Friday, 29 September 2017

П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Хоёр. Улс төрийн хүрээний асуудлаас

1. Улс төрийн тухай


Улс төрийн тухай ойлголт. Улс төр нь грекийн politika-улсын, нийгмийн хэрэг гэсэн утгатай үгнээс гаралтай. Нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу биеэ даасан улс үүссэн. Улс үүсэхийн хамтад улсын хэмжээнд заавал хэрэгжүүлэх олон асуудал гарч иржээ. Жишээ нь, улс орноо удирдан зохион байгуулах, газар нутгаа бусдаас хамгаалах, нийгмийн дэглэм, журмыг сахиулах, нийгмийн баялгийг бий болгох, бий болгосон баялгаа хуваарилах, нийгмийн ерөнхий зорилтыг хэрэгжүүлэх зэрэг олон асуудал гарч иржээ. Энэ бүхнийг шийдвэрлэх үүрэгтэй төр үүссэн байна. Энэ улсын хэмжээний асуудал, өөрөөр хэлбэл, төрийн  асуудлыг шийдвэрлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг улс төр гэж ойлгож болно. Улс төр бол улсын хэмжээнд  хэрэгжих ёстой  шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.



Улс төрийн шийдвэр гаргах арга. Улсын бүх иргэн нэг  ижил эрх ашиг, сонирхолтой байхгүй, бас асуудлыг шийдэх өөр өөрийн арга барилтай байна. Үүнээс болоод улсын хэмжээний асуудал, өөрөөр хэлбэл, төрийн шийдэх асуудлыг энэ өөр өөр эрх ашигтай, өөр өөр сонирхолтой хүмүүс, бүлэг, байгууллага хамтын хүчээр шийднэ. Энэ хамтын шийдвэр гаргах ажилд оролцож байгаа хүмүүс, байгууллага өөр хоорондоо саналаа солилцох, мэтгэлцэх, хэлэлцэх, зөвшилцөх, санал хураах мэтийн  олон янзын арга замаар шийдвэр гаргана.

Улс төрийн шийдвэр нь улсын хэмжээний асуудлыг шийдэхээр гаргаж байгаа шийдвэр учир тухайн улсын бүх иргэн дагаж хэрэгжүүлж  ёстой. Сурагч бүхэн улсын иргэнийхээ хувьд улс төрийн шийдвэр, төрийн хууль, журмыг дагаж мөрддөг, биелүүлдэг  иргэн болж төлөвших учиртай. Энэ бол нийгмийн гишүүн хүн болсны, Монгол Улсын иргэн болж төрсний нэг гавьяа, иргэний нэг үүрэг нь юм

Улс төрийн гүйцэтгэх үүрэг. Улс төр нь улс орноо удирдан зохион байгуулах, газар нутгаа бусдаас хамгаалах, нийгмийн дэглэм, журмыг сахиулах, нийгмийн тогтвортой байдпыг хангах, нийгмийн баялгийг бий болгох, бий болгосон баялгийг хуваарилах, нийгмийн ерөнхий зорилтыг тодорхойлох, хэрэгжүүлэх, нийгмийн янз бүрийн бүлэг, байгууллага, хувь хүмүүсийн нийтлэг болон хувийн эрх ашгийг зохицуулах зэргийн үүрэг гүйцэтгэнэ.

Улс төрийн ойлголтууд. Улс төрийн шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагааг улс төрийн үйл ажиллагаа гэнэ. Улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа хүнийг улс төрч гэнэ. Улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн засгийг улс төрийн засаг гэнэ.  Нийгмийн улс төрийн засгийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх хүчин1, тэдгээрийн үйл ажиллагаа, харилцан нөлөөллийн цогцыг улс төрийн тогтолцоо (систем)2 гэнэ. Улс төрийн үйл ажиллагааг хүн, байгууллага явуулдаг. Энэ улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа хүн, байгууллагуудын хооронд тогтож байгаа харилцааг улс төрийн харилцаа гэнэ. Улс төрийн үйл ажиллагааг олон түмэн дэмжих, эсэргүүцэх, үл тоомсорлосон байдлаар хүлээн авдаг. Энэ байдлыг олон түмний санаа бодол буюу улс төрийн уур амьсгал гэнэ.

Улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа зарим хүн, байгууллагад өөрийн хэрэгцээгээ хангах бодол санаа бий болдог. Үүнийг улс төрийн сонирхол гэнэ.

Олон түмэн төр засагтаа хандах өвөрмөц хандлагатай, улс төрийн амьдралд оролцох мэдлэг, ойлголт, дадал заншилтай болсон байдгийг улс төрийн соёл гэнэ. 

Мөн улс төрийн үйл ажиллагаа нь тодорхой үзэл, онол, номлол, үзэл суртал, уламжлал зэрэгт тулгуурлан гарч ирдэг. Улс төрийн үзэл, онол, номлол, улс төрийн уур амьсгал, улс төрийн сонирхол зэргийг улс төрийн ухамсар гэнэ.

Тайлбар: 1 Улс төрд оролцож байгаа бүх хүчин гэдэг бол хүн, байгууллага, бүлэг, нам, хөдөлгөөн зэрэг болно. 2 Улс төрийн тогтолцоо (систем). Энэ  систем гэдгийг монгол хэлэнд тогтолцоо гэж байгаа юм. Олон бүрэлдэхүүн хэсгээс бүтсэн нэг бүхэл бүтэн зүйлийг тогтолцоо буюу систем гэнэ.

2. Улс төрийн тогтолцоо


Улс төрийн тогтолцооны ойлголт. Хэмжээгүй эрхт хаант төрийн үе өнгөрч ардчилсан төр гарч ирсэн XX зууны үеэс улс төрийн тогтолцоо гэсэн ойлголт гарч ирсэн. Ийм ардчилсан төрийн үед улс төрийн шийдвэр гаргахад улс төрийн  олон хүчин оролцож  хамтын хүчээр  шийдвэр гаргаж хэрэгжүүлэх болжээ. Ингэхлээр, улс төрд оролцож байгаа бүх хүчин, тэдгээрийн үйл ажиллагаа, харилцан нөлөөллийн  цогцсыг улс төрийн тогтолцоо гэнэ. Улс төрийн тогтолцоо бол нийгмийн улс төрийн бүтэц, улс төрийн зохион байгуулалт нь юм.

Улс төрийн тогтолцооны бүтэц. Тогтолцоо гэвэл юуны өмнө бүрэлдэхүүн хэсгүүдтэй, тэдгээрийн хооронд тодорхой харилцаа, хамааралтай байна. Нийгмийн улс төрийн тогтолцооны бүтэц гэвэл:

1. Нийгмийн улс төрийн хэрэгт оролцож байгаа бүх байгууллага улс төрийн бүтцэд орно. Ийм байгууллага гэвэл төр, улс төрийн нам, олон нийтийн байгууллага (төрийн биш байгууллага), хөдөлгөөн гэх мэт болно. Улс төрийн тогтолцооны хамгийн гол байгууллага, цөм нь төрийн байгууллага юм. Төрийн байгууллага нь улс төрийн тогтолцооны мөн чанар, бүтэц, хамрах хүрээг тодорхойлдог гол байгууллага болно.

2. Энэ улс төрийн бүтцэд орж байгаа бүх байгууллагын үйл ажиллагаа, нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг нь улс төрийн нэг бүтэц болдог байна. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн улс төрийн үйл ажиллагааны хэлбэр, чиглэл, засгийг хэрэгжүүлэх арга барил, нийгмийн амьдралд нөлөөлөх арга хэрэгсэл зэрэг болно.

3. Нийгмийн улс төрийн тогтолцооны бүтцэд улс төрийн тогтолцооны субъектүүдийн1 хоорондын харилцаа, тэр харилцааг зохицуулдаг улс төр-хууль, ёс суртахууны хэм хэмжээ орно. Улс төрийн харилцаа гэдэг нь улс төрийн засаглал, түүний зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой бий болдог холбоо юм. Улс төр-хуулийн хэм хэмжээ гэвэл: үндсэн хууль, бусад хууль, зан заншил, уламжлал, улс төрийн зарчим, үзэл санаа гэх мэт болно.  Эдгээр хэм хэмжээ нь улс төрийн тогтолцооны үйл ажиллагаа, улс төрийн харилцааны шинж чанарыг зохицуулж  улс төрийн харилцааг эмх цэгцтэй, тогтвортой болгож өгнө.

Улс төрийн тогтолцоог бүрэлдүүлж байгаа бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо зохицож хамтран ажиллаж байвал тэр улсын улс төрийн тогтолцоо бат тогтвортой байна.

Улс төрийн тогтолцооны ангилал. Улс төрийн тогтолцоог улс төрийн засгийг хэрэгжүүлж байгаа арга, хэрэгсэл, улс төрийн засаглалын хуваарилалт, нийгмийн доторхи эрх чөлөөний түвшин, хувь хүний эрхийн байдал, ардчилал, дарангуйлал хоёрыг хэрхэн хослуулж  байгаа байдлаар ангилна. Улс төрийн тогтолцоог  ардчилсан тогтолцоо, дарангуйллын тогтолцоо гэсэн хоёр хэв маяг болгож  ангилна.

Ардчилсан улс төрийн тогтолцооны үндсэн шинж бол засаг төрөө бүх нийтийн чөлөөт, ардчилсан сонгуулиар байгуулсан, иргэдэд улс төрийн эрх, эрх чөлөөг бодитой олгосон, төрийн байгууллагуудаа “эрх мэдэл хуваарилах” зарчмаар2 байгуулсан, үндсэн хууль болон хууль ёсыг амьдралд зөвшөөрөн хүлээж хэрэгжүүлсэн байх зэрэг болно. Ардчилсан улс төрийн тогтолцоо нь тухайн улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин, улс төрийн чиг баримжаа, захиргааны хэлбэр зэргээсээ хамаарч өөр өөрийн онцлогтой байна. Ардчилсан улс төрийн тогтолцоо нь ард иргэдийн олонхын эрх ашигт тохирсон бодлого явуулдаг байхад дарангуйллын улс төрийн тогтолцоо нь цөөнх засгийн эрхийг авч өөрсдийнхөө эрх ашигт тохирсон бодлого явуулдаг байна.

Дарангуйллын улс төрийн тогтолцоо нь засгийн эрхийг тэгш хуваарилах зарчмыг зөвшөөрдөггүй, гүйцэтгэх засаглалыг гол болгодог, төрийн байгууллагыг сонгуулиар байгуулахад хязгаар тавьсан, хүний үндсэн ардчилсан эрх, эрх чөлөөг хязгаарласан буюу хаасан, иргэний хувийн амьдралыг төрөөс хатуу хянадаг, сөрөг нам, хүчнийг зөвшөөрдөггүй шинжтэй.

Тайлбар: 1 Субъект гэдэг нь хүн, этгээд гэсэн утгатай үг. Энд этгээд гэсэн утгаар хэрэглэгдэж  байна. Энэ этгээд гэдэгт улс төрд оролцож байгаа бүх хүчин орж байгаа юм. 2 Төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим гэдэг нь төрийн дээд эрх барих  гурван байгууллага болох хууль тогтоох засаг, гүйцэтгэх засаг, шүүх засаг гуравт ижил тэгш эрх мэдэл олгохыг хэлж байна.

3. Улс төрийн тогтолцооны оролт, гаралт


Улс төрийн тогтолцоо, орчин хоёрын харилцаа.  Улс төрийн тогтолцоо, түүний орчин хоёр харилцан холбоотой. Энэ хоёрын харилцан холбоо нь улс төрийн тогтолцооны оролт, гаралт хоёроор тод харагдана. Улс төрийн тогтолцооны  оролт, гаралт гэдэг нь улс төрийн тогтолцоо, түүний орчин хоёрын харилцаа юм. Улс төрийн тогтолцоо бол нийгмийг захирч байгаа захирагч (гол нь төр засаг), харин орчин гэдэг нь түүнд захирагдаж байгаа олон түмэн болж байна. Тэгвэл улс төрийн үйл ажиллагаа гэдэг бол захирагч, захирагдагч хоёрын хоорондын харилцаа юм. Захирагч нь захирагдагчдыг захирах онцгой эрх мэдэлтэй, захирагдагч нь түүнд захирагдах үүрэгтэй байх ёстой. Захирагч, захирагдагч хоёрын хоорондын харилцаа нь улс төрийн тогтолцооны оролт, гаралт гэсэн ойлголтоор илэрнэ.

      Улс төрийн тогтолцооны оролтын тухай ойлголт. Захирагч нь захирагдагчдынхаа эрх ашиг, сонирхлыг мэдэж байвал сая зөв захирч чадна. Тэгвэл захирагдагчид болох олон түмний зүгээс улс төрийн тогтолцоонд ирж байгаа мэдээлэл, нөлөөлж байгаа нөлөөлөл нь улс төрийн тогтолцооны оролт болно. Оролт нь хоёр янз байна. Нэгд, улс төрийн тогтолцооны үйл ажиллагаа, шийдвэрийг олон түмэн дэмжсэн үйл ажиллагаа байна. Үүнийг олон түмний дэмжлэг гэнэ. Төр засгийн шийдвэр хүн бүхний сэтгэл санаанд нийцэхгүй байж болох учир түүнийг эсэргүүцэх, үл биелүүлэх хүн, бүлэг, байгууллага гарч болно. Тэгээд тэдний зүгээс эсэргүүцэж байгаа эсэргүүцэл, тавьж байгаа шаардлагыг шаардлагын оролт гэнэ. 

 Улс төрийн тогтолцооны гаралтын тухай ойлголт. Оролтын байдлаар ирж байгаа мэдээлэл, шаардлагыг  улс төрийн тогтолцоо шүүн үзэж, хэлэлцэн тохиролцож зохих шийдвэр гаргана. Ийм байдлаар улс төрийн тогтолцооны гаргаж байгаа шийдвэр, түүний хэрэгжилт хоёр улс төрийн тогтолцооны гаралт болдог байна. Энэ гаралтын шийдвэр, тэр шийдвэрийн хэрэгжилт хоёрыг олон түмэн хүлээн авч дэмжих, бас эсэргүүцэх байдлаар хариу үйлдэл хийнэ.

 Улс төрийн тогтолцооны  оролт, гаралт хоёрын эргэх холбоо.  Улс төрийн тогтолцоонд орж ирж байгаа оролтоос гаралт гардаг. Энэ гаралтыг олон түмэн хүлээж авах буюу эсэргүүцэх байдлаар улс төрийн тогтолцоонд дараа дараагийн оролт орж ирнэ. Ингэж оролтоос гаралт гардаг, бас гаралтаас оролт орж ирдэг болохоор оролт, гаралт хоёр байнгын эргэх холбоотой байна. Энэ эргэх холбоо нь улс төрийн хүчнүүд зохицон ажиллах, хамтын зөв шийдвэр гаргах нэг үндэс болж өгнө. Ингэснээрээ, нийгэм хэвийн ажиллаж тогтвортой байх нөхцөлийг хангана.

4. Улс төрийн эрх мэдэл


Улс төрийн эрх мэдлийн ойлголт. Нийгмийн атом болсон айлд өрхийн тэргүүн гэж байдаг. Энэ өрхийн тэргүүн айл гэрийг захиран авч явдаг билээ. Өрхийн тэргүүн нь яагаад айл гэрийг захирч чадаж байна вэ? гэвэл тэр нь өрхийн бусад гишүүдээс илүү эрх мэдэлтэй хүн байдаг юм. Үүний нэгэн адил нийгэм буюу улс гэсэн нэг том айлын “өрхийн тэргүүн” нь төр буюу төрийн эрх баригчид1 болж байна. Нийгэм байсан цагт засаг захиргаа заавал байдаг болохоор нийгмийн бүх хүн буюу улсын бүх иргэд захирагч, захирагдагч гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Захирагч нь захирагдагчийг захирах онцгой эрх мэдэлтэй байхад захирагдагч нь захирагчид захирагдаж байх үүрэгтэй байна. Ингэхлээр, төрийн засгийг хэрэгжүүлэх онцгой эрхийг улс төрийн эрх мэдэл гэнэ. Улсын улс төрийн засаг нь улс төрийн эрх мэдлээр дамжин хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, улс төрийн эрх мэдэл гэдэг  бол хууль гаргах, түүнийг хэрэгжүүлэх мэтийн тодорхой үйл ажиллагаа явуулах эрх дарх, чадвар юм.

