1. Хүн, хүний үүсэл
Хүн гэдэг ойлголт. Орчин үеийн шинжлэх ухаан хүнийг байгаль-нийгмийн оюун ухаантай амьтан гэж тодорхойлж байна. Энэ тодорхойлтоос үзвэл хүн нь:
Нэгдүгээрт, байгалийн амьтан юм. Яагаад гэвэл хүн адгуусан амьтны нэгэн адил бие махбодьтой болохоор адгуусан амьтанд байдаг бие махбодийн шинжүүд хүнд бас байдаг. Ийм шинж гэвэл: анатоми, физиологийн шинж, удамшил хувьслын шинж, өсөж үржих мэтийн шинж болно. Энэ утгаараа хүн бол адгуусан амьтны нэгэн адил байгалийн нэг зүйлийн амьтан болж байна.
Хоёрдугаарт, тэгэхдээ хүн адгуусан амьтнаас чанарын ялгаатай. Энэ ялгаа нь ямар ч амьтанд байдаггүй хүний оюун ухааны ялгаа юм. Энэ утгаар хүнийг оюун ухаантай амьтан гэж тодорхойлдог байна.
Гуравдугаарт, хүний оюун ухаан, хэл яриа, босоо явдаг явдал, тархины хөгжил, гар зэрэг адгуусан амьтанд байдаггүй бүх онцгой шинж бол нийгэм, юуны өмнө хөдөлмөрийн ачаар олдсон шинж юм. Энэ утгаар авч үзвэл хүн бол нийгмийн амьтан. Энэ шинж нь хүний хамгийн гол шинж. Хүн энэ гол шинжээ олж авахгүй бол, өөрөөр хэлбэл, хөдөлмөр хийхгүй, оюун ухаанаа хөгжүүлэхгүй, хүнд байдаг нийгмийн шинжийг олж авахгүй бол хүн дүрстэй “адгуус” болчихно. Иймд сурагч хүний гол зорилго нь орчин үеийн хүний мэдвэл зохих мэдлэг, тэр мэдлэгээ ашиглах чадвар, хөдөлмөрч шинж олж авах, нийгэмших1 явдал мөн.
Бие хүн, хувь хүний тухай ойлголт. Байгаль-нийгмийн оюун ухаантай амьтныг хүн гэнэ. Энэ бол хүний тухай ерөнхий ойлголт буюу ерөнхий хүн2. Энэ ерөнхий хүн тусгай тусгай хүнээр байдаг. Энэ тусгай хүнийг хувь хүн гэнэ. Уг чанартаа нийгэмшсэн, нийгмийн соёлыг эзэмшсэн, нийгэмтэй бие даан харилцах чадвар бүхий хүнийг бие хүн гэнэ. Жишээ нь, хүүхэд бол нэгд, хүн, хоёрт, хувь хүн болохоос биш бие хүн биш. Энэ хүүхэд хуулийн ойлголтоор авч үзвэл, 16 нас хүрч, нийгэмтэйгээ биеэ даан харилцах чадвартай болсон үедээ сая бие хүн болно. Насны хувьд том хүн болсон мөртлөө “настай хүний намбагүй”, том хүн болж томоожоогүй, хүүхэд шиг аашилсан, нийгмийн дотор биеэ зөв авч явж чаддаггүй, дандаа хүнээр хэлүүлж, “хүн бүхэнд чичлүүлж” байдаг, бие хүн болж төлөвшөөгүй хүн олны дотор олиггүй хоч зүүж эвгүй харагддаг байна.
Хүний үүслийн тухай янз бүрийн үзэл. Хүний үүслийн талаар олон янзын үзэл байдаг. Эдгээр үзлийг ерөнхийд нь 1. Шашны үзэл, 2. Шинжлэх ухааны үзэл, 3. Сансрын хүнээс үүссэн гэдэг үзэл гэх мэтээр авч үзэж болох юм.
1. Шашны үзлээр бол хүнийг бурхан бий болгосон. “Библи” сударт өгүүлснээр Ертөнцийн эзэн хүнийг долоон хоногийн дотор шавраар хийгээд бий болгосон юм гэсэн.
2. Хүний үүслийн тухай шинжлэх ухааны үзэл гэвэл ХҮIII зууны 30-аад он хүртэл хүнийг бурхан бий болгосон гэсэн үзэл ноёрхож байжээ. Гэтэл ХҮIII зууны 30-аад оны үед Францын эрдэмтэн Ламарк хүн бичнээс3 үүссэн гэсэн үзэл гаргажээ. Энэ үзлийг Ч. Дарвин хөгжүүлж хүний үүслийг байгалийн хувьсан хөгжих зүй тогтлоор үүссэн гэж үзсэн. Хүн бичнээс үүссэн гэдэг үзэл бол биологийн шинжлэх ухааны үзэл. Хүн бичнээс үүссэн гэдэг энэ үзлийн зөв болохыг хүний үр хөврөлийн хөгжлийн онол, археологийн одворууд нэгэнт батлан харуулсан зүйл. Эхийн хэвлийд үүсэн хөгжиж байгаа хүний үр хөврөл дэлхий дээр амьдрал үүсэж хөгжиж ирсэн үе шатыг товчлон харуулдаг байна. Орчин үеийн хүн буюу оюун ухаант хүн одоогоос 110-120 мянган жилийн тэртээ үүссэн гэж өнөөгийн шинжлэх ухаан үзэж байна.
3. Орчин үед зарим хүн сансрын хүнээс хүн үүссэн гэж үзэх нь бий. Дэлхийн хүнийг сансрын хүнээс үүссэн гэж үзэж болох л юм. Тэгвэл тэр сансрын хүн, ер нь дэлхийн биш хүн юунаас үүссэн бэ? гэсэн хариулахад төвөгтэй асуулт бас гарч байна.
Тайлбар:1 Хүн нийгэмших гэдэг нь хүн бие хүн болон төлөвшиж нийгмийн шинжтэй хүн болохыг хэлнэ. 2 Ерөнхий хүн гэдэг нь хүн гэсэн ерөнхий ойлголтын хүн буюу хийсвэр хүнийг хэлж байгаа юм. Ерөнхий буюу хийсвэр ойлголт гэдэг нь нэгэн төрлийн тусгай тусгай юмны нийтлэг шинжийг бусад шинжээс нь оюун ухаандаа салган авч нэгтгэн дүгнэх замаар хүний гаргаж ирж байгаа хийсвэр ойлголт юм. Энд дурдсан ерөнхий хүн гэдэг нь бидний түрүүн дурдсан хүн гэсэн тодорхойлолтын хүн болж байна. 3 Одоогийн шинпанзе, горилл, орангутанг мэтийн хүнтэй төстэй амьтныг монгол хэлээр бич буюу мич гэдэг. Энэ амьтныг орос хэлээр ”человекообразная обезьяна”-хүн дүрст сармагчин гэдэг, үүнийг орос хэлийг махчилан орчуулагчид хүнийг сармагчнаас үүссэн гэж буруу орчуулан хэлэх нь түмэн буруу.
2. Нийгмийн тухай ерөнхий ойлголт
Нийгмийн үүсэл. Хүн, хүний нийгэм хоёр байгалийн зүй ёсны хөгжлийн үр дүнд үүссэн байна.Тэгэхдээ байгалийн хөгжил нь хүн, хүний нийгэм үүсэхэд зөвхөн биологийн урьдчилсан нөхцөл болжээ. Харин хүн, хүний нийгэм үүсэхэд хөдөлмөр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Хөдөлмөр хамтын шинжтэй, өөрөөр хэлбэл, хүн хамтын хүчээр хөдөлмөр хийнэ. Хөдөлмөрийн энэ хамтын шинжийн хүчээр хүмүүс хамтарч хөдөлмөрлөж, хамтарч аж төрөх болж байнгын харилцаа, холбоонд оржээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн явцад хүн төлөвшин бий болохдоо салангид салангид бодигаль (хувь хүн) бий болоогүй, харин нийгмийн харилцаа1, ахуй амьдралын бүх нөхцөлөөрөө өөр хоорондоо холбогдсон хамт олны (тэгэхлээр нийгмийн) гишүүн хүн үүссэн байна. Энэ хамтын үйл ажиллагаа, харилцаа, холбооны цаашдын хөгжлийн явцад хүний нийгэм үүсчээ.
Нийгмийн бүтэц, нийгмийн тухай ойлголт. Хүний нийгэм гэдгийг айл2 гэдэгтэй харьцуулж ойлгож болох юм. Яагаад гэвэл: юм хөгжлийнхээ эцсийн шатанд эхний байдалтайгаа төстэй болдог зүй тогтол байдаг.3 Хүмүүсийн зохион байгуулалтын эхний байдал нь айл, эцсийн байдал нь хүний нийгэм юм. Ингэж авч үзвэл нийгэмд байдаг юм бүхэн айлд байдаг байна. Бас айлд байдаг юм бүхэн нийгэмд байдаг гэж хэлж болно. Жишээ нь, айлд өрхийн тэргүүн байдаг бол нийгэмд төр байна. Нийгэмд нам байдаг бол айлд намын гишүүн (нам гэсэн үг) байна. Айлд эд хогшил, хөрөнгө байдаг бол нийгэмд бас эд хөрөнгө байдаг. Нийгмийн энэ эд хөрөнгийг нийгмийн эдийн засаг гэнэ. Нийгэмд төсвийн орлого зарлага байдаг бол айлд мөн орлого зарлага гэж байдаг гэх мэт болно. Айлд хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулж байдаг дэглэм журам, ёс заншил гэж байдан бол нийгэмд хууль, журам гэж байдаг. Ингэж нийгэм гэдгийг нэг том айл юм байна гэж хялбарчлан ойлгож болно.
Хүний нийгэм бол нарийн бүтэцтэй, тэр бүтэц нь өөрчлөгдөж байдаг амьд бие махбодь юм. Хүнгүйгээр хүний нийгэм байхгүй, нийгэмгүйгээр хүн байхгүй. Хүн бол хүний нийгмийн анхдагч “нэгж”, нийгмийг нэг бодис гэж бодвол хүн нь нийгмийн “атом” нь юм. Ингэхлээр:
1. Хүний нийгэм нь хүмүүсээс бүтнэ гэж тун явцуу утгаар ойлгож болох юм. Хүний нийгмийг атом, молекулын бүтэцтэй бодистой зүйрлэж үзэх юм бол хүн нь нийгмийн “атом” нь юм. Ингэж авч үзвэл бодис атомуудын нэгдэл байдаг шиг нийгэм бол хүмүүсийн нэгдэл болж байна.
