Wednesday 9 September 2015

Integrity гэдэг үгийг хэрхэн орчуулах вэ? (үүнгүйгээр юу ч явахгүй)

Англид сонины гашуудалд зориулсан нүүрэнд чухал хүнээ алдсанаа харуусан нийгэмдээ мэдэгдэхдээ хамгийн их хэрэглэдэг өгүүлбэр нь "She (he) was a woman (man) of great personal integrity".


Хүн амьдралаа хэрхэн амьдарсныг нь дүгнэх энэ үгийг нэг үгээр хэрхэн орчуулдаг юм бол? Мэдээж хэлсэндээ хүрдэг байх (хүрч чадахгүй бол түүнийгээ урьдчилаад хэлчихдэг), бусдыг хуурдаггүй байх (хуурсан бол хууртсан хүнд учруулсан гарз хохирлоо бүрэн арилгадаг байх) гэх мэт утгаар нь бол ойлгочихож байгаа юм.

"An English man's word is his bond" буюу "Англи эр хүний үг бол түүний амлалт" гэсэн үг ч энэ шинж чанар тэдний нийгэмд ямар чухал ач холбогдолтойг илтгэдэг. "Чингис бонд"-ын бонд нь ч гэсэн энэ утгаас үүссэн санхүүгийн хэрэгслийн нэр.

Болор толь -д "integrity"-г 10 янзаар орчуулж. Миний энэхүү бичлэгт ашиглагдах утга нь хамгийн эхний болон сүүлчийнхтэй нь холбоотой юм шиг харагдав.

Харвардын санхүүгийн проф. Женсен, философич Эрхард хоёр хамгийн сүүлийн үеийн судалгааны ажилдаа энэ "integrity" гэдэг зүйл нь амжилтын нэг чухал үндэс, чухал чухалдаа капитал, хөдөлмөр, технологи гэсэн үйлдвэрлэлийн функцийн уламжлалт гурван хүчин зүйлс дээр  нэмэгдэж орж ирэх ёстой дөрөв дэх чухал эд юм гэжээ. Өөрөөр хэлбэл танай байгууллага, бизнесийн ашиг одоохондоо 30 хувь уначихсан байгаа бол, үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө, зарцуулж буй хүч хөдөлмөр, тоног төхөөрөмжөө огт өөрчлөхгүйгээр, ердөө л "integrity"-гээ нэмэгдүүлчих юм бол бүх юм хэвийн байдалдаа орчихно гэсэн үг. Хэрэв аль хэдийн амжилттай байгаа бол дээрх гурван хүчин зүйлээ ашиглаад хаа хүрч чадахаа мэдэхэд ашиглаж болох таны 4 дэх удирдлагын хэрэгсэл аж. Таны өөрийн тань амьдрал ч үүнээс хамаатай юм байна.

Мэдээж энэ нь одоохондоо дэвшигдэж буй онол, мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцаар хянагдаад энэ бол үнэн гэж хараахан нийтлэгдээгүй байна, мөн статистикийн хувьд шалгасан эмпирик ажлууд ч алга. Гэхдээ Женсен өнөөгийн санхүүгийн гол сэтгэгчдийн нэг, түүний хамтрагч Евгений Фама 2013 онд эдийн засгийн салбараарх Нобелын шагнал хүртсэн. Женсен нэг их дутахгүй, 2015 оны 8-р сарын байдлаар тэрээр IDEAS-т бүртгэлтэй 44903 эдийн засагчаас 2011 онд Нобел авсан Крис Симсийн яг дараа, 75-д жагсаж байгаа эдийн засагч (Фама уг жагсаалтын 22-т байв). Түүний 1968 онд Journal of Finance (санхүүгийн No.1, эдийн засгийн топ 10 сэтгүүлийн нэг) нийтлүүлсэн ажлыг би өнөөдөр ч оюутнуудад уншихыг зөвлөдөг. Статистикийн хамгийн энгийн t-шалгуур ашиглаад хамтын сангийн амжилтыг хэрхэн хэмжиж болохыг харуулсан. Ямар ч олигтой үнэт цаасны брокер, диллерийн компанид ороод Женсений альфа гэж юу юм бэ гэж асуухад мэднэ. Зүйрлэвээс, сүлбээр зүүг зэвсэг болгож ашиглаад автомат буутай (мөнгөтэй, лоббитой) хамтын сангийнхныг ялсан гэсэн үг. Эрхардыг XX зууны хамгийн чухал философичдын нэг гэдэг.