Эрх мэдлийг хэрэгжүүлэх хэлбэр. Аливаа эрх мэдэл, түүний дотор улс төрийн эрх мэдэл янз бүрийн арга хэлбэрээр хэрэгжинэ. Гол төлөв хэрэглэгддэг арга хэлбэр гэвэл: 1) хүч хэрэглэх, 2) дадал заншил, уламжлалын, 3) итгэл үнэмшлийн, 4) сонирхлын, 5) нэр хүндийн гэх мэт болно. Өөрөөр хэлбэл эдгээрийг аль болох зохистойгоор хослон хэрэглэнэ гэсэн үг.

Хүч хэрэглэх хэлбэр. Жишээлбэл, зарим айлын өрхийн тэргүүн айлгах, сүрдүүлэх, зодох мэтийн хүч хэрэглэх аргаар эрх мэдлээ хэрэгжүүлж байдаг. Жишээ нь, “Чи онц сурах ёстой, тэгэхгүй бол чамайг...” гэж байгаа нь хүч хэрэглэх арга юм. Нийгэм буюу улсыг захирагчид мөн иймэрхүү байдлаар эрх мэдлээ хэрэгжүүлнэ.

“Төр төмөр нүүртэй” гэсэн үг байдаг. Төр өөрийг нь эсэргүүцсэн, нийгмийн хэм журам, хууль ёсыг зөрчсөн, өөрөөр хэлбэл, “дуулгаваргүйчүүдийн” эсрэг тэр “төмөр нүүрээ” гаргадаг. Энэ зорилгоор хүчний байгууллага гэж нэрлэгдэх цэрэг, цагдаа, хуулийн байгууллагатай байдаг юм. Ийнхүү төр өөрийн эрх мэдэл буюу зорилгоо хүч хэрэглэн албадан хэрэгжүүлэхийг  эрх мэдлийн хүч хэрэглэх хэлбэр гэнэ.

Ер нь гэр орондоо дан ганц хүч хэрэглэж байгаа өрхийн тэргүүн бол гэр бүлээ бусад энгийн аргаар авч явах чадваргүйн илрэл байдаг. Үүний нэгэн адил төр аргагүйн эрхэнд хүч хэрэглэх болдог. Ийм болохоор үнэндээ хүчирхийлэл бол төрийн  хүчтэйн шинж биш гэж үзэх үндэстэй. Төр, ялангуяа ардчилсан төрийн гол шинж бол хүчний биш аргаар нийгэм буюу улсаа захирах явдал байдаг. Сурагч хүн аливаа асуудлыг хүч хэрэглэх замаар биш, харин аль болох зөөлөн аргаар, хүчний биш аргаар шийдвэрлэж сурах ёстой. Ер нь асуудлыг хүчээр шийдэх нь тэр болгон зөв шийдвэр болохгүй. Хүчтэй нь зөвтөн, хүчгүй буруутан болох талтай. Тэгээд хүчний харьцаа өөрчлөгдсөн үед хүчгүйн улмаас буруутан болсон этгээд нь хариугаа авах замаар асуудлыг дахин шийдэхэд хүрэх аюултай. Хүүхэд үедээ, сурагч байхдаа юм бүхэнд хүч хэрэглэн шийдвэрлэж сурчих юм бол том болсон хойноо “Баас хичнээн хатсан ч үмхий нь арилдаггүй” гэдгийн үлгэрээр ажилладаг зуршилтай болох талтай. Ер нь чадал муутайд, дүү нартаа дээрэнгүй ханддаг хүүхэд мэр сэр байдаг нь туйлын харамсалтай.

Улс төрийн эрх мэдлийг  хэрэгжүүлэх нэг хэлбэр бол  дадал, заншил, уламжлалыг ашиглах хэлбэр юм.

 Дадал, заншил, уламжлалыг ашиглах хэлбэр. Монголын ард түмэн өрхийн тэргүүнээ дээдэлж өрхийн тэргүүн бол айл гэрийн эзэн, түүнд үг дуугүй захирагдах ёстой гэсэн ойлголттой ард түмэн юм. Үүний нэгэн адил ард түмний дотор төрөө дээдлэх, иргэн хүн төрд заавал захирагдах ёстой гэсэн ойлголт үе улиран бүр дадал, заншил, уламжлал болон тогтож ирсэн байдаг. Энэ утгаар иргэд төрөө дээдлэх, төрийн эрх баригчид энэ дадал, заншил, уламжлалыг ашиглан улс орноо захирах нь  дадал, заншил, уламжлалыг ашиглах хэлбэр юм.

Айл бүхэн өөрийн уламжлагдан ирсэн ёс заншил, уламжлалтай байдаг. Ийм ч учраас “Усы нь уувал ёсы нь дагана” гэсэн үг байдаг. Энэ бол айлд очсон хүн тэр айлын ёсыг дагах ёстой гэсэн үг юм. Жишээлбэл, эрт унтаж эрт босдог улалжлалтай айлын өрхийн тэргүүн өөрөө эрт босоод хүүхдээ үлгэрлэн босгож байвал улалжлалаа ашиглан хүүхдээ захирч байгаа өрхийн тэргүүн болно.

Итгэл үнэмшлийг ашиглах хэлбэр. Хаант төрийн үед хааныг “бурхны илч”, хаант төрийг “бурхнаас заяасан төр” хэмээн олон түмэнд итгүүлэн олон түмнийг бурхны нэрийн өмнөөс захирч байсан түүхтэй. Харин ардчилсан нийгмийн үед төрийг ард түмэн сонгон байгуулдаг, төр нь ард түмний эрх ашгийг туйлбартай хамгаалдаг учир ард түмэн төрөө өөрийнхөө төр хэмээн итгэж үнэн голоосоо захирагдаж, төр нь тэр итгэлийн үндсэн дээр улс нийгмээ захирч байгаа нь итгэл үнэмшлийн хэлбэр юм. Айлд бол аав нь буруу юм хийдэггүй, дандаа зөв юм хийдэг, хэлсэн бүхэн нь үнэн зөв байдаг айлын хүүхэд аавынхаа хий гэсэн бүхнийг итгэлийн үндсэн дээр огтхон эргэлзэж бодохгүй хийж байвал энэ нь итгэлийн хүч мөн болно.

Сонирхлын хэлбэр. Олонх өрхийн тэргүүн өрх гэрийн эрх ашгийг хамгаалсан бодлого явуулж байхад хааяа нэг айлын өрхийн тэргүүн зөвхөн өөрийн эрх ашгийг бодсон бодлого явуулдаг. Жишээлбэл, архичин тэргүүн мөнгө олдвол гэр орон нь мөнгөтэй байна уу? хүүхэд нь ном, дэвтэртэй байна уу? гэх мэтийг огтхон бодолцохгүй архи уучихдаг. Тэгэхэд олонх айлын өрхийн тэргүүн нь гэр орноо хоосон хонуулчихгүйн тулд өөрөө бага хэрэглэх, хүүхдээ өлсгөхгүйн тулд өөрөө өлсөх нь бий.

Өрхийн тэргүүн өрх гэрийн эрх ашгийг хамгаалсан бодлого явуулдгийн нэгэн адил төр нь олон түмний эрх ашгийг хамгаалах, зохицуулах шаардлагаас үүссэн, тийм үйл ажиллагаа явуулдаг билээ. Ялангуяа ардчилсан төр нь олонхын эрх ашиг, сонирхолд нийцсэн бодлого явуулдаг. Төрийн эрх баригчдын явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа олон түмний эрх ашиг, сонирхолд нийцэж байвал олон түмэн дэмжиж байдаг юм. Ийм байдлаар эрх мэдэлтнүүд олон түмний эрх ашиг, сонирхолд нийцсэн бодлого, үйл ажиллагаа явуулахыг сонирхлын хэлбэр гэнэ.

Нэр хүндийн хэлбэр. Эрх мэдлийг тодорхой хэмжээний нэр хүнд дагалдаж байдаг. Захирагдагч захирагчиддаа сайн дураараа захирагдахын нэг нөхцөл бол захирагчийн нэр хүнд  байдаг. Нэр хүнд гэдэг нь хүн буюу байгууллагын бусдаас ялгарах онцгой сайн чанарыг олон түмэн үнэлж хүндэтгэл, итгэл үзүүлж байгаа явдал юм. Хүн нэр хүнд олох үндсэн үзүүлэлт бол эрдэм ухаан, ажлын мэдлэг, туршлага, зохион байгуулах ур чадвар, зан ааш, байр суурь байдаг байна.

Эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь зөвхөн хүн байна гэж ойлгож болохгүй. Улс төрийн мэтийн том эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага гэж байдаг. Жишээ нь, улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага гэвэл төрийн байгууллага, засгийн газар гэх мэт болно. Ийм болохоор байгууллага, албан тушаалын нэр хүнд гэж бас байдаг. Жишээ нь, сайн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр нэр хүндтэй байхад муу юм хийдэг нь нэр хүнд муутай байна. Нэг ухаантай хүний хэлснээр, орчин үеийн цэргийн жанжны нэр хүнд дээр үеийн овгийн ахлагчийн нэр хүндээс асар их байх боловч цэргийн жанжны нэр хүнд нь гол нь албан тушаалын нэр хүнд, харин овгийн ахлагчийн нэр хүнд нь түүний өөрийн нь нэр хүнд байх жишээтэй. Тэгвэл эрх мэдэлтний нэр хүнд гэвэл нэгд албан тушаалын, хоёрт өөрийн нь хувийн нэр хүнд байдаг байна. Энэ хоёр нэр хүнд, ялангуяа хувийн нэр хүнд эрх мэдэл хэрэгжихэд тун чухал юм.

Эрх мэдэлтний нэр хүнд бол эрх мэдэл ямар нэгэн албадлага, шаардлага, хэл амгүй, өөрөөр хэлбэл, бараг өөрөө аяндаа хэрэгжих хэлбэр юм. Нэр хүнд муутай захирагчид захирагдаж байгаа хүн захирагчийн өгсөн үүргийг би биелүүлэх үүрэгтэй гэсэн утгаар биелүүлдэг байхад нэр хүндтэй хүний үүргийг биелүүлэхдээ нэр хүндэд нь биширч итгэл алдчихгүй юмсан, гомдоочихгүй юмсан гэсэн үнэн сэтгэлийн үүднээс хандаж хичээнгүйлэн биелүүлдэг байна. Ер нь нэр хүндгүйгээр эрх мэдэл бат бэх, үр ашигтай байж чадахгүй.

Энэ бүхнээс дүгнэхэд аливаа эрх мэдэл, түүний дотор улс төрийн эрх мэдэл дадал заншил, уламжлал, итгэл үнэмшил, сонирхол, нэр хүнд дээр нэгэн зэрэг үндэслэгдэж байвал сая жинхэнэ ёсоор хэрэгжих болно.

Энэ эрх мэдэл гэдэгтэй холбогдуулж хэлэхэд сурагч хүн бараг цөмөөрөө дүүгийн ах, эгч байгаа болохоор “Ах нь сургаж дүү нь сонсдог” ёсны дагуу дүү нарын хувьд эрх мэдэлтэн буюу захирагч. Яваандаа сурагч нэг бүр аав, ээж болж үр хүүхдээ захирагч болно. Хоёр сурагч тутмын нэг нь өрхийн тэргүүн болно. “Цэргийн өвөрт генералын мөрдөс байдаг” гэдэг утгаар сурагч хүн ямар нэгэн хэмжээний дарга, УИХ-ын гишүүн, ерөнхий сайд, ерөнхийлөгч болно. Иймийн учир одооноос захирах, захирагдах, удирдах, удирдуулах арга ухаанд суралцах ёстой болж байна. Одоо дүүдээ, бага балчир юм уу, чадал муутай хүүхдэд зүй бусаар харилцаж, дээрэлхэж байгаа сурагч яваандаа аав, ээж, өрхийн тэргүүн, ямар нэгэн хэмжээний дарга болсон үедээ захиргаандаа байгаа хүүхэд, гэр бүлийн гишүүд, удирдлагандаа байгаа хүмүүст дээрэнгүй, хүч хэрэглэх аргыг урьдал болгон хэрэглэдэг хүн болох магадлал ихтэй гэдгийг санаж  хүнтэй эвсэг, нөхөрсөг, “түлхүүр тааруулж” харилцаж сурахыг эрхэмлэх ёстой юмаа. Ер нь адгуусны доторх харилцаа хүчний харьцаа дээр тогтож байдаг бол хүмүүсийн хоорондын харилцаа нь хүний буюу нийгмийн ёс, тухайлбал, захирах, захирагдах ёсон дээр тогтож байдаг билээ.

    Нэр хүнд нь нэгд албан тушаалын буюу байр суурийн, хоёрт хувийн гэсэн хоёр янз байдаг болохоор эхнийх нь албан тушаал, орчин өөрчлөгдөхөд алга болдог байна. Жишээ нь, аав, ээжийн нэр хүнд гэр орны дотор байгаад өөр орчинд байхгүй болох шинжтэй. Тэгэхэд хувийн нэр хүнд нь тэр хүний хувийн чанартай холбоотой учир хаана ч, ямар ч орчинд байх нэр хүнд юм. Иймийн учир сурагч хүн хувийн хүн чанараа цаг ямагт хянан үзэж сайжруулаад байвал нэр хүнд өөрөө аяндаа хүрээд ирнэ.

Тайлбар: 1 Эрх баригч, захирагч, эрх  мэдэлтэн гэх мэтийн ойлголтууд энд ижил утгаар хэрэглэгдэж  байгаа болно.

5. Төрийн тухай


Айлыг удирдан зохион байгуулж авч явагч нь өрхийн тэргүүн байдаг бол улсыг удирдан зохион байгуулж авч явагч нь төр засаг юм. Одоо энэ улсын “өрхийн тэргүүн” болсон төрийн тухай авч үзье.

Төрийн тухай ойлголт. Өрхийн тэргүүнгүй,  захиргаагүй айл байдаггүйн нэгэн адил хүний нийгэм байсан цагт засаг захиргаа заавал байна. Нийгмийг захирч байгаа энэ захиргааг олон нийтийн засаглал, улс төрийн засаглал гэж хоёр хуваана. Нийгмийн улс төрийн засаглал нь нийгмийн улс төрийн тогтолцоогоор дамжин хэрэгжинэ. Нийгмийн улс төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх хүчин, тэдгээрийн үйл ажиллагаа, харилцан нөлөөллийн цогцыг нийгмийн улс төрийн тогтолцоо гэнэ.

Төр бол нийгмийн улс төрийн тогтолцоог бий болгогч, түүний цөм болсон гол байгууллага юм. Төр гэдэг бол тодорхой газар нутгийн хуваариар1 улс болж нэгдсэн хүмүүсийн нийгмийн амьдралыг бүхэлд нь зохицуулж, удирдан зохион байгуулдаг улс төрийн байгууллага юм. Төр үргэлж байгаагүй. Жишээ нь, хүй нэгдлийн нийгмийн үед төр байгаагүй.Төр улс үүсэхийн хамтад улсын захиргаа болж үүссэн байна.

