Sunday, 18 October 2015

Нүд үнэнч, чих худалч. Үгүй хоёулаа худалч. Нэг завинд (нийгэмд) байгаа Монголчууд

Толгойдоо юм хийхдээ тун болгоомжтой байгаарай, учир нь түүнийг та хэзээ ч буцаан гаргаж чадахгүй.   -Томас Волзей (1471-1530)

Танаас би нэг шалгалт авъя. Дараах бичлэгийг үзээд цагаан хувцастай баг хэдэн удаа бөмбөг дамжуулж байгааг тоолоорой: бичлэг (энэ таалагдвал Лорд Смитийг хэн алсан болохыг олоорой: бичлэг). Гол сургамж нь бид аливаа зүйлээс харахыг хүсэж байгаа зүйлээ л хардаг. Ингэхдээ маш чухал зүйлсийг орхигдууах нь олонтаа (эхний бичлэг дээрх бүжиглэж байгаа баавгай).
Неврологичдийн үзэж байгаагаар хүн нүднийхээ харж байгаа зүйлийг хардаггүй, харин тархиныхаа харахыг хүссэн зүйлийг л хардаг. Тэгэхээр хүүхэд, эсвэл дүү тань танд бусдынхаас илүү хөөрхөн харагддаг бол шалтгаан нь тэрхүү дүгнэлтэд ашиглагдаж байгаа мэдээллийн 20% нь л нүднээс үлдэх нь тархинаас (санах ойгоос) тань очиж байгаа учраас тэр аж (яг нарийн пропорц нь Женсений лекцэнд бий).

Нэг найзынхаа Facebook олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дансаараа бусадтай хуваалцсан байсан "Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага" нийтлэлийг уншаад "Сүүлийн үед интегрити Монголын нийгэмд их үгүйлэгдэж байна гэж бодоод байгаа. Энэ хүн үнэхээр ийм бусармаг зүйл хийсэн нь үнэн юм бол намаасаа эртхэн зайлуулбал нам нь, төрөөс зайлуулбал засаг нь, ийм шахалтыг үзүүлж чадвал нийгэм нь эрүүлжин эдийн засаг нь тулах цэгтэй болж Монголын ард түмэн хожно. Сэтгүүлч нь хүн гүтгэж байгаа бол шүүхдээд нэрээ цэвэрлэж авсан нь дээр" гэсэн сэтгэгдлийн хамт өөрийн дансаараа бусдад тараав.

Тэгтэл "Э.Бат-Үүл хүүгийнхээ нэр дээрх команид 5,1 тэрбум төгрөгийн тендер авч өгчээ нийтлэлийн тухай юу бодож байна? Эрка, ашиг сонирхлын зөрчил гэж огт дуулаагүй  хүмүүс төр барьсаар л байх уу? Э.Бат-Үүл: Хуучин цагт нам бэртэгчин үйлдвэрлэдэг байсан бол одоо муу хүмүүсийг, араатнуудыг үйлдвэрлэж байна гэсэн нийтлэлдээ Аав нь хотын дарга байхад хүү нь бизнес хийж болохгүйг ойлгосон гэж ярилцлага өгсөн байгаа юм..." гэсэн асуулт, сэтгэгдлийг (дүгнэлт?) уг найз маань надад үлдээжээ. Мөн нэг хуучин оюутан маань "Монголын нийгэмд их үгүйлэгдэж байгаа зүйл аль нь үнэн аль худал болохыг ялгах арга, аргачлал, хэмжүүр. Товчхондоо интегритиг хэмжих хэмжүүр алга" гэсэн байв.

