Saturday, 24 October 2015

Өөрийн бодол өөртөө зөв: Монгол багшийн шавьдаа бичсэн захидал

Пунцагийн Батаа:

Нэгэнт ам нээсэн болохоороо сэдвээсээ жаахан хадуурахад манай томчууд дотор өөрийн өвөрмөц онцлогийг хайхрахгүй, бусдын ном, тархи, амаар боддог, ажилладаг хүмүүс цөөнгүй байдаг нь манай улсын хөгжил, үндэсний өвөрмөц онцлогт муугаар нөлөөлж байна гэж би боддог, энэ талаар оюутнуудад их учирлаж хэлдэг юм. Хэдэн жишээ дурдъя.

Нэгэн зүйл. Манай томчуул, мэргэжилтэн нар гол төлөв гадаадад сургууль төгссөн, юм хэлэх, хийх болохдоо гадаад ном уншдаг, гадны хүний үгийг дагадаг болохоороо өөрөө сэтгэж, бодох нь бага болжээ. Жишээ нь, хуулийнхан эрх, хууль гэдэг хоёр ойлголтыг ялгахгүй гол төлөв эрх гэнэ. Жишээ нь, ийм хуулийн үндэс байхгүй гэдгийг ийм эрхийн үндэс байхгүй гэх мэт. Миний бодлоор нийгмийн дотор хүмүүсийн хооронд олон янзын харилцаа тогтож байдгийн нэг нь эрхийн харилцаа. Энэ харилцааг судалдаг ухааныг Эрхзүй гэнэ. Нийгмийн дотор хүмүүсийн эдлэх ёстой эрхийг зөв эдлүүлж, эдлэх ёсгүйг нь эдлүүлэхгүй байхын үүднээс эрхийн харилцааг хуульчилж хууль гаргадаг. Энэ хуулийн харилцааг судлах ухааныг Хуульзүй гэнэ. Хуулийг төр гаргаж, төр хэрэгжүүлнэ. Манай төр бол бүгд найрамдах ардчилсан төр. Ийм төр нийгмийн бүх харилцааг хуульчилж, бүх юмыг хуулийн хүрээнд явуулна, өөрөө хүртэл хуулийг эрхэмлэж хуулийн хүрээнд ажилладаг болохоор энэ төрийг эрхзүйт төр биш, харин хуульзүйт, жинхэнэ монгол ёсоор нэрлэх гэвэл хууль цаазат төр гэх ёстой бус уу? Хуулийг биш, харин хааны хүсэл зоргыг тэргүүн зэрэгт тавьдаг төрийг хэмжээгүй эрхт хаант төр гэж нэрлэдэг билээ. “Иргэний эрх” гэдэг хичээл зааж байгаа багш иргэний хуулийн мэдлэг өгдөг үү?, эсвэл иргэний эрхийн мэдлэг өгдөг байна уу? 

Манай бүх их, дээд сургуульд Философийн хичээл зааж байгаа багш нар “Байгалийн философи”, “Хүний философи”, “Шашны Философи” гэх мэтээр нэрлэсэн юм зааж байгаагаас харахад Философи гэсэн биеэ даасан шинжлэх ухаан байдаггүй юм шиг байна. Уул нь Философи гэдэг бүхэл бүтэн биеэ даасан шинжлэх ухаан байдаг болохоор “Байгалийн философи” биш, харин “Байгалийг үзэх философийн үзэл” гэж байдаг ажээ. “Буддын шашны философи нь Буддын гүн ухаан”, “Өрнөдийн шашны философи нь Томизм” гэж нэгэнт байдаг болохоор “Шашины философи” “Шашныг үзэх философи үзэл” гэдэг нь өөр өөр юм байна гэдгийг нэг багш ухаарч номынхоо зөвхөн нэг “Шашины философи” гэсэн гарчгийг өөрчилсөн байсан. 

Уул нь юмны нэр агуулга хоёр нь тохирч байдаг ёстой учраас манай ардууд оюу олддог толгойг “Оюу толгой”, эрдэнэтэйгийг нь “Эрдэнэт” гэж нэрлэжээ. 

Ийм өөрийн толгойгүй ”гадаад толгойтой” хүн нийгэмд гай болох нь бий. 70-аад оны үе шиг санагдаж байна, зарим эдийн засагчид, хургыг том мал болгох нь зардал их гарах учир эдийн засгийн хувьд ашиггүй, намар нядлах нь ашигтай гэж зүтгээд намар нядлах ёс тогтож байсан. Гэтэл манай малчдын ойлголтоор манай бэлчээрийн хурга нь суурин газрын тэжээвэр хургыг бодвол бараг зардалгүй шахам юм гэсэн. 

Энд нэг зүйлийг цаг ямагт анхаарч байх ёстой. Манай хүмүүс гадаадын ном хэвлэл ашиглаж юм хэлдэг, бичдэг болохоороо даяаршил гэдгийг их ид шидтэй зүйл болгож сурталчлаад байдаг, дангааршил гэдгийг мэддэггүй буюу мэдсэн ч “дүлий дүмбэ” болчихдог. Гэтэл даяаршлын зэрэгцээгээр дангааршил гэж бас байдаг. Дангааршил гэдэг нь даяаршлын эсрэг шинжтэй өөрийн биеэ даасан байдал, тусгаар тогтнол, онцлог, өөрийн эрх ашиг зэрэг өөрийн юмаа бусдаас хамгаалах, бусдын эрхшээлд орохгүй, бусдад ашиглуулахгүй байх утгатай санаа юм. Жишээ нь, аливаа улс орон хүнсний барааныхаа 30-аас дээш хувийг гадаадаас авч болдоггүй юм гэсэн. Гэтэл манай улс зарим хүний тооцоолсноор 70 хувь, заримын тооцоолсноор 80 хүртэл хувийг гадаадаас авдаг байна. Ийм учраас үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдалд аюул учирч байна гэсэн үг гараад байгаа юм. Жишээ нь, Хятадын хямд гурил, ногоо орж ирж байгаа болохоор газар тариалан гээд их хөрөнгө зарцуулахын хэрэг юунд байна вэ? гэж хэлдэг том эрх мэдэлтэн хүртэл манайд байдаг, тэгээд ч хямдхан гурил, ногоо мэтийн юм орж ирээд манай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуултад цохилт болдог. Манай газар тариалангийн уналтын нэг шалтгаан үүнд байгаа. Хятад Улс ургац алдах буюу төрийн бодлого нь өөрчлөгдөж манайд тэр хямд гурил, ногоогоо өгөхгүйд хүрвэл манайх яах бэ? 

Зүй ёс нь даяаршил, дангааршил хоёрыг зөв хослуулах, “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” байх учиртай. Өөрөөр шуудхан хэлчихвэл, дан ганц даяаршил гэж ярьж байгаа хүн бол бага буурай орныг даяаршлын халхавчаар жавших гэсэн их гүрний далд бодлогыг мэдэхгүй сурталчилж байна гэсэн үг. Энэ үгийн аюул гэвэл: “Холоос ирээд хот манайх гэх, хотонд ороод хонь манайх гэхийн” үлгэр болж мэднэ. Гадаадын хөрөнгө оруулагчдын дотор “Хот манайх, хонь манайх” гэдэг хүн байдаг юм биш үү? 