Төрийн үүсэл. Захирагчгүй арми, ахмадгүй хөлөг онгоц, толгойлогчгүй дээрэмчид байдаггүйн нэгэн адил ахлагчгүй овог, төргүй нийгэм гэж байхгүй. Захиргаагүй хүн, захиргаагүй нийгэм гэж байхгүй.

Хүн үүсэх явцад хүний, тэгэхлээр нийгмийн захиргаа үүссэн. Ингэхлээр засаг захиргаа хүний нийгэм үүсэхийн хамтад үүсэж  нийгмийн хөгжлийн дагуу хөгжиж иржээ. Засаг захиргаагүйгээр нийгэм оршин тогтнож, хөгжиж чадахгүй. Овгийн байгууллын үед нийгмийн захиргаа нь овгийн захиргаа байсан. Өөрөөр хэлбэл, овгийг овгийн ахлагч захирч байжээ.

Улс үүсэхийн хамтад улсын захиргаа болсон төр үүссэн байна. Төр бол нийгмийн хөгжлийн тодорхой шатанд, нийгмийн хөгжлийн шаардлагаар үүсэж бий болсон. Төр үүсэхэд хүргэсэн ийм шаардлага гэвэл:

1. Хүмүүс тодорхой хэмжээний нэг газар нутагт нэг улс болж оршин суух болж, нутгаа бусдаас зааглах, хамгаалах шаардлага гарсан. 2. Хөдөлмөрийн хуваарь2 нарийсан хөгжсөн үед хүмүүсийн хөдөлмөрийг нийгмийн (улсын) хэмжээгээр удирдан зохион байгуулах шаардлагатай болсон. 3. Хүмүүс өөр өөр, зарим талаараа эсрэг тэсрэг эрх ашигтай бүлэг, анги болж хуваагдаж эрх ашиг нь зөрчилдөх болсон нөхцөлд тэдний хоорондын харилцааг зохицуулах, нийгмийн тогтвортой байдлыг хангах шаардлага нэн чухал болсон зэрэг болно. Ийм нөхцөл бүрэлдсэн үед улсын хэмжээгээр нийгмийн бүх амьдралыг удирдан зохион байгуулах, зохицуулах бүрэн эрх, хүч бүхий байгууллага хэрэгтэй болсон байна. Ийм байгууллага нь төр юм.

Энэ төр засгийн шийдвэр хүн бүхний сэтгэл санаанд нийцэхгүй байж болох учир түүнийг эсэргүүцэх, үл биелүүлэх хүн гарах учир хүч хэрэглэх шаардлага ч гарна.

Айл бүхэн өөрийн дэглэм журамтай, ёс заншилтай байдаг. Эдгээрийг тэр айлын хүн бүхэн дагаж мөрдөж байхгүй бол айл нь айл биш болно. Үүний нэгэн адил нийгэм буюу улс бүхэн өөрийн дэглэм, журамтай, энэ дэглэм, журмыг тухайн улсын иргэн нэг бүр дагаж биелүүлж байх ёстой. Гэтэл энэ дэглэм, журмыг биелүүлдэггүй, зөрчдөг иргэн нийгэмд бас байдаг. Ийм болохоор тэр дэглэм, журмыг сахиулах хууль, журам, шийдвэр, тогтоолыг төрийн байгууллагууд гаргана, тэдгээрийг биелүүлгэх төрийн албадлага, тэр албадлагыг хэрэгжүлэх төрийн байгууллага байдаг. Айл гэрт айлын дэглэм, журмыг зөрчихгүй сахиад, өөрийн үүргээ биелүүлээд, эрхээ эдлээд явж байгаа хүнд, ялангуяа хүүхдэд гэрийнхэн хайр, халамж тавиад, сайшааж магтаад байдаг. Харин зөрчсөн хүнд зэмлэл, шийтгэл ирдэг. Анги дотор бол сайн сурагчийг багш, ангийн хамт олон, сургуулийн зүгээс сайшааж, хайрлаж халамжилж байхад дэггүй, хэл ам гаргаад байдаг сурагчид зэмлэл, буруушаал, шийтгэл ирж байдаг. Үүний нэгэн адил нийгэм буюу улсад мөрөөрөө явж байгаа иргэнд, иргэний үүргээ үүрсний дагуу эрхээ эдлээд явж байгаа хүнд нийгмийн зүгээс сайшаал, талархал, шагнал, урамшуулал ирж байдаг. Тэгэхэд нийгмийн, тэгэхлээр төрийн тогтоосон дэглэм, журам, хууль, ёсыг зөрчсөн хүнд нийгмийн зүгээс, төрийн зүгээс  зэмлэл, ял, шийтгэл зүй ёсоор ирнэ. Зэмлэл, ял, шийтгэл нь хийсэн хэргийн хэмжээнд тохирсон байдаг. Бага зэргийн хэрэгт буруушаах, торгох мэтийн шийтгэл ирдэг бол том хэрэгт хорих, бүр том хэрэгт цаазлах хүртэл шийтгэл байдаг нь төрийн ёс, нийгмийн ёс, хүний ёс юм. Бүр хүүхэд байх үеэсээ төлөв томоотой, дэг журамтай, сахилга баттай болж төлөвшсөн, хүнээр хэлүүлэхгүй үүргээ үүрээд, эрхээ эдлээд  явж сурсан хүүхэд, хүнд төрийн хууль, төрийн шийтгэл гэж юм байдаг эсэх нь мэдэгдэхгүй, гагцхүү зөрчил гаргасан үед төрийн хууль, төрийн цээрлүүлэл гэдэг юм байдаг нь сая харагдана. Ийм болохоор гэрийн дэглэм, ёс, сургуулийн дэглэм, ёс, журам, олон нийтийн ёс, журам, улмаар нийгмийн буюу төрийн ёс, журмыг сайн санаанаасаа сахиж заншсан хүүхэд сайн хүн болно, аливаа зэмлэл, шийтгэлд өртөхгүй, харин урамшуулал, шагнал хүртэж хүн шиг сайхан амьдрах болно.

Төрийн шинж. Төргүй үеийн нийгмийн засаглалаас төрийн засаглал үндсэн ялгаатай. Ийм ялгаа гэвэл: 1) Төр хүн амыг газар нутгийн хуваариар3 захирна. 2) Төрийн байгууллага, төрийн албан хаагчидтай байна. 3) Төрийн байгууллагын зардал болгож хүн амаас албан татвар татаж байдаг. 4) Нийгмийн бүх амьдралыг хууль ёс, албадлагын хүчээр удирдан зохион байгуулна. Төр нь биеэ даасан шинжтэй, онцгой эрхтэй байгууллага юм. Эдгээрийг төрийн шинж гэнэ.

Төрийн үүрэг. Төр дотоод, гадаад гэсэн хоёр үндсэн үүрэг гүйцэтгэнэ. Төрийн улс орныхоо дотоодод гүйцэтгэж байгаа үүргийг төрийн дотоод үүрэг гэнэ. Төрийн ийм үүрэг гэвэл: юуны өмнө улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, нийтээр дагаж мөрдөх шийдвэр гаргах, тэр шийдвэрээ хэрэгжүүлэх, бүлгүүдийн сонирхлыг зохицуулах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, хүн амын аюулгүй аж төрөх боломжийг хангах, нийгмийн дэг журмыг хангах, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүжлийн ажил зэргийн үйл ажиллагаа юм.

Төрийн гадаад үүрэг гэвэл: гадаадад улсын болон иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, улс орноо гадаадад төлөөлөх4, төрийн бодлогыг илэрхийлэх, гэрээ, хэлэлцээр хийх, гадаад холбоо, харилцааг бий болгох зэрэг болно. Төрийн эдгээр үүрэг нь төрийн байгууллагуудын хүчээр хэрэгжинэ.

Тайлбар: 1 Газар нутгийн хуваарь гэдэг нь улс бүхэн өөрийн газар нутагтай, тэр нутгаа бусад улсаас заагласан хил хязгаартай байдгийг хэлнэ. 2 Хөдөлмөрийн хуваарь гэдэг нь хүн бүхэн бүх ажлыг хийхээ байгаад тодорхой нэг ажлыг түүнд мэргэжсэн нэг хүн хийдэг болсныг хэлнэ. Түрүүн дурдсан хөдөлмөрийн хуваарь нь нийгмийн хөдөлмөрийн хуваарь байсан. 3 Газар нутгийн хуваариар захирах гэдэг нь төр буюу улс бүхэн өөрийн гэсэн тодорхой газар нутагтай байх бөгөөд төр нь тусгай нэг улсын төр байна. Тэр төр өөрийн улсын газар нутагт буюу улсын хилийн дотор бүрэн эрхтэй эзэн байж хүн ардаа захирна гэсэн утгатай болно. 4 Улс орноо гадаадад төлөөлөх гэдэг бол жишээ нь, ерөнхий сайд гадаад улсад засгийн газрын тэргүүний хувьд явж байвал Монгол Улсын төлөөний хүн болж  улсын нэрийн өмнөөс яриа, хэлэлцээр хийхийг хэлж байгаа юм.

6. Төрийн засаг


Төрийн байгууллага. Төр нийгэмд гүйцэтгэх үүргээ төрийн байгууллага, төрийн хуулиуд өөрөөр хэлбэл, төрийн захиргааны хүчээр гүйцэтгэнэ. Энэ төрийн захиргааг бас төрийн засаг гэж хэлнэ. Төрийн засгийг дотор нь гурав хуваадаг үүнд: хууль тогтоох засаг, гүйцэтгэх засаг, шүүх засаг.

Төрийн хууль тогтоох засаг. Орчин үеийн төрд нийгмийн бүх харилцааг хуульчилсан, нийгмийн дотор бүх юм хуулийн хүрээнд явах ёстой. Ийм болохоор төрийн эрх барих дээд байгууллага нь хууль тогтоох байгууллага байдаг. Төрийн хууль тогтоох байгууллага нь парламент (франц хэлний parler-ярих гэсэн утгатай үгнээс үүссэн), манай улсад бол Улсын Их Хурал. Хууль тогтоох байгууллага  нь төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлох, улсын төсвийг батлах, хууль хэлэлцэж батлах, хуулийн хэрэгжилтийг хянах, төрийн бусад байгууллагыг бүрэлдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих зэргийн үүрэг гүйцэтгэнэ.

Төрийн гүйцэтгэх засаг. Төрийн хууль тогтоох байгууллагын гаргасан хууль, шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэх байгууллагыг төрийн гүйцэтгэх засаг гэнэ.Төрийн гүйцэтгэн захирах дээд байгууллага нь засгийн газар юм. Засгийн газар нь төрийн үйл ажиллагааг жинхэнэ гардан явуулдаг байгууллага байдаг. Засгийн газар төрийн хууль тогтоох дээд байгууллагын гаргасан хуулийг хэрэгжүүлэхийн хамтад өөрөө хууль санаачлах, хуулийн чанартай баримт бичиг гаргах замаар ажиллана. Засгийн газар нь аж ахуй, нийгэм, соёлын бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

 Төрийн шүүх засаг. Төр нь нийгмийг бүхэлд нь зохицуулан зохион байгуулах, нийгмийн хэвийн ажиллагааг хангах, нийгмийн дэглэм журмыг сахиулах үүрэгтэй байгууллагынхаа хувьд өөрийн гаргасан хуулиа сахиулах, түүнийг зөрчүүлэхгүй байх ёстой. Төрийн энэ үүргийг шүүхийн байгууллага хангана. Энэ төрийн шүүхийн байгууллагыг шүүх засаг гэнэ. Шүүх засаг нь төрийн байгуулал, хууль, хэв журам, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй байгуулага юм. Шүүх нь төрийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу шийтгэл ноогдуулна. Шүүх нь төрийн хуулийг дагаж мөрдөөгүй, зөрчсөн бүх этгээдэд төрийн нэрийн өмнөөс торгохоос эхлээд албадан саатуулах, хорих, цаазлах хүртэл шийтгэл ноогдуулах бүрэн эрхтэй.

Шүүх нь хуулиар тогтоосон хэм хэмжээний дагуу ажиллана, хэнээс ч хамаарахгүй, биеэ даан хэнээс ч хараат бус ажиллана. Шүүх нь зөвхөн хуульд захирагдана.

7. Төрийн  хэлбэр


 Төрийн хэлбэр. Төрийг төрийн зохион байгуулалтаар нь, өөрөөр хэлбэл, нэгд, төрийн засгийн эрх барих дээд байгууллагуудыг зохион байгуулж байгаа арга, хоёрт, төрийн байгууллагуудын харилцааны зарчим, гуравт, төрийн байгууллагуудыг байгуулахад иргэдийн оролцооны байдлаар1 нь бүгд найрамдах төр, хаант төр гэсэн хоёр хэлбэрт хуваана.

Бүгд найрамдах төр. Сонгуулиар байгуулагдаж байгаа төрийг бүгд найрамдах төр гэнэ. Манай төр бол бүгд найрамдах төр юм. Бүгд найрамдах төр  нь ерөнхийлөгчийн, парламентын гэсэн хоёр хэлбэртэй байна.

Ерөнхийлөгчийн бүгд найрамдах төрийн хэлбэрийн үед төрийн тэргүүн нь ерөнхийлөгч байдаг. Ерөнхийлөгч төрийн тэргүүн болохын хамтад засгийн газрыг толгойлно. Ингэхлээр, ерөнхийлөгчийн бүгд найрамдах төртэй улсад ерөнхий сайд гэж байхгүй. Ерөнхийлөгчийг сонгуулиар сонгох учир засгийн газрыг парламент байгуулахгүй, харин ерөнхийлөгч өөрөө байгуулна. Ерөнхийлөгчийн захиргаатай улс гэвэл: АНУ, ОХУ, Латин Америкийн бараг бүх улс.

Ерөнхийлөгчтэй бүгд найрамдах төрөөс гадна холимог маягийн захиргаатай улс бас байдаг. Ийм захиргааг хагас ерөнхийлөгчийн хэлбэр гэж нэрлэдэг. Одоо манай улсын төр нь ийм байдлын төр юм. Захиргааны ийм хэлбэрийн үед ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар сонгоно. Засгийн газрыг ерөнхийлөгч тэргүүлэхгүй, ерөнхий сайд тэргүүлнэ. Ерөнхий сайд, засгийн газрын бусад бүх сайдыг парламент томилно. Ийм захиргаатай улс гэвэл: Франц, Исланд, Португаль, Австри зэрэг Баруун Европын улсууд болно.

Парламентын бүгд найрамдах төрийн үед төрийн эрх барих дээд байгууллага нь парламент байна. Парламентыг бүх нийтийн сонгуулиар сонгож байгуулна. Парламент нь засгийн газрыг байгуулж, засгийн газрыг ерөнхий сайд тэргүүлнэ. Одоо манай улсын төр нь ийм байдлын төр юм. Ийм захиргаатай улс гэвэл: ХБНГУ, Австри, Энэтхэг, Унгар, Швейцари зэрэг болно.

Хаант төр. Төрийн засгийн  дээд эрхийг угсаа залгамжлан суудаг хаан барьдаг хэлбэрийг хаант төр гэнэ. Манай улс 1924 оноос өмнө хаант төртэй байсан.

 Хаант төр нь хэмжээгүй эрхт, үндсэн хуульт гэж хоёр янз байна. Хэмжээгүй эрхт хаант төрийн үед ямар нэгэн сонгуулийн байгууллага байхгүй, төрийн бүх эрх хааны мэдэлд байна. Ард түмэн ямар нэгэн улс төрийн эрхгүй байна. Одоо ийм хэмжээгүй хаант засагтай улс гэвэл: Саудын Араб, Катар, Оман болно.