Энэхүү танилцуулгынхаа дараа уг ажлаа Женсен тайлбарлаж байгаа энэхүү бичлэгийг үзэхийг зөвлөмөөр байна. Маш ихээр. :) . Түүний хийж байгаа зүйл нь үндсэндээ CEO, CFO буюу гүйцэтгэх захирал, санхүүгийн өндөр албанд байгаа мөртлөө хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хувааж иддэг ёс суртахуунгүй гонжоомны голнууд, хорт Боб мэтийн хүмүүсээр удирдуулаад, дагаад байх юм бол танай компани байж болох түвшингөөсөө хамаагүй хямд болно гэдгийг онолын хувьд батлаж байна гэсэн үг. Хэдийгээр энэхүү бичлэг нь нэлээд удаан, 2 цаг үргэлчилж байгаа ч, миний мэдэхээр Женсен, Эрхард хоёр энэ онол дээрээ 10-аад жил ажиллаж байгаа, батлагдах юм бол зодог тайлахаасаа өмнө хүн төрөлхтөнд үлдээж байгаа маш том оюуны баялаг. Ойлгоход заавал эдийн засгийн мэдлэгтэй байх албагүй, харин ч хүмүүжлийн асар их ач холбогдолтой учир улсууд хүүхдээ дагуулаад ирсэн харагдсан.

Ямар хүнээр байгууллагаа удирдуулбал үнэ цэнэ нь өсөх вэ, ямар хүнийг их хурлын гишүүн болгох вэ, цаашилбал ямар зан чанартай байвал эргэн тойрныхондоо тустай, хүндтэй хүн болох вэ гэх мэт бүх асуултад хариулахад тань тусална. Хэрэв эцэг эх тань танд хүнд битгий худал хэлж бай, хууран мэхлэх явуургүй, хүн гомдоосон бол заавал уучлал гуйж бай гэж хүмүүжүүлсэн бол та ямар азтай болохоо түүний лекцийн дараа ойлгох болно. Учир нь таны жинхэнэ лидер болж (өөрийнхөө амьдралын ч гэсэн) түүхэнд үлдэх магадлал маш өндөр байна гэсэн үг.

Сайн ойлгохын тулд Англи хэлтэй байх ёстой. Монголд сайныг санадаг хүн байх юм бол орчуулчихвал бүр ч тустай. Үнэхээр цаг зав байхгүй бол Америкийн Хаффингтон Пост сонинд энэ судалгааны ажлын талаар энгийн хүмүүст зориулагдсан гарсан богино нийтлэл бий. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл бол энд бий.

12 comments:

  1. Integrated (adj.)
    helbereeree zarim salbart: -integrated development; - sustainable integrated technology/policy making; esvel - integrated sustainable waste management ... meteer olon taliin aspects-iig bodoltsoj bas tusgasan olon taliin shiidel buhii - hogjil, - technology -iin tsogts gej orchuulah baih. Neg ugeer ilerhiilehed bas hetsuu l yum.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа! Integer, integral, integrated гэсэн үгстэй холбоотой юм шиг билээ. Эхнийхийг нь бид бүхэл тоо, удаахыг нь интеграл гэж хэрэглээд сурчихсан байгаа. Статистикт Integrated process гэж байдаг, цогц процесс гэж орчуулна гэж огт бодоогүй юм байна. Би бол хичээлдээ интегралчлагдах процесс гээд л байгаа. Гэхдээ хүмүүний нэг нийгэмд маш чухал үг нөгөөд нь бас баймаар л юм.

      Delete
  2. олон улсад томоохон газруудын хүний нөөц хүнээ шалгаруулж авахдаа мэдсэн сурснаас нь илүүтэйгээр "Ямар хүнбэ" гэдэг талаас нь ө.х суурь хүмүүжил талаас нь мэдэхийг их эрмэлздэг гэж сонссон. Хүн нь өөрөө зөв бол юуг ч сурч чадна гэдэг утгаараа. гэхдээ энэ үгэнд бол аль аль нь багтсан байх ёстой юм шиг байна. мэдлэг+зөв хүн

    ReplyDelete
    Replies
    1. Тийм байх. Personality буюу зан авирын шалгалт авдаг. Economist сэтгүүл дээр саяхан бас ийм төрлийн шалгалт бизнест сайн байна гэсэн нийтлэл байсан олсонгүй. Дараах 10 төрлийн зан авиртэй хүмүүсээс компаниуд зайлсхийх хэрэгтэй гэсэн зөвлөгөө л олов:http://www.entrepreneur.com/article/241567

      Delete
  3. таны бичсэнээс харахад integrity гэсэн үгний утгыг хүвь хүний зан чанар талаас нь авч үзвэл аливаа шийдвэрийг гаргахдаа зөвхөн өөрийн эрх ашгийг бус, олон талыг харсан хамгийн бага хохиролтой байх хувилбарыг сонгодог, алсыг харсан хүн байх байх гэж бодогдож байна. Их сонирхолтой бичиж. баярлалаа.