Түүнд нь би "Би тухтай уншаад хариу бичье. Гэхдээ урьдчилаад гүйлгээд харахад хэдэн зүйл бодогдов. Өнөөдөр Монголын нийгэмд хамгийн хэрэггүй зүйл бол туйлшрах. Эхний мэдээ нь "Э.Бат-Үүл хүүгийнхээ нэр дээрх команид 5,1 тэрбум төгрөгийн тендер авч өгчээ" гэсэн гарчигтай юм. Гэтэл уншиж үзтэл ердөө л өчигдөр Авилгатай тэмцэх газарт уг хүний эсрэг гомдол мэдүүлж байгаа юм байна. Аливаа хүний гэм буруутай нь нотлогдох хүртэл, хуулийн байгууллагын шийдвэр гартал, ийм дүгнэлт хийхгүй байх нь хууль ёст нийгмийн шинж (яагаад дүүргийн шүүхийг алгасч шууд Авилгатай тэмцэх газарт өгч байгааг нь ойлгосонгүй. Гэхдээ миний хуулийн мэдлэг маш муу). Нөгөө талаар 2 дахь нийтлэлийн гарчиг нь "Хуучин цагт нам бэртэгчин үйлдвэрлэдэг байсан бол одоо муу хүмүүсийг, араатнуудыг үйлдвэрлэж байна" гэсэн гарчигтай юм. Энэ гарчиг бол бас л нэг туйлшралын жишээ гэж бодож байна. Нэлээд урт эд байна. Уншсаныхаа дараа (одоохондоо арай зав болохгүй байна) үргэлжлүүлээд хариулъя." гэсэн билээ. 

Асуулт, сэтгэгдэл нь ашиг сонирхлын зөрчил болон хотын дарга Бат-Үүлтэй холбоотой байна. Намайг ч тийм гэж хэлж магадгүй. Учир нь миний бие их сургуулийн ажлынхаа хажуугаар хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн төлбөрийг төлөх гэж (харъяа улсын цэцэрлэгт орон тоо байхгүй, харъяа улсын сургууль болох 1-р сургуулийн 1-р ангийн нэг ангийн хүүхдийн тоо нь 65 байсан тул оруулаагүй) төрөл бүрийн "эрдмийн бус" ажил хийдэг (ер нь ихэнхи их, дээд сургуулийн багш нар над шиг үндсэн ажилдаа төвлөрөхгүй ийм ажил хийдэг байх. МУИС-ийн санхүүгийн тэнхимийн багшийн цалин танай банкны теллерийн цалингаас бага байгаа нь байж болохгүй зүйл гэж Хаан банкны дэд захирал, Голомт банкны ерөнхийлөгчид хэд хэд хэлж байсан). Тэдгээрийн нэг нь Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегитай холбоотой ажилд зөвлөхөөр ажиллаж (гадаад зөвлөхийн дотоод туслах) байсан болно. Гэхдээ Хотын дарга Бат-Үүлд 2014 оны Эдийн засгийн форумын үеэр оролцогчид дугаарлаж байгаа асуулт тавьж, сэтгэгдлээ хэлдэг үеээр нь МУИС болон бусад төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс гаргаж Багануур руу нүүлгэх нь оюутнуудад үйлчилдэг жижиг бизнесүүд, суралцахын хажуугаар ажил хийдэг бага орлоготой айлын хүүхдүүдэд тун сөргөөр нөлөөлнө, барилгыг нь гүйцэт санхүүжүүлж ч чадахгүй, чадлаа гэхэд нүүх багш нар олдохгүй гэж, мөн дэлхийн дэвшилтэт ихэнх хот төвдөө дэлхийн түвшний их сургууль бий болгож түүндээ хувийн болон төрийн сектор нь дөрөөлж мэдлэгт суурилсан эдийн засагтай болох гэсэн хөгжлийн стратеги барьж байгааг хэлсэн (тэнд ажиллаж байхдаа уншсан зүйлдээ тулгуурлан энэ нийтлэлийг мөн бичсэн). Өөрөөр үг сольж үзээгүй, тэр хүний талаар ч сайн мэдэхгүй болно. 

