Сарын өмнө аавынхаараа зочлов. Нөгөө л 486 компьютерээ асаачихсан (2007 онд гавъяат цолных нь хүлээн авалтан дээр Монголын тулах хөдлөх эрхтэн дутуу иргэдийн нийгэмлэгээс бэлэглэсэн хуучин компьютер), хоёр шууныхаа дунд харандаагаа хавчуулчихсан юм бичиж сууна (тэрээр дөрвөн мөчгүй. Түүх нь энд бий). Юу хийж байгааг нь асуутал "Зүйр үгийн сурган хүмүүжүүлэх увдис" номынхоо 2-р дэвтрийг бичиж байна гэв. Солонгост ирснээс хойш компьютер нь эвдэрсэн дуулдсан, эхнэртээ миний ажлын компьютерийг аваачиж өгөөд түр хэрэглүүлчихье гэсэн тийм юм хийгээд яах юм гэсэн, мөнгөө хуримтлуулж байгаад шинийг л авч өгөхөөс гэж бодож байгаа. Интернетэд холбоод өгчихвөл уул нь ямар ч асуудалгүй, учир нь би эндээс зөвхөн нэг процессорыг нь ашиглаж програм ажиллуулдаг.
Бичсэн номыг нь хэвлүүлэх ажлыг хариуцдаг нь би болохоор бага зэрэг төвөгшөөн аав минь биеэ ингэж чилээх юу байна даа, өмнөх дэвтэр нь ердөө л 100-гаад ширхэг борлогдсон, манай полкон дүүрэн овоолгоотой байна гэв. Гэтэл хажуунаас номыг нь дэлгүүрүүдэд аваачиж тавьдаг хөл муутай ээж маань "харин тийм, жилийн өмнө хэвлүүлсэн Та надтай санал нийлэх үү? гэсэн ном нь огт зарагдахгүй байгаа, 10 л зарагдсан байх" гэв. Аав хариуд нь үнэ нь л арай ихэдсэн байх хэмээв. Ээж тэгтэл юм уншъя гэвэл 5 мянган төгрөг юун даа үнэтэйдэх вэ дээ, гуанзанд ч аятайхан хоол идэх мөнгө биш болсон шүү дээ гэв.
Эцгийн маань үг уул нь хүмүүст хэрэгтэй, харамсалтай нь түүнийг тоох хүн монголд үлдээгүй мэт. Хуучин цагт дор хаяж үйлдвэрийн осол, бусад зүйлээс болоод гар, хөлөө алдчихсан хүмүүс танаас сэтгэлийн тэнхээ, зөвлөгөө авахаар танайхыг зорин ирлээ хэмээн гэрээс нь хөл тасардаггүйсэн. Одоо бол хааяа нэг очих зав гараад, зарим асуудлаар "ширүүн хэлэлцүүлэг" өрнүүлж байхдаа таны одоо ч гэсэн сонгуульд саналаа өгдөг, Монгол ардын намынхан тань ирж уулзах юм уу гэж асуумаар санагддаг. Гэхдээ түүнээр тэгэж даажигнаж яахин болох билээ. Насаараа түрээ барих гээд хүмүүстэй харьцуулахад хийсэн юмтай, хэлэх юмтай хүн. Би хувьдаа нам бус (намаараа хуваагдаад байх тооны олон эдийн засагч монголд угаасаа байхгүй). Гэвч заримдаа бусдын хийсэн ажил, бүтээсэн нэр алдрыг өөрийнх мэт хэнээтэх, эсвэл бүтээж чадахгүй ч гэсэн нурааж чадна гэж тэнэгтэж байгаа хүмүүсийг хараад үнэхээр эмгэнэдэг.