Үндсэн хуульт хаант төрийн үед төрийн засгийн эрх хаан, парламент хоёрт хуваагдсан шинжтэй, парламент нь үндсэн хууль ёсоор  хууль тогтоох бүрэн эрхтэй. Харин хааны эрх мэдлийг үндсэн хуулиар хязгаарласан, хаан нь хууль тогтоох парламентын үйл ажиллагаанд оролцохгүй, бас засгийн газар байгуулахад ч оролцохгүй, билигдлийн төдий үүрэгтэй байдаг, өөрөөр хэлбэл, хаан ёс төдий зүйл байдаг. Үндсэн хуульт хаант төртэй улс гэвэл Англи, Япон гэх мэт.

Ингэхлээр, төрийг өрхийн тэргүүнтэй зүйрлэж үзвэл: өрхийн хүн ам нь цөмөөрөө ажилсаг, өөр өөрсдийн үүргээ хэнээр ч хэлүүлэхгүй биелүүлээд байдаг, гэрийн дэглэм журам, ёс заншлыг эрхэмлэн сахидаг, их эвсэг найрсаг, бие биеэ зүй ёсоор хайрлан хүндэтгэдэг айлын өрхийн тэргүүн нь бусдыгаа захиргаадаад, загнаад байдаггүй, өрхийн асуудлыг өрхийн ам бүлийн хүмүүстэйгээ зөвлөөд шийдээд байдаг  ийм, айл шиг сайхан айл байдаг. Ийм  айлын өрхийн тэргүүн шиг төрийг ардчилсан төр гэдэг юм байна. Тэгэхэд өрхийн ам бүлийн хүмүүсээ учир зүггүй атгасан, загнасан, захиргаадсан, бусдын бодол санааг харгалзаж үздэггүй өөрийн дураараа аашилдаг өрхийн тэргүүн шиг төр нь хаант төр юм байна.

Тайлбар: 1 төрийн засгийн эрх барих дээд байгууллагуудыг зохион байгуулж байгаа арга гэдэг нь тэдгээрийг сонгуулиар байгуулж байна уу, эсвэл угсаа залгамжлуулан байгуулж байна уу гэдгийг, төрийн байгууллагуудын харилцааны зарчим гэдэг нь төрийн дээд, доод байгууллагууд өөр хоорондоо ямар байдлаар харилцаж байгааг, төрийн байгууллагуудыг байгуулахад иргэдийн оролцооны байдал гэдэг нь төрийн байгууллагуудыг байгуулахад иргэд оролцож байгаа эсэх, оролцож байгаа бол ямар хэмжээгээр оролцож байгааг тус тус хэлж байгаа юм.

8. Монгол Улсын төрийн тухай


Монгол Улс бол парламентын засаглалтай улс юм. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын Их Хурал, ерөнхийлөгч, засгийн газар болно.

Монгол Улсын Их Хурал бол манай төрийн хууль тогтоох дээд байгууллага, Монгол Улсын парламент нь юм. Улсын Их Хурлыг нийт ард түмний шууд сонгуулиар дөрвөн жилийн хугацаатай сонгож байгуулна. Улсын Их Хурал нь 76 гишүүнтэй байна. Улсын Их Хурал хууль тогтоох, ерөнхийлөгчийг сонгож батлах, огцруулах, засгийн газар байгуулах, татан буулгах, төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлох, онц болон дайны байдал тогтоох, дайн зарлах мэтийн асуудал шийднэ.

Ерөнхийлөгч бол Монгол Улсын төрийн тэргүүн юм. Ерөнхийлөгчийг нийт ард түмний шууд сонгууль, Улсын Их Хурал хоёроос дөрвөн жилийн хугацаагаар сонгож батална. Ерөнхийлөгч нь ерөнхий сайдыг томилох, засгийн газрыг байгуулах, бас огцруулах саналыг Улсын Их Хуралд олонх болсон намтай зөвшилцөн Улсын Их Хуралд оруулах, Улсын Их Хурлын баталсан хууль болон шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих, гадаад харилцаанд улсаа төлөөлөх, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, зэвсэгт хүчний ерөнхий командлагч зэрэг үүрэг гүйцэтгэнэ.

Засгийн газар бол манай төрийн гүйцэтгэн захирах дээд байгууллага юм. Засгийн газрыг Улсын Их Хурлаас дөрвөн жилийн хугацаатай томилон байгуулна. Засгийн газар нь ерөнхий сайд, яамдын сайд нараас бүрэлдэнэ. Засгийн газрыг ерөнхий сайд толгойлно. Засгийн газар нь Улсын Их Хурлаас баталсан хуулийг хэрэгжүүлэх, хуулийн төсөл боловсруулах, аж ахуй, нийгэм, соёлын ажил, төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх зэрэг үүрэг гүйцэтгэнэ.

Шүүх засаглалыг хэрэгжүүлэх байгууллага нь шүүх, прокурорын байгууллага юм. Шүүх нь хуулийг сахиулах, тайлбарлах, эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг шүүн таслах үүрэг гүйцэтгэнэ. Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавина.

9. Улс төрийн нам


Айлд намын гишүүн байдаг шиг улсад нам гэж байдаг юм.

Намын тухай ойлголт. Нам гэдэг  үг латин хэлний part (хэсэг, бүлэг ) гэсэн утгатай үгнээс үүссэн, хэсэг хүний байгууллага гэсэн утгатай. Нам бол нийгмийн улс төрийн тогтолцооны нэг чухал байгууллага нь юм. Ийм учир нийгмийн улс төрийн тогтолцоонд улс төрийн нам чухал үүрэг гүйцэтгэж байна. Нам гэдэг бол нийгмийн улс төрийн амьдралд оролцож, засгийн эрх авах зорилготой хүмүүсийн улс төрийн байгууллага юм. Улс төрийн засгийн  эрхийг авах, засгийн үйл ажиллагаанд оролцох зорилго бол улс төрийн намын бусад байгууллага, хөдөлгөөн, клубүүдээс ялгарах гол ялгаа мөн. Нам өөрийн үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, зарчим, дүрэм, мөрийн хөтөлбөр, санхүү, материаллаг баазтай байна.

Нам нийгмийн ямар нэгэн бүлэг, хүчний эрх ашгийг илэрхийлж байгуулагддаг байна. Ийм болохоор нам эрх ашгийг нь илэрхийлж байгаа бүлэг, хүчнээ улс төрийн тогтолцоонд төлөөлөх үүрэгтэй. Нам өөрийн бүлэг, хүчний эрх ашиг, сонирхлыг хамгаалаад зогсохгүй, янз бүрийн сонирхлыг өөр хооронд нь зохицуулж  төрийн бодлого болгож хэрэгжүүлэх улс төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Нам улсын хэмжээний шийдвэр гаргах процессыг зохицуулах, хянах үүрэгтэй байгууллага юм. Ингэж нам нь олон түмэн төр хоёрыг холбосон  байгууллага болдог.

Намын нийгэмд гүйцэтгэх үүрэг. Нам бол нэг талаас нийгмийн улс төрийн тогтолцооны нэг чухал байгууллага юм. Нөгөө талаас нийгмийн тодорхой бүлэг, хүчний эрх ашиг, сонирхлыг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэгч байууллага. Нам эдгээр  үүргээ биелүүлэхийн тулд:

     1. Нам өөрийн бодлого, үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулж өөрийн зорилго, бодлогоос гадна эрх ашиг, сонирхлыг  нь илэрхийлж байгаа бүлэг, хүчнийхээ үндсэн эрх ашиг, сонирхол, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхой зааж өгнө.

 2. Улс төрийн бодлого боловсруулах, өөрийнхөө болон өөрийн бүлэг, хүчнийхээ эрх ашиг, зорилгыг төр, засгийн байгууллагад илэрхийлэх, хэрэгжүүлэхийг шаардана. Нөгөө талаар төр, засгийн бодлого, шийдвэр, авч явуулж байгаа арга хэмжээг олон түмэнд тайлбарлан таниулах  ажил хийнэ. Ингэснээр нам нь нэг талаас төр, засаг, нөгөө талаас олон түмэн хоёрыг холбогч үүрэг гүйцэтгэнэ.

3. Нам өөрийн болон төр засгийн, бас бусад намын зорилго, бодлого, шийдвэр, үйл ажиллагааг олон түмэнд тайлбарлан таниулах, сурталчлах ажил хийнэ. Энэ ажлаараа олон түмнийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулах үүрэг гүйцэтгэнэ.

 4. Намын нэг гол үүрэг бол нам, төр, засгийн ажил хийх чадвартай хүнийг олж сургах, боловсруулах замаар боловсон хүчин бэлтгэх, ажиллуулах явдал юм.

 5. Улс төрийн намын нэг онцлог шинж бол иргэдийг өөрийн талд татан авах, тэднийг улс төрийн талаар нийгэмшүүлэх ажил хийх явдал юм. Иргэдийн улс төрийн нийгэмшилд туслахын тулд улс төрийн номлол, бодлогоо сурталчлах, хүмүүсийг улс төрийн янз бүрийн үйл ажиллагаанд оролцуулах, иргэдэд улс төрийн мэдлэг олгох, улс төрийн амьдралд оролцох дадлага, чадвар олгох мэтийн төрөл бүрийн ажил хийнэ.

 6. Улс төрийн намын гол үүрэг бол улс төрийн засгийн төлөөний тэмцэл байдаг  болохоор  сонгуулийн үед улс төрийн намын үйл ажиллагаа эрс идэвхжинэ. Сонгуулийн үед олон түмний дэмжлэг авч бусад намаас илүү олон суудал авсан нам эрх баригч нам болно, цөөн суудал авсан нь сөрөг хүчин1 болж  ажиллана.

Намын хэв маяг. Улс төрийн нам янз бүрийн хэв маягтай байдаг. Улс төрийн намуудыг намын нийгмийн мөн чанар, үзэл санааны үндэс, нийгэмд гүйцэтгэх үүрэг, дотоод бүтцийн онцлог, ялангуяа үйл ажиллагааны арга барилаас хамааруулж тодорхой хэв маяг болгож ангилна. Юуны өмнө намуудыг зүүний чиглэлийн нам, барууны чиглэлийн нам гэж ангилна. Зүүний чиглэлийн намд коммунист, социалист, социал-демократ, социал- реформист нам орно. Барууны чиглэлийн намд либерал, консерватив, фашист нам орох жишээтэй.

Монголын намууд. Нам шинээр байгуулагдахдаа Дээд Шүүхэд бүртгүүлнэ. Дээд Шүүхэд бүртгүүлснээр нам байгуулагдсанд тооцогдож албан ёсны нам болдог хуультай. Монголд хуулийн бүртгэлтэй хорь гаруй нам бий. Жишээлбэл, Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардчилсан Нам, Бүгд Найрамдах Нам, Иргэний Зориг Нам, Эх орон- Монголын Ардчилсан Шинэ Социалист Нам, Монголын Ард Түмний Нам, Монголын Уламжлалын Нэгдсэн Нам, Монголын Ногоон Нам, Монголын Шинэ Социал-демократ Нам, Үндэсний Шинэ Нам гэх мэт.

300 сая хүн амтай АНУ эрх барих хоёр том намтай байхад 2.6 сая хүн амтай Монгол Улс хорь гаруй намтай байгаа нь өнгөцхөн харахад олон ургальч үзэл, бодлын илэрхийлэл, иргэдийн улс төрийн идэвхийн үр дүн мэтээр  харагдах боловч үнэн чанартаа манай хүмүүс  нэгд, хэт улс төрждөг болохыг, хоёрт, янз бүрийн бүлэглэл үүсэж төрийн эрх рүү тэмүүлдэг болсныг  харуулж байна. Монгол ардын хэллэгээр бол “ Жаран ямаа зуун ухнатай” байж болдоггүй юм гэсэн. Манай улс хэт олон “ухнатай”, гадаадынхны элэглэдгээр “Дарга нарын орон” болчихсон байна. Энэ “зуун ухна” “жаран ямаагаа булаацалдаад” өөр хоорондоо мөргөлдөөд “жаран ямаагаа” бүрэн хээлтүүлж чадахгүй байгаагаас болж Монгол Улс   жаран ишигтэй болж чадахгүй байгаа юм. Монгол Улсын хөгжил удаан байгаагийн нэг учир үүнд байгаа. Зарим нам, намын зарим эрх мэдэлтнүүд аман дээрээ “Монгол Улсын эрх ашгийн төлөө” гэж байгаа боловч цаанаа намын эрх ашиг, хувийн эрх ашгаа боддог нь нууц биш болжээ. Монгол Улсын хөгжлийн нэг саад тотгор үүнд л байгаа юм. “Монгол ардын сургаалаар бол “ Өөрийгөө засаад гэрээ засах, гэрээ засаад төрөө засах” ёстой. Өөрийгөө засна гэдэг нь өөрөө нийгмийн дотор биеэ аваад явж чадах чадалтай, хүн шиг хүн болно гэсэн үг. Жишээ нь, “Амны нь салиа арилаагүй байж “ архи ууж  байгаа залуус өөрийгөө засаагүйн, хүн шиг хүн болоогүйн тодоос тод шинж. Өөрийгөө авч явж чадахгүй байгаа “хүний оронцгууд” гэрээ авч явж чадахгүй. Гэрээ авч явж чадахгүй байгаа нь төрийг авч явж чадахгүй гэдэг нь орчин үеийн нийгмийн амьдралаас тодорхой харагдаж байгаа билээ. Гэтэл орчин үед зарим нэг нь өөрийгөө засаагүй байж гэр оронтой болох, гэрээ засаж чадахгүй байж төр рүү зүтгэх нь туйлын эмгэнэлтэй.

Бас төлөвшөөгүй олон намтай байна гэдэг нь намын тоогоор “хэрүүлтэй, намын тоогоор хагаралтай” байна гэсэн үг, “Хорин хүн эвгүй бол хоёр хүнээс дор” гэдгийн нэг жишээ. Монголын хөгжил удаан байгаагийн нэг шалтгаан үүнд л байгаа юмаа. Бас намын “хэрүүлийг” айлд авч ирээд айлд  хэрүүл хийгээд байх нь туйлын буруу. Ялангуяа сонгуулийн үед айлд намын “хэрүүл” орж ирээд айлыг салгачих шахдагаас харахад  төлөвшөөгүй, улс төржсөн, “ховч , бас тэгээд хэрүүлч авгай” мэтийн олон намын “хэрүүл” улсыг  “салгачихаж” магадгүй байна. Манай улс хүн ам цөөнтэй мөртөө олон намтай болчихсон болохоор айл хүртэл намтай болсон, жишээлбэл, өрхийн тэргүүн нь МАХН-ын гишүүн байхад эзэгтэй нь Ардчилсан Намын гишүүн, хүүхэд нь өөр нэг нэг намын гишүүн байж мэдэхээр.

Манай намууд улс төрийн талаар хат суугаагүй, бүрэн төлөвшөөгүй, ардчиллын мөн чанарыг яг таг ухаараагүйгээс болж алдаа эндэгдэл гаргаж байна. Жишээ нь, улс төрийн намын гол тэмцэл бол засгийн эрхийн төлөө тэмцэл гэсэн ойлголт хэт газар авснаас болоод намын эрх ашгийг ард түмний эрх ашгаас дээгүүр, хувийн эрх ашгийг намын эрх ашгаас дээгүүр тавих хандлага харагдаж байна.Нөгөө талаас нь намын гишүүн хүн өөрийн багийг бүрэлдүүлнэ гэсэн утгаар өөрийн намын хүнийг ажилд авдаг болсон. Үүний улмаас нэгд, ажилд орох, албан тушаал ахихын тулд намд орох, хоёрт, өөр намын хүнээс чадвар муутай хүн ажилд орох, албан тушаал ахих явдал гарсаар байна. Ийм нөхцөлд нийгмийн аливаа үзэгдэлд оролцохдоо, үнэлж дүгнэхдээ, маргалдаж байгаа намуудын аль нь зөв, аль нь буруу болохыг олж харахдаа, намын нэрийн өмнөөс юм хэлж байгаа хүний үг чухамдаа хэний эрх ашигт нийцэж байгааг ойлгохдоо намын үүднээс биш, харин үнэн мөний үүднээс хандах сурах нь шударга хүний эрхэм чанар болно гэдгийг анхаарч юманд зөв, шударга хандах сурах ёстой.

