Friday, 29 September 2017

П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Дөрөв. Социаль хүрээний асуудлаас

Шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал нь хүн төрөлхтний өнө мөнхийн мөрөөдөл болсоор ирсэн. Энэ уриан дор нийгмийн олон хөдөлгөөн, хувьсгал гарч байсан. Гэвч энэ мөрөөдөл бүрэн хэрэгжихэд нийгмийн хөгжлийн, түүний дотор хүний өөрийн нь хөгжлийн тодорхой хэмжээ хэрэгтэй байдаг байна.





1. Шударга ёсны тухай


Шударга ёс нь хүний мөн чанар1, хүний үндсэн эрхтэй холбоотой ойлголт юм. Хүний мөн чанар, эрх хэрэгцээнд тохирч байгаа юмыг, зүй ёсны юмыг шударга гэнэ.  


Шударга ёс нь хоёр юмны хоорондын харьцааг үнэлэх ойлголт юм. Жишээ нь, нийгмийн амьдралд тусгай хүн болон нийгмийн анги, бүлгийн гүйцэтгэх үүрэг, тэдний нийгэмд эзэлж байгаа байр суурь хоёрын хоорондын;  хөдөлмөр урамшуулал хоёрын;  гэмт хэрэг шийтгэл хоёрын;  гавьяа зүтгэл нийгмийн үнэлэлт хоёрын;  эрх үүрэг хоёрын хоорондын гэх мэтийн хоёр зүйлийн харьцааг үнэлдэг.


Хүй нэгдлийн нийгмийн үед бүх хүн эрх үүргийн хувьд тэгш байхыг шударга ёс гэж үзэж байсан. Хувийн өмчит нийгэмд нийгмийн дотор өөр өөр байр суурьтай хүмүүсийн эрх үүрэг нь өөр өөр байхыг шударга ёс гэж ойлгож болно.  


Зах зээлийн харилцаанд шилжиж байгаа өнөөгийн нөхцөлд нийгмийн шударга ёсны зарчмыг дээд зэргээр сахин хэрэгжүүлэх явдал чухлаас чухал болж байна. Нийгмийн шударга ёсны зарчмыг хэрэгжүүлнэ гэдэг бол хүн бүхэн чадлынхаа хэрээр нийгэмдээ хүчин зүтгэж түүндээ тохирсон хайр халамж хүртэх, сурч боловсрох, авьяас билгээ хөгжүүлэх, ажиллах, амьдрах адил боломжоор хангагдсан байх, хууль ёс, нийгмийн дэглэм журмыг хүн нэг бүр эрхэмлэн сахих, хуулийн өмнө тэгш байх зэргийг нийгэм хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Шударга ёсны үндэс нь тэгш байдал юм.


Тайлбар: 1 Хүний мөн чанар гэдэг нь хүнийг хүн болгож байгаа хүний гол шинжүүдийн цогцос юм.



2. Хүний эрх, эрх чөлөөний тухай


Хүний эрхийн тухай ойлголт. Хүн бүхэн хүний ёсоор сайхан амьдрах, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй байх, сурч боловсрох, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хүссэн газраа амьдрах, үг хэлэх, шашин шүтэх, хуулийн өмнө адил тэгш байх, сонгох, сонгогдох гэх мэтийн эрхтэй байна. Энэ хувь хүний эрхийг  хуулииар баталгаажуулсныг иргэний эрх гэнэ. Монгол Улсын Үндсэн Хуульд монгол хүний иргэний эрх, эрх чөлөөг 18 зүйлээр тодорхойлон заасан байдаг.


Эрх чөлөөний тухай ойлголт. Хүний хамгийн сайн аж төрөх, ажиллах нийгмийн бололцоог эрх чөлөө гэнэ. Хөдөлмөрлөх, амрах, боловсрол олж авах зэргийн хүний эрхийг нийгмээс хангаж байгаа байдал нь эрх чөлөө юм. Тэгвэл хүний эрхээ эдлэх бололцоо нь эрх чөлөө болж байна. Жишээ нь, Монгол Улсын Үндсэн Хуульд заасан сурах эрх нь сурах бололцоо байна уу, үгүй юу? гэдгээр харагдана. Манай улсын иргэд сурах бололцоотой байгаа болохоор сурах эрх чөлөөтэй юм  байна.


Энэ нийгмийн эрх чөлөөг ёс суртахууны эрх чөлөөтэй хутгаж болохгүй. Ёс суртахууны эрх чөлөө гэдэг нь амьдрал, үйл ажиллагааны аливаа нөхцөл байдалд ямар ааш гаргах, ямар үйлдэл хийх, ямар үг хэлэхээ хүн өөрөө бие дааж шийдэхийг хэлнэ. Нийгмийн эрх чөлөө гэдэг нь хүн бүхэнд эрхээ эдлэхэд нь нийгмийн зүгээс тэгш бололцоо олгоно гэсэн үг юм.


Эрх чөлөөтэй байна гэдэг нь  амьдрал, үйл ажиллагаандаа юм, үзэгдлийн зүй тогтол, нийгмийн харилцааны шаардлагад тохируулан ухамсартай ажиллах, дуртай юмаа хийх бололцоотой байна гэсэн үг болохоос биш дураараа аашлана гэсэн үг биш. Нийгмийн дотор байгаа хүн дураараа аашлаад байж болохгүй. Тусгай нэг хүний эрх чөлөө нь нийгмийн дотор эдэлж болох эрх чөлөө юм. Нийгмээс гадуур, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдлаас хамаардаггүй эрх чөлөө гэж байхгүй. Жинхэнэ эрх чөлөө гэдэг нь өөрийн эрхээ эдлэхийн хамтад бусдын эрхийг хүндэтгэж байсан үед, өөрөөр хэлбэл, бусдад саад болохгүй байсан үед  сая хэрэгжинэ. Бусдын эрх чөлөөнд саад болохгүй, хууль ёсыг зөрчихгүйгээр эрхээ эдлэх нь эрх чөлөө болдог байна. Жишээ нь, нэг сурагч хүн өөр нэг сурагчийг хичээлээ давтаж байхад дуулах юм уу, телевиз үзээд хичээл давтахад нь саад болж байвал энэ нь эрх чөлөөгөө эдэлж байгаа явдал биш. Учир нь хичээл давтаж байгаа сурагч наад зах нь миний хичээл давтахад яагаад саад болоод байгаа юм бэ? гэх мэтээр эсэргүүцэл үзүүлнэ. Гэтэл зарим нэгэн ухвар мөчид хүүхэд би дуулах эрхээ эдэлж байна, би телевиз үзэх эрхээ эдэлж байна гэх мэтээр аашлах нь дураараа дургиж байгаа явдал болохоос биш, эрхээ эдэлж байгаа явдал биш юм. Эрхээ эдлэх, эрх чөлөөтэй байна гэдэг бол бусдад саад болохгүйгээр дуртай юмаа хийхийг хэлнэ гэдгийг үргэлж санаж  миний үйлдэл бусдад саад болж байна уу, үгүй юу? гэдгийг цаг ямагт анхаарч байвал сая хүн болж байгаагийн нэг илрэл юм. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэсэн зарчим бий.


Бас үүргээ биелүүлж байж эрхээ эдлэх ёстой. Сурагч хүн сурах үүргээ биелүүлж байж сурах эрхээ  эдэлнэ. Сурах үүргээ биелүүлэхгүй, сурсан дүр үзүүлээд явж байгаа сурагч бол сурахад зарцуулж байгаа нийгмийн хөрөнгийг сүйтгэж байгаа гэдэг утгаар, хүн сургах гэсэн багшийн үйл ажиллагаанд саад болж байгаа гэдэг утгаар, сурагчийн орон тоог үр ашиггүй эзэлж байгаагаараа өөр нэг хүүхдийн сурах эрхээ эдлэхэд нь саад болж байна гэх мэтийн олон утгаар бусдад саад болж байдаг болохоор сурах эрхээ, сурах эрх чөлөөгөө эдэлж байгаа биш, харин хөсөрдүүлж байгаа хэрэг юм.


 Хүний эрх чөлөө нь тухайн улс орны нийгмийн байгууллын шинж чанар, хөгжлийн түвшин, объектив, субъектив бололцоо, хүчин зүйлээс1 шууд болон шууд биш байдлаар хамаарна.


Монгол Улсын иргэдийн эрх, үүрэг. Монгол Улсын Үндсэн Хуульд иргэдийн эрх, эрх чөлөөг 18 зүйлээр тодорхойлон заажээ үүнд: амьд явах; эрүүл, аюулгүй орчинд амьдрах; эд хөрөнгө эзэмших; ажил мэргэжлээ чөлөөтэй сонгож авах; өндөр насны болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах; эрүүл мэндээ хамгаалуулах; сурч боловсрох; соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах; төрийг удирдахад оролцох; нам, олон нийтийн бусад байгууллагад сайн дураараа эвлэлдэн нэгдэх; улс төр, эдийн засаг, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрх эдлэх, халдашгүй чөлөөтэй байх; эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах; шашин шүтэх, эс шүтэх; үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх; үг хэлэх; улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, оршин суух газраа сонгож суух эрхтэй гэж заажээ.