Тэрээр 10 жилийн сургуулийнхаа хамгийн сайн сурагчдийн нэг байсан учраас суртал ухуулгын ажилд дайчлагдан, Хувьсгалт намын их хурлын шийдвэрийг сумуудаар явж танилцуулах даалгавартай гараад, согтуу багшийнхаа хар гайгаар төөрч, 20 настайдаа хөлдөж амьдралаа зөвхөн ном уншихад зарцуулахаас өөр аргагүй болсон (нөгөөх нь мэдээж архичин, гуйлгачин болох). Эдийн засагт үүнийг харьцангуй давуу тал гэж нэрлэдэг. Найз нартайгаа тоглох, наргих, бүжиг цэнгээнд оролцох гэсэн үйлдлүүдэд цаг заваа зарцуулах боломжгүй болчихоор тэр бүх цаг зав нь зөвхөн тархины үйл ажиллагаатай холбоотой үйлдлүүд рүү чиглэнэ гэсэн үг. Хуучны сайн лам нар энэ л зорилгоор даяанчилж бясалгал үйлддэг, өнөөдөр эрдэмтэд "sabbatical" буюу бүтээлийн чөлөө авдаг.
Саяхан Кембриджийн их сургуулийн физикийн профессор Стивен Хокингийн амьдралын тухай "Бүх юмны тухай онол" гэсэн 15 сая долларын өртөгтэй кино гарч 121 сая долларын орлого олсон байсан. Англичуудыг би ер нь хүндэлдэг, саяхныг болтол Их гүрэн байсан хүмүүсийн институци нь үнэхээр л ондоо байдаг. Хокинг эдгэршгүй өвчин тусч, тархинаасаа бусад эрхтэнээ удирдах чадваргүй болж байгаа нь физикийн шинжлэх ухаанаар ажиллаж байгаа бусад хүмүүсээс харьцангуй давуу талтай болж байна гэдгийг хүмүүс ойлгосон байгаа юм. Түүнийг өнөөдөр дэлхийн хамгийн ухаантай хүн гэх нь ч бий.
Эцэг маань цаг үеийнхээ золиос болсон гэж би боддог. Түүний нэг ангийн сурагч болох МУИС-ийн математикийн профессор Л.Өвгөн багш Батаа надаас тоонд илүү сайн байсан гэж хэлсэн байдаг. Одоо ч бие биенийхээрээ орж гардаг сайн найзууд. Миний үеийнхэн "Өвгөн Мекей хоёрын математикийн бодлого, дасгалын хураамж" ашиглан их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлддэг байж билээ. Мекей багшийн Орос хэл дээр хэвлүүлсэн нэг ажил нь Англи хэл рүү саяхан хөрвүүлэгдэн, дэлхийн шинжлэх ухааны сан хөмрөг болох Web of Science руу орсон байсан. Энэ үеийнхний бидэнд өвлүүлсэн шинжлэх ухаан, боловсролын тогтолцоо уул нь тийм их гологдохооргүй эд байсан. Одоо бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдгийн үлгэр болж байна. Заримдаа ч үнэхээр зорилго нь нуух авах юм уу, эсвэл өөр зүйл байна уу гэж эргэлзэх үе бий. Миний буруу байгаасай.
Эцэг маань түүх, философийг сонирхон судалсан. Маш их юм уншсан, маш их хөдөлмөрлөсөн, ХААИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгчээр чамгүй олон жил ажилласан (түүний бүтээлийн жагсаалтыг дор хавсаргав). Уншсан эх сурвалжууд нь, ялангуяа философийнх нь, үзэл суртлын машинаар ороод гарчихсан, хэт нэг талыг барьсан эд байсан байх. Социализм унасны дараа барууныхныг уншаад нэлээд сэтгэлээр унасан санагдсан. Маш олон номоороо лагерь дээр гал ноцоосон, ихэнхид нь нусаа нийсэн (тэрээр ургамлын харшилтай).
