Monday, 28 September 2015

Аз Хур, түүх, Монголын эдийн засгийг дэмжих нь

Аз Хур номын дэлгүүрээс зохиож буй аяны хүрээнд хүмүүс уншиж байгаа номоо Фейсбүүк дансан дээрээ үзүүлж байгаа. Нэгэн сайн хүн эцгийн маань бичсэн номыг үүндээ оруулчихаж. Баярлалаа!

(Disclaimer: би энд маш их ашиг сонирхлын зөрчилтэй хүн, учир нь 


П. Батаа нь миний эцэг. Доор бичсэн зүйлс Монгол ардын зүйр үгсийн тухай бусад номуудад ч мөн хамаатай. П. Батаагийнх гэхдээ түүх, философийн хүний шүүлтүүрээр ороод гарснаараа онцлогтой байж болно.)

П. Батаагийн “Зүйр үгийн сурган хүмүүжүүлэх увдис” ном Монгол айл болгонд байж байхад илүүдэхгүй. Нийгэмд эрүүл хэлэлцүүлэг үүсэх зорилгоор хоёр шалтгаан хэлье. Нэгд, ямар ч номыг нэг хүн эсвэл бүлэг хүмүүс бичдэг. Харин зүйр үгсийг ард түмэн үүсгэж, хянаж, хойч үедээ өвлүүлдэг. Нүүдэлчдийн соёл иргэншил суурин соёл иргэншилтэй харьцуулвал үүнд илүү ач холбогдол өгдөг байх. Ер нь ямар ч ухаантай хүн баргийн ард түмнээс давж гарна гэж байхгүй. Ялангуяа тэрхүү ард түмэн нь асар баян түүхтэй бол. Хүн төрөлхтний дор хаяж 4 мянган жилийн түүхийг Монголчуудтай үе, Монголчуудгүй үе л гэж хуваадаг (17-р зуунаас хойш хоёрдох Монголчуудгүй эрин явж байна).

Өөр нэг шалтгаан нь эдийн засагтай холбоотой. Хүмүүсийн уншиж байгаа номыг харахад ихэнх нь гадаад, эсвэл орчуулгын ном байна. Гадаад ном бол таны төлсөн мөнгөний дийлэнх нь гадны зохиолч, хэвлэлийн үйлдвэрийнхэнд очно (манайхан жижиглэнгийн ашиг гэж үсрээд л 30%-ийг нь авах байх). Гадаад валютын орж ирэх урсгал хомсдсон үед төгрөгөөр төлсөн мөнгө чинь эзэддээ очихын тулд долларын нэмэлт эрэлтийг үүсгэнэ, доллар улам чангарна, импортын бараа бүтээгдэхүүн, будаа, элсэн чихэрийн үнэ өснө.

Энд мэдээж гадны ном зохиолын эсрэг санаа агуулагдаагүй, импортын хэрэглээг буруушаагаагүй гэдгийг, харин эдийн засгийн үр дагаврын тухай л ярьж байгааг анхаараарай. Импортыг орлох аж үйлдвэржилтийг бүр ч дэмжих хүсэл алга. Бид аль болох эдийн засгийн хувьд урт хугацаанд амжилттай байж чадах тэр л эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх ёстой (үүнийг харьцангуй давуу талын хууль гэдэг). Гаднаас огт юм авахгүй гээд юу болдгийг Хойд Солонгосоос, Латин Америк, Зүүн хойд Азийн улсуудад 60, 70-аад онд хэрэгжээд унасан импортыг орлох аж үйлдвэржилтийн бодлогуудаас харж болно. Янз бүрийн төрийн оролцоотойгоор (татвар төлөгчдийн мөнгөнөөс олгох хямд санхүүжилт, эсвэл бүр импортын татвар, квотын хязгаарлалт гэх мэт) гадаадад хямдхан хийдэг зүйлийг дотооддоо үнэтэй хэрэглэвэл бусад дотоод хэрэглээнд зарцуулах орлого тань л буурах байх.

Гэхдээ гадны юм л бол сайн гэсэн нийгмийн жишиг Монголд байдагтай та ч гэсэн санал нийлэх байх. Ийм жишгийг устгахгүй л бол Монголчууд өөрсдийн гэсэн зохиолчид, яруу найрагчид, философичид болон бусад оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, ямар ч дотоодын үйлдвэрлэгчидгүй харанхуй бүдүүлэг нийгэм, арчаагүй эдийн засаг хэвээр байсаар байх болно. Эдийн засагт үүнийг шахан гаргах үзэгдэл гэдэг (үүнийг ихэвчлэн төрийн сектор хувийн сектор хоёрын динамикийн хувьд ярьдаг. Гэвч дотоод хэрэглээ, гадаад хэрэглээний хувьд ч механизм нь төстэй байх). 

Орчуулгын номны хувьд ч гэсэн адил, чамгүй хэсэг нь орчуулах эрхийг нь худалдаж авсны төлбөрт гарч явна. Мэдээж хулгайнх биш, эсвэл орчуулах эрхийг нь үнэгүй авчихаагүй бол.
Харин П. Батаагийн номыг худалдаж авбал эхний шалтгаанаас гадна таны төлсөн мөнгө бүгдээрээ эргээд Монголын эдийн засагт орно. Батаагийнх гэдэг айл монгол мах, сүү, гурил, хааяа тансагласан үедээ монгол ногоо хэрэглэнэ. Тэдний төлсөн мөнгө нь малчин, тариаланч, Хар-Хорин зах болон дэлгүүрт зогсож байгаа хүмүүсийн орлого болно. Тэдний дийлэнх нь мөн л мах, сүү, гурил, ногоо гэсэн хэрэглээтэй байгаа. Нийт өрхийн хамгийн ядуу 10% нь орлогынхоо талыг зөвхөн хүнсэнд зарцуулдаг. Дундаж 10%-ийн хувьд энэ нь 40% байдаг.

Тэгэхээр таны төлсөн 15 мянган төгрөг (гуравны нэг нь шууд Интерном дэлгүүрийн орлого болдог) маш олон хүний орлого болж байна. Эдийн засагт үүнийг үржүүлэгчийн нөлөө гэж нэрлэдэг. Хүмүүс сарын орлогынхоо 95%-ийг хэрэглээд дуусдаг, тэр нь дотоод бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулдаг гэвэл 15 мянган төгрөг тань нийтдээ 300 мянган төгрөг  болж үржигдэн бусад монголчуудын тань орлого болно гэсэн үг (15000*1/(1-0.95)). Монголчууд орлоготой байвал таны бизнес хөгжинө (хувийн секторт ажилладаг бол) эсвэл таны төсвөөс авдаг цалин, тэтгэвэр, тэтгэмж тасралтгүй байж, бүр нэмэгдэх боломжтой болно (Монголчуудын орлогоос авсан татвараас үүнийг санхүүжүүлдэг)

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...