2. Хүнээс гадна нийгмийн бүлэг, давхраа, анги, нийгмийн нийтлэг4, нийгмийн янз бүрийн байгууллага нийгмийн бүтцэд орно. Хүн ямар нэгэн хэсэг хүмүүс буюу хамт олны дотор төрж, өсөн бойжиж, амьдарч, ажилладаг. Ийм хамт олон гэвэл: гэр бүл, ясли, цэцэрлэг, сургуулийн хамт олон, хөдөлмөрийн буюу ажлын газрын хамт олон гэх мэтийн гишүүдийн тоо нь цөөхөн хамт олон байна. Ийм хамт олныг бага хамт олон буюу анхдагч хамт олон гэнэ. Үүнээс гадна хэд хэдэн нийтлэг шинжээрээ нэг нэгнээсээ ялгагддаг том хамт олон гэж байна. Жишээ нь, овог, ястан, үндэстэн, нийгмийн бүлэг, давхраа, ангит нийгэмд бол анги гэх мэт. Энэ бага, том хамт олон бол нийгмийн “молекул” юм. Энэ утгаар авч үзвэл нийгэм гэдэг нь хамт олнуудын нэгдэл юм.
3. Бодис дотор атом, молекулууд өөр хоорондоо салшгүй холбоотой байдгийн нэгэн адил нийгмийн “атом” болсон хүмүүсийн хооронд янз бүрийн холбоо, харилцаа тогтож байдаг. Бас нийгмийн “молекул” болсон янз бүрийн хамт олны дотор, мөн хамт олнуудын хооронд янз бүрийн харилцаа, холбоо тогтож байдаг. Жишээ нь, сурагч хүн өглөө босоод ороо хураах, гар нүрээ угаах, хувцсаа өмсөхдөө орны даавуу, хөнжил, дэр, бүтээллэг, угаалтуур, угаалтуурын ус, оо, сойз, хувцас зэргийн янз бүрийн эд юмтай харилцаж байгаа болно. Цай уухдаа цай, хоол, талх зэрэгтэй харилцаанд орно. Сургуульдаа очоод сургууль, түүний эд хөрөнгө, ангийн хамт олон, багш зэрэгтэйгээ харилцаж төрөл бүрийн харилцаа, холбоогоор холбогдоно. Энэ бүх харилцаа, холбоог нийгмийн харилцаа, холбоо буюу нийгэм гэж хэлнэ. Ингэж авч үзвэл атом, молекулууд холбогдож бодис болдог шиг хүмүүс холбогдож хүний нийгэм болдог байна. Энэ утгаар авч үзвэл нийгэм гэдэг нь нийгмийн харилцаа, холбооны нэгдэл юм байна.
4. Бас хүмүүс хамтарч ажиллах, хамтарч аж төрөхдөө янз бүрийн байгууллага байгуулж ажиллана, аж төрнө. Жишээ нь, сургууль, анги, аж ахуйн газар, албан байгууллага, төр, нам, гэр бүл, өрх айл гэх мэт. Энэ бүх байгууллагыг нийгмийн байгууллага гэж нэрлэж болох юм. Тэгвэл нийгэм гэдэг нь нийгмийн байгууллагуудын нэгдэл юм.
5. Хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүнд нийгмийн янз бүрийн үзэгдэл, үйл явдал, эд баялаг, бүтээгдэхүүн бий болно. Жишээлбэл, хурал, цуглаан, сонгууль, хурим, найр гэвэл нийгмийн үзэгдэл, үйл явдал болж байна. Гутлын үйлдвэрийн үр дүнд бий болж байгаа гутал бол гутлын үйлдвэрийн бүтээгдэхүүн, нийгмийн баялаг юм. Тэгэхлээр нийгэм гэдэг нь нийгмийн үзэгдэл, үйл явдал, нийгмийн баялаг, бүтээгдэхүүний нэгдэл юм байна.
Энэ бүхний үр дүнд нийгэм гэсэн нэг зүйл бий болж байгаа юм. Ингэхлээр, нийгэм гэдэг бол хүмүүсийн бүх төрлийн хамтын ажиллагаа, харилцаа, холбоо, тэдгээрийн үр дүнд бий болж байгаа бүх үзэгдэл, үйл явдал, эд хөрөнгө, байгууллагуудын нийлбэр цогцос юм. Ийнхүү нийгмийг бүхэл бүтэн амьд бие махбодь гэж авч үзвэл хүн бол нийгмийн “эс”, хамт олон нь нийгмийн эрхтэн юм, нийгэм бүхэлдээ бол хамт олнуудаас бүтсэн том хамт олон юм. Нийгмийг ямар нэгэн бодистой зүйрлэвэл хамт олон бол нийгмийн “молекулууд”, хүн нь нийгмийн “атом” болох жишээтэй.
Нийгмийн тухай нэгдсэн нэг ойлголт байхгүй. Эрдэмтэд олон янзаар тайлбарладаг. Ийм болохоор сурагчийн мэдлэгийн хэмжээнд нийгэм гэдгийг хүмүүсийн нэгдэл гэж ойлгож болох юм. Хотонд байгаа хонинууд нийлээд хоттой хонь болдогтой зүйрлэж үзээрэй. Өргөн утгаар авч үзвэл нийгэм гэдэг бол дэлхийн хэмжээнд нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Энэ утгаар хүний нийгэм гэж ерөнхий утгаар ярьдаг. Харин явцуу утгаар бол нэг улсын хэмжээнд нэгдсэн хүмүүсийн нэгдэл юм. Жишээ нь, Монгол Улсын хэмжээнд нэгдсэн монгол хүмүүсийн нэгдлийг Монголын нийгэм5. Америк Улсын хэмжээнд нэгдсэн америк хүмүүсийн нэгдлийг Америкийн нийгэм гэнэ.
Нийгмийн хөгжил, дэвшил. Хамгийн адгийн залхуу хүнээс бусад бүх хүний нэг эрхэм зорилго бол аль болох бага хугацаанд аль болох их юм хийх явдал байдаг. Иймийн учир хүн өөрийн мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж байдаг, туршлага, дадлагатай болж байдаг, хөдөлмөрийн багаж зэвсгээ цаг ямагт сайжруулж байдаг юм. Ингэж хүн цаг ямагт хөгжиж байна. Энэ хүний хөгжлийн үр дүнд хүний хөдөлмөрийн бүтээмж6 дээшилж нийгмийн эдийн засаг хөгжинө. Энэ хүний хөгжил, нийгмийн эдийн засгийн хөгжлийн үр дүнд нийгэм дэвшин хөгжиж байдаг зүй тогтолтой. Ингэхлээр, нийгмийн оршин тогтнож, хөгжихийн үндэс нь эцсийн эцэст материаллаг баялгийн үйлдвэрлэл7 байдаг юм. Жишээлбэл, Монголын аж үйлдвэр, газар тариалан хоёр уналтын байдалд орсон үед Монгол Улсын хөгжил ухралтад орсон. Харин одоо үйлдвэр, газар тариалан сэргэн хөгжихийн хамтад манай эдийн засаг, улмаар манай улс хөгжиж эхэлж байна.
Нийгэм хөгжих тутам нийгмийн хөгжил түргэсэж байдаг. Үлгэрлэвэл: дээр үед Монгол Улс явган хүн шиг, дараа нь атан тэмээний алхаа шиг удаан хөгжиж байсан бол одоо автомашин шиг хурдан болж байна. Яваа яваандаа агаарын хөлөг шиг дүйлэн хөгжих болно доо.
Тайлбар: 1 Нийгмийн харилцаа гэдэг нь нийгэм дотор хүмүүсийн хооронд тогтож байгаа харилцаа юм. 2 Айл, өрх, гэр бүл гэсэн ойлголтууд нэг маягийн ойлголт юм. Өрх гэвэл, нийгмийн чанартай юм уу, тоо бүртгэлийн чанартай ойлголт. Жишээ нь, Чингисийн үед 10 өрх аравт, 100 өрх зуут болж байсан. Нэг айлд хоёр юм уу, олон өрх байж болно. Жишээ нь, өрх тусгаарлаад айл болсон хүүхэд гэр оронгүй болоод хариу аавындаа ирээд байгаа нь нэг айлд хоёр өрх байна гэсэн үг. Харин гэр бүл гэдэг нь эхнэр нөхрийн буюу хүйсний харилцаагаар үүссэн, олон гишүүнтэй байж болох зүйл байхад өрх, айл мэт нь нэг хүнтэй байж ч болно. 3 Зүй тогтол гэдэг нь хууль, жам ёс маягийн ойлголт. 4 Бүлэг гэдэг нь нэг ижил эрх ашиг, сонирхолтой хүмүүсийн нэгдэж байгуулсан нэгдэл юм. Давхраа гэдэг нь өрнөдийн ойлголтоор эд баялаг, эрх мэдэл, нэр хүнд, боловсрол гэсэн дөрвөн үндсэн шинжээр ялгагдаж байгаа хүмүүсийн ялгаа юм. Анги бол нэг маягийн давхраа. Нийгмийн нийтлэг гэдэг нь овог, ястан, үндэстнийг хэлж байгаа юм. 5 Монгол хүмүүсийн нэгдэл нь Монголын нийгэм болдог, бас Монгол Улс болдог гэсэн утгаар авч үзвэл хойшид нийгэм улс гэсэн хоёр ойлголт ижил утгаар хэлэгдэх нь бий.6 Хөдөлмөрийн бүтээмж гэдэг нь нэг хүн юм уу, нэг үйлдвэр, аж ахуйн газрын нэгж хугацаанд, жишээлбэл, нэг цагт хийж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ юм. 7 Материаллаг баялгийн үйлдвэрлэл гэдэг бол эд баялаг үйлдвэрлэж байгаа үйл ажиллагаа юм.
3. Нийгмийн харилцаа
Холбоо, харилцааны ойлголт. Ертөнцийн1 юм, үзэгдэл өөр хоорондоо холбоотой байдаг. Ертөнцөд өөр юмтай холбоогүй юм, үзэгдэл гэж огт байхгүй. Холбоо гэдэг нь юмсын хоорондын харилцаа юм. Энэ холбоо хоёр янз байна. Нэгд, нэг юм, үзэгдэл өөр нэг юмтай холбогдсон зөвхөн нэг талын холбоо байна. Жишээ нь, бороо орох нь борооны үүлтэй холбоотой. Үүнд бороо нь борооны үүлтэй холбоотой байхад үүл нь бороотой холбоогүй. Хоёрт, харилцан холбогдсон холбоо байна. Ийм холбооны үед холбоотой юмс харилцан нэг нэгнээсээ хамаарч, нэг нэгэндээ нөлөөлж байдаг. Жэшээ нь, сургууль сурагч хоёрын холбоо нь харилцан холбоотой холбоо болж байна, сургууль байвал сурагч байна, сурагч байвал сургууль байна. Сургууль байхгүй болбол сурагч байхгүй болно, сурагч байхгүй болбол сургууль байхгүй болно. Ингэж нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлсэн, харилцан хамаарсан холбоог харилцаа гэнэ.