Монгол Улсын иргэдийн үндсэн үүргийг 4 зүйлээр: 1. Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх; 2. Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; 3. Хуулиар ногдуулсан албан татвар төлөх; 4. Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах эдгээр болно. Иргэдийн үндсэн үүргээс гадна журамт үүрэг гэж байдаг байна. Үндсэн хуульд иргэдийн журамт үүргийг хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах гэсэн нэгэн зүйл болгож заажээ.


Нийгмээс олгож байгаа эрх, үүргийн хувьд хүн бүхэн тэгш байх ёстой. Тэгш байдал бол хувь хүний эрх чөлөөний зайлшгүй нөхцөл, нийгмийн үндэс2 болно. Эрх чөлөө өөрөө тэгш байдлыг хэрэгжүүлэх нэг арга болно.


Тайлбар: 1 Улс орны нийгмийн байгууллын шинж чанар гэдэг нь хүн бүхнийг ямар нэгэн зүйлээр, жишээ нь, баян хоосон, арьс өнгө гэх мэтээр ялгаварлахгүйгээр ижил тэгш үзэж хүн бүхний төлөө санаа тавьдаг үү, үгүй юу? гэх мэтийн ойлголт. Хөгжлийн түвшин гэдэг нь хөгжилтэй юу, хөгжил муутай юу, баян уу, ядуу юу гэх мэтийн ойлголт. Жишээ нь, манай улс  буурай хөгжилтэй, ядуу улс учраас хүн бүхний эрх чөлөөг дээд зэргээр эдлүүлээд байж чадахгүй байгаа юм. Объектив бололцоо гэдэг нь бодитой буюу материаллаг бололцоо юм.  Жишээ  нь, эд хөрөнгө, мөнгөний бололцоо бол объектив бололцоо. Сургууль олон ээлжтэй байгаа нь, компьютер цөөн байгаа нь объектив бололцооноос болж байна. Харин субъектив бололцоо, хүчин зүйл гэдэг нь хүний санаа, сэтгэлтэй холбоотой зүйл юм. Жишээ нь, хүүхэд бүхэнд сурах бололцоо олгоод байхад сурах дургүй юм уу, залхуураад сурахгүй байгаа нь субъектив зүйл болж байна. 2 Тэгш байдал бол хувь хүний эрх чөлөөний зайлшгүй нөхцөл, нийгмийн үндэс гэдэг нь жишээлбэл, сурах эрхээ эдлэхэд сурах зардлын мөнгө хэрэгтэй болно. Тэгвэл манайд ерөнхий боловсролыг хөрөнгө чинээний ялгааг харгалзахгүй хүүхэд бүхэнд үнэ төлбөргүй олгодог болохоор сурах зардлыг төлөх чадваргүй айлын хүүхэд хүртэл сурах бололцоотой,  хүн бүхэн сурах эрх чөлөөтэй болж байна.



3. Тэгш байдлын тухай


Тэгш байдлын тухай ойлголт. Тэгш байдал гэдэг нь хүмүүсийн нийгэм дэх адил байдлыг тэмдэглэсэн ойлголт юм. Хүн бүхэн өмч хөрөнгө, иргэний эрх, үүрэгтэй адилхан харилцах, нийгмийн баялгаас хүртэх ижил эрхтэй байхыг тэгш байдал гэнэ.  


Тэгш байдлыг бий болгоно гэдэг нь хүмүүсийн хоорондын аливаа ялгааг арилгана, хүмүүсийг ижил тэгш болгоно гэсэн үг биш, харин хүмүүсийн нийгмийн ялгааг бий болгодог ялгаа, нөхцөлийг арилгана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн зүгээс хүнийг ялгаварлах, гадуурхах явдлыг, ижил тэгш үзэхгүй байх явдлыг арилгана гэсэн үг. Түүнээс биш, хүмүүс хувийн талаар ялгаатай учир тэр ялгааг арилгана гэвэл шударга биш явдал болно.


Хөгжлийн өнөөгийн шатанд тэгш байдал тогтооно гэдэг нь нийгмийн хүрээнд: хүн бүхэн улс төрийн ижил эрх, үүрэгтэй байх, хүн нэг бүрийг нийгмийн байдал, яс үндэс, язгуур угсаа, арьсны өнгө, шашин  шүтлэг, үзэл бодол, хөрөнгө чинээ, хүйсний байдал зэргээр ялгаварлахгүй байх; эдийн засгийн хүрээнд: чадлынхаа хэрээр хөдөлмөрлөөд хийснийхээ хэрээр авах эрхтэй байх; оюун санааны хүрээнд: хүн бүхэн сурч боловсрох, авьяас билгээ хөгжүүлэх адил боломжоор хангагдсан байх явдал юм. Өөрөөр хэлбэл, нийгмээс олгож байгаа эрх, үүргийн хувьд хүн бүхэн тэгш байх ёстой.


Тэгш байдал тогтох нөхцөл. Тэгш байдал тогтоход хоёр үндсэн нөхцөл хэрэгтэй. Ийм нөхцөл гэвэл:


Нэгд, нийгмийн хөгжлийн хэмжээний нөхцөл. Нийгмийн хөгжлийн хэмжээ гэдэгт нэгд, нийгэм нь хүний сайхан амьдарч хөгжих хэмжээний эд баялгийг бий болгосон байх. Хоёрт, нийгмийн улс төрийн тогтолцоо нь хүн бүхэнд ижил тэгш бололцоо олгодог байх. Жишээ нь, хүн бүхнийг ижил тэгш сайхан амьдруулах чадалтай баян орон байгаа боловч нийгмийн улс төрийн тогтолцоо нь хүмүүсийг ялгаварлаад хүн бүхэнд ижил тэгш бололцоо олгодоггүй байна. Харин манай улсын хувьд хүмүүсийг ялгаварлахгүй ижил тэгш ханддаг, харин эдийн засгийн боломж муутай учир ялгаа гараад байгаа юм. Энэ ялгааг багасгахын тулд жишээлбэл, их, дээд сургуульд төлбөр төлөөд сурах боломжгүй зарим хүүхдийг төрийн төлбөр буюу төрийн зээлээр сургаж байгаа болно.


Хоёрт, хүний өөрийн нь хөгжлийн нөхцөл. Хүний хөгжил гэвэл: нэгд, бие бялдрын хөгжил, энэ нь биеийн хүч чадлын хөгжил гэсэн үг. Хоёрт, оюун ухааны хөгжил, энэ бол сурсан эрдэм, түүнийгээ ашиглах чадвар юм. “Уулын мод урт, богинотой байдгийн” нэгэн адил хүн бүхэн бие бялдрын хувьд, оюун ухааны хувьд адил байдаггүй. Үүнээс болоод ижилхэн ажиллаад ижил сайхан амьдрах боломжгүй болох талтай. Гэхдээ хүүхэд бүхний анхаарах нэг зүйл бий. Амьтны ёсоор бол сул дорой нь байгалийн шалгарлыг давахгүй сөнөх тавилантай байдаг. Харин хүний ёсоор бол хүн оюун ухаантай амьтныхаа хувьд өөрийгөө зориуд хөгжүүлж өрөөл бусдын хэмжээнд хүрэх бололцоотой гэдгийг цаг ямагт анхаарч өөрөө өөрийгөө хөгжүүлж байвал зохино. Нэг ухаантай хүн хүний авьяасын нэг хувь нь төрөлхийн, харин ерөн есөн хувь нь хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог гэж хэлсэн нь үнэний ортой байх. Монгол ойлголтоор бол “Эзэн хичээвэл заяа нь хичээдэг” юм гэсэн. Орчин үеийн Монголд өөрийгөө хөгжүүлэх сайхан бололцоо бүрдэж байна. Энэ боломжийг ашиглаад сул дорой төрсөн нэгэн нь бие бялдрын хувьд ч, оюун ухааны хувьд ч өөрийгөө хөгжүүлж өрөөл бусдын хэмжээнд хүрч болно. Бас эдийн засгийн боломж муутай байсан ч их, дээд сургуульд сурах боломж олгодог төр засагтай гэдгээрээ бахархаж  сурах ёстой юм шүү. Хүний хувь тавилан төрөлхийн шинжгүй гэдгийг орчин үеийн шинжлэх ухаан нэгэнт баталсан байна. Ийм болохоор сул дорой төрсөн нэгэн нь миний хувь тавилан ийм байжээ гэж итгэж бууж өгөхийн оронд хүний ёсоор тэмцэж  сурах, тэмцэж  амьдрах ёстой.



