Сургуулийн Facebook хуудсан дээр like дарчихсан чинь сүүлийн үед дандаа
төгсөлттэй холбоотой гоё зураг оруулаад, мөн сүүлийн үед гадаадад магистр,
докторын сэдвээ яаж сонгох вэ, хэнээр удирдуулах вэ та зөвлөөч гэсэн мессеж
ирэх болсонтой холбогдуулан зарим хүмүүст хэрэг болж магадгүй юм гэж бодсоны
үндсэн дээр өөрийн туршлагаа энд бас биччихдэг юм уу гэж бодлоо. Эдийн засаг,
санхүүгээр магистр, докторт сурах гэж байгаа хүмүүст л сонирхолтой байх болов
уу.
Манчестерийн их сургуулийн 3 арслантай хамт |
Уг сургуулийг
15 жилийн өмнө магистрын, 11 жилийн
өмнө докторын зэрэгтэйгээр харин, 9 жилийн өмнө пост-докоо дүүргэж байжээ. Докторыг
маань удирдсан Осборн багш маань (зүүн гар талаас) өдгөө тэтгэвэртээ гараад, Хатан хааны эдийн засгийн
нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга хийдэг болсон. Өмнө нь уг албыг Жон
Мейнард Кейнс, Франсис Эжворт гэх мэт нэр хүндтэй эдийн засагчид хашиж байсан. МУИС-ийн
ЭЗС-ийг Манчестерийн ЭЗС-ийн хөтөлбөрийн дагуу 1995-96 онд шинэчлэхэд тус
сургуулийн захирлаар ажиллаж байсан. Дараагийн өндөр хүн нь миний постдокын
зөвлөх, саяхныг болтол Нийгмийн ухааны сургуулийнх нь захирал байсан Орм багш,
хамгийн наад талынх нь Мадден багш, магадгүй бусдаас хамгийн тасархай нь, одоо
мөн тэтгэвэртээ суусан.
Мадден
багш Бермингемын их сургуулийг магистраар төгсөөд л эдийн засгийн шинжлэх
ухааны топ 5 сэтгүүлийн нэг гэгддэг Econometrica-д ажлаа
хэвлүүлчихсэн. Ихэнх хүмүүс албан ёсны докторын сургалтад хамрагдаад ч тийм
түвшинд хүрч чаддаггүй.
Тэрээр
Эдийн засгийн сургуулийнх нь магистр, докторын албаны дарга байсан бөгөөд
магистрын хичээл эхлээд удаагүй байхад докторт үргэлжлүүлэн сурах сонирхолтой
оюутнуудад сурлагаар чинь өрсөлдүүлж тэтгэлэг олгоно шүү гэж тоглоомын дүрмээ
нэлээд эрт тайлбарлаж билээ. Манчестер 2000 он орчмоос МА хөтөлбөрөө MSc болгож хувиргасан нь докторын өмнөх бэлтгэл маягийн
болгосон юм байна гэж ойлгосон.
Дараа
нь мэдэхнээ Мадден багшийн дүрмийг бусад оюутнууд аль эрт мэдчихээд Манчестерт
очдог юм билээ. Бидний дунд Вьетнамдаа аль хэтийн доктороо хамгаалчихсан залуу,
Израйлд эдийн засгаар магистраа хийчихсэн хүн гэх мэт хүмүүс зөвхөн Манчестерын
докторын тэтгэлгийг авах зорилготой сууж байсан гэсэн үг. Нэгэнт хичээлүүдийн
хөтөлбөрийг интернетээс хараад урьдчилаад судлачихсан, интернетэд байгаа өмнөх жилүүдийн
шалгалтын материалуудыг өгөөд гаршчихсан хүмүүстэй хамт хичээлд суух их л
дарамттай байдаг байж билээ. Юм ч бичиж тэмдэглэхгүй, урд суучихаад толгой
дохиод, эсвэл багшаас нэмж юм асуугаад байхаар. Нэг талаар Том Круйзын тоглосон
Сүүлчийн самуурай кинон дээрх шиг сэлмийн тулаан болохоос өмнө яаж тулалдахаа
аль хэдийн бодчихсон байдагтай адил ч юм шиг. Гэхдээ магистрын оюутан байхдаа
ийм стратеги байдаг гэдгийг мэддэггүй байсан.
Хэдий
Соросын сангаас хангалттай тэтгэмж өгдөг байсан ч шуналтаад хичээлийн хажуугаар
ресторанд зөөгчөөр ажилладаг байсны харгайгаар хөтөлбөр дуусахад миний дүн
хангалттай сайн байж чадаагүй. Англид хамгийн сайнууд нь Distinction-тэй, дараах сайнууд нь Merit-тэй төгсдөг, би алийг нь ч авч чадаагүй. Гуравдагч ертөнцийн ямар нь мэдэгдэхгүй
нэг сургуулиас, эдийн засгаар биш санхүүгээр сурч байгаад ирсэн болохоор чинь
л, өөрөөр хэлбэл яг одоо хаана байгааг чинь харж биш харин хаанаас ирсэн,
хаашаа, ямар хурдтай явж байгааг чинь үнэлээд л тэтгэлэгтээ хамрууллаа шүү гэх
маягийн юм болж билээ.
