Thursday, 23 June 2016

Сонгууль Америкт, Монголд

Сонгууль дөхөж байгаатай холбогдуулаад Др. Фукуямагийн ардчиллын хямралтай холбоотой лекц сонсов. Ирэх сонгуульд ямар нэгэн амлалтанд ухамсартайгаар хууртах, аялдан дагах бус бага зэрэг ч гэсэн бодит баримт, онолд тулгуурлаж сонголт хийе, мөн цаашид яах вэ гэдгийг эргэцүүлж буй, уг лекцийг англи хэлээр нь үзэх боломжгүй хүмүүст зориулан тэмдэглэл хөтлөж, зарим нэг санаагаа уншигч тантай хуваалцахыг хүсэв.



Түүний 1989 оны зун бичсэн “Энэ түүхийн төгсгөл мөн үү?” нийтлэл, 3 жилийн дараа нь нийтлэгдсэн “Энэ бол түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” нэртэй, ардчилсан, диктатурт хоёр тогтолцооны хоорондох өрсөлдөөн ийнхүү дууслаа гэсэн агуулгатай ном нь тун их алдартай. Түүнийг гадныхан, бүр Монголчууд хүртэл урьж лекц уншуулдаг. 

Юуны өмнө АНУ-д болох гэж буй сонгуультай холбогдуулан эх орныхоо тухай юу ярьж буй нь надад сонирхолтой санагдав:

АНУ-ын Нью Хампшейр мужийн нэг сонгуулийн дүүрэгт жишээ нь сонгогчдын хамгийн их санаа зовж байгаа зүйл бол хар тамхинд донтолт. Уг мужийн хүн амын 90-ээс дээш хувь нь цагаан арьстан. Гэр бүл салалт асар ихээр нэмэгдэж, хүүхдүүдийнх 70% нь хагас өнчин болсон байна. Цагаан арьст ажилчин ангийнхан өнөөдөр 2008 оны хямралын өмнөхөөсөө доогуур бодит цалинтай, бүр эцэг эхийнхээ авдаг байсан цалингаас ч доогуур цалинтай. Глобалчлал үүнд маш их нөлөөтэй байсан, технологийн дэвшил цаашид ч байдлыг улам гааруулна.

Ийм орчинд Доналд Трамп мэтийн улс төрч гарч ирээд Америк улсыг эргүүлээд агуу улс болгоё гэж байна. Алдагдсан статус, “америк мөрөөдөл”, нийгэмдээ ахин дэвших харьцангуй нээлттэй боломжуудаа санагалзагч, сонгогчид асар их байх нь тодорхой. Гэхдээ цаг хугацааг ухраах боломжгүй, мөн Трамп бол худалч, ярьсан зүйлсээсээ ганцыг нь ч хийхгүй.

Улс төрийн талцалт туйлдаа хүрч өнөөдөр АНУ үндсэндээ 2 хон намтай үлджээ. Том компани, банкны эзэд, бизнесменүүдийн төлөөлөл, нөлөө ихтэй Бүгд найрамдах нам чөлөөт худалдаа, глобалчлал, ашгийн төлөө орондоо унтах завгүй олзлон булаалдаж байна. Харин Ардчилсан нам нь хүний эрх, ижил хүйстний эрх, хүйсийн эрх чөлөө гэх мэтийн зүйлс хөөцөлдөөд байхаар нийгмийн чухал асуудлууд  орхигдож түүн дээр нь тоглолт хийх боломжууд бий болж байна. 

Цаашид ч энэхүү талцалт яаж шийдэгдэх нь тодорхойгүй байна. Энэ жилийг эс тооцвол сүүлийн 10 орчим жил парламент төсвийн тухай хуулиа ч зохих ёсоор нь батлаж чадахгүй байгаа, гүйцэтгэх засаглал оролцож байж л төрийн байгууллагуудын санхүүжилт тасарчихгүй байгаа.

Түүнийхээр орчин үеийн улс төрийн тогтолцоо гурван баганатай:

1) Хүчирхэг төр (strong state). Макс Веберийн тодорхойлсноор энэ нь хууль ёсны хүчний (power) монополь. Энэхүү хүчийг хууль ёсыг сахиулах, иргэдийг аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол гэх мэт төрийн үндсэн үйлчилгээгээр хангахад хэрэглэдэг.

2) Хууль ёс (rule of law. Үүнийг эрх зүйт ёс гэж нэгэнтайлбар толь бичигт орчуулсан байгаа нь хачин санагдав). Хаад харц гэлтгүй бүгд хуулийн дор ижил эрх, үүрэгтэй байвал хууль ёс тогтсон байна гэдэг. Сайд, дарга нарт хууль нь үйлчилдэггүй нийгэм бол хууль ёст нийгэм биш.

3) Ардчилсан хариуцлага (democratic accountability). Улс төрийн төрийн намууд нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлж, өрсөлдөж, хэрэгжүүлж, амжилтад хүрсэн бол урамшуулагдаж, үгүй бол шударга хариуцлага хүлээдэг.

Эдгээр гурван багана гурвуул зэрэг хөгжих ёстой. Улс төрийн шударга, нээлттэй сонгууль нь сүүлчийн баганатай нь холбоотой бөгөөд гадны ажиглагчдын дүгнэдгээр 2008 оны үймээн самууныг үл тооцвол бусад улсуудтай харьцуулахад Монголд 1992 оноос хойш харьцангуй амжилттай зохион байгуулагдаж байна. 

