Friday, 29 September 2017

П. Батаа. 2009. Нийгмийн тухай мэдлэг: Зургаа. Олон улсын харилцаа


1. Олон улсын харилцааны тухай


Олон улсын харилцаа зайлшгүй болох нь. Нийгэм буюу улсын анхдагч нэгж буюу атом болсон айл өөр айлтай харилцахгүйгээр байж болдоггүйн нэгэн адил ямар ч  улс өөр улстай харилцахгүйгээр оршин байж болдоггүй байна. Учир нь гэвэл: аль ч улс, ялангуяа орчин үеийн улс зөвхөн өөрийн дотоод хүчээрээ бүх хэрэгцээгээ хангаад байх бололцоо огт байхгүй. Бас айлуудын хооронд санал зөрөх, маргаантай асуудал гардгийн нэгэн адил улсуудын хооронд янз бүрийн маргаан, зөрчил, хоорондоо заавал уулзаж байж шийдвэрлэх асуудал гардаг байна. Мөн орчин үед олон улсын хүчээр шийдвэл зохих дэлхийн шинжтэй асуудлууд гарч ирж байна. Энэ мэтийн олон асуудлаас болоод олон улсын харилцаа гарна.



Олон улсын харилцааны ойлголт. Нэг улсаас гадагшаа харилцаж байгаа харилцааг гадаад харилцаа гэдэг. Энэ бол нэг улсын хэмжээний ойлголт юм. Харин энэ гадаад харилцаа гэдэг ойлголтыг олон улсын хэмжээнд авч үзвэл олон улсын харилцаа болно.  Олон улсын харилцаа гэдэг  нь дэлхийн улсуудын хоорондын харилцаа юм.

 Олон улсын харилцааны субъект. Олон улсын харилцаанд оролцогч буюу явуулагчийг олон улсын харилцааны  субъект (этгээд) гэнэ. Ийм субъект буюу этгээд нь улс, олон улсын байгууллага байна. Улсыг тухайн улсын төр төлөөлж оролцоно. Олон улсын харилцааг түүнд оролцогч улс буюу олон улсын байгууллагын тоогоор нь хоёр этгээдийн, гурван этгээдийн, олон этгээдийн гэх мэтээр ангилна. Жишээ нь, хоёр этгээд оролцсон бол хоёр этгээдийн харилцаа болно. Бас хамарч байгаа газар зүйн орчин буюу хүрээгээр нь дэлхий дахины, бүс нутгийн гэж  ангилна.

     Олон улсын харилцааны хэрэгсэл. Олон улсын харилцааг явуулахад ашигладаг арга хэрэгслийг олон улсын харилцааны хэрэгсэл гэнэ. Олон улсын харилцаанд ашигладаг ийм хэрэгсэл гэвэл: 1. Мэдээлэл, суртал нэвтрүүлгийн хэрэгсэл. Энэ бол гол нь өөрийн улсын бодлогыг сурталчлах, бусдын талаарх мэдээлэл олж авах үүрэгтэй. 2. Улс төрийн хэрэгсэл. Энэ нь уулзалт, төлөөлөгч солилцох, төрийн айлчлал хийх, дипломат үйл ажиллагаа, хэлэлцээр хийх, олон улсын байгууллага, хуралд оролцох зэргийн бүхий л үйл ажиллагаа юм. 3. Эдийн засгийн хэрэгсэл. Энэ бол эдийн засгаа хөгжүүлэх, эдийн засгийн бололцоо, хүчин чадлаа гадаад бодлогодоо ашиглах явдал. 4. Цэргийн хэрэгсэл. Энэ нь цэргийн сүр хүчээр дарамт үзүүлэх, болохгүй бол цэргийн хүч ашиглах арга юм. Орчин үед энэ цэргийн хүч ашиглах арга улам бүр явц муутай, бас их аюултай болж байна.

Олон улсын харилцаны үндсэн төрөл. Олон улсын харилцаа нь нийгмийн амьдралын бүхий л талыг хамарсан олон  төрөл байх боловч ерөнхийд нь олон улсын улс төрийн харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын соёлын харилцаа гэж  гурван үндсэн төрөлд хувааж болох юм. Олон улсын улс төрийн харилцаа гэдэг нь улс төрийн салбарын харилцаа юм. Энэ нь улс хоорондын улс төрийн асуудлыг зохицуулна. Жишээ нь, улс төрийн асуудлаар гэрээ, хэлэлцээр хийх, хилийн асуудлыг зохицуулах, улс төрийн асуудлаар бие биеэ дэмжих, хамтран ажиллах гэх мэт. Олон улсын эдийн засгийн хөгжлийн явцад эдийн засгийн харилцааны үндсэн хэлбэрүүд бүрэлдэн тогтсон байна. Улс хоорондын эдийн засгийн харилцааны ийм үндсэн хэлбэр гэвэл: худалдаа, хөрөнгө гаргалт, ажиллах хүчний шилжилт, зээл тусламж, олон улсын валютын тогтолцоо гэх мэт болно. Олон улсын  харилцаа дотроос олон улсын соёлын харилцаа орчин үед өргөн цар хүрээтэй харилцаа болжээ. Олон улсын соёлын харилцаа нь шинжлэх ухаан, боловсрол, урлаг, техник, технологи мэтийн олон зүйлийг хамарсан харилцаа юм.