Магистр,
докторын сэдвээ хүмүүс гадаадад оччихоод Монголтой холбоотойгоор сонгоод байгаа
нь надад тун учир дутагдалтай санагддаг. Учир нь магистр (MSc), докторын сургалт бол судалгаа хийх ур чадвар олгох
зорилготой. Энэ ур чадварыг зөвхөн сайн судлаачид л танд олгож чадна. Дэлхийн
хэмжээний судлаачид Монголыг судлахгүй нь бараг тодорхой. Тэд идэвхитэй ажиллах
карьерынхаа цөөхөн хэдэн жилд аль болох л нөлөө ихтэй судалгааны ажил хийхийг эрмэлзэх нь хэнд ч тодорхой. Тэд Монголын
тухай сайн мэдэх ч үгүй.
Тэгэхээр
гадаадад сурахаар явсан бол тухайн сургуулийнхаа хамгийн сайн багш нар нь ямар
судалгаа хийж байна, тэрэнд нь л оролцож, юм сурч авах хэрэгтэй. Өмнөх ажлуудыг
нь маш сайн уншиж судлаад, ямар нэгэн байдлаар өргөжүүлэх, дутагдлыг нь засах
орон зай байна уу гэдгийг олж тогтоочихоод, түүн дээрээ тулгуурлан удирдагчаа
болооч гэж хүсэлт тавьдаг.
Энэ нь
мэдээж Монголтой холбоотой судалгаа хэрэггүй гэсэн үг биш. Ийм судалгааг бид
өөрсдөө, Монгол эрдэмтдээр удирдуулан хийвэл илүү үр дүнтэй. Яваандаа Монголын магистр,
докторын хөтөлбөрт дэлхийн жишгийн дагуу тэтгэлэгтэй суралцдаг болох биз. Одооны
байгаа хэлбэр болох ажиллахын хажуугаар суралцана гэдэг бол үнэхээр боломжгүй
зүйл. Учир нь магистр, докторын түвшинд бакалаврын түвшинтэй харцуулахад
хамаагүй илүү суралцах, суух шаардлагатай байдаг.
Мөн
Монголтой холбоотой сэдвээр магистр, докторын зэрэг хамгааллаа гэхэд таны
ирээдүйн карьер тун хязгаарлагдмал болно. Гэтэл гадаадад олж авсан, ялангуяа
академик орчин дох ажлын туршлага маш чухал. Миний мэдэхээр Мэдээлэл хүсэхтухай гэсэн нийтлэлд байгаа эрдэмтдийн ганц нь ч Монголтой холбоотой сэдвээр
магистр, докторын зэрэг хамгаалаагүй байх. Гэхдээ Монголд хамгийн их хэрэгтэй
ур чадвартай болчихсон эрдэмтэд.
Миний
докторын сэдэв Монголтой холбоогүй, урт болон богино хугацаат хүүний хоорондын
хамааралтай холбоотой, манайд зах зээл нь ч олигтой үүсэж хөгжөөгүй байгаа. Гэвч
удирдагч маань өндөр нэр хүндтэй хүн учир, шүүмжлэгч маань ч мөн ижил түвшний
хүн байх ёстой, тэгэхээр Англидаа болон дэлхийд хамгийн нэр хүндтэй санхүүгийн
профессоруудын нэг болох Cass Business School-ийн проф. Лусио Сарно томилогдож байсан. Энэ нь цаашлаад надад олгож байдаг
танил талын хүрээ, боломжуудад маш эерэгээр нөлөөлж байдаг.
Зарим
хүмүүс мөн амархан төгсгөчих байх гээд сулхан багшаар удирдуулах сонирхолтой
байгаа нь харагдах юм. Стандарт нэг түвшинд тавигдаж байгаа үед энэ нь бүр
эсрэг үр дагавартай байдаг. Энэ нь мөн өөрийн тань талаар сөрөг мэдээллийг
бусдад өгнө. Маш сайн багшаар удирдуулах боломжтой сургуульд оччихоод сулавтар,
хэн нь сайн мэдэгдэхгүй багшийн хойноос гүйж байна гэдэг нь муу мэдээлэл болно
гэсэн үг. Ер нь шинжлэх ухааныг тулааны урлагтай зүйрлээд үзсэн ч хэнээр юм
заалгасан тань амь, амьдралыг тань шийддэг болохыг анхаарах хэрэгтэй.
No comments:
Post a Comment