Нэгэн зүйл. Манайд хууль хэрэгжихгүй байгаагийн нэг шалтгаан бол хууль нь “монгол” бишид байгаа юм. Аливаа хууль нь нийгмийн бодит харилцааг зохицуулах шаардлагаас үүсдэг болохоор манай хууль нь манай нийгмийн бодит шаардлага, нийгмийн бодит харилцааны тусгал байх ёстой байтал Улсын Их Хурлын “үйлдвэрлэж” байгаа хуулийн “түүхий эд” нь монгол биш, өөрөөр хэлбэл, Монголын нийгмийн өвөрмөц харилцааг зохицуулах шаардлагаас гараагүй, гадаад улсуудын хуулиудын “хуулбар” маягтай, тухайлбал, манай Үндсэн хууль хүртэл иймэрхүү шинжтэй, манай төр хүртэл парламентын төр үү, ерөнхийлөгчийн төр үү гэдэг нь тов тодорхой бус, хүний эрхийн хувьд НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хуулаад авчихсан учир иргэдийн эдлэх үндсэн эрх, эрх чөлөө нь 18, гэтэл үүрэх үндсэн үүрэг нь 4, ингэхлээр, 4 үүрэг үүрчихээд 18 эрх, эрх чөлөө эдлэнэ. Уул нь нийгэмд үүрэг үүрсэн хүн эрх эдлэх ёстой байтал манайд үүрэг үүрэхгүйгээр эрх эдлэхийг хүсэгчид олон болсон. Сүүлийн үед газар авч байгаа “монгол хүн буруу хэлээд зөв ойлгодог” гэдгийг номлолоо болгосон хүн “эрхзүйт төр”, үндсэн хуулийн олон эрх, эрх чөлөө гэх мэтийн юм ямар ч хамаагүй гэж хэлж магадгүй боловч үнэндээ манай “эрх, эрх чөлөө” гэсэн амны уншлага болсон ойлголт “эрх, эрх чөлөөгөөр согтогчдыг” бий болгоод байна. 

Манай Үндсэн хууль нь нийгмийн нөхцөл байдал ээдрээтэй, хууль санаачлагчид, улс төрчдийн мэдлэг учир дутагдалтай байсан үед гарсан болохоор учир дутагдал байх нь зүй ёсны юм. Тэгэхдээ энэ хуулинд бүх юмыг үсэгчлэн тохируулах гэх юм уу, эсвэл үргэлж засах гээд байхын хэрэг байна уу даа. Ерөнхий ноён нуруу нь зөв бол болдог юм биш үү? Олон улсын байдлыг харж байхад манайх шиг саяхан гарсан энэ хуулиараа маргалдаад байдаггүй юм шиг байна. 

Нэгэн зүйл. Сүүлийн үед ерөнхийлөгчийн засаглалыг шохоорогчид олширч магадгүй байна. “Бүгдээрээ зөвлөвөл буруугүй…” гэсэн сургаалаар бол нэг их ухаантай ерөнхийлөгчийн шийдвэрээс олон толгой маргалдаж, хэлэлцэж гаргасан их хурлын шийдвэр илүү зөв байх магадлалтай. Жишээ нь, “бэлчээр шүтсэн эдийн засагтай” манай орны бэлчээр, усыг сүйтгэсэн “Алт” төсөл “нүд ирмэхийн зуур” гарч хэрэгжсэн байхад ”Хоёр толгойн” төслийг “Учрыг нь олж, хужрыг нь тунгааж” хийх гэсэн “олон толгой” оролцож байгаагийн улмаас олон жил дуншиж байсан. Бас удаа дараагийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчид болон сонгуулийн явц, дүнгээс харахад иргэдийн улс төрийн соёл учир дутагдалтай, намчирхсан, улс төржсөн өнөөгийн нөхцөлд жинхэнэ шилдэг нь биш, арга зальтай нь ерөнхийлөгч болчих аюул байсаар байна. Өнөөгийн манайх шиг маргалдаж будилсан, нэг хүний “хатуу гарыг” хүсэмжилсэн Германд Гитлер гэдэг “гайхал” гарч ирээд Герман Улсаар үл барам дэлхий ертөнцийг баллах шахсан түүхийн сургамж байж л байгаа. 

Нэгэн зүйл. Нэг гадаад хүн манай орныг “ардчиллаар согтчихсон орон” гэж элэглэсэн юм гэсэн. Ардчилал гэдэг нь дээд зэргийн хариуцлага, дээд зэргийн сахилга бат, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж байж өөрийн эрх, эрх чөлөөг эдлэх ёс гэдгийг сайтар ойлгож, сайтар ойлгуулаагүй буюу “Учрыг нь сайн олж, хужрыг нь сайтар тунгаагаагүйгээс” болж дураараа дургигчид олширч “эрхийн тэнэг хүүхэд” шиг “аашлагчдын” улс болчихжээ. Манайхан шиг үргэлж жагсаал, цуглаан хийж, өлсгөлөн зарлаж, өөрсдөө ажил хийхгүй, бусдын ажлыг хийлгэхгүй орон энэ дэлхийд байдаггүй юм шиг байна. Нэг “сайн тэмцэгч” нэг дэд сайдыг огцруул гээд “хэвтэж” байх жишээтэй. Энэ мэтээр даварсаар байгаад “Долоон сарын нэгэнд” хүрсэн. Энэ утгаар авч үзвэл “Долоон сарын нэгний” цаад шалтгаан нь “ардчиллын согтуурал”, наад талынх нь ядуурал, ажилгүйдэл, түүнээс төрөн гарсан олны бухимдал, цаад талын “сургагчид” нь олон түмнийг зүй, зүй бусын элдэв тэмцэлд уриалан зохион байгуулагчид, наад талынх нь сонгуульд ялагдаж бухимдагчид. Шуудхан хэлэхэд гол төлөв хувийнхаа эрх ашгийн төлөө олон түмнийг элдэв эсэргүүцэлд уриалан дуудагчид бол манай ард түмнийг хагалан бутаргагчид, тэгснээрээ манай хөгжлийг хойш нь татагчид мөн. 

2008 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа 2008 оны долдугаар сарын нэгний өдөр монгол хүнээс гарамгүй зэрлэг араншин, кинонд гардаг шиг юм болсон (барилгын хашаанаас шороо түрэгчийг аваад цагдаа руу дайрч байгаагаас харахад хэрэв тэнд танк байсан бол). Энэ үймээн самууны шалтгааныг түүнийг зохион байгуулагч, турхирагчид сонгууль шударга бус болсноос болсон гэж тайлбарлаж байна. Гэтэл сонгууль шударга бус болсон гэдэг нь түүний шалтгаан биш, харин шалтаг нь байсныг зөвхөн ганц баримтаар тайлбарлахад тэр хэргийн улмаас баривчлагдсан 700 гаруй хүнээс зөвхөн 66 хүн сонгуульд оролцож санал өгсөн гэсэн тоо бий. Тэгвэл 640 орчим хүн нийслэл хотын 5 тойрогт Ардчилсан Нам, Иргэний Хөдөлгөөний Намын төлөө саналаа өгсөн бол тэр хоёр намаас нэр дэвшигч нэг хүн нь 100 гаруй хүний санал илүү авч ялах магадлал байсан бус уу? Өөрийнхөө дэмждэг намын төлөө санал өгөөгүй байж сонгууль шударга бус боллоо гэж хэлж болдог юм бол санал өгөөгүй хүмүүс өөрсдөө санал өгөөгүй гэдэг утгаар “сонгуулийг шударга бус” болгосон гэсэн санаа аяндаа гарч байна. Бас үймэн самуун хурцдаж их сүйтгэл учруулсны гол буруутан МАХН-ын дарга Баяр гэж тайлбарлаж “Хэрэв Баяр гарч ирээд үг хэлсэн бол байдал хурцдахгүй байсан” гэж хэлж байгаа хүний толгой эрүүл байгаа гэж үү? Баяр дарга гарч ирээд хоёр янзын санаа: нэг бол, “сонгуулийг манай нам будлиантуулаагүй” гэж хэлэх, эсвэл “манай нам будлиантуулсан нь үнэн, уучлаарай” гэж хэлэхээс өөр юу гэж хэлэх байсан гэж. Энэ хоёр санааны аль нэгийг хэлэхэд уур хилэндээ “шатаж” байсан олон “Өө, тийм байсан юм уу, уучлал гуйж байна шүү дээ” гээд тараад явах байсан уу? Тараад явчихгүй байсны нотолгоо гэвэл, үймээнийг өдөөж зохион байгуулагчид өөрсдөө хяналт тавьж чадахгүй болсон үед өөрсдөө хар амиа бодож “сүүлээ хавчаад” зугатаж байгаа нохой шиг болсноо мартаагүй баймаар юм. Ер нь дашрамд дурдахад эвдэж шатаасан хөрөнгө хэний байгаа нь энд огт хамаагүй ямар ч гэсэн монголын нийгмийн хөрөнгө байсан. Энэ сүйтгэлийг нөхөхөд монголын нийгэм хөрөнгө гаргаж хохирно. Үүнийг сүйтгэгчид нэг бүр нийгмийн хөрөнгөнд хувь нэмрээ оруулж байсан уу? гэж асуухын учир гэвэл бусдын, нийгмийн юманд хайр гамгүй хандагчид, эвдэж сүйтгэгчид олон биш ч гэсэн байдгийг, олшрох магадгүй гэж эмээсэнд байгаа юм. Сонгуулийг “МАХН будлиантуулсан” гэж уурласан юм бол МАХН руу дайраад зогсох ёстой байсан бус уу? Яагаад хажуугийн байшинд халдаж соёлын өв, хөрөнгийг юунд шатаасан юм бол? 