Социализмын үед барууны гэгддэг байсан чөлөөт ертөнцийн нийгмийн ухаан, урлаг, хүмүүнлэгийн зарим салбарын ном, хэвлэл, шинжлэх ухааны сэтгүүлүүд хориотой байсан, мөн түүх шастируудыг шатаасан. Олон улсын шинжлэх ухааны мэдээллийн институтийн ангиллаар хориотой байсан нийгмийн ухааны салбаруудад нь бизнес, эдийн засаг, улс төр судлал гэх мэт, урлаг, хүмүүнлэгийн салбарт нь философи, түүх гэх мэт нь ордог. Түүх сөхвөөс ийм хориг, үйлдлүүд өөр цаг үеүүдэд ч байсан. Нацистууд ч гэсэн адил зүйл хийсэн. Бидний хувьд шалтгаан нь социализм гэгдэх нийгмийн тогтолцоонд тохирсон шинэ хүнийг бий болгох гэж зорьсонтой холбоотой. Хориг нь газар газраасаа болоод арай өөр өөр байсан, ЗХУ болон бусад зүүн европын улсуудад дэлхийн сонгодог зохиолуудыг уншуулдаг байсан, харин Мао илүү нарийн, цав цагаан цаасан дээр юм бичих амар байдаг гээд бүр сонгодог зохиолуудыг ч хориглосон. Миний үеийн болон арай ахмад хятадууд дэлхийн сонгодог зохиолууд ер нь уншаагүй байдаг.
Зүйр үгс гэдэг бол миний ойлгосноор аливаа ард түмний шатааж болдоггүй, хорьж болдоггүй тэрхүү философи, түүх юм. Хэр том үндэстэн байна, түүх, философи нь ч мөн агуу байна. Амаас ам дамжин хэдэн зууны турш уламжлагдан ирэх бөгөөд үнэн нь шүүгдэн хоцорч, үлдсэн нь мартагдана. Шинжлэх ухааны позитив болон норматив аль аль талыг нь агуулдаг. Жишээ нь санаа муут яван хатна гэсэн үг бол позитив мэдэгдэл. Нар зүүнээс мандна гэдэгтэй адил. Хатаж магадгүй гээгүй байна. Мөн түрүүний бөөсийг толгойд гаргаж болохгүй гэсэн үг байна. Энэ бол норматив мэдэгдэл. Өөрөөр хэлбэл түрүүний бөөс толгойд гарах нь бий, гэхдээ сайн зүйл биш гэсэн үг. Гэхдээ үр дүн нь болох Муу хүн олныг бузарлана, муу өвс тариаг бузарлана гэдэг нь позитив мэдэгдэл.
Эрчүүд сексээс өөр юу боддог вэ? гэсэн номыг надад нэг нийгмийн сайн сайхны төлөөх төрийн бус байгууллагын гишүүдийн шинэ жилийн баяраар бэлэг болгон өгч билээ. Нэлээд үнэтэй хэвлэгдсэн, бараг 5 мянган төгрөгөөр боссон байх, нимгэн ном бол биш. Нэг хэсэг бест-сэллэр буюу Монголд хамгийн гүйлгээтэй номын нэг байсан болов уу. Харин онгойлгоод үзтэл хов хоосон хуудаснуудтай байсан. Хайран цаас гэж бодоод цэцэрлэгийн хүүдээ дээр нь юм зур гээд өгсөн, тэр маань түүнийгээ анги руугаа цүнхэндээ хийж авч яваад биднийг эвгүй байдалд оруулж билээ. Ном бол хүн төрөлхтний нээсэн хамгийн чухал технологи, мэдлэгийг түгээх зориулалттай. Ямар ч технологийг гажуудуулж ашиглах нь хортой, өөрийн биеээр бага ч гэсэн мэдэрсэн нь тэр. Энэ номны болон эцгийн маань номны борлуулалтыг харьцуулахад Монголын нийгэм хэр их ялзарч байгааг харж болно. Уул нь Монголчууд сексээс өөр юм боддоггүй амьтныг эр хүн гэдэггүй, нохой л гэдэг байх.