Нийгмийн харилцаа. Айлын ам бүлийн хүмүүсийн хооронд янз бүрийн харилцаа байдаг. Жишээ нь, аав хүүхдийн харилцаа, хүүхдийн өөр хоорондын харилцаа, хүүхдийн гэрийн өмч хөрөнгөтэй харилцаж байгаа харилцаа гэх мэт болно. Энэ айлд байдаг харилцаануудтай зүйрлэх замаар нийгмийн харилцаануудыг ойлгож болох юм. Дээр бидний авч үзсэн нийгмийн бүтцийн нэг бүрэлдэхүүнийг айлын нэг хүн мэтээр төсөөлж үзвэл айлын хүмүүсийн хоорондын харилцаа шиг нийгмийн бүтцүүд өөр хоорондоо харилцаатай байдаг. Жишээлбэл, өрхийн тэргүүн өрх хоёрын хоорондын харилцааг Монголын нийгэм гэсэн “том өрх айлд” аваачиж ойлговол Монголын төр Монголын нийгэм хоёрын хоорондын харилцаа болно. Ингэхлээр, нийгмийн бүтцийн юм, үзэгдлийн хоорондын холбоог нийгмийн харилцаа гэж ойлгож болно. Нийгэм дотор амьдарч байгаа хүн бусад хүн, нийгмийн бүх юм, үзэгдэлтэй байнгын харилцаа холбоонд орж байдаг. Жишээ нь, гэр бүлийн харилцаа, өмчийн харилцаа, хүнээс нийгэмтэйгээ харилцах харилцаа, нам, төртэй харилцах харилцаа, байгальтай харилцах харилцаа, амьтантай харилцах харилцаа, хөдөлмөртэй харилцах харилцаа гэх мэт болно. Хүн бол нийгмийн амьтан, гагцхүү нийгмийн дотор байсны хүчинд хүн болдог. Ингэж нийгмийн дотор хүнд нөлөөлж хүнийг жинхэнэ хүн болгож төлөвшүүлдэг гол зүйл бол нийгмийн харилцаа юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаа хүнд сайн, саар янз бүрээр нөлөөлнө. Тэр сайн нөлөөг тусган авч, саарыг нь өөрөөсөө зайлуулж чадсан хүн сайн хүн болно. Ийм болохоор сурагч хүн нийгмийн олон янзын харилцаанаас сайн муугий нь ялгаж сайн харилцаанд нь орж саар харилцааны нөлөөнөөс зайлсхийж сурах ёстой юм. Жишээ нь, гэр бүлийн дотор аав, ээж, ах, эгчээ хүндэтгэж тэдний сургаалыг авч ”Ах нь сургадаг, дүү нь сонсдог ёсыг” дагаж байх, бусадтай эвсэг, бусдын сургамж, үгийг дуулдаг дуулгавартай, гэрийн дотор үүрэх ёстой үүргээ хэнээр ч хэлүүлэхгүйгээр үүрч сурах зэрэг болно. Хаана ч явсан бусад хүнтэй хүний ёсоор найрсаг харилцах, хүнийг ялгаварлаж алаглан үзэхгүй байх, “Бусдын тус бүтвэл өөрийн тус бүтнэ” гэсэн монгол ёсыг дагаж бусадтай харилцах, бусадтай хамтран ажиллах зэргээр харилцаж сурах нь сайн хүн болохын нэг шинж мөн. Нам, төртэй харилцах талаар бол нам, төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны “Учры нь олж, хужры нь тунгаах” замаар сайтар бодож, зөв бурууг нь мэдэж байж зөвийг нь аль болохоор дэмжих, буруугий нь буруушааж сурах, нам, нийгмийн бүлэг, хувь хүн зэргийн аливаа этгээдийн буруу үгэнд хуурагдахгүй байх нь чухлаас чухал болно. Өмч хөрөнгөтэй ариг гамтай, өөриймсөг харилцаж байх. Зарим хүүхэд өрөөлийн юманд өөриймсөг бусаар харилцдаг билээ. Жишээ нь, гэрийнхээ ширээн дээр юм бичдэггүй мөртлөө сургуулийн ширээн дээр юм бичихээр үл барам “сийлбэр” сийлдэг, тоглоомын талбайн юмыг зориуд эвдэж сүйтгэдэг, автобусны сандлын бүрээсийг “иддэг”, байшингийн хана туурга дээр зүсэн бүрийн юм эрээчдэг мэтийн тоо томшгүй буруу үйлдэл хийж байдаг, хүний гар бүтээдэг шинжтэй байтал эвдэж сүйтгэдэг гартай болчихсон юм шиг аашилдаг. Байгальтай харилцах талаар бол байгалийн юмыг авч ашиглахдаа ариг гамтай нөхөн үржих, ургах бололцоогий нь эвдэхгүй, бохирдуулахгүй, хордуулахгүй өөриймсөг харилцаж байвал байгаль өгөөжөө дахин дахин хайрлаж байдаг жамтай. Жишээ нь, монгол ойлголтоор “чоно нэгийг идэхийн оронд мянгад ам хүрсэн нь дээр” гэсэн шинжтэй байдаг бол монгол анчин “чоно биш болохоороо” зээр агнахдаа эрийг нь буюу оонийг агнахаас биш, шаргачинд гар хүрдэггүй, ирэх жил над дахин янзгага төрүүлж өгнө гэдэг утгаар ханддаг заншилтай. Гэтэл зарим нэг “чоно” шиг ухамсартай этгээд самар түүхдээ, эмийн урагамал түүхдээ, “Алтыг нь авахдаа, авдрыг нь яаж хаядгийг” нүдээр үзэж, чихээр сонсож байдаг билээ. Хөдөлмөр бол хүний амьдралын үндэс байдаг болохоор хөдөлмөрийг сайн муу, алдартай, алдаргүй, хар бор гэж ялгахгүй хийж сурах, хөдөлмөр хийхийн тулд яаж хийдэг арга ухаанд суралцах, хөдөлмөрийн дадлага эзэмших, хүнээр хэлүүлэхгүй хийх ёстой юмаа хийж байх заншилтай болбол ирээдүйдээ сайхан, хүн шиг амьдрах болно гэдгийг одооноос сайтар яс махандаа шингэтэл ухаарах ёстой юм.
Хүн хөдөлмөрийн үр дүнд, өөрөөр хэлбэл, хөдөлмөр хийсний үр дүнд үүссэн гэж шинжлэх ухаан баталдаг. Ингэхлээр, орчин үед хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр хийхгүй, бусдын хүчээр амьдарч байгаа хүн бол үндсэндээ хүн дүртэй “шимэгч амьтан”, тэгэхдээ гэрт байдаг хар ялаанаас долоон дор “амьтан”, яагаад гэвэл муу хар ялаа хүртэл өөрөө хоолоо олж идэж, өөрийн хүчээр амьдардаг билээ.
Нийгмийн юм, үзэгдэл маш их олон янз байдаг болохоор нийгмийн харилцаа нь маш их олон янз байна. Нийгмийн амьдралыг ерөнхийд нь эдийн засгийн, улс төрийн, оюун санааны амьдрал гэж гурван хүрээнд хувааж авч үздэг. Үүний дагуу нийгмийн харилцааг эдийн засгийн, улс төрийн, оюун санааны харилцаа гэж ерөнхийд нь хуваана. Жишээ нь, эдийн засгийн харилцаа гэдэгт өмчийн харилцаа, хуваарилалтын харилцаа гэх мэтийн олон янзын харилцаа орно.
Тайлбар: 1 Ертөнц гэдэг нь байгаль, нийгэм, хүний юм, үзэгдлийн нийлбэр цогцос юм.
4. Нийгмийн тухай олон янзын ойлголт
Нийгэм нь маш их олон янзын бүтэцтэй, нийгмийн амьдрал нарийн, олон талтай байдаг. Үүнээс болоод нийгэм, түүхийг үзэх олон янзын үзэл гарч байсан, одоо ч нийгмийг эрдэмтэн мэргэд янз бүрээр тайлбарладаг, нэг нэгдсэн ойлголт байхгүй. Энэ олон янзын ойлголтоос түгээмэл шинжтэй ойлголт гэвэл:
1. Нийгмийн хөгжлийн дагуу нийгмийн бүтэц улам бүр олон талтай болж нарийсан хөгжиж байдаг. Энэ нийгмийн бүтэц энгийн байсан уу, нарийн болсон уу гэдгээр нь нийгмийг энгийн нийгэм, нийлмэл нийгэм гэж хуваана.
Энгийн нийгмийн онцлог гэвэл, хүмүүс нь мах цусан төрлийн холбоогоор1 холбогдсон, нийгэм нь одоогийнх шиг улс улсаар биш, харин овог, аймгаар2 зохион байгуулагдсан, төргүй, нийгмийг овог юм уу, аймгийн ахлагч удирддаг, нийгмийн хөдөлмөрийн хуваарь3 гараагүй, өмчийн ялгаагүй4 нийгэм байсан.
Нийлмэл нийгмийн онцлог гэвэл, нийгэм тусгай тусгай улс болон зохион байгуулагдсан, нийгмийг төр удирддаг, хүмүүс улсын иргэн болсон, хүмүүсийн хооронд хөдөлмөрийн хуваарийн, өмчийн, баян хоосны, эрх мэдлийн зэрэг ялгаа гарсан, нийгэм маш их олон янзын бүтэцтэй болсон зэрэг болно.
Тэгвэл энгийн нийгэм нь улс, төр үүсээгүй үеийн буюу овог, аймгийн үеийн нийгэм юм. Харин нийлмэл нийгэм нь улс, төртэй үеийн нийгэм гэж ерөнхий байдлаар ойлгож болох юм.
2. Америкийн эрдэмтэн Морган нийгмийг соёл, иргэншлийн хөгжлөөр нь Зэрлэг үе, Бүдүүлэг үе, Соёл-иргэншлийн5 үе гэж гурав хуваасан. Зэрлэг үе гэдэг нь хүн үүссэн үеэс шинэ чулуун зэвсгийн үе. Бүдүүлэг үе нь хүрэл, төмөр зэвсгийн үе. Соёл-иргэншлийн үе бол нийгэм соёлжсон, хүн иргэншиж улсын иргэн болсон үе юм.
3. Германы эрдэмтэн К. Маркс нийгмийг нийгэм-эдийн засгийн хөгжлөөр нь ангилж формацийн6 онол гаргасан. Энэ онолоор бол нийгмийн оршин тогтнож хөгжихийн үндэс нь материаллаг үйлдвэрлэл байдаг. Энэ материаллаг үйлдвэрлэл нь үйлдвэрлэлийн тодорхой аргын8 байдлаар байна. Үйлдвэрлэлийн арга нь үйлдвэрлэх хүчний9 хөгжлийн дагуу өөрчлөгдөн солигдож байдаг. Ингээд хүний нийгмийн хөгжлийн дагуу үйлдвэрлэлийн таван арга, түүний дагуу таван нийгэм гарсан гэж үзжээ. Ийм таван нийгэм гэвэл: Хүй нэгдлийн, Боол эзэмших, Феодалын, Капиталист, Коммунист нийгэм юм гэж үзнэ.
