Friday, 12 August 2016

Brave new world (зоригт шинэ ертөнц?)

Хэд хоногийн өмнө нэг хачирхалтай зурвас Фейсбүүкийн найзаас авав. Өөрөө Европоор амралтаараа аялаад явж байсан чинь сайд холбогдоод илтгэл бэлтгэж явуул гээд байх юм та нэг жоохон юм бичээд өгчихөөч гэх ажээ. 


Намайг фейсбүүк дансан дээрээ мэдээлэл оруулаад байхаар бид гурваас хамгийн завтай нь юм байна гэж буруу ойлгосон бололтой. Өөр марзан зурвасууд ч зөндөө ирэх аж, боломжийн хэрээр л хариулдаг. Гэхдээ энэ удаа гэдэн хөдлөв. Хэрэг болохоор олддоггүй хуучин оюутнуудад маань миний хэрэг гарахаар гэнэт гараад ирдэг нь ч олон.  

Хүний зан чанар маш их чухал. Эмээ өвөө, эцэг эх тань таныг ингэх муухай, тэгэж болдоггүй юм хэмээн үглэж өсгөж байна гэдэг бол өөрт тань хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Зан чанарын ач холбогдол бүх мэдээлэл дижитал хэлбэрт шилжиж байгаа тохиолдолд улам бүр өсөн нэмэгдэж байна. 

Өнөөдөр жишээ нь хамгийн эрэлттэй байгаа бүтээгдэхүүнүүдийн нэг бол ажил олгогчдод өргөдөл гаргагчдын Facebook, Linkedin, Twitter, Instagram гэх мэт интернетийн нийгмийн дансны мэдээллүүдийг нь ашиглаад чансаа гаргаж ирдэг компьютерийн програм (character/behavioral profiling). Юун дээр лайк эсвэл дислайк дарж байна, ямар мэдээллийг тоож, ямарыг тоохгүй байна гэдэг нь тэнд бүгд бий.

Ямар цагаар гэдэг нь бүр илүү ач холбогдолтой болж байгааг саяхан Европын хүний эрхийн комиссоос гаргасан шийдвэрээс харж болно. Энэхүү зарга нь ажлын цагаар хувийн Yahoo Messenger ашиглсан ажилтныг ажил олгогч нь халсантай холбоотой байсан бөгөөд халагдсан ажилтан нь доод шатны шүүхүүдээр заргалдаад дийлээгүй болохоор хүний эрхийг хамгийн их дээдэлдэг хэмээдэг уг байгууллагад хандаад ч тусыг эс олов. Мэдээж асар өрсөлдөөнт бизнесийн ертөнцөд цалин авч ажиллаж буй ажилтан тань ажлаа цалгардуулаад байвал ямар ч бизнес хол явахгүй нь тодорхой. 

Интернетийн нийгмийн дансны мэдээллийг боловсруулах өнөөгийн сонирхол, технологийн чадвар харьцангуй хязгаарлагдмал, сул байгаа ч нэгэнт дижитал мэдээлэл бараг устахгүй учир ирээдүйн түүхэн судалгааны салшгүй нэг хэрэгсэл болох нь тодорхой. 

Мэдээж энэхүү олон улсын чиг хандлага Монголд нэвтрэх эсэх нь одоогоор тодорхойгүй. ТВ-ээр нэвтрүүлдэг УИХ-ын тоймоор ид хэлэлцүүлгийн үеээр ч сонин уншаад сууж байгаа, кейнди краш тоглоод сууж байгаа эрхэм гишүүд өчнөөн харагддаг. Ажлын цагаар Twitter-ээс хэсэгхэн ч болов холддоггүй хэзээ ажлаа хийдэг юм бол хэмээн эргэлзээтэй хүмүүс, бүр марзан зураг хөргөө хүртэл оруулж байдаг төрийн сайдууд харагдсан. Үндсэндээ бүгдээрээ бизнесменүүд байх нь бүр хачирхалтай. Захиргаанд нь ажиллаж байгаа хүмүүст энэ зан чанар нь ямар үлгэр жишээ үзүүлэх нь уул нь тодорхой. 

Саяхан Харвардын Бизнес Тойм сэтгүүлд 100 гүйцэтгэх захирал, тэдний доор ажилладаг 8000 ажилтнаас нууц санал асуулгаар цуглуулсан мэдээллэл дээр тулгуурлан хийгдсэн сонирхолтой судалгаа нийтлэгдсэн байсан. Уг судалгаагаар, бусад хүчин зүйлсийн нөлөөг тооцсоны дараа, зөв зан чанартай даргаар удирдуулсан компаний хөрөнгө олиггүй хүнээр удирдуулсан компанийхаас даруй 5 дахин ихээр өсдөг ажээ. 

3 гаруйхан сая хүн амтай, жижигхэн зах зээлтэй улсад маань гадагшаа гарч өрсөлдөе, бусдын жишигт хүрье гэдэг бизнесийн удирдагч тун ховор нь харамсалтай. Ихэнх нь төр рүү орж л тэрбумтан болох хүсэлтэй. Гэхдээ энэ нь Монгол үндэстэнд огт туслахгүй нь тодорхой. 

Тал нутгийн хуулиар бол бид хүчтэй, итгэл даах, зөв удирдагчдыг эрэлхийлж, эсвэл бий болгож дагах ёстой. Тийм зан чанаргүй удирдагчдыг илрүүлж, эртхэн салах ёстой. Үгүй бол замхран алга болно. Нэг хүнд ногдох хөдөлмөрийн насны, бусдад үнэлэгдэх өндөр боловсрол, чадвартай эдийн засгийн дүрвэгчдийн тоогоор Монгол улс толгой цохино гэвэл би л хувьдаа эргэлзэхгүй. 

Энэхүү бэсрэг нийтлэлийг Монголчуудын заавал унших ёстой номоор нэрлэв. Технологи, аж үйлдвэрийн 4-р хувьсгал эхлэж байгаа энэ үед бүр ч сонирхолтой сэдэв. Үүнтэй холбоотой мөн өөр нэг нийтлэл бичиж байсан билээ. Мөн Др. Алтанцэцэгийн бичсэн бэсрэг нийтлэлийг уншихыг зөвлөе.

Харин Фейсбүүк дээр их мэдээлэл оруулдгийн учир нь завтайдаа биш харин хүмүүст хэрэг болж магадгүй хэмээн итгэсэнтэй холбоотой билээ. Дээрх хүнийг мэдэхгүй ч баргийн сайдаас бол хамаагүй их ажиллаж байгаа гэдэгтээ бол эргэлздэггүй. Гэхдээ миний бичсэн зүйлсийг уншдаггүй Фейсбүүк найзуудын хувьд итгэл алдралгүй монгол ёсоо дагаж нэрээ хэлж, нүүрээ харуулсан бүгдийг нэмсээр л байх биз ээ. 

2 comments:

  1. Эндээс их олон шинэ зүйл мэдэж авлаа.

    ReplyDelete
  2. Үнэн үнэн. Нэг судалгаа хийх санаатай элдэв юм уншиж яваад таны энэ блогт орсон чинь гарч чадахгүй бараг бүгдийг нь унших нь. хэхэ

    ReplyDelete

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...