4. Хүмүүсийн ялгаа, хүн хүнээ ялгаварлах ёс


Хүмүүсийн ялгаа. Нийгмийн дотор байгаа хүмүүс цөмөөрөө нэг хэвэнд цутгасан юм шиг адил байхгүй, янз бүрийн ялгаатай байдаг. Ийм ялгаа гэвэл: насны, хүйсний, арьс өнгөний, яс үндэсний, нийгмийн гарлын, шашин шүтлэгийн, үзэл бодлын, өмч хөрөнгийн, давхраажилтын гэх мэт. Эдгээрээс насны, хүйсний, арьс өнгөний ялгаа нь биологийн шинжтэй ялгаа, бусад нь нийгмийн шинжтэй ялгаа юм. Энэ биологийн шинжтэй ялгаа нь хүн төрөлхтөн байсан үед байж байх, арилгаж болохгүй ялгаа гэж үзэж болно.


 Хүн хүнээ ялгаварлах ёс. Нийгмийн дотор байгаа хүмүүс нь биологийн болон нийгмийн шинжтэй ялгаатай байх нь зүй ёсны үзэгдэл юм. Гагцхүү энэ ялгаагаар хүн хүнээ ялгаж гадуурхахгүй байх нь хүний ёс юм. Гэтэл хүний нийгмийн түүхэнд хүн хүнээ ялгаварлан гадуурхаж ирсэн, одоо ч ялгаварлан гадуурхдаг улс орон байдаг байна. Жишээ нь, эмэгтэй хүнийг ухаан жолоо богинотой гэх, эрийн боол, гэрийн зарц мэтээр үзэх нь бий. Эмэгтэй хүнд эрэгтэй хүнээс, залуу хүнд настай хүнээс, хар хүнд цагаан хүнээс  бага хөлс өгдөг улс ч байдаг байна.


Арьс өнгөний ялгааны хувьд дэлхий дээр цагаан, шар, хар өнгийн арьстан байдаг. Энэ арьсны ялгаа нь газар нутгийн уур амьсгалын онцлогоос болж гарсан, тэр онцлогт дасан зохицох ёсоор гарсан ялгаа болохоос биш, хүний биологийн шинжээс болж гарсан ялгаа биш. Эмэгтэй хүн оюун ухааны хувьд эрэгтэй хүнтэй адилхан, хар, шар арьстнууд оюун ухааны хувьд цагаан арьстнаас ялгаагүй гэдгийг шинжлэх ухаан нэгэнт баталсан зүйл юм.


Шашин шүтлэгийн талаар, ер нь үзэл бодол, итгэл үнэмшлийн талаар хүмүүс бие биеэ ялгаварлан гадуурхах нь тун хүчтэй, их аюул, хор уршигтай байдаг. Дэлхийн шинжтэй гурван том шашин байдаг үүнд: Бурхны (Буддын)1, Христосын, Лалын шашин юм. Нэг шашин нөгөө шашнаа шашин гэж үзэхгүй, өрөөлийн бурхан буюу тэнгэрийг бурхан гэж үзэхгүй учир өөр шашны хүнийг тэрсүү үзэлтэн гэж гадуурхах онцлогтой.


Яс үндэсний ялгаа гарсны учир гэвэл: нэг эх юм уу нэг эцгээс гаралтай хүмүүс нэг овог болдог. Жишээ нь, “Монголын нууц товчоонд” маш олон овгийн гарал үүсэл, нэрийг дурдсан байдаг. Хүн амын өсөлтийн дагуу энэ овог томроод ястан үүссэн, ястнаас үндэстэн үүссэн байна. Манай улс нэг үндэстэнтэй, харин халх, буриад, дөрвөд, урианхай мэтийн маш олон ястантай. Яс үндсээр ялгарвалан гадуурхах нь олон үндэстнээс бүрэлдсэн улс дотор ч байдаг, улсуудын хооронд  ч байдаг. Жишээ нь, еврей, араб үндэстнийг яаж ялгаварлан гадуурхдагийг та нар кино мэтийн мэдээллийн хэрэгслээс тодорхой харж байгаа билээ.


Орчин үед хүмүүсийн ялгаа дотор хамгийн том ялгаа нь давхраажилтын ялгаа болж байдгаас гадна давхраажилтын ялгаа нь нийгмийн тэгш биш байдгийн гол үндэс болдог учир энэ ялгааг тусад нь авч үзэх болно.


Манай улсын хувьд бол 1921 оны хувьсгалаас өмнө хүмүүс бие биеэ яс үндэс, баян хоосон, язгуур угсаа зэргээр нь ялгаварлан үзэх үзэл зүй ёсоор хүчтэй байсан. Харин одоо бол тэгж ялгаварлан үзэх нь үндсэндээ алга болсон. Энэ бол манай нийгмийн хөгжлийн маш том ололт юм. Социализмын үе гэж  хэлж байгаа өмнөх нийгмийн үед хүн хүнээ ялгаварлан үзэхийг туйлын ихээр буруушааж хүн бүхнийг адил тэгш үзэхийн хамтад эмэгтэй хүн, хүүхэд хоёрыг илүү ихээр дээдэлж ирсэн байхад дадал заншил, уламжлал гэдэг юм үе дамжин уламжлагдаж байдаг, “Сурсан юмыг сураар боож болдоггүй” гэдгийн дагуу зарим нэг эрэгтэй хүн эмэгтэй хүнийг доорд үзэж байгаагийн улмаас “Гэр бүлийн хүчирхийлэл” гэдэг үг сүүлийн үед багагүй чих дэлсэх болжээ. Ер нь хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэх, хүч хэрэглэх нь адгуусны, ялангуяа араатны ёс болохоос биш, хүний ёс огт биш. Хүний ёсонд бол “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” ёсны дагуу “Тоонотой гэрт толгой холбосон, тостой шөлөнд хошуу холбож” “Нэг гэрийн хос багана” болсон болохоор, “Хүний ёс хүчин дээр биш, харин хайран дээр тогтдог” болохоор “Мал хөлөөрөө, хүн хэлээрээ” учраа ололцдог ёсны дагуу учраа олж, хужраа тунгааж байх нь хүний ёс. Ер нь хүч хэрэглэх нь хүчтэйн шинж биш, харин хүч хэрэглэхгүйгээр асуудлыг шийдэх чадалгүйн шинж болохоор хүчгүйн нэг шинж юм гэсэн үг байдаг нь бас их мэргэн үг юмаа.


Ингэхлээр, манай улсын хувьд хүн хүнээ ялгаварлан гадуурхах ёс нийгмээс арилж, харин гэр бүлийн хүрээнд үлдсэн байна гэж үзэх үндэс байна. Хэрэв энэ санаа зөв юм бол одоо гэр бүлийн дотор хүнийг ялгаварлах ёсыг халах шаардлагатай болж байна. Бас анхаарах нэг зүйл байгаа нь сүүлийн үед хүнийг намаар нь ялгаварлах явдал, ялангуяа ажилд авах үед гарч газар авч магадгүй үзэгдэл болж байгааг анхаарах ёстой болжээ. Мөн шашны янз бүрийн урсгал, түүний дотор харгис урсгал “Урилгагүй зочин” маягаар сэм орж ирж байгаа нь хүмүүсийг сүсэг бишрэлээр нь ялгаварлан “Хоёр нохойн дунд яс хаях” маягаар хүмүүсийн дотор яс хаях явдал газар авч магадгүй болж байна. Ер нь шашны хагарал, мөргөлдөөн юунд хүргэж болдгийг харуулсан “Загалмайтны дайны” гашуун туршлагыг буурал түүх мартах болоогүй байгаа.


Тайлбар: 1 Бурхны шашныг үндэслэгч нь Будда. Энэ Будда гэдэг үг монгол хэлэнд Бурхан гэж хэлэгдэж  Будда манай бурхан багш болж Бурхны шашин гэж хэлэгдэх болжээ.



5. Нийгмийн давхраажилт


Давхраажилтын тухай ойлголт. Нийгмийн доторхи хүмүүсийн хамгийн том ялгаа нь нийгмийн давхраажилт юм. Хөдөө газар гуу жалгыг, хотод суваг шуудууны хөрсийг харахад олон үе давхраанаас тогтсон байдаг. Үүний нэгэн адил хүмүүс нийгэмд эзэлж байгаа байр сууриасаа хамаарч давхраа байдалтай болж эрэмбэлэгдсэн байдгийг давхраажилт гэж байгаа юм. Хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь нь эд хөрөнгө, эрх мэдэл, нэр хүнд, боловсролоос хамаарч тогтоно. Тэгвэл давхрааны ялгаа нь эд хөрөнгө, эрх мэдэл, нэр хүнд, боловсролын ялгаа юм байна. Нийгмийн давхрааг дээд, дунд, доод давхраа гэж ялгаж болох юм. 