2008 оны долдугаар сард гарсан үймээн самуун нь сонгуулийг шударга явуулахад нам, нэр дэвшигч, сонгогч бүр хүчин чармайлт гаргах, “унасан бөхөд шалтаг мундахгүй” гэгчээр сонгуульд ялагдсан нам, нэр дэвшигч янз бүрийн шалтаг хэлж сонгууль шударга бус болсноос болж би, манай нам ялагдсан гэдэг юм байдгийг санаж шударга бус болсныг мэдэхгүй байж гүтгэгчдийн үгээр “будаа идэхгүй” байх, сонгуульд ялагдсан хүн, нам сонгуулийн үр дүнгийг хүлээн зөвшөөрч сурах нь сонгогч, сонгогдогч нарын болон улс төрийн намын төлөвшил, улс төрийн соёлын түвшингийн нэг чухал үзүүлэлт болдгийг харууллаа. 

Дашрамд дурдахад аливаа сонгууль, түүний дотор 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн гүтгэлэг, доромжлолын байдлаас харахад аливаа юмны учрыг нь олж юманд уужуу тайван ханддаг монгол сэтгэхүйг эвдэгчид нь “ардчиллаар согтогчид” буюу хувийн эрх ашгийн төлөө бусдыг өдөөн хатгаж үймүүлэгчид, элдэв цуглаан, жагсаал зохион байгуулагчид мөн. 

Нэгэн зүйл. Нийгмийн юм, үзэгдэлд бодит нөхцөл, хүчин зүйлээс гадна тэр юм, үзэгдлийг хэрэгжүүлэгч нь хүн байдаг. Юм хийе гэсэн сэтгэлтэй хүн, юм хийхээс өөр арга байхгүй гэсэн хүмүүжилтэй хүн юм хийнэ, хийхдээ жинхэнэ ёсоор хийнэ. Энэ сэтгэл, хүмүүжил хоёрыг гэр бүл, нийгэм (тухайлбал, ясль, цэцэрлэг мэтийн хүүхдийн байгууллага, сургууль, олон нийтийн байгууллага, нийгмийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл) олгодог. Гэтэл сүүлийн үед үзэл суртал, хүмүүжлийн ажил хэрэггүй гэх маягийн ойлголт нийгэмд бий болж, хэтрүүлсхийж хэлбэл, манай залуу үеийг ялангуяа хүүхдийг бүр багаас нь гадаадын соёл, түүний дотор сөрөг соёл, америк, солонгос кино хүмүүжүүлж байна. Ер нь хэвлэл, мэдээллийн байгууллагын нэг гол зорилго бол олон түмний сэтгэхүйг нийгмийн шаардлагын дагуу өөрчлөх явдал байдаг байтал харин ч эсрэг үүрэгтэй болжээ гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байхаа. Жишээ нь, цагдаагийн газрын мэдээнд хүмүүс хулгай, гэмт хэрэг хийх нь ядуурал, ажилгүйдлээс болж байна гэж хэлэх нь үнэний ортой боловч зарим ухвар мөчид хүнд хулгай, гэмт хэрэг хийх нь миний буруу биш юм байна гэсэн маягийн ойлголт өгч, хулгайчид юмаа алдсан бол тэд төлбөрийн чадваргүй гэх мэтээр иргэдэд сануулах нь нөгөө талаар хулгайчид би төлбөрт орохгүй юм байна гэсэн санаа өгч байгааг бодолцох ёстой. Үнэн юмыг үнэн гэдэг утгаар нь тэр болгон хэлээд байх учиргүй. 

Манай хүүхэд, залуу үе нийтийн мэдээллийн хэрэгслийг мэдлэг олж авах хэрэгсэл болгохгүй, харин зугаацах, цэнгэх зэвсэг болгон ашиглаж нэг ёсондоо телевиз, интернэт, тоглоомын компьютерийн “нэг эд анги шиг болж үргэлж залгаатай” байх болсон нь олон талын муу нөлөөтэй болж, жишээлбэл, нэгд, эдгээрээс өөр юм хийх дургүй буюу залхуу, хичээл давтах, ном уншихад саад болж энэ нь сурагчдын сурлагад нөлөөлөх нэг муу нөлөө болж байна. Хоёрт, хүүхдийн эрүүл мэндэд наад зах нь нүдний хараанд, чихний сонсголд, биеийн хөдөлгөөнд, зарим нэг хүүхдийн хувьд донтох өвчин болж мэдрэл, сэтгэцэд тун муугаар нөлөөлж байна (хатуухан хэлэхэд залуу үе маань хараа, сонсгол муутай, суумгай, тарган, уцаартай болж магадгүй байна). Гуравт, хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Тухайлбал, хулгайч, мэхлэгч, дээрэмчин болгон сургаж байгаа, өөрөөр хэлбэл, мөнгө олох муу арга бүхэнд сургаж байна. Бас Америк кино алж талсан, эвдэж сүйтгэсэн, солонгос кино нь зодож дарамталсан “новш” мэтийн хараалын үг урсгасан шинжтэй. Энэ мэтийн киноны гол муу тал нь гэвэл хэрэг хийсэн этгээд баригдаж шийтгэл хүлээдэггүй талаараа дураараа аашлах, алж талах, эвдэж сүйтгэх мэтийн араатны “эрдэмд” дэндүү сайн сургаж байна. Энэ бүхэнд мөнгөний төлөө “нүдээ ухаж өгөхөөсөө буцахгүй” бологсод түмэн буруутай. Бас хүүхдээ захирч, хүмүүжүүлж чаддаггүй эх, эцгийг буруутай гэж хэлж болох боловч эх, эцэг нарт хүчин мөхөсдөх тал байгаагаас, “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдгийн үүднээс авч үзвэл, “Шаазгай овоон дээр сууж байгаагийн буруу овоонд байгаа” боловч “овоо босгогчид” гол буруутай. Иймэрхүү хүүхдийн хүмүүжилд муу нөлөөлөх кино, нэвтрүүлгийг Америк мэтийн оронд хүүхдэд үзүүлдэггүй юм гэсэн. Манайд бол мөнгө олж байвал хүүхдийн хүмүүжил, улс орны эрх ашигт хохирол учирч байгааг огтхон үл бодогчид, гадаадын хорлогчид шиг санаатнууд цөөнгүй байгаа нь туйлын харамсалтай. Ийм нөхцөлд төрийн оролцоо чухал байна. Жишээлбэл, “Халуун хөнжлийг” хүүхэд орондоо ороод хүртэл уншаад эцэг, эхэд дийлдэхгүй байсан үед төр хориглож тус болсон билээ. Төр, засгийн нэг гол зорилго бол хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшилд таатай орчныг бий болгох, таагүй орчныг устгаж байх явдал байдаг болохоор хүүхдээ гаднын муу нөлөөнөөс хамгаалж чадахгүй, хүчин мөхөсдөж байгаа эцэг, эхэд туслах шаардлага зүй ёсоор гарч байна. 