    ReplyDelete
    Replies
    1. Энэ слайдын 11-р хуудсан дээр хувь хүний хувьд тодорхойлолт нь байна: file:///C:/Users/erdenebat/Downloads/SSRN-id2432084.pdf
      Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэсэн маягийн утга бас байна (эмэгтэй хүнийг дорд үзэх гэсэн ямар ч бодолгйү шүү :)).

      Delete
  4. Цэгц гэдэг үгийн тайлбарыг сайн харж үзэх хэрэгтэй байх. Consistent гэдэг утга нь сайн гарах байх. Цэгц шударга хүн гэж ярьдаг байх шүү. Мандухай цэцэн хатан дээр гардаг Цэгц нэртэй баатрыг integrity-тэй хүн гэж хэлж болохоох дүр. Монголын нууц товчоо, Зүрхний хилэн, Манан будан ч юм уу түүхэн зохиолуудаас энэ үгийг хайвал гарч ирж магадгүй. Сайн зохиолчдын бичсэн өөр сайн, заавал түүхэн биш зохиолуудаас ч бас гарч ирж мэднэ. Жнь С.Дашдооров гуай хүний тухай их гоё бичдэг зохиолч, тэгэхээр энэ хүний зохиолыг уншиж үзвэл тохирох үг нь гараад ирж магадгүй юм. Монголчуудад энэ үг, ойлголт маш чухал байсан байх ёстой юм шиг санагдах юм. Тохирох үг нь олдох л ёстой. Эрэл хайгуулд амжит хүсье :).

    ReplyDelete
    Replies
    1. Дээрх сэтгэгдэл мөн орж ирсэн байлаа.

      Delete
  5. "Монголын За андгай буй заа"

    ReplyDelete
  6. 2015 оны 9 сарын 21-ны Даваа гаригт Волксваген компаний хувьцааны үнэ бараг гуравны нэгээр унав. Энэ нь уг компаний хувьцаа эзэмшигчдийн 26,2 тэрбум долларын хөрөнгө агаарт замхарлаа гэсэн үг. Америкчууд уг компани машиныхаа мотороос гарах утааны угаарын хэмжээг хэмжиж байхад арай бага хэмжээтэй, энгийн үед их гарч байх тохиргоог компьютерт нь суурилуусан байсныг илрүүлчихэж. 4 өдрийн дараа Европт зарагдсан машинууд нь мөн нь ийм кодтой болохыг хүлээн зөвшөөрөв. Уг компани олигтой компани байсан бол олигтой хүнээр удирдуулж, түүнийг нь олигтой төлөөлөн удирдах зөвлөлийнхөн хянах байсан биз. Тэгэхээр "Integrity" гэдэг үгийг "олиг" гэж орчуулах юм болов уу? Та юу гэж бодож байна?

    ReplyDelete
  7. МУИС-ийн нэгэн багш ийм бичвэр үлдээж:
    Werner Erhard гэдэг хүний тухай эндээс анх олж үзлээ. Харин Wiki дээр бичсэнээр бол "зохиолч (author)" юм биш үү? Философич гэж хаана ч алга.... Бид юм бичихдээ фактыг гуйвуулж, давслаж болохгүй биз дээ. NO?

    Миний хариулт: https://en.wikipedia.org/wiki/Werner_Erhard хуудас харсан уу? Search гэдэг товчин дээр philosophy гэж бичвэл 7 удаа бичвэр гарч ирж байна. Энэ факт биш үү, эсвэл гуйвуулга, давслал хэвээрээ юу? smile emoticon http://www.working-minds.com/werner.htm хуудсанд Werner Erhard is one of the most important philosophical thinkers of the XXth Century. гэж байна. http://www.wernererhard.net/archive.html гэдэг хуудсан дээр нь хийсэн ажлуудынх нь жагсаалт бас байна. Би гэхдээ философийн талаар сайн мэдэхгүй. Женсенийг бол сайн эдийн засагч гэдгийг нь мэднэ, тун их хүндэлдэг. Тэр лекцэн дээрээ (дээрх нийтлэлд холбоос нь бий) миний хамтрагч философич Эрхард гэж хэлж байгаа, миний хувьд түүнд итгэхгүй байх шалтгаан алга. Тэгэхдээ харийн нэгэн философич мөн, биш гэж ярьж байх бидэнд ямар ч хэрэгтэй юм бол доо, энэ цагийн л төрх юм байх даа.

    ReplyDelete

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...