Нийгмийн давхраажилтын хэв маяг. Нийгмийн давхраажилт нь боолчлол, каст, язгуур, анги гэсэн 4 хэв маягт хуваагдана.


1. Боолчлол бол зөвхөн боол эзэмшигч нийгмийн үеийн нийгмийн давхраажилт юм. Энэ үед нийгэм нь боолын эзэн, чөлөөт иргэд, боол гэсэн давхраанд хуваагдаж байсан. Боол нь боолын эзний бүрэн өмч юм. Боолыг боолын эзний өмч хөрөнгө, мал шиг үзэж  байсан. Боол малаас хүний хэлээр ярьдгаараа ялгагдаж “ярьдаг зэвсэг” гэж нэрлэгдэж байжээ. Малыг худалдаж болдог, алж ч болдог байсны нэгэн адил боолыг худалдаж ч болно, алж ч болдог байсан байна. Боолыг мал шиг албадан ажиллуулдаг байсан болохоор боолын хөдөлмөр үр бүтээл муутай байжээ. Боолчлол бол тэгш бус байдлын хамгийн туйлын хэлбэр юм.


2. Каст нь гол төлөв Энэтхэг Улсад байсан. Каст  гэдэг нь “арьстан”, “цэвэр үүлдэр” гэсэн утгатай саsta хэмээх португаль үгнээс гаралтай нэр томьёо юм. Каст нь хөдөлмөрийн хуваарь гарсантай холбогдож гарсан учир нэг төрлийн ажил хийгчид нэг кастад орно. Жишээ нь, лам нар бярманы кастад, муж улсын захирагч, цэргийнхэн кшатрийн, худалдаачид, гар урчууд вайшагийн, тариачид, зарц, ажилчид шудрийн кастад орно. Өөр өөр кастын хүмүүс хоорондоо холилдож болохгүй, тэр ч байтугай  өөр кастын хүнтэй гэр бүл болж болохгүй, нэг худгаас ус уух, нэг  хоолны газар орж болохгүй. Дээд кастынхан бохир юм, мал мэтэд гар хүрч болдоггүй байхад доод кастынхан бохир юм, малд хүрч болдог байна. Нэг кастын хүн өөр кастад шилжиж болохгүй, өөрөөр хэлбэл, тариачнаас гарсан хүүхэд тариачин болохоос биш, өөр мэргэжлийн хүн болж болохгүй.


3. Язгуурын ялгаа нь гол төлөв феодалын нийгмийн үеийн нийгмийн давхраа юм. Язгуурын ялгаа нь нийгмийн дотор гүйцэтгэх үүрэг, түүнээс хамаарч эдлэх эрхийн ялгаа буюу зиндааны байдалтай ялгаа байсан. Ийм болохоор язгуурын ялгаа нь төрийн хуулиар  хуульчлагдсан байна. Жишээ нь, Монголд бүх хүн язгууртан ард гэсэн хоёр язгуурт хуваагдаж байсан. Хаад, ноёд, дээд лам нар язгууртан болно. Энгийн ард хүн харц ард болно. Өөрөөр хэлбэл цагаан ястан, хар ястан (харц) гэж ялгагдаж байсан. Европод дээд язгуурт сурвалжит ноёд, бага газартай тайж, дараагийн давхраанд том лам нар ордог байжээ. Харин жирийн иргэд болох худалдаачид, чөлөөт тариачид, хамжлага, гар урчууд гуравдахь зиндаанд орно.


Энэ язгуурын ялгаа хүнийг яаж ялгаварлан гадуурхаж байсны жишээ гэвэл: монголд язгууртан хүн, харц ард хүн хоёр ижил хэрэг хийсэн байхад язгууртан хүнийг торгох, цалингийг хасах маягаар эд хөрөнгийн шийтгэл ноогдуулдаг, харин харц хүнийг бие махбодийн шийтгэлээр шийтгэдэг байсан байна.


Орчин үеийн нийгмийн давхраажилтын  ялгаа нь ангийн ялгаагаар тод харагдаж байна.



6. Ангийн давхраа


Ангийн тухай ойлголт. Ангийн тухай олон ойлголт байдгаас марксист ойлголт, өрнөдийн ойлголт хоёрыг авч үзье. Марксизм анги гэдгийг 4 үндсэн шинжээр ялгагдах их бүлэг хүмүүс гэж үздэг. Ийм  ялгаа гэвэл: 1. Өмчийн ялгаа. Энэ нь ангийн хамгийн гол ялгаа. Бусад ялгаа нь энэ өмчийн ялгаанаас хамаарна. 2. Өмчийн ялгаанаас хамаарч нийгмийн баялгаас хүртэх хувь хэмжээний ялгаа. Энэ нь цалин, орлогын ялгаа гэсэн үг. 3. Нийгэмд эзлэх байр суурийн ялгаа. Энэ бол гол нь нийгэмд ноёрхогч байр суурьтай байна уу, эсвэл ноёрхуулагч байр суурьтай байна уу гэсэн үг. 4. Нийгмийн хөдөлмөрийн хуваарьт гүйцэтгэх үүргийн ялгаа. Энэ нь ажил төрөл буюу мэргэжлийн ялгаа гэсэн үг.


Марксист үзлээр өмчийн ялгаатай нийгэмд ангийн ялгаа байна. Ийм болохоор хүй нэгдлийн нийгэмд анги гэж байгаагүй. Боол эзэмшигч нийгэмд боолын эзэн, чөлөөт иргэд, боол гэсэн анги, феодалын нийгэмд феодал, хамжлага, капиталист нийгэмд хөрөнгөтөн, ажилчин, тариачин анги, социалист нийгэмд ажилчин, хамтралчин анги, сэхээтний давхраа байна гэж үзнэ.


Өрнөдийн ойлголтоор ангийн ялгаа нь эд баялаг, эрх мэдэл, нэр хүнд, боловсрол гэсэн дөрвөн үндсэн шинжээр ялгагдана. Эд хөрөнгийн ялгаа нь хамгийн гол ялгаа юм. Орчин үеийн хөгжингүй оронд баян хүмүүсээс бүрэлддэг дээд анги, дунд зэргийн өмчтөнөөс бүрэлддэг дунд анги, ажилчдын ажилчин анги, мэргэжилгүй хар бор ажлын хүмүүс, биеэ үнэлэгч, архичин, тэнүүлчид зэргээс бүрдсэн доод анги гэж  байна гэж үздэг. Хамгийн олон тоотой нь дундчууд байдаг. Ер нь энэ дундчуудын тоог олон болговол баян хоосны эрс ялгаа багасах, нийгмийн хөгжил тогтвортой байна гэж үздэг юм.



7. Давхраажилтын хэлбэр


Нийгмийн давхраажилт өөрчлөгддөг, өөрчлөгддөггүй гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Үүний дагуу нийгмийг нээлттэй нийгэм, хаалттай нийгэм гэж хоёр ангилна. Доод давхраанаас дээд давхраанд шилжихийг хориглодог  буюу хязгаарладаг нийгмийг хаалттай нийгэм гэнэ. Нэг давхраас нөгөөд шилжихийг хориглодоггүй нийгмийг нээлттэй нийгэм гэнэ. Тэгвэл боолчлол, каст, язгуурын давхраа өөрчлөгддөггүй болохоор ийм давхраатай нийгэм нь хаалттай нийгэм болж байна. Харин ангийн давхраатай нийгэмд хүн орлого, боловсрол, эрх мэдэл, нэр хүндийн өөрчлөлтөөс хамаарч  нэг ангиас нөгөө ангид шилжиж байдаг болохоор ангийн давхраатай нийгэм нээлттэй нийгэм юм.


Хаалттай нийгэмд давхрааны өөрчлөлт гарахгүй. Жишээлбэл, боолоос гарсан хүүхэд боол болохоос биш, яасан ч боолын эзэн болохгүй. Кастын тогтолцооны үед тариачнаас гарсан хүүхэд тариачин болно. Манай улсад тайж язгууртай хүн хоосорсон ч хохь тайж болохоос биш, харц ард болдоггүй байсан.


Тэгэхэд нээлтэй нийгэмд дээд давхрааны баян хүн хоосрох юм бол доод давхраанд шилжинэ, доод давхрааны ядуу хүн зүй ёсоор баян болбол дээд давхраанд шилжиж болдог байна. Ийм бололцоотой нийгэмд  ядуу айлд төрсөн хүүхэд сайн хичээж ном, ажилд сайн болж чадах юм бол “Эзэн нь хичээвэл заяа нь хичээнэ” гэдэг цэцэн үгийн дагуу орлого сайн олж дунд, дээд давхраанд шилжиж болно. Бас дээд давхрааны буюу баян айлын хүүхэд жаргал цэнгэлийг хөөцөлдөөд байвал тун наад зах нь архичин болж хамгийн доод давхраанд унаж мэднэ. Манай ихэнх бизнесменүүд социолизмын үеийн дунд, доод давхрааны хүмүүс байсан мөртөө авхаалж самбааны хүчээр бизнесмен болсон байхад тэдэнтэй хамт ганзгын найманд гүйж байсан зарим нэгэн нь баар цэнгээний газраар гүйсээр байгаад архичин болсон шүү дээ.