Нэгэн зүйл. Байгалийн хуулиар эр амьтан эмээ хамгаалдаг, тэтгэдэг болохоор эмээсээ илүү хүч, тэнхээтэй, нийгмийн хууль буюу хүний ёсоор бол эрэгтэй нь өрх толгойлж эмэгтэйгээ, гэр орноо тэжээдэг байтал манай улсад эсрэгээр эргэж эмэгтэй нь эр нөхрөө тэжээдэг ёс газар авах шинжтэй болж гэрийн ажил хийдэг, хүүхэд төрүүлж өсгөхөд гол үүрэгтэй эмэгтэйчүүдийн үүрэх ачааг хэт их болгож байгалиас заяасан хүч, бололцоог шавхаж туйлдуулах боллоо. Мөн зарим айлд согтуу эрийн хүчирхийлэл, бас архичин хүүгийн дарамт давхар давхар нэмэгдэж байна. Энэ дарамтыг сөрөн зогсох хүчгүй болсон эмэгтэй өвчинд нэрвэгдэх, өөрөө архинд орох (хааяа нэг гардаг жишээгээр бол тамлагчийн эсрэг зэвсэг хэрэглэх), хүүхэд нь гэрээсээ дайжих хэмжээний аюул болж байна. Манай улсын хувьд хүн хүнээ ялгаварлан гадуурхах, дарлан мөлжих, боолчлох ёс нийгмээс арилж, харин гэр бүлийн хүрээнд үлдсэнээр үл барам нэмэгдэж “Гэр бүлийн хүчирхийлэл” гэдэг үг сүүлийн үед багагүй чих дэлсэх болжээ. Энэ хүчирхийлэлд байгалиас турьхан заяасан эмэгтэй, бага балчрын хувьд хүч суугаагүй байгаа хүүхэд өртөж өөрсдөө тэмцэн дийлэх хүчин мөхөсдөж байгаа болохоор төрийн оролцоо нэн чухал болж байна. 

“Аман хуур” киноны авгай нөхөр хоёр шиг биш бол, эсвэл Америк кинонд гардаг шиг тусгайлан сургуульсан эмэгтэй цагдаа шиг биш бол эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй хүчээр үзэлцээд дийлэх учир нэгэнт байхгүй болохоор хүчин мөхөсдөж байгаа эмэгтэй хүнд өөрийгөө хамгаалах нэг арга бий. Энэ бол нөхрөө уурласан үед уурлахгүй, зай бариад холдоод явчих, тэгээд нөхрийнхөө уур гарсан хойно буюу нөхөр нь Америк кинонд гардаг шиг “Би чамдаа хайртай” гээд зүрхээ оволзуулаад ирсэн үед “тун аргадунгуй байдлаар хэрэв чи над үнэн голоосоо хайртай юм бол яагаад над тэгж их уурлаж зодох гэсэн юм бэ?” гэж асуух арга буюу нөхрийнхөө уурыг хүргэхгүй байх арга юм. Ер нь уурын мунхгаар юмыг шийдэж болохгүй. Уурын хүчээр юмыг шийдэх гэвэл хүчтэй нь зөвтөн, хүчгүй нь буруутан болдог жамтай. 

Нэгэн зүйл. Дээр үед, тухайлбал, манай нутагт архичин нэр зүүсэн хүн ганц байсан бол одоо архичингүй айл бараг байхгүй болжээ гэж хэлэхээр болж байна. Бас монгол эмэгтэй архи өгөхөд ёс дагаж уруулаа хүргээд буцаадаг байсан бол одоогийн эмэгтэйчүүд “хатуухан юм” гэдэг шинжтэй болж байгаа нь архины аюулыг улам аюултай болгож байна. Өөрөөр хэлбэл, архичин аавын хүүхэд нэг аюул байсан бол одоо архичин айлын (аав, ээжийн) хүүхэд давхар аюул болж, удамшлын хуулиар бол архичин айл архичин хүүхэд “үйлдвэрлэж” удамшил болох нь ээ. Архичин айлын хүүхэд архи, шар айргийн шавхрууг сонирхож долоосоор байгаад амтанд орж “Амташсан хэрээ арван гурав дахидгийн” үлгэрээр дахисаар дахисаар байгаад архичин болох аюултай. Зарим саваагүй нь саваагүйтэж, “Ихийн шийр атгаж” том хүн болсноо харуулах гэж, “Бяруу болоогүй байж бухын гишгэдлээр гишгэх” гэж саваагүйтсээр байгаад сархидын “сав” болж хувирах нь бий. Өнөө үед гэр бүлийн дотор зөрчил, хэрүүл гаргадаг нэг аюултай шалтгаан бол архидалт. Энэ архидалт гэдэг аюул хүний амгалан тайван амьдралд, эрүүл мэндэд, тэр ч байтугай хүний амь насанд хүртэл аюул учруулж, нийгмийн хөгжилд саад болж гэр бүлээр үл барам нийгмийн дотор ч зөрчил, хэрүүл гаргадаг нэг аюултай шалтгаан болж байна. Байдал ийм байхад хувийн ашиг хөөгчид Монгол орныг архины үйлдвэрийн орон, Монголыг “Бар” улс биш, харин “Баар” улс болгож монголчуудыг архинд живүүлж байгааг, архичин айлын “хүчгүйчүүл” архичны дарамтаас ангижруулж өгөхийг төр засгаасаа гуйж байгааг анхаарч төр засаг “төмөр нүүрээ” гаргахгүй бол бүр дийлдэхгүй аюул болно. Архичны асуудлыг газар авахуулахгүй, бага дээр нь шийдэхгүй бол архины хор “генийн кодонд“ орж удамшиж магадгүй болж байна гэхэд нэг их хэтрүүлэл болохгүй байхаа. 

Нэгэн зүйл. Траншейны гэгдэх тэнэмэл хүүхдийг уул нь траншей төрүүлээгүй, гол төлөв архичин айл буюу аав, ээж нар төрүүлсэн болохоор аав ээж нартай хариуцлага тооцох, тэдэнтэй ажиллах ёстой. Нэг их ухаантай хүн ”Хүмүүжигчийг хүмүүжүүлэхийн тулд хүмүүжүүлэгчийг хүмүүжүүлэх ёстой” гэсэн юм гэнэлээ. Харин одоо “траншей” хүүхэд “төрүүлж” удам дамжсан траншейныхан бий болох аюул нөмөрч эхэлжээ. Айлын төрүүлсэн траншейныхны өмнө хүчин мөхөсдөж байсан төр удам дамжиж олширсон траншейныхныг дийлэхгүй болно гэдгээ ухаарч одоо зохих арга хэмжээ авахгүй бол хожимдсон хэрэг болно. “Өвстэй газар мал тогтдоггүй, жаргалтай газар хүн тогтдоггүй” гэсэн нэг хачин үг байдаг нь тэнэмэл хүүхдүүдийн хувьд үнэн үг болдог бололтой. Ийм хүүхдүүдийг “Хүүхдийн төвд” аваад ирэхэд оргоод явчихдаг гэж ярьдаг. Тэнэмэл амьдрал зовлон бэрхшээлтэй ч гэсэн тэнэгчдийн хувьд “дураараа байж болдог” гэдэг утгаар, орчин үеийн нийгмийн хүний амьдрал нийгмийн дэглэм журамд захирагдсан “чөлөөтэй биш” амьдрал гэдэг утгаар “эрх чөлөөтэй” амьдрал байдаг байх. Дээрхэн үед тэнэмэл хүүхдүүдийг цэрэгжүүлсэн сургууль байгуулж нийгэмшүүлэх тухай нэг хүн санал тавьсан байсан нь бас л боддог санаа байсан байх. “Бухын гишгэдлээр гишгэж эхэлсэн бярууг” бяруу байхад засахгүйгээр бух болгоод засна гэвэл болдоггүй юм гэсэн. 