4. АНУ-ын эрдэмтэн Ростоу нийгмийн хөгжлийг техник, эдийн засгийн хөгжлийг үндэс болгож Эдийн засгийн өсөлтийн онол гаргасан. Ростоу өнөө хүртэлх нийгмийг 5 шат болгож хуваасан үүнд: нэгдүгээр шатыг “Уламжлалт нийгэм” гэж нэрлэсэн бөгөөд энэ үед нийгэмд шинжлэх ухаан, техникийн үүрэг тун сул байсан. Хоёрдохь шат нь “Шилжилтийн нийгэм”. Энэ бол эдийн засгийн үсрэлт хийх нөхцөл бүрдсэн үе юм. Гуравдахь шат нь “Эдийн засгийн үсрэлтийн үе”. Энэ бол аж үйлдвэрийн хувьсгал10 хэрэгжсэн үе юм. Дөрөвдүгээр шат бол “Боловсорсон шат”. Тавдахь нь “Бүх нийтийн хэрэглээний шат”. Энэ шатанд хүмүүсийн хэрэглээ бүрэн хангагдсан байх бөгөөд эд баялгийн үйлдвэрлэлд санаа зовох явдал үгүй болсон байна гэж үзсэн.
5. Нийгмийг соёл, иргэншлийн9 хөгжлөөр нь ангилдаг Соёл-иргэншлийн онол гэж байдаг. Энэ онолыг үгийн гарлаар авч үзвэл XYIII зууны үед латин хэлний иргэний, улсын гэсэн утгатай үгнээс үүссэн байна. Соёл-иргэншлийн онол нь хүн төрөлхтний нийгмийн түүх бол биеэ даасан тусгай тусгай соёл-иргэншлийн үүсэл, мөхлийн түүх юм гэж үздэг. Томоохон соёл-иргэншил гэвэл: Хятадын, Дундат Азийн, Грек-Ромын, Өрнө дахины гэх мэт соёл-иргэншил байна. Соёл-иргэншил бүхэн өөр өөрийн өвөрмөц шинж, онцлогтой байдаг. Соёл-иргэншлүүд бие биеэсээ үл хамаарах, нэгдмэл биш, саланги саланги үйл явц юм гэж энэ үзлийн төлөөлөгчид үздэг байна.
6. Нийгмийн хөгжлийг техник, аж үйлдвэрийн хөгжлийн түвшингээр нь ангилдаг Технократын онол гэж байна. Энэ онол нийгмийн хөгжлийг 1. Бүдүүлэг үе, 2. Аж үйлдвэржилтийн өмнөх үе, 3. Аж үйлдвэрийн хувьсгалын үе, 4. Аж үйлдвэржилтийн дараах үе гэж ангилна.
7. Сүүлийн үед нийгмийг нарийсан хөгжиж ирсэн байдлаар нь Уламжлалт нийгэм, Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгэм, Аж үйлдвэржсэний дараах нийгэм гэж гурав ангилдаг үзэл гарсан. Уламжлалт нийгэм гэдэгт гол нь аж үйлдвэр үүсэхээс өмнөх нийгмийг оруулж байгаа юм. Орчин үеийн нийгэм нь аж үйлдвэр хөгжсөн буюу хүний амьдралын үндэс нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүн болсон үе байна. Аж үйлвэржсэний дараах нийгэм нь мэдлэг, мэргэжил, шинжлэх ухаанд тулгуурласан нийгэм байна гэж үздэг. Орчин үеийн нийгмийн гол зорилго нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал байдаг бол аж үйлдвэржсэний дараах нийгмийн гол зорилго нь мэдлэг үйлдвэрлэх явдал байна гэдэг юм.
8. Орчин үед өрнөдийн эрдэмтнүүд нийгмийн амьдралын үндэс гол нь юу байгаагаар нь нийгмийг Түүврийн болон агнуурын, Цэцэрлэгийн буюу энгийн тариалангийн, Хөдөө аж ахуйн, Аж үйлдвэржсэн, Аж үйлдвэржсэний дараах нийгэм гэж тав хувааж байна.
Хүний амьдралын үндэс нь байгалиас түүж авдаг жимс, ногоо, ан агнуур болж байсан үеийг Түүврийн болон агнуурын нийгэм гэж байна. Түүврийн болон агнуурын нийгэм манай тооллын өмнөх 50 000 жилийн тэртээгээс үүссэн гэж үздэг. Энэ нийгмийн үед чулуун сүх, жад, хутга хэрэглэн нүүдлэн амьдардаг байжээ.
Харин жимс, ногоо, тариа тарьж амь зуудаг нийгмийг Цэцэрлэгийн буюу энгийн тариалангийн нийгэм гэнэ. Цэцэрлэгийн буюу энгийн тариалангийн нийгэм манай тооллын өмнөх 12 000 жилийн үеэс үүссэн гэнэ. Энэ бол төмөр зэвсэг үүсээгүй үе байсан учир чулуун зээтүү хэрэглэж тариа тарьдаг байжээ.
Газар тариалангаас гадна мал аж ахуй эрхэлж амь зуух болсон үеийг Хөдөө аж ахуйн нийгэм гэж нэрлэжээ. Энэ нийгэм манай тооллын өмнөх 6 000 жилийн өмнөөс үүссэн гэж тоолж байна. Энэ нийгэм анх Эртний Египетэд үүссэн. Газар тариаланд төмөр анжис, малын хүч хэрэглэх болсны үр дүнд хөдөө аж ахуйн нэмүү бүтээгдэхүүн11 үйлдвэрлэх болжээ. Үүний үр дүнд худалдаа, гар урлал хөгжиж, хот, мөнгө, бичиг үсэг үүссэн байна. Нийгмийг нэгэнт төр удирдан зохион байгуулах болсон учир ураг төрлийн холбоо хэрэггүй болжээ.
Аж үйлдвэржсэн нийгэм XYIII зууны сүүлчээр анх Англи Улсад үүсэж улмаар Европ, Азийн хөгжингүй орнуудад үүссэн байна. Аж үйлдвэржсэн нийгмийн үед үйлдвэрлэлийн технологи боловсронгуй болсны үр дүнд буюу дулааны, улмаар цахилгаан, атомын эрчим хүч ашиглаж маш их нэмүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон.
Аж үйлдвэржсэний дараах нийгэм ХХ зууны 70-аад оноос аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй орнуудад үүсэж эхэлсэн гэж үзэж байна.
Тайлбар: 1 Мах цусан төрлийн холбоо гэдэг нь төрлийн холбоо гэсэн үг. Нэг эх юм уу, нэг эцгийн хүүхдүүд мах цусан төрөл болно. 2 Овог, аймаг гэдэг нь эхийн эрхт ёсны үед нэг эхээс, эцгийн эрхт ёсны үед нэг эцгээс гарсан хүүхэд, ач гуч нар нэг овог болж аж төрдөг байсан. Овог нь барцаалбал 40-50 хүнтэй байжээ. Хүн ам өсөөд ирэхэд нэг овог олон төрөл овог болон хуваагдаж олон овог үүссэн. Энэ төрөл овгууд нэгдэж аймаг болжээ. Чингис гарч ирсэн үед монголчууд Найман аймаг, Ойн аймаг гэх мэтийн аймаг аймгаар оршин сууж байсан. 3 Нийгмийн хөдөлмөрийн хуваарь гэдэг нь хүмүүс өөр өөр ажил, мэргэжилтэй болсныг хэлнэ. Нийгмийн хөдөлмөрийн анхны том хуваарь бол газар тариалан мал аж ахуй хоёр салж хөгжсөн хөгжил юм. Дараа нь оюуны хөдөлмөр биеэ даасан хөдөлмөр болсон. Хөдөлмөрийн хуваарь гараагүй гэдэг нь хүн бүхэн ижил юм хийдэг үе. Жишээ нь, эрэгтэй хүн бүхэн газар нутгаа хамгаалах утгаар цэрэг, ан хийх утгаар анчин байхад эмэгтэй хүн бүхэн ижилхэн жимс, ногоо түүгчид, гэрийн ажил хийгчид байна. Нийгмийн хөдөлмөрийн хуваарь гарсан үед эрэгтэй, эмэгтэй ялгаагүй нэг хэсэг нь мал аж ахуй эрхэлж байхад нөгөө нь газар тариалан эрхэлж байх жишээтэй. 4 Өмчийн ялгаагүй гэдэг нь бүх хүн цөмөөрөө нийт дундын нэг өмчтэй буюу хувь хүн өөрийн гэсэн өмчгүй байсан үе. 5 Соёл-иргэншил гэдэг нь нийгэм адгуусан амьтных шиг зөн билгийн хүчээр биш, харин оюун ухааны хүчээр зохион байгуулагдаж хөгжих болсон, хүн нь овгийн гишүүн биш, харин нийгмийн буюу улсын иргэн болсон гэдэг утгаар гарсан нэр томъёо.6 Формаци гэдэг нь форм-хэлбэр гэсэн үгнээс үүссэн, нийгэм тодорхой нэг хэлбэртэй болсон гэсэн утгатай боловч монголоор нийгмийн байгуулал гэх нь зүйтэй. 7 Үйлдвэрлэлийн арга гэдэг бол нэг талаас ажил хийгч хүн нөгөө талаас хийх ажил хоёрыг холбож байгаа арга юм. Жишээ нь, Хүй нэгдлийн үед өмч нийтийнх байсан учир хүмүүс өөрийн юмаа хийж байгаа юм шиг ажиллаж байсан бол өмч хувийн болсон үед өмчтэй хүн өмчгүй хүнийг хөлслөн авах аргаар ажиллуулна. 8 Үйлдвэрлэх хүчин гэдэг нь ажил хийж байгаа хүн, ажлын багаж зэвсэг, хөдөлмөрийн зүйл гурав юм. Үйлдвэрлэх хүчний хөгжил гэвэл үндсэндээ энэ гурван зүйлийн хөгжил. 10 Аж үйлдвэрийн хувьсгал гэдэг нь машинт үйлдвэрийн хөгжлийг хэлнэ. 11 Нэмүү бүтээгдэхүүн гэдэг нь өөрийн хэрэгцээгээ хангасны дараа үлдэж байгаа буюу өөрийн хэрэгцээнээс илүү гарч байгаа бүтээгдэхүүн юм.
5. Иргэний нийгэм
Монгол Улсын үндсэн хуульд Монгол Улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм1 цогцуулан хөгжүүлэхийг зорьж байгааг заасан байдаг. Энэ зорилгыг ойлгохын тулд иргэний нийгэм гэж ямар маягийн нийгэм байдгийг авч үзье. Иргэний нийгэм гэдгийг эхлээд өрх айлаар зүйрлэж үзье. Хүн бүхэн нь ажилсаг, ааш зан сайхан, бусдаар хэлүүлэхгүй хийх ажлаа хийгээд эрх чөлөөгөө эдлээд байдаг болохоор хэл ам, хэрүүл гардаггүй, их эвсэг, өрхийн тэргүүн нь бусадтайгаа зөвлөөд гэр орныхоо асуудлыг шийдээд байдаг, гэрийн хэрэгт их бага гэхгүй хүн бүхэн тэгш эрхтэй оролцдог, хүн бүхэн нь ажилсаг болохоор өрхийн орлого сайн, элбэг хангалуун амьдралтай, энэрэл хайраар бялхсан сайхан айл байдаг. Иргэний нийгмийг тун энгийн байдлаар ойлгоё гэвэл ийм айл гэсэн үг.