8. Нийгэм дэх шилжих хөдөлгөөн


Шилжих хөдөлгөөний ойлголт. Хүний амьдрал, ажил, боловсрол, мэргэжил, нийгэмд эзлэх байр суурь, сууж байсан газар өөрчөгдөж байдаг. Энэ бүх өөрчлөлтийг нийгэм дэх шилжих хөдөлгөөн гэнэ.


Шилжих хөдөлгөөний хэв маяг. Нийгэм дэх шилжих хөдөлгөөнийг нийгмийн шилжих хөдөлгөөн, хүн амын шилжих хөдөлгөөн гэж хувааж болно.


Нийгмийн  давхраажилтын дотор гарч байгаа өөрчлөлтийг нийгмийн шилжих хөдөлгөөн гэнэ. Жишээ нь, нийгмийн нэг давхраа юм уу ангиас өөр нэг давхраа буюу ангид шилжиж байгаа нь нийгмийн шилжих хөдөлгөөн юм. Нийгмийн шилжих хөдөлгөөний үед хүний нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд, ахуй амьдрал зэрэг нь үндсээрээ өөрчлөгдөж мэднэ. Хүн амьдрал, ажилдаа цаг ямагт ахиж байх зорилготой байдаг болохоор доод давхраас дээшээ шилжих нь хүний өөрийн сайн дурын хэрэг байдаг. Харин дээрээс доошоо уруудахыг хүн хүсэхгүй учир уруудах нь аргагүйн эрхээр гардаг үзэгдэл байдаг байна.


Хүний нийгмийн давхрааг өөрчлөхгүйгээр хүний ахуй амьдрал, мэргэжил, ажил, суух газар зэрэгт гарч байгаа өөрчлөлтийг хүн амын шилжих хөдөлгөөн гэнэ. Жишээ нь, жолооч хүн тракторчин болох, хотод малчин байсан хүн хөдөө гараад хөдөөгийн малчин болох нь хүн амын шилжих хөдөлгөөн юм.   


Хүн амын шилжих хөдөлгөөнийг газар зүйн шилжих хөдөлгөөн, бүтцийн шилжих хөдөлгөөн гэж  ангилна. Хүний оршин суух газар өөрчлөгдөхийг газар зүйн шилжих хөдөлгөөн гэнэ. Жишээ нь, манай улс зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн үеэс их нүүдэл гэж нэрлэгдэх болсон газар зүйн шилжих хөдөлгөөн маш их болсон. Харин эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн улмаас гарч байгаа хүн амын шилжих хөдөлгөөнийг бүтцийн шилжих хөдөлгөөн гэнэ. Жишээ нь, Дархан, Эрдэнэт мэтийн шинэ хот, шинэ шинэ үйлдвэр бий болоход тэнд ажиллахаар очиж байгаа хүмүүсийн шилжилт юм.


Шилжих хөдөлгөөний чиглэл. Шилжих хөдөлгөөнийг чиглэлээр нь босоо чиглэлийн шилжилт, хэвтээ чиглэлийн шилжилт гэж хуваана. Нийгмийн давхрааны шатаар өгсөх, уруудах мэтээр гарч байгаа шилжилт нь босоо чиглэлийн шилжилт болж байна. Тэгвэл нийгмийн  нэг давхраа буюу ангиас нөгөөд шилжих шилжилтийг босоо чиглэлийн шилжилт гэнэ. Жишээ нь, барилгалчин хүн мэргэжлээ дээшлүүлсээр барилгын инженер болох, баян хүн хоосроод ядуу хүн болох гэх мэт. Энэ босоо чиглэлийн шилжилтийн үед хүний нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөнө.                                                                                            


Харин хүний нийгэмд эзлэх байр суурь нь дорвитой өөрчлөгдөхгүйгээр нэг ажлаас нөгөөд шилжих нь хэвтээ чиглэлийн шилжилт юм. Хүн ам зүйн шилжилт, нийгмийн давхраа, анги дотроо шилжиж байгаа шилжилт нь хэвтээ чиглэлийн шилжилт болно. Жишээ нь, дунд сургуулийн багш Дорж  их сургуулийн багш болсон гэвэл энэ нь босоо чиглэлийн шилжилт, харин их сургуулийн дагалдан багш ахлах багш болсон гэвэл хэвтээ шилжилт. Жолооч Балдан микро автобусаа зараад такси барих болсон, Монгол Улсын ерөнхийлөгч ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр явсан гэх мэт нь хэвтээ шилжилт юм.


Шилжих хөдөлгөөний үед хүн дасаагүй шинэ орчин, хамт олон, газар нутаг зэрэгт очих учир дасан зохицох асуудал гарч ирнэ. Шинэ юманд дасан зохицох нь хувь хүний онцлогтой холбоотой байдаг. Зарим хүн түргэн, амархан дасан зохицож байхад зарим нь маш удаан, их зовж дасан зохицох нь бий. Бас хүний дасан зохицоход шинэ орчны хамт олны нөлөө багагүй үүрэгтэй.


Энэ талаар  анхаарах нэг зүйл байна. Энэ бол сүүлийн үед өөр газраас ирсэн хүнийг гадуурхдаг хачин ёс газар авч магадгүй болж байна. Уул нь зэрлэг араатан өөрийн нутагт орж ирэгсдийг гадуурхан хөөдөг ёс бий. Тэгвэл гадны гэж гадуурхах нь хүний ёс биш, харин зэрлэг араатны ёс юм байна. Жишээ нь, өөр сургуулиас шилжин ирсэн сурагчийг охидууд хүртэл гадуурхан элдвээр хавчих нь ёс заншил юм шиг болж магадгүй байна. Үүнээс болоод гэр орон нь өөр газар шилжсэн айлын сурагч хуучин сургуулиасаа шилжихгүй хол газар явах аюул гардаг. Энэ нь бас хотын унааны ачаалалд, бас хүний ахуй амьдралд муугаар нөлөөлдөг болохоороо нийгмийн хувьд ч хортой “аюул” болж байна.


Бас нийгмийн дээд давхраанаас доошоо шилжихийн нэг шалтгаан нь архинд орох явдал болж байна. Танайх ч архичинтай болж танайхны амьдрал доройтож байж ч  мэднэ. “Дөч хүрээд дөнгөж амсах” алтан сургаалтай манай монголчуудын шинэ үе “дөрөв, тавдугаар” ангиасаа хүртдэг болчивол юу болох бол? “Хумсалдсаар хумсалдсаар хулгайч”, “Хуурсаар хуурсаар худалч” болдгийн үлгэрээр амссаар амссаар архичин болдог болохоор амсахгүй байхыг эрхэмлэж амсах дураа барьж байвал архинд орохгүй нь лавтай. Хүүхдийн архинд хөтлөгдөх нэг гол зам нь саваагүй зан буюу “Ихийн шийр атгаж” том хүн шиг харагдах, “Бяруу болоогүй байж бухын гишгэдлээр гишгэх” гэсэн гэнэн хонгор сэтгэл байдаг болохоор сэтгэлээ барьж сурах нь чухлаас чухал.



9. Гэр бүл, түүний нийгмийн үүрэг


Гэр бүл бол нийгмийн үндсэн үүр, хүмүүсийн нийтлэг, зохион байгуулалтын анхдагч хэлбэр юм. Бодистой зүйрлэж хэлбэл гэр бүл нь нийгмийн “атом” нь.


Гэрлэлт, гэр бүлийн тухай ойлголт. Гэр бүлийн үндэс нь гэрлэлт юм. Гэрлэлт бол эрэгтэй, эмэгтэй хүний харилцааг зохицуулж, үр удмыг бий болгоход чиглэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний тогтвортой холбоо юм. Гэр бүл бол эхнэр, нөхөр хоёрын холбооноос гадна эцэг, эх, хүүхдийн ураг төрлийн холбоо болно. Ингэхлээр, гэр бүл бол эхнэр, нөхрийн (хүйсний), цусан төрлийн (эцэг, эх, хүүхдийн) холбоо, аж ахуй, амьдралын нийтлэг шинжээр нэгдэж нийлсэн хүмүүсийн тогтвортой нийтлэг юм.


Гэр бүлийн хэлбэр. Гэр бүл нь нийгмийн хөгжлийн дагуу үүсэж, хөгжиж ирсэн түүхэн үзэгдэл юм. Гэр бүл нь нийгмийн нэгжийнхээ хувьд хүй нэгдлийн нийгмийн сүүл үеэр үүссэн байна.