Тайлбар:1 Сөрөг  хүчин  гэдэг нь  Улсын Их Хуралд цөөн  суудал  авсан  намын  Улсын Их Хурал дахь намын бүлэг юм .                                                                 

10. Сонирхлын бүлэг


Бүлгийн тухай оойлголт. Ер нь аливаа амьтан хамт олноороо буюу сүргээрээ амьдрах нь аюул багатай байдгаас гадна ганц нэгээрээ хийж чадахгүй юмаа хамтын хүчээр амархан хийх боолцоотой болдог. “Ганц хүн хүн болдоггүй”. Бас “Дээсний хүч эрчиндээ байдгийн” нэгэн адил “хүний хүч дэм дэмэндээ байдаг”. Ингэж хүн “дэм дэмэндээ амьдрахын тулд”, бас ганц нэгээрээ хийх боломжгүй, эсвэл бэрхшээлтэй юмыг хийхийн тулд хамтарч нэг баг юм уу бүлэг болдог байна. Жишээ нь, барилгачдын бригад, мэс засалчдын баг, спортын баг гэх мэт. Энэ амьдралын болон ажлын шаардлагаас болж хүмүүс бүлэг байгуулдаг буюу бүлэгт ордог байна. Ийм байдлаар хүн нийгмийн дотор гав ганцаараа байдаггүй. Ямар нэгэн хамт олон, байгууллага, бүлэг дотор байх болдог. Жишээ нь, сурагч хүн гэр бүл, сургууль, анги мэтийн байгууллагад харъяалагдаж байдаг. Энэ  хүнийг хамтын амьдрал, үйл ажиллагаанд нэгтгэж байгаа байгууллага, хамт олон зэргийг бүлэг гэсэн нэг ойлголтоор ойлгох нь бий. Тэгвэл бүлэг гэдэг нь бие биетэйгээ байнгын харилцаа холбоонд орсон хэсэг хүмүүсийн холбоо юм. Бүлгийн гишүүд нь бие биеийнхээ өмнө хүлээх тодорхой хариуцлага, үүрэг, эдлэх эрхтэй байна.

Хүний харъяалагдаж байгаа бүлэг хүний амьдралыг чиглүүлж, тэдгээрийн захиргаа, ёс журам нь хүний амьдрал, зан үйл, үйл ажиллагаанд шууд нөлөөлж байдаг байна. Хүний харъяалагдаж байгаа бүлэг нь тэр хүний амьдрал, үйл ажиллагаанд чухал, чухал бус нөлөөтэй байна. Үүний улмаас бүлгийг анхдагч бүлэг, хоёрдогч бүлэг гэж хуваана. Хүнийг хувийн, ойр дотно харилцаанд оруулж амьдрал, үйл ажиллагаанд нь олон талаар нөлөөлж байгаа бүлгийг анхдагч бүлэг гэнэ.  Жишээ нь, гэр бүл, найз нөхөд бол анхдагч бүлэг юм. Хоёрдогч бүлэг бол гишүүд нь бие биетэйгээ үргэлж уулзаж, тааралдаж байдаг боловч хувийн ойр дотно харилцаатай бус хүмүүсийн бүлэг юм. Хоёрдогч бүлгийн хүмүүс өвөрмөц практик зорилгоор цуглардаг, хувь хүмүүс бие биетэйгээ ойр дотно харилцаанд ордоггүй. Жишээ нь, биеийн тамирын клуб, секц, авьяас, сонирхлын дугуйлан гэх мэт болно.

Сонирхлын бүлгийн тухай ойлголт. Айлын ам бүлийн хүмүүс цөм ижилхэн эрх ашиг, сонирхолтой байдаггүй. Жишээ нь, гэрийн эзэн нь бөх үзэх сонирхолтой байхад эзэгтэй нь гоо сайханд очих сонирхолтой, охид нь гоёх, хөвгүүд нь хөл бөмбөг тоглох сонирхолтой байж мэднэ. Ингээд охидын хэл ам нь нийлээд нэг хэсэг болж байхад хөвгүүдийн хөл сонирхол нь нийлээд нэг хэсэг болох жишээтэй. Энэ хэсгийг нийгэм буюу улсад аваачиж ойлговол сонирхлын бүлэг болно.

Нийгмийн улс төрийн тогтолцооны бүтцэд төр, улс төрийн намын дараа орох нэг чухал байгууллага нь сонирхлын бүлэг юм. Нийгмийг бүрэлдүүлж байгаа ард түмэн1 янз бүрийн бүлэг, давхраа, анги, үндэстэн, ястан зэрэг туйлын олон янзын бүтэцтэй байдаг. Энэ бүтэц нэг бүр өөр өөрийн эрх ашигтай байна. Энэ эрх ашгаас нь гарсан өөр өөрийн сонирхолтой байдаг. Энэ сонирхлоо хангахын тулд төрийн эрх барих байгууллагад  нөлөөлөх замаар өөр өөрсдийн эрх ашиг, сонирхолд тохирсон шийдвэр гаргуулахын тулд өөрийн байгууллага байгуулах хэрэгтэй болдог байна. Ийм байгууллагуудыг өрнөдөд сонирхлын бүлэг гэнэ. Тэгвэл сонирхлын бүлэг гэдэг нь нэг ижил эрх ашиг, сонирхолтой хүмүүсийн нэгдэж байгуулсан байгууллага юм. Манайд ингэж иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулсан олон түмний байгууллагыг олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага гэх мэтээр нэрлэдэг. Ингэхлээр, сонирхлын бүлэг гэдэгт үйлдвэрчний, эмэгтэйчүүдийн, залуучуудын, оюутны байгууллагууд, зохиолчдын, сэтгүүлчдийн, урчуудын байгууллагууд, хөдөлгөөн, түр хороо мэтийн байгууллага, хороо, холбоо, эвлэл орно.

Сонирхлын бүлгийн нийгэмд гүйцэтгэх үүрэг. Сонирхлын бүлэг нь төрийн бодлогод нөлөөлөх зорилготой байдаг.

1. Ингэж нөлөөлөх замаар өөрийн эрх ашиг, сонирхолд нийцсэн бодлого, шийдвэр гаргуулах нь сонирхлын бүлгийн гол үүрэг юм. Энэ гол үүргээс гадна

2. Төр, засгийн бодлогод нөлөөлснөөрөө төрийн бодлого, шийдвэр зөв гарахад, алдаатай шийдвэр гарсан бол түүнийг засахад нөлөөлнө. Энэ бол хяналтын үүрэг юм.

3. Олон түмнийг нийгмийн улс төрийн тогтолцоотой холбох үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, олон түмний бодол санааг төрийн байгууллагуудад хүргэх, төр, засгийн бодлого, шийдвэийг олон түмэнд хүргэнэ гэсэн үг.

4. Төрийн байгууллагуудын гүйцэтгэх зарим үүрийг гүйцэтгэснээрээ төрийн ажлыг хөнгөвчилж өгнө. Жишээ нь, үйлдвэрчний байгууллага хөдөлмөрчдийн эрх ашиг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хамгаалж байгаа нь энэ талаар төрийн хийх ажлыг хөнгөвчилж байгаа юм.

5. Олон түмнийг зохион байгуулалттай үйл ажиллагаанд сургах мэтийн үүрэг гүйцэтгэнэ. Зохион байгуулалттай үйл ажиллагаанд сургана гэдэг нь хөдөлмөрчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах байгууллага байгуулж ажиллах, цуглаан, жагсаал хийх мэтийн үйл ажиллагаанд сургаж байна гэсэн санаа юм.

Сонирхлын бүлгийн үйл ажиллагааны арга. Сонирхлын бүлэг үйл ажиллагаагаа янз бүрийн аргаар явуулна. Сонирхлын бүлгийн үйл ажиллагаагааны гол арга гэвэл:

1. Өөрийн эрх ашиг, сонирхлоо шаардлага, өргөх бичиг, хүсэлт мэтээр томъёолж эрх барих байгууллагад өгнө.

2. Сонирхлын бүлэг зорилгоо хэрэгжүүлэхийн тулд төр, засаг, улс төрийн зүтгэлтэн нарт зохион байгуулалттай дарамт, шахалт үзүүлнэ. Дарамт, шахалт үзүүлэх гол хэлбэр нь жагсаал, цуглаан хийх, ажил хаях,  өлсгөлөн зарлах  гэх мэт.

3. Сонгуульд идэвхтэй оролцож өөрийн эрх ашгаа илэрхийлэх, хэрэгжүүлэх ажил хийнэ.

4. Сонирхлын бүлгийн  төрийн байгууллага, улс төрийн намын бодлогод нөлөөлөх нэг арга нь лоббичлох2 арга байдаг.

Тайлбар: 1 Ард түмэн гэдэг бол тухайн улсын бүх хүн амыг багтаасан хамгийн өргөн ойлголт. Жишээ нь, Монголын ард түмэн гэвэл манай улсын бүх хүнийг хэлж байгаа ойлголт болно. Харин олон түмэн гэвэл бүх хүн биш, хүн амын тодорхой нэг хэсэг буюу олон хүн гэсэн утгатай. Гэтэл цөөхөн хүн буюу хэсэг хүний эрх ашгийг илэрхийлэгчид, жишээ нь, 100 хүний жагсаал хийгээд “Бид бүх ард түмний эрх ашгийг илэрхийлж байна, биднийг бүх ард түмэн дэмжиж байна” гэх мэтээр ард түмний нэрийг барих нь олонтоо гарч байна. 2 Лоббичлох гэдэг нь ямар нэгэн байгууллага, бүлэг, хувь хүн өөрийн эрх ашгаа хэрэгжүүлэхийн тулд эрх барих байгууллагад нөлөөлөхийг хэлнэ. (Лоббизм бол английн “lobby”-гадна өрөө, гудам гэсэн үгнээс үүсэлтэй. XYII зууны үеийн Английн парламентын хуралдааны танхимаас  гадна депутатууд сонирхлоо илэрхийлэх гэсэн хүмүүстэй уулзах хөлийн өрөө буюу гудамтай байснаас энэ үг үүссэн байна).

11. Иргэдийн  улс төрийн оролцоо


Дээр үеийн хаант төрийг бурхны төр, хааныг нь бурхны төлөөлөгч мэтээр үздэг байсан. Ингэж үзэж байсан учир төрийн хэрэгт иргэн хүний оролцохыг ёс бус зүйл хэмээдэг байжээ. Тэгээд “Төрийн төлөө оготно боож үхэх” гэсэн хэллэг гарчээ. Энэ хэллэг нь огт хэрэггүй юм хийхийг шоолсон хэллэг болсон. Тэгвэл өнөөгийн ардчилсан төр нь ард түмний төр болсон учир төрийн хэрэгт иргэн хүний оролцох оролцоог аль болохоор хөхүүлэн дэмжих болсон байна. Улс төрийн хэрэгт иргэд хэр зэрэг оролцож байгаа нь ардчилсан нийгмийн нэг гол үзүүлэлт байдаг.

Иргэдийн улс төрийн оролцооны  ойлголт. Олон түмэн улс төрийн хэрэгт бүлэг болон зохион байгуулагдаж бүлгээрээ дамжуулан оролцохын хамтад биеэ дааж ганц нэгээрээ оролцож бас болдог байна. Иргэдээс төрийн байгууллага, төрийн албан хаагчдын бодлого, шийдвэр, үйл ажиллагааг дэмжих, эсэргүүцэх болон тэдгээрт нөлөөлөхийн төлөө хийж байгаа аливаа оролдлогыг иргэдийн улс төрийн оролцоо гэнэ. Иргэн бүхний эрх ашиг, сонирхол өөр өөр байдаг болохоор төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа иргэн бүхний эрх ашиг, сонирхолд ижилхэн нийцээд байхгүй. Үүнээс болоод төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг зарим иргэн  дэмжиж байхад зарим нь  эсэргүүцэж байдаг. Иймд иргэдийн улс төрийн хэрэгт оролцох оролцоог нийцтэй оролцоо, нийцгүй оролцоо гэж хоёр хуваана.

Иргэдийн  улс төрийн нийцтэй оролцоо. Төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь өөрийн нь эрх ашиг, сонирхолд нийцэж байгаа иргэд тэдгээрийг дэмжих байдлаар төрийн хэрэгт оролцоно. Ингэж төрийн байгууллага, төрийн албан хаагчдын бодлого, шийдвэр, үйл ажиллагааг зөв зүйтэй гэж үзсэний үндсэн дээр дэмжсэн иргэдийн оролцоог нийцтэй оролцоо гэнэ. Энэ оролцоо нь улс төрийн бодлого, хуульд нийцэж байна гэсэн үг. Нийцтэй оролцоог  дэмжих оролцоо, нөлөөлөх оролцоо гэж ангилна. Иргэн хүн төрийн бодлого, үйл ажиллагааг сайшаан дэмжих, үр дүнгийг нь дээшлүүлэх зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаа нь дэмжих оролцоо болно. Харин төрийн бодлого, үйл ажиллагааг өөрчлөх, засвар оруулах шинжтэй бол түүнийг нөлөөлөх оролцоо гэнэ.

 Иргэдийн улс төрийн оролцооны нийцтэй хэлбэр олон янз байж болох боловч сонгуулийн оролцоо, нийт ард түмний санал асуулгад оролцох оролцоо, ганцаар оролцох оролцоо гэж хувааж болох юм.

1. Сонгуульд оролцоно гэдэг бол төрийн эрх барих  дээд  байгууллагыг сонгон байгуулахад, төрийн эрх барих хүнийг тодруулахад оролцож байгаа хэрэг юм. Энэ нь иргэн өөрөө төр барих хэрэгт оролцож байгаа явдал. Иймээс сонгуульд оролцох насны хүн  бүр сонгуулийн ажилд туйлын идэвхтэй оролцох нь нийгмийн хэрэгт идэвхтэй оролцох чадвартай иргэн болсны нэг илрэл, иргэний үүргээ биелүүлж чадаж байгаагийн нэг баталгаа юм.

2. Ардчилсан нийгэмд нийгмийн онц чухал асуудлыг  бүх ард түмний санал асуултаар шийдэх ёстой. Жишээ нь, манай улс шинэ үндсэн хуулиа нийт ард түмний санал асуулга явуулж боловсруулсан билээ.

3. Ардчилсан төрийн үед  иргэн хүн биеэ дааж төрийн хэрэгт оролцох эрхтэй, бүрэн бололцоотой байдаг. Ингэж ганц нэгээрээ төрийн хэрэгт оролцох оролцоо гэвэл: иргэн хүн төрийн байгууллагад хандан өргөдөл бичих, санал хүсэлт тавих, төрийн албан хаагчидтай хийх уулзалтад оролцох, төрийн албан хаагчтай ганцаарчлан уулзах зэрэг оролцоо болно. Ийм оролцооны үед иргэн хүн төрийн байгууллагад өөрийн хувийн хүсэлтээ тавьж болно, бас төрийн үйл ажиллагааг оновчтой явуулах мэдээллийг төрдөө өгдөг байна. Ийм болохоор төрөөс иргэдийн санал хүсэлтээ өгөх ажлыг зориуд зохион байгуулдаг, иргэдийн ирүүлсэн захидал, мэдээнд нарийн боловсруулалт хийж авах арга хэмжээг боловсруулдаг байна.