2. Олон улсын харилцааны өөрчлөлт, хөгжил


Олон улсын харилцаа өөрчлөгдөх үндэс. Нийгмийн хөгжлийн дагуу олон улсын харилцааны тогтолцоо өөрчлөгдөн хөгжиж байдаг. Олон улсын харилцааны тогтолцооны өөрчлөлтөд том гүрнүүд  гол үүрэг гүйцэтгэнэ. Том гүрний гүйцэтгэх үүрэг өөрчлөгдсөнөөр олон улсын харилцааны тогтолцоонд өөрчлөлт гарна. Олон улсын харилцаанд хэдэн улс гол үүрэгтэй байгаагаар нь олон улсын харилцааг: Нэг туйлт, Хоёр туйлт, Гурван туйлт, Олон туйлт харилцаа гэж ангилна. Олон улсын харилцаанд нэг том гүрэн тодорхойлох үүрэгтэй байвал түүнийг нэг туйлт харилцаа, харин хоёр гүрэн ноёрхох үүрэгтэй байвал хоёр туйлт, олон том гүрэн тодорхойлох үүрэгтэй байвал олон туйлт харилцаа гэх мэт болно.

      Хоёр туйлт харилцаа. Орос оронд Октябрийн хувьсгал ялснаар дэлхий ертөнц социалист, капиталист гэсэн эсрэг тэсрэг хоёр системд хуваагдсан. Энэ хоёр систем үзэл суртал, цэрэг зэвсгийн хүчээр сөргөлдөн тэмцэлдэх болсон. Энэ үеийг хүйтэн дайны үе гэдэг. Энэ хүйтэн дайны үед өрнөд буюу капиталист системийг хамгаалсан Умарт Атлантын гэрээний байгууллага гэдэг цэргийн том эвсэл 1949 онд бий болсон. Үүнийг товчоор НАТО гэнэ. Үүний эсрэг социалист системийн хүчийг нэгтгэсэн Варшавын гэрээний орнуудын байгууллага гэсэн байгууллага 1955 онд бий болсон. Ингэж дэлхий ертөнц ЗСБНХУ тэргүүтэй социалист систем, АНУ тэргүүтэй капиталист систем гэсэн  хоёр том системд хуваагдсанаар улс орнууд урьдын адил эдийн засаг, улс төр, соёлын талаар бие биетэйгээ чөлөөтэй харилцах бололцоогүй болсон байна. Хоёр том системийн орнууд зөвхөн өөр өөрийн системийн дотор бие биетэйгээ харилцах болсон. Олон улсын харилцааны энэ шинэ тогтолцоог хоёр туйлт олон улсын харилцаа гэдэг.

 Нэг туйлт харилцаа. 1990-ээд оны эхээр ЗСБНХУ, социалист систем задран унаж, Варшавын гэрээний байгууллага, Социалист орнуудын эдийн засгийн харилцан туслалцах байгууллага болох ЭЗХТЗ байхгүй болсон. Үүний үр дүнд олон улсын харилцаанд  өөрийн системийн дотор харилцах гэсэн хязгаарлалт байхгүй болсон. Ийм түүхэн нөхцөлд дэлхийн ганц хүчирхэг том гүрэн болсон АНУ дэлхийн бодлогыг тодорхойлогч болж олон улсын харилцааны нэг туйлт тогтолцоо бий болжээ.

Олон туйлт харилцаа. Сүүлийн үед Ази тивийн дэлхийн  бодлогод Хятад, Энэтхэг, Япон зэрэг орнууд нөлөөтэй болж, Европын Холбоо, ОХУ хүчээ авч байгаагаар олон улсын харилцааны олон туйлт тогтолцооны эх тавигдаж байна. Энэ үеийн олон улсын харилцааны нэг онцлог нь бүс нутгийн шинжтэй болсон. Ингээд бүс нутгийн орнууд хамтран ажиллах болж байна. Дэлхий нийтийн хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, худалдаа, түншлэлийн харилцаа эрчимжиж байна.