Гэр бүлийн шинж, бүтэц, хэлбэр, үүрэг, ач холбогдол нь нийгмийн хөгжлийн түвшин, нийгмийн байгууллын шинж чанараас хамаарч өөрчлөгдөж иржээ. Ингэж гэр бүл нь бүлгийн, хос, моногам гэсэн гурван үндсэн хэлбэрийг дамжин хөгжиж иржээ. Орчин үеийн гэр бүлийн үндсэн хэлбэр нь моногам буюу нэг нөхөр, нэг эхнэртэй байх хэлбэр юм.


Гэр бүлийн доторх хүмүүсийн харилцаа. Гэр бүл гэдэг бол биеэ даасан нэг маягийн   хамт олон. Ийм болохоор гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа нь хамт олны үзэл, санаа, ёс дээр тогтож байх ёстой. Гэр бүл нь хамтын үйл ажиллагааны шаардлагаар үүсдэг хөдөлмөрийн хамт олон, сургуулийн хамт олон гэх мэтийн бусад хамт олноос нэг үндсэн ялгаатай  хамт олон юм. Тийм үндсэн ялгаа гэвэл: гэр бүл бол ураг төрлийн холбоогоор үүссэн төрөлхийн буюу биологийн хамт олон гэж хэлж болохоор өвөрмөц хамт олон юм. Үүнээс болоод гэр бүлийн хүмүүсийн хооронд ураг төрлийн харилцаа, холбоо, тухайлбал, аав, ээж нь үр хүүхдээ гэсэн, үр хүүхэд нь аав, ээжээ гэсэн харилцаа, хүүхдүүдийн хооронд ах дүү, эгч дүүгийн харилцаа тогтож байдаг. Ингэж гэр бүл дотор түүний гишүүдийн эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг нь хамт олныхтой адил боловч бас төрлийн үүрэг гүйцэтгэж байдгаараа үндсэн ялгаатай. Жишээ нь, аав, ээж нь үр хүүхдээ асран бойжуулж хүн шиг хүн болгох, сургах, хүмүүжүүлэх үүрэгтэй байхад үр хүүхэд нь аав, ээжээ үрийн ёсоор хайрлах, хүндэтгэх, чадлынхаа хэрээр туслах, нас биед хүрч том болсон хойноо аав, ээждээ туслах, асран халамжлах үүрэгтэй.


Гэр бүлийн дотор гарч болох зөрчил. Гэр бүлийн дотор нэгд, өвөө эмээ, хоёрт, аав ээж, гуравт, хүүхэд гэсэн 2-3 үеийн хүн байдаг. Энэ үе үеийн хүмүүс өөр өөр цаг үе, өөр өөр нөхцөлд амьдарч байсан учир өөр, өөр зан заншил, сэтгэл санаатай байж болно. Ийм учраас эдгээр хүмүүсийн хооронд санаа зөрөх, зөрчил гарч болох талтай. Ийм зөрчлийн нэг нь “эцэг эх, хүүхдийн хоорондын” зөрчил юм. Хүүхэд эцэг, эхийн ахуй  амьдрал, зан заншлаар биш, харин өөрийн дур хүслээр байхыг бодох, эцэг, эх нь хүүхдээ өөрсдийнхөө байдлаар байлгахыг бодохын  хооронд зөрчил гарч болно. Ингэж учраа ололцохгүй, өөр өөрсдийнхөөрөө зүтгэж хэл ам, хэрүүл салдаггүй, “дайтсан” айл байдаг. Иймэрхүү айлын гишүүд бие биеэсээ улам хөндийрч, өөр хэл ам, хэрүүлгүй газар руу зугатахад хүрдэг аюултай. Ийм байдлаар өнөө үеийн нэг аюулт үзэгдэл болсон тэнэмэл буюу траншейны хүүхдүүд гэгч бий болж байна. Одоогийн траншейны хүүхдийг траншей  төрүүлээгүй, харин муу айл буюу муу эцэг, эх төрүүлж байгаа юм. Айлын иймэрхүү хэрүүл гардаг гол шалтгаан бол бие биеэ хүндэлдэггүй, хайрладаггүй, хүнлэг биш харилцаа юм. Зүй  нь “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө учраа ололцдогийг” үндэс болгож хэл амаа ололцож, харилцан тэвчээртэй хандаж, асуудлыг хойш нь тавихгүй, хурцатгахгүй, дор бүрд нь шийдэж байвал хэрүүл, маргаан гараад байхгүй  байж болно. Өнөө үед гэр бүлийн дотор зөрчил, хэрүүл гаргадаг нэг аюултай шалтгаан бол архидалт. Энэ архидалт гэдэг аюул хүний амь насанд ч, эрүүл мэндэд ч их аюул болж байгааг хүүхэд бүр багасаа ухаарах ёстой.  Архичин айлын хүүхэд архи, шар айргийн шавхрууг сонирхож долоосоор байгаад амтанд орж “Амташсан хэрээ арван гурав дахидгийн” үлгэрээр дахисаар дахисаар байгаад архичин болох аюултай. Зарим саваагүй нь саваагүйтэж, “Ихийн шийр атгаж” том хүн болсноо харуулах гэж, “Бяруу болоогүй байж бухын гишгэдлээр гишгэх” гэж  саваагүйтсээр байгаад сархидын “сав” болж хувирах нь бий.  


Ер нь гэр бүлийн гишүүн нэг бүр гэр бүлийн дотор эзлэх байр сууриа эзэлж, хүлээх үүргээ үүрч, эдлэх эрхээ эдлээд, ёстой “Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав нь болоод”, “Хувиа борлуулаад, довоо шарлуулаад яваад” байвал хэл ам, хэрүүл гараад байхгүй. Хүүхдийн гол зорилго бол хүнээр хэлүүлэхгүйгээр, бие дааж ажил хийж сурах явдал байдаг. Хэлүүлэхгүй ажил хийж сурна гэдэг нь гэрийн ажлыг хэлүүлэхгүй хийж байх, хэлүүлэхгүйгээр унтах цагтаа унтдаг, босох цагтаа босдог, тоглох цагтаа тоглодог, хичээл давтах цагтаа хичээлээ давтдаг гэх мэтээр үүрэх үүргээ үг дуугүй, хүнээр шаардуулахгүйгээр үүрч сурахыг хэлж байгаа юм.


Гэр бүлийн нийгмийн үүрэг. Гэр бүл нийгмийн анхдагч нэгж, нийгмийн үзэгдлийнхээ хувьд нийгмийн өмнө тодорхой үүрэг гүйцэтгэнэ үүнд: 1. Хүйсний харилцааг зохицуулах; 2. Үр удмаа бий болгож өсгөж, хүмүүжүүлэх; 3. Гэр бүлийн гишүүд бие биеийнхээ төлөө анхаарал, халамж тавих; 4. Гэрийн аж ахуй эрхэлж гэр бүлийн гишүүдийн ахуй хангамжийг зохион байгуулах зэрэг болно. 


Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хайрын сэтгэлээр холбогдож нэг нь нөгөөгүйгээр амьдрах аргагүй болж, “Тоонотой гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбогдсоноор” эр эм хүний хүйсний харилцаа нь гэр бүлийн харилцаанд орж, гэр бүлийн ёс, хуулиар зохицуулагдах болно. Энэ ёс, хууль нь эр эмийн замбараагүй харилцааг үгүйсгэж, түүнийг нийгмийн шинжтэй, нийгмийн ач холбогдолтой болгоно.


Нэгэнт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэр бүл болсноор тэдний дундаас төрсөн хүүхэд тэр гэр бүлийн хүүхэд, тэр гэр бүлийн удам угсаагаа залгамжлуулагч болно. Ингэж хүүхэдтэй болсноор үр удмаа өсгөж сургаж, хүмүүжүүлэх үүрэг гарч ирнэ. Хүүхэд гэр бүлийн халуун ам бүлийнхээ хувьд гэр бүлийн дотор гүйцэтгэх үүргээ яс гүйцэтгэж, эдлэх эрхээ эдэлж сурах ёстой. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн дотор хүүхэд ямар байдалтай байгаа нь, хэр зэрэг хүн болж төлөвшсөн нь тэр хүүхэд ирээдүйд нийгэм дотор ямар байдалтай байх, яваандаа ямар байдалтай өрхийн тэргүүн юм уу, эзэгтэй болж гэр бүлээ хэрхэн авч явах, ямар маягийн аав юм  уу ээж болж ямар хүүхэд өсгөн бойжуулахын анхны дүр зураг болно гэдгийг хүүхэд нэг бүр ойлгож хүн шиг хүн болж төлөвших учиртай.