Нэгэн зүйл. Манай сургалт учир дутагдалтай гэдгийг зөвхөн нэг жишээгээр, тухайлбал, Монгол хэлний сургалтаар харуулъя. Монгол хэлээ сайн мэдэж, утга төгөлдөр ярьж, зөв бичиж сурах нь хэлний соёлын нэг гол үзүүлэлт юм. Утга төгөлдөр зөв хэллэг хүнд сонсголонтой, яруу сайхан сонсогддог байна. Ийм учир Б. Ренчин доктор “Чихнээ чимэг болсон яруу сайхан монгол хэл” гэж хэлсэн байдаг. Гэтэл манайд монгол хүн буруу хэлээд зөв ойлгодог гэсэн онигоо маягийн үг бий болжээ. Бас орчин үед гадаад үгийг махчилан орчуулж хэлэх нь их болсон нь “Чихнээ чимэг болсон яруу сайхан монгол хэлийг” чихэнд чийртэй монголжуу маягийн хэл болгон хувиргаж байна. Жишээ нь, маш сайхан, тун сайхан гэсэн утгатай үгийг аймаар сайхан гэх мэтээр ярьдаг. Жишээ нь, “Аймаар сайхан найзтай болоод, аймаар сайхан бааранд ороод, аймаар сайхан хоол идээд, аймаар сайхан цэнгэж, аймаар сайхан баардлаа” гэх мэтээр ярьж байна. 

Манай томчуул “Би Чингисийн удмынх”, “Чингис шигээ Монголын төлөө” гэж сүржигнэдэг мөртөө гадаад, ялангуяа англи үгэнд яасан их дуртай юм бэ? гэдгийг компани, телевиз (UBS television, MNB television, MGTV, SCH television, NTV, SBN, ODOD television, Channel 25 television) мэтийн юмны нэр, хаяг, реклам гэдэг сурталчилгааг харахад тодоос тод харагдаж байна. Дээр үед нэг “Гутлын зан” гэсэн нэг хүн ажилладаг амбаарын хаалга дээр “Open” гэж бичсэн байсныг нэг хүн “Энд гадаад хүн гуталдаа зан тавиулахгүй байх даа“ гэж шүүмжилсэн байсансан. 

Бас Ренчин доктор дээр үед “МОНЦАМЭ-гийн модон хэл гэж байдаг, Монголын махан хэл гэж байдаг” гэж МОНЦАМЭ-ийн махчилсан орчуулгыг шүүмжилсэн юм гэсэн. Тэр үед ганц МОНЦАМЭ байсан бол одоо олон “МОНЦАМЭ” буюу олон телевиз, радио, сонин, сэтгүүл бий болж тэр үеийн МОНЦАМЭ-гээс долоон дор “модон” хэлтэй болжээ. Жишээ нь, монгол хэл их хүмүүнлэг, энэрэнгүй шинжтэй буюу хүнтэй холбоотой хэллэг амьтантай холбоотой хэллэгээс өөр, тухайлбал, эмэгтэй хүн мал шиг төрдөггүй амарждаг байхад одоо малтайгаа адилхан “төрдөг” болсон, хүн нохой шиг үхдэггүй нас бардаг байхад “Манай аав машины аваарт орж үхсэн” гэх юм уу, энэ хүнийг хэн гэдэг бэ? гэдгийн адил “энэ нохойг хэн гэдэг бэ?”, “энэ морины нэрийг хэн гэдэг бэ?” гэж асуугаад, ээж, ааваа хүртэл “чи” гэж дуудаад, “УИХ-д нэр дэвшсэн Дорж эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг”, “Манайх 1-р хороололд амьдардаг” гэх мэтээр ярьж, бичдэг болжээ. 

Мөн ярианы хэл бичгийн хэлнээс ялгаатай байдаг байтал нэвтрүүлэгчид, мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа хүмүүс бичгийн хэлээр, “ба”, “бөгөөд” гэх мэтээр, зарим өгүүлбэрт 2-3 “бөгөөд” оруулаад ярьдаг болжээ. Сүүлийн үед “бөгөөд” гэдэг үг маш их “гүйлгээтэй” болж зарим нэгэн нэвтрүүлэг 20-30 гаруй “бөгөөд”-тэй болж монгол хэл тун ихээр “баяжиж” байна. Бас “бөгөөд” шиг их гүйлгээтэй болж байгаа нэг үг бол “эсрэг” гэдэг үг, жишээлбэл, “хагны эсрэг шампонь”, “сүрьеэгийн эсрэг эм”, “харшлын эсрэг эм” гэх мэт. Хэтрүүлж хэлбэл, яваандаа бөөрний эм, зүрхний эм гэдгийг бөөрний эсрэг эм, зүрхний эсрэг эм, эмэгтэй хүн гэдгийг эрэгтэй хүний эсрэг хүн гэх мэтээр хэлж магадгүй байна. Энэ “монгол биш үг” монгол хүнд зөв ойлголт өгөхгүй байна. Жишээ нь “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр...” гэсэн телевизийн шууд ярилцлагын нэрийг харахад нэгд, чухам юу гэсэн ойлголт гэдэг нь шууд мэдэгдэхгүй байна, хоёрт, хүүхдээр хөдөлмөр хийлгэж болохгүй гээд байгаа юм байна гэж ойлговол хүүхдийн хүмүүжилд их хортой ойлголт юм. Ингэж шууд ойлгосон хүүхэд намайг ажил хийж болохгүй гэж дэлхий хэлж байхад аав,ээж, ах, эгч ажил хий гэдэг нь буруу гэж дотроо бодоод “боолын ёсоор ажиллаж” хөдөлмөрийг үзэн яддаг болно. Уул нь хүүхдэд аюултай, хортой хөдөлмөрийг хориглосон болохоос биш, аливаа хөдөлмөрийг хориглоогүй, хориглох ч учиргүй. 

10 гаруй жил монгол хэл бичиг заалгасан мөртөө яаж ярьж, бичиж байгааг орчин үеийн сонин, сэтгүүл, телевизийн урсдаг зараас тов тодорхой харагдана. Энд ажиллаж байгаа сэтгүүлчид бас их, дээд сургууль төгссөн гээд бодоход 14-15 жил суралцсан мөртөө маш их алдаатай бичнэ. Алдаатай бичдэгийн нэг шалтгаан нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хүн бүхэнд хүрч нөлөөлдөг гэдгийг анхаарч олон түмнийг хүндэтгэж сураагүй, өөрийгөө бусдаас дээгүүр тавьдагт (би заавал зөв бичих ёстой гэдгийн үүднээс буруу бичиж байж магадгүй гэсэн үгээ бусдаас асууж болох байхад асуудаггүй) байгаа юм. Жишээ болгож телевизийн урсдаг зар зарим үгийг хэрхэн бичиж байгааг харуулбал: “урлагын”, (эр үгэнд эр үгийн-ы, эм үгэнд эм үгийн-ий залгана гэсэн дулимаг мэдлэгтэй болохоос биш, “г” үүсэг дотроо хоолойн, хэлний гэсэн ялгаатай, хэлний “г” үсгийн дараа эм үгийн-ий залгана гэсэн мэдлэг байхгүй, ийм “салан баавгай” шиг сурагч байдгийг мэддэг багш хойноо “а”, “о” мэтийн эр эгшигтэй “г”-ийн дараа эр үгийн-ы, эгшиггүй байвал эм үгийн “ий” бичнэ гэж олон дахин хэлж өгч баймаар санагдана), “сурагчын”, “орчуулагчын”, уриншын, туужыг, Аюушыг, булшыг гэж бичиж байгаа (ж, ч, ш-ээр төгссөн эр үгэнд ий залгана гэдгийг мэдэхгүй). Үүнээс гадна олон хүн сурлага, амжилт, шалгалт, ном, асуулт гэх мэтийн үгийг өгөх оршихын тийн ялгалаар хувилгахдаа сурлаганд, амжилтанд, шалгалтанд, номонд, асуултанд гэж буруу хувилгаж байна. Зүй нь харьяалахын тийн ялгалаар хувилгахдаа сурлаганы, амжилтны, шалгалтны, номны, асуултны гэж хувилгахгүй болохоор сурлагад, амжилтад, шалгалтад, номд, асуултад гэж бичих ёстой. Дээр үед буруу зөв бичсэн талаар маргаан гарвал “Үнэн” сонинд яаж бичсэнийг харъя гэж “Үнэнийг” харж үнэн мөнөө олдог байж билээ. 