Иргэний нийгэм гэдэг ойлголт. Нийгмийн хөгжлийн эхний шат нь хүй нэгдлийн нийгэм байсан. Энэ нийгмийн үед хүмүүс мах цусан төрлийн холбоогоор холбогдож овог, аймгаар аж төрж байжээ. Хүн нь овгийн гишүүн хүн байжээ. Тэгээд нийгэм хөгжиж улс үүссэн. Тэр улсыг захирсан төр үүссэн байна. Энэ үеэс янз бүрийн овог, аймгийн хүмүүс нэг улсын захиргаанд орж улсын иргэн болж хувирчээ. Ингэж хүн нийгмийн, тэгэхлээр улсын иргэн болсон нийгмийг хүн иргэншсэн, нийгэм нь хүнийхээ төлөө байдаг гэдэг утгаар иргэний нийгэм гэсэн ойлголт гарч ирсэн. Ингэж авч үзвэл улсын иргэдийн нэгдэж үүссэн нийгмийг иргэний нийгэм гэж байгаа юм.
Иргэний нийгмийн үндсэн шинж. Энэ иргэний нийгмийн үүсэж, оршин тогтнож, хөгжихийн үндэс нь материаллаг үйлдвэрлэл, шинжлэх ухаан, соёл, боловсролын хөгжил, бас хүн өөрийн нь хөгжил юм. Иргэний нийгмийн гол зүйл нь хүн. Ингэхлээр, иргэний нийгмийн хөгжлийн хэмжээ нь нэгд, нийгмийн хөгжлийн хэмжээгээр, хоёрт, хүний хөгжлөөр харагдана. Өөрөөр хэлбэл, нийгмийн талаас нь авч үзвэл хүн бүхэнд сайхан амьдрах бололцоо, эрх чөлөө олгосон, энэрэнгүй ёстой, хүний талаас нь бол хүн бүхэн ийм нийгмийн иргэн болоод явж чадах хөгжилтэй, өндөр боловсрол, соёлтой болсноор юуны өмнө харагдана. Иргэний нийгмийн хөгжлийг хүний насны хөгжлөөр баримжаалах юм бол дээр үеийн нийгэм нь балчир хүүхэд шиг байсан бол өнөөгийн нийгэм нь монгол ойлголтоор бол “Дөч хүрсэн эр, дөрвөн настай ат” шиг юмаа. Одоо манай улсын зорилт бол өнөөгийн хөгжингүй2, ардчилсан улсуудын маягийн иргэний нийгэмд юуны өмнө хүрэх явдал болно.
Иргэний нийгмийн хөгжил хүний хөгжлөөр харагддаг болохоор хүүхэд бүр, сурагч бүр иргэний нийгмийн үед аж төрөх хүн болж бэлтгэгдэх ёстой. Иргэний нийгмийн үеийн хүн нь өндөр соёл, боловсролтой, нийгмийн хөгжлийн шаардлагад тохирсон мэргэжилтэй, тал бүрийн хүмүүжилтэй, нийгмийн үүргээ биелүүлж байж эрхээ эдэлдэг, өөрөөр хэлбэл, иргэний нийгмийн дотор аж төрж чаддаг болж төлөвшсөн байх учиртай. Хүн нийгмийн гишүүнийхээ хувьд нийгмийн үүргээ үүрч байж эрхээ эдэлнэ. Нийгмийн үүрэг гэдэг нь юуны өмнө чадлынхаа хэрээр нийгэмд хүчээ өгөхийг хэлнэ. Хүн бусдын хүчээр, нийгмийн хүчээр амьдрах ёсгүй. Бас хүн нийгмийн дэглэм, журмыг хэнээр ч хэлүүлэхгүй сахиж байх үүрэгтэй. Гэтэл орчин үед эрх чөлөө гэдгийг үүрэг үүрэхгүйгээр эдлэхийг хүсэгчид бий болж байна. Жишээ нь, ажил хийсэн хүн хоол идэх эрхтэй болно. Нийгмийн үүргээ биелүүлсэн хүн нийгмийн эрхээ эдэлнэ. Ажил хийсэн хүн амрах эрхтэй болно, ажил хийгээгүй байж амрана гэвэл энэ нь хүний ёс биш болно. Нийгмээс олгосон сурах эрхийг эдэлж байгаа бол хариуд нь суралцах үүргээ биелүүлэх, суралцаад нийгэмдээ хүчин зүтгэх замаар нийгмийн үүргээ биелүүлэх учиртай. Эрх үүргийн уялдаа холбоо гэвэл ийм байна. Бас эрх чөлөө гэдгээр түрүү баригчид байдаг. Би эрх чөлөөгөө эдэлж байна гэж хашгирагчид байдаг. Жишээ нь, одоо “Би үг хэлэх, цуглаан, жагсаал хийх эрх чөлөөтэй” гэх мэтийн үг хэлж, “Би ард түмний эрх ашгийг хамгаалж байна” гээд олон түмнийг үймүүлэгчид хэт олширч байна. Манайх шиг үргэлж жагсаал, цуглаан хийсэн, өлсгөлөн зарласан, өөрөөр хэлбэл, хүссэн бүхэндээ хүрэхийн тулд юуны түрүүнд гэдрэгээ хараад тийчлээд хэвтчихдэг айлын танхил балчир хүүхэд шиг иргэн олонтой улс орон дэлхийд байдаггүй юм шиг байна.
Эрх чөлөө гэдэг нь бусдад саад болохгүйгээр дуртай юмаа хийхийг хэлдэг. Бусдад саад болж байгаа “эрх чөлөө” бол эрх чөлөө биш, дураараа дургиж “бусдын дунд чөмгөөр бүрээ хийж үлээж байгаа явдал” болно. Эрх чөлөөг эдэлж чаддаг хүнд эдлүүлэхээс биш, эдэлж чаддаггүй хүнд эдлүүлдэггүй юм. Ийм учраас эрх чөлөөг эдэлж чадахгүй хүний эрх чөлөөг хасдаг хууль, шийтгэх ёс нийгэмд байдаг.
Иргэний нийгэм бол эдийн засгийн талаас аваад үзвэл өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засагтай нийгэм байна. Иргэний нийгэм хөгжих гол үндэс бол эдийн засгийн хөгжил, өөрөөр хэлбэл, хүн бүхнийг элбэг дэлбэг амьдрах бололцоотой эд хөрөнгөтэй болсон байх явдал юм. Энэ утгаар авч үзвэл өнөөгийн манай улсын гол зорилго бол юуны өмнө эдийн засгаа хөгжүүлж байж сая баян тансаг амьдралтай иргэний нийгэмд хүрнэ.
Иргэний нийгэм нь нийгмийг удирдаж байгаа талаас аваад үзвэл нь ардчилсан ёсоор байгуулагдсан, засгийн эрх мэдлийг тэнцүү ёсоор хуваарилсан эрх зүйт төртэй нийгэм юм.
Иргэний нийгмийг удирдах, зохион байгуулахад иргэд өөрсдийн нь байгуулсан сайн дурын байгууллагууд3 их үүрэгтэй байна. Энэ сайн дурын байгууллагууд иргэний болон улс төрийн өргөн эрхтэй, төрийг удирдахад идэвхтэй оролцдог, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, нийгмийн олон талт хэрэгцээнүүдийг хангасан, иргэдийн эрх ашиг, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Тэгвэл иргэний нийгэм нь иргэдийн сайн дурын байгууллагууд нийгмиййг удирдахад оролцож байдаг нийгэм юм байна.
Ардчиллын хөгжлийн үр дүнд иргэний нийгэм гарч ирнэ. Ийм учраас иргэний нийгмийн үед хүн төрөлхийн эрхийнхээ дагуу амьдрал, үйл ажиллагаагаа сонгож авна, бүх хүн хуулийн өмнө адил тэгш эрхтэй байна, нийгмийн шударга ёсыг эрхэмлэнэ. Ингэхлээр, иргэний нийгэм бол иргэд нь ижил тэгш эрхтэй, ардчилсан, эрх чөлөөт нийгэм юм.
Тайлбар: 1 Хүмүүнлэг гэдэг нь юуны өмнө хүний төлөө санаа тавьдаг, өрнөдийн хэллэгээр бол хүн төвтэй нийгэм гэсэн үг. Иргэн гэдгийг ард түмэн гэсэн утгаар ойлгож болох юм. Тэгвэл иргэний ардчилсан нийгэм гэдгийг ард түмэнд ардчилал олгосон, ард түмний ардчилсан нийгэм гэсэн санаа. 2 Хөгжингүй улс гэдэг нь өнөөгийн өндөр хөгжилтэй улсыг хэлж байгаа юм. Өнөө үед улсуудын хөгжлийг хөгжингүй, хөгжиж байгаа, буурай хөгжилтэй гэж гурав хуваадаг. Манай улс буурай хөгжилтэй орны тоонд ордог. 3 Иргэдийн сайн дурын байгууллага гэдэг нь иргэд өөрсдөө нэгдэж байгуулсан Монголын үйлдвэрчний холбоо, Монголын залуучуудын холбоо гэх мэтийн байгууллагууд юм. Ийм байгууллагыг олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллага гэх мэтээр бас нэрлэнэ.
6. Нийгмийн институт
Нийгмийн институт гэсэн ойлголт. Сүүлийн үед монголын албан ёсны хэллэгт “Институт” гэдэг ойлголт орж ирж өргөн хэрэглэгддэг болж байна. Энэ “Институт” гэдэг нь латин хэлний байгууламж, байгууллага гэсэн утгатай institutum гэдэг үгнээс үүссэн бөгөөд монгол хэллэгээр бол байгууллага, зохион байгуулалт гэсэн утгатай юм.
Нийгэм бол хүмүүсийн хамтын үйл ажиллагааны үр дүн байдаг. Ингэж хүмүүс хамтарч ажиллахын тулд тодорхой зохион байгуулалтад орох буюу байгууллага байгуулж ажиллахгүй бол болохгүй. Нийгмийн энэ хэрэгцээ шаардлагаас болж янз бүрийн институт үүсдэг байна. Тэгвэл институт гэдэг бол нийгмийн тодорхой нэгэн хэрэгцээг хангах үүрэг бүхий зохион байгуулалт,байгууллага юм. Жишээ нь, үндсэн хууль гэвэл нийгэм, төрийн зохион байгуулалтыг зохицуулдаг институт, сонгуулийн хууль бол ард түмний нэрийн өмнөөс нийгмийг удирдах төлөөлөгчдөө шилж сонгох институт юм. Төр бол нийгмийг удирдан зохион байгуулдаг институт.
Нийгмийн институтын үүрэг. Нийгмийг бодистой зүйрлэвэл: бодисыг молекул бүтцийн талаас аваад үзвэл их олон молекулаас бүтсэн байдаг. Тэгвэл нийгмийг институт бүтцийн талаас нь аваад үзвэл маш их олон институтаас бүтсэн байна. Учир нь гэвэл: нийгмийн хэрэгцээ маш их олон янз байдаг. Энэ хэрэгцээ нэг бүрийг хангах институт байдаг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл нийгмийн хэрэгцээний тоогоор институт байдаг байна.