3. Олон улсын харилцааны тулгамдсан асуудлууд


Олон улсын  харилцааны нэг шинэ хандлага. Сүүлийн үед дэлхийн хүн ам маш ихээр өсөж байна. Хүний хэрэглэдэг зүйл туйлын олон янз болсон. Энэ хоёр шалтгааны улмаас  хүн төрөлхтний хэрэгцээ асар их болж зарим талаар дэлхийн баялаг хомсдох, барагдахад хүрч байна. Нөгөө талаас шинжлэх ухаан, техникийн асар түргэн хөгжлийн улмаас  хүнээс байгальтай харилцах, бас өөр хоорондоо харилцах (улсуудын хоорондын) харилцааг   хэмжээлшгүй хүчтэй, бас аюултай болгосон байна. Энэ бүх шалтгааны улмаас нэг улсын хүчээр шийдэх аргагүй, харин бүх улс оролцож байж хамтын хүчээр шийдвэрлэх асуудал маш олон болж жил ирэх тутам өсөн нэмэгдэх болжээ. Ингэж олон улсын хэмжээнд олон асуудлаар хамтран ажиллах, хамтран шийдвэрлэх болсныг олон улсын  харилцааны нэг шинэ  хандлага гэж байгаа юм. Ингэж  хамтран ажиллах, хамтран шийдвэрлэх болсон олон улсын  харилцааны шинэ  хандлагын асуудал олон байгааг багцлан авч үзвэл: 1. Байгаль орчныг хамгаалах асуудал; 2. Үй олноор хөнөөх зэвсгийг хориглох асуудал; 3. Хүмүүнлэгийн асуудал; 4. Олон улсын терроризмтой тэмцэх асуудал. 5. ДОХ (Дархлалын олдмол хомсдол) болон бусад аюулт халдварт өвчинтэй тэмцэх асуудал гэх мэт болно.

1. Байгаль орчныг хамгаалах асуудал. Орчин үед байгалийн баялгийг ашиглах хэмжээ их болсон. Бас хэрэглэж  байгаа техник, технологи хаягдал ихтэй байгаагийн улмаас нэгд байгалийн  зарим баялаг шавхагдсан, зарим нь хомсдож байгаа. Хоёрт байгалийн зохицол алдагдаж байна. Гуравт байгаль орчин бохирдож, хордож байна. Жишээ нь, манайд булаг шанд, цөөрөм, гол горхи, нуур ширгэх, газар нутаг хуурайших, бэлчээр талхлагдах, элсний нүүдэл ихсэх мэтийн үзэгдэл их болж байна. Дэлхий нийтийн хэмжээнд дулаарах процесс хүчтэй болжээ. Энэ байгаль орчны асуудлыг экологийн асуудал гэж байгаа юм. Экологийн асуудлыг шийдвэрлэхийн тулд: 1. Байгаль орчны доройтол, бохирдол, хордолт, экологийн зохицол алдагдаж байгаатай тэмцэх; 2. Олон улсын гол мөрөн, нуур тэнгисийг хамтарч  хамгаалах; 3. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшигтай хамтын хүчээр тэмцэх зэрэг болно.

2. Үй олноор хөнөөх зэвсгийг хориглох асуудал. Дэлхий ертөнц эсрэг тэсрэг хоёр системд хуваагдаж зэвсэглэлээр хөөцөлдөх үе өнгөрсөн хэдий ч хүн төрөлхтөн цэргийн зардалд маш их хөрөнгө, хүч зарцуулсаар байна. Улс хоорондын дайн, зэвсэгт              мөргөлдөөн гарсаар байна. Мөн нэг улс дотор үндэстэн, ястны хооронд мөргөлдөөн тэмцэл гарч л байна. Энэ бүхэн нийтийг хамарсан буюу дэлхийн дайнд хүргэх аюул байсаар байна гэсэн үг. Иймд 1. Бүс нутгийн болон үндэстэн, ястны хоорондын мөргөлдөөн, дайныг эвээр зохицуулах; 2. Үй олноор хөнөөх зэвсэг болох цөмийн, химийн, бактериологийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх, хориглох асуудал бол орчин үеийн нэг тулгамдсан асуудал болж байна.

