Тэгэхээр үүний
дараа өсөлтийг хаанаас бий болгох вэ гэдэг нь чухал. Мөн хөрөнгө оруулалтын
дийлэнх хэсэг нь гадных. Тэгэхээр бидний олсон зүйлээс нэлээд
хэсэг нь тэрхүү хөрөнгө оруулалтын өгөөж болоод гадагшаа гарна. Мөн маш их
хэмжээний хөрөнгө түлш шатахууны төлбөр хэлбэрээр гадагш гарна. Жишээ нь, манай ДНБ 6
тэрбум доллар байлаа гэхэд ойролцоогоор 2 тэрбум нь түлш шатахууны төлбөрт ОХУ
болон бусад улсуудад очно. Тэгэхээр бидний жинхэнэ харах ёстой юм маань Монголд
үлдэж байгаа ашиг юм л даа. Зүгээр нийт том дүн нь биш. Миний жишээ болгож
байгаа энэ 6 тэрбум гэдэг маань бидний зарж байгаа юмны үнэ. Бид болохоор
энэхүү үнийн хэдэн хувь нь бидэнд үлдэж байна гэдгийг харах ёстой. Тэгэхээр бид
ерөнхийдөө хүлээлтээ нэлээд доошлуулах хэрэгтэй дээ.
Саянаа:
Мэдээж энэ бол таны нэг сонирхдог сэдэв юм байна. Таны CV дээр та
бас байгаль орчны эдийн засгийг сонирхдог гэсэн байна. Байгаль орчны эдийн
засаг дотроо та яг аль сэдвээр дагнадаг юм бэ?
Эрдэнэбат: Миний ярьсан байгалийн баялгийн хараал гэдэг сэдэв маань л байгаль орчны эдийн
засагтай холбогддог ганц газар маань байгаа юм. Байгалийн нөөцийн ашиглалт нь
өөрөө маш том сэдэв. Одоо ч гэсэн надад маш сонирхолтой байдаг.
Саянаа: Та одоо МУИС-д
профессороор ажилладаг юм байна.
Эрдэнэбат: Би таныг засах хэрэгтэй байх. Би дэд
профессороор ажилладаг. Саяхан миний албан тушаалыг бууруулсан байгаа.
Саянаа:
Гаднаас хүмүүс эх орондоо ирэхдээ Монголдоо нэвтрүүлчих юм сан гэсэн маш их
арвин санаа, санаачлагатай байдаг л даа. Та Монголд ирээд МУИС-д профессороор ажилаж эхлэхэд ямар байсан бэ? Үүнийгээ Манчестерын их
сургуульд ажиллаж байсан үеийнхтэйгээ харьцуулахгүй юу?
Эрдэнэбат: Энд маш их ялгаа бий л дээ. Яг үнэндээ харьцуулах боломжгүй юм. МУИС, ялангуяа
Эдийн Засгийн Сургууль эдийн засгийн шинжлэх ухааныг барууны стандартаар судлаж
эхлээд удаагүй байна л даа. Энэ ч утгаараа хийх ёстой юм их байна. Мэдээж би
зөв гольдролоо хөгжих байх гэж найддаг. Гэхдээ надад болж бүтэхгүй юм хийж
байгаа нь их л харагддаг. Би өөрийнхөөрөө л хэлж ойлгуулах гэж оролдож байна. Зарим нь миний санал зөвлөгөөг сонсдог л
байх. Заримдаа ч үнэхээр гутартмаар үе байдаг. Гэхдээ энэ бол миний хийх ёстой
зүйлсийн нэг гэж боддог. Бид нар тэмцэхгүй бол өөр хүмүүс тэмцэхгүй байх л
даа. Энэ нь ч миний гадаад дахь ажил, боломжуудаа орхиод Монголд ирсэн
шалтгаануудын нэг нь байсан.
Саянаа: Таны
тодорхойлолтыг бас харж байхад та Манчестерын их сургуульд доктороо дуусгасныхаа дараа Ланкастерын их сургуульд профессороор ажиллаж байсан юм байна. Их
сургуулиа ингэж сольдгийн шалтгаан нь юу байдаг юм бэ?
