Tuesday, 15 September 2015

Бизнесийн ухаан Монголд

Саяхан нягтлан бодох бүртгэлийн салбарын нэгэн залуу ийн бичжээ:

"Дэлхийн шинжлэх ухааны сан хөмрөгт эдийн засаг, математикын чиглэлээр хэдхэн хүний бүтээл байна (web of science). [эдийн засгийн салбарт монголоос] Дамбын Лхагвасүрэн, Батаагийн Эрдэнэбат, Ууганбаатар Нинжбат гэх мэт хүмүүсийн бүтээлүүд байх юм, харин нягтлан бодохын чиглэлээр 0 байна шүү".

Тэрээр нэлээд зоригтой залуу юм. Түрүүлж дугарсан хөхөөний ам хөлддөг гэдгийн үлгэрээр амиа аргацаагаад байвал монголын нийгэм маань улам бүр л ялзарна. Ялангуяа залуу хүмүүст, өөртөө өчнөөн дайсан хураасан ч хамаагүй, үнэн мэдээллийг өгөхгүй бол амьдралаараа, итгэл үнэмшлээрээ тоглуулж, бусдын золиос болох вий дээ гэж бодсоны үндсэн дээр үүнийг тэрлэв.


Түүний ингэж бичих болсон нь өмнөхөн нь миний нийгмийн ухааны, тэр дундаас одоохондоо хамгийн амжилттай явж байгаа эдийн засаг болон манайд орж ирж хөгжөөд харьцангуй удсан математикийн чиглэлээрх МУИС-аас Web of Science хэмээх шинжлэх ухааны ишлэлийн мэдээллийн санд бүртгэлтэй тоон харьцуулалт хийсэн Facebook посттой холбоотой гэж бодсон. Залуу хүн ингэх л ёстой. 
МУИС-аас математикийн салбараар бүртгэлтэй байгаа өгүүллэгийн тоо, 1900-2016 он: 37

МУИС-аас эдийн засгийн салбараар бүртгэлтэй байгаа өгүүллэгийн тоо, 1900-2016 он: 4

Нийгмийн шинжлэх ухааны хөгжил Монголд туйлын дорой, энэ нь Монгол улсын нийгэм, эдийн засаг социализмын нөлөөнд 70 гаруй жил байсантай холбоотой. Энэ нь тэр үедээ "хөрөнгөтний", "империалистуудын", эсвэл "үзэл суртлын дайсны" гэгддэг байсан, өдгөө барууны, үнэндээ дэлхийн нийгмийн шинжлэх ухааны амжилтуудаас хүртэх боломжийг бидэнд олгодоггүй байсан билээ. Үүний эсрэг зогссон нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэд, сэхээтнүүд бүгд төрөл бүрийн хилс хэрэгт холбогдож, цөлөгдөн, амьдрал, амь насаараа хохирч байсныг бид мэднэ. Байдал яг ямархуу байсныг өдгөө ч социалист БНСАУ-д байдал ямар байгаа талаарх бичлэгүүдээс өнгийн харж болно. (BBC-ийн алдарт Панарама нэвтрүүлэг энд бий), мөн социализмын үеийг харуулсан кинонуудаас үзэж болно. 1, 2.

Бизнесийн ухаан нь нийгмийн ухааны нэг салбар. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөггүй, байдаггүй газар бизнесийн салбар ухаан байтугай, бизнес нь өөрөө хориотой. Хойд Солонгосын элит их сургуульд бизнесийн хичээл заах ямар төвөгтэй болох талаарх нийтлэл бий, энэ талаар баримтат кино бий.

Гэхдээ энэ салбарын хөгжилгүйгээр Монголын нийгмийн хөгжлийг төсөөлөх аргагүй. Хэдийгээр бидний хүрсэн амжилтыг үгүйсгэж болохгүй ч цааш явахад бидэнд мэдээлэл хэрэгтэй. Энэхүү нийтлэлийн гол зорилго бол энэ юм. Өмнө нь би Улаанбаатарын Эдийн Засгийн 3-р хурал дээр энэ асуудлаар үзэсгэлэн гаргаж, тайлбар өгч байсан. 

Аливаа шинжлэх ухааны мэдлэгийн сан хөмрөг энд маш чухал. Энэхүү сан хөмрөг арвин, үүнээс Их Британы Бизнесийн Сургуулиудын Холбоо дараах эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг нь (ABS Academic Journal Guide-2015) түүж өөрсдөө ашигладаг. Америкт ашиглагддаг жагсаалт үүнээс нэг их зөрөхгүй, энэ 2 улс дэлхий дээрх бизнесийн ухаан, боловсролын үндсэн төв нь юм (Их Британи ч гэсэн Америкийн дээд боловсролын тогтолцоог, ялангуяа докторын түвшний сургалтыг нь хуулбарлаж байх шиг санагддаг).

Уг жагсаалт бизнес сургууль ямар нэгжүүдтэй байж болох, салбар бүрээрх эрдэмтдийн үнэлгээнд ашиглаж болох сэтгүүлүүдийн чансааг агуулж байдаг. Эдгээр сэтгүүлүүдийн 1 гэсэн оноотойд хэвлэгдэж болохуйц 3 ажил (зарим сургууль 2) бичсэн оюутанд докторын зэрэг олгодог, бизнесийн сургуульд ажилд авахдаа дор хаяж нэг бүтээл хэвлүүлсэн байхыг шаарддаг (эсвэл тэгэхэд маш ойрхон байгаа). Байгалийн ухаантай харьцуулахад нийгмийн салбарын, ялангуяа, бизнес, эдийн засгийн салбарын эрдэм шимнжилгээний сэтгүүлд судалгааны ажил нийтлүүлэх нь илүү өрсөлдөөнтэй, удаан байдаг.

Эрдэмтэн хүн дор хаяж 3 оноотой сэтгүүлд бүтээлээ хэвлүүлж чадсаныхаа дараа л Профессор гэсэн албан тушаал руу дэвших эрх нь нээгддэг, гэхдээ ямар ч албан тушаалд хэвээр үлдэхийн (Америкт-туслах профессор, дэд профессор, Англи-д лекцийн багш, ахлах лекцийн багш) тулд эдгээр сэтгүүлд жилд нэг удаа судалгааны ажлаа нийтлүүлж байх ёстой. Энд анхааруулахад профессор гэдэг бол эрдэм шинжилгээний судалгаа хийдэг хүмүүст л зориулсан албан тушаал. Зөвхөн багшлах урсгал гэж бас Америкт бий, тэр тохиолдолд лекцийн багш (lecturer) ахлах лекцийн багш (senior lecturer) гэж явдаг, маш ховор тохиолдолд, заах зарга зүйн шинэ нээлт хийсэн хүмүүс энэ замаар явж профессор болж болдог байх. Англид зөвхөн сургалтын зориулалттай багш нараа анх авахдаа зарлал дээрээ тодорхой тусгадаг, гэхдээ ажлын ачаалал нь ердийн багш нарынхаас нэлээд өндөр байдаг (тэд судалгаа хийж, эрдэм шинжилгээний ажил нийтлүүлэх албагүй). 

Энэхүү мэдээлэл танд бага ч гэсэн тустай байсан бол бусад залуустаа түгээхийг хүсье. Монголчууд буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж хэлдэг. 

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...