Институт нь нийгмийн тодорхой нэг хэрэгцээг хангахаар үүссэн байдаг болохоор нийгмийн тэр хэрэгцээг хангах үүрэгтэй, тэр үүргээ хэрэгжүүлэх арга хэрэгсэлтэй байдаг. Тэгэхдээ нийгмийн нэг хэрэгцээг зөвхөн нэг институт хангана гэж ойлгож болохгүй. Жишээ нь, хүнийг нийгэмшүүлэх үүргийг гэр бүл, сургууль гэх мэтийн олон институт гүйцэтгэж байдаг билээ. Жишээлбэл, боловсролын тогтолцоо бол боловсролын институт юм. Энэ нь нэг үеэс нөгөө үед соёлын үнэт зүйл болон мэдлэгийг дамжуулах зайлшгүй шаардлага бүхий үүрэгтэй. Эдийн засгийн институт бүтээгдэхүүн үйлдвэрлэж хуваарилдаг. Гэр бүл бол нийгэмд шинэ хүнийг бий болгож өгдөг үүрэгтэй институт юм.
7. Хүний нийгэмшил
Нийгэм, хүн хоёр. Хүн бол нийгмийн амьтан. Нийгэм хүмүүсээс бүрэлдэнэ. Хүн нийгэм хоёр хамт, бие биеэ нөхцөлдүүлж үүссэн. Хүнгүйгээр нийгэм байхгүй. Нийгэмгүйгээр хүн хүн болдоггүй. Ингэхлээр, хүн нийгэм хоёр харилцан нэг нэгээ нөхцөлдүүлсэн салшгүй хоёр зүйл юм.
Нийгэм хүн хоёрын холбоог нэгд хүний нийгэмшил, хоёрт хүний нийгмийн байр суурь гэсэн хоёр асуудлаар авч үзье.
Хүний нийгэмшлийн ойлголт. Хүн бол нэгд байгалийн амьтан, хоёрт нийгмийн амьтан. Ийм болохоор хүнд нэгд адгуусан амьтны буюу биологийн шинж байна. Хоёрт хүн нийгмийн амьтан болохоор хүний юм уу, нийгмийн шинж байдаг. Энэ хоёр шинжийн хүчээр хүүхэд хүн болно. Тэгэхдээ нийгэм бол байгалиас илүү хөгжилтэй хөгжлийн дээд шат юм. Ийм болохоор нийгмийн шинж нь хүнийг хүн болгож байгаа гол шинж болдог. Энэ нийгмийн шинжийг олж авах процессыг нийгэмших гэж ойлгож болно. Ийм нийгмийн шинж гэвэл: сэтгэхүй, хэл яриа, мэдлэг, боловсрол, мэргэжил, хүмүүжил, хөдөлмөрийн хүчээр амьдрах чадвар, зан заншил, нийгмийн дотор биеэ авч явах чадвар зэргийн, зөвхөн хүнд байдаг, адгуусан амьтанд байдаггүй шинж юм. Ингэхлээр, нийгмийн нөлөөний хүчээр хүн нийгмийн шинжийг олж авах процессыг хүний нийгэмшил гэнэ.
Хүний нийгэмшлийн орчин. Хүний нийгэмшлийг биологийн онолоор тайлбарлавал удамшил, хувьсал хоёр юм. Удамшил нь хүний биологийн шинжийг бүрэлдүүлнэ. Харин хувьсал нь хүний нийгмийн шинжийг бүрэлдүүлнэ. Хувьслыг бий болгодог гол зүйл бол орчны нөлөө байдаг. Хүн гэр бүл, нийгэм гэсэн хоёр орчинд амьдардаг билээ. Ингэж хүний нийгэмшилд гэр бүлийн орчин, нийгмийн орчин гэсэн хоёр орчин нөлөөлдөг байна.
Гэр бүлийн орчин бол хүүхдийн нийгэмших анхдагч орчин юм. Яагаад гэвэл: хүүхэд гэр бүлийн дотор үүсэж, өсөн торниж хүн болдгоор үл барам хүн насан туршдаа гэр бүлийн дотор амьдардаг билээ. Энд хүүхэд үүсэж гэсэн үгийг юуны учир оруулж байна вэ? гэвэл, Америкийн эрдэмтэд тамхи татдаг эмэгтэйгээс төрсөн хүүхэд “тамхи татъя” гэж уйлдаг болохыг тогтоосон юм гэсэн. Учир нь, эхийн хэвлийд байсан үр эхийн цусаар дамжин никитинд дасаж тэр никитинийг үгүйлж уйлдаг байна. Монгол заншлаар бол жирэмсэн эмэгтэйг их тайван байлгах, оршуулга мэтийн үй гашуудалд оролцуулдаггүй. Шинжлэх ухааны баталснаар, сайхан намуухан ая урагт тайвшруулах нөлөөтэй байдаг байна. Ингэж авч үзвэл хүүхдийн хүмүүжил буюу нийгэмшил эхийн хэвлийд байхаас эхэлдэг ажээ. Гэтэл зарим хүн хүүхдийг нялх юм, юмны учрыг ойлгох болоогүй гэсээр байж “Бяруу байж бухын гишгэдлээр гишгэнэ” гэгчээр “бухан бяруу“ болгочихдог. Монголын сургаалаар бол “Эх нь алаг бол унага нь шийр алаг” болдог, “Хулгайчаас хумсалддаг хүүхэд төрж болох” учраас “Өөрийгөө засаад гэрээ засах” ёстой, өөрөөр хэлбэл, өөрийнхөө муу хүмүүжлийг засаж байж хүүхэдтэй болж сайн хүн болгож хүмүүжүүлэх ёстой.
Аав, ээжээр үл барам гэрийн доторх бүх хүн, ах, эгч нар хүртэл хүүхдийг нийгэмшүүлэх үүрэгтэй. Хүүхдийн бага насанд томчуудын үлгэр дуурайл их чухал байдаг байна. Нэг хүн “Хүүхэд бүхэн математикч болдоггүй байхад хүүхэд бүхэн аав, ээж болдог” гэж хэлсэн нь гэр бүлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, өөрөөр хэлбэл, хүүхдийг нийгэмшүүлэх үүрэг хичнээн их болохыг харуулж байна.
Хүүхэд хөл, хэлэнд орж гэрээс гарч бусадтай харилцах болсон үеэс түүний нийгэмшилд үе тэнгийнхэн,найз нөхөд нөлөөлж эхлэнэ. Ийм болохоор хүүхэд чухам ямар хүнтэй нөхөрлөж байгааг эцэг, эх нь байнга анхаарч байх ёстой. Хүүхэд өөрөө хэнтэй нөхөрлөх, хэнээс хол явахаа өөрөө сайтар тунгаан бодож, “Сайнтай ханилбал сарны гэрэл, муутай ханилбал могойн хорлол” болдгийг ухаарч муугийн нөлөөнөөс цаг ямагт зайлсхийж явах ёстой.
Нийгмийн орчин бол хүнийг нийгэмшүүлэх хоёрдохь орчин юм. Хүүхдийн байгууллага, сургууль, янз бүрийн хамт олон, ажлын газар, үйлчилгээний байгууллага, нийтийн мэдээллийн хэрэгсэл мэтийн хүний харилцдаг бүх газар нь хүнийг нийгэмшүүлэх нийгмийн орчин болно. Нэг ухаантай хүний хэлснээр “Хүний мөн чанар бол нийгмийн харилцааны цогцос байдаг”. Нийгэм нь ямар байна хүн нь мөн тийм байдаг жамтай. Ийм болохоор өнөөгийн манай нийгэм бухимдуу байгаагаас болоод хүн ард нь бухимдуу байна. Нийгэм нь архинд “живж” байгаагаас болоод хүмүүс нь, ялангуяа залуу үе нь архичин болох нь газар авч магадгүй болоод байна. “Муугийн гай олонд” гэгчээр нийгмийн орчны муу нөлөө хүний нийгэмшилд их муу нөлөөтэй байдаг. Тэгэхдээ муу төлөвшсөн хүн буюу “муу” хүн муу нөлөөнд автдаг болохоор хэр баргийн нөлөөнд автахгүй “ноён нуруутай” хүн төлөвшүүлэх нь нийгэм болон гэр бүлийн эрхэм зорилго байдаг юм.
Гэр бүлийн дотор дан ганц гэр бүлийн орчин нөлөөлнө гэж бодож болохгүй. Нийгмийн орчны нөлөө гэр бүлийн дотор орж ирж нөлөөлсөөр байдаг. Жишээ нь, орчин үеийн мэдээллийн хэрэгсэл, ялангуяа телевизийн нэвтрүүлгийн нөлөө асар их болж байна. Орчин үеийн “мөнгө цагаан, нүд улаан” болсон нөхцөлд телевизийн нэвтрүүлэг, ялангуяа гадаадын зарим кино хүүхдийн сурлага, хүмүүжилд хэрхэн нөлөөлж байгааг анхаарах хэрэгтэй болж байна. Үүний нэгэн тод илрэл бол 2008 оны сонгуулийн дараа буюу долдугаар сарын нэгний өдөр МАХН-ын байр руу дайрсан балмад, монгол хүний толгойнд оромгүй, монгол ёс заншлаас гажууд халдлага байлаа. Энэ нь сүүлийн үед хүүхдийг зөв хүмүүжүүлэх буюу нийгэмшүүлэх ажил орхигдсон буюу Америк буюу Солонгос кинонд гарч байгаа шиг юм болсноос харахад хүнийг нийгэмшүүлэхэд орчин үеийн мэдээллийн хэрэгсэл ямар үүрэгтэй болсныг, нэг бизнесмений хэлснээр “манай залуу үеийг Америк, Солонгос кино хүмүүжүүлж байна” гэсэн үг ортой болохыг харуулах шиг боллоо.
Хүний нийгэмших процесс насан туршийн процесс байдаг байна. Хүний нийгэмших процессын нөлөөгөөр хүнд хувийн, нийгмийн, бие сэтгэхүйн зан төлөв тогтож нийгмийн тодорхой гишүүн болж хувирна. Хүний нийгэмшил хүнийг хэр зэрэг хүн болсныг харуулдгаараа бас хүний нийгэмд эзлэх байр суурийн нэг үзүүлэлт болдог юм.
8. Хүний нийгмийн байр суурь
Хүний нийгмийн байр суурийн ойлголт. Өрнөдийн нийгэм судлалд хүний социаль статус гэсэн ойлголт байдаг. Статус гэдэг нь латин хэлний байр, байдал гэсэн утгатай үг юм. Өрнөдийн энэ ойлголт манай “Хүний нийгмийн байр суурь” гэсэн ойлголттой тохирч байгаа юм.