Эрдэнэбат: Англи
болон барууны шинжлэх ухааны соёлоор бол цус ойртох гэгддэг үзлээс аль болох
зайлсхийдэг. Тэгэхээр та хэрэв нэг сургуулийг төгсөж гарлаа гэхэд, жишээ нь
Манчестерын их сургууль гэе, хүмүүс таныг Манчестерын их сургуулиас гадуур ажиллах
ёстой гэж үздэг. Шалтгаан нь хэрэв та төгсөж гарсныхаа дараа өөрийнхөө
удирдагч, багш нартайгаа ажилласан хэвээр байх юм бол та нарын дунд зөрчил,
тэмцэл нэг их гараад байхгүй. Мэдээж та өөрийхөө багш нараа хүндэтгэх гээд
байна, профессорууд тань ч танд бусадтай харьцуулахад зөөлөн хандана. Ийм
орчныг тэд үнэхээр хүсдэггүй. Яагаад гэвэл шинжлэх ухаан гэдэг юм маань зөрчил
дээр тулгуурладаг. Шинжлэх ухаан маань үр дүнд нь тэсэрч хөгждөг. Ийм
зүйлгүйгээр шинжлэх ухаан өөрөө хөгждөггүй. Үүнтэй төстэй зүйлс барууны
нийгмийн амьдралд нэлээд олон л доо. Хэрэв хүүхэд их сургуульд орлоо гэхэд
ихэвчлэн өөрийнхөө төрж өссөн хотоос гадагш явж сурдаг. Тэгээд 18-тайдаа их
сургуульд орлоо гэхэд тэр чигээрээ л гэрээсээ гардаг. Ийм төрлийн зүйлс миний
бодлоор маш зөв юм шиг санагддаг. Үр дүнд нь та жинхэнэ бие даасан хүн, эсвэл судлаач болох
боломжтой. Зарим хүмүүс нэлээд харгис, хэрцгий юм гэдэг, гэхдээ надад зөв л юм
шиг санагддаг.
Саянаа:
Монголд оюутнуудын хувьд хийх ёстой сорилтуудын талаар ярья л даа. Зарим нь
тэдний хувь дассан зүйл нь биш ч гэсэн. Таны блогийг уншиж байхад
бакалаврын оюутнуудад зориулсан нэг бичлэг байсан л даа. Надад их таалагдсан.
Харамсалтай нь одоохондоо нэг их хүн таны блогийг мэддэггүй байх. Гэхдээ
яваандаа их эрэлттэй болох байх гэж найдаж байгаа. Таны бодлоор энгийн оюутныг
илүү сайн оюутан болгодог зүйл юу вэ?
Эрдэнэбат: Миний
бодлоор өөрөө өөрийгөө дайчлах гэдэг бол маш чухал чанар. Хүн зорилготой
байж, түүндээ хүрэхээр тэмцдэг байх ёстой. Залуу хүний хувьд мэдээж маш олон
боломжууд байдаг. Цаг хугацаагаа найзуудайгаа сайхан өнгөрөөх, хоббигоо хөөх гэх
мэт. Гэхдээ бид нэг л амьдардаг, залуу хүний хувьд залуу нас нь нэг л
олдоно. Энэхүү залуу насаа л сайн ашиглах хэрэгтэй. Эрч хүч, цаг зав залуу
хүмүүст л байдаг. Тэгэхээр энэхүү эрч хүч, цаг заваа өөрийнхөө үнэхээр хүссэн
зүйлдээ л зориулах хэрэгтэй. Зарим оюутнууд нэг зүйл дээр төвлөрөлгүй тун олон зүйл рүү үсчсэн байдалтай харагддаг. Тэгэхээр үр дүн ч үгүй, амжилт ч үгүй
хоцрох тал байна. Нэг юманд төвлөрч, түүндээ бүх зүйлээ зориулбал л амжилтанд
хүрэх юм шиг санагддаг.
Саянаа:
Эдийн засаг бол мөш өргөн хүрээтэй шинжлэх ухаан л даа. Маш олон ч оюутан суралцдаг. Одоо эдийн засгаар сурч байгаа, ирээдүйд тань шиг амжилтанд хүрэх
юмсан гэж боддог, ирээдүйд улсын маань эдийн засгийг хөгжүүлэх оюутнуудын хувьд
таны зүгээс эдийн засгийн ямар салбарт хамгийн их амжилт гаргаж, тэр нь хүмүүст
хэрэгцээтэй байх болно гэж зөвлөх вэ?
Эрдэнэбат: Хүмүүс эдийн засаг (эконоимк) хэмээх шинжлэх ухааны талаар
буруу ойлголттой байх нь элбэг. Бидний ярьж буй Эдийн засгийн сургуулийн хувьд
экономикийн хөтөлбөр нь харьцангуй цөөхөн оюутантай. Харин нягтлан бодох бүртгэл,
банкны хөтөлбөр нь маш олон оюутантай. Магадгүй шалтгаан нь эдийн засгийн ангийг нэлээд
хэцүү гэж ойлгоод, тэгээд цөөхөн оюутан сонгодог юм шиг байгаа юм. Эдийн засгийг яг сонгоод суралцаж байгаа оюутнуудын хувьд хэлэхэд зан үйлийн эдийн засаг (behavioral economics) цаашид нэлээд анхаарал татах болов уу. Экомометрик бол үргэлж л маш их эрэлттэй
байдаг тэгэхээр төгсөж гараад зах зээл өргөнтэй. Тэгэхээр энэ хоёр салбарыг л
зөвлөх байна даа.
Саянаа:
Сонирхолтой ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Дахиад хэлэхэд таньд үнэхээр
энэхүү нэр хүндтэй Эдийн Засаг, Статистикийн Тойм сэтгүүлд нийтлүүлсэнд тань
баяр хүргэе. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Эрдэнэбат:
Баярлалаа!
No comments:
Post a Comment