Иргэдийн улс төрийн нийцгүй оролцоо. Төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь өөрийн нь эрх ашиг, сонирхолд нийцээгүй  байгаа иргэд тэдгээрийг эсэргүүцэх байдлаар төрийн хэрэгт оролцоно. Ингэж төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг эсэргүүцэх  байдлаар төрийн хэрэгт оролцохыг нийцгүй оролцоо гэнэ. Иргэдийн улс төрийн нийцгүй оролцоо нь төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн янз бүрийн хэлбэрээр илэрнэ. Ийм оролцооны гол хэлбэр гэвэл: хууль бус жагсаал, цуглаан, ажил хаялтад оролцох, татвар төлөхөөс татгалзах, төрийн байгууллага руу дайрч эзлэх, замын хөдөлгөөнд саад хийх, засаг төрийг хараан зүхсэн, доромжилсон үг хэлэх, ханан дээр бичих, нийтийн хэрэгцээний эд зүйлийг эвдэх, цагдаа, төрийн албан хаагчдыг доромжлох, зодох, олон нийтийн газар бөмбөг дэлбэлэх, өөрийгөө шатаах, улс төрийн аллага үйлдэх зэргийн хэлбэрээр гардаг байна. Ингэж  улс төрийн тогтолцоог хууль ёсны бус үйл ажиллагаа явуулж эсэргүүцэх, хууль бусаар шууд хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явуулах нь улс төрийн гэмт хэрэг болно.

Улс төрийн оролцоо нь өөрөө сайн дураараа оролцох, шахалтаар оролцох хэлбэртэй  байдаг.

Иргэний улс төрийн оролцооны шинж байдал нь хувь хүний улс төрийн төлөвшлөөс  ихээхэн хамаарна.

Энэ сүүлийн хоёр өгүүлбэрээс харахад юмны учрыг сайн олдог хүн бусдын шахалтаар иргэний улс төрийн оролцоонд орохгүй, харин өөрөө сайн дураараа оролцох бол “Учры нь сайн олж” байж оролцох ёстой. Яагаад гэвэл: “Ард түмний эрх ашгийн төлөө”, “Ард түмний сайн сайхны төлөө” гэсэн үг, уриа тэр болгон зөв байдаггүй. Зарим нэгэн хүн ийм хуурамч дүрээр хувийн эрх ашиг, сонирхлоо биелүүлэхийн төлөө хөдөлгөөн, бүлэг, жагсаал мэтийн юм  зохион байгуулах нь  бий. Ийм хуурамч үйл ажиллагааны учрыг олохгүй оролцоод, дэмжээд байвал яваандаа өөрийн чинь эрх ашиг, сонирхол хохирч магадгүй, “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр унах” нь бий. Бас юмыг хууль, ёсны хүрээнд явуулах ёстой. Хууль, ёс зөрчөөд байж болохгүй. Юмны учрыг мэдэж байж дэмжих, юмыг хууль, ёсны хэмжээнд хийх нь чиний хэр зэрэг хүн болж байгааг, хэр зэрэг төлөвшиж байгааг ил тодоор харуулах болно.

    Нийцгүй оролцоонд оролцогчид өөрсдийгөө ард түмний төлөөлөгч мэтээр харуулах  гэж  биднийг ард түмэн дэмжиж байна гэж хашгирах дуртай байдаг. Энд ард түмэн олон түмэн гэсэн ойлголт ялгаатай.  Жишээ  нь, биднийг ард түмэн дэмжиж байна гэвэл монголын 2.6 сая хүн дэмжиж байна гэсэн утгатай болно. Харин биднийг олон түмэн дэмжиж байна  гэвэл нэлээд олон хүн дэмжиж байгаа юм байна гэсэн санаа болно. Ер нь, өөрийн талын 10 000 хүн цуглаад биднийг ард түмний ерэн хэдэн хувь нь дэмжиж байна гэж хэлэх, өөрийн болон өөрийн биш 10 000 хүн цуглуулаад тавин хэдэн хувь нь дэмжиж байна гэдгийн цаад утга нь адилхан. 10 000 хүн гэдэг нь ард түмэн биш. 10 000 хүн биднийг дэмжиж байна, энэ 10 000 хүн ард түмнийг төлөөлж байна гэвэл өөрийг нь яг 10 000 хүн дэмжиж байж ч мэднэ, арай илүү олон хүн дэмжиж байж ч мэднэ. Тун эвгүй  жишээ авбал монголд 10 000 хулгайч байдаг гэж бодвол тэр 10 000-ыг нэг цадиггүй хулгайч цуглуулж аваад бид ард түмэн, биднийг ард түмэн дэмжиж байна гэвэл ёстой далан худалчийн үлгэр болно. Харин  10 000 –аас  илүү хулгайч байдаг байтал тэднээс  10 000-ыг цуглуулж аваад биднийг олон хүн (олон хулгайч) дэмжиж байна гэвэл үнэний ортой болох жишээтэй.

     Бас нэг зүйл дурдахад социологийн судалгаа авч байгаа зарим байгууллага, зарим нэг хүн голдуу өөрийн талын хүмүүсээс судалгаа аваад өрөөлийг олон түмэн дэмжихгүй байгаа юм шиг харуулахыг оролддог байна. Бас судалгааны үр дүнгийг өөрт ашигтайгаар өөрчлөх, тайлбарлах явдал байдаг. Энэ мэтийн хуурамч юманд хуурагдахгүй, юмны жинхэнэ учир начрыг олж  дэмжих, эс дэмжихээ шийдэж байх учиртай. Дэмжих ёсгүй юмыг дэмжсэн байвал “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр буух” гэгч болж мэднэ, бусдын хөл, гар болсон хэрэгт орооцолдож магадгүй гэдгийг үргэлж санаж явах нь иргэн хүний улс төрийн талаар хэр зэрэг боловсорсныг харуулах нэг үзүүлэлт болно. Улс төрийн талаар бүрэн боловсроогүй, нийгэмшээгүй хүн “Саваагүй нохой саранд хуцна” гэгчээр хамаагүй “хусцах” нь бий. Хав нохой нохой хуцах болгонд юунд яагаад хуцаж байгааг мэдэхгүй, хуцах ёстой юм байна гэсэн утгаар хуцаад давхиад байдаг. Харин том нохой хуцах юманд хуцаад, хуцах ёсгүй юманд хуцаад байдаггүй.

12. Сонгуулийн тогтолцоо

Сонгуулийн тухай ойлголт. Ардчилсан нийгэмд ард түмэн засгийн эрхийг барьдаг. Орчин үед бүх ард түмэн нэг дор нэг цагт, нэг газар цуглаад төрийн хэргийг шийдээд, явуулаад байх боломж байхгүй.  Ийм болохоор ард түмэн төрийн эрх барих байгууллага, төрийн эрх барих хүнийг сонгуулиар сонгохоос өөр арга байхгүй. Тэр сонгогдсон байгууллага, хүн ард түмний нэрийн өмнөөс төрийн эрхийг барина. Ингэж ард түмнээс сонгогдсон төлөөний байгууллага, хүмүүс төрийн эрхийг барьж байгаа ардчилал бол төлөөлөгчдийн ардчилал юм. Ийм болохоор төлөөллийн буюу шууд бус ардчилал сонгуультай салшгүй холботой. Сонгууль бол ардчиллын гол шинж, түүний гол нөхцөл юм. Энэ төрийн дээд эрх барих байгууллага, хүнийг сонгон гаргаж ирж байгаа үйл ажиллагааг сонгууль гэнэ.

Манай улсад Улсын их хурал, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгуулиар байгуулдаг. Бас төрийн тэргүүн болсон ерөнхийлөгчийг сонгодог билээ. Сонгууль нь Улсын их хурлын, ерөнхийлөгчийн, орон нутгийн иргэдийн хурлын гэж ялгагдана. Энэ бүх сонгууль 4 жил тутамд болдог.

Сонгуулийн тогтолцоо гэдэг бол төлөөлөгчдийн байгууллага буюу тусгай нэг удирдагчийг (жишээ нь, ерөнхийлөгчийг) сонгох сонгуулийг зохион байгуулах, явуулах журам юм. Сонгуулийн тогтолцоо нь сонгуулийн хууль, сонгууль зохион байгуулж явуулах үйл ажиллагаа хоёроос тогтоно.

Сонгуулийн үндсэн зарчим бол бүх нийтийн, тэгш эрхийн, чөлөөтэй, шууд, нууцаар явуулдаг зарчим юм. Бүх нийтийн зарчим гэдэг нь сонгуулийн нас буюу 18 нас хүрсэн бүх иргэн ямар нэгэн ялгаварлалгүй сонгуульд оролцоно гэсэн үг. Нэг сонгогдогчийн төлөө санал өгөгчдийн тоо ижил байхыг тэгш ёсны зарчим гэнэ. Чөлөөтэй эрхийн зарчим гэдэг нь хүн сонгуульд оролцох, сонгох, сонгогдох эрхээ хэний ч шахалтгүй эдлэхийг хэлнэ. Манайд сонгуулийг ямар нэгэн шат дамжлагагүй шууд явуулдаг. Энэ бол  сонгуулийн шууд зарчим юм. Сонгуулийн саналыг нууцаар хураадаг болохоор сонгууль нь нууц зарчмаар явж байгаа нь тэр.

Сонгуулийн арга. Сонгуулийн үр дүнд  сонгуульд ялсан намуудын суудлыг парламентад  яаж хуваарилах асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг шийдэхийн тулд орчин үеийн улсууд сонгуулийг Мажоритар, Пропорциональ, Холимог гэсэн аргаар явуулж  байна. Мажоритар гэдэг нь сонгогчид намын төлөө биш, зөвхөн нэр дэвшсэн хүний төлөө санал өгч хамгийн олон санал авсан нэр дэвшигч сонгогдсонд тооцогдоно. Пропорциональ арга гэдэг нь намуудын төлөө санал өгөх арга юм. Энэ хоёр арга өөр өөрийн сул талтай учир энэ хоёрын сайн талуудыг авч холимог аргаар сонгууль явуулахыг Холимог арга гэнэ. Холимог аргын үед парламентын суудлын нэг хэсгийг Мажоритар аргаар, нөгөө хэсгийг нь Пропорциональ аргаар хуваарилна.

Сонгуулийн гол ач холбогдол. Сонгууль нь тогтмол, олныг хамарсан, өрсөлдөөнтэй, бүрэн төгс байвал ардчилсан засаг төрийг сая байгуулж чадна. Сонгуулиар зөвхөн нэр дэвшигчийг шилж сонгож байгаа юм биш, юуны өмнө бодлогыг нь шилж сонгож байгаа явдал юм.

1. Сонгуулийн үед сонгогч сонгогдогчтой уулзаж  ярилцах, зөвлөлдөх замаар сонгогдогч, түүний мөрийн хөтөлбөртэй танилцана. Бас сонгогдогчийг дэвшүүлж байгаа намын мөрийн хөтөлбөр, тэр намын үйл ажиллагаатай танилцана. Энэ хоёрын үр дүнд сонгуульд хэний төлөө санал өгөхөө шийднэ.

2. Төр, засгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаатай танилцаж энэ төр, засгийг өөрчлөх эс өөрчлөх талаар өөрийн гэсэн үзэл, санаатай болно.

3. Сонгууль бол иргэн хүний улс төрийн идэвх, улс төрийн төлөвшлийг харуулж өгдөг зэрэг нь сонгуулийн гол ач холбогдол юм.

Сонгууль нь төр, засгийн байгууллагыг  шилэн сонгож байгуулах, төрийн эрх барих хүмүүсийг дэвшүүлэн гаргаж ирдгээрээ дараагийн дөрвөн жилийн хугацаанд улс орны хөгжил, ард түмний амьдралын асуудал яаж шийдэгдэхийг тодорхойлж өгдөг чухал үйл явдал юм. Иймийн учир сонгуулийн насны иргэн нэг бүр энэ чухал асуудалд тэр болгон идэвхтэй хандахгүй байх нь сүүлийн үед, ялангуяа залуу үеийнхний дотор мэр сэр харагдах болж байна. Үүний учир шалтгаан бол зарим нэгэн нь улс төрийн идэвх, зүтгэл, иргэний төлөвшил муутай холбоотой. Зарим нэг нь залхуу, улс нийгмийн эрх ашгаас илүү хувийн эрх ашиг, жаргалаа боддог мэтийн олон шалтгаан бий байх. Сонгуульд олон түмэн идэвхгүй хандаж, санал өгөгчдийн тоо 50 хувьд хүрэхгүй бол сонгууль хүчингүй гэж үзэгдэнэ. Тэгээд дахин сонгууль явуулахад хүрвэл маш их зардал дахин гарна. Энэ утгаар авч үзвэл сонгуульд хэр зэрэг идэвхтэй оролцох нь иргэн хүний эрх үүргийн асуудал болно. Хүний эрх үүрэг хоёр харилцан холбоотой. Эрхээ эдэлсэн хүн үүргээ үүрэх ёстой, үүргээ үүрч байж эрхээ эдэлдэг нь нийгмийн ёс. Энэ утгаар аваад үзвэл сонгуульд идэвхтэй оролцох нь иргэн хүний нэг үүрэг. Сурагч хүн багаасаа иргэний үүргээ, ер нь нийгмийн амьтныхаа хувьд үүрэх ёстой бүх үүргээ үүрч сурах нь хүний ёс юм.

Сонгуулийн  үед анхаарах бас нэг зүйл бий. Энэ нь юу юм бэ? гэвэл: намыг харж санал өгөх нь учир дутагдалтай. Намыг харж санал өгнө гэдэг нь өөрийн намын буюу дэмждэг намынхаа дэвшүүлсэн хүний төлөө санал өгнө гэсэн үг. Яагаад учир дутагдалтай байдаг юм гэвэл: олон сайн хүнтэй, жишээлбэл, 200 сайн хүнтэй намаас их хуралд 76 хүнийг дэвшүүлсэн байхад цөөн сайн хүнтэй, жишээ нь, 100 сайн хүнтэй намаас 76 хүнийг дэвшүүлсэн гэж бодвол сайн муугийн харьцаа барагцаалбал 2х1 болж байна.  Өөрөөр хэлбэл, 2 сайнаас шилэгдсэн 1 сайн хүн 1 сайнаас шилэгдсэн 1 сайн хүнээс бараг 2 дахин илүү сайн гэж хэлж болох л юм.  Иймийн учир намыг биш хүнийг нь харж санал өгч сурвал маш сайн болно.

 Бас сонгуулийг шударга явуулахад нам, нэр дэвшигч, сонгогч бүр хүчин чармайт гаргах, “унасан бөхөд шалтаг мундахгүй” гэгчээр сонгуульд ялагдсан нам, нэр дэвшигч янз бүрийн шалтаг хэлж сонгууль шударга бус болсноос болж би ялагдсан гэдэг юм байдгийг санаж шударга бус болсныг мэдэхгүй байж гүтгэгчдийн үгээр “будаа идэхгүй” байх, сонгуульд ялагдсан хүн, нам сонгуулийн үр дүнгийг хүлээж зөвшөөрч сурах нь  сонгогч, сонгогдогч нарын болон улс төрийн намын төлөвшил, улс төрийн соёлын түвшингийн нэг чухал үзүүлэлт болдог. Жишээ дурдахад 2008 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа 2008 оны долдугаар сарын нэгний өдөр монгол хүнээс гарамгүй зэрлэг араншин, кинонд гардаг шиг үйлдэл байна (барилгын хашаанаас шороо түрэгчийг аваад цагдаа руу дайрч байгаагаас харахад хэрэв тэд танк байсан бол). Энэ үймээн самууны шалтгааныг түүнийг зохион байгуулагч, турхирагчид сонгууль шударга бус болсноос болсон гэж тайлбарлаж байна. Гэтэл сонгууль шударга бус болсон гэдэг нь түүний шалтгаан биш, харин шалтаг нь байсныг зөвхөн ганц баримтаар тайлбарлахад тэр хэргийн улмаас баривчлагдсан 700 гауй хүнээс зөвхөн 66 хүн сонгуульд оролцож санал өгсөн гэсэн тоо бий. Тэгвэл 640 орчим хүн нийслэл хотын 5 тойрогт Ардчилсан Нам, Иргэий ХөдөлгөөнийНамын төлөө саналаа өгсөн бол тэр хоёр намаас нэр дэвшигч нэг хүн нь 100 гаруй хүний санал илүү авч ялах магадлал байсан бус уу? Өөрийнхөө дэмждэг намын төлөө санал өгөөгүй байж сонгууль шударга бус боллоо гэж хэлж болдог юм бол санал өгөөгүй хүмүүс өөрсдөө санал өгөөгүй гэдэг утгаар “сонгуулийг шудасрга бус” болгосон гэсэн санаа аяндаа гарч байна.