3. Хүмүүнлэгийн асуудал. Орчин үед хүн төрөлхтөн асар их баялгийг бий болгосон боловч  хүн төрөлхтний багагүй хэсэг нь өлсгөлөн, гуйланчлал, өвчин эмгэгт нэрвэгдэх, эрх чөлөө эдэлж чадахгүй байгаагаас хүмүүнлэгийн асуудал гарч байна. Хүмүүнлэгийн асуудал гэдэгт: 1. Ядуурал, гуйланчлал, өлсгөлөнгийг арилгах асуудал; 2. Хүний эрх, түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдийн эрх ашгийг хамгаалах асуудал гэх мэтийн асуудал орно.

4. Олон улсын терроризмтой тэмцэх асуудал. Саяхан болтол нэг улсаас нөгөө улсад халдах аюул гаднаас нь цэргийн  хүчээр дайрах хэлбэртэй байсан. Гэтэл одоо шинжлэх ухаан, техникийн асар их хөгжлийн хүчийг ашиглан нэг бүлэг юм уу нэг хүн хүртэл бусдын нутагт нэвтрэн ороод  алан хядах аргаар хүний ой тойнд оромгүй аюул учруулах бололцоотой болжээ. Үүний тод жишээ бол Нью-Иорк хотод байсан дэлхийн худалдааны төвийн хос хоёр барилгыг хорлон сүйтгэсэн зэрлэг явдал болж байна. Энэ алан хядах үйл ажиллагаа тэмцлийн нэг хэлбэр болон хувирч байгаагаараа, гэмгүй энгийн номхон олон хүнийг алан хяддагаараа, газар сайгүй гардгаараа олон улсын анхаарал татсан бодит аюул болж байна. Энэ утгаар олон улсын терроризм (алан хядах)-той тэмцэх асуудал зайлшгүй болжээ.

5. ДОХ болон бусад аюулт халдварт өвчинтэй тэмцэх асуудал. Орчин үед хүмүүсийн гадагшаа явах, орж ирэх нь түргэн, маш их болсон, хүн ам маш ихэр өсөж нягтаршил хүчтэй болсон нөхцөлд аюултай халдварт өвчин улсаас улсад амархан тархаж үй олон хүнийг өвчлүүлж мэдэх аюултай болжээ. Бас ДОХ, шувууны ханиад мэтийн шинэ шинэ өвчин бий болж эмчлэх, урьдчилан сэргийлэх арга амархан олдохгүй байна. Ингэж  ДОХ болон бусад аюултай халдварт өвчинтэй тэмцэх ажил  олон улсын шинжтэй болжээ.

4. Монгол Улсын гадаад харилцаа


Монгол Улсын гадаад харилцааны өөрчлөлт. Аливаа улсын гадаад харилцаа  нь нэгд өөрийн оронд, хоёрт олон улсын харилцаанд үндсэн өөрчлөлт гарсан үед өөрчлөгдөж байдаг. Дэлхийн социалист систем, Зөвлөлт Холбоот Улс задран унаснаар олон улсын харилцааны хоёр туйлт тогтолцоо үгүй болж олон туйлт  харилцаа тогтох үйл явц бүрэлдэж байна. Бас манай хоёр хөрш оронд үндсэн өөрчлөлт гарч байна. Энэ хоёр өөрчлөлт манай улсын гадаад харилцааг өөрчлөхөд хүргэсэн гадаад нөхцөл юм.

Манай улсын гадаад харилцааны өөрчлөлтөд хүргэсэн дотоод нөхцөл бол манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байгуулал үндсээрээ өөрчлөгдөх болсон явдал юм. Ийм түүхэн нөхцөл бүрэлдсэн учир Монгол Улсын гадаад харилцаа үндсээрээ өөрчлөгджээ. Гадаад харилцаа нь гадаад бодлого дээр үндэслэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гадаад харилцааны онолын үндэс нь гадаад бодлого, гадаад бодлогыг хэрэгжүүлэгч нь гадаад харилцаа байдаг. Ийм болохоор 1994 онд батлагдсан “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал” манай улсын гадаад харилцааг хууль ёсоор баталгаажуулсан байна. Энэ үзэл баримтлалд Монгол Улсын гадаад бодлогын зорилго, зорилт, зарчим, чиглэлийг тодорхойлон заажээ үүнд:

Монгол Улсын гадаад бодлогын зорилго бол улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг найдвартай хангах явдал юм. Энэ зорилгоо хангахын тулд бүх улс оронтой найрсаг харилцаатай байх, НҮБ-д байр сууриа бэхжүүлэх, бүс нутгийн болон дэлхийн нөлөө бүхий улс оронтой хамтран ажиллахаар заажээ.