Арай урт хоёр дох нийтлэлийг уншаад үүнийг хэтэрхий туйлшруулж нэрлэсэн байна даа гэж бодов. Уг ярилцлагад дурдагдаж байгаа маш олон асуудлуудаас ганц хэсгийг нь сугалж аваад нэгэнт маш хурдтай талцаж байгаа Монголын нийгмийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараах нь хэр зохистой шийдвэр байсан юм бол гэж эмзэглэв. Ялангуяа төрөл бүрийн мэдээллийн хэрэгслээр тархиа угаалгуулж байгаа уншигчид баргийн онлайн нийтлэлийг гарчиглаад л өнгөрдөг болсон үед. Нэгэнт дүгнэлтийг нь урьдчилаад өгчихөж байхад үргэжлүүлж унших завтай хүн байх уу? Түүнд дургүй хүмүүс нь үүнийг нь шүүрэн авч, сайн хүмүүс нь өмөөрөх гэж талцана. Гэтэл ямар ч байгууллага, нийгмийг бүрдүүлэгч инстиуцүүд, нийгэм бүхэлдээ талцаад ирэхээр эрүүл ухаан, зөвшилцөл оршин тогтнох орон зайгүй болдог, нийгмийн гишүүд хоёр туйл руугаа тэмүүлдэг. Хэт туйлшрагчдийн оршин тогтнох, эрх мэдлээ нэмэгдүүлэх үндсэн арга нь нийгмийн тогтворгүй байдлыг улам бүр гааруулж, энэ нь бусдын л хоол болгодгийг Сири, Украйн, Өмнөд Суданаас бид өнөөдөр ч харж болно (доогуур түвшний хагарлууд Монголын нийгмээр аль хэдийн өчнөөн бий болсон). Хамтдаа байгаа завиа эвдлээд хэнд ч ашиггүй нь уул тодорхой л баймаар.

Уг ярилцлагад дурдагдаж байгаа дарга л болж байвал чөтгөртэй нөхчсөн ч хамаагүй гэх залуус улс төрийн намуудаар дүүрч байна гэсэн түүний ажиглалттай би ч хувьдаа санал нийлнэ. Хотын дарга Бат-Үүл ярилцлагадаа хүү нь хотын дахин төлөвлөлтийн тендерт ялсан нь алдаа, буруу зүйл болсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Үнэхээр ч ийм зүйл байж болохгүй мэт. Уул нь цэгц (интегритэй) хүний тухайн Женсений лекцэнд дурдагдаж байгаа Битнер, Бүүмс, Теираулт нарын Journal of Marketing сэтгүүлд (энэ нь маркетингийн ухааны топ сэтгүүлүүдийн нэг) нийтлүүлсэн судалгаанд хамрагдагсдаас хамгийн эерэг дурсамжтай, сайхан үйлчилгээ авч байсан үеээ санана уу гэж асуухад 23.3% нь эхэндээ захиалсан үйлчилгээ нь маш муу байсан тохиолдлуудыг нэрлэжээ (лекцийн 41:38 минут, 26-р тал) . Жишээ нь, зочид буудалд өрөө урьдчилаад захиалсан атал өмнөх хүн нь гараагүй учраас орчих өрөө байхгүй байсан гэх мэт. Гэхдээ ямар ч сүйрлийг зөв удирдсанаар эерэг үр дүнд хүргэж болдгийн баталгаа нь дээрх баримт (өмнөх зочид буудлын хувьд уучлалт гуйж, хурлын өрөөг унтлагын өрөө болгон зочдоо оруулсан гэсэн). Тэгэхээр шударга байна гэж амлаад сонгогдсон хотын даргад өдгөө үүсээд байгаа нөхцөл байдал нь зөв удирдвал үнэлэмжээ өсгөж ч болох  боломж байж магадгүй. 

Хүү нь үнэхээр тийм том барилгын салбарын бизнесмен юм бол эцгийнхээ нэрийг цэвэрлээд, удирддаг хотод нь ганц сайн дэлхийн түвшинд хүрсэн их сургууль бий болгох гарааны дэмжлэг үзүүлчихгүй юм байх даа гэж горьдов. Монголын нийгэмд өөрийн гэсэн Рокфеллер (Чикагогийн их сургууль болон Рокфеллерийн их сургуулийг үүсгэн байгуулагч), Карнеги (Карнеги Меллоны их сургуулийг үүсгэн байгуулагч), Вандербилт (Вандербилтийн их сургуулийг үүсгэн байгуулагч) мэт бизнесмен туйлын ихээр үгүйлэгдэж байна. Бидэнд аятайхан програм л суулгаад өгөх юм бол Монгол улсыг дор нь босгоод ирэх супер компьютер мэт оюутнууд нь, дэлхийн шилдэг их сургуулиудад багшилж байгаа эрдэмтэд нь бас байгаад байдаг. 

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...