Гэр бүл ураг төрлийн холбоон дээр үндэслэгдсэн хамтарч аж төрөхийн нэг хэлбэрийнхээ хувьд гэр бүлийн гишүүд гэр бүлийн халуун ам бүл болдог. Энэ халуун ам бүл бие биеэ хайрлах, халамжлах, туслах үүрэгтэй болно. Гэр бүлийн аль нэг гишүүн өвдөх, өтлөх зэргээр бусдын тусламж хэрэгтэй болоход гэр бүл туслах, асрамжлах үүрэг гүйцэтгэнэ.


Гэр бүл нийгмийн биеэ даасан тусгай нэг нэгжийнхээ хувьд гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр, хамтын аж ахуй, дундын өмч хөрөнгийн хүчээр аж төрнө. Ийм учир өрх гэрийн аж ахуй эрхлэх, хдөлмөрлөж орлого олох буюу эдийн засгийн үүрэг гэр бүлийн оршин тогтнох, дэвшин хөгжихийн үндэс болно.


Хүн гэр бүлийн дотор төрж, ихэнх насаа гэр бүлийн дотор өнгөрөөдөг болохоор гэр бүл бол бие хүн төлөвшихөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Хүүхэд гэр бүлийн дотор өсөн торниж, хөл, хэлэнд орж, зан араншин, сэтгэл санаа, хүн чанарынхаа үндсэн төрхийг олж, хөдөлмөрийн анхны дадлагатай болж, амьдралын ухаан суудаг. Гэр бүлийн гишүүд ялангуяа эцэг, эх нь хүн чанараар сайн, эвсэг гэр бүлийн хүүхэд сайн хүн болон төлөвших бүрэн үндэстэй. Ингэхлээр, нийгмийн өмнө гэр бүлийн хүлээх гол үүрэг бол хүн шиг хүнийг төлөвшүүлэх явдал мөн.


Бас нийгэм нь гэр бүлийг бэхжүүлэх, айлын дайтай айл байлгахад мөн их анхаарал, халамж  үзүүлэх ёстой. Юуны өмнө нийгэм гэр бүлд нийгмийн үүргээ биелүүлэхэд нь, үр хүүхдээ эрүүл, чийрэг өсгөж, хүмүүжүүлэхэд нь, ахуй амьдрал, орон сууцынхаа асуудлаа сайжруулахад нь аль болохоор дэмжиж туслах учиртай. Гэхдээ гэр бүлийг бэхжүүлэх, түүнийг айлын дайтай айл байлгах нь гэр бүлийн гишүүн нэг бүрийн ариун үүрэг гэдгийг хүн нэг бүр санаж явах ёстой.



10. Нийгмийн хамгаалал


Нийгмийн хамгааллын тухай. Шимэгч амьтныг оруулахгүй хэлбэл аливаа амьтан өөрийн хүчээр амьдардаг. Хүн байгалийн амьтан гэдэг утгаар бас өөрийн хүчээр амьдрах ёстой. Харин хүн нийгмийн амьтан гэдэг утгаар өөрийн хүчээр амьдрах бололцоогүй үедээ нийгмийн тусламж авч амьдрахаас өөр арга байхгүй. Өөрийн хүчээр амьдрах бололцоогүй хүн гэвэл хөдөлмөр хийж амьдрах насанд хүрээгүй хүүхэд, хөдөлмөр хийх чадваргүй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, тэжээгчээ алдсан юм уу, өнчин өрөөсөн хүмүүс гэх мэт болно.


Айл өрхийн хөдөлмөрийн чадвартай гишүүд нь хүүхэд, хөгшид, өвчин эмгэгтэй хүнээ асран тэтгэж байдгийн нэгэн адил нийгэм дээр дурдсан маягийн хүмүүсээ бас халамжилж, тэтгэж, тусалж байдаг юм. Ингэж өөрийн хүчээр амьдрах бололцоогүй хүнээ нийгэм халамжилж, хамгаалж, тэтгэн дэмжихийг нийгмийн хамгаалал гэнэ. Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо нь нийгмийн даатгал, нийгмийн халамж гэсэн хоёр хэсгээс бүтнэ.


Нийгмийн даатгал. Ажил хийж байгаа хүн ажлын хөлс, хөдөлмөрийн орлогоороо амьдарна. Харин өндөр настай болох, осолд орох, өвчлөх зэргээр хөдөлмөрийн чадвараа алдсан үедээ нийгмээс тэтгэвэр авч амьдрахаас өөр аргагүй болно. Энэ тэтгэврээр тэтгэх арга хэмжээг нийгмийн даатгал гэнэ. Тэр тэтгэврийн мөнгийг гаргаж байхын тулд нийгмийн даатгалын сан гэдгийг бий болгоно. Энэ сан яаж бий болох вэ? гэвэл ажил хийж байгаа хүн сар бүр цалингаасаа нийгмийн даатгалын санд шимтгэл1 төлнө. Бас тэр хүнийг ажиллуулж байгаа байгууллага сар бүр нийгмийн даатгалын санд шимтгэл төлнө. Харин ажилгүй хүн, хувиараа аж ахуй эрхлэгчид сайн дурын даатгалд хамрагдаж хувиасаа мөнгө төлнө.


Тэр шимтгэлээс нийгмийн даатгалын сан бий болно. Тэгээд нийгмийн даатгалд шимтгэл  төлж байсан хүн насны тэтгэвэрт гарах, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болсон үедээ тэр сангаас тэтгэвэр, тэтгэмж авна. Мөн нас барсан үед ар гэр нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр, оршуулгын тэтгэмж авна.


Нийгмийн даатгал нь тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний, ажилгүйдлийн гэсэн 5 төрөлтэй байна. 


Нийгмийн халамж. Тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй юм уу, нэн ядуу хүн, хүүхэд төрүүлсэн эх зэрэг хүмүүс бас байдаг. Эдгээр хүмүүст нийгэм бас туслах, халамжлах хэрэгтэй болдог. Ийм тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй хүмүүст тэтгэвэр, тэтгэмж олгох, хөнгөлт, үйлчилгээ үзүүлэх замаар төрөөс туслахыг нийгмийн халамж гэнэ. Нийгмийн халамжийн сангийг төрийн хөрөнгөөр бүрэлдүүлнэ.


Нийгмийн халамж нь 1. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор,  2. Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байна.


Нийгмийн хамгаалал гэдгийг зөвхөн тэтгэвэр, тэтгэмж зэргийн мөнгө, эд материалаар туслах явдлаар ойлгож болохгүй. Үүнээс гадна хүний эрх, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй ажиллах, аж төрөх бололцоо олгох зэргийн олон талын арга хэмжээ байдаг юм.


Манай төр, засаг эх, нялхсын эрх ашиг, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөг хамгаалахад онцгой анхаарал тавьж байна. Энэ зорилгоор олон хүүхэд төрүүлсэн эхэд мөнгөн тусламж үзүүлэх, хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх, ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох, төрийн албан хаагч, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй айлын нэг хүүхдийг их, дээд  сургуульд төрийн зардлаар сургах мэтийн олон арга хэмжээ авч байна. Хүүхдээр, тэдний эрүүл мэнд, хэвийн өсөлт, ёс суртахуунд хортой, хүнд хүчир хөдөлмөр хийлгэхийг төр хуулиар хориглодог.


Тэтгэврийн хэмжээ нь нийгмийн даатгалд төлсөн шимтгэл, ажилласан жилээс хамаарна. Их цалинтай ажил хийж нийгмийн даатгалд их шимтгэл төлсөн, олон жил ажилласан хүний тэтгэвэр их байна. Ийм болохоор аливаа хүн ажлын чадваргүй болсон үедээ аль болох их тэтгэвэр авч ажил хийж байсан үеийнх шигээ сайхан амьдрахын тулд сурагч ахуйгаасаа сайн сурч, сайн ажиллаж сурах ёстой. Бас өвчин, осол гэмтэл мэтийн ажлын чадвар алдагдуулдаг аюул “хэлж ирдэггүй, харин хийсэж ирдэг” гэдгийг бас бодолцож, сэргийлж байх учиртай.


Хөдөлмөрийн чадвартай мөртөө ажил хийхгүй аав, ээжийнхээ тэтгэврийн хэдийг завшиж амьдрагсад мэр сэр байгаа нь хөдөлмөрийн чадвартай болох хүртлээ аав, эаэжээрээ тэжээлгээд аав, ээж нь хөдөлмөрийн чадваргүй болсон үед аав, ээжээ асран тэтгэх хүний ёсноос гадуур явж байгаа болохоороо  хүний дүрстэй “хүн биш амьтан” болсоны нэгэн тодорхой шинж юм .


Тайлбар: 1 Шимэтгэл гэдэг нь цалин, ажлын хөлс гэсэн орлогоос авч байгаа татвар юм.