 Монгол Улсын гадаад бодлогын үндсэн зарчим бол нээлттэй, эвсэлд үл нэгдэх бодлого явуулах, өндөр хөгжилтэй орнуудын сонирхлыг татах, аль нэг улсаас хараат бус байх явдал юм. Монгол Улсын гадаад бодлого нь олон тулгуурт, идэвхтэй, тэнцвэртэй, үндэсний эрх ашигт нийцсэн бодлого байх ёстой.

Монгол Улсын гадаад харилцааны үндсэн чиглэл бол Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр, дипломат аргаар хангах,  эдийн засаг, шинжлэх ухаан-технологийг хөгжүүлэх гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх явдал юм гэж заажээ.

 Монгол Улсын гадаад харилцаанд улсуудаас гадна чухал үүрэгтэй олон улсын байгууллага байдаг. Энэ олон улсын байгууллагуудыг төлөөлүүлж НҮБ, Европын Холбоо хоёрыг тусгайлан авч үзье

5. Нэгдсэн Үндэстний Байгууллага- НҮБ


НҮБ байгуулагдсан нь. ХХ зууны эх болж ирэхэд олон улсын байдал хурцадсан, дайн хийх зэвсэг хүчтэй болж хоёр улсын хооронд гарсан дайн олон улсыг хамрахаар үл барам дэлхийн шинжтэй болох аюул их болсон үед энх тайвныг сахин хамгаалах, олон улсын аюулгүй байдлыг хангах үүднээс 1920 онд Лига нации (Үндэстнүүдийн Холбоо) гэдэг байгууллага бий болсон. Энэ олон улсын байгууллага яваандаа Англи, Францын эрх ашгийг хамгаалсан байгууллага болон хувирч үндсэн зорилго, үүргээ биелүлэх чадваргүй болж 1946 онд татан буулгагдсан байна.

 Дэлхийн I, II дайн гарсан, бас дэлхийн III дайн гарахгүй гэсэн баталгаа байхгүй нөхцөлд  дэлхийн II дайнд ялсан орон болох ЗХУ, АНУ, Англи тэргүүтэй орнууд дахин дэлхийн дайн гаруулахгүй байх, бүх нийтийн энх тайвныг сахин хамгаалах, олон улсын аюулгүй байдал, хамтын ажиллагааг хангах зорилгын үүднээс Нэгдсэн Үндэстний  Байгууллага гэдгийг байгуулахаар шийдсэн. НҮБ-ын дүрмийг бүр 1944 онд ЗХУ, АНУ, Англи, Хятад Улс боловсруулсан бөгөөд 1945 оны зургадугаар сард Сан-франциско хотод болсон олон улсын бага хурлаар 50 улс тэр НҮБ-ын дүрэмд гарын үсэг зурж  1945 оны аравдугаар сард НҮБ албан ёсоор  байгуулагдсан байна.

НҮБ бол энх тайвныг сахин хамгаалах, олон улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий олон улсын байгууллага юм. 2006 оны чуулганы үеэр НҮБ-ын гишүүн орон 192 байсан.

НҮБ-ын албан ёсны хэл нь англи, орос, франц, хятад, испани хэл юм. Энэ 5 хэлийг дэлхийн албан ёсны хэл гэдэг, өөрөөр хэлбэл, олон улсын аливаа асуудлыг энэ 5 хэлээр хэлэлцэнэ, баримт бичгийг энэ хэлүүдээр гаргана гэсэн үг.

6. НҮБ-ын гол байгууллагууд


 НҮБ дотоод бүтцийн хувьд 6 гол байгууллагатай үүнд: 1. Ерөнхий ассамблей, 2. Аюулгүйн зөвлөл, 3. Нарийн бичгийн дарга нарын газар, 4. Олон улсын шүүх, 5. Эдийн засаг, нийгмийн зөвлөл, 6. Асрамжийн зөвлөл.

1. Ерөнхий ассамблей.  Ерөнхий ассамблей бол НҮБ-ын эрх барих дээд байгууллага, манайхнаар бол улсын их хурал маягийн байгууллага юм. Ассамблей гэдэг нь чуулган гэсэн үг. Ерөнхий ассамблей буюу ерөнхий чуулганыг жил бүр есдүгээр сараас арван хоёрдугаар сар хүртэл хуралдуулна. Энэ чуулганд бүх гишүүн орны гадаад хэргийн сайдаар үл барам төрийн тэргүүн нар оролцоно. Ерөнхий ассамблей нь дэлхийн энх тайван, эдийн засаг, нийгмийн мэтийн салбарт олон улсын хамтын ажиллагаанд дөхөм үзүүлэх олон янзын асуудал хэлэлцэж хэлэлцсэн асуудлаараа  зөвлөмж гаргана.