Гэхдээ сонгууль хичнээн шударга явагддаг байсан ч энэ нь бүх асуудлын шийдэл биш, нөгөө хоёр багана нь заавал байх ёстой. Сонгууль нь харьцангуй шударга, оролцоо сайтайгаар явагддаг Энэтхэгт улсын сургуулиуд дээр нь очвол 4 багшийн нэг нь ажлаа тасалсан, хичээл зааж байгаа 2 багшын зөвхөн нэг нь л заах ёстой хөтөлбөрөөр хичээлээ орж байна гэдэг. Ажлаа тасалсан ч бай цалингаа мөн авч л байдаг

2008 оны Дэлхийн санхүүгийн хямралын өмнө сонгууль нь мөн л харьцангуй амжилттай явагддаг Грек улсад нэг хүнд ногдох төрийн албан хаагчийн тоо нь Их Британыхаас 7 дахин өндөр болсон байв. 1970-аад онд л цэргийн дэглэмээс салсан уг улсад, төриййн албаныхныг ажлаас халж болохгүй ч ялсан нам нь өөрийнхөө намын хүмүүсийг ажилд нэмж авж болдог байсан нь хуримтлагдсаар, эдийн засагтаа тийнхүү дарамт болчихсон.

Сонгуулийн оролцоо нь өөр хаана ч атаархагдахаар өндөр хувьтайгаар, бүр цэвэр гэж хэлж болохоор зохион байгуулагддаг Нигер улсад гэхэд 2014 онд дунд сургуулийн 219 сурагч охидыг Боко Харам (барууны боловсрол бол нүгэл гэсэн утгатай үг) хэмээх лалын хэт даврагчид хулгайлснаас одоогоор ганцыг нь л олж чадаад байна

Төр, хууль ёс доройтсон жишээг бид мэдээж холоос эрэх шаардлагагүй билээ. Өнөөдөр Монгол улсад сайд дарга нараасаа эхлээд төрийн боловсролын байгууллага хариуцсан албан тушаалтнууд нь хүртэл улсынхаа сургуульд итгэж хүүхдээ сургахаа нэгэнт больжээ. Хээл хахууль эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр хувийн болон гадны сургуульд сургадаг болжээ. Тэдний ааль авир нь өөрийнхөө хүүхдэд тоож өгөхгүй муудсан хоолоо бусдынхад зүгээр байна шүү дээ хэмээн шахаж буйтай агаар нэг билээ. Өөрсдөө Солонгос руу нисээд эмчлүүлдэг болчихсон учир эрүүл мэндийн салбарыг ч мөн гаргуунд нь гаргасан нь хэнд ч нууц биш билээ.

Энэхүү гажуудлаас хожиж байгаа хүмүүс үүнийг өөрчлөхийг хүсэхгүй нь мэдээж. Тэд зөвхөн эрх мэдлийг л хүснэ, зарчим бол хэрэггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаж авах, өөрийнхөө талд оруулах, шахалт үзүүлэх нь илэрхий болж байна. Ардчилсан нийгмийн цэвэр агаар болсон сэтгүүлчид нь ажил орлогогүй болох айдсаасаа болж өөрсдийгөө цензурдах, хөлсний нийтлэлч болж сонгуулийг ашиглан улам бүр алдаршуулах, бэхжүүлэхэд нь хүчин зүтгэдэг болж байна. Мөн эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй царцанги байгаа өнөөгийн нөхцөлд чоно борооноор гэдэг шиг цэвэр хувийн ашиг сонирхлоо хөөсөн, хамгаалах гэсэн, төрийн институцүүдийг ашиглан бусад бизнесменээ дээрэмдэх гэсэн хүмүүс ч олширч байна. 

Сонгуулиар төр засгаа удирдах, өөрсдийн төлөөлөл болсон хүмүүсээ гаргаж ирдэг тогтолцоо хүн төрөлхтний хувьд 1800-аад оны сүүлчээс л эхэлсэн, харьцангуй шинэ үзэгдэл билээ. АНУ-д ч гэсэн 1960-аад онд л өнгөт арьстнууд сонгуульд оролцох эрхтэй болсон байдаг. Баян ядуу, өндөр албан тушаалтай тушаалгүй гэлтгүй бүгд ижилхэн эрхтэй болдог, 4 жилд ганц удаа болж буй энэхүү үйл явдал бидний хувьд асар үнэтэй эрхэм зүйл билээ. 

Гэхдээ энэхүү процесс нь хязгааргүй эрхэт хаант засгийн тогтолцоонд бус нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн орчинд төрийг хувьчлан авах, өөрсдийн эрх мэдлээ улам бүр зузаатгах, нийгмийн нөөц бололцоог шавхах гэсэн хүмүүст ч мөн боломж олгодог гэдгийг мартаж болохгүй билээ. Иймд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн талаарх сурталчилгаа үнэн зөв байгааг нягтлан бататгах, дор хаяж хуурамч дипломтой байна уу гэдгийг нь шалгах, тэдний туйлын ашиг сонирхол нь юу байж болох вэ гэдэг талаар мэдээлэл өгөх, сонгогчид бид ажил эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн салбаруудыг хэрхэн хөгжүүлэх талаар эдийн засгийн үндэслэлтэй тооцоо судалгаа шаардах ёстой билээ. 

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...