Манай эриний 79 онд Ромын эзэнт гүрний зугаа цэнгэлийн нийслэл гэгддэг байсан Помпей хот галт уулын дэлбэрэлтэд өртөж сөнөсөн. Агаарын температур гэнэт 250 градус болсон учир хүмүүс үндсэндээ яг юу хийж байсан тэр чигээрээ галт уулын лава, тоосонд дарагдсан байдаг. Помпей ингэж сүйрэхэд философичид, түүхчид, сүм хийдийнхэн баярласан гэдэг, бүр шүлэг найраглал ч бий. Учир нь энэ нийгэм туйлдаа хүртэл илжирсэн, хүмүүс мөнгө хөрөнгө, эд агуурсын төлөө зөвхөн бие махбодио бус итгэл үнэмшил, сэтгэл зүрхээ очиж арилжаалдаг газар болчихоод байсан. Өөрөө ийнхүү мөхдөггүй юм бол ийм илжирсэн нийгмийг хүн төрөлхтний түүхээс арчин хаях нь илүү ёс суртахуунтай нийгмийн үүрэг болно гэсэн логик гарч ирнэ гэсэн үг (мэдээж бас эдийн засгийн хувьд ашигтай). Бидний эцэг өвгөд ч гэсэн ийм л зарчмын үүднээс илжирч ялзарсан нийгмүүдийг бөхөөдөг байсан бизээ.
Эцэг маань философи, түүхийн хүнийхээ хувьд бид бүхнийг ойлгоосой л гэж хүсэж байна, ингэж анхааруулах нь өөрийнх нь үүрэг ч гэж боддог биз. Миний хувьд Эрчүүд сексээс өөр юу боддог вэ? гэдэг ном худалдаж авах гэж байгаа бол тэр чинь хов хоосон цаас шүү хэмээхтэй нэгэн адил анхааруулах нь өөрийн үүрэг гэж үзээд үүнийг бичив. Тоох ч хүн ховор байх биз, гэхдээ миний гар одоо цэвэр. Наян насыг энэ сард (яг хэзээ төрснөө мэдэхгүй) зооглож буй эцэг маань сайн цагийн эхийг үзэх болтугай.
---------------------------------------------------------------------------------------------------------------------
Subscribe to:
Post Comments (Atom)
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
-
Хүн төрөлхтний оюуны охь болсон шинжлэх ухаан агшин хором бүрд хувьсан хөгжиж байдаг динамик шинжтэй учир түүнийг статик байдлаар ангилах ...
-
Энэтхэгийн нэгэн бизнес эрхлэгч ийм " мини " экспрэсс хуулийн компани нээгээд "гайхамшигтай" өндөр ашигтай ажиллаж буйга...
-
Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...
bayarlalaa
ReplyDeleteХэрэг болсон бол би тун их баяртай байна!
ReplyDeleteИйм ном бичсэн Батаа багшид баярлалаа.
ReplyDeleteБаярласан бол дэлгүүр ороод номыг нь авна байгаа Цогоо :)? Зах зээлийн эдийн засагт тэгэж л сайн үйлийг дэмжиж, муу үйлийг зогсоодог.
ReplyDeleteАвнаа Батаа багш аа
ReplyDeleteСайхан нийтлэл болжээ. Номыг нь авнаа
ReplyDeleteСайхан бичжээ. Батаа багш бид нарт Монгол ёс заншлын хичээл орж байсан. Заал дүүрэн 300 гаруй оюутанд унтах, шуугих зав олгодоггүй байлаа. Ёс заншлаас өөр олон зүйлийг бидэнд ойлгуулсан даа. Одоо гарсан ном болгоныг нь авдаг. Үнэнээ хэлэхэд бүгдийг нь уншиж амжихгүй л байгаа. Гэхдээ заримдаа хүүхдүүд, дүү нар барьсан сууж байхаар нь баярлдаг юм. Багшдаа эрүүл энхийг хүсье.
ReplyDelete