2. Аюулгүйн зөвлөл. Ерөнхий ассамблей буюу ерөнхий чуулганыг жилд нэг удаа хуралдуулдаг. Тэгвэл цаг үеийн, олон улсын аюулгүй байдал, энх тайвантай холбоотой асуудал хэлэлцэж шийдвэрлэх шаардлага гардаг байна. Ийм асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх байгууллага нь  Аюулгүйн зөвлөл юм. Аюулгүйн зөвлөл бол олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх үүрэгтэй. Аюулгүйн зөвлөл 15 гишүүнтэй, үүний 5 нь байнгын гишүүн байна. Ийм 5 гишүүн нь ОХУ, АНУ, Англи, Франц, Хятад. Бусад 10 гишүүнийг жил бүр Ерөнхий ассамблейн чуулганаас 2 жилийн хугацаатай сонгоно. Тэгэхдээ 1 жилийн чуулганаас зөвхөн 5 гишүүнийг сонгоно.

 Аюулгүйн зөвлөлийг НҮБ-ын аль нэг гишүүн орны хүсэлтээр хуралдуулна. НҮБ нь дэлхий ертөнц капитализм, социализм гэсэн эсрэг тэсрэг хоёр системд хуваагдсан, олон улсын байдал хурцадмал, хүйтэн дайны нөхцөлд байгуулагдсан учир асуудлыг шийдэхдээ цөөнхийн эрх ашгийг харгалзан үзэх зарчмыг үндэс болгосон. Өөрөөр хэлбэл,  Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн хуралдаж шийдвэр гаргах боловч тэр шийдвэрийг байнгын 5 гишүүн цөмөөрөө зөвшөөрч байвал гарна, харин 1 нь зөвшөөрөхгүй бол гарахгүй. Ерөнхий ассамблейгаас гарсан шийдвэр нь зөвлөмжийн шинжтэй учир түүнийг гишүүн бүх улс заавал биелүүлэх албагүй. Харин Аюулгүйн зөвлөийн шийдвэрийг гишүүн орнууд заавал биелүүлэх ёстой байдаг. Тэгвэл НҮБ-ын гол байгууллага дотроос гишүүн орнууд заавал биелүүлэх ёстой шийдвэр гаргадаг ганц байгууллага нь энэ Аюулгүйн зөвлөл юм. Бусад нь зөвлөмжийн чанартай шийдвэр гаргана. Зөвлөмжийг гишүүн орнууд заавал дагаж биелүүлэх албагүй.

3. Эдийн засаг, нийгмийн зөвлөл. Эдийн засаг, нийгмийн зөвлөлийг Ерөнхий ассамблейгаас 3 жилийн хугацаатай сонгож байгуулна. Энэ бол НҮБ, түүний төрөлжсөн болон туслах бүх байгууллагын эдийн засаг, нийгмийн талын асуудлыг зохицуулах, олон улсын эдийн засаг, нийгмийн асуудал хэлэлцэх гол үүрэгтэй байгууллага юм. Эдийн засаг, нийгмийн зөвлөл жил бүр 1 сарын хугацаатай хуралдаж  эдийн засгийн асуудал, байгаль орчны асуудал, хүний эрх зэргийн асуудал хэлэлцэнэ. Энэ зөвлөл өөрийн судалгаа, санал, зөвлөмжөө Ерөнхий ассамблейд танилцуулна.

4. Олон улсын шүүх. Олон улсын шүүхийг Ерөнхий ассамблейн чуулганаас шүүхийн мэргэжилтэй 15 хүнийг 9 жилийн хугацаатайгаар сонгож байгуулна. Олон улсын шүүх нь эрх зүйн чанартай маргааныг авч хэлэлцээд шүүхийн шийдвэр, зөвлөмж гаргах үүрэгтэй. Энэ шүүхэд хувь хүн, байгууллага нэхэмжлэл1 гаргахгүй, зөвхөн НҮБ-ын гишүүн улс л маргаантай асуудлаар нэхэмжлэл гаргана.

5. Асрамжийн зөвлөл. Асрамжийн2 зөвлөл нь Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Энэ зөвлөл нь   колони, хараат байсан орныг асрамжлах замаар тусгаар тогтнолоо олж авахад туслах үүрэгтэй байсан. Асрамжийн зөвлөлийн асрамжид бүгд 11 орон байснаас хамгийн сүүлчийнх нь 1994 онд тусгаар тогтнолоо олсон учир одоо бараг хийх юмгүй болж үйл ажиллагаа нь зогсоод байгаа байгууллага юм.