Нэгэн зүйл. Монгол ардын хэллэгээр бол “ Жаран ямаа зуун ухнатай” байж болдоггүй юм гэсэн. Манай улс хэт олон “ухнатай”, гадаадынхны элэглэдгээр “дарга нарын орон” болчихсон байна. Энэ “зуун ухна” “жаран ямаагаа булаацалдаад” өөр хоорондоо мөргөлдөөд “жаран ямаагаа” бүрэн “хээлтүүлж” чадахгүй байгаагаас болж Монгол Улс жаран ишигтэй болж чадахгүй байгаа юм. Жишээ нь, “Оюу толгой”, “Таван толгой” гэсэн хоёр толгойн төсөл энэ “100 ухны” гайгаас болж олон жил хойшилж “олон ишгээ” алдаад байгаа билээ. Монгол Улсын хөгжил удаан байгаагийн нэг учир үүнд байна. “Монгол ардын сургаалаар бол “ Өөрийгөө засаад гэрээ засах, гэрээ засаад төрөө засах” ёстой. Өөрийгөө засна гэдэг нь өөрөө нийгмийн дотор биеэ аваад явж чадах чадалтай, хүн шиг хүн болно гэсэн үг. Жишээ нь, “Амны нь салиа арилаагүй байж “ архи ууж байгаа залуус, ажилгүй, айл гэрийг авч явах чадваргүй мөртөө “авгай” авч байгаа, хүүхдээр хүн хийх ухаан суугаагүй, хүүхдээрээ шахуу байгаа мөртөө хүүхэдтэй болж байгаачид өөрийгөө засаагүйн, хүн шиг хүн болоогүйн тодоос тод шинж. Өөрийгөө авч явж чадахгүй байгаа “хүний оронцгууд” гэрээ авч явж чадахгүй. Гэрээ авч явж чадахгүй байгаа нь төрийг авч явж чадахгүй гэдэг нь орчин үеийн нийгмийн амьдралаас тодорхой харагдаж байгаа билээ. Гэтэл орчин үед зарим нэг нь өөрийгөө засаагүй байж гэр оронтой болох, гэрээ засаж чадахгүй байж төр рүү зүтгэх нь туйлын эмгэнэлтэй. Чадваргүй хүн том албан тушаалд ороод ирэхлээрээ ажлаа дийлэхгүй болж орон тоог нэмнэ, бас өөрийн талын хүнийг ажилд авна. Ийм байдлаар манай аль ч байгууллагын орон тоо цадиггүй нэмэгдэж “дарга нарын” орон болжээ. 

Нэгэн зүйл. Бас төлөвшөөгүй олон намтай байна гэдэг нь намын тоогоор “хэрүүлтэй, намын тоогоор хагаралтай” байна гэсэн үг, “Хорин хүн эвгүй бол хоёр хүнээс дор” гэдгийн нэг жишээ. Монголын хөгжил удаан байгаагийн нэг шалтгаан үүнд л байгаа юмаа. Бас намын “хэрүүлийг” айлд авч ирээд айлд хэрүүл хийгээд байх нь туйлын буруу. Ялангуяа сонгуулийн үед айлд намын “хэрүүл” орж ирээд айлыг салгачих шахдагаас харахад төлөвшөөгүй, улс төржсөн, “ховч, бас тэгээд хэрүүлч авгай” мэтийн олон намын “хэрүүл” улсыг “салгачихаж” магадгүй байна. Манай улс хүн ам цөөнтэй мөртөө олон намтай болчихсон болохоор айл хүртэл намтай болсон, жишээлбэл, өрхийн тэргүүн нь МАХН-ын гишүүн байхад эзэгтэй нь Ардчилсан Намын гишүүн, хүүхэд нь өөр нэг нэг намын гишүүн байж мэдэхээр. Манай намууд улс төрийн талаар хат суугаагүй, бүрэн төлөвшөөгүй, ардчиллын мөн чанарыг яг таг ухаараагүйгээс болж алдаа эндэгдэл гаргаж байна. Жишээ нь, улс төрийн намын гол тэмцэл бол засгийн эрхийн төлөө тэмцэл гэсэн ойлголт хэт газар авснаас болоод намын эрх ашгийг ард түмний эрх ашгаас дээгүүр, хувийн эрх ашгийг намын эрх ашгаас дээгүүр тавих хандлага харагдаж байна. Нөгөө талаас нь намын гишүүн хүн өөрийн багийг бүрэлдүүлнэ гэсэн утгаар өөрийн намын хүнийг ажилд авдаг болсон. Үүний улмаас нэгд, ажилд орох, албан тушаал ахихын тулд намд орох; хоёрт, өөр намын хүнээс чадвар муутай хүн ажилд орох, албан тушаал ахих явдал гарсаар байна. Ийм нөхцөлд нийгмийн аливаа үзэгдэлд оролцохдоо, үнэлж дүгнэхдээ, маргалдаж байгаа намуудын аль нь зөв, аль нь буруу болохыг олж харахдаа, намын нэрийн өмнөөс юм хэлж байгаа хүний үг чухамдаа хэний эрх ашигт нийцэж байгааг ойлгохдоо намын үүднээс биш, харин үнэн мөний үүднээс хандаж сурах нь шударга хүний эрхэм чанар болно. 

“Ард түмний эрх ашгийн төлөө”, “Ард түмний сайн сайхны төлөө” гэсэн үг, уриа тэр болгон зөв байдаггүй. Зарим нэгэн хүн ийм хуурамч дүрээр хувийн эрх ашиг, сонирхлоо биелүүлэхийн төлөө хөдөлгөөн, бүлэг, жагсаал мэтийн юм зохион байгуулах нь бий. Ийм хуурамч үйл ажиллагаа явуулагчид өөрсдийгөө ард түмний төлөөлөгч мэтээр харуулах гэж биднийг ард түмэн дэмжиж байна гэж хашгирах дуртай байдаг. Энд ард түмэн олон түмэн гэсэн ойлголт ялгаатай. Жишээ нь, биднийг ард түмэн дэмжиж байна гэвэл Монголын 3 сая хүн дэмжиж байна гэсэн утгатай болно. Харин биднийг олон түмэн дэмжиж байна гэвэл нэлээд олон хүн дэмжиж байгаа юм байна гэсэн санаа болно. Ер нь, өөрийн талын 10 000 хүн цуглаад биднийг ард түмний ерэн хэдэн хувь нь дэмжиж байна гэж хэлэх, өөрийн болон өөрийн биш 10 000 хүн цуглуулаад тавин хэдэн хувь нь дэмжиж байна гэдгийн цаад утга нь адилхан. 10 000 хүн гэдэг нь ард түмэн биш. 10 000 хүн биднийг дэмжиж байна, энэ 10 000 хүн ард түмнийг төлөөлж байна гэвэл өөрийг нь яг 10 000 хүн дэмжиж байж ч мэднэ, арай илүү олон хүн дэмжиж байж ч мэднэ. Тун эвгүй жишээ авбал Монголд 10 000 хулгайч байдаг гэж бодвол тэр 10 000-ыг нэг цадиггүй хулгайч цуглуулж аваад бид ард түмэн, биднийг ард түмэн дэмжиж байна гэвэл ёстой “далан худалчийн” үлгэр болно. Харин 10 000-аас илүү хулгайч байдаг байтал тэднээс 10 000-ыг цуглуулж аваад биднийг олон хүн (олон хулгайч) дэмжиж байна гэвэл үнэний ортой болох жишээтэй. 