Хүн бол нийгмийн амьтан. Нийгэм хүмүүсээс бүрэлдэнэ. Хүнгүйгээр нийгэм байхгүй. Хүн нийгмийн хүчээр хүн болдог. Хүн бол нийгмийн нэг гишүүн. Энэ хүн нийгэм хоёрын салшгүй холбооноос хүний нийгмийн байр суурь гэдэг ойлголт гарч байгаа юм. Хүн нэгэнт нийгмийн амьтан, нийгмийн хүчээр байдаг болохоор нийгэмдээ хүчин зүтгэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлсний хэр хэмжээнд тохирсон зүйлийг нийгмийн баялгаас хүртэнэ (цалин, хөлс авна). Мөн тэр хэмжээнд тохирсон эрх эдэлнэ. Ер нь хүн нийгмийн үүргээ үүрч байж нийгмийн эрхээ эдэлнэ. Үүрэг үүрэхгүйгээр эрх эдлэх ёсгүй. Нийгмийн үүргээ үүрч байж нийгмийн эрхээ эдлэнэ гэдэг бол хүний жинхэнэ шинж, адгууснаас ялгарах нэг шинж юм. Хүний нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, түүнд нь тохирсон эрх, энэ хоёрын үр дүнд хүнд олдож байгаа нэр хүнд гурваар хүний нийгэмд эзлэх байр суурь тодорхойлогдоно. Жишээ нь, багш сурагч хоёр өөр өөр үүрэг, эрх, нэр хүндтэй учир нийгэмд өөр өөр байр суурьтай байна.
Хүний байр суурь олон янз болох нь. Хүн нийгмийн дотор маш олон янзын харилцаанд орж байдаг. Үүнээс болоод хүний байр суурь нь нийгмийн олон янзын харилцаагаар тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, нэг харилцаанд нэг байр суурь нь илэрч байдаг бол өөр харилцаанд өөр байр суурь нь илрэнэ. Жишээ нь, нийгэмтэй харилцах харилцаагаар нь нийгмийн дотор эзлэх байр суурь илэрч байхад хамт олонтой харилцах харилцаанд хамт олны дотор эзлэх байр суурь, гэр бүлийн хүрээнд гэр бүлийн дотор эзлэх байр суурь илрэнэ. Ингэхлээр, хүний байр суурь маш олон янз байна. Хүн олон янзын байр суурьтай байдаг боловч түүний үндсэн байр суурь нь нийгэм дэх тухайн хүний байдлыг тодорхойлно. Хүний гол статус нь түүний эрхэлж байгаа ажил нь байдаг.
Хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг нь тэр хүний үүрэг гүйцэтгэх чадвартай нь холбоотой. “Уулын мод өндөр намтай байдгийн” нэгэн адил хүн бүрийн чадвар адил байхгүй. Хүний чадвар хоёр янз байдаг. Нэг төрөлхийн чадвар. Жишээ нь, бөхийн чадвар төрөлхийн шинжтэй. Бөх болох төрөлхийн чадваргүй хүнийг хичнээн сургасан ч бөх болохгүй. Хоёрт хүний үүрэг гүйцэтгэх чадвар сургалт, хичээл зүтгэлийн үр дүн байдаг. Энэ хоёроос үндэслээд хүний байр суурийг төрөлхийн, үүсмэл гэж хоёр хуваана. Төрөлхийн гэдэг нь аав, ээжээс заяасан авьяас чадварын үр дүнд үүссэн байр суурь юм. Энэ авьяас чадвараа эртээс таньж мэдээд зориудын сургалт, хичээл зүтгэлээр хөгжүүлэх юм бол сайн хүн, сайн мэргэжилтэн болно. Үүсмэл байр суурь гэдэг нь сургалт, хүмүүжлийн үр дүнд бий болсон байр суурь юм.
Ер нь гаднаас харахад ижил байр суурьтай хүмүүсийн байр суурь мөн чанартаа ялгаатай байдаг. Жишээ нь, хоёр багшийг өнгөцхөн харахад багш гэсэн ижил байр суурьтай байвч нарийн ажиглахад сайн, дунд, муугийн ялгаа байна. Сурагч хүн сурагч гэдэг утгаар ижил байр суурьтай боловч сайн сурагч, муу сурагч, бусдыг манлайлагч сурагч, бусдыг уруу татагч сурагч гэх мэтийн ялгаа гарна. Бас сургуульдаа сайн сурагчийн байр суурьтай хүүхэд гэртээ муу хүүхдийн байр суурь эзэлж байж болно.
Сурагч хүний байр суурь гэвэл: гэртээ айлын хүүхэд, ах, эгч, дүү, сургууль дээр бол сургуулийн сурагч, гадаа буюу нийгэм дотор бол нийгмийн гишүүн, нийгмийн хүүхэд, найз нөхдийн дунд бол найз нөхөр гэх мэт болно. Хаана ч үргэлж сайн байр суурьтай явдаг хүн байхад хаана ч муу байр суурь эзэлж явдаг хүн ч байдаг. Муу байр суурьтай хүн бусдад амьдралын садаа, ажлын садаа, хүний гологдол буюу оронцог болж бусдад төвөг учруулж байдгийг сурагч хүн амьдралаас олж харж хаана ч явсан сайн байр суурьтай хүн болж төлөвших ёстой. Ямар хүн болохоо амьдралаас олж харна гэдэг нь чамайг бусад хүн хэрхэн үнэлж, яаж хандаж байгааг гярхай олж хараад сайн явдал, сайн шинжээ бататгаж, бусдын буруушаасан зүйлийг гээж, сайн хүнээс үлгэр дуурайл авч, хүний уруу таталтад орохгүй байх зэрэг болно.
9. Хүн, байгаль, хүний нийгэм
Хүн, байгаль, нийгмийн хүйн холбоо. Хүн, хүний нийгэм нь байгалийн зүй ёсны хөгжлийн үр дүнд үүссэн. Байгаль, нийгэм, хүн гурвыг бие биеэс нь салгаж болохгүй. Байгаль бол хүний “ээж” нь, нийгэм бол хүний “орон гэр” нь юм. Нийгэм бол хүн байгаль хоёрыг холбогч хүйс нь юм. Ийм учир байгаль нийгэм хоёрыг хүйн холбоотой гэж ярих нь бий. Ингэж ярихийн учир гэвэл:
1. Хүн, нийгэм хоёр байгалийн дотор байдаг, байгалийн юм хэрэглэж амьдардаг. Байгаль бол хүн, хүний нийгмийн амьдралын байгалийн орчин нь юм. Байгаль бол хүний хоол хүнсний сан хөмрөг нь болдог байна.
2. Нийгмийн оршин тогтнож хөгжихийн үндэс нь материаллаг баялгийн үйлдвэрлэл байдаг. Энэ үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй бүх зүйлийг байгалиас нэг бол бэлнээр авна, эсвэл байгалийн юмаар бэлтгэж авна. Ингэхлээр, байгальгүйгээр нийгмийн оршин тогтнож хөгжихийн үндэс болсон материаллаг үйлдвэрлэл, ер нь хүний нийгэм, хүний нийгмийн амьдрал байх бололцоогүй болж байна. Нийгмийн баялаг бол байгалийн баялгийг хүн хөдөлмөрөөрөө өөрчлөн бий болгосон баялаг юм. Хүн байгалиас хоол хүнсний зүйл, үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй зүйлээ олж авдаг болохоор байгаль бол хүний амьдрал, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зайлшгүй чухал нөхцөл мөн.
Экологийн асуудал, түүний шалтгаан. 1. Байгаль нийгэм хоёр хүйн холбоотой болохоор бас харилцан хамааралтай. Хүн, хүний нийгэм хоёр байгалиас хамааралтай, байгальгүйгээр байх үндэсгүй гэдгийг бид түрүүн өгүүлсэн. Зөвхөн хүн, хүний нийгэм хоёр байгалиас хамаардаг биш, бас байгаль хүн, хүний нийгэм хоёроос хамаарна. Учир юунд байна вэ? гэвэл: хүн, хүний нийгэм хоёр байгалиас маш олон зүйлийг авч ашигладаг. Нийгэм хөгжих тутам нийгмийн хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байдаг зүй тогтолтой. Ингэхлээр, байгалиас авдаг нийгмийн зүйл нийгмийн хөгжлийн дагуу улам бүр өсөн нэмэгдэж байдаг байна. Байгалиас авдаг нийгмийн зүйл улам бүр өсөн нэмэгдэж байхад байгалийн баялаг хэмжээ хязгаартай учир байгалийн баялаг хомсдох, шавхагдах шинжтэй. Энэ бол экологийн асуудал гарах нэг шалтгаан юм. Жишээ нь, ерээд оноос эхлэн манай зарим хүмүүс байгалийг чадлынхаа хэрээр, хэмжээ хязгааргүй авч ашиглах эрднэсийн сан мэтээр үзэж ашиглах болжээ. Тухайлбал, эврийг нь авах гэж бугыг, заарыг нь авах гэж хүдрийг, арьсыг нь авах гэж тарвагыг яаж агнаж ирснийг, алтыг яаж ухаж авдрыг нь яаж хаяж байгаагаас байгаль хэрхэн сүйдэж байгааг та бид нүдээрээ харж, чихээрээ сонсож байгаа билээ. Ингэж байгальтай дан ганц хэрэглээний үүднээс, зөвхөн хувийн эрх ашгийн үүднээс харилцах болсон байна. Ингэж гол төлөв хүний буруу үйл ажиллагаанаас болж экологийн асуудал гарч байгаа юм.
2. Хүн байгалийн бүх юм, үзэгдэлтэй харилцан үйлчилцэж, байгалийн тун янз бүрийн нөлөөний дор аж төрдөг. Өөрөөр хэлбэл, хүн байгаль хоёр хүйн холбоотой болохоор хүн байгалийн хооронд байгалиас заяасан зохицол1 байдаг. Хүн байгалийн нөхцөлд, бие махбодийн хувьд, бас санаа сэтгэлийн хувьд дасан зохицсон үедээ сая амгалан тайван аж төрнө. Энэ зохицол алдагдаж байгаа нь экологийн асуудал гарах бас нэг шалтгаан болж байна.
Хүний байгалиас, оршин суух байгалийн орноос хамаарах хамаарал, байгальтай зохицох зохицол нийгмийн хөгжлийн дагуу өөрчлөгдөн хөгжиж иржээ. Нийгэм, ялангуяа үйлдвэрлэх хүчин хөгжих тутам хүн байгалийн эрхшээлээс улам бүр гарч тохилог нөхцөлд амьдрах, ажиллах болдог байна. Нөгөө талаас байгалийн улам бүр олон зүйлийг ашигладаг болж байгальтай улам бүр нягт, олон талын холбоотой болно. Энэ хэрээр улам бүр байгалийн эрхшээлд орж байдаг байна. Жишээ нь, төмөр ашигладаг болсноороо хүн байгальтай харилцах хүчин чадлаа асар ихээр нэмэгдүүлжээ. Үүний зэрэгцээгээр эргээд төмрийн хүдрийн нөөц, түүнийг олж ашиглах явдлаас хараат болсон байна. Төмөр багаж зэвсэггүйгээр байгальтай яаж харилцахыг, жишээлбэл, газар яаж хагалахыг, мод яаж огтолж ашиглахыг бодоод үзээрэй.
Энэ бүхнээс дүгнэлт хийж үзвэл хүн байгаль хоёрын зохицол алдагдаж хүний оршин байхуйд учрах аюул хямралын байдалтай болсныг экологийн асуудал гэж байгаа юм.