6. Нарийн бичгийн дарга нарын газар. Нарийн бичгийн дарга нарын газар (НБДНГ) нь НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулдаг газар юм. Энэ НБДНГ-т улс төр судлаач, эдийн засагч, хуульч, шинжээч зэргийн төрөл бүрийн мэргэжлийн 15 мянга орчим хүн судалгаа хийх, мэдээлэл бэлтгэх, илтгэл бичих зэргээр ажилладаг байна.

НБДНГ-ыг  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга удирдана. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2007 оноос БНСУ-ын иргэн Пан Ги Мун ажиллаж байна.

Тайлбар: 1 Нэхэмжлэл гэдэг нь ямар нэг талаар хохирсон хүн хуулийн байгууллагад хохирлоо барагдуулахын тулд өргөдөл гаргадгийг хэлдэг. 2 Асрамж гэдэг бол асарч тэтгэх гэсэн утгатай. Жишээ нь, бага насны бүтэн өнчин хүүхэд өрх гэрээ авч явж чаддаггүйн нэгэн адил колони байсан орон хоцрогдсон учир тусгаар тогтнол олгоход улс орноо авч явж чадахггүй гэдэг утгаар тийм орныг асарч тэтгээд тусгаар тогтносон улс болоход туслана гэсэн үг.

7. НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд


НҮБ-ын төрөлжсөн байгууллага. Дээр дурдсан НҮБ-ын гол байгууллагуудаас гадна НҮБ-ын төрөлжсөн байгууллага гэж байдаг. НҮБ-ын төрөлжсөн байгууллага нь эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан-технологийн болон хүмүүнлэгийн гэх мэтийн асуудлаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.

НҮБ-ын төрөлжсөн байгууллага гэвэл: Шинжлэх ухаан, соёл, боловсролын чиглэлийн байгууллага болох ЮНЕСКО; НҮБ-ын Хүүхдийн сан болох ЮНИСЕФ; НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр; НҮБ-ын Хүн амын сан; Дэлхийн банк; Дэлхийн эрүүл мэндийн байгууллага; НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар; Олон улсын валютын сан; Олон улсын хөдөлмөрийн байгууллага гэх мэт болно.

НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас  НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО, НҮБ-ын хүүхдийн сан ЮНИСЕФ хоёрыг авч үзье.

     1. ЮНЕСКО бол НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага юм. ЮНЕСКО нь  улсуудын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар энх тайван, аюулгүй байдалд туслах зорилгоор 1946 онд байгуулагдсан. Эрх барих дээд байгууллага нь Ерөнхий бага хурал. Энэ хурал 2 жил тутамд нэгээс доошгүй удаа хуралдана. Гүйцэтгэх байгууллага нь 24 гишүүн бүхий Гүйцэтгэх зөвлөл болно.

     ЮНЕСКО-гийн гол зорилго бол  олон улсын хэмжээнд боловсрол, шинжлэх ухаан, соёлыг хөгжүүлэх, соёлын өв, дурсгалыг хамгаалах явдал юм.

     Монгол Улс  ЮНЕСКО-той хамтран Монгол ардын уламжлалт Хөөмий, Уртын дуу, Морин хуур, Тууль, Бие биелгээ, Монгол наадам, Монгол гэрийн урлал, Уран нугаралт зэргийг Дэлхийн утга зохиол, соёлын шилдэг өвийн дээжист, “Хөвсгөл нуур ба бөө мөргөлтэй цаатнуудын  газар нутаг”, “Их нууруудын хотгор” хоёрыг Дэлхийн байгаль, соёлын холимог өвд, “Орхоны хөндийн түүх, археологийн дурсгалуудыг” Дэлхийн соёлын өвд тус тус дэвшүүлсэн. Одоогоор Морин хуур, Уртын дуу, Цуур хөгжим, Тууль, Бие биелгээ дэлхийн соёлын өвд ороод байна.

      2. ЮНИСЕФ  бол НҮБ-ын хүүхдийн сан юм. ЮНИСЕФ анх дэлхийн хоёрдугаар дайны аюулд нэрвэгдсэн Европын орнуудын хүүхдүүдэд туслах зорилгоор 1946 онд байгуулагдсан байна.

ЮНИСЕФ-ийн гол зорилго гэвэл: хүүхдийн эрх, эрүүл мэндийг хамгаалах; хүүхдийн сурч боловсрох, хөгжих бололцоог хангах; дайн, байгалийн гамшигт өртсөн, ядуугийн зовлонд учирсан, хүчирхийлэл дарамтад өртсөн, хөгжлийн бэрхшэлтэй зэргийн ядарч зовсон хүүхдүүдэд  халамж үзүүлэх зэрэг болно.