Бас нэг зүйл дурдахад социологийн судалгаа авч байгаа зарим байгууллага, зарим нэг хүн голдуу өөрийн талын хүмүүсээс судалгаа аваад өрөөлийг олон түмэн дэмжихгүй байгаа юм шиг харуулахыг оролддог байна. Бас судалгааны үр дүнгийг өөрт ашигтайгаар өөрчлөх, тайлбарлах явдал байдаг. Энэ мэтийн хуурамч юманд хуурагдахгүй, юмны жинхэнэ учир начрыг олж дэмжих, эс дэмжихээ шийдэж байх учиртай. Бас юмыг хууль, ёсны хүрээнд явуулах ёстой. Хууль, ёс зөрчөөд байж болохгүй. Юмны учрыг мэдэж байж дэмжих, юмыг хууль, ёсны хэмжээнд хийх нь хүний хэр зэрэг хүн болж байгааг, хэр зэрэг төлөвшиж байгааг ил тодоор харуулах болно. Дэмжих ёсгүй юмыг дэмжсэн байвал “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр буух” гэгч болж мэднэ, бусдын хөл, гар болсон хэрэгт орооцолдож магадгүй гэдгийг үргэлж санаж явах нь иргэн хүний улс төрийн талаар хэр зэрэг боловсорсныг харуулах нэг үзүүлэлт болно. Улс төрийн талаар бүрэн боловсроогүй, нийгэмшээгүй хүн “Саваагүй нохой саранд хуцна” гэгчээр хамаагүй “хуцах” нь бий. Хав нохой нохой хуцах болгонд юунд, яагаад хуцаж байгааг мэдэхгүй, хуцах ёстой юм байна гэсэн утгаар хуцаад давхиад байдаг. Харин том нохой хуцах юманд хуцаад, хуцах ёсгүй юманд хуцаад байдаггүй. 

Нэгэн зүйл. Манай улсын хөгжилд саад болж байгаа, хүмүүсийн амьдралын дээшлэлтэд “тушаа” болж байгаа нэг зүйл бол залхуурал. Залхуу хүн хоол идэхгүй, ямар нэгэн юм хэрэглэхгүй байна гэж байхгүй, харин ажил хийж байгаа хүн идэх уухаа мартдаг байхад ажил хийхгүй байгаа хүнд хоол харагдаад, ходоод нь хоржигноод байдаг, мөн залхуу хүн идсээр байж хомхой болж “Ходоод нь цадсан ч хоншоор нь цаддаггүй болж”, “Залгидгийн гэрт хоолгүй” болдог ёсоор хоолгүй болно. Бас залхуу хүн ажлыг цагт нь хийхгүй маргааш гэж хойш нь тавьсаар байгаад залхуу малчдын жишээгээр бол, зуны сарыг зургаа юм шиг бодоод залхуураад, найр наадам хэссээр яваад өвөлтэй золгож зутрах нь бий. Цас ороод зуд болоход осгож, өлбөрч үхэхгүйн тулд гэрийнхээ модон эдлэл, тэр ч байтугай унаа хүртэл түлдэг байна. Ялангуяа малчин хүний зудад малаа барж ядуурахын нэг учир энэ залхууд байгаа юм. 

Уул нь хүн гэдэг амьтны “Гар нь хөдөлж байж ам нь хөдлөх” ёстой. Залхуучуудын олонх нь бусдын хүчээр амьдардаг. Ингэж бусдын хүчээр амьдрагсад нь нэгд, тэжээгчээ шулж байгаа учир хачигт баригдсан мал таргалдаггүйн нэгэн адил тэжээгчдийн амьдрал сайжрахад саад болдог; хоёрт, улс орныхоо хөгжилд хор учруулж байдаг. Бас Монгол Улсын үндсэн хуульд хөдөлмөр хийхийг Монгол Улсын иргэн нэг бүрийн нэг журамт үүрэг гэж заасан байдаг болохоор ажил хийхгүй бусдын хүчээр амьдарч байгаа хүн бол үндсэн хуулийн нэг зүйлийг зөрчиж байна, иргэнийхээ үүргийг биелүүлэхгүй байна гэсэн үг. Жишээ болгож танайх хэдэн хүнтэй, тэднээс хэд нь ажил хийдэг, хэрэв хөдөлмөрийн чадвартай мөртөө ажил хийдэгүй хүн байдаг бол яагаад ажил хийдэггүйг тооцоолоод тэр ажил хийдэггүй хүн ажил хийвэл танай амьдралд ямар өөрчлөлт гарахыг бодоод үзээрэй. Манай нэг зохиолч манай улсад “Хэлдэг гурав, хийдэг нэг”, өөрөөр хэлбэл, ганц бэр ажил хийдэг, харин хүү, аав, ээж гурав “хэвдэг” мөртөө хийдэггүй, зөвхөн хэлдэг болохыг олж харсан. Манай зарим хүний тооцоолсноор манай ажил хийдэг нэг хүн дөрвөн хүнийг, өөр нэг хүний тооцоолсноор, долоон хүнийг тэжээдэг юм гэсэн. Монгол Улсын хөгжлийн нэг саад нь цөөхөн хүн ажил хийж олон хүн “хэвдгээс” болж “Гэртээ хоолгүй, гаднаа түлшгүй” болдогт байгаа юм. 

Залхуурал олон шалтгаантай, түүний нэг нь мал аж ахуйн оронд малын ажил гол нь эхнэр, хүүхдийн хийдэг ажил байдаг болохоор эрдэмтэн зохиолч Гаадамбын “Элбэг дээл” зохиолын өрхийн тэргүүний (“Жаргал даахгүйн зовлон” киноны Самдангийн) дүр уламжлал болж байгаагаас гадна ардчилал гэдгийг “дураараа дургих, жаргах ёс” мэтээр ухвар мөчид ойлгогчдоос болж залхуу, бусдын хүчийг завшиж амь зуугчдын тоо өсөх хандлагатай болж байна. Бас аливаа улс, үндэстнийг устгах нэг далд, тун аятайхан арга бол тэжээгээд байх арга юм гэсэн. Манай хүмүүс социализм гэдэг хуучин нийгмийн үеэс “тэжээвэр”, бэлэнчлэх сэтгэхүйтэй болж одоо нийгэм ажил олж өгөх ёстой, ажилгүйн улмаас ядуурч байна, ийм болохоор улс биднийг тэжээх ёстой гэсэн маягийн сэтгэхүйтэй болж өөрсдөө ажил олж хийх, амьдралаа өөд татах идэвх санаачлагагүй болж байна. Үүнийг тэжээгч нэг үндэс нь монгол хүний үр хүүхдээ тэжээх заншил. Энэ заншлыг жавшиж ээж, ааваа нэг насаараа “хөхөгчид”, бүр тэтгэврийн хэдийг нь хүртэл зовохгүй “хөхөгчид”, зөвхөн талх, гурилтай хоолоор зогсохгүй, тансаглаж, архи, тамхи хүртэл хэрэглэн “хөхөгчид” олширч байна. Нэг баталгаа дурдахад сурагчид хүртэл, олон түмний ойлголтоор бол мөнгөгүй, ядарсан “амьтад” гэгдэх оюутнууд хүртэл “баарддаг” юм гэсэн. Цагдаагийн газрын мэдээгээр сургууль цугласан үед өөрөөр хэлбэл, оюутнууд ирсэн үед “баардах”, хэрэг, зөрчил гарах нь эрс нэмэгддэг юм гэнэлээ. Оюутан хүн илүү ухамсартай байх учиртай байхад зарим нэгний нь хувьд сургалтын зардлаас гадна “баардах” зардлыг аав, ээжээсээ авдаг нь өөрөө жаргаж байвал аав, ээж яаж зовох нь нэг их сэтгэл зовоох зүйл биш болсон бололтой. “Үхтэл үр” гэсэн монгол сэтгэхүй байсан цагт насанд хүрсэн эрүүл саруул хүн өөрийн хүчээр амь зуух ёс Монгол оронд зах зээлийн хүчээр аяндаа тогтоно гэвэл ёстой нэг “далан худалчийн” үг болно. 