11.  Ядуурлын тухай


Ядуурлын тухай ойлголт. Хүний амьдрал хэвийн үргэлжлэхэд бие махбодийн шаардлагыг хангасан хоол, хувцас, орон сууц хэрэгтэй. Орчин үеийн шинжлэх ухааны тооцоогоор хүн хоногт 2100 килокалорийн илчлэгтэй хоол хэрэглэх ёстой. Орон байр нь дулаан, цахилгаантай, хувцас нь дааруулаад байхгүй дулаан байвал хүний амьдрал хэвийн байх болно. Энэ хувь хүн буюу айлын хоол, сууц, хувцастай байхад хэрэгтэй мөнгөний доод хэмжээг ядуурлын босго гэнэ. Тэгвэл ядуурлын босго гэдэг нь нэг хоногт хэрэглэх 2100 кк хоол, сууц, цахилгаан, түлш, хувцасны  үнэ юм. Өөрөөр хэлбэл, хүний  физиологийн хэвийн хэрэгцээг хангахуйц нөхцөлийг бүрэлдүүлэх мөнгөний хэмжээ юм. Энэ ядуурлын босго бол хүний хэвийн амьжиргааны доод түвшин болж байна. Энэ ядуурлын босгоос доогуур орлоготой хүнийг ядуу гэнэ. Энэ ядуурлын босго нь үнэ ханшийн өөрчлөлтийн улмаас өөрчлөгдөж байдаг. Ийм учир ядуурлын босгыг засгийн газар хот, орон нутгаар нь жил бүр тогтоож  олон түмэнд мэдэгдэж байх ёстой.


Манай улсад ямар хүн ядуу болж байна вэ? гэвэл харж асрах хүнгүй өндөр настан, өнчин хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэй, 4-өөс дээш хүүхэдтэй айл, ажилгүйчүүд, цөөн малтай малчид зэрэг хүмүүсийн амьдрал доройтож ядуу болж байна.


Ядуурлын ангилал. Ядуурлыг туйлын ядуу, харьцангуй ядуу1 гэж хоёр ангилж  үздэг. Туйлын ядуу гэдэг нь амьжиргааны наад захын хэрэгцээг хангах чадваргүй болсныг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ядуурлын босго буюу амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур амьдралтай хүн, айл өрхийг туйлын ядуу гэнэ. Харин тухайн улсын засгийн газраас тогтоосон амьжиргааны доод түвшингээс бага орлоготой хүмүүсийг харьцангуй ядуу гэнэ. Өөрөөр хэлбэл, ядуурлын босго буюу амьжиргааны доод түвшингийн 40 хувиас дээгүүр амьдралтай хүн, айл өрх харьцангуй ядуу болж байна.


Ядуурлын шалтгаан. Ядуурал нь нийгэм, эдийн засгийн олон шалтгаантай байдаг. Социализм гэж нэрлэгдэж байсан түрүүчийн нийгмийн үед манайд ядуурал үндсэндээ байгаагүй. Зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс ядуурал бий болсон. Ядуурал бий болсны гол шалтгаан нь:


Нэгд, эдийн засгийн уналт байсан. 1. Эдийн засгийн уналтаас шалтгаалж олон үйлдвэр, аж ахуйн газар, сангийн болон тэжээлийн аж ахуй устаж тэнд ажиллаж байсан олон хүн ажилгүйчүүд болж хувирсан юм. 2. Эдийн засгийн уналтаас болж бараа таваар хомсодсон, юмны үнэ өссөн, мөнгөний ханш унасан. Үүний улмаас олон хүн, айл өрх ядуурсан. 3. Энэ эдийн засгийн нөлөөний хажуугаар зуд, ган мэтийн байгалийн бэрхшээл болж  олон малчин айл малаа алдаж ядуурсан. 4. Мөн үүний зэрэгцээгээр малын дотоод, гадаад хулгай гаарч хот руу нүүж шилжих хөдөлгөөн эхэлж хотын ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлсэн.


Хоёрт, Залхуурал, бэлэнчлэх үзэл санаа, заншил ядуурлын нэг гол шалтгаан болж байна. Ер нь залхуу хүн монголд аав, ээж, ах, дүү нараараа тэжээлгээд байх, тун болохгүй бол айл хэсээд амьдраад байх бололцоотой. Энэ үзэл санаа, заншил өөрөө ядуураад зогсохгүй бусдыг ядууруулах, нийгмийн дэвшил хөгжилд саад болдог тун хортой үзэгдэл юм. Тэгвэл энэ шалтгаанаар ядуу болсон хүн нийгэм, төрөл төрөгсөд маань намайг дэмжих ёстой гэж бодохын өмнө би бусдын амьдралд, нийгмийн дэвшил хөгжилд саад болж байгаа этгээд юм байна гэж бодох ёстой юм байна.


Ядуурлыг бууруулах арга зам. Ядуурлыг бууруулах арга зам бол ядуурлын шалтгааныг арилгах явдал байдаг. Ингэж авч үзвэл эдийн засгийн уналтын улмаас гол төлөв гарсан эхний 3 шалтгааныг эдийн засгаа түргэн сэргээн хөгжүүлж  хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар арилгаж болох юм. Харин дөрөвдөх шалтгааныг хөдөө нутагт чиглэсэн төрийн бодлогыг эрчимжүүлж тэнд  амьдралын таатай орчныг бий болгох, хөдөөгийн хүмүүсийн эрх ашиг, мал сүргийг хамгаалах зэргийн цогц арга хэмжээ авах замаар арилгаж болох талтай.


Ядууралд хүргэдэг нэг гол шалтгаан болсон залхуурал, бэлэнчлэх сэтгэхүй нь “Сурсан юмыг сураар боож болдоггүй” гэсэн ардын хэллэгээр авч үзвэл арилгахад тун төвөгтэй, гол төлөв хүмүүсийн санаа сэтгэл, ухамсрыг өөрчилж байж арилгах үзэгдэл болж байна.


Зах зээлийн ёсонд шилжихийн хамтад зарим хүн учраа олохгүй хөл алдаж ядууралд  орох явдал гарсан. Өөрийнхөө үеийн нөхцөлд дасан зохицох гэдэг тун чухал үзэгдэл байдаг. Сурч байгаа сурагч хүний ажил хийх, амьдрах орчин нь чиний аав, ээжийн үеийнхээс өөр болж хөгжиж байгаа. Энэ шинэ зууныг эрдэмтэд мэдлэгийн зуун болно гэж нотолж, практик амьдрал дээр ч тэгж харагдаж байна. Орчин үеийн үйлдвэрлэлд манай хүмүүс гологдож ажил олдохгүй болж байна. Манай хүмүүс нэгд мэргэжил, мэдлэгээрээ, хоёрт зан харилцаагаараа гологдож эхэлж  байна. Ажил хийж чадахгүй байгаа нь мэдлэг, мэргэжлийн гологдол, ажил голж байгаа нь, бас ажил хийж байгаа хүн ажил тасалж байгаа нь зан аашийн гологдол. Ийм учраас энэ шинэ зуунд оюуны чадамж сайтай, нарийн мэргэжил эзэмшсэн хүн сайн ажиллаж сайхан амьдрах бололцоотой болох нь одооноос харагдаж байна. Ерөнхий боловсролын сургууль сайн мэдлэгтэй болох, мэргэжил эзэмшихийн урьдчилсан бололцоо олгодог болохоор хэрэгтэй бүхнийг сурсан сурагч цаашдаа мэргэжлийн сургуульд орж сайн мэргэжилтэн болно. Бас сурахын хамтад өөрийн сонирхол, авьяас чадвараа мэдэж  сурагч хүний сурдаг дугуйлан, курст сурсан хүүхэд хожино.


Бас занхуурч, эсвэл жаргалыг  эрхэмд үзэж  юм бага сурвал хойшдоо алдана. Энэ залхуу гэдэг “өвчин” амар эдгэдэггүй, амьдралыг сүйтгэж мэдэх тун аюултай “өвчин” гэдгийг  сайтар ухаарч ажилласан хүүхэд хожихын ихээр хожино. 1921 оны өмнөх үеийн Монголд ядуу айлын хүүхэд ядуу хүн болох боломжтой байсан бол одоо байдал үндсээрээ өөрчлөгдөж залхуу хүүхэд ядуу болох төлөв бий болжээ. Ядуу айл, түүний хүүхдийг төр боломжийнхоо хэрээр тэтгэж байгаа нөхцөлд бэрхшээлд сөхрөхгүй зүтгэсэн хүүхэд өөрөө ядуу болохгүйгээр үл барам ядуу аав, ээжээ ядуурлаас аврах аврагч болох бололцоо нэгэнт бий болж байна.


Тайлбар: 1  Ядууг туйлын, харьцангуй гэж ялгаж байгаа нь гадаадын нэр томьёог орчуулсан орчуулга. Уул нь харьцангуй ядуу гэдгийг ядуу, туйлын ядуу гэдгийг нэн ядуу гэж хэлж болох юм .

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...