      Монголд ЮНИСЕФ-ийн суурин төлөөлөгчийн газар ажиллаж дээрх зорилгодоо үндэслэсэн төрөл бүрийн ажил зохион явуулж байдаг.  “Монголын хүүхдийн төлөө” гэсэн сонин гаргадаг. Монголын залуучуудын хөгжлийн сангаас зохион байгуулсан  “Миний паспорт” аяныг  санхүүжүүлэхэд тусалсан юм. Энэ аяныг “Монголын өсвөр насны охид, хөвгүүдийн нөхцөл байдлыг сайжруулах төслийн” хүрээнд явуулсан байна. Манай улс 2002-2006 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран 29 сая  ам. долларын, НҮБ-ын хүүхдийн сантай 11.3 сая ам. долларын санхүүжилттэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.

8. Европын Холбоо


      Монгол Улсын гадаад харилцаанд НҮБ-аас гадна чухал үүрэгтэй бүс нутгийн байгууллага гэж байдаг. Ийм байгууллага гэвэл: Европын Холбоо, Зүүн өмнөт Азийн холбоо - АСЕАН, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга -  АПЕК, Ази-Европын уулзалт - АСЕМ, Африкийн нэгдлийн холбоо, Америкийн улсуудын байгууллага зэрэг болно. Эдгээрээс Европын Холбоог авч үзье.

Европын Холбооны тухай ойлголт. Европын Холбоог байгуулах асуудал бүр дээр үеэс, XIX зууны сүүлчээс гарсан. Үүний учир гэвэл Европ тив өөр хоорондоо зөрчилдсөн олон жижиг улсад хуваагдсан, аль нэг улс нь гадны том гүрний нөлөөг сөрөн зогсох, зах зээлээ хамгаалах боломж муутай байсан.

     Энэ мэтийн олон нөхцөл шаардлагын улмаас “Европын чөлөөт худалдааны нийгэмлэг”, “Европын төлбөрийн холбоо”, “Европын валютын хэлэлцээр”, “Европын батлан хамгаалах нийгэмлэг”, “Европын чулуун нүүрс, гангийн нэгдэл” мэтийн байгууллага байгуулагдсаар 1957 онд Ром хотод болсон Европын 6 улсын гэрээгээр Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг байгуулахаар тохиролцсон байна. Тэгээд “Нийтийн зах зээлийн орнууд” гэсэн нэр томьёо  хүртэл үүсчээ. Энэ Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг нь үндсэндээ Европын холбооны эхийг тавьжээ. Ийм байдлаар 40 гаруй жил янз бүрийн хэлэлцээ хийж тохиролцоонд хүрэх замыг эрж хайсаар 1992 онд Европын Холбоо байгуулах тохиролцоонд сая хүрч энэ холбоог байгуулжээ.

     Энэ Европын Холбоонд анх 16 улс нэгдэн орсон байна. Европын Холбоо нь нээлттэй байгууллага, өөрөөр хэлбэл, шинэ шинэ улсууд нэгдэн орж болно. Европын Холбоо нь өрнөдийн улсуудын бүсийн шинжтэй хамгийн том байгууллага, өөрөөр хэлбэл, бүр холбооны улсын шинжтэй байгууллага юм. Европын Холбоо бол нэгдсэн дотоодын зах зээлтэй, нэгдсэн үнэтэй, нэгдсэн санхүү-валютын системтэй буюу “Евро” гэсэн нэгэн мөнгөн тэмдэгттэй, нэгдсэн гадаад бодлоготой, нэгдсэн аюулгүй байдалтай байгууллага юм. Европын Холбооны удирдах дээд байгууллага нь Европын парламент.

Европын Холбоо, Монгол Улсын хамтын ажиллагаа. Монгол Улс Европын Холбоотой 1989 онд дипломат харилцаа тогтоосон. Европын Холбоо манай улсыг тууштай дэмжих бодлого явуулдаг. Жишээ нь, 2001 онд манай улсад 1.5 сая Евро буюу 22 сая гаруй төгрөгийн тусламж үзүүлсэн. ТАСИС хөтөлбөрийн шугамаар Монголд үзүүлж буй тусламжийн хэмжээг 2002-2003 онд 6 сая Евро буюу 8.8 сая гаруй төгрөг болгохоор баталсан. 2005 онд Европын Холбоо манай улсын маш олон төрлийн барааг гаалийн татваргүйгээр оруулах шийдвэр гаргасан.

Мөн Монгол Улс Европын Холбооны гишүүн орнууд тухайлбал, ХБНГУ мэтийн улсуудтай хамтран ажиллаж байгаа болно.

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...