 Ер нь дашрамд дурдахад эвдэж шатаасан хөрөнгө хэний байгаа нь энд огт хамаагүй ямар ч гэсэн монголын нийгмийн хөрөнгө байсан. Энэ сүйтгэлийг нөхөхөд монголын нийгэм хөрөнгө гаргаж хохирно. Үүнийг сүйтгэгчид нэг бүр нийгмийн хөрөнгөнд хувь нэмрээ оруулж байсан уу? гэж асуухын учир гэвэл бусдын, нийгмийн юманд хайр гамгүй хандагчид, эвдэж сүйтгэгчид олон биш ч гэсэн байдгийг, олшрох магадгүй гэж эмээсэнд байгаа юм.

Сонгууль “будлиантай боллоо” гэж хэлэгчдийн нэг “баталгаа” бол нэг хүн олон дахиж санал өгсөн гэсэн үг байдаг. Энэ үгийн үнэн гэдэгт итгэхэд хэцүү. Яагаад гэвэл: сонгууль өгөх гэсэн хүний нэрийг нэрсийн жагсаалтад байгаа эсэхийг тулгаж шалгадаг. Сонгуульд санал өгсөн хүний хумсан дээр тавьсан тэмдэг амархан арилдаггүй юм гэсэн, хэрэв арилгаж болдог бол тэмдэг тавих олон улсын жишиг юунд гарах билээ. Бас нэрсийн жагсаалттай тулгаж байгаа хүн дахин санал өгөх гэж байгаа хүний хэний төлөө санал өгөхийг яаж мэдэх билээ. Юмыг энэ мэтээр олон талаас нь эргэцүүлэн бодож үнэн худлыг олж сурах нь хүн болж байгаагийн нэг шинж юм.

13. Улс төрийн соёл


Улс төрийн соёл бол нийгмийн улс төрийн тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Иргэний улс төрийн оролцооны шинж байдал нь түүний улс төрийн соёлоос ихээхэн хамаарна.

Улс төрийн соёлын ойлголт. Улс төрийн соёл гэдэг бол хувь хүн, сонирхлын бүлэг, намаас улс төрд хандах байдал юм.  Улс төрийн соёл гэдэгт улс төрийн явдлыг ойлгох ойлголт, улс төрийн мэдлэг, улс төрийг үзэх үзэл, үнэлгээ, улс төрийн хэрэгт оролцох оролцоо орно. Үүнээс үзэхэд улс төрийн соёл гэдэг нь: 1) Улс төрийн тогтолцоо, түүний байгууллага, удирдах хүмүүст хандах байдал; 2) Тэдгээрийн бодлого, үйл ажиллагааг үнэлэх үнэлэлт; 3) Тэр бодлого, үйл ажиллагааг дэмжих, эсэргүүцэх зэргээр улс төрийн хэрэгт оролцох оролцоо юм. Улс төрийн соёл бол улс төрийн явдлыг үзэх үзэл, бодол, түүнээс гарч ирж байгаа зорилго, тэр зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Улс төрийн соёл нь хүмүүсийн боловсрол, ялангуяа улс төрийн боловсролоос их хамааралтай.     

Улс төрийн соёлын ангилал. Улс төрийн соёлыг хөгжлийн түвшингээр нь: 1) Явцуу соёл, 2) Хамжлагын соёл, 3) Оролцооны соёл гэж  ангилж болно.

1. Явцуу соёл гэдэг бол хүмүүс улс төрийн талаар ямар ч мэдлэг, ойлголтгүй, улс төрд огт оролцдоггүй, төр засгийн явдал надад хамаагүй, улс төр бол зөвхөн дээд заяат удирдагч нарын хэрэг гэж үздэг,   надад зөвхөн миний оршин сууж байгаа газар нутгийн асуудал хамаатай гэсэн бодолтой байхыг хэлнэ.

2. Хамжлагын соёлтой хүмүүс бол төрийн захиргаанд айх буюу буян хишиг горьдох үүднээс үг дуугүй захирагддаг, улс төрийн хэрэгт идэвхгүй оролцдог байна.

3. Оролцооны соёл бол хүмүүс нь төрийн хэрэгт оролцох ёстой гэж ойлгож идэвхтэй оролцдог соёл юм. Орчин үеийн хөгжлийн түвшингийг авч үзвэл манай залуу үе оролцооны солтой байх ёстой. Учир нь гэвэл, манай сургуульд бага ангиас аваад нийгмийн ухааны хичээлүүд, ахлах ангид “Нийгмийн тухай мэдлэг” хичээл үздэг билээ. Ийм маягаар бэлтгэгдсэн залуучууд оролцооны соёлгүй байна гэдэг нь улс төрийн талаар төлөвшөөгүй, сурах үүргээ биелүүлээгүй гэдгийг харуулах нэг үзүүлэлт мөн.

Улс төрийн соёлын үүрэг. Улс төрийн соёл нь нийгмийн оюун санааны амьдралын чухал хэсгийнхээ хувьд нийгмийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Улс төрийн соёлын нийгэмд гүйцэтгэх үүрэг гэвэл:

1. Улс төрийн хэрэг зөв зүйтэй явахад чиглүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Улс төрийн зөв зүйтэй хэргийг олон түмэн дэмжиж, буруу, алдаатай хэргийг шүүмжлэх буюу эсэргүүцнэ. Үүний үр дүнд улс төрийн хэрэг зөв, зүйтэй явах нөхцөл бүрэлдэнэ.

2. Улс төрийн соёл нь олон түмнийг улс төрийн хэрэгт идэвхтэй оролцох бололцоотой болгоно.

3. Энэ хоёртой уялдан улс төрийн соёл нь нийгмийн дотор зохицуулах үүрэг гүйцэтгэнэ. Ингэж улс төрийн соёл нь нийгмийн аливаа зөрчил, мөргөлдөөнийг зохистой шийдвэрлэх, нийгмийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

4. Нийгмийн улс төрийн соёл нь хүнийг улс төрийн байгууллага, үйл ажиллагааны талаар тодорхой мэдлэгтэй, улс төрийн үзэгдлийг ойлгох чадвартай болгоно. Улс төрийн үйл явдалд эзлэх байр сууриа мэдэх, улс төрийн хэрэгт оролцох боломжоо ойлгоход тусална. Ийм байдлаар хүнийг нийгэмшүүлэх үүрэг гүйцэтгэнэ.

14. Нийтийн мэдээллийн хэрэгсэл

Нийтийн мэдээллийн хэрэгслийн1 ойлголт. Орчин үед мэдээллийн хэрэгслийн хөгжил, мэдээллийн тархац хоёр өнөөгийн нийгмийн хөгжил, дэвшлийн нэг чухал хэсэг болжээ. Яагаад гэвэл мэдлэг, хүмүүжил, бас дуулгавартай хүн юмыг сайн хийдэг билээ. Энэ мэдлэг, хүмүүжлийг гаднаас мэдээлэл авах замаар хүн олж авдаг. Ийм болохоор орчин үеийн төрийн нэг зорилт бол хүн амыг аль болох мэдээллээр  хангах явдал юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэх нэг арга бол орчин үеийн нийтийн мэдээллийн хэрэгсэл болж байна. Тэгвэл нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдэг нь мэдээлэл дамжуулах хэрэгсэл ашиглан олон нийтэд мэдээлэл хүргэх үйл ажиллагаа юм. Орчин үед мэдээллийн хэрэгсэл, ялангуяа интернэт,  телевиз хүнийг хөгжүүлэх, хөгжөөх, зугаацуулах нэг чухал хэрэгсэл болжээ.

Нийтийн мэдээллийн хэрэгслийн төрөл. Мэдээллийн хэрэгслийг нийтийн мэдээллийн хэрэгсэл, хувь хүний мэдээллийн хэрэгсэл гэж хоёр хуваана. Нийтийн мэдээллийн хэрэгсэл гэвэл: 1) Хэвлэл (хэвлэл гэдэг нь ном, сонин, сэтгүүл, зурагт хуудас, зар мэдээ, реклам гэх мэт), 2) Радио, телевиз, интернэт, дүрс бичлэгийн хэрэгсэл зэрэг болно. Хувь хүний мэдээллийн хэрэгсэлд компьютер, интернэт орно.

Нийтийн мэдээллийн хэрэгсэлд тавигдах шаардлага. Нийтийн мэдээллийн хэрэгсэлд тавигдах гол шаардлага гэвэл: 1. Мэдээлэл бодитой байх, 2. Баталгаа, нотолгоотой байх, 3. Тоо баримт нь үнэн зөв байх, 4. Ойлгомжтой байх, 5. Товч байх, 6. Уншигч, сонсогчдын хүсэлд нийцсэн байх, 7. Цаг үеэ олсон, шуурхай байх, 8. Ёсзүй, хуулийн хэм хэмжээ баримталсан байх гэх мэт болно. Гэтэл манай зарим нэг сэтгүүлч, сурвалжлагч эдгээр шаардлагыг хангахгүй, хэвлэлийн эрх чөлөө гэгчээр халхавч хийгээд хэт улс төржих, бусдыг гүтгэх, худал мэдээлэл өгөх зэргээр зүй бусаар аашилж байна. Бусдыг гүтгэн доромжилсон этгээдэд хариу үнэнийг хэлэхэд хэвлэл, мэдээллийн эрх чөлөөнд халдлаа гэж хашгирагчид өөрөө эхлээд хүний эрх чөлөөнд халдсан гэдгээ даан ч юмын чинээн бодохгүй нь туйлын харамсалтай. Ингэж олон түмэнд буруу мэдээлэл өгөх, улс төржүүлж байгаагаас болж иргэд төөрөгдөж  төр, засгийг эсэргүүцсэн зүй бусын үйл ажиллагаанд оролцох, хүмүүсийн хүч, цагийг хэрэггүй зүйлд зарцуулах, олон түмний хүчийг сарниулахад хүргэж байгаа нь манай улсын хөгжлийг хойш татах нэг  хүчин зүйл болж байна. Харин хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглаж төр засгийн, түүний албан тушаалтны буруутай, зүй зохисгүй,алдаатай, хууль бус үйл ажиллагааг шүүмжлэн буруушаах, засаж залруулах нь зүй ёсны үзэгдэл юм.

Ер нь хүн үнэнч, шударга байх, хүний ёс зүйг баримталдаг байх нь хүний ёс юм. Энэ хүний ёсноос гадна сэтгүүлчийн ёс зүй гэж бас байдаг. Ийм ёс зүйгүй хүмүүсээс болоод мэдээллийн хэрэгслийн мэдээлэлд олны итгэх итгэл алдагдаж байгаа нь туйлын хортой. Өөрөөр хэлбэл, нийтийн мэдээллийн хэрэгслийн нийгэмд гүйцэтгэх үүрэгт хохирол учруулж байна. 

Нийтийн мэдээллийн хэрэгслийн нийгмийн үүрэг. Орчин үеийн нийгэм хэвлэл, телевиз, радио мэтийн мэдээллийн хэрэгсэлгүйгээр байх аргагүй болжээ. Ийм болохоор нийтийн мэдээллийн хэрэгсэл нийгэмд маш их чухал үүрэг гүйцэтгэх болж байна. Ийм үүрэг гэвэл:

1. Нийтийн мэдээллийн хэрэгсэл нь улс орон болон дэлхий дахинд болж байгаа үйл явдлыг олон түмэнд мэдээлэх, хүн амд мэдлэг олгох, хүмүүсийг гэгээрүүлэх, нийгэмшүүлэх, зар сурталчилгаа явуулах замаар олон түмнийг мэдээллээр хангах үүрэг гүйцэтгэж байна.

2. Төр, засгийн газрын бодлого, шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд таниулах, амьдралд хэрэгжүүлэх  үүрэг гүйцэтгэж байна.
3. Хүн амыг урлагаар үйлчлэх, тэдний чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрөөхөд туслах үүрэгтэй.

4. Олон түмэнд мэдээлэл өгч, юмны үнэн учрыг тайлбарлаж байгаагаараа танин мэдэхүйн үүрэг бас гүйцэтгэдэг байна.

  Тайлбар: 1 Мэдээллийн хэрэгсэл гэдгийг энд мэдээлэл хийдэг багаж хэрэгсэл, техник, хэвлэл гэсэн утгаар биш, харин мэдээлэл хийж байгаа үйл ажиллагаа гэсэн утгаар ойлгох ёстой.

15. Ардчиллын тухай

Ардчиллын тухай ойлголт. Ардчилал гэдгийг үгийн утгаар нь авч үзвэл  грек хэлний “demokratia” (demos-ард түмэн, kratos-засаг, захиргаа) буюу ард түмний засаг гэсэн утгатай үгнээс үүссэн. Ардчилал бол төр, засгаа зохион байгуулах нэг үндсэн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, ардчилал гэдэг нь ард түмэн бүгдээрээ тэгш эрхтэй оролцож удирдлагаа сонгодог, удирдлага нь шийдвэрээ олонхийн санал бодлын дагуу гаргадаг ёс юм.

 Ардчиллын хэлбэр. Ардчиллын үед иргэд төр, засгаа сонгуулиар байгуулна. Ингэж төр, засгийг сонгож байгуулахад насанд хүрсэн бүх иргэн цөм тэгш оролцоно. Энэ сонгууль нь шууд, төлөөлсөн гэсэн хоёр хэлбэрээр явах бололцоотой. Үүний дагуу ардчиллыг 2 хэлбэрт хуваана. Нэг нь шууд ардчилал, нөгөө нь шууд бус  буюу төлөөллийн ардчилал.

1. Төр, засгийг байгуулах, улс төрийн шийдвэр гаргахад нэг газар цугласан  иргэд шууд оролцдог ардчиллын хэлбэр байдаг. Үүнийг шууд ардчилал буюу оролцооны ардчилал гэнэ. Жишээ нь, эртний Грекийн хот улсын ардчилал ийм байсан. Хот улс нь эргэн тойрныхоо хөдөө нутгийн хүмүүстэй нийлээд дээд тал нь  10 000 орчим хүнтэй байсан болохоор асуудлыг ингэж бүх хүн оролцоод шийдэх боломжтой байсан байна.

2. Харин орчин үед төр, засгийг шууд сонгон байгуулах бололцоогүй болсон. Яагаад гэвэл:  бүх хүн нэг газар цөмөөрөө цуглаад шууд сонгох, төрийн шийдвэр эргээд иргэдэд шууд хүрэх боломж байхгүй. Жишээ нь, манай мэтийн 2.6 сая хүнтэй улсад хүртэл бүх хүнээ нэг газар буюу нэг танхимд цуглуулаад төрийг сонгон байгуулах боломж байхгүй. Иймд төрийн эрх барих хүмүүсийг ард түмэн сонгож тэр хүмүүс нь ард түмнийг төлөөлж засгийн эрх барина. Үүнийг төлөөллийн ардчилал гэнэ. Ийм ардчиллын үед төрийн эрхийг олонхын төлөөлөгч барих боловч цөөнхийн эрх ашгийг бас хамгаална.

Ардчилсан нийгэмд төрийн байгууллагууд нь бүрэн эрхтэй гээд дураараа аашлахгүй. Зөвхөн хуульд захирагдаж хуулийн хүрээнд ажиллана. Ингэхлээр ардчилсан төрийн нэг онцлог бол бүх юм хууль дээр үндэслэгдсэн, бүх юм хуулийн хүрээнд, түүний дотор төр хүртэл хуулийн хүрээнд ажиллана.

Өнөөгийн энэ ардчилал гэдэг ёс манайд бий болоод удаагүй байна.

16. Ардчиллын тулгуур онолууд


Ардчиллын онолын тухай. Нийгмийг бүрэлдүүлж байгаа ард түмэн нэг хэвэнд цутгасан юм шиг цөмөөрөө адилхан байхгүй. Өөрөөр хэлбэл, мэдлэг, боловсролын хувьд, төрийн хэрэгт оролцох чадварын хувьд, мөн зохион байгуулалтын хувьд өөр өөр байх нь зүй ёсны юм. Үүнээс болоод орчин үед ардчиллын тухай  олон онол гарчээ. Жишээ нь, сонгодог ардчиллын, элитийн, олон ургальч үзлийн, зах зээлийн, санал асуулгын, зөвшлийн, төлөөлөгчдийн, ардын, социалист гэх мэт болно.

Ардчиллын мөн чанар, үнэ цэнийн тухай сургаалыг  ардчиллын онол гэнэ. Ардчиллын тухай дээрх олон онолоос  илүү их дэлгэрсэн буюу үндсэн онол гэж хэлэхээр онол гэвэл: сонгодог ардчиллын онол, элит ардчиллын онол, олон ургальч ардчиллын онол юм.

Сонгодог ардчиллын онол. Ардчиллын мөн чанар ардын засаг байдаг болохоор бүх ард түмэн төр барина. Төрийг бүх ард түмний сонгуулиар байгуулна. Төр нь ард түмнийхээ өмнө бүрэн хариуцлага хүлээх ёстой гэдэг онолыг сонгодог ардчиллын онол гэнэ. Энэ онолын гол санаа нь гэвэл: хүн бүр улс төрийн хэрэгт бүрэн оролцох ёстой. Хүн бүхэн өөрийн үүрэг, хариуцлагаа бүрэн ухамсарлаж байх ёстой гэж үздэг.

Элит ардчиллын онол. Нийгмийг бүрэлдүүлж байгаа бүх хүн цөм адил байдаггүй. Нийгмийн дотор нийгмийг удирдаж чадах цөөн тооны элит, идэвхгүй олонх гэж байдаг болохоор нийгмийг элитүүд удирдах ёстой гэдэг онолыг элитийн ардчиллын онол гэнэ. Энэ онолынхны үздэгээр элит гэдэг нь өндөр боловсролтой, нийгмийн дээд зэрэг дэвд1 хамаарах хүмүүс юм. Энэ онолын гол санаа нь гэвэл: нийгмийг тогтвортой байлгах, хувийн өмч, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, олон түмний чинээлэг амьдралыг хангах явдал гэж үздэг.

Олон ургальч ардчиллын онол. Энэ онолыг баримтлагчдын үзлээр бол орчин үед ард түмэн олон бүлэг, намд хуваагдаж нэгдсэн. Олон түмэн энэ бүлэг, намаараа дамжуулан төрийн хэрэгт оролцдог юм. Нийгмийн амин чухал асуудлыг эдгээр нам, бүлэг хэлэлцэж шийдвэрлэдэг болохоор нийгмийг удирдахад энэ олон нам,  бүлгүүдийг идэвхтэй оролцуулах ёстой гэж үзнэ. Төр нь ард түмний өмнө биш, харин нам, бүлгийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэнэ.

Энэ гурван онолын гол ялгаа юунд байна вэ? гэвэл: нийгмийг (улсыг) хэн удирдах вэ гэдэгт байгаа юм байна. Сонгодог ардчиллын онолоор нийгмийг ард түмэн удирдана. Элит ардчиллын онолоор элитүүд удирдана. Олон ургальч ардчиллын онолоор нам, сонирхлын бүлгүүд удирдана.

Тайлбар: 1 Нийгмийн зэрэг дэв гэдэг нь нийгмийн дотор хүмүүсийн эзлэх байр суурийн ялгаа юм. Жишээ нь, элитүүд дээд зэрэг дэвд орж байхад олон түмэн доод зэрэг дэвд орно.

17. Ардчиллын үндсэн шинж1


Ардчиллын талаар олон янзын ойлголт, олон үзэл, онол байдаг болохоор нэгд, ардчилсан нийгмийг ардчилсан биш нийгмээс ялгах хэрэгтэй болдог байна. Юмны ялгаа нь түүний шинжийн2 ялгаагаар харагдана.Тэгвэл ардчилсан нийгэм нь ардчилсан биш нийгмээс ардчиллын үндсэн шинжүүдээр ялгагддаг байна. Хоёрт, ардчилсан нийгмийг хэр зэрэг ардчилсан нийгэм болохыг үнэлэх хэрэгтэй болдог байна. Энэ нь бас ардчиллын үндсэн шинж хэр зэрэг бүрэн, зөв илэрч байгаагаар харагдана. Ардчилсан улс бүхэнд байх ёстой ардчиллын ийм шинж гэвэл:

1. Ард түмний засаг. Ардчилал нь ард түмний засаг байдаг болохоор ард түмэн засгийн эрхийг барина, засаг төр нь ард түмний эрх ашгийг хамгаална гэсэн үг.

2. Чөлөөт, шударга сонгууль. Орчин үед ард түмэн өөрсдөө шууд төрийн эрхийг барих бололцоо байхгүй, зөвхөн өөрсдийн төлөөлөгчдөөр дамжуулан барихаас өөр арга байхгүй. Иймийн учир ард түмнийг төлөөлж төр барих байгууллага, хүмүүсийг сонгох сонгууль хэрэгтэй болно. Сонгуулийн насанд хүрсэн иргэн бүхэн сонгох, сонгогдох эрхтэй байдаг.

3. Олонхын засаглал. Ард түмэн гэдэг нь бүрэлдэхүүний хувьд маш олон янзын  эрх ашиг бүхий хүмүүсээс бүрэлдэж байдаг. Эдгээрийн эрх ашгийг хамгаалсан олон сонирхлын бүлэг, улс төрийн нам засгийн эрхийн төлөө өрсөлдөж сонгуульд оролцож өөр өөрсдийн эрх ашгийг хамгаалсан төр, засгаа байгуулахын төлөө тэмцэлдэж байдаг билээ. Ийм нөхцөлд сонгуульд олонх болсон нам, улс төрийн хүчин засгийн эрхийг барих болдог байна. Ингэж сонгуулиар олонх болсон нам, улс төрийн хүчин засгийн эрх барихыг олонхын засаглал гэнэ.

4. Засгийн эрхийг тэнцвэртэй хуваарилах. Ардчилсан нийгэмд засгийн эрх нь хууль тогтоох байгууллага (парламент, манайд бол Улсын Их Хурал), гүйцэтгэх засаг (засгийн газар), шүүх засаглал (шүүх, прокурорын байгууллага) гэсэн гурван байгууллагад төвлөрсөн байдаг. Ардчилсан биш нийгэмд, тухайлбал, хаант засгийн үед хаан, дарангуйллын нийгмийн үед дарангуйлагч буюу засгийн газар бүх эрх мэдлийг атгасан шинжтэй байдаг. Тэгвэл ардчилсан нийгэмд дээрх гурван байгууллагын аль нэгэнд илүү эрх дарх эдлүүлэхгүйн тулд засгийн эрхийг энэ гурван байгууллагад тэнцүү, бас харилцан бие биедээ хяналт тавьж байхуйцаар хуваарилах ёстой.

 5. Цөөнхийн эрхийг хүндэтгэх. Ардчиллын нэг гол шинж бол хүн амын дийлэнх олонхын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах явдал байдаг. Олонх засгийн эрхийг барих үед цөөнхийн эрх ашиг хөндөгдөх явдал гарч болох талтай. Нэгэнт ардчилал гэдэг нь ардын засаг байх учраас цөөнхийн эрх ашгийг хамгаалах ёстой. Үүний улмаас олонх нь цөөнхийн бодол санаа, эрх ашгийг бас бодолцож байдаг, цөөнх нь олонхдоо хяналт тавьж байвал сая ардчилал болно.

Ямар ч ардчилсан нийгэмд төр, засаг хүн бүхний эрх ашигт бүрэн нийцсэн шийдвэр гаргах бололцоо байхгүй. Гагцхүү олонхын эрх ашигт тохирсон, тухайн үеийн шаардлагад нийцсэн, тэгэхдээ цөөнхийн эрх ашгийг аль болох хэмжээгээр харгалзсан шийдвэр гаргахаас өөр арга байхгүй. Ер нь, ардчиллын нэг шинж бол цөөнх нь олонхын гаргасан шийдвэрийг дагаж байх, бас иргэн хүн төрийн шийдвэрт захирагдаж байх явдал байдаг.

Ардчилал бол дээд зэргийн дэг журам, бүх юм хуулийн дагуу болдог, хүн бүхэн хууль, ёсыг дээд зэргээр эрхэмлэн сахидаг, хувийн эрх ашиг, нийгмийн эрх ашиг хоёрыг хуулийн дагуу зөв хослуулдаг ёс. Ардчилал бол “би ардчилсан эрхээ эдэлж байна” гээд дураараа аашлах явдал огтхон биш. Энэ мэтийн ардчилсан ёсонд хүн бүхэн хүүхэд байх үеэсээ суралцах ёстой. Нийтийн эрх ашиг, төрийн эрх ашгийн өөдөөс дан ганц хувийн эрх ашгаа бодож сөрөх нь  ардчилал биш. Ардчилал гэдгээр халхавчлаад өөрийн бурууг бусад руу, төр рүү шихэж, юм болохоор уйлаад хэвтчихдэг айлын эрхийн тэнэг хүүхэд шиг аашилж  жагсаж өлсгөлөн зарлаад байх нь ардчилал биш. Аливаа эсэргүүцлийн цуглаан, жагсаалд оролцохын өмнө сайтар бодож зөв бурууг тунгааж, хэний эрх ашигт нийцэж байгааг ойлгож дэмжих, эс дэмжихээ шийдэх нь хүн, нийгмийн иргэн болон төлөвшиж байгаагийн нэг хэмжүүр болдгийг үргэлж санаж байх ёстой. Бас ардчиллын далбааг ашиглаж олон түмний нэр бариад хувийн эрх ашгаа хэрэгжүүлэхийн төлөө тэмцэгчид нийгэмд байдгийг мартаж болохгүй.

6. Олон намын тогтолцоо. Ардчилсан нийгмийн үед засгийн эрхийг улс төрийн нам барих нь илүү зохистой байдаг. Иймд төрийн эрх барих байгууллагад намын дэвшүүлсэн төлөөлөгчид өрсөлдөж олонхын санал авсан нь сонгогдоно. Ингэхлээр, улс төрийн олон нам, тун наад зах нь  хоёроос дээш нам сонгуульд оролцох  ёстой. Тэгээд сонгуулиар олон суудал авсан нам төрийн эрх барьж, цөөн суудал авсан нам сөрөг хүчин болж эрх баригч намын үйл ажиллагаанд хяналт тавьж байх нь ардчиллын нэг шинж юм. Гэтэл орчин үеийн хэт даврагчид намын хэрэг байхгүй, намыг тараа гэж хашгирах боллоо.Нийгмийг нам  удирдах нь орчин үеийн хүн төрөлхтний нэг ололт. Яагаад гэвэл хүнтэй зүйрлэж хэлбэл нам бол уураг тархи. Тархигүй хүн байхгүйн адил намгүй нийгэм гэж байхгүй болжээ. Бас нам  гэдэг юм чинь хэн нэг хүний тар гэснээр тардаг зүйл огтхон биш. Би  яагаад үүнийг хэлж байна вэ? гэвэл сурагч хүн багаасаа аль болохоор юмны учир начрыг мэдэж байж юм хэлдэг, хийдэг, бас мэдэхгүй юмаа “их мэдэгчийн” дүр эсгэж мэдэмхийрч байхгүйд суралцах ёстой гэдгийг сануулах гэсэн юм.

 7. Маргаантай асуудлыг эв зүйгээр шийдэх. Нийгмийн удирдлагад олон нам, хүчин, сонирхлын бүлэг оролцож байгаа болохоор маргаантай асуудал гарах нь зүй ёсны юм.  Ийм маргаантай асуудлыг шийдэхдээ нам, хүчин, сонирхлын бүлэг нэг бүр хүлээцтэй хандаж харилцан зөвшилцөх замаар шийдэж байвал асуудал зөв шийдэгдэнэ. Ер нь маргаантай асуудлыг хүч хэрэглэж шийдвэл асуудал зөв шийдэгдэхгүй. Хүчтэй нь зөвтөн, хүчгүй нь буруутан болдог жамтай. Ийм учраас монголчууд “Бүгдээрээ зөвлөвөл буруугүй” гэдэг эрхэм ёсыг баримталж иржээ.

8. Хүний эрх, эрх чөлөөг хангах. Ардчилсан нийгэм бол ард түмний эрх ашгийг хамгаалсан нийгэм юм. Ийм болохоор ардчилсан нийгмийн нэг гол ололт бол хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах явдал байдаг. Хүнд эрх олгох, хүн эрх чөлөөтэй гэж тунхаглах нь гол биш. Харин түүнийг эдлэх бололцоотой болгох нь гол байдаг. Жишээ нь, манай үндсэн хуульд хүн бүхэн сурах, боловсрох эрхтэй гэсэн заалт байдаг. Энэ бол хүний эрх юм. Энэ эрхийг эдлэх бололцоо олгосон байвал тэр нь эрх чөлөө болно. Ийм учраас манай улс ерөнхий боловсролыг үнэгүй олгох, төлбөртэй сурдаг их, дээд сургуульд сургалтын төлбөр төлөх бололцоогүй хүүхдийг төрөөс санхүүжүүлж сургадаг нь эрхийг эдлэх баталгаатай болгож байгаа хэрэг юм.

 9. Хүн бүхэн хуулийн өмнө адил тэгш байх. Ардчилсан биш нийгэмд хүн бүхэн хуулийн өмнө адил тэгш эрхтэй гэж тунхагласан байж болох боловч амьдрал дээр адил тэгш биш болдог байна. Ийм учраас ардчилсан нийгэмд хүн бүхнийг хуулийн өмнө адил тэгш байх бололцоогоор хангасан байдаг юм.           

 10. Тайлагнах ёс. Ард түмний сонгуулиар байгуулагдсан төр нь ард түмний эрх ашигт нийцсэн бодлого явуулах ёстой. Ийм бодлого явуулж байгаа эсэхийг ард түмэнд харуулж байхын тулд төрийн эрх баригчид ард түмэнд хийсэн ажлаа тайлагнаж байх ёстой. Ингэж сонгогдсон төлөөлөгчид тодорхой хугацаанд сонгогчиддоо тайлагнах нь ардчиллын  нэг чухал шинж  нь байдаг. Бас ардчилсан нийгэмд аливаа албан тушаалтнуудын хийж байгаа ажил нийтэд ил тод, хуулийн хүрээнд хийгдэх ёстой. Энэ шаардлага хэрхэн хангагдаж байгаад олон түмэн хяналт тавьж байх нь олон түмний нэг үүрэг байдаг юм.

Тайлбар. 1 Ардчиллын шинж  гэдгийг бусад ном, сурах бичигт ардчиллын зарчим, ардчиллын үнэт зүйл гэх мэтээр бичсэн байгааг анхаарна уу. 2 Шинж  гэдэг нь юмыг адил, ялгаатай болгож байгаа зүйл юм. Юм адил шинжтэй байвал адил, ялгаатай шинжтэй байвал ялгаатай болно.

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...