Биологийн хуулиар бол хүн удамшлын бүтээгдэхүүн, нийгмийн хуулиар бол хүн нийгмийн бүтээгдэхүүн (хүмүүжлийн бүтээгдэхүүн, энэ хүмүүжилд хүмүүжүүлэгчийн хүмүүжил, орчин хоёр нөлөөлнө) байдаг болохоор аав, ээжийн залхуу шинж, “залхуу” орчин, залхуучдын хүмүүжил нийлж залхуу айлаас залхуу хүүхэд гарах замаар залхуурал удамших аюултайг төр засаг, хүүхдийг хүмүүжүүлэгч нэг бүр анхаарч ажиллах нь зайлшгүй зүйл болж байна. 

Хүн хувалз, паразит амьтан нэгэнт биш болохоороо өөрийн хүчээр амьдрахаас биш, бусдын хүчээр амьдарч болохгүй, нэгэнт биеэ даасан том хүн болсон хойноо ажил хийж өөрийн хүчээр амьдарна, хэрэв засаршгүй залхуу хүн болчихвол ажлын газартаа, ханьдаа, яваандаа үр хүүхэддээ гологдсон “нэг насны гологдол” болно гэдгийг хүүхэд бүрт хар багаас нь яс маханд нь шингэтэл ойлгуулж сургаж, хүмүүжүүлэх нь эцэг эх, ах эгч, бүх сурган хүмүүжүүлэгчдийн эрхэм үүрэг мөн. 

Нэгэн зүйл. Дээр үед хүн бага балчраасаа биеийн хөдөлмөр хийдэг байсан учир бие бялдрын хувьд чийрэгжиж иржээ. Малчдын туршлагаас авч үзэхэд малыг, жишээ нь, морь, тэмээг эдэлгээнд хэрэглэхгүй бол эдэлгээний чанар, өөрөөр хэлбэл, ачаа даах чадвар нь мууддаг байна. Практик амьдралаас харахад багаасаа дүү нараа асрах ажил, гэр орны ажилд нухлагдаж, их хөдөлгөөнтэй байсан эмээ нар урт насалж байхад ажилд бага оролцож, бага хөдөлж байсан өвөө нар харьцангуй богино наслах нь бий. Монголын ялангуяа хөдөөний залуучууд бие бялдрын хувьд давжаарч, эрүүл мэндийн хувьд доройтож цэрэгт тэнцэх нь багасаж байна гэж хэлэх хүмүүс ч бий. Хөдөөний хүн хотын дулаан байшинд бүтэж үхчих гээд, хотын хүн хөдөө гэрт осгож үхчих гээд байдаг болсон мэтийн амьдралын олон жишээ дурдаж болох л юм. Хэрэв энэ бүхэн, тухайлбал, хүний биологийн яс чанар муудаж байгаа нь үнэний хувьтай бол шалтгаан нь юунд байна вэ? гэвэл: хүний амьдрал тохилог болж, байгалиас улам бүр хөндийрч байгальтай зохицох зохицол алдагдаж байгаатай, тухайлбал, биеийн хөдөлмөр, хөдөлгөөн багассантай холботой гэж тайлбарлаж болох юм. Энэ үзэгдэл хөгжилтэй орнуудад байгаа юу гэвэл байгаа, тэгэхдээ тэндэхийн хүүхэд, залуучууд биеийн тамир, гимнастик мэтийн зүйлээр биеийн хөдөлмөр, хөдөлгөөний алдагдлаа нөхдөг учир манайхаас өөр байх талтай. 

Бас намайг сурагч байхад багш нар хүний тархи атираатай байдаг, ном уншаад, юм мэдэхийн хэрээр атираа нь нэмэгдэж ухаантай болдог гэж ярьдаг байж билээ. Гэтэл одоо залуу үе маань залхуу, хэнэггүй, ”Айж явбал аминд тустай байдгийг” мартаж айх нь багасаад ном, хичээлээ хийхгүй болж магадгүй гэсэн бодол ч зарим үед төрөх болжээ. Баталгаа нь гэвэл: дунд сургуулийн ахлах ангиас эхлээд их, дээд сургуулийн оюутны дотор хөвгүүдийн тоо эрс цөөрч, “зөөлөн чихтэй” учир дуулгавартай, “айх юмаа арай л авдартаа хийгээгүй” учир “аймхай” охидын тоо эрс өсөж байгаагаар харагдаж байгаа бус уу? Ингээд бодоход залуу үеийн маань булчин нь олгойтой цус шиг зөөлөн, тархи нь давсагтай шар тос шиг гөлгөр болчихвол яана даа! Бас зан суртахууны хувьд эвдэрч буй залуус өдрийн од шиг ховор ч гэсэн харагдаж байна. Хөвгүүд маань бие бялдрын хувьд, оюун ухааны хувьд, зан аашийн хувьд эмэгтэйчүүддээ, эх орондоо гологдох аюул гарч магадгүй байна. Цэрэгт тэнцэхгүй гэдэг чинь эх орондоо гологдож байна гэсэн үг шүү дээ. Ардын уран зохиолч Т. Галсан “Ухаант буурлын асуулт” гэсэн дөрвөн мөртдөө “Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу?” гэснийг цэрэгт яваагүй хөвгүүнийг гэж ойлговол асуудал тодорхой болж байна. 

Нэгэн зүйл. Өнөө үеийн нэг явуургүй хандлага бол зарим эцэг, эх хүүхдээ дээд боловсролтой болгох, хүүхэд нь юм сурч мэдлэг олж авах биш, биеэ зовоохгүйгээр диплом олж авах эрмэлзэл. Бас “Мэдэхийн тулд биш, харин ашиглахын тулд мэддэг” байхад их, дээд сургуульд орж байвал ямар мэргэжилтэн болох, тэр мэргэжлээрээ ажиллах эсэх төдий л чухал биш гэсэн бодол ч байна. Үүнээс болоод зарим оюутан, ялангуяа эчнээ ангийнхан мэдлэг биш, аятайхан дүн олж авахын төлөө хамаг ухаанаа зарцуулж байна. Уул нь хоосон “дипломын гол” болохын төлөө биш, харин бусадтай өрсөлдөж, бусдаас илүү мэдлэг, чадвартай болохыг эрхэмлэх ёстой. Яагаад гэвэл хүүхэд том хүн болсон үедээ зах зээлийн нөхцөлд амьдрана, одоогийнх шиг аав, ээжийн хүчээр биш, харин өөрийн хүчээр амьдрах болно. Тэр үед ямар ажил хийж, ямар цалин хөлс авч, ямар шуу амьдрах нь одоо хэр зэрэг мэдлэг, чадвартай болсноос хамаарна. Зах зээлийн ёс бол өрсөлдөөний ёс, өрсөлдөж аж төрдөг ёс, өрсөлдөөнд ялж байгаа нь сайхан амьдарч байхад ялагдсан нь муу амьдрах нь зах зээлийн ёс. Энэ зах зээлийн ёсыг эцэг, эхчүүд сайтар ойлгож, хүүхэддээ хар багаас нь ойлгуулах ёстой.

--------------------------------------------------------------------------------------
Өнөөдрийн монголын нийгмийн талаарх иймэрхүү эрүүл шүүмжлэлүүдийг түүний "Та надтай санал нийлэх үү?" номоос нь уншиж болно (5000 төгрөг, Интерном номын дэлгүүрт бий). Мөн "Зүйр үгийн сурган хүмүүжүүлэх увдис"-15 мянга (хатуу хавтастай нь 20 мянга) болон "Хүүхдээр хүн хийх үүрэгтэй хэн бүхэнд зориулсан ном" хэмээх хүмүүжлийн тухай ном нь гүйлгээнд бий.

No comments:

Post a Comment

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Гэхдээ юм сурах уу? Хүүхдээ битгий зодоорой!

Үнэд асар их мэдээлэл шингээстэй байдаг. Үнийн механизм гэдэг нь хэнд ч дийлдэшгүй хүчтэй, зохицуулагч болохыг Адам Смитээс хойш хүн төрөлх...