Экологийн асуудал юу юугаар илэрч байна вэ? гэвэл: байгалийн нөхөгдөшгүй баялаг, эрчим хүчний нөөцийн багасалтаар, ус, хөрс, агаарын бохирдолтоор, цэвэр усны нөөц багасаж байгаагаар, хөрсний эвдрэлээр, агаар мандлын химийн бүтцийн өөрчлөлтөөр, дэлхийн дулааны горимын өөрчлөлтөөр, байгалийн зохицол алдагдаж байгаа зэргээр илэрч байна.
Экологийн хямрал манай улсад гол төлөв бэлчээр талхлагдах, үлийн цагаан оготно, царцаанд идэгдэх зэргээр бэлчээрийн даац муудах, хөрсний эвдрэл ихсэх, нуур, гол, мөрний ус багасах, ширгэх, хуурайших, элсний нүүдэл хүчтэй болох, ган, зуд болох зэргээр илэрч байна.
Экологийн хямралын хор уршиг. Энэ экологийн хямрал улс орны эдийн засагт их хохирол учруулж байгаагаас гадна хүмүүсийн эрүүл мэнд, удамшилд, хөдөлмөрийн бүтээмж, бүтээлч идэвхэд туйлын муугаар нөлөөлж байна.
Нэгд, иймэрхүү байдлаар байгальтай зүй бусаар харилцсанаас болоод хүн байгаль хоёрын зохицол алдагдаж экологийн асуудал гэгч гарч иржээ. Экологийн асуудал нь байгалийн орчинд мэдлэггүй хандсанаас, мэдэж байсан ч хувийн эрх ашгийг бодох буюу ухамсаргүй, хариуцлагагүй хандсанаас болж гарч байна. Иймээс, хүн бүхний экологийн мэдлэг, ухамсар, хэрэглээний соёл, хариуцлага, энэрэнгүй, ёсзүйн болон гоозүйн үзлийг дээшлүүлж байж экологийн асуудлыг шийднэ. Жишээ нь, монгол хүн амьтан хамаагүй алаад байдаггүй, нойтон мод, өвс ургамал, цэцэг түүдэггүй, хугалж гэмтээдэггүй заншилтай. Ганган цоохор эрвээхий, сайхан цэцэг харсан монгол хүн яасан сайхан эрвээхий, ямар сайхан цэцэг вэ? гээд бахархан харж нүд хужирлаж, сэтгэлээ баясгаж байсан бол одоо эрвээхий үзэгдвэл ”Эрвээхий, эрвээхий суугаарай, би чамайг барьж амьдаар чинь номондоо хавчуулна” гэх маягаар дуулаад хөөцөлдөх, цэцэг үзэгдвэл түүдэг “өвчтэй” охид, тэр ч байтугай ээж нар, царцаа үзэгдвэл барьж аваад амьдаар нь “хутгыг нь сугалдаг” хөвгүүд харагдах болжээ. Зарим нэг хөвгүүд бусад хүүхдийн хувьд, дүү нарынхаа хувьд, амьтан адгуусны хувьд их хэрцгий хандах, аашлах нь өдрийн од шиг ховор боловч харагдах болжээ. Жишээ нь, хэдэн жилийн өмнө ийм хэрцгий хүмүүс Голын цэнгэлдэхэд, Улсын циркэд “Нохойн зодоон” (уул нь монгол ойлголтоор нохой зодолддоггүй, харин ноцолддог юм) гэсэн тэмцээн зохион байгуулахад нэг нохой нөгөөгөө барьж хэмлэж байгааг олон залуус, хүүхэд харж баясаж баяр хөөр болж байсан, бүр түрүүлсэн нохдын зураг бүхий хуанли гаргасныг гэртээ хадаад бахархагсад олон байсан.
Хоёрт, хүн байгалиас улам бүр хөндийрч, зохиомол орчинд амьдрах болсноос хүн чанараа алдаж (хүний яс муудаж байна гэж монголчууд ярьдаг), биологийн хувьд “төрөл арилжиж” эхэлж байна. Үүний тод илрэл бол орчин үеийн, соёлжилтын өвчин гэж нэрлэх болсон зүрх, судасны, хоол боловсруулах замын өвчин, харшлын өвчин газар авч байгаагаар илэрч байна. Жишээлбэл, дээр үед монголчууд хэмтэй ясыг зажилж хэмийг нь авдаг “нохой шиг шүдтэй”, чөдөр, ногт зангидах зэрэгт бахины оронд шүдээ хэрэглэдэг байсан бол өнөө үед залуу үе маань шүдгүй шахам болж байна. Цагаан арьстнууд Америк тивд очиж байсан үеийн индианчууд ямар их гавшгай, тэвчээртэй нь түүх, ном, киноноос тод харагддаг. Англи Бурын дайны үед африкийн явган цэрэг английн морин цэргээс хурдан байсан гэсэн домог маягийн үг ч байдаг.
Дээр үед хүн бага балчраасаа биеийн хөдөлмөр хийдэг байсан учир бие бялдрын хувьд чийрэгжиж иржээ. Малчдын туршлагаас авч үзэхэд малыг, жишээ нь, морь, тэмээг эдэлгээнд хэрэглэхгүй бол эдэлгээний чанар, өөрөөр хэлбэл, ачаа даах чадвар нь мууддаг байна. Практик амьдралаас харахад багаасаа дүү нараа асрах ажил, гэр орны ажилд нухлагдаж, их хөдөлгөөнтэй байсан эмээ нар урт насалж байхад ажилд бага оролцож, бага хөдөлж байсан өвөө нар харьцангуй богино наслах нь бий. Монголын ялангуяа хөдөөний залуучууд бие бялдрын хувьд давжаарч, эрүүл мэндийн хувьд доройтож цэрэгт тэнцэх нь багасаж байна гэж хэлэх хүмүүс ч бий. Хөдөөний хүн хотын дулаан байшинд бүтэж үхчих гээд, хотын хүн хөдөө гэрт осгож үхчих гээд байдаг болсон мэтийн амьдралын олон жишээ дурдаж болох л юм. Хэрэв энэ бүхэн, тухайлбал, хүний биологийн яс чанар муудаж байгаа нь үнэний хувьтай бол шалтгаан нь юунд байна вэ? гэвэл: хүний амьдрал тохилог болж, байгалиас улам бүр хөндийрч байгальтай зохицох зохицол алдагдаж байгаатай, тухайлбал, биеийн хөдөлмөр, хөдөлгөөн багассантай холботой гэж тайлбарлаж болох юм. Энэ үзэгдэл хөгжилтэй орнуудад байгаа юу гэвэл байгаа, тэгэхдээ тэндэхийн хүүхэд, залуучууд биеийн тамир, гимнастик мэтийн зүйлээр биеийн хөдөлмөр, хөдөлгөөний алдагдлаа нөхдөг учир манайхаас өөр байх талтай.
Бас багш нар хүний тархи атираатай байдаг, ном уншаад, юм мэдэхийн хэрээр атираа нь нэмэгдэж ухаантай болдог гэж ярьдаг байж билээ. Гэтэл одоо залуу үе маань залхуу, хэнэггүй, ”Айж явбал аминд тустай байдгийг” мартаж айх нь багасаад ном, хичээлээ хийхгүй болж магадгүй гэсэн бодол ч зарим үед төрөх болжээ. Баталгаа нь гэвэл: дунд сургуулийн ахлах ангиас эхлээд их, дээд сургуулийн оюутны дотор хөвгүүдийн тоо эрс цөөрч, “зөөлөн чихтэй” учир дуулгавартай, “айх юмаа арай л авдартаа хийгээгүй” учир “аймхай” охидын тоо эрс өсөж байгаагаар харагдаж байгаа бус уу? Ингээд бодоход залуу үеийн маань булчин нь олгойтой цус шиг зөөлөн, тархи нь давсагтай шар тос шиг гөлгөр болчихвол яана даа! Бас зан суртахууны хувьд эвдэрч буй залуус өдрийн од шиг ховор ч гэсэн харагдаж байна. Хөвгүүд маань бие бялдрын хувьд, оюун ухааны хувьд, зан аашийн хувьд эмэгтэйчүүддээ, эх орондоо гологдох аюул гарч магадгүй байна. Цэрэгт тэнцэхгүй гэдэг чинь эх орондоо гологдож байна гэсэн үг шүү дээ. Ардын уран зохиолч Т. Галсан “Ухаант буурлын асуулт” гэсэн дөрвөн мөртдөө “Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу?” гэснийг цэрэгт яваагүй хөвгүүнийг гэж ойлговол асуудал тодорхой болж байна.
Экологийн асуудал нь байгалийн орчинд мэдлэггүй хандсанаас, мэдэж байсан ч хувийн эрх ашгийг бодох буюу ухамсаргүй, хариуцлагагүй хандсанаас болж гарч байгаа болохоор манай иргэн бүрийн, ялангуяа залуу үеийн нэг эрхэм зорилго бол байгаль орчинд мэдлэгтэй, ухамсартай, ариг гамтай харилцаж байх явдал юм.
Тайлбар: 1 Байгалийн зохицол - орчин үеийн мэдээллийн хэрэгслээр байгалийн тэнцвэр гэж хэлж байгаа үгийг би байгалийн зохицол гэж хэлж байгаа юм.
10. Нийгмийн амьдралын үндсэн хүрээ
Нийгмийн үзэгдлийг бүлэгчилж ойлгохын тулд нийгмийн амьдралыг дөрвөн үндсэн “Салбар” буюу “Хүрээ” болгон хуваадаг үүнд:
1. Эдийн засгийн хүрээ. Энэ бол бусад хүрээгээ тодорхойлдог гол хүрээ юм. Эдийн засгийн хүрээ гэдэгт нийгмийн эдийн засаг, эдийн засгийн бүх харилцаа орно, өөрөөр хэлбэл, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбараас гадна үйлдвэрлэл, хуваарилалт, солилцоо, хэрэглээний явцад хүмүүсийн хооронд тогтож байгаа эдийн засгийн харилцаа болно.
2. Социаль (нийгмийн) хүрээ. Энэ хүрээнд нийгмийн анги, бүлэг, давхраа, тэдгээрийн хоорондын харилцаа, овог, аймаг, ястан, үндэстэн, үндэстний харилцаа, гэр бүл, гэр бүл-ахуйн харилцаа, хүмүүжлийн байгууллага, эмнэлгийн үйлчилгээ орно.
3. Улс төрийн хүрээ. Нийгмийн улс төрийн хүрээ гэдэгт улс төрийн бодлого, төр, эрх, тэдгээрийн хоорондын харилцаа, засгийн асуудлаар хүмүүсийн хооронд тогтож байгаа харилцаа орно.
4. Оюун санааны хүрээ. Энэ хүрээнд шинжлэх ухаан, түүний байгууллага, ёс суртахуун, урлаг, тэдгээрийн байгууллага, шашин, шашны байгууллага, эдгээрийг эрхлэн явуулдаг хүмүүсийн үйл ажиллагаа орно.
Энэ дөрвөн хүрээ нь нийгэм гэдэг нэг бүхэл бүтэн юмны салбар болох учир өөр хоорондоо салшгүй холбоотой, харилцан үйлчилцэж байдаг